| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2024/0114/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/130 |
| Огноо | 2024-04-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Чингүүн |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 2024/ШЦТ/130
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
2 15 2019/
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Далайбаяр,
Улсын яллагч Ц.Чингүүн,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Манлайбаяр,
Шүүгдэгч Ж.Б- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Б-өд холбогдох эрүүгийн 2438000500102 дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Ж.Б-,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ж.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Хөвсгөл аймгийн Түнэл сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт эхнэрээ өмөөрөн хохирогч Т.Н-г зодож, биед нь тархи доргилт, уруулд зулгаралт цус хуралт, зүүн мөрөнд цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2438000500102 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Ж.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Хөвсгөл аймгийн Түнэл сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт эхнэрээ өмөөрөн хохирогч Т.Н-г зодож, биед нь тархи доргилт, уруулд зулгаралт цус хуралт, зүүн мөрөнд цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Б-ийн өгсөн: “... ...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,
Хохирогч Т.Н-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2023 оны 12 дугаар сарын 30-ны орой тэр хавийн айлууд 1 бүлэг болж шинэ жил тэмдэглэсэн. Тэгээд манай бүлгийн дарга Ч.Л-гийнд очиж ууж идэцгээж эхэлсэн. Тэгээд орой 23 цаг болж байхад “за би явъя” гэтэл Ж.Б-ийн эхнэр Б.О- намайг “ухаантай царай гаргаад байлгүй суу пизда минь, хүүхэн шиг зан гаргаад байлгүй суу” гэж хэлсэн. Тэгэхээр нь би хэсэг суусан. Тэгээд “би эхнэрээ аваад явахад чамд ямар хамаатай юм” гэж хэлээд бид хоёрын дунд хэрүүл эхэлсэн. Тэгээд би эхнэрээ аваад явлаа гээд босоод иртэл Б.О- эхнэрийг минь явуулахгүй “чи өөрөө зайл” гээд хэлээд хэрэлдэж байтал нөхөр Ж.Б- нь хажуугаар орж ирээд “миний эхнэрийг дээрэлхдэг хэн юм” гэж хэлээд толгой руу цохихоор нь би манараад суугаад авсан. Тэгээд Ж.Б- намайг дээрээс нүдээд байсан. Тэгээд би нэг хэсэг ухаан балартаад сэртэл тэнд байсан хүмүүс байхгүй болсон байсан. ...Миний дээд уруул язарсан, зүүн талын хацар хэсэг мэдээ алдаад байгаа, толгой байнга эргэж байгаа, дотор муухай оргиж байна, зүүн мөр өвдөж байгаа. Баяр тэмдэглэж байсан болохоор бид нар нэлээн уусан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-17 тал/,
Иргэний нэхэмжлэгч Г.Аззаяагийн өгсөн: “...2438000500102 дугаартай хэргийн хохирогч Т.Н- нь Эрүүл мэндийн даатгалын сангаас 140,000 төгрөгийн тусламж үйлчилгээний зардал гаргуулан авсан байна. Уг мөнгөн дүнг буруутай этгээдээс нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 23 тал/,
Гэрч Ц.И-ын өгсөн: “...Тэндээ хоол цай идэнгээ 3 шил архи хувааж уугаад сууцгаасан. Тэгээд нөхөр бид хоёр тааруулж хэрэглээд болсон болохоор явъя гээд манай нөхөр босоод иртэл Б.О- уурлаж босож ирээд нөхрийг хэл амаар доромжилж “архи уусангүй, тухтай суусангүй” гэсэн зүйл яриад унасан. Тэгэхээр нь би Б.О-ыг “боль боль” гээд орон дээр суулгасан. Тэгсэн чинь Б.О-ын нөхөр Ж.Б- нь “чи миний эхнэр лүү томордог хэн бэ” гэж босож ирээд манай нөхөр Т.Н-г дарж унагаагаад толгой тархи руу нь цохиж, зодож нүдсэн. Тэгээд би Ж.Б-ийг хойш нь таттал эргэж харангуутаа миний хүзүү хэсэг рүү гараараа цохисон. Тэр үед хүмүүс салгаад болиулсан. Нөхөр маань зодуулаад хамрынх нь цус тогтохоо байчихаар нь би Ж.Б-өд хандаж “чи хүнийг ингэж аймар зодоод байхдаа яадаг юм” гэж хэлээд мөр лүү нь хальт алгадсан. ...Ямар ч л байсан нөхрийгөө эмчлүүлж авмаар байна. Ж.Б-, Б.О- нар нь голдоо их дээрэлхүү зантай, юм л бол идэж ууна гэж дайрцгааж байдаг. Бөх гээд хүмүүсийг их айлгаж байдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 31 тал/,
Гэрч Ч.Л-гийн өгсөн: “...дараа нь эхнэрээсээ сонссон чинь Т.Н- явъя гэтэл Б.О- нь хэсэг суугаач ямар сүртэй юм гэж хэлээд тэр хоёр маргаж эхэлсэн чинь Ж.Б- босож ирээд “манай эхнэр лүү дайраад юу гээд байгаа юм бэ” гээд Т.Н-г хамар руу нь цохитол Т.Н- унаад өгсөн, тэгэнгүүт Ж.Б- дээр нь гараад Т.Н-г хэд хэдэн удаа цохиж байсан гэсэн. Тэгж сонссон, миний мэдэх зүйл энэ байна” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 тал/,
Гэрч Б.Б-н өгсөн: “...Тэгээд байж байтал Т.Н- “би харья, би харья” гээд байсан. Тэгтэл Б.О- “чи ямар сүртэй юм бэ, хэсэг сууж бай” гэтэл Ж.Б- босож ирээд Т.Н-г хамар руу нь цохитол Т.Н- унаад өгсөн. Тэгээд дээр нь гараад Ж.Б- нүдээд байсан. Тэгээд салгатал бөөнөөрөө гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 тал/,
Гэрч Г.Э-ын өгсөн: “...Дараа нь тэнд байсан отроор явсан эгчийг архи уусангүй гээд тэр хоёр маргалдаад байсан. Тэгснээ Т.Н-, Б.О- хоёр хэрэлдээд эхэлсэн. Т.Н- Оогий руу тавагтай идээ аваад цацсан, тэгтэл Ж.Б- хажуу талаас нь Т.Н-г нүүр рүү нь 1 удаа цохитол Т.Н-гийн хамраас нь цус гарсан. Тэгтэл отрын хоёр залуу Ж.Б-ийг аваад гарсан. Тэгээд байж байтал Т.Н-гийн хамраас цус гарсан байж байсан, тэгснээ “би хадам ахындаа байна, чи гар зайл” гээд Оогийг хөөгөөд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 тал/,
Гэрч Л.А-гийн өгсөн: “...2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр манай аав болох Ч.Л-гийнд голоороо цуглаж шинэ жилийн цайллага эхэлсэн. Тэгээд нэлээн ууцгаасан. Тэгтэл хоорондоо маргаж эхэлсэн. Эхлээд Т.Н- явъя гэтэл Б.О- “чи юун сүртэй юм, хэсэг суучихаар яадаг юм” гээд үг хаялцаад маргаад эхэлсэн. Тэгтэл Ж.Б- эхнэрээ өмөөрөөд Т.Н-г цохиод авсан, тэгтэл хэр хавьд байсан хүмүүс тэр хоёрыг салгаад аваад гарсан. Эхлээд бүгд буйдан дээр зэрэгцээд сууж байсан, тэгж байтал Ж.Б- эхнэрээ өмөөрөөд Т.Н-г хэд хэдэн удаа толгой хэсэг рүү нь цохиж авсан, тэгээд хажууд нь сууж байсан хүмүүс салгаад аваад гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47 тал/,
Гэрч Б.О-ын өгсөн: “...Тэнд Т.Н- эхнэртэйгээ хоорондоо маргалдаж хэрэлдээд л байсан. Ч.Л- ахын эхнэр шагнал аваад ирсэн гээд нэг шил архи задалсан. Дөнгөж задлаад байж байтал Т.Н- явлаа гээд байхаар нь би түүнд хандаж “чи бид нарыг зүгээр явж байхад дуудаж ирүүлчихээд чи өөрөө одоо хэсэг сууж байгаад яваач” гэж хэлсэн чинь Т.Н- “би өөрөө явахаа мэдэж байна пизда минь” гээд босоод ирсэн. Тэгэнгүүт нь манай нөхөр намайг өмөөрч босож ирээд Т.Н-гийн нүүр рүү нэг удаа алгадсан. Тэгээд гэрээс гарсан. Ер нь ийм л асуудал болсон. Би Ц.И-ын биед ерөөсөө халдаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 57 тал/,
Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Г.Алтайн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 57 дугаартай: “Т.Н-гийн биед тархи доргилт, уруулд зулгаралт цус хуралт, зүүн мөрөнд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Т.Н-гийн биед үүссэн гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 65 тал/,
Шүүгдэгч Ж.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Хөвсгөл аймгийн Түнэл сумын 6-р багийн нутаг Урт булаг нэртэй газарт байх Ч.Л- ахын гэрт 2023 оны 12 сарын 30-ны орой голын айлууд цуглаж, шинэ оноо угтах зорилготой сууцгаасан юм. Тэндээ хоол идэж, Ч.Л- ах архи задлаад бид нар 2-3 шил архийг хувааж уусан. Тухайн айлд эхнэр Б.О- бид хоёрыг Т.Н- дуудаж ирүүлчихээд бид хоёрыг ирэнгүүт Т.Н- явлаа гээд байхаар нь манай эхнэр Б.О- түүнд хандаж “чи дуудаж ирүүлчихээд тухтай суухгүй явах боллоо” гээд үг хаяж, тэр хоёр хоорондоо маргалдаж эхэлсэн. Тэгснээ Т.Н- тавагтай идээ авангуутаа манай эхнэр рүү шидэхээр нь миний уур хүрээд би гараараа Т.Н-гийн нүүр рүү нэг удаа алгадаж унагаагаад дээр нь гарах гэтэл хүмүүс намайг салгаад аваад гарсан. ...Би Т.Н-гийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 82 тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 10 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Т.Н-, иргэний нэхэмжлэгч Г.Аззаяа, гэрч Ц.И-, Ц.Ч.Л-, Б.Б-, Г.Э-, Л.А-, Б.О- нарын мэдүүлэг, Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Г.Алтайн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 57 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч Ж.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Хөвсгөл аймгийн Түнэл сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт эхнэр Б.О-ыг өмөөрөн хохирогч Т.Н-г зодож, биед нь тархи доргилт, уруулд зулгаралт цус хуралт, зүүн мөрөнд цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулж, “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай нь нотлогдож байна.
Шүүх шинжилгээний тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Т.Н-гийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Ж.Б-ийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Ж.Б-ийн үйлдэл идэвхтэй, хохирогч Т.Н-гийн бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэж, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.
Шүүгдэгч Ж.Б-ийн хохирогч Т.Н-гийн бие, эрх чөлөөнд халдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулсан гэм буруугийн санаатай, нийгэмд аюултай, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл мөн тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Ж.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:
Шүүгдэгч Ж.Б-ийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохиролд хохирогч Т.Н- нь эмчилгээний зардал нэхэмжилсэн боловч хохиролтой холбоотой нотлох баримтыг хэрэгт гаргаж өгөөгүй тул тодорхой тооцоолол хийх боломжгүй байна.
Шүүгдэгч Ж.Б- нь 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хохирогч Т.Н-гийн эгч Нямпүрэвийн данс руу 200,000 төгрөгийг шилжүүлж өгсөн талаар тайлбарлаж, Хаан банкны дипозит дансны дэлгэрэнгүй хуулгыг гарган өгч байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчийг хохирогч Т.Н-д төлөх төлбөргүй гэж үзэв.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Т.Н- нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Ж.Б-өөс нэхэмжлэх эрхтэйг дурдаж байна.
Хавтаст хэрэгт иргэний нэхэмжлэгч Г.Аззаяагийн мэдүүлэг /хх-ийн 23 тал/, Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн цахим системийн зардлын мэдээлэл, Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 26/054 дугаартай албан бичиг /хх-ийн 19-20 тал/ зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад” нөхөн төлүүлнэ гэж зааснаар шүүгдэгч Ж.Б-өөс 140.000 төгрөгийг гаргуулж эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот дансанд оруулах нь зүйтэй байна.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Манлайбаяр эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой тайлбартаа: “...миний үйлчлүүлэгчийн хувьд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлж өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ж.Б-өд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Хавтаст хэргийн 83, 85-88, 90-95, 97-99 талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Дорноговь аймаг дахь сум дундын хоёрдугаар шүүхийн 2011 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 12 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, Хөвсгөл аймгийн Түнэл сумын Булаг багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2023 оны тооллогын баримтын хуулбар, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Ж.Б- нь ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Түнэл сумын 6 дугаар багт оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байсан зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага зэргийг харгалзан үзсэн болно.
Шүүгдэгч Ж.Б- нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбараар тогтоогдож байна.
Шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйл, хэсгийн 1.2-т заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа ...учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүх шүүгдэгч Ж.Б-өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахдаа шүүх хуралдаанд улсын яллагчаас: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд төлүүлэх...” саналыг харгалзан шүүгдэгч Ж.Б-өд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-өд оногдуулсан торгох ялыг түүний орлого олох боломжийг харгалзан 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж байна.
Эрүүгийн 2438000500102 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-ийг 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-өд оногдуулсан торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Ж.Б-өд оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Т.Н- нь эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Ж.Б-өөс нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч Ж.Б-өөс 140.000 (нэг зуун дөчин мянга) төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот дансанд оруулсугай.
7. Эрүүгийн 2438000500102 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч Т.Н-д 200,000 төгрөг өгсөн болохыг тус тус дурдаж, хэрэгт хавсаргаж ирүүлсэн 1 ширхэг CD-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Б-өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР