| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 128/2021/0477/З/Т |
| Дугаар | 128/ШШ2022/0518 |
| Огноо | 2022-06-27 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 128/ШШ2022/0518
2022 06 27 128/ШШ2022/0518
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.П,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.А,
Хариуцагч: Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Т
Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/136 дугаар тушаалын Б.Пт холбогдох хэсгийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд дүйцэх Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын анхан болон лавлагаа шатлалын тусламжийн хэлтэст Сувилахуйн тусламж, үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилохыг даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.П, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Цэвэлмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Б.П нь Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдуулан “Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/136 дугаар тушаалын Б.Пт холбогдох хэсгийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалтай дүйцэх Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын анхан болон лавлагаа шатлалын тусламжийн хэлтэст Сувилахуйн тусламж, үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилохыг даалгах”-аар маргасан.
2.Эрүүл мэндийн яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, бүтэц, орон тооны хязгаар шинэчлэн баталсантай холбогдуулан Төрийн нарийн бичгийн дарга 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/130 дугаар тушаалаар бүх албан хаагчдыг буюу 97 албан хаагчийг чөлөөлж, 2020 оны 12 дугаар сарын 25-ний өдрийн А/135 дугаар тушаалаар дээрх 97 албан хаагчаас 71 албан хаагчийг шинэ бүтцийн дагуу буцааж томилсон.
Харин Б.Пыг уг тушаалаар буцаан томилоогүй бөгөөд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/136 дугаар тушаалаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт шилжүүлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн байна.
3.Нэхэмжлэгчийн маргаан бүхий актыг эс зөвшөөрч гаргасан гомдлыг Төрийн албаны зөвлөл 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдөр 01/642 дугаар албан бичгээр хариу өгсөн. Тус шүүхэд 2021 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр 6 нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэж, тус шүүхийн шүүгчийн 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 4781 дүгээр захирамжаар нэхэмжлэгч тус бүрийн нэхэмжлэлтэй хэргийг тусгаарлан шийдвэрлэсэн.
4.Нэхэмжлэгч Б.П нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:
“Б.П нь 2013 онд Эрүүл мэндийн яаманд анх мэргэжилтнээр орсон бөгөөд Бодлогын хэрэгжилтийн зохицуулах газрын Оношилгоо, эмчилгээний технологийн хэлтэст Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний стандарт удирдамж хариуцсан мэргэжилтэн, Эмнэлгийн тусламжийн газарт 2015 оноос Үндсэн болон анхан шатны тусламж үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн, Лабораторийн тусламж үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн, Нийгмийн эрүүл мэндийн газарт Осол гэмтэл, орчны эрүүл мэнд хариуцсан мэргэжилтэн, 2018 оноос Эрүүл мэндийн ажилтны ёс зүй, харилцаа хариуцсан мэргэжилтний албан тушаалд тус тус мэргэжилтнээр ажиллаж байсан байна.
Эрүүл мэндийн яам нь 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр албан тушаалаас чөлөөлж, өөр ажилд томилох Сонсох ажиллагааг хийсэн бөгөөд Б.Пын Эрүүл мэндийн яаманд 7 жил ажилласан мэдлэг, туршлага, ур чадвар, мэргэшил зэргийг харгалзан үзээгүй, төрийн жинхэнэ албан хаагчийн зөвшөөрлийг авч өөр ажилд шилжүүлээгүй, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай ч тохиролцолгүйгээр шууд шилжүүлж, төрийн жинхэнэ албан хаагчийн баталгааг алдагдуулснаас болж нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг ноцтой зөрчигдсөөр байгаа болно.
Шүүхээр маргаан явж байхад Төрийн албаны зөвлөлд Эрүүл мэндийн яамнаас сул болон түр томилгоотой албан тушаалуудын жагсаалтыг гаргуулсан ба Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын Анхан болон лавлагаа шатлалын тусламжийн хэлтэст Сувилахуйн тусламж, үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилогдох боломжтой, уг албан тушаал сул байх ба хэн нэгэн томилогдоогүй байх тул уг албан тушаалд томилуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна.
Энэхүү Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын Анхан болон лавлагаа шатлалын тусламжийн хэлтэст Сувилахуйн тусламж, үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд ажиллах болзол, шаардлагыг Б.П нь бүрэн хангаж байгаа бөгөөд, тэрээр 2013 оноос хойш Эрүүл мэндийн яаманд ажилласан арвин туршлагатай, төрийн жинхэнэ, мэргэшсэн чадварлаг албан хаагч байх бөгөөд Төрийн албаны зөвлөлийн 2021.03.04-ны өдрийн 01/642 тоот шийдвэрт тусгагдсан дүйцэх албан тушаалд томилох шаардлагыг ч хангаж байгаа, мөн уг албан тушаалд томилуулахаар даалгахад хэн нэгэн этгээдийн эрх ашиг хөндөгдөж, гуравдагч этгээдээр оролцох субъект байхгүй болно.” гэжээ.
5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“А/136 тоот тушаалын Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан шаардлагыг Эрүүл мэндийн яам хангаагүй, хуульд заасан шаардлагыг хангаж холбогдох журмыг баримтлалгүйгээр шууд шилжүүлсэн нь холбогдох хуулийг зөрчсөн. Үүнийг Төрийн албаны зөвлөл шалгаж тогтоосон. Төрийн албаны тухай хуулийн 27.1.2 дахь хэсэгт сул орон тоо гарсан тохиолдолд бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт ороод 26 сул орон тоо байсаар байхад тухайн сул орон тоонд ажиллах боломжтой гэдгээ Б.П илэрхийлсээр байхад энэ саналыг нь харгалзан үзэж тохиролцоо хийлгүйгээр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт шилжүүлсэн нь хууль зөрчсөн гэж үзэж байгаа. Тухайн 26 сул орон тооны алинд нь ч Б.П ажиллах боломжтой. Учир нь Эрүүл мэндийн яаманд ажиллаж байсан туршлага, нэхэмжлэлийн шаардлагад 2013 оноос хойш ямар, ямар албан тушаалуудыг хашиж байсан гэдэг нь харагдана. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний стандарт, удирдамж хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан хүн үндсэн анхан шатны тусламж үйлчилгээ рүү, лаборатори руу шилжиж ажилладаг. Мөн осол гэмтэл хариуцдаг гэх мэтээр нэхэмжлэгч нь аль ч газар, хэлтэст ажиллах чадвартай гэдэг нь харагдаж байгаа юм. Мөн сүүлд эрүүл мэндийн ёс зүйг хариуцаж байсан. Өнөөдрийн шаардлага нь сувилахуйн тусламж үйлчилгээний асуудлыг хариуцан ажиллах чадвартай. Учир нь нэхэмжлэгч нь тангараг өргөсөн эмч мэргэжилтэй, энэ албан тушаалд томилогдоход харшлах шалтгаан байхгүй гэж үзэж байна. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэв.
6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа:
“Нэхэмжлэгчийн хувьд Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т заасан сонсголыг Төрийн нарийн бичгийн дарга хүн тус бүртэй уулзаж, зохион байгуулан бичлэг хийж баталгаажуулсан болно.
Төрийн албаны тухай хуулийн 3.1.3-т заасан зарчмыг хангах зорилгоор шилжүүлэн ажиллуулсан Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/136 дугаар тушаал нь мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасанд нийцсэн байна.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Дараах үндэслэлээр Б.Пын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/136 дугаар тушаалын Б.Пт холбогдох хэсгийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд дүйцэх Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын анхан болон лавлагаа шатлалын тусламжийн хэлтэст Сувилахуйн тусламж, үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилохыг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгаж шийдвэрлэлээ.
2.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа “Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/136 дугаар тушаалын Б.Пт холбогдох хэсгийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалтай дүйцэх Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын анхан болон лавлагаа шатлалын тусламжийн хэлтэст Сувилахуйн тусламж, үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилохыг даалгах”-аар тодруулсан.
3. Б.П нь Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн А/62 дугаар тушаалаар /1-р хавтасны 226 дахь тал/ Эрүүл мэндийн ажилтны ёс зүй харилцаа хандлагын асуудал хариуцсан мэргэжилтэн албан тушаалд томилогдож, 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/130 дугаар /1-р хавтасны 122 дахь тал/ тушаалаар уг албан тушаалаас чөлөөлөгджээ.
4.Нэхэмжлэгчээс “...Эрүүл мэндийн яаманд 7 жил ажилласан мэдлэг, туршлага, ур чадвар, мэргэшил зэргийг харгалзан үзээгүй, төрийн жинхэнэ албан хаагчийн зөвшөөрлийг авалгүйгээр, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай тохиролцолгүйгээр өөр ажилд шилжүүлж, төрийн жинхэнэ албан хаагчийн баталгааг алдагдуулсан...” гэх үндэслэлээр маргасан.
5.Б.Пын ажиллаж байсан Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газар нь Засгийн газрын 2020 оны 10 дугаар 21-ний өдрийн 155 дугаар тогтоолын дагуу Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/118 дугаар /1-р хавтасны 94 дэх тал/ тушаалаар Эмнэлгийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газарт хэвээр үлдсэн,
Засгийн газрын 2021 оны 8 дугаар 04-ний өдрийн 231 дүгээр тогтоолын дагуу батлагдсан Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн А/130 дугаар /2-р хавтасны 1 дэх тал/ тушаалаар Эмнэлгийн тусламж үйлчилгээний газарт Б.Пын эрхэлж байсан Эрүүл мэндийн ажилтны ёс зүй харилцаа хандлагын асуудал хариуцсан мэргэжилтэн албан тушаалын чиг үүрэг нь Сувилахуйн тусламж, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн гэсэн нэрээр,
Мөн тогтоолоор батлагдсан Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн А/141 дүгээр /1-р хавтасны 243 дахь тал/ тушаалаар Эмнэлгийн тусламж үйлчилгээний газар, Анхан болон лавлагаа шатлалын тусламжийн хэлтэс гэсэн нэрээр тус тус шинэчлэн батлагдсан боловч Б.Пын ажиллаж байсан албан тушаалын чиг үүрэг Сувилахуйн тусламж, үйлчилгээ хариуцсан мэргэжилтний ажлын байранд хадгалагдан үлдсэн байна.
6.Хариуцагчаас 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр явуулсан Сонсох ажиллагааны тэмдэглэлд /2-р хавтасны 21 дэх тал/ Б.Пт Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/130 дугаар тушаал, 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх тушаалын төслийг танилцуулсан байна. Уг сонсох ажиллагаанд Б.П “...Эрх зүйн байдлын хувьд зөвшөөрөхгүй...” гэсэн саналыг гаргасан.
7.Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/136 дугаар /1-р хавтасны 127 дахь тал/ тушаалаар Б.Пын зөвшөөрөлгүйгээр, түүнчлэн шилжүүлэн авч байгаа байгууллагын удирдлагатай харилцан тохиролцолгүйгээр түүнийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт шилжүүлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан сонсох ажиллагааны тэмдэглэл, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2022 оны 1 дүгээр сарын 04-ны өдрийн 01/06 дугаар албан бичгээр нотлогдож байна.
Өөрөөр хэлбэл, Б.П сонсох ажиллагаанд гаргасан тайлбартаа шилжин ажиллахыг зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлсэн байхад түүнийг харгалзан үзэлгүйгээр Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б/136 дугаар тушаалаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт шилжүүлсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн хууль бус шийдвэр болжээ.
8.Б.П Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн А/04 дүгээр /1-р хавтасны 190 дэх тал/ тушаалаар Гэрээлэлт, гэрээний хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтнээр томилогдож, 2021 оны 6 дугаар сарын 25-ны А/105 дугаар тушаалаар /1-р хавтасны 192 дахь тал/ ТЗ-7-5-д заасан ангилал, зэрэглэлд хамруулсан Б.Пын ажиллаж байсан Эрүүл мэндийн ажилтны ёс зүй харилцаа хандлагын асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалын ангилал, зэрэглэлийг бууруулаагүй боловч албан тушаалын цалин хөлс буурсан.
9.Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д “Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцож, эсхүл тухайн байгууллагад 10 ба түүнээс дээш жил нэг албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчийг удирдлагын санаачилгаар төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно.”
Тайлбар: “Энэ хуулийн 44.1-д заасан албан ажлын зайлшгүй шаардлага гэдэгт тухайн байгууллагад шаардлагатай байгаа мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага бүхий хүний нөөцийг бүрдүүлэх, онцгой чухал буюу онц түвэгтэй албан даалгавар биелүүлэх, байгууллагын үйл ажиллагаа, зохион байгуулалт, үйлчилгээний чанарыг сайжруулах зэрэг нөхцөл, байдлыг ойлгоно.” гэжээ.
10.Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 34/31 дүгээр хамтарсан тушаалаар батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журмын 2.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн түүнтэй тохиролцон төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно. Төрийн жинхэнэ албан хаагчтай харилцан тохиролцсон тухай баримтыг бичгээр үйлдэж баталгаажуулсан байна.” гэж тус тус зохицуулсан.
11.Түүнчлэн маргаан бүхий актын Б.Пт холбогдох хэсэг нь Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан шалгаруулж авах” гэж заасныг зөрчсөн байна.
12.Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн А/141 дүгээр тушаалаар /1-р хавтасны 243 дахь тал/ батлагдсан Эмнэлгийн тусламж үйлчилгээний газарт Б.Пын ажиллаж байсан Эмнэлгийн тусламжийн газрын чиг үүрэг хадгалагдсан боловч нэхэмжлэгчээс тус яаманд сул байгаа орон тоо буюу түүний урьд эрхэлж байсан албан тушаалтай дүйцэх албан тушаал болох Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын анхан болон лавлагаа шатлалын тусламжийн хэлтэст Сувилахуйн тусламж, үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан болно.
Тус шүүхэд Эрүүл мэндийн яамны 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 3/2266 дугаар албан бичгээр Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын анхан болон лавлагаа шатлалын тусламжийн хэлтэст Сувилахуйн тусламж, үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаал сул байгаа талаар дурджээ.
13.Иймээс дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч Б.Пын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/136 дугаар тушаалын Б.Пт холбогдох хэсгийг хүчингүй болгож, Б.Пын урьд эрхэлж байсан албан тушаалтай дүйцэх Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын анхан болон лавлагаа шатлалын тусламжийн хэлтэст Сувилахуйн тусламж, үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилохыг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгаж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.4 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 62 дугаар зүйлийн 62.1.3-т зааснаар нэхэмжлэгч Б.Пын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/136 дугаар тушаалын Б.Пт холбогдох хэсгийг хүчингүй болгож, Б.Пыг Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын анхан болон лавлагаа шатлалын тусламжийн хэлтэст Сувилахуйн тусламж, үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилохыг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэл гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр 114.1-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН