Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 2024/ШЦТ/124

 

 

 

 

        

   2024       04        04                                          2024/ШЦТ/124

                                

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

             2        15                                                                                 2019/

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Далайбаяр,

Улсын яллагч Э.Гэрэлтуяа,

Хохирогч Ц.О-,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэг,

Шүүгдэгч Ц.О- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.О-ад холбогдох эрүүгийн 2338001610323 дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Ц.О-,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.О- нь 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 18 цагийн үед Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Газарчин” ХХК-ийн байранд үйл ажиллагаа явуулдаг гар утасны худалдааны “Тэди стор” /Tedystorе/ гэх дэлгүүрээс хохирогч Ц.О-ийн “Айфон 12 про” /Iphonе 12 рго/ маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, 1,750,000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Дээрэмдэх” гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2338001610323 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Ц.О- нь 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 18 цагийн үед Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Газарчин” ХХК-ийн байранд үйл ажиллагаа явуулдаг гар утасны худалдааны “Тэди стор” /Tedystorе/ гэх дэлгүүрээс хохирогч Ц.О-ийн “Айфон 12 про” /Iphonе 12 рго/ маркийн гар утсыг           илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, 1,750,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.  

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.О-ийн өгсөн: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг дээр тухайн өдөр болсон үйл явдлын талаар бүгд бичсэн байна. Тухайн өдөр манай дэлгүүр орж ирээд надаа нэг утас асуугаад дараа нь Айфон 12 про” маркийн гар утсыг асуухаар нь би авч өгөөд байж байсан чинь утасны кэйсүүд асуухаар нь авч өгөх гээд арын лангуу руу явсан байсан. Би тухайн үед банк бусын хуралд суух гээд яарч байсан, тэгээд намайг доошоо хальт тонгойх хооронд утас аваад зугтчихсан байсан. Манай камерын бичлэгт утас аваад гарч байгаа талаарх бүх дүрс бичигдсэн. Энэ талаарх баримтаа хэрэгт гаргаж өгсөн байгаа. Одоо надад хүсч байгаа зүйл нь үүрэн телефонууд руу албан бичиг явуулаад өгөөч л гэж хүсч байна, би алдсан гар утсаа олоод авчих юм бол ямар нэгэн санал гомдол байхгүй...” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Ц.О-ийн өгсөн: “...Би Мөрөн сумын 6 дугаар багийн Газарчин ХХК-ийн байрны нэг давхарт гар утас болон утасны дагалдах хэрэгсэл худалдан борлуулдаг дэлгүүр ажиллуулдаг. Тэгтэл 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр намайг ганцаараа ажил дээрээ 18 цаг өнгөрч байхад би ажпаасаа буух гээд утаснуудаа хураасан байсан юм. Тэр үед гаднаас хөх ноосон малгайтай, маск зүүсэн, улаан алаг куртиктэй, цэнхэр жинсэн өмдтэй, цагаан кет өмссөн эмэгтэй орж ирээд эгчээ Iphonе 11 байгаа юу гэж асуусан. Тэгэхэд нь би хураасан байсан утсаа сейфнээсээ авч өгөөд үзүүлсэн. Тухайн эмэгтэй миний авч өгсөн утсыг сонирхоод мөн Iphonе 12 асуугаад үзье гэхээр нь авч үзүүлсэн. Тэгтэл мөн давхар утасны дагалдах хэрэгслүүдийг асууж сонирхсон. Тэгээд утас үзэж байх хооронд би лангууны ард талд улавчаа солиод гутлаа өмсөх хооронд тухайн үзэж байсан Iphonе 12 маркийн гар утсыг ханцуйндаа хийгээд гараад зугтаасан. Би араас нь гарч гүйгээд хаашаа явсныг нь олоогүй тул буцаж дэлгүүртээ орж утсаа хурааса1 Тухайн үед дэлгүүрийн урд талын засмал зам дээр зүүн, баруун тийшээ харсап цагаан өнгийн 2 Приус маркийн машин байсан. Баруун тийш харсан машин нь манай Газарчин ХХК-ийн эзний хүүхдийн машин байсан. Зүүн тийшээ явсан буюу Спортын ордон руу харсан цагаан өнгийн Приус машин нь тухайн эмэгтэйн сууж явсан такси юм болов уу гэж миний хувьд бодож байна... Би алдагдсан утсаа одоогийн зах зээлийн үнэлгээ буюу тухайн үед зарагдаж байсан үнээр нь 2,000,000 төгрөгөөр үнэлж байна... Тэгээд тухайн утас авсан эмэгтэйг манай дэлгүүрийн урд засмал дээр байсан хоёр Приусын зүүн тийшээ хараад зогсож байсан машинд суучихав уу гэж бодож байна. Намайг хойноос нь гүйгээд гарахад маш хурдан алга болсон байсан. Би тэр машин дээр очиж шалгаагүй. ...Тэгээд намайг гутлаа үдэх гээд тонгойх зуур л миний утсыг аваад шууд гараад явсан байсан. Уг нь тэр эмэгтэй тэр утсыг оролдоод байгаа бололтой байсан. Маргааш нь би камер шүүхэд тэр эмэгтэй намайг гутлаа үдэх хооронд миний зарж байсан утсыг зүүн гарын ханцуй руугаа хийгээд аваад явсан байна лээ...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41, 43 тал/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 19-31 тал/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 32-35 тал/,

Арван найман насанд хүрээгүй гэрч О.Б-ын өгсөн: “...Манай ээж ...2023 оны 01 дүгээр сард ер нь гэртээ байсан. Найзууд нь гэрт ирж архи уувал хамт дагаж гараад архи уудаг, хэрвээ архи уухгүй бол ер нь гэрээс гардаггүй. Энэ оны 01 дүгээр сарын 17-ны өдөр манай бага дүү 3 нас хүрсэн санагдаж байна. Тэгэхэд манай ээжийн найзууд О-, М- нөхөртэйгээ өдөр 14 цагт ирнэ гэж байгаад орой 18 цаг өнгөрч байхад ирсэн. Үүнээс өмнө манай ээж хүн ирэх гэж байна гээд 15 цаг өнгөрч байхад дэлгүүр орно гээд гарсан. Үүний дараа 8 цаг болох гэж байхад ээж гэртээ ирсэн. Ирэхдээ ундаа, 1 шил архи, чихэр, жимс авч орж ирсэн. Тэд нар 3-4 шил архи авчирсан байсан. Тэгээд тэр архийг дөрвүүлээ уугаад орой нь баар орохоор гараад шөнө 03 цаг болж байхад гэртээ ирсэн. ...би уг зургийг харлаа. Манай ээж болох Ц.О- мөн байна. Манай дүүгийн төрсөн өдрөөр гарч юм авахдаа өмссөн хувцас байна. Учир нь өмсөж явсан малгай нь манай төрсөн эрэгтэй дүү болох С-н малгай байна. Харин улаан куртик нь манай эмэгтэй дүү А-н куртик байна. Тохой хэсэг нь хар өнгийн бөгөөд өмсөж яваа өмд, цагаан өнгийн гутал нь өөрийнх нь гутал байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49 тал/,

“Ихэрмөрөн-Аудит” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчин Б.Мядагмаагийн 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 2345617200155 дугаартай “Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багт Хөвсгөл Газарчин ХХК-ийн байранд “Тedystorе” гар утасны худалдаа эрхлэгч, иргэн Ц.О-ийн Iphonе 12 рго маркийн гар утасны үнэлгээг 1,750,000 /Нэг сая долоон зуун тавин мянга/ төгрөгөөр үнэлж саналыг хүргүүлж байна.” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 50-51 дүгээр тал зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ц.О- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Би тухайн хэрэг гардаг өдөр гэртээ байсан. Би 2021 онд хөлөө хугалаад өрөөсөн хөл одоо шрупптэй, төмөртэй байдаг учраас өвлийн улиралд гэрээсээ гарч чаддаггүй. Мөн өнгөрсөн зун хөлөө гэмтээгээд төмөртэй хөлөнд гиппс хийж болохгүй гээд одоо бороолоод эдгэсэн байгаа. Тухайн хэрэг гардаг өдөр намайг гэртээ байсныг манай хүүхдүүд гэрчилнэ. Би утасны хулгайн хэрэгт гүтгүүлээд нэг жилийн хугацаа болж байна. Энэ хугацаанд би эд материал болон сэтгэл санааны хохирол маш их амссан байгаа. Тухайн газрын камерыг шүүгээд хэн байна гэдгийг шүүгээд гаргаад ирэх боломжтой гэж үзэж байна. Мөн би хөл муутай учраас утас аваад тийм хурдан зугтааж чадахгүй шүү дээ. Надад холбогдох хэргийг үнэн зөвөөр нь түргэн шуурхай шийдвэрлэж өгнө үү...” гэж,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэг шүүхийн хэлэлцүүлэгт: “...Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөр оролцож түүнд хууль зүйн туслалцаа үзүүлж байна. Миний үйлчлүүлэгч нь гэм буруугийн тал дээр маргаантай байгаа. Учир нь хэргийн материалд миний үйлчлүүлэгчийг тухайн гэмт хэргийг үйлдсэн гэдгийг эргэлзээгүй нотолсон баримт нэг ч авагдаагүй. Улсын яллагч нь камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр тухайн өдөр ийм хувцастай, ийм эмэгтэй орж ирж гар утас авсан талаар бичсэн байсан түүнээс биш шүүгдэгчийг гэж тогтоосон асуудал биш гэдгийг тайлбарламаар байна. Үүнийг няцааж Цагдаагийн байгууллагын эрэн сурвалжлах мэдээг уншихад метр 170-173 см өндөртэй эмэгтэй хүн гэж содон шинж тэмдгийн талаар тусгасан. Шүүгдэгчийн өндрийг харахад яагаад ч 170 см хүрэхгүй, 165 см доош өндөртэй харагдаж байна. Мөн тухайн гэмт хэрэг нь 2023 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр үйлдэгдсэн байдаг ба таньж олуулах ажиллагаа нь 2023 оны 7 дугаар сарын 27-ны өдөр явагдсан байдаг. Энэ хугацаанд шүүгдэгч болон хохирогч нар нь тааралдсан байх боломжтой юм. Мөн хохирогчоос та тухайн гар утас авсан хүнийг ямар содон шинж тэмдгээр таних талаар асуухад нүдээр нь танина гэж тайлбарласан байдаг. Гэтэл таньж олуулах ажиллагааны тэмдэглэл дээр тухайн хүний нүд нь яг ямар содон шинж тэмдэгтэй талаар асууж тодруулаагүй байдаг. Мөн улсын яллагч нь хохирогчийн мэдүүлгээр тогтоогдож байна гэж байх боловч яг хохирогч нь тухайн гэмт хэргийг үйлдсэн хүнийг шүүгдэгч гэдгийг шууд заагаагүй, зөвхөн надад ийм хохирол учирсан, ийм үйл явдал учирсан талаар тайлбарласан түүнээс биш хохирогчийн мэдүүлгээр шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдсэн юм гэдгийг нотолж тогтоогоод байгаа зүйл байхгүй. Сая шүүхийн хэлэлцүүлгийн шатанд тухайн гар утас авсан хүн нь битүү маск зүүсэн байсан учир тухайн гэмт хэрэг үйлдсэн хүн шүүгдэгч мөн гэдгийг мэдэхгүй байгаа талаараа тайлбарласан. Энэ нь шүүгдэгчийг тухайн гэмт хэрэг үйлдсэн хүн мөн гэдгийг няцааж байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. ...Мөрдөгч нь насанд хүрээгүй гэрчээс мэдүүлэг авахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14-т зааснаар гээд асууж байгаа, насанд хүрээгүй гэрч ойлголоо гээд хариулж байгаа асуудлыг харахад яг тухайн мэдүүлэг нь насанд хүрээгүй хүүхдийн өгч байгаа мэдүүлэг мөн эсэх нь асуудалтай. Насанд хүрээгүй хүүхдээс мэдүүлэг авахдаа байтугай насанд хүрсэн хууль эрх зүйн мэдлэггүй том хүнээс Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14-т заасан зохицуулалтын талаар тайлбарлаад ойлгосон талаар асуухад тухайн зүйл заалтад ямар зүйл заасан байгаа талаар ойлголоо гэж хариулах нь ховор байдаг. Мөн насанд хүрээгүй гэрч н.О.Б- нь 2023 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр манай бага дүүгийн төрсөн өдөр болох гээд дүүгийн төрсөн өдрийг тэмдэглэх гэж байсан талаар тайлбарладаг боловч хэрэг авагдсан хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагааг харахад тухайн өдөр төрсөн хүүхэд байхгүй байдаг тул насанд хүрээгүй гэрч О.Б-ын өгсөн мэдүүлэг няцаагдаж байна. Мөн сая шүүхийн хэлэлцүүлгийн шатанд насанд хүрээгүй гэрч О.Б-ын талаар ээж нь буюу шүүдэгч сэтгэцийн асуудалтай талаар тайлбарлаж байх тул насанд хүрээгүй гэрч О.Б-ын өгсөн мэдүүлгийг нотлох баримтаас хасаж тооцуулах саналыг гаргаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд нотолбол зохих байдлын талаар хуульчилж өгсөн. Үүнд 16.2 дугаар зүйлийн 1.2-т гэмт хэргийг хэн үйлдсэн гэдгийг нотолж тогтоох шаардлагатай боловч өнөөдрийн байдлаар уг гэмт хэргийг хэн үйлдсэн болохыг нотолж оруулж ирээгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино гэж заасан. Гэмт хэрэг үйлдсэн хүнийг шударгаар олж тогтоох шаардлагатай, хохирогчийн эд хөрөнгөд хохирол учирсан үйл баримт тогтоогдож байгаа боловч тухайн гэмт хэргийг хэн үйлдсэн болох нь тогтоогдоогүй байна гэж үзэж өмгөөлөгчийн зүгээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргаж мэтгэлцэж оролцож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох үүрэгтэй талаар заасан боловч мөрдөгч, прокурорын зүгээс энэ үүргээ биелүүлж чадаагүй, хэргийн материалд тухайн гэмт хэргийг шүүгдэгчийг үйлдсэн гэдгийг нотолсон баримт нэг ч авагдаагүй байгаа учир шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйд тооцуулах саналыг гаргаж байна” гэж мэтгэлцэж байх боловч,

Шүүхээс хэргийн үйл баримтад дүгнэлт хийвэл шүүгдэгч Ц.О-ын 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр гэртээ байсан гэх, шүүгдэгчийн өмгөөлөгчийн тухайн гэмт хэргийг хэн үйлдсэн гэдгийг нотлоогүй гэх тайлбар, мэдүүлгийг нотлох баримт хэрэгт авагдаагүй ба шүүгдэгч Ц.О- нь 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 18 цагийн үед Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Газарчин” ХХК-ийн байранд үйл ажиллагаа явуулдаг гар утасны худалдааны “Тэди стор” /Tedystorе/ гэх дэлгүүрээс хохирогч Ц.О-ийн “Айфон 12 про” /Iphonе 12 рго/ маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, 1,750,000 төгрөгийн хохирол учруулсан нь хохирогч Ц.О-ийн мэдүүлэг /хх-ийн 40-41, 43 тал/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 19-31 тал/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 32-35 тал/, арван найман насанд хүрээгүй гэрч О.Б-ын мэдүүлэг /хх-ийн 48-49 тал/, “Ихэрмөрөн-Аудит” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчин Б.Мядагмаагийн 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 2345617200155 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 50-51 дүгээр тал/ зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь бусдын эзэмшил, өмчлөлд байгаа эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр буюу хохирогчид бие махбодь, сэтгэл санааны хувьд ямар нэгэн хүч хэрэглээгүй,  хууль бус аргаар буюу өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр, буцааж өгөхгүй, хариу төлбөр хийхгүй санаа зорилго, сэдэлтээр дээрх шинжүүдийн аль нэгээр нь хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаараа энэхүү гэмт хэргийн шинж хангагдана.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэм буруу нь санаатай, эсхүл болгоомжгүй хэлбэртэй байна” гэж тус тус заажээ.

Аливаа этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгэмд аюултай шинж, үр дагаврыг урьдаас сайтар ойлгож улмаар хор уршиг учрах нь зайлшгүйг мэдсэн, эсхүл учрах боломжтойг мэдсэн атлаа хүсэж үйлдсэн, түүнчлэн хүсээгүй боловч үйлдэл, эс үйлдэхүйгээрээ хор уршигт зориуд хүргэсэн байхыг гэмт хэрэг санаатай үйлдэх гэж үздэг.   

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчийн өгсөн мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нь тухайн үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг гэрчилсэн шууд болон шууд бус нотлох баримтууд бөгөөд энэ нотлох баримтаар шүүгдэгч Ц.О-ын үйлдэл идэвхтэй, бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр,  хууль бусаар авсан үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруутай нь нотлогдсон байна.

Шүүгдэгч Ц.О-ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Ц.О- нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багт байрлах “Газарчин” ХХК-ийн байранд “Tedystore” гар утасны худалдаа эрхлэгч Ц.О-ээс Iphonе 11, Iphonе 12 гар утас байгаа эсэхийг асууж, гар утас үзэх хооронд хохирогч Ц.О-ийг гутал үдэх зуур түүний Iphonе 12 маркийн гар утсыг авч зугатаасан нь шууд санаатайгаар амар хялбар аргаар эд хөрөнгө, мөнгө олох зорилгоор буюу шунахай сэдэлтээр хүсэж үйлдэн хохирогчийн өмчлөх эрхэнд нь халдаж гар утсыг нь хууль бусаар шилжүүлэн авч хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив, субьектив талын шинжийг бүрэн хангасан гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Ц.О- нь хохирогч Ц.О-ийн Iphonе 12 маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, өмчлөх эрхийн эсрэг дээрэмдэх гэмт хэргийн шинжтэй байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

 Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Ц.О-ыг “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч Ц.О-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.О-эд 1,750,000 хохирол учирсан гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Ц.О- нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 1,750,000 төгрөгийг нэхэмжилж байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О-аас 1,750,000 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.О-эд  олгох нь зүйтэй байна.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Ц.О-ыг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.О-ын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Ц.О-ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хавтаст хэргийн 67-71 талд авагдсан ... зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Ц.О- нь ... зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна. 

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч нь хэрэг хүлээх чадвартай, шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэм буруугаа хүлээн мэдүүлээгүй, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн шинж зэргийг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, уг ялыг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хилийн дээсээр тогтоож шийдвэрлүүлэх саналтай байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэг эрүүгийн хариуцлагын талаарх саналдаа: “...Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг авч үзэхэд тухайн гэмт хэрэг нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэрэгт хамаарч байгаа. Шүүгдэгч нь 4-15 насны 5 хүүхдийн хамт гэр бүлээ тэжээн тэтгэж амьдардаг зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, шүүгдэгч нь Орхон аймгийн Баян-Өндөр суманд оршин суудаг талаараа шүүх хуралдаанд мэдүүлсэн учир тухайн ялыг түүний оршин суух газрын хилийн дээсээр тогтоож өгнө үү” гэв.

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ц.О-ад ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг  үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг харгалзан шүүгдэгч Ц.О-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Шүүгдэгч Ц.О-ад оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар Орхон аймгийн Баян-Өндөр сумын хилийн дээсээр тогтоож, шүүгдэгчийг 1 жилийн хугацаанд Орхон аймгийн Баян-Өндөр сумаас гадагш явахыг хориглох үүргийг хүлээлгэж шийдвэрлэв.

Шүүгдэгч Ц.О- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдэж, шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялд хяналт тавихыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт шүүгдэгч Ц.О- нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй, хэрэгт хавсаргаж ирүүлсэн CD 1 ширхэгийг хэрэгт хавсаргасан болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлйн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Ц.О-ыг 1 (нэг) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар буюу Орхон аймгийн Баян-Өндөр сумын хилийн дээсээр тогтоож, шүүгдэгч Ц.О-ыг Орхон аймгийн Баян-Өндөр сумаас гадагш явах эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хязгаарласугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Ц.О-ад оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О-аас 1,750,000 (нэг сая долоон зуун тавин мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Ц.О-д олгосугай.

            7. Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт хавсаргаж ирүүлсэн CD 1 (нэг) ширхэгийг хэрэгт хавсаргасан болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.О-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.  

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ЭРДЭНЭ-ОЧИР