| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүхбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 138/2021/00379/И |
| Дугаар | 138/ШШ2021/00474 |
| Огноо | 2021-06-25 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 138/ШШ2021/00474
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг даргалж тус шүүхийн хуралдааны “Б” танхимд онлайнаар нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргын тамгын газрын /РД:9030689/ нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дорнод аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багт байрлах, “Т” ХХК-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 8 595 640 /найман сая таван зуун ерэн таван мянга зургаан зуун дөчин/ төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Э, хариуцагч Н.Т, түүний өмгөөлөгч В.Давааням, гэрч Г.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дөлгөөнмөрөн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сум хөгжүүлэх сан” нь 2011 оноос иргэд, аж ахуй нэгжийн ажлын байрыг нэмэгдүүлэх, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор иргэнд 10 000 000 хүртэл, аж ахуй нэгжид 25 000 000 хүртэл төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй олгож эхэлсэн. Үүний дагуу “Т” ХХК нь Хэрлэн сумын “Сум хөгжүүлэх сан”-гаас 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 25 000 000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй зээлж авсан. 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр зээлийн гэрээний хугацаа дуусахад “Т” ХХК нь 8 595 640 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй гарсан. Тус компанийн хувьд үлдэгдэл 8 595 640 төгрөгийг бартерын журмаар төлсөн гэж байгаа боловч Хэрлэн сумын Засаг даргын тамгын газар нь “Т” ХХК-тай бартерын журмаар төлбөр төлөх тухай гэрээ огт байгуулаагүй ба энэ тухай ямар нэгэн захирамж, шийдвэр гараагүй байна. Найрамдал парк нь ӨМӨЗО-ны Хайлаар хотын 100 хувийн хөрөнгө оруулалттай, буцалтгүй тусламжаар байгуулагдсан. Уг буцалтгүй тусламжаар орж ирсэн мөнгө манай байгууллагын дансанд ороогүй. Олон улсын гүйлгээгээр тухайн үед Найрамдал паркийн ажлыг хийж гүйцэтгэсэн “Гэрэл сэтгэмж” ОНӨААТҮГ-ын данс уруу орсон. Тиймээс уг асуудал нь “Т” ХХК, “Гэрэл сэтгэмж” ОНӨААТҮГ хоёрын хооронд үүссэн асуудал бөгөөд манай байгууллагад огт хамааралгүй. Хэрлэн сумын Засаг даргын тамгын газар, “Сум хөгжүүлэх сан” хоёр тусдаа байгууллага учраас Засаг даргын тамгын газар дур мэдэж “Т” ХХК-ийн өмнөөс “Сум хөгжүүлэх сан”-ийн зээлийг төлөх боломжгүй. Иймд үлдэгдэл төлбөр болох 8 595 640 төгрөгийг “Т” ХХК-иас гаргуулах саналтай байна. Энэ асуудлаар 2019 онд шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан гэв.
Хариуцагч “Т” ХХК-ийн захирал Н.Т шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Манай компани нь 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Хэрлэн сумын “Сум хөгжүүлэх сан”-гаас цементийн селос хийх зориулалтаар 25 000 000 төгрөгийн зээлийг 3 жилийн хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй авсан. Гэрээний хугацаа дуусахад зээлийн ихэнх хэсгийг төлсөн бөгөөд үлдэгдэл 8 сая гаран төгрөг байсан. 2017 онд Найрамдал паркийн засварын ажил дууссан боловч 2018 онд дахин засвар, үйлчилгээний ажил хийх шаардлагатай болсон. Ингээд Хэрлэн сумын Засаг даргын тамгын газраас Найрамдал паркийн бүтээн байгуулалтанд хайрга, бетон зуурмаг нийлүүлэх саналыг манай компанид тавьсан. Тухайн үед манай компани “Сум хөгжүүлэх сан”-д 8 595 640 төгрөгийг зээлийн үлдэгдэлтэй байсан учраас Хэрлэн сумын Засаг даргын тамгын газарт нийлүүлэх бараа материалын үнийг сум хөгжүүлэх сангийн зээлийн үлдэгдэлдээ тооцуулах санал тавьсан. Бидний саналыг Хэрлэн сумын Засаг даргын тамгын газар зөвшөөрсний дагуу Найрамдал паркийн ажлыг гүйцэтгэгч “Гэрэл сэтгэмж” ОНӨААТҮГ-т 2018 оны 07 дугаар сарын 21, 22-ны өдөр 3 780 000 төгрөгийн үнэ бүхий 270 м3 хайрга, 2018 оны 11 дүгээр сарын 02-19-ний хооронд 6 300 000 төгрөгийн үнэ бүхий 36 м3 бетон зуурмаг нийлүүлсэн. Нийт 10 080 000 төгрөгийн үнэ бүхий бараа материал нийлүүлснээр сум хөгжүүлэх санд зээлийн өр төлбөргүй болсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Гэрч Г.А шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: “Т” ХХК нь 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр “Сум хөгжүүлэх сан”-гаас 25 000 000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй авсан. 2014 оны 08 дугаар сард Хэрлэн сумын Засаг даргын тамгын газар “Т” ХХК-аас элс, хайрга худалдан авсан. Тус компаниас ирүүлсэн нэхэмжлэлийг үндэслэж элс, хайрганы төлбөр болох 2 560 000 төгрөгийг 2014 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Хэрлэн сумын Засаг даргын тамгын газрын нөөцийн сангаас “Т” ХХК-ийн данс руу шилжүүлсэн. Мөн дахин элс, хайрга авч 2 000 000 төгрөгийг 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр тус компанийн данс руу шилжүүлсэн. “Т” ХХК нь сум хөгжүүлэх сангаас авсан зээлээ эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлж байгаагүй. 4 удаагийн төлөлт хийгдсэн байна. 2014 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 2 560 000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 2 000 000 төгрөгийг тус бүр Хэрлэн сумын Засаг даргын тамгын газраас “Т” ХХК-ийн “Сум хөгжүүлэх сан”-гийн зээлийн үлдэгдэл төлбөрт төлсөн. Харин “Т” ХХК өөрөө 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 3 000 000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 10 000 000 төгрөгийг төлсөн. Одоо зээлийн үлдэгдэл 8 345 282 төгрөг, алданги 250 358 төгрөг, нийт 8 595 640 төгрөг төлөөгүй байна. 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр зээлдэгчийн зээл төлөх хугацаа дууссан учраас түүнээс хойшхи 5 жил буюу 60 сараар алданги тооцсон. Манай байгууллагын хувьд “Т” ХХК-иас төлбөрийн нэхэмжлэл ирсэн тохиолдолд тухай бүр нь нэхэмжилсэн мөнгийг нь шилжүүлдэг байсан. Харин 8 595 640 төгрөгийн нэхэмжлэл ирээгүй. ...2019 оны 05 дугаар сард “Сум хөгжүүлэх сан”-гийн улсын үзлэг ирсэн. Тус үзлэгээр зээлийн үлдэгдэлтэй иргэн, аж ахуй нэгжийн удирдлагуудтай комисс уулзсан. Тухайн үед “Т” ХХК-ийн захирал Ч.Т өөрөө тус уулзалтад хамрагдаж үлдэгдэл төлбөрөө төлнө гэж хэлж байсан. Түүнээс хойш төлбөрийн үлдэгдлээ төлөөгүй учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. ...2019 онд “Т” ХХК-д холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаагүй. Манай байгууллагын хувьд корона вирусын нөхцөл байдлыг харгалзан үзээд иргэн, аж ахуй нэгж байгууллагад хугацаа олгож, аль болох уян хатан хандаж байсан гэв.
Шүүх нэхэмжлэгч, хариуцагч талуудын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Хэрлэн сумын Засаг даргын тамгын газар нь “Т” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 8 595 640 /найман сая таван зуун ерэн таван мянга зургаан зуун дөчин/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, шүүх хуралдаан дээр нэхэмжлэлээ дэмжсэн болно.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Т ХХК нь 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Хэрлэн сумын сум хөгжүүлэх сангаас 25 000 000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй зээлсэн, дээрх зээлийн үлдэгдэл 8 595 640 төгрөгийг нэхэмжилж байна, ... Хэрлэн сумын Засаг даргын тамгын газар нь “Т” ХХК-тай бартерын журмаар төлбөр төлөх тухай гэрээ огт байгуулаагүй ба энэ тухай ямар нэгэн захирамж, шийдвэр гараагүй байна, Найрамдал парк нь ӨМӨЗО-ны Хайлаар хотын 100 хувийн хөрөнгө оруулалттай, буцалтгүй тусламжаар байгуулагдсан, “Т” ХХК, “Гэрэл сэтгэмж” ОНӨААТҮГ хоёрын хооронд үүссэн асуудал нь манай байгууллагад огт хамааралгүй...” гэж тайлбарладаг.
Харин хариуцагч, түүний өмгөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй татгалзаж буй үндэслэлээ “...Хэрлэн сумын Засаг даргын тамгын газраас Найрамдал паркийн бүтээн байгуулалтанд хайрга, бетон зуурмаг нийлүүлэх санал гаргахад нь бүтээгдэхүүний төлбөрөөс сум хөгжүүлэх сангийн зээлдээ тооцуулья гэхэд зөвшөөрсөн, ...Найрамдал паркийн ажлыг гүйцэтгэгч “Гэрэл сэтгэмж” ОНӨААТҮГ-т 2018 оны 07 дугаар сарын 21, 22-ны өдөр 3 780 000 төгрөгийн үнэ бүхий 270 м3 хайрга, 2018 оны 11 дүгээр сарын 02-19-ний хооронд 6 300 000 төгрөгийн үнэ бүхий 36 м3 бетон зуурмаг нийлүүлсэн, нийт 10 080 000 төгрөгийн үнэ бүхий бараа материал нийлүүлснээр сум хөгжүүлэх санд зээлийн өр төлбөргүй болсон. ... хууль зүйн хувьд дүгнэлт хийхэд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна, ...Иргэний хуульд зааснаар шаардах эрх үүссэн үе нь 2016 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр буюу гэрээний хугацаа дууссан үеэс эхлэн тоологдсон, энэ хугацаанд зохих журмын дагуу нэхэмжлэл гаргасан, зээлийн эргэн төлөлтийг хойшлуулахаар бичгээр харилцан тохиролцсон болон гэрээний хугацааг сунгасан гэх баримтууд тогтоогдоогүй, ...Иргэний хуулийн 82.1-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэсэн зохицуулалтын дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй...” гэж маргадаг.
Хариуцагч “Т” ХХК нь Дорнод аймгийн Хэрлэн сумын “Сум хөгжүүлэх сан”-гаас 2013 оны 04 дүгээр сарын 11-ний цементийн селос хийх зориулалтаар 25 000 000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй зээлж аваад гэрээний хугацаанд 17 560 000 төгрөгийг төлж, үндсэн зээлээс 8 345 282 төгрөг, алданги 250 358 төгрөг, нийт 8 595 640 төгрөгийг төлөөгүй болох нь 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 22 дугаартай зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Хэрлэн сумын Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн А/319, 2014 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/387 дугаар захирамж, 328, 477 дугаартай төлбөрийн хүсэлт, хяналтын хуудас, орлогын дансны хуулга зэрэг баримтуудаар тогтоогдож байна. Дээрх үйл баримтын талаар талууд маргаагүй болно.
Харин хариуцагчийн өмгөөлөгч нь нэхэмжлэгч Хэрлэн сумын Засаг даргын тамгын газрыг Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж маргадаг.
Иргэний хуульд зааснаар өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байдаг. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд талуудын хооронд хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан байна. Гэрээний нэг тал гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд нөгөө тал нь гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхтэй.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан ...эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.
Нэхэмжлэгч Хэрлэн сумын Засаг даргын тамгын газар нь гэрээнд заасны дагуу 25 000 000 төгрөгийг хариуцагч “Т” ХХК-д шилжүүлэх үүргээ биелүүлсэн, харин хариуцагч нь мөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна.
Талууд 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулсан бөгөөд гэрээний хугацаа 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр дуусахаар тохиролцжээ. Гэрээний хугацаа дуусахад хариуцагч нь 8 595 640 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байсан боловч нэхэмжлэгч нь 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл /шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл/ шаардах эрхээ хэрэгжүүлээгүй байна.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна. Мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно, 76.2-д ...шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан...үеэс үүснэ гэж тус тус заасан.
Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд талуудын хооронд байгуулагдсан гэрээний хугацаа 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр дуусах бөгөөд энэ өдрөөс нэхэмжлэгчийн шаардах эрх үүснэ. Нэхэмжлэгч нь шаардах эрх үүссэнээс хойш 3 жилийн хугацаанд гэрээний үүргийн биелэлтийг хэрхэн шаардсан нь тодорхойгүй байна. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь 2019 онд шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй болно. Түүнчлэн гэрч Г.Аын мэдүүлгээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаагүй болох нь давхар нотлогдож байна.
Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа түр зогсох, хөөн хэлэлцэх хугацаа тасалдах өөрөөр хэлбэл, үүргийн гүйцэтгэлийг хойшлуулсан, тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан гэх нөхцөл байдлууд тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийг хуульд заасан хугацаанд шаардах эрхээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.
Хариуцагч нь Хэрлэн сумын Засаг даргын тамгын газар зөвшөөрсний дагуу Найрамдал паркийн засварын ажлыг гүйцэтгэгч “Гэрэл сэтгэмж” ОНӨААТҮГ-т 2018 оны 07 дугаар сарын 21, 22-ны өдөр 3 780 000 төгрөгийн үнэ бүхий 270 м3 хайрга, 2018 оны 11 дүгээр сарын 02-19-ний хооронд 6 300 000 төгрөгийн үнэ бүхий 36 м3 бетон зуурмаг, нийт 10 080 000 төгрөгийн бараа материал нийлүүлснээр сум хөгжүүлэх санд зээлийн өр төлбөргүй болсон гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаар шүүх дүгнэлт хийх боломжгүй юм.
Иймд хариуцагч “Т” ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 8 595 640 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Хэрлэн сумын Засаг даргын тамгын газрын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 186 дугаар зүйлийн 186.1, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Т” ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 8 595 640 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Хэрлэн сумын Засаг даргын тамгын газрын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэхь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авахыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар нь 14 хоногийн хугацаанд шүүхэд ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ГАНЧИМЭГ