| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2024/0097/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/123 |
| Огноо | 2024-04-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Чингүүн |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 2024/ШЦТ/123
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
2 15 2019/
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Далайбаяр,
Улсын яллагч Ц.Чингүүн,
Хохирогч П.Э-,
Шүүгдэгч Г.Т- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Т-ад холбогдох эрүүгийн 2438000000111 дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Г.Т-,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Т- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Хөвсгөл аймгийн Ханх сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч П.Э-г зодож, биед нь зүүн тохой, өвдөгний үенд зөөлөн эдийн гэмтэл болон зүүн тохойнд цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2438000000111 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Г.Т- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Хөвсгөл аймгийн Ханх сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч П.Э-г зодож, биед нь зүүн тохой, өвдөгний үенд зөөлөн эдийн гэмтэл болон зүүн тохойнд цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Т-ын: “...мэдүүлэг өгөхгүй, ...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх,
Хохирогч П.Э-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би эвлэрлийн гэрээ байгуулах талаар шүүгдэгчид хэлсэн. Би 5,000,000 төгрөг нэхэмжилсэн, надад тийм мөнгө өгөхгүй гэж хэлсэн учраас бид хоёр эвлэрээгүй. Тухайн хэргийн улмаас миний толгой, үе мөч өвдөөд байдаг болсон. Үүнээс болоод гэрийнхээ ажлыг ч хийж чадахгүй байгаа мөн шүүгдэгч нь намайг хөгшин төгцөг минь ална гэснээс болоод би өдөр, шөнөгүй айгаад унтаж чадахгүй байгаа. Мөн тухайн хэрэг гардаг өдөр би эмнэлгийн туслалцаа авч байгаад шөнийн 22 цагийн үед гэртээ ирж байсан үүнээс хойш би айдаг болсон. Өмнө нь би хүнтэй маргалдаж, зодолдож байсан удаа байхгүй, шүүгдэгч нь намайг ална чи миний газрыг авсан гэж хэлсэн. Намайг 3 удаа боосон 3 дахь дээр нь би ухаан алдаж унасан байсан. Тэгээд ухаан орсон чинь шүүгдэгч намайг байшингийн араар оруулах гээд чирч явахаар нь гутлаараа тийрсэн чинь миний гутлын ул ханзарсан байсан. Би маш их гомдолтой байгаа” гэх мэдүүлэг,
Хохирогч П.Э-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2024 оны 02 дугаар сарын 07-нд гэртээ байж байтал миний таних Б.Б- манайд машин чирэх тросс асууж ирсэн. Тэгэхээр нь би тросс өгсөн. Намайг Б.Б- цуг яваад чирэх машин ололцоод өгөөч гэхээр нь би цуг явсан. Бид хоёр цуг явж байгаад гудамжинд Г.Т- гэдэг залуутай таарсан. Б.Б- Г.Т-аар машинаа чирүүлэхээр болсон. Г.Т-ын Хөх толгойд байдаг гэр лүү нь Б.Б-, Г.Т- бид гурав Ж- гэдэг залуугаар хүргүүлсэн. Очоод Г.Т-ын машиныг асаах гэсэн боловч царцуудаад асахгүй байсан. Ж-г хүргэж өгөөд буцахад нь Б.Б- цуг архи авахаар явсан байна лээ. Г.Т- согтуу байсан. Тэднийд өөр хүн байгаагүй. Харин би Г.Т-тай түүний фургон маркийн машиныг нь галдахаар үлдсэн. Тэгээд машин галдах зомгол сүхээр цуулж байтал Г.Т- буюу олны дууддагаар А- “чи миний машиныг галлах гэлээ, гал түлдэг хэн бэ чи, миний машин галлуулдаггүй” гэж уурлаад миний цээж рүү өшиглөсөн. Тэгээд намайг заамдаж аваад хашаа руу шахаж, багалзуур шахсан. Тэгэхээр нь “боль” гэхэд “хөгшин төгцөг минь чамайг ална, чи миний газар авсан” гэх зэргээр дайрч давшилж байсан. Толгойны ар луу гараараа нэг удаадаа цохисон. Бас шилэн хүзүү рүү 2, 3 удаа тохойлдсон. Нийт намайг 3 удаа боосон. Боож унагаад нүүр лүү цас цацаад шудраад байсан. Газар унасан хойно хөлнөөс чирсэн. Би арай гэж салж, хөлийн хурдаар зугтаасан. Маргааш өглөө ирж уучлалт гуйсан. Ах аа би архи ууснаас болж ингэлээ гэж хэлээд явсан. Миний бие өвдөөд байгаа учир цагдаад өргөдөл гаргаж байна. ...Би Г.Т-ыг нэг суманд ажиллаж амьдардгийн хувьд танина. ...Би гомдолтой байна. ...Надтай Г.Т- барьцалдаж байгаад хашаа руу дарж унахад миний зүүн тохойд гэмтэл учирсан. Зүүн тохойнд цус хуралт гэмтэл мөн түүнээс болж үүссэн. Намайг газарт унасан байх үед баруун хөлнөөс чирэхийнхээ өмнө миний зүүн хөлний өвдөгний үе рүү дэвссэн тэрнээс болж гэмтэл учирсан. ...Тухайн үйл явдлаас өмнө болон дараа миний биед хэн нэгэн халдаж цохисон зүйл байхгүй. Тухайн үйл явдал болох үед Г.Т- бид хоёроос өөр хүн байгаагүй, Н.Т-, Б.Б- нар явчихсан байсан юм. Тэр газар Ханх сумын Турт 3 дугаар багийн нутаг “Хөх толгой” гэдэг газарт байх Г.Т-ын өвөлжөөний газар байсан. Би Г.Т-ыг пиво ууж байхыг харсан, нэлээн согтуу байсан. Би өөрөө пиво уусан гэхдээ согтсон зүйл байгаагүй. Б.Б-, Г.Т- бид гурав 2,5 литрийн Сэрүүн нэртэй нэг том пиво уусан. Би эрүүл мэндээрээ хохирсондоо гомдолтой байна... Гэхдээ зардал их гарч байна. Одоогоор миний тооцоогоор /багцаагаар/ 1,500,000 төгрөгийн зардал гараад байна” гэх мэдүүлэг /хх-ийн 15, 18 тал/,
Иргэний нэхэмжлэгч Г.Аззаяагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...хэргийн хохирогч П.Э- нь эрүүл мэндийн даатгалын сангаас 176,000 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан байна. Дээрх төлбөрийг буруутай этгээдээс нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /хх-ийн 22 тал/,
Гэрч Н.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би тэр өдөр Г.Т- ахынд очоод хамт сумын төв орж ирсэн. Тэгээд гудамжинд П.Э- ах, Б.Б- ах нартай таарсан. Б.Б- ах Г.Т- ахаар машинаа чирүүлэхээр болоод бид 4 тэдний өвөлжөөн дээр байх гэрт нь очсон. Тэднийд нэг том пиво уусан. Би жолоо барьж явсан болохоор пиво уугаагүй. Б.Б- ах бид 2 Г.Т- ахын машин нь асахгүй байхаар нь сум руу явсан. Бид хоёрыг явахад П.Э- ах, Г.Т- ах хоёр морь мал яриад биднийг явахыг ч тоохгүй байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 тал/,
Гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би тухайн өдөр өөрийн танил П.Э- гэдэг айлд өөрийн эвдэрсэн машинаа хамтдаа машин олж чирүүлэх зорилгоор очсон. Тэгээд хоёулаа хамт гудмаар явж байтал Ж-, А- буюу Г.Т- нартай таарсан. Тэгээд А-гаар машинаа чирүүлэхээр болоод дөрвүүлээ хөдөө тэднийд очсон. Тэгтэл А- машинаа асаах гэсэн боловч машин нь асахгүй байсан. Би Ж-гийн хамт сум явсан. Тэгээд би ганцаараа цаг орчим болоод эргээд бензин аваад очиход нөгөө хоёр хоёулаа байхгүй байсан. Маргааш өглөө нь 11 цагийн үед намайг гудамжинд явж байтал А- машинтайгаа ирээд миний машиныг чирээд хашаанд оруулж өгсөн. Дараа нь А-н хамт П.Э- гэдэг айлд очсон. А- өөрөө “П.Э-тай уулзана, өчигдөр бид хоёр муудалцсан юм гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 тал/,
Гэрч Х.У-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Манай нөхөр 2024 оны 02 дугаар сарын 07-нд намайг Мөрөнд байхад Г.Т- гэдэг залууд зодуулсан байсан... Би Мөрөнгөөс тухайн зодуулсан өдрийнх нь орой гэртээ очсон. Намайг очиход зодуулсан байдалтай нүүр нь халцарсан, хувцас нь урагдсан байсан. Надад хэлэхдээ “Г.Т-ад зодуулчихлаа” гэж хэлсэн... Өвдөг тохойгоор нь хүндрүүлээд байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 тал/,
Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч эмч М.Батмөнхийн 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 123 дугаартай: “П.Э-н биед зүүн тохой, өвдөгний үенд зөөлөн эдийн гэмтэл болон зүүн тохойнд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаандаа мохоо зүйлийн үйлчлэлээр тус тус үүсгэгджээ. П.Э-н биед учирсан гэмтэл нь тухайн үедээ Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 45 тал/,
Шинжээч М.Батмөнхийн өгсөн: “...П.Э-н биед учирсан зүүн тохой, өвдөгний үенд зөөлөн эдийн гэмтэл тус бүрдээ гэмтлийн хөнгөн зэрэг, харин зүүн тохойн цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Дүгнэлтэд бичигдсэн тухайн үедээ гэдэг нь энэ цаг хугацаандаа л гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, хэрэг гарснаас хойших 28 хоног хүртэлх хугацааг хэлж байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 49 тал/,
Шүүгдэгч Г.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр би хөдөөнөөс сумын төв рүү найз Ж-гийн хамт машинтай нь орсон тэгээд сумын төвд орж ирээд дэлгүүрийн үүдэнд П.Э- ах Ц- ах нартай таарсан тэгээд намайг П.Э- ах Ц- ах хоёр намайг машин чирээд өг гээд гуйсан тэгээд би за гэж хэлсэн. П.Э- ах дэлгүүр лүү ороод 1 ширхэг пиво авч гарч ирсэн. Тэгээд хөдөө манай гэрт бид 4 очсон. Тэгээд П.Э- ахын авсан байсан пиво бид 3 хувааж уусан. Тэр ууж байсан пиво дуусгаад Ж-, Ц- ах хоёр сумын төв рүү явсан. П.Э- ах бид хоёр манай гэрт үлдсэн. Тэгээд нөгөө П.Э- асаах гээд би өөрийнхөө машиныг асаагаагүй бид хоёр хоорондоо адуу мал ярьж байгаад маргалдаад байж байсан чинь П.Э- ах намайг заамдаад авахаар нь би бас зөрүүлээд заамдаад авсан. Бид хоёр цуг хашаа руу унасан. ...Тэгээд би маргааш нь очиж П.Э- ахаас уучлалт гуйсан” гэх мэдүүлэг /хх-ийн 56 тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 9 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч П.Э-, иргэний нэхэмжлэгч Г.Аззаяа, гэрч Н.Т-, Б.Б-, Х.У- нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 123 дугаартай дүгнэлт, шинжээчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч Г.Т- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Хөвсгөл аймгийн Ханх сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч П.Э-г зодож, биед нь зүүн тохой, өвдөгний үенд зөөлөн эдийн гэмтэл болон зүүн тохойнд цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулан, “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай нь нотлогдож байна.
Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч П.Э-н биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Г.Т-ын үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Г.Т-ын үйлдэл идэвхтэй, хохирогч П.Э-н бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэж, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.
Шүүгдэгч Г.Т-ын хохирогч П.Э-н бие, эрх чөлөөнд халдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулсан гэм буруугийн санаатай, нийгэмд аюултай, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл мөн тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Г.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:
Шүүгдэгч Г.Т-ын гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохиролд хохирогч П.Э- нь мөрдөн шалгах ажиллагааны үед эмчилгээний зардал, замын зардал, мал харуулсан хөлс 1,768,639 төгрөг, шүүхийн хэлэлцүүлэгт цаашид гарах эмчилгээний зардлыг нэмж нийт 5,000,000 төгрөг нэхэмжилж, хэрэгт Монос эмийн сангийн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн эмийн үнэ 9.135 төгрөгийн Е-баримт, Монос эмийн сангийн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн эмийн үнэ 8.540 төгрөгийн Е-баримт, Сод-Монгол шатахуун түгээх станцын 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 51.800 төгрөгийн шатахууны Е-баримт, Шунхлай шатахуун түгээх станцын 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 53.000 төгрөгийн шатахууны Е-баримт, Монос эмийн сангийн 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн эмийн үнэ 30.591 төгрөгийн Е-баримт, Монос эмийн сангийн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн эмийн үнэ 5.880 төгрөгийн Е-баримт, Шунхлай шатахуун түгээх станцын 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 59.943 төгрөгийн шатахууны Е-баримт, Шунхлай шатахуун түгээх станцын 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 39.750 төгрөгийн шатахууны Е-баримт зэргийг гарган өгчээ.
Шүүх нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
Монос эмийн сангийн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн эмийн үнэ 9.135 төгрөгийн Е-баримт, Монос эмийн сангийн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн эмийн үнэ 8.540 төгрөгийн Е-баримт, Сод-Монгол шатахуун түгээх станцын 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 51.800 төгрөгийн шатахууны Е-баримт, Шунхлай шатахуун түгээх станцын 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 53.000 төгрөгийн шатахууны Е-баримт, Монос эмийн сангийн 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн эмийн үнэ 30.591 төгрөгийн Е-баримт, Монос эмийн сангийн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн эмийн үнэ 5.880 төгрөгийн Е-баримт, Шунхлай шатахуун түгээх станцын 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 59.943 төгрөгийн шатахууны Е-баримт, Шунхлай шатахуун түгээх станцын 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 39.750 төгрөгийн шатахууны Е-баримтыг нотлох баримтаар үнэлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т-аас 258.639 төгрөгийг гаргуулж хохирогч П.Э-д олгож,
Хохирогч П.Э- нь Ханх сумаас автомашин хөлсөлсөн зардал 160.000 төгрөг, 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс хойш 20 хоног малчин хөлсөлсөн 1.200.000 төгрөг, 5 хоногийн буудлын мөнгө 150.000 төгрөг, нийт 1.510.000 төгрөгийг, мөн цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжилсэн боловч энэ талаарх баримтгүй, тодорхой тооцоолол хийх боломжгүй байх тул нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Г.Т-аас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Хавтаст хэргийн 69-70 талд Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн цахим системийн зардлын мэдээлэл, Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 26/061 дугаартай албан бичиг хэрэгт авагдсан байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад” нөхөн төлүүлнэ гэж зааснаар шүүгдэгч Г.Т-аас 176.000 төгрөгийг гаргуулж эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот дансанд оруулах нь зүйтэй байна.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Г.Т-ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Хавтаст хэргийн 60-62, 64-67, 75 талд авагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн хуулбар, мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн 2023 оны тооллогын баримтын хуулбар, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Г.Т- нь ... оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага зэргийг харгалзан үзсэн болно.
Шүүгдэгч Г.Т- нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.
Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх шүүгдэгч Г.Т-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахдаа шүүх хуралдаанд улсын яллагчаас: “...600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах...” саналыг харгалзан шүүгдэгч Г.Т-ад 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т-ад оногдуулсан торгох ялыг түүний орлого олох боломжийг харгалзан 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж байна.
Эрүүгийн 2438000000111 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т-ыг 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т-ад оногдуулсан торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Г.Т-ад оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т-аас 258.639 (хоёр зуун тавин найман мянга зургаан зуун гучин ес) төгрөгийг гаргуулж хохирогч П.Э-д олгож, хохирогч П.Э- нь Ханх сумаас автомашин хөлсөлсөн зардал 160.000 төгрөг, 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс хойш 20 хоног малчин хөлсөн 1.200.000 төгрөг, 5 хоногийн буудлын мөнгө 150.000 төгрөг, нийт 1.510.000 төгрөг, цаашид гарах эмчилгээний зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Г.Т-аас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч Г.Т-аас 176.000 (нэг зуун далан зургаан мянга) төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот дансанд оруулсугай.
7. Эрүүгийн 2438000000111дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Т-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР