Шүүх | Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
Хэргийн индекс | 152/2021/00084/И |
Дугаар | 152/ШШ2021/00214 |
Огноо | 2021-05-27 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 152/ШШ2021/00214
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: И овогт Н-ийн Т-гийн,
Хариуцагч: УАТСЕБС-д холбогдох,
Тус сургуулийн захирлын 2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн А/08 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Н, хариуцагч С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/31 дүгээр тушаалаар ТСЕБС-д машинистаар ажилд орж, үүрэгт ажлаа чин үнэнчээр гүйцэтгэж ирсэн. Улмаар 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр би хамаатны айлдаа очоод үдийн цай ууж, хоол унд идээд байж байтал очсон айл маань 1 шил архи гаргасан. Түүнийг дөнгөж амсаад эхэлж байтал дотуур байрны багш дуудсан. Яваад очиход дотуур байрны хуучин ширээ сандал гаргаж, шинэ ширээ сандал зөөх ажил хийнэ гээд ажилчид цугларсан байсан. Бид хуучин ширээ сандлаа гаргаж, шинэ ширээ сандлаа зөөж оруулаад бөөн баяр болж шинэ сандал, ширээгээ мялаая гээд манай туслах тогооч н.Ц 1 шил архи дэлгүүрээс авч ирээд бүгдээрээ уугаад сууж байтал захирал орж ирэхээр нь бид архиа орхиод гараад явцгаасан. Тухайн үед бид захирлаас уучлалт гуйгаад гэр гэр лүүгээ харьцгаасан. Маргааш нь буюу 2021 оны 1 дүгээр сарын 16-ны өглөө захирал бид нарыг дуудаад та нарт арга хэмжээ авна гэж хэлэхэд нь бид буруугаа хүлээн зөвшөөрсөн. Гэтэл ганцхан намайг ажлаас халсан тушаал гаргаж, бусдад нь сануулах арга хэмжээ авсанд гомдолтой байна. Иймд 2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн А/08 дугаар захирлын тушаалыг хүчингүй болгож, намайг ажилд эгүүлэн тогтоож өгнө үү” гэжээ.
Хариуцагч С.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Н.Т-гийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Н.Т урд нь удаа дараа ажлын цагаар болон ажлын байран дээр архидан согтуурч байсан. Түүнд 2 удаа уулзаж архи уухаа боль гэж өрөөндөө дуудаж хэлж байсан. Тухайлбал 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдөр нярав /С.Б/-ын хамт өрөөнд дуудаж уулзаж хэлж байсан. 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр согтуу утсаар ярьж байсан. Мөн 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр архи ууж ажлын байр болон олон нийтийн газар, ёс зүйгүй үйлдэл гаргасан учир сануулах арга хэмжээ авч байсан. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж тусгаарлах байрыг бэлдэх ажилтай байсан өдөр буюу 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр согтуу ажилд ирж, ажлын цагаар буюу ажлын байран дээр архи ууж архидан согтуурсан. Тухайн өдөр ажлын цагаар ажлын байран дээр хамт архидан согтуурсан нярав С.Б, жижүүр Л.Т туслах тогооч С.Ц нар хамт байсан. Тухайн өдөр 16 цагийн үед ня-бо Г.Б бид 2 хоёр давхарт гарахад 5 номерын тасагт 0,75 литрийн архи уугаад дуусаж байсан. Би ороод тар гэж хэлээд гараад номын сан ороход Н.Т алхаж явах чадваргүй байсан учир туслах тогооч С.Ц сугадаад явсныг би цонхоор харсан. 2021 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр зөрчил гаргасан дээрх ажилчидтай уулзаж хариуцлага тооцох талаар хэлж слесарь Н.Т-д удаа дараа архидан согтуурч өгсөн үүрэг даалгавар биелүүлэхгүй байгаа учраас цалингийн хувиар бууруулах арга хэмжээ авахыг хэлсэн. Ингээд 1 дүгээр сарын 27-нд тусгаарлах байранд хүмүүс ирж, дотуур байранд хоол ундны ус авах үүрэг даалгавар өгөхөд ёс зүйгүй аашилж хамт олны дунд намайг хэл амаар доромжилж ёс зүйгүй авир гаргасан учир ажлаас чөлөөлсөн. Н.Т удаа дараа дотуур байранд ус алдуулж, 2 давхраас гоожсон ус 1 давхар луу нэвт орж цахилгааны монтаж ажиллахгүй болсон. Ус гоожсон паарны доор сав тосоод тавьчихдаг байсан бөгөөд сольж янзалдаггүй камераар боочихдог учир ус гоожихоор алчуур доор нь тавьчихдаг байсан. Үүнээс ус гоожоод паркетан шал хөөх, будаг ховхрох зэрэг багагүй хохирол гарч байсан. Дотуур байрны жижүүрийн өрөөний паарнаас ус алдаж паркетан шал бүгд хөөсөн. Ажилдаа чин сэтгэлээсээ огт ханддаггүй. Өгсөн үүрэг даалгавар биелүүлдэггүй, ёс зүйгүй учраас ажлаас нь чөлөөлсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Т нь хариуцагч УАТСЕБС-д холбогдуулан тус сургуулийн захирлын 2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн А/08 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэж заасан хугацааны дотор ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан нь хуульд нийцсэн байна.
Хариуцагч нь “Удаа дараа ажлын цагаар, ажлын байран дээр архидан согтуурсан. Мөн ажилдаа чин сэтгэлээсээ огт ханддаггүй, өгсөн үүрэг даалгавар биелүүлдэггүй, ёс зүйгүй учраас ажлаас нь чөлөөлсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж маргажээ.
УАТСЕБС-ийн захирлын 2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн А/08 дугаар “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалаар Бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 43 дугаар зүйлийн 43.1, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 11.4 дэх заалтуудыг баримтлан “ажлын цагаар удаа дараа архидан согтуурсан, 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр ажлын байранд ажлын цагаар архидан согтуурсан, удирдлагатай зүй бусаар харьцаж ёс суртахуунгүй авир гаргаж, сахилгын зөрчил давтан гаргасан” гэж үзэн Н.Тг ажлаас халсан байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-т хөдөлмөрийн гэрээг “ажил олгогч санаачилгаар” цуцлах, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэж, 43 дугаар зүйлийн 43.1-д “Ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажил хүлээлгэн өгөх хугацааг тогтоож, уг хугацааг ажлаас халах тухай шийдвэрт заана” гэж, 131 дүгээр зүйлийн 131.1.3-т “ажлаас халах” гэж, Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 11.4-т “Засгийн газрын 2012 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 258 дугаар тогтоолын 1.7 дахь заалт, ажлын байрны тодорхойлолт, ажил үүргийн хуваариар хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу хөдөлмөрийн сахилгыг удаа дараа зөрчсөн, ажлын цагаар ажлын байрандаа архи уусан, гэмт хэрэг холбогдсон нь шүүхээр тогтоогдсон бол ажлаас нь шууд хална” гэж тус тус заажээ.
Хариуцагч тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчлийн аль үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж байгаа талаар дурдаагүй, шүүх хуралдаанд хариуцагчаас нэхэмжлэгчийг аль зөрчлийг гаргасан гэж үзэн ажлаас халсан талаар тодруулахад ажлын цагаар, ажлын байранд архи уусан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн гэж тайлбарласан.
Нэхэмжлэгч ажлын цагаар, ажлын байранд архи уусан ноцтой зөрчил гаргаснаа хүлээн зөвшөөрсөн, мөн гэрч С.Ц “2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр намайг ТСЕБС-ын дотуур байрны багш н.Ц сургуулийн дотуур байранд дуудахад нь сургуулийн ширээ, сандал зөөлгөх юм байна гэж би бодсон. Улмаар би сургууль дээр очоод ширээ, сандал зөөсөн бөгөөд Н.Т ч мөн тэнд байсан. Тэр үед Н.Т архи уучихсан байсан бөгөөд түүнээс архи үнэртэж байсан. Би Н.Тг өмнө нь хэзээ, хэнтэй, хаана архи уусныг мэдэхгүй байна. Харин тэр өдөр тэнд ажиллаж байсан хүмүүст би нэг шил архи, нэг ундаа авч өгсөн. Тэр архийг ууж байх үед С.Б захирал, нягтлан бодогч Г.Б нар орж ирсэн бөгөөд та нар ажлын цагаар яагаад архи ууж байгаа юм бэ? гэхэд нь би Н.Т-г аваад гэрт нь хүргэж өгсөн” гэж мэдүүлсэн байна.
Ажилтныг ажлаас халсан тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, улмаар ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтны гаргасан зөрчил буюу ажлаас халагдсан үндэслэлтэй тохирч байх ёстой.
Мөн хариуцагч нэхэмжлэгчийг ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлж байгаа тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг баримтлан тушаалын үндэслэлд ямар ноцтой зөрчил гаргасныг тодорхой дурдсан байвал зохино.
Гэтэл хариуцагч нь тушаалдаа нэхэмжлэгчийг 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр ажлын байранд ажлын цагаар архидан согтуурсан ноцтой зөрчил гаргаснаас гадна ажлын цагаар удаа дараа архидан согтуурсан, удирдлагатай зүй бусаар харьцаж ёс суртахуунгүй авир гаргаж, сахилгын зөрчил давтан гаргасан гэх үндэслэлүүдээр ажлаас халсан байх тул ажилтны гаргасан зөрчил нь ажилтны ажлаас халагдсан үндэслэлтэй тохирохгүй гэж үзэхээр байна.
Хариуцагч ажилтан Н.Т-г ажлын цагаар удаа дараа архидан согтуурсан, удирдлагатай зүй бусаар харьцаж ёс суртахуунгүй авир гаргаж, сахилгын зөрчил давтан гаргасныг нотлохоор УАТСЕБС-ийн захирлын 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн А/30 дугаар “Сануулах сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаал, шүүх хуралдаанд Н.Т-тэй 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр утсаар ярьсан “хариуцагч С.Б, нэхэмжлэгч Н.Т нар харилцан ёс зүйгүй авирлаж байгаа” СD-нд буулгасан дүрс бичлэгийг нотлох баримтаар ирүүлсэн байх боловч хариуцагч дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөөгүй байх тул тушаал болон СD-нд буулгасан дүрс бичлэгийг шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй байна.
Мөн хариуцагч нь “Н.Т өгсөн үүрэг даалгавар биелүүлдэггүй, ёс зүйгүй учраас ажлаас нь чөлөөлсөн” гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ тайлбарладаг боловч дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөөгүй байх тул хариуцагчийн дээрх тайлбарыг хүлээн авах боломжгүйг дурдав.
Иймд ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтны гаргасан зөрчил буюу ажлаас халагдсан үндэслэлтэй тохирохгүй байгаа гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Т-г УАТСЕБС-ийн машинистын ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага ажилд эгүүлэн тогтоох бөгөөд ажлаас халсан тушаалыг хүчингүй болгох нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл байх тул ажлаас халсан тушаалыг хүчингүй болгох шаардлагагүй гэж үзсэн болно.
Нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцдэг нэхэмжлэл тул улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдснийг дурдаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагч УАТСЕБС-иас уг шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Т-г УАТСЕБС-ийн машинистын ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Н.Т улсын тэмдэгтийн хураамж 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөг төлөхөөс чөлөөлөгдснийг дурдаж, хариуцагч УАТСЕБС-аас улсын тэмдэгтийн хураамж 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот дансанд оруулсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ÄÀÐÃÀËÀÃ×, د¯Ã× Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ