| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүхбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 138/2021/00338/И |
| Дугаар | 138/ШШ2021/00443 |
| Огноо | 2021-06-11 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 138/ШШ2021/00443
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг даргалж тус шүүхийн хуралдааны Б танхимд онлайнаар нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот ******* дүүрэг 1 дүгээр хороо Чингисийн өргөн чөлөө ******* плазад байрлах, 2576376 регистрийн дугаартай, ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг ******* ******* тоотод оршин суух, ЖБ75091568 регистрийн дугаартай, ******* овогт ******* *******д холбогдох
гэрээний үүргийн биелэлт 574 997 /таван зуун далан дөрвөн мянга есөн зуун ерэн долоо/ төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Энхнайман, хариуцагчийн төлөөлөгч Д.Бадамцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дөлгөөнмөрөн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Энхнайман шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч ******* нь манай компанийн үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч 1 199 000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг урьдчилгаа 119 000 төгрөг төлж, лизингийн нөхцлөөр худалдаж авсан. ******* нь 1 080 000 төгрөгийн үлдэгдэлтэй болж сард 90 000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцож гэрээ байгуулсан боловч төлбөрөө хугацаанд нь төлөхгүй явсаар Монгол банкны зээлийн мэдээллийн санд муу зээлдэгчээр бүртгэгдсэн. *******ын хувьд лизинг авснаас хойш 05 сарын хугацаанд төлбөрөө төлөхгүй явж байгаад 2019 оны 10 дугаар сарын 18-нд 96 000 төгрөг, 10 дугаар сарын 31-нд 111 400 төгрөг, 11 дүгээр сарын 29-нд 30 000 төгрөг, 12 дугаар сарын 03-нд 60 000 төгрөг, 2020 оны 04 дүгээр сарын 17-нд 40 000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 23-нд 200 000 төгрөг тус тус төлснөөр нийт 537 400 төгрөг төлсөн байна. ...******* зээлийн үлдэгдэлтэй байсан учраас 270 000 төгрөгийн үлдэгдэл төлбөр нь 181 дэх хоног дээрээ зээлийн мэдээллийн санд орсон. Үүнээс хойш сар бүр харилцан адилгүй өөр өөр үнийн дүнгээр төлбөр төлж байгаад төлөхгүй тасалдуулсан. 2020 оны 05 сард гар утасных нь лизинг дуусч, үлдэгдэл 770 000 төгрөг үлдсэнээс хамгийн сүүлд 10 дугаар сарын 23-ны өдөр 200 000 төгрөг төлснөөр 570 000 төгрөгийн үлдэгдэлтэй болсон. ******* 200 000 төгрөг төлснийхөө дараа удалгүй 300 000 төгрөг төлсөн гэдэг боловч манай компаниас 300 000 төгрөг төлсөн гэх ямар ч баримт гараагүй. Гэтэл ******* танайхаас надад баримт өгсөн, би өөрөө НӨАТ-ын баримтаа аваад е-баримт дээрээ шивж оруулсан гэж тайлбарласан. Үүнийх нь дагуу баримтаа авчирч өгөхийг шаардахад авчирч өгнө гэж хэлээд буцаж ирээгүй. Хамгийн сүүлд 10 дугаар сарын 31-ний өдөр 111 400 төгрөг төлөөд 270 000 төгрөгийн үлдэгдэлтэй гарсан. Энэ үлдэгдэл нь 181 дэх хоног дээрээ Монгол банкны мэдээллийн санд орсон учраас 270 000 төгрөгийн үлдэгдэлтэй харагдаж байгаа. Иймд хариуцагч *******аас үлдэгдэл 574 997 төгрөг гаргуулах саналтай байна гэв.
Хариуцагчийн төлөөлөгч Д.Бадамцэцэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* нь ******* ХХК-ийн Дорнод салбараас 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 1 140 000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг урьдчилгаа 140 000 төгрөг төлөөд үлдэгдэл 1 000 000 төгрөг дээр нь лизингийн гэрээ хийж 12 сарын хугацаатай худалдаж авсан. Ингээд сар бүр 90 000 төгрөгийн төлөлт хийхээр тохиролцож, гэрээний дагуу 2, 3 сарын хугацаанд 90 000 төгрөгөөр тогтмол төлж байгаад нөхрийнхөө хамаатан болох Нэргүй гэдэг хүнтэй харилцан тохиролцож сар бүр 90 000 төгрөгийн лизинг төлдөг талаар хэлээд гар утсаа өгсөн байдаг. Гэтэл 2020 оны 10 дугаар сард ******* ХХК-ийн Дорнод салбараас *******д холбогдуулан нэхэмжлэл гаргасан байдаг. Тухайн үед ******* 770 000 төгрөгийн үлдэгдэл байсан учраас 2020 оны 10 дугаар сарын сүүлээр 200 000 төгрөгийг бэлнээр ******* ХХК-ийн ажилтанд өгсөн. Дараа нь 2020 оны 11 дүгээр сарын эхээр группийн мөнгөө авч 300 000 төгрөгийг ******* ХХК-ийн ажилтанд мөн бэлнээр өгсөн байдаг. Үүнтэй холбоотой баримтын талаар ******* хэлэхдээ ...тэр үед ******* ХХК-ийн ажилтан надад баримт өгсөн үгүйг би сайн мэдэхгүй байна, хэрвээ надад баримт өгсөн байсан бол би тэр даруйд нь е-баримт дээрээ шивж оруулах байсан. Гэтэл 2020 оны баримтуудаас шүүж үзэхээр 300 000 төгрөг төлсөн баримт гарч ирээгүй... гэж тайлбарладаг. ******* нь 300 000 төгрөг төлөөд 270 000 төгрөгийн үлдэгдэлтэй гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрдөг. Түүний нөхөр Энхтөр нь Голомт банканд цалингийн зээлтэй учраас ******* нөхрийнхөө зээлийн хүүг бууруулах үүднээс 2021 оны 03 дугаар сард Голомт банк дахь зээлийг нь хааж, Хаан банкнаас зээл авах гэхэд нь Голомт банк ч тэр, Хаан банк ч тэр аль аль нь та Монгол банкны зээлийн мэдээллийн санд муу зээлдэгч-ээр бүртгэгдсэн байгаа учраас танд зээл олгох боломжгүй гэсэн хариу өгсөн гэдэг. Үүнээс болоод нөхрийнхөө зээлийн хүүг бууруулж чадаагүй. Ингээд ******* Монгол банкны зээлийн мэдээллийн санд муу зээлдэгчээр бүртгэгдсэн баримтаа 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Голомт банкнаас гаргуулж авсан. Уг баримт нь тухайн үед нотлох баримтын шаардлага хангаагүй учраас ******* шүүхэд хүсэлт гаргаж өгсний дагуу 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Монгол банкны зээлийн мэдээллийн санд муу зээлдэгч-ээр бүртгэгдсэн лавлагаа албан ёсоор Монгол банкаар баталгаажиж, нотлох баримтын шаардлага хангаж ирсэн. Уг мэдээллийн санд бүртгэгдсэн 270 000 төгрөгийн төлбөрийн үлдэгдлийг ******* тайлбарлахдаа ... миний хувьд 270 000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа нь үнэн. Харин 300 000 төгрөгийг ******* ХХК-ийн ажилтанд өөрийн биеэр очиж бэлнээр тушаасан. Тухайн үед надад төлбөр төлсөн баримт өгөөгүй. Энэ бол ******* ХХК-ийн ажилтны хариуцлагагүй байдлаас болж үүссэн асуудал... гээд гомдолтой байгаагаа илэрхийлдэг. Хэрвээ ******* 300 000 төгрөг төлөөгүй байсан бол Монгол банкны зээлийн мэдээллийн санд *******ыг 570 000 төгрөгийн үлдэгдэлтэй гэж гарах байсан. Гэтэл Монгол банкнаас ирүүлсэн зээлийн мэдээллийн санд *******ыг 270 000 төгрөгийн үлдэгдэлтэй гэж бичсэн байхад ******* ХХК яагаад 570 000 төгрөгийн үлдэгдэлтэй гэж 300 000 төгрөг нэмж нэхэж байгааг ойлгохгүй байна. Тиймээс Монгол банкнаас ирүүлсэн зээлийн мэдээллийн лавлагаагаар ******* нь ******* ХХК-д 270 000 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь тогтоогдож байгаа учраас түүний хувьд 270 000 төгрөг төлөхөө хүлээн зөвшөөрдөг. Мөн нотариатын зардал 5000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. Иймд үндэслэлгүйгээр нэхэмжилж байгаа 300 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх нэхэмжлэгч, хариуцагч талуудын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 569 997 төгрөг, нотариатын зардалд 5000 төгрөг, нийт 574 997 /таван зуун далан дөрвөн мянга есөн зуун ерэн долоо/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, шүүх хуралдаан дээр нэхэмжлэлээ дэмжсэн болно.
Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан гар утас зээлээр худалдах-худалдах авах гэрээний дагуу төлөх ёстой утасны үлдэгдэл үнэ 569 997 төгрөг, нотариатын зардал 5000 төгрөг, нийт 574 997 төгрөг нэхэмжилнэ, ...300 000 төгрөг төлсөн гэх баримт байхгүй байгаа учраас төлбөрөөс хасч тооцох боломжгүй, ...хамгийн сүүлд 10 дугаар сарын 31-ний өдөр 111 400 төгрөг төлөөд 270 000 төгрөгийн үлдэгдэлтэй гарсан байна, энэ үлдэгдэл нь 181 дэх хоног дээрээ Монгол банкны мэдээллийн санд орсоноороо харагдаж байгаа... гэж тайлбарладаг.
Харин хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй татгалзаж буй үндэслэлээ ...утасны үнэ 270 000 төгрөгийг төлөөгүй нь үнэн, 270 000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байсан нь Монгол банкны зээлийн мэдээллийн сан болон Голомт банкнаас гаргаж өгсөн баримтаар тогтоогдоно, 300 000 төгрөгийг ******* ХХК-ийн ажилтанд бэлнээр төлсөн боловч баримт авсан эсэхээ санахгүй байна... гэж маргадаг.
Хариуцагч ******* нь ******* ХХК-ийн Дорнод салбартай 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр гар утас зээлээр худалдах-худалдан авах гэрээг бичгээр байгуулан 1 199 000 төгрөгийн үнэ бүхий Huawei P30 Lite маркийн гар утасыг 119 000 төгрөгийн урьдчилгаа төлж, 12 сарын хугацаатай, сарын 90 000 төгрөг төлөхөөр тохирч худалдан авсан болох нь тогтоогдож байх бөгөөд энэ талаар талууд маргаагүй болно.
Нэхэмжлэгч гар утасны үлдэх төлбөр 569 997 төгрөг, нотариатын зардал 5000 төгрөг, нийт 574 997 төгрөг нэхэмжилснээс хариуцагч нь 270 000 төгрөг, нотариатын зардал 5000 төгрөг, бүгд 275 000 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг төлөхөөс татгалзаж мэтгэлцдэг.
Хариуцагч ******* нь 2020 оны 11 дүгээр сард 300 000 төгрөг төлөөд 270 000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан гэдгээ нотлох зорилгоор Монгол банкны зээлийн мэдээллийн сангаас лавлагаа гаргуулах хүсэлт шүүхэд гаргасны дагуу тус газраас лавлагаа авахад ******* ХХК-д 270 000 төгрөгийн хэвийн бус зээлийн үлдэгдэлтэй гэж тэмдэглэгдсэн байна.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...******* нь 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 111 400 төгрөг төлөөд 270 000 төгрөгийн үлдэгдэлтэй гарсан, энэ үлдэгдэл нь 181 дэх хоног дээрээ Монгол банкны мэдээллийн санд орсоноор харагдаж байгаа... гэж мэтгэлцдэг боловч Дорнод аймаг дахь Монгол банкны салбараас 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр ирүүлсэн Монгол банкны зээлийн мэдээллийн сангийн лавлагаагаар *******ын хэвийн бус зээлийн үлдэгдэл 270 000 төгрөг гэж гарч ирсэн байна.
Хариуцагчийн татгалзлаа баталсан баримтыг үгүйсгэсэн нотлох баримтыг нэхэмжлэгч тал шүүхэд ирүүлээгүй байх тул *******ын татгалзлыг үндэслэлтэй гэж шүүх үзлээ. Иймд хариуцагч *******аас худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 270 000 төгрөг, нотариатын зардалд 5000 төгрөг, нийт 275 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 299 997 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******аас худалдах- худалдан авах гэрээний үүрэгт болон хохиролд 275 000 /хоёр зуун далан таван мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 299 997 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17 900 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 8 900 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэхь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авахыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар нь 14 хоногийн хугацаанд шүүхэд ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ГАНЧИМЭГ