| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2024/0092/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/112 |
| Огноо | 2024-04-01 |
| Зүйл хэсэг | 24.6.2.3., |
| Улсын яллагч | Ц.Чингүүн |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 2024/ШЦТ/112
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
2 15 2019/
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Далайбаяр,
Улсын яллагч Ц.Чингүүн,
Шүүгдэгч Ц.Г- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Г-од холбогдох эрүүгийн 2438000000029 дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Ц.Г-,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.Г- нь 2023 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ой болох Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар багийн Хатгал тосгоны Жанхайн Шар царам гэх газар эрх бүхий албан тушаалтны зохих зөвшөөрөлгүйгээр 7,36 м3 хэмжээтэй хуурай шинэс мод ойд бэлтгэж, экологи-эдийн засгийн үнэлгээгээр байгаль орчинд 1,241,300 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.Г- нь 2023 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ой болох Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар баг Хатгал тосгоны Жанхайн Шар царам гэх газрын ойд эрх бүхий албан тушаалтны зохих зөвшөөрөлгүйгээр 7,36 м3 хэмжээтэй хуурай шинэс мод бэлтгэж, экологи-эдийн засгийн үнэлгээгээр байгаль орчинд 1,241,300 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2438000000029 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ц.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн “...2023 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Хатгал тосгоны Шар царам гэх газар түлшний мод бэлтгэж байсан. ...Би хоёр ширхэг босоо хуурай мод унагаасан. Тэгээд хажууд байсан унанги модноос 1 метр 50 сантиметрийн урттай 9 ширхэг модыг тайрч бэлтгэсэн. Босоо модны нэг нь газар унаагүй ассан байсан. Харин газар унасан байсныг нь 1 метр 50 сантиметрийн уртаар тайрч 13 ширхэг болгосон. ...цахилгаан хөрөө ашигласан. ...би ганцаараа модоо бэлтгэж байсан. Мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй...” гэх мэдүүлэг,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 11-14 хуудас),
Модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 15-16, 20 хуудас),
Эд мөрийн баримт цахилгаан хөрөөг хураан авсан тэмдэглэл, мөрдөгчийн тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 23-25 хуудас/,
Иргэний нэхэмжлэгч П.Ууганбаярын өгсөн: “...Хатгал тосгоны Жанхайн Шар царам гэх газар Улсын тусгай хамгаалалттай газрын хязгаарлалтын бүс нутагт оршдог. Улсын тусгай хамгаалалттай газар нутагт 1992 онд анх УИХ-ын тогтоолоор авагдаж байсан. Улсын тусгай хамгаалалттай газрын хязгаарлалтын бүсэд ойгоос мод бэлтгэх зохих зөвшөөрлийг Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын захиргаанаас уг бичгийг авсан тохиолдолд тухайн зөвшөөрлийн бичигт заагдсан газар болон хэмжээний дагуу унанги мод бэлтгэхийг зөвшөөрдөг. Иргэн Ц.Г- нь ойгоос мод бэлтгэх эрхийн бичиггүйгээр тухайн газар нутгаас босоо мод болон унанги модыг бэлтгэсэн байсан. Хязгаарлалтын бүс нутагт оршдог ойгоос зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн тул байгаль орчинд учирсан экологи-эдийн засгийн үнэлгээгээр тогтоогдсон нөхөн төлбөрийг төлүүлэх саналтай байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 хуудас/,
Гэрч Б.Н-ийн өгсөн: “...2023 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны улсын байцаагч Ж.А-гийн хамт Жанхайн даваанаас Онголог хүртэл шалгалтаар явж байгаад Шар царам гэх газар гүний хяналт хийхээр машины мөр дагаад ой руу ортол тухайн газар оршин суудаг иргэн Ц.Г- нь зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэж байхад таарч шалгасан. Уг газар шинэс төрлийн унанги мод бэлтгэж, унаж явсан хөх өнгийн Серес маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгсэлд 2 метрийн урттай тайрч 10 орчим ширхгийг ачсан байсан. Тухайн газрыг шалгахад 2 ширхэг босоо шинэс төрлийн хуурай модыг унагаж нэгийг нь 2 метрээр тайрч 5-7 ширхэг болгож бэлтгэсэн байсан. Нэг босоо модоо тайрч унагахдаа хажуу босоо модонд тулсан байдалтай газар унагаж чадаагүй байсан. Мод бэлтгэх эрхийн бичгийг асуухад “аваагүй, Хатгал тосгоны захирагчийн ажпын албаны байгаль хамгаалагч Галбаяраас авах гэсэн боловч тусгай хамгаалалттай газраас ав гэхээр нь эрхийн бичиг авах гээд очиход танай алба хаагч нар байгаагүй” гэж хэлсэн. Иргэн Ц.Г- нь манай байгууллагаас мод бэлтгэх эрхийн бичиг авахаар ирээгүй. Ц.Г-ын мод бэлтгэсэн газар нь Улсын тусгай хамгаалалттай газар нутагт орно. ...Бэлтгэсэн модоо тээвэрлэж явсан зүйл байхгүй байсан. Унанги модноос бэлтгэсэн 10 орчим 2 метрийн урттай бөөрөнхий модыг ачааны хөх өнгийн Серес маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгсэл дээр ачсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 хуудас/,
Гэрч Ж.А-гийн өгсөн: “...2023 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр байгаль хамгаалагч Б.Н-ийн хамт Жанхайд хяналт шалгалтаар явж байгаад иргэн Ц.Г-ыг зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэж байхад таарч шалгасан. Уг мод бэлтгэж байсан газар Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын хязгаарлалтын бүс нутагт оршдог. Хөвсгөл нуурын эргээс 2 км зайтай үргэлжилсэн шинэс төрлийн модоор хүрээлэгдсэн битүү ойтой. Бид хоёрыг Ц.Г-ын мод бэлтгэж байсан газар очиход 2 ширхэг босоо хуурай мод хөрөөдөж унагасан байдалтай байсан. 1 модыг газар унагаж чадаагүй хажуу талын модонд налуулж газар унагаж чадаагүй байсан. Газар унагасан 1 ширхэг модоо 1 метр гарантай тайрч бэлтгэсэн байсан. Тухайн үед бид хоёрыг шалгалтаар очоод шалгахад мод бэлтгэх эрхийн бичиггүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44 хуудас/,
Хөвсгөл аймгийн “Дэлгэрмөрөн” сум дундын ойн ангийн инженер Ц.Эрдэнэчимэгийн 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 02 дугаартай “Иргэн Ц.Г-ын бэлтгэсэн модонд хэмжилт хийж тодорхойлоход түлшний зориулалтаар бэлтгэсэн 5 м3 хэмжээтэй босоо хуурай шинэс мод, мөн түлшний зориулалтаар бэлтгэсэн 2,36 м3 хэмжээтэй унанги хуурай мод, нийт 7,36 м3 хэмжээтэй хуурай шинэс мод байв. Иргэн Ц.Г-ын бэлтгэсэн модны экологи- эдийн засгийн үнэлгээ: 1,241,300 төгрөг. Иргэн Ц.Г- нь Монгол Улсын Ойн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.7 дахь заалт /Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж байгууллага зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэх, ойн дагалт баялаг ашиглахыг хориглоно./-ыг, 35 дугаар зүйлийн 35.4.2 дахь заалт “Зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн/-ыг тус тус зөрчсөн байна. Уг бэлтгэсэн модонд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны А/176 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтыг үндэслэн “Нэг шоо метр модны экологи, эдийн засгийн үнэлгээ” тооцох аргачлалаар тооцсон. Уг мод нь түлшний зориулалтаар бэлтгэсэн 5 м3 хэмжээтэй босоо хуурай шинэс мод, мөн түлшний зориулалтаар бэлтгэсэн 2,36 м3 хэмжээтэй унанги хуурай мод, нийт 7,36 м3 хэмжээтэй хуурай мод. /Мод бэлтгэсэн газрыг хэргийн газрын үзлэгт газарзүйн байршлын солбилцлыг үндэслэв. /N1:50.35.51.3//Е:100.09.57.1/” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 47-49 хуудас/,
Хөвсгөл аймгийн “Дэлгэрмөрөн” сум дундын ойн ангийн инженер Ц.Эрдэнэчимэгийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 03 дугаартай “2012 оны ой зохион байгуулалтын мэдээнээс үзэхэд Алаг-Эрдэнэ сумын Жанхайн Шар царам гэх газар нь ойн сангийн 24 дүгээр хэсэглэлийн 1311 га талбай хамгаалалтын бүсийн ой буюу байгалийн цогцолборт газрын онцгой бүсэд хамаарч байна... Уг мод нь түлшний зориулалтаар бэлтгэсэн 5 м3 хэмжээтэй босоо хуурай шинэс мод, мөн түлшний зориулалтаар бэлтгэсэн 2,36 м3 хэмжээтэй унанги хуурай шинэс мод, нийт 7,36 м3 хэмжээтэй хуурай мод. 2012 оны ой зохион байгуулалтын 24 дүгээр хэсэглэлийн 34 дүгээр ялгаралд хамаарах хамгаалалтын бүсийн /1 дүгээр муж/ ойд хамаарч байна. /Мод бэлтгэсэн газрын үзлэгт газарзүйн байршлын солбилцлыг үндэслэв. /N1:50.35.51.3/ /Е: 100.09.57.1 /” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 76-78 дугаар хуудас/,
Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн “...2438000000029 дугаартай хэрэгт шинжээчийн дүгнэлтэд ойн санд учирсан экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1.2-д заасны дагуу хохирол нөхөн төлбөр тооцсон. Экологи-эдийн засгийн үнэлгээ 1,241,300 төгрөгийн хуурай шинэс. Ойн санд учруулсан нөхөн төлбөрийн хэмжээ 3,723,900 төгрөг.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 56 хуудас/,
“Ашид Билгүүн” ХХК-ийн мэргэшсэн үнэлгээчин Ч.Жамъяны 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн ТХҮ-924/8937 дугаартай: “...Цахилгаан хөрөөний нийт бодит үнэ цэнийг 2023 оны 12 дугаар сарын байдлаар 100,000 төгрөг байх боломжтойг тодорхойллоо.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 59-61 хуудас/,
“Ашид Билгүүн” ХХК-ийн мэргэшсэн үнэлгээчин Ч.Жамъяны 2024 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 1001624 дугаартай: “...1996 онд үйлдвэрлэгдсэн, 2022 онд Монгол улсад орж ирсэн Сегеs /Серес/ маркийн автомашины өнгө үзэмж, техникийн байдал, норм норматив, зориулалт зэргийг харгалзан үзэж, 2024 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар зах зээлийн дундаж үнийг 8,500,000 төгрөгийн үнэтэй байгаа болохыг тодорхойлов.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 68-69 хуудас/,
Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 20 дугаартай: “Хөвсгөлийн байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар баг, Хатгал тосгоны Жанхайн Шар царам гэх газрыг улсын тусгай хамгаалалттай газрын сүлжээнд Улсын Бага хурлын 1992 оны 11 дүгээр тогтоолоор авч, Улсын Их хурлын 2011 оны 18 дугаар тогтоолоор өргөтгөн тогтоосон байдаг” гэх албан бичиг /хх-ийн 112 хуудас/,
Хавтаст хэргийн 93-105, 108-111 талд авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Захирагчийн ажлын албаны тодорхойлолт, Хилийн цэргийн тусгай архивын лавлагаа, мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2023 оны тооллогын баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2438000000029 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Улсын яллагч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч нь Ц.Г- нь 2023 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ой болох Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар баг Хатгал тосгоны Жанхайн шар царам гэх газрын ойд эрх бүхий албан тушаалтны зохих зөвшөөрөлгүйгээр 7,36 м3 хэмжээтэй хуурай шинэс мод бэлтгэж, экологи-эдийн засгийн үнэлгээгээр байгаль орчинд 1,241,300 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн ба хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна...” гэв.
Шүүгдэгч Ц.Г- нь хэргийн үйл баримт, гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.
Шүүгдэгч Ц.Г- нь 2023 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ой болох Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар баг Хатгал тосгоны Жанхайн Шар царам гэх газрын ойд эрх бүхий албан тушаалтны зохих зөвшөөрөлгүйгээр 7,36 м3 хэмжээтэй хуурай шинэс мод бэлтгэж, экологи-эдийн засгийн үнэлгээгээр байгаль орчинд 1,241,300 төгрөгийн хохирол учруулж “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Ц.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 11-14 хуудас),
Модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 15-16, 20 хуудас),
Эд мөрийн баримт цахилгаан хөрөөг хураан авсан тэмдэглэл, мөрдөгчийн тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 23-25 хуудас/,
Иргэний нэхэмжлэгч П.Ууганбаярын өгсөн мэдүүлэг /хх-ийн 35-36 хуудас/,
Гэрч Б.Н-ийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 39-40 хуудас/,
Гэрч Ж.А-гийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 43-44 хуудас/,
Хөвсгөл аймгийн “Дэлгэрмөрөн” сум дундын ойн ангийн инженер Ц.Эрдэнэчимэгийн 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 02 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 47-49 хуудас/,
Хөвсгөл аймгийн “Дэлгэрмөрөн” сум дундын ойн ангийн инженер Ц.Эрдэнэчимэгийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 03 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 76-78 дугаар хуудас/,
Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 56 хуудас/,
“Ашид Билгүүн” ХХК-ийн мэргэшсэн үнэлгээчин Ч.Жамъяны 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн ТХҮ-924/8937 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 59-61 хуудас/,
“Ашид Билгүүн” ХХК-ийн мэргэшсэн үнэлгээчин Ч.Жамъяны 2024 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 1001624 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 68-69 хуудас/,
Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 20 дугаартай албан бичиг /хх-ийн 112 хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүх тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Ц.Г-ыг улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд хууль бусаар мод бэлтгэсэн болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Ц.Г-ын үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт заавал байх шинжид хамаардаг.
Шүүгдэгч нь улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, ойн санд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал /Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал/ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Ц.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэргийг шүүгдэгч Ц.Г- нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч Ц.Г- нь экологи эдийн засагт 1.241.300 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тогтооно гэж заасны дагуу шүүгдэгч Ц.Г- нь экологи эдийн засагт учруулсан хохирлыг гурав дахин нэмэгдүүлж 3,723,900 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн болох нь 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 120 тал/-аар тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгчид нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хохирлоо төлсөн нөхцөл байдал тогтоогдож байна.
Мөн шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа. Тухайн гэмт хэрэг нь хорих ял болон зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санкцтай ба дээрх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгчид зорчих эрхийн хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй байна. Тухайн ялыг Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын хилийн дээсээр тогтоон, гадагш гарахыг хязгаарлах саналтай байна...” гэв.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ц.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Ц.Г- нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 96)-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч Ц.Г-од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйл хэсгийн 1.2 “гэмт хэрэг үйлдсэний дараа ...учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Иймд шүүгдэгч Ц.Г-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г- нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг биелүүлээгүй, зөрчсөн, мөн үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн болон албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг сануулж байна.
Шүүгдэгчид авагдсан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасныг журамлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц прокурорын 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 02 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, 7,36 м3 хэмжээтэй шинэс төрлийн 1,241,300 төгрөгийн үнэлгээ бүхий модыг хурааж улсын орлогод оруулахыг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 100.000 төгрөгийн үнэлгээ бүхий БНХАУ-д үйлдвэрлэгдсэн хөх, цагаан өнгийн хуучин цахилгаан хөрөө 1 ширхэгийг хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь Ц.Г- нь цагдан хоригдоогүй, иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Ц.Г-ыг 1 (нэг) жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг баримтлан шүүгдэгч Ц.Г-од тэнссэн хугацаанд “оршин суух газар, ажлаа өөрчлөх болон зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.
4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Ц.Г-од хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г- нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг биелүүлээгүй, зөрчсөн, мөн үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн болон албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг сануулсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасныг журамлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц прокурорын 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 02 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, 7,36 м3 хэмжээтэй шинэс төрлийн 1,241,300 (нэг сая хоёр зуун дөчин нэгэн мянга гурван зуу) төгрөгийн үнэлгээ бүхий модыг хурааж улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Эрүүгийн 2438000000029 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 100.000 (нэг зуун мянга) төгрөгийн үнэлгээ бүхий БНХАУ-д үйлдвэрлэгдсэн хөх, цагаан өнгийн хуучин цахилгаан хөрөө 1 (нэг) ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
8. Энэ хэрэгт шүүгдэгч Ц.Г- нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Г-од урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР