Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 2024/ШЦТ/127

 

 

 

 

        

   2024       04        05                                          2024/ШЦТ/127

                                

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

             2        15                                                                                 2019/

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Далайбаяр,

Улсын яллагч Э.Уламбаяр,

Шүүгдэгч Д.Э- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д.Э-т холбогдох эрүүгийн 2438000760103 дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:  

Монгол Улсын иргэн, Д.Э-,

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Д.Э- нь 2024 оны 01 дүгээр сарын эхээр Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг Өлөнт гэх газраас түлээ бэлтгэх зорилгоор зохих зөвшөөрөлгүйгээр 2 ширхэг 1.6 метр куб босоо шинэс модыг цахилгаан хөрөө ашиглан бэлтгэж экологи-эдийн засагт 269.848 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.Э- нь 2024 оны 01 дүгээр сарын эхээр Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг Өлөнт гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 2 ширхэг 1.6 метр куб босоо шинэс модыг цахилгаан хөрөө ашиглан бэлтгэж экологи-эдийн засагт 269.848 төгрөгийн хохирол учруулан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 тал/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-11 тал/, модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-15 тал/, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 19-20 тал/, эд мөрийн баримт түр хураан авсан тэмдэглэл /хх-ийн 22 тал/, иргэний нэхэмжлэгч С.Б- мэдүүлэг /хх-ийн 27-28 тал/, гэрч Б.Э-н мэдүүлэг /хх-ийн 39-40 тал/, Хөвсгөл аймгийн “Нарс шинэсэн төгөл” сум дундын ойн ангийн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 05 дугаартай дүгнэлт /хх-ийн 43-44 тал/, шинжээч Н.Б-н мэдүүлэг /хх-ийн 50-51 тал/, Хөвсгөл аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч А.Даваадоржийн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн дүгнэлт /хх-ийн 56 тал/, “Ашид билгүүн” ХХК-ийн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 924/9275 дугаартай дүгнэлт /хх-ийн 60-61 тал/ зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Д.Э- нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй болно.

Шүүгдэгч Д.Э-ын гэм буруутай үйлдлийн улмаас байгаль экологид 269.848 төгрөгийн хохирол учирсан нь Хөвсгөл аймгийн Баяншишгэд сум дундын ойн ангийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд Хөвсгөл аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын шинжээчийн дүгнэлтээр Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1.2-т заасны дагуу модны экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин өсгөж 809.544 төгрөгийн хохирол, нөхөн төлбөр тооцсон байна.

Шүүгдэгч Д.Э- нь 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 809,544 төгрөгийг төрийн сангийн хүү торгуулийн орлого 100172300988 тоот дансанд шилжүүлсэн нь Хаан банкны 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн мэдээллийн баримт /хх-ийн 100 тал/ тогтоогдож байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дугаар хэсгийн 7.2.3-т зааснаар төрийн сангийн 100172300988 тоот данснаас 809,544 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД:9085084/ Төрийн сангийн дахь 100900013040 тоот дансанд шилжүүлэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Д.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Д.Э- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн хуулийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл ...гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж ...гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгсэлийг ойлгоно” гэж, 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна.” гэж тус тус зохицуулсан байна.

Прокурорын 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 11 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт битүүмжлэгдсэн гэмт хэрэг үйлдэж олсон орлого 1.6 м3 хэмжээтэй шинэс төрлийн 269.848 төгрөгийн үнэлгээ бүхий модыг хурааж улсын орлогод оруулахыг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн хар өнгийн цахилгаан хөрөө 1 ширхэгийг хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв. 

Энэ хэрэгт шүүгдэгч Д.Э- нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Д.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4,5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Д.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-т оногдуулсан торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан прокурорын 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 11 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт битүүмжлэгдсэн гэмт хэрэг үйлдэж олсон орлого 1.6 м3 хэмжээтэй шинэс төрлийн 269.848 (хоёр зуун жаран есөн мянга найман зуун дөчин найм) төгрөгийн үнэлгээ бүхий шинэс модыг хурааж улсын орлогод оруулахыг, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн хар өнгийн цахилгаан  хөрөө 1 /нэг/ ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дугаар хэсгийн 7.2.3-т зааснаар төрийн сангийн 100172300988 тоот данснаас 809,544 (найман зуун есөн мянга таван зуун дөчин дөрөв) төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД:9085084/ Төрийн сангийн дахь 100900013040 тоот дансанд шилжүүлэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6.   Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Э-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              М.ЭРДЭНЭ-ОЧИР