| Шүүх | Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сосорбарамын Энхжаргал |
| Хэргийн индекс | 135/2018/00456/и |
| Дугаар | 92 |
| Огноо | 2018-09-10 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 92
А.Н-гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Хэргийн индекс: 135/2018/00456/и
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Оюунцэцэг, С.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 646 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч А.Н-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч Н.Г-т холбогдох
“6.500.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Батжаргалын давж заалдсан гомдлыг үндэслэн
Шүүгч С.Энхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.Н-, өмгөөлөгч Б.Минжүүрдорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Батжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Минжүүрдоржоос:
Иргэн А.Н- нь 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр иргэн Н.Г-тэй автомашин худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Hyundai Porter 2 маркийн автомашин худалдан авч өөрийн эзэмшилдээ шилжүүлсэн боловч уг автомашин нь Улаанбаатар хотоос Сэлэнгэ явах замдаа мотор нь эвдэрч замдаа засвар үйлчилгээ хийгдэх боломжгүй болсон. Энэ байдлыг тус машинд зорчиж явсан зорчигч А.Д-, уг машиныг Сэлэнгэ аймаг хүргэсэн М.Г- нар нотолж байгаа. Худалдагч Н.Г- нь худалдах, худалдан авах гэрээний дагуу үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй, эд хөрөнгийн доголдол бүхийн машиныг худалдан авагчид шилжүүлсэн учраас худалдан авагч 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээгээ цуцлахыг шаардан уг гэрээнээс татгалзаж байна. Худалдан авагч А.Н- нь 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээнээсээ татгалзаж байгаа учраас худалдагч Н.Г-ээс 6.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч А.Н- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2017 оны 8 дугаар сард манай гэр бүлийн хүн нурууны хагалгаанд орох гээд Улаанбаатар хотод явж байсан. Манайх гэр хороололд байдаг учир түлээ түлшээ зөөхөд машин хэрэгтэй гээд тухайн портер машиныг зарна гэсэн байсан зарыг интернетээс үзээд Н.Г-тэй утсаар холбогдож Цайз захын тэнд уулзахаар болоод үзэж хараад авахаар болтол итгэмжлэлийн хугацаа дууссан байна гээд итгэмжлэлээ сунгуулахаар Төв аймаг руу жижиг тэрэг хөлслөөд явсан. Эргээд иртэл ажлын цаг дууссан байсан учир Авто тээврийн газар хаагаад явсан байсан. Маргааш нь Н.Г-ийн нөхөр нь ирээд тухайн машиныг миний нэр дээр шилжүүлж өгсөн. Машинаа аваад Сэлэнгэ аймаг руу явахаар замдаа гараад 100 гаруй километр газар хар замаар явж байтал машин гэнэт унтраад асахгүй байсан. Тэгээд Н.Г- рүү утсаар яриад машин унтарчихлаа ямар нэгэн асуудал байсан уу? Нөхрөө яриулаад өгөөч гэтэл яриулаагүй. Тэгээд Сэлэнгэ аймгаас машин дуудаад машинаа чирүүлсэн. Гайгүй бол засуулаад авчихъя гэтэл засуулах боломжгүй, засаж чадах хүн байхгүй, портерын мотор авч тавих гэхээр 2.000.000 төгрөгийн үнэтэй байсан учир Н.Г- рүү яриад учир байдлаа хэлээд машин засуулахад туслалцаа үзүүлэх үү гэхэд туслахгүй гэсэн. Иймд тухайн машин нь засвар авах боломжгүй учир 6.500.000 төгрөгийг Н.Г-ээс гаргуулах хүсэлттэй байна. Би өөрөө машин сайн мэдэхгүй учир сайн шалгаж аваагүй. Өнгө үзэмж нь гайгүй учир итгээд авсан. Мөнгөө өгөхдөө асуудал байвал хэлээрэй гэтэл ямар ч асуудал байхгүй гэж хэлсэн. Энэ портерыг анхнаасаа хэрэглэж байсан гэсэн боловч нэхэмжлэлд 2 сарын өмнө худалдаж авсан гэдгээ хэлсэн байдаг. Төв аймаг руу жижиг тэргээр явсан. Үнэхээр өөрийн машин нь зүгээр байсан бол өөрийн машинаар явах байсан байх гэтэл өөр машин хөлсөлж явсан гэдгээс харахад тухайн машин нь эвдрэлтэй байсан гэдэг нь тодорхой байгаа гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Минжүүрдорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Тухайн өдөр машиныг 2-3 хүн очиж үзэж шалгаж авсан ч гэсэн доголдлыг мэдэх боломжгүй байсан. Учир нь машин сайн мэдэхгүй учир асааж үзээд л гаднах өнгө үзэмжийг нь хараад л авсан байдаг. Гэтэл хотоос 100 км гаруй явсны дараа моторын гэрэл нь асаад унтарсан гэдэг. Энэ талаар гэрч нар мэдүүлсэн байдаг. Хариуцагч итгэмжлэлээ сунгуулахдаа яагаад өөрийн машинаараа яваагүй вэ гэдэг нь асуудалтай. Үнэхээр доголдолгүй байсан бол Төв аймаг руу унаад явах байсан. Доголдолтой гэдгийг өөрсдөө мэдэж байсан. Эд хөрөнгийн доголдолтой гэдгийг мэдсээр байж зарсан. Машин унтарсны дараа Н.Г- рүү залгаад ийм доголдолтой байна гэж хэлэхээр хариу хэлдэггүй, аргаа ядаад шүүхэд хандсан. Эд хөрөнгийн доголдолтой бараа хүлээлгэн өгсөн учир Иргэний хуулийн 252 дугаар зүйлийн 252.2-д зааснаар шаардах эрхээ эдлээд гэрээгээ цуцлаад мөнгөө эргүүлэн авах эрхтэй. Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1-д зааснаар тухайн доголдлын талаар хариуцагчид сануулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Н.Г- нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Манай нөхөр Б.Б- бид хоёр Hyundai porter 2 маркийн автомашинаа зарахаар Үнэгүй.мн сайт дээр зар тавьсны дагуу 2017 оны 08 дугаар сарын 16-ны орой А.Н- нь утсаар манай нөхөртэй холбогдож, машин үзэхээр болж маргааш өглөө нь буюу 2017 оны 08 дугаар сарын 17-ны өглөө нь Цайз захын хажуугийн Шунхлай шатахуун түгээх газар гурван эрэгтэй хүн ирж манай машиныг асааж, жолоодон явж, мотор эд ангийг нэг бүрчлэн шалгаж үзээд авахаар болсон. Ингээд нотариатын газар очсон боловч уг машины өмнөх эзнээс миний хийлгэж авсан итгэмжлэлийн хугацаа дууссан байсан тул Төв аймгийн Зуунмод сум руу өөрийн Hyundai Porter 2 машинаараа явж итгэмжлэлийн хугацааг нь сунгаж ирж иргэн А.Н-тай Худалдах, худалдан авах гэрээ хийж, нотариатаар батлуулж, уг машины 2015, 2016, 2017 оны торгууль болох 180.000 төгрөгийг төлж, торгуулийн ямар нэгэн тооцоогүй машиныг өгч явуулсан. Тухайн үед Н.Г- миний бие нь хуримын ажилтай байсан тул маргааш өглөө нь манай нөхөр Б.Б- нь Баянзүрх дүүргийн Авто тээврийн үндэсний төв рүү машин худалдаж авсан хүмүүстэй хамт очиж, тээврийн хэрэгслийн гэрчилгээний нэрийг шилжүүлж өгсөн болно. Уг Hyundai Porter 2 маркийн автомашиныг 2017 оны 6 дугаар сард авсан ба буцааж зарах хүртлээ нөхөр бид 2 Хөвсгөл аймгийн Их-Уул сумаас Дархан-Уул аймаг руу өөрсдийн хонь малыг тээвэрлэж хэд хэдэн удаа явсан ба Улаанбаатар хот руу шилжин суурьшихаар болсон тул ачааны машинаа худалдаалахаар болсон. Бид нарын эзэмшилд байх үед болон худалдах үед Hyundai Porter 2 маркийн автомашинд эвдрэл гэмтэл байгаагүй ба нэхэмжлэгч нь манай машиныг маш сайн шалгаж үзэж авсныхаа дараа ийнхүү нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Зүгээр явж байсан машин яахаараа энэ хүмүүсийн гар дээр очоод эвдэрсэн гэж байгаа нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь машиныг унаж явах үед машин хар утаа хаяж, хүч алдаж гэнэт зогссон гэж анх гаргасан нэхэмжлэлдээ бичсэн байсан ба өөрийнх нь ашиглалтын буруугаас машин эвдэрсэн байж болох юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Батжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хариуцагчийн тайлбарыг дэмжиж орж байгаа. Итгэмжлэлийг сунгасанд маргаан байхгүй, хариуцагч нар өөрсдийн машинаар явж итгэмжлэл сунгасан гэдэг. А.Н- өөрөөсөө гадна өөр 2 хүнтэй хамт ирж машиныг үзсэн. Үзэж авахад ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй байсан учир авсан байж таараа. Нэхэмжлэгч талыг ашиглалтын буюу тээвэрлэлтийн хувьд буруу ашигласан гэж үзэж байна. Нэхэмжлэгч тал яг юунаас болж эвдэрсэн талаар өөрөө нотлоогүй. Машин яагаад эвдэрчихсэн гэдэг талаарх ямар ч баримт байхгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Н.Г- энэ машиныг авсан гэдэг нь тогтоогдохгүй гэж байна. Гэтэл нэхэмжлэгч тал Н.Г- гэдэг хүн тухайн машины өмчлөгч гээд нэхэмжлэл гаргаж байгаа. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар харилцаа үүссэнд маргаан байхгүй, Иргэний хуулийн 254 дүгээр зүйлд худалдан авагч талаас доголдолтой холбоотой эрхийг зааж өгсөн гэтэл Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар үнэхээр доголдолтой байсан бол тэрийг мэдэх байсан. Машин юунаас болж унтарсан гэдгийг нотлоогүй. Тухайн машиныг анх хүлээлгэж өгөхөд Иргэний хуулийн 247 дугаар зүйлийн 247.1-д зааснаар нэхэмжлэгч талд эрсдэл нь шилжсэн байгаа. Гэрч Д- нь машиныг гэнэт хүч алдсан гэсэн байдаг. Хүч алдсан гэдэг үгээр ашиглалтын буюу тээвэрлэлтээс болсон гэдгийг тогтоох боломжгүй. Эрх бүхий байгууллагын дүгнэлт байхгүй. Хариуцагч нь доголдолтой машин зарсан гэдэг нь тогтоогдохгүй байгаа учир хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 646 дугаар шийдвэрээр:
Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Н.Г-ээс 6.500.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Н-д олгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Төрийн банк, Төрийн сан 100190000958 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 119.000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Г-ээс 118.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Н-д олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Батжаргал давж заалдсан гомдолдоо:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. ... нэхэмжлэгч машин эвдэрсэн талаар “...машин хар утаа хаяж, хүч алдаж гэнэт зогссон” гэж анх гаргасан нэхэмжлэлдээ бичсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараас нь үзэхэд Hyundai Porter 2 маркийн автомашин ямар шалтгаанаар эвдэрсэн нь нотлогддоггүй. Дээрх байдлаас үзэхэд Иргэний хуулийн 247 дугаар зүйлийн 247.1-д зааснаар уг машины эрсдэл нэхэмжлэгч А.Н-д шилжсэний дараа эвдэрсэн байна. Тээврийн хэрэгслийн эвдрэлийг оношилсон баримт байхгүйгээс гадна шатахуунаас, буруу том масло ашигласнаас, тээврийн хэрэгслийг жолоодож явах үед гаднын хүчин зүйлийн улмаас механик эвдрэл гэмтэл учирснаас, даац хэтрүүлж ачаа ачсанаас буюу ямар эд анги нь ямар хүчин зүйлийн улмаас эвдэрсэн тухай нотлох баримтыг нэхэмжлэгч тал гаргаж өгөөгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан нэхэмжлэлийн шаардлагаа нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгох дээрх нөхцөл байдал байсаар байхад анхан шатны шүүх “гэрээний 5-д .. худалдагч авто машиныг худалдан авагчид шилжүүлэн өгөхдөө хүлээлгэх өгөх акт үйлдэнэ, уг актад худалдан авагчийн хүсэлтээр зохих шинжилгээний байгууллагаар шинжлүүлсэн баримтыг хавсаргаж болно... гэж зааснаар тээврийн хэрэгслийг шинжлүүлэхдээ шинж байдал чанарын талаар дурдсан хүлээлгэн өгөх актыг үйлдээгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь хүлээлгэн өгөх актыг худалдан авагч хүссэн тохиолдолд үйлдэхээр гэрээнд заасан байх ба худалдан авагч нь акт үйлдэх тухай хүсэлтийг гаргаагүй. Иймд уг тээврийн хэрэгсэл эвдэрсэн, эвдэрсэн бол юу нь эвдэрсэн болох одоо бүрэн бүтэн байгаа эсвэл тоногдож үрэн таран болсон эсэх нь ч тодорхойгүй байхад нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч А.Н- хариуцагч Н.Г-ээс 6.500.000 төгрөг буцаан гаргуулах нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Н.Г- “...худалдах үед эвдрэл гэмтэл байгаагүй..., ...ашиглалтын буруугаас эвдэрсэн байж болох юм..., ...нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан байна.
Анхан шатны шүүх болсон үйл баримтыг хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэжээ.
Зохигчид 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж Н.Г- нь Hyundai Porter 2 маркийн 85-12 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдах, А.Н- нь худалдан авч машины үнэ 6.500.000 төгрөгийг төлөхөөр тохирч хоёр тал энэ үүргээ биелүүлсэн байна.
Харин, худалдан авагч А.Н- “...машиныг аваад Сэлэнгэ аймаг руу явж байтал 100 гаруй километр газар яваад машин гэнэт унтраад асахгүй байсан Н.Г- рүү утсаар яриад машин унтарчихлаа ямар нэг асуудал байсан уу? нөхрөө яриулаад өгөөч гэтэл яриулаагүй..., ...Сэлэнгэ аймаг руу чирүүлж хүрсэн..., ...Портерийн мотоор тавиулахаар 2.000.000 төгрөгийн үнэтэй байсан учир Н.Г- рүү яриад учир байдлаа хэлж туслалцаа үзүүлэх үү гэхэд туслахгүй гэсэн..., гэрээнээс татгалзаж, Н.Г-ээс 6.500.000 төгрөг буцаан гаргуулах,
Худалдагч Н.Г- “...эзэмшилд байх үед болон худалдах үед машинд эвдрэл гэмтэл байгаагүй ба нэхэмжлэгч нь манай машиныг маш сайн шалгаж үзсэн..., ...зүгээр явж байсан машин яахаараа энэ хүмүүсийн гар дээр очоод эвдэрсэн гэж байгаа нь ойлгомжгүй..., ... нэхэмжлэгч нь машиныг унаж явах үед машин хар утаа хаяж, хүч алдаж гэнэт зогссон гэж анх гаргасан нэхэмжлэлдээ бичсэн байсан ба өөрийнх нь ашиглалтын буруугаас машин эвдэрсэн байж болох юм..., гэж зохигчид гэрээний зүйлийн доголдлын талаар маргажээ.
Худалдах, худалдан авах гэрээнд худалдагч биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг шилжүүлэх үндсэн үүрэгтэйгээс гадна худалдан авагчийн шаардах эрхийн дагуу эд хөрөнгийн доголдлыг арилгах, тухайн төрлийн эд хөрөнгөөр солих, доголдлыг арилгахад гарсан зардлыг төлөх нэмэлт үүрэгтэй.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь талуудын хооронд байгуулсан гэрээ, М.Г-, А.Д- нарын мэдүүлгээр нотлогдож тогтоогдсон, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн татгалзлаа тайлбарт дурдсанаас өөр нотлох баримтаар үгүйсгэж чадаагүй байна.
А.Н- Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д заасан шаардлагын дагуу доголдлыг арилгуулахаар хэлж мэдэгдсэн боловч Н.Г- татгалзсан учир А.Н- Н.Г-ээс машины үнийг буцаан гаргуулахаар шаардах эрхтэй.
Гэрээний талуудын хэн аль нь шилжүүлсэн эд хөрөнгө, шилжүүлсэн мөнгийг гэрээнээс татгалзсанаар талууд өгсөн авснаа харилцан буцаах тул хариуцагчаас 6.500.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосон нь зөв, харин нэхэмжлэгчээс гэрээний зүйл болох машиныг буцаан гаргуулаагүй байх тул шүүхийн шийдвэрт энэ талаар өөрчлөлтийг оруулах нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д нийцнэ гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...машин ямар шалтгаанаар эвдэрсэн нь нотлогдоогүй..., ...машин А.Н-д шилжсэний дараа эвдэрсэн эрсдэл А.Н-д шилжсэн..., ... нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон нотлох баримтаа гаргаж өгөөгүй..., гэсэн давж заалдсан гомдол гаргасныг судалж үзэхэд Улаанбаатар хотоос машин худалдаж аваад Сэлэнгэ аймаг явж байх замд эвдэрснийг гэрчүүд нотолсон, түүнчлэн худалдан авагч доголдлын талаар худалдагчид мэдэгдсэн, засварт шаардлагатай 2.000.000 төгрөгийн төлбөрийг төлж туслалцаа үзүүлээч гэж хэлсэн гэх тайлбарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нотлох баримт бүрдүүлэх явцад үгүйсгэж мэтгэлцээгүй байх тул гомдлыг хангах үндэслэлгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 646 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дүгээр заалтад, “...А.Н-д олгосугай.” гэсний дараа А.Н-гаас Hyundai Porter 2 маркийн 85-12 ТӨВ улсын дугаар бүхий машиныг гаргуулж, Н.Г-т олгосугай. гэж нэмэлт өөрчлөлт оруулсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 118.950 төгрөг төлснийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ О.НАРАНГЭРЭЛ
ШҮҮГЧИД С.ОЮУНЦЭЦЭГ
С.ЭНХЖАРГАЛ