Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 106

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж,

 

Нарийн бичгийн дарга Д.Мөнхням,

Улсын яллагч Р.Энхтуяа,

Шүүгдэгч Ү.Бямбадорж,

Шүүгдэгч Ш.Хишигдэлгэр, тэдний өмгөөлөгч С.Чулуунбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ү.Бямбадорж, Ш.Хишигдэлгэр нарт холбогдох эрүүгийн 201626012547 дугаартай хэргийг хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

1. Монгол Улсын иргэн, Завхан аймгийн Тэс суманд 1980 оны 07 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, 6 насны хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, ЗБУ-ын 7-44 тоотод оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд

Завхан аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2005.11.11-ний өдрийн 85 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3, 151 дүгээр зүйлийн 151.1-д зааснаар 5 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмд эдэлсэн,

Сум дундын 22 дугаар шүүхийн 2015.01.22-ны өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2015.11.09-ний өдөр шүүгчийн 28 тоот захирамжаар эдлээгүй үлдсэн 03 жил 00 сар 19 хоногийн хорих ялыг Өршөөлийн хуулиар өршөөн хэлтрүүлж суллагдсан, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Хиргис овогт Үржинсайханы Бямбадорж  /РД:ИО80071214/

 

2. Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотын Баянгол дүүрэгт 1962 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн, 54 настай, эрэгтэй, халх, тусгай дунд боловсролтой, засварын механикч мэргэжилтэй, ам бүл 6, эхнэр 4-20 насны хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Усан сангийн 2-05 тоотод оршин суух хаягтай, Баянзүрх дүүргийн 200 дугаар цэцэрлэгт сантехникч ажилтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд

Баянзүрх дүүргийн шүүхийн 2005.03.14-ний өдрийн 138 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг тэнсэж хянан харгалзсан, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Халх овогт Шагдаржавын Хишигдэлгэр /РД:ЦБ62111878/

  

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч Ү.Бямбадорж нь ялтай байхдаа давтан үйлдлээр Ш.Хишигдэлгэртэй бүлэглэн, 2016 оны 11 дүгээр сарын 01-ний орой Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн С.Буянхишигийн өмчлөлийн 5 тооны үхрийг хулгайлж, тус дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт тусгайлан бэлтгэсэн багаж болох хутгаар 2 тооны үхрийг нядалж, Тоёота приус маркийн 46-86 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан зарж, бусдад 6.200.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

 

Яллагдагч Ш.Хишигдэлгэр нь Ү.Бямбадоржтой бүлэглэн, 2016 оны 11 дүгээр сарын 01-ний орой Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байсан иргэн С.Буянхишигийн өмчлөлийн 5 тооны үхрийг хулгайлж, тус дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт тусгайлан бэлтгэсэн багаж болох хутгаар 2 тооны үхрийг нядалж, Тоёота приус маркийн 46-86 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан зарж, бусдад 6.200.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг тус тус холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ү.Бямбадорж мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Хишигдэлгэр мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн.” гэв.

 

Хохирогч С.Буянхишиг мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “…Би 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр бэлчээрт гаргасан 8 тооны үхэрнээс, 3 тооны үхэр нь орой ирээд, 5 тооны үхэр нь ирээгүй юм. Тэгээд шөнө хайгаад мөн маргааш нь хайгаад олоогүй. Тэгээд цагдаагаас үхэр алдсан уу гэж асуухаар нь бид цагдаа дээр ирэхэд, манай 3 тооны үхэр нь үлдээд, 2 гунжин үхэр нь нядлагдсан талаар мэдсэн юм. Миний хулгайд алдагдсан 5 тооны үхэрнээс амьд үлдсэн 2 бяруу, 1 үнээ нийт 3 тооны үхрээ би хэрэг гарснаас хойш 3, 4 хоногийн дараа Р.Бадамзул гээд хүнээс очиж авсан. Цагдаа нар тэр хүнд захиад манай 3 үхрийг үлдээсэн юм байна лээ. Нядлагдсан 2 тооны үхэр бол 3 настай гунжин үнээ байсан. ...Харин нядлуулсан 2 тооны гунжин үнээний хохирол болох 3.000.000 /гурван сая/ төгрөгийг гэм буруутай 2 хүнээс гаргуулан авсан болохоор нэхэмжлэх зүйлгүй, санал хүсэл, гомдолгүй, шүүх хуралдаанд оролцох боломжгүй” гэжээ. /хх- 19-21,175-р тал/

 

Иргэний нэхэмжлэгч Ж.Өлзийбаяр мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “…46-86 УНО улсын дугаартай мөнгөлөг өнгийн Тоёота Приус-10 маркийн авто машин нь “Бат-Ази капитал” ХХК-ын эзэмшилд байдаг. Уг тээврийн хэрэгслийг барьцааны үлдэгдэл болох 600.000 төгрөгийг төлчихвөл надад гомдол санал байхгүй. 600.000 төгрөгөө нэхэмжилж байна” гэжээ. /хх-23-24-р тал/

 

Гэрч П.Ганболд мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “…2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Зээлийн 16-21 тоот хашаанаасаа өөрийн эзэмшлийн 8 тооны үхрийг 11 цагийн үед саачихаад бэлчээрт гэрээсээ урагш нь ногооны талбай руу оруулсан юмаа. Орой 19 цаг өнгөрч байхад 2 үнээ, нэг баяруу, нийлээд 3 тооны үхэр ирсэн. Манай үхрүүд орой нь тэжээл иддэг болохоор хүрээд ирдэг юм. АЛА-ТАУ үүлдрийн 5 тооны сүүний чиглэлийн үхрүүд байсан. Идэх гэхээр хайрлаад идээгүй килограммаар нь мах захаас авч, өсгөх бодолтой. Үхрээ алдсандаа гомдолтой байна. Хоёр үхрийг нь нядалж алга болгосонд бүр их гомдолтой байна. Манай нядлуулсан хоёр гунж хээлтэй байсан” гэжээ. /хх-29-30-р тал/

 

Гэрч Д.Лхагвасайхан мөрдөн байцаалт шатанд мэдүүлэхдээ: “…2016 оны 03 дугаар сарын үед би ажлаасаа 1.200.000 төгрөгийн зээл аваад цалин дээрээсээ төлж явж байгаад 420.000 төгрөг төлөөгүй үлдсэн байсан юм. Гэтэл 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өглөө ажилдаа явах гэж байхад манай нөхөр Ү.Бямбадорж нь надад 400.000 төгрөг өгсөн, өгөхдөө цалингийн зээлээ дарчих тэгээд эргүүлээд цалингийн зээлээ авчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би ямар учиртай мөнгө болох талаар асуухад чамд хамаагүй ээ би өөрөө мэдэж байна энэ миний олсон мөнгө байгаа юм гэсэн. Тэгэхээр нь би хаанаас мөнгө олсон талаар тухайн үедээ гайхаж байсан боловч айлын үхэр хулгайлж олсон мөнгө гэж огт бодоогүй юм. Тэгээд уг мөнгийг нь би цалингийн зээлэндээ өгөөд ахиад цалингийн зээл аваад гэртээ цахилгаан бараа авчихсан байгаа” гэжээ. /хх-31-32-р тал/

 

Гэрч Бадамзул мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “…2016 оны 11-р сарын 02-ны өглөө 08-09 цагийн үед би өөрийн үхрээ бэлчэээрт гаргаад явж байхад Саnon төвөөс хойд зүг рүү уулын энгэрт жалганд үхрийн дотор гэдэснүүд 2 үхрийн толгой, арьс шир, таахайг нь хаяад махыг нь аваад явсан байсан. Уг газрыг Чулуунбаатар гээд хог түүгээд явж байдаг хүн хараад надад хэлсэн учраас би очиж үзсэн юм. Уг үхэр нядалсан газрын ойролцоо хүрэн халзан /халтар/ үнээ, 2 хүрэн бярууны хамт байсан. ...Тэгээд цагдаа нар намайг уг 3 тооны үхрийг түр хариулж байгаач гэж гуйсан учраас би 2 хоног хариулж байгаад эзэн нь гээд С.Буянхишиг гэдэг эмэгтэй ирээд 3 тооны үхрээ аваад явсан юм” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 35-36-р тал/

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зураг /хх-3-11/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-12/, эд хөрөнгө битүүлжлэх тогтоол /хх-73-78/, авто машины хөрөнгийн үнэлгээ /хх-80-83/, эд зүйлийн үнэлгээ /хх-89/, Ял шалгах хуудас /хх-90-91/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-100-144/, хохирол хүлээлгэн өгсөн баримт /хх-175/, Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-96-97/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

 

Шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын хувьд, гагцхүү тэдний шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгч Ү.Бямбадорж, Ш.Хишигдэлгэр нар нь бүлэглэн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний орой Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байсан иргэн С.Буянхишигийн өмчлөлийн 5 тооны үхрийг хулгайлж, тус дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт тусгайлан бэлтгэсэн хутгаар 2 тооны үхрийг нядалж, Тоёота приус маркийн 46-86 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслээр зөөн бусдад зарж, 6.200.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирлыг иргэн С.Буянхишигт учруулж, бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч нарын үйлдсэн хэргийнхээ талаар хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд Хохирогч С.Буянхишиг “…Нядлагдсан 2 тооны үхэр бол 3 настай гунжин үнээ байсан. ...Харин нядлуулсан 2 тооны гунжин үнээний хохирол болох 3.000.000 /гурван сая/ төгрөгийг гэм буруутай 2 хүнээс гаргуулан авсан болохоор нэхэмжлэх зүйлгүй, санал хүсэл, гомдолгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэх мэдүүлгээр /хх-19-21,175-р тал/, гэрч П.Ганболдын мэдүүлэг /хх-31-32/, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зураг /хх-3-11/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-12/, эд хөрөнгө битүүлжлэх тогтоол /хх-73-78/, эд зүйлийн үнэлгээ /хх-89/, хохирол хүлээлгэн өгсөн баримт /хх-175/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Ү.Бямбадорж, Ш.Хишигдэлгэр нар нь бүлэглэж, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж, бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй, прокурорын зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу авч, бэхжүүлэгдсэн баримтуудаар хэргийн бүрдэл хангагдсан байна гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Ү.Бямбадорж нь Завхан аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2005.11.11-ний өдрийн 85 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3, 151 дүгээр зүйлийн 151.1-д зааснаар 5 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмд биеэр эдэлсэн, Сум дундын 22 дугаар шүүхийн 2015.01.22-ны өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2015.11.09-ний өдөр шүүгчийн 28 тоот захирамжаар эдлээгүй үлдсэн 03 жил 00 сар 19 хоногийн хорих ялыг Өршөөлийн хуулиар өршөөн хэлтрүүлж суллагдсан бөгөөд Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд заасан ялгүй болох хугацаа дуусаагүй байх тул түүнийг ялтай байхдаа давтан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ш.Хишигдэлгэр нь Баянзүрх дүүргийн шүүхийн 2005.03.14-ний өдрийн 138 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг тэнсэж хянан харгалзсан бөгөөд Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд заасан ялгүй болох хугацаа дууссан байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлд гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл буюу түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн тээврийн хэрэгслийг заавал хураахаар заасан тул энэ хэрэгт хураагдан битүүмжлэгдсэн 46-86 УНО улсын дугаартай мөнгөлөг өнгийн Тоёота Приус-10 автомашины үнэ 2.800.000 төгрөгийг /хх-80/ шүүгдэгч Ү.Бямбадорж, Ш.Хишигдэлгэр нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлогод оруулахаар тогтов.

 

Шүүгдэгч Ү.Бямбадорж, Ш.Хишигдэлгэр нар нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд 3.000.000 төгрөг төлсөн болохыг дурдаж, шүүгдэгч Ү.Бямбадоржийн нийт 138 хоног, шүүгдэгч Ш.Хишигдэлгэрийн нийт 14 хоног цагдан хоригдсон болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56.1.2-т гэмт хэрэг бүлэглэж үйлдсэнийг  ял хүндрүүлэх нөхцөлд тооцов.  

 

 

Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэгт оролцсон оролцоо, учруулсан хохирол, хувийн байдал зэргийг харгалзан үзэж ял шийтгэл, ял эдлэх дэглэмийг ялгамжтай оногдуулах нь зүйтэй байна.