| Шүүх | Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Базаргарьдын Сүхгомбо |
| Хэргийн индекс | 226/2020/0018/Э |
| Дугаар | 18 |
| Огноо | 2020-06-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Мөнхболд |
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 18
Ө-д холбогдох
эрүүгийн хэргийн талаар
226/2020/0018/Э
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч Я.Алтаннавч, Б.Сүхгомбо нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэйгээр,
Нарийн бичгийн дарга М.Долгоржав,
Прокурор Г.Мөнхболд,
Яллагдагч Ө-, түүний өмгөөлөгч С.Нарангэрэл нарыг оролцуулан,
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүүгийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 208 дугаартай захирамжийг эс зөвшөөрч Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Мөнхболдын эсэргүүцэл, яллагдагч Ө-ийн давж заалдах гомдлоор Ө-д холбогдох эрүүгийн 2039001570118 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Сүхгомбын танилцуулснаар хянан хэлэлцэв.
Улаанбаатар хотод 2000 онд төрсөн, 20 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын мужаан мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Булгийн 02-16 тоотод оршин суух, урьд Сум дундын 28 дугаар шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 69 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 2 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, оногдуулсан 2 жил 10 хоногийн хорих ялыг 6 сарын хугацаагаар хойшлуулсан, Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 100 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, оногдуулсан 3 жилийн хорих ялыг 2 жилийн хугацаагаар хойшлуулж байсан, Б овогт А-н Ө- /РД:УЗ00221931 / нь
2020 оны 3 дугаар сарын 15-ны орой Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийдийн 21-03 тоот хашааны гадна Б-ын нүүрэн тус газарт гараараа цохин хөлөөрөө өшиглөж Б-ын биед доод уруул, уруулын дотор салстад язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ө-өд холбогдох 2039001570118 дугаартай эрүүгийн хэргийг Хэнтий аймгийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Мөнхболд давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл болон дүгнэлтдээ: Хэнтий аймгийн Прокурорын газраас Ө- нь “2020 оны 3 дугаар сарын 15-ны орой Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийдийн 21-03 тоот хашааны гадна Б-ын нүүрэн тус газарт гараараа цохин, хөлөөрөө өшиглөж Б-ын биед доод уруул, уруулын дотор салстад язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь эрүүгийн 2039001570118 дугаартай хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдсон” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт буруутгаж, 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 102 дугаартай яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд шилжүүлсэн.
Анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 208 дугаартай захирамжаар “Н-, Ч- нар нь 2020 оны 3 дугаар сарын 15-ны орой Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийдийн 21-03 тоот хашааны гадна Ө-тэй хамтран Б-ын нүүрэнд толгойгоороо мөргөх, гараараа нүүр болон цээжинд нь цохих зэрэг үйлдэл хийсэн талаар гэрч, хохирогч нарын мэдүүлдэгт дурдагдсан байх бөгөөд Н-, Ч- нарын үйлдэлд гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгах шаардлагатай” гэж дүгнэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хуульчилсан байх ба 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол ...ял шийтгэнэ” гэж хуульчилсан. Хүний эрүүл мэндэд бүлэглэн хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг шалгахдаа ...тухайн хөнгөн хохирол хэзээ, ямар этгээдийн, ямар үйлдлийн улмаас үүссэн болохыг нарийвчлан тогтоосны эцэст гэмт хэрэгт хамтран оролцсон, бүлэглэн гүйцэтгэсэн оролцогч тус бүрд хэрэгт оролцсон оролцоог харгалзан ялыг ялгамжтайгаар оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй.
Хэрэгт авагдсан Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 129 дугаартай “хохирогч Б-ын биед учирсан доод уруул, уруулын дотор салстад язарсан шарх бүхий хөнгөн хохирол нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн” гэсэн дүгнэлт /хх-ийн 29-30х/,
Хохирогч Б-ын “...сүүлд манай найз Ц- хэлэхдээ Ч-ийг чамтай маргаж байхад Н- очиж салгаад машин руугаа явж байхад Ө- чам руу очоод чиний нүүр рүү цохиод, арагшаа болохоор чинь хөлөөрөө өшиглөж байсан” гэсэн. Тэгэхээр миний уруул руу цохиж гэмтэл учруулсан хүн бол Ө- юм” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 хуудас/,
Гэрч Г.Ч-ий “...2020 оны 3 дугаар сарын 15-ны орой Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийдийн 21-03 тоот хашааны гадаа Б-тай бага зэрэг маргалдаад байж байхад манай найз Н- хажуугаар орж ирээд Б-ыг толгойгоороо бага зэрэг түлхсэн. Намайг Н-г дагуулаад машин руугаа явж байтал Ө- Б- руу очоод нүүрэн тус газарт нь гараараа цохиод явсан. Тэгэхэд л Б-ын уруул язарсан байх” гэх мэдүүлэг /хх-ийн 23 хуудас/,
Гэрч Ц-ийн “...Ө- ирээд Б-ын нүүрэн тус газарт нь гараараа цохиод, хөлөөрөө өшиглөсөн. Н- ирээд Ө-ийг цааш дагуулаад явсан. ...Б-ыг машиныхаа ард зогсож байхад нь Ч- очоод Б-ын нүүрэн тус газарт хоёр гурван удаа алгадаад, цээжин тус газарт нь мөн хоёр гурван удаа гараараа цохисон. ...Б-ын толгой руу Ө- өшиглөх үед Б-, Ө-ийг түлхээд цааш нь аваад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 22 хуудас/,
Гэрч Э.Б-ын “...Ө- цаанаас ирээд Б-ыг тонгойгоод зогсож байхад нүүрэн тус газарт нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж байсан. Би Ө-ийг салгаад аваад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 21 хуудас/,
Яллагдагч Ө-ийн “...Н-, Ч- хоёр Б-аас холдох үед би Б- руу очоод нүүрэн тус газарт нь гараараа цохиод цаашаа болохоор нь хальт өшиглөсөн. Тэгээд би Б-д дахин гар хүрээгүй машиндаа ороод суусан. Би Б-ын уруулд нь гараараа цохиж гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 46х/ зэргээр Н-, Ч- нар нь 2020 оны 3 дугаар сарын 15-ны орой хохирогч Б-ын биед халдан довтолсон шинжтэй үйлдэл хийсэн хэдий ч тэдгээрийн үйлдэл нь Ө-ийн үйлдлийн цаг хугацаа болон сэдэлт зорилгын хувьд тусдаа үйлдэгдсэн болох нь нотлогдож байна. Н-, Ч- нарын үйлдлийн улмаас хохирогчийн биед гэмтэл учирсан болох нь тогтоогдоогүй, тэдний үйлдэл гэмт хэргийн шинжгүй болох нь тогтоогдож байхад тэдэнд үндэслэлгүйгээр ял халдаан, Эрүүгийн хуулийн 3.1, 3.7 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэгт хамтран оролцох, гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн гэж дүгнэх нь хууль зүйн үндэслэлгүй юм. Улсын дээд шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 113 дугаартай тогтоолд “гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэх, хамтран үйлдэх” талаар дурдсан байх бөгөөд уг тогтоолд хэрэв үйлдэл тус бүрээр тусад нь зүйлчилж байгаа тохиолдолд хохирогчид гэмтэл учруулсан хүн л хариуцлага хүлээлгэхээс биш бусад хүнд ял халдаахгүй, хэрэв тухайн гэмт хэргийг хэн үйлдсэн нь тогтоогдохгүй, бүлэглэн гүйцэтгэсэн тохиолдолд цагаатгах үндэслэл болохгүй гэж дурдсан. Мөн практикт Улсын дээд шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 30-ны 161 дугаартай тогтоолоор Ө-өд холбогдох эрүүгийн хэрэгтэй адил төрлийн гэмт хэргийг шийдвэрлэсэн байдаг.
Анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 208 дугаартай захирамжид анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх үед дурдагдаагүй нотлох баримтыг шинжлэн судалсан мэтээр оруулсан байх ба ингэхдээ тухайн бичгийн нотлох баримт болох гэрчийн мэдүүлгийг үндсэн утгаас зөрүүтэй уншигдахаар бичсэн байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтуудыг хангасан, тухайн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсэгт хавтаст хэргийн 11 дүгээр талд авагдсан Ө-ийн гэрчээр өгсөн “...тэр дарсанд би нилээн согтсон байсан. Тэгээд Б-тай муудсан асуудлыг бүрэн санаж байна. Ямар ч байсан Ч-, Б-ын байгаа газарт очъё гээд Б-ын байгаа газарт очсон. Тэгээд Б- хашаанаас гарч ирсэн. Ч- Б-тай уулзаад тэр хоёр харилцан заамдалцаад байж байхад Н- очоод Б-ыг мөргөх шиг болсон. Тэгээд би Н-г салгасан. Н- санамсаргүй мөргөн шиг болсон. Н-г мөргөх шиг болсны дараа Б- нүүрээ дараад байхаар нь Ч- очиж уулзсан. Ч-тэй юм ярьж байхдаа Б- над руу “би чамтай юм ярьдаггүй шүү” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Б-тай хоёулхнаа юм ярьж уулзсан. Би Б-ыг яалт ч үгүй 1 удаа өшиглөсөн. Араас нь цохих гэхэд Н- ирээд намайг аваад явсан. Би цохиж чадаагүй. Тэгээд байж байтал Б- Ч- хоёр дахиад муудсан. Тэгэхэд би машинд суусан байсан” гэх мэдүүлгийг шинжлэн судалсан мэтээр оруулахдаа “...тэр дарсанд би нилээн согтсон байсан ...би машинтай хаагуур явж, хаана очсон гэдгээ сайн мэдэхгүй байна ...Б-тай муудсан асуудлыг сайн санаж байна ...ямар ч байсан Ч- Б-ын байгаа газарт очъё гээд Б-ын байгаа газарт очсон ...Б- хашаанаас гарч ирсэн ...Ч- Б-тай уулзаад тэр хоёр харилцан заамдалцаад байж байхад Н- очоод Б-ыг мөргөх шиг болсон ...би Н-г салгасан ...Н-г мөргөх шиг болсны дараа Б- нүүрээ дараад байхаар нь Ч- очиж уулзсан ...би Б-ыг яалт ч үгүй 1 удаа өшиглөсөн ...намайг эгчийн гадаа буулгах үед Ч- Н-д чи гоё мөргөсөн гэж ярьж байсан ...Ч-ий гар цус болчихсон байсан...” гэж мэдүүлгийн утгыг нь алдагдуулан оруулсан нь дээр дурдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүгч анхаарч үзэлгүйгээр орхигдуулсан”, 1.4 дэх заалт “дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц ноцтой зөрүүтэй” байх тул шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэхээр байна.
Анхан шатны шүүх захирамждаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан “Шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргана” гэснийг үндэслэн хэргийг прокурорт буцаасан байх бөгөөд тухайн хэргийн хувьд Ө- Б-ын биед хөнгөн гэмтэл учруулсан гэдэг нь хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлгээр нотлогдож тогтоогдсон, яллагдагч нь гэм хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хүсэлтээсээ татгалзаагүй, прокуророос гаргасан ялын саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байдаг. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 208 дугаартай захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Яллагдагч Ө- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 208 дугаартай захирамжийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлтээр Б-ын биед учирсан уруул, уруулын дотор салстад язарсан шарх, гэмтэл нь 1 удаагийн үйлчлэлээр үүссэн хөнгөн гэмтэл гэж тогтоогдсон. Миний бие анхны мэдүүлгээсээ л эхлэн “би гараа зангидаж байгаад уруул хэсэгт нь 1 удаа цохисон, хөлөөрөө цээж хэсэгт нь 1 удаа өшиглөсөн” гэж мэдүүлсэн /хх-ийн 17 хуудас/. Миний үйлдлийн улмаас хохирогч Б-ын биед хөнгөн гэмтэл учирсан нь үнэн, мөн хохирогч Б- “Ө-ийн цохилтын улмаас уруул хэсэгт гэмтэл учирсан” гэж мэдүүлдэг. Миний хувьд гэм буруугийн хувьд маргахгүй, өөрийн хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч оролцож байна. Н-н хувьд Ч-ийг хохирогч Б-тай маргалдаж байхад салгах гээд салахгүй болохоор нь Б-ын нүүр буюу шанаа руу мөргөөд Ч-ийг салгаад машин руу авч явсан, энэ хооронд би Б-тай маргалдаж түүнийг 1 удаа цохиж, 1 удаа өшиглөсөн, миний үйлдлийг Н- болиулсан. Н-д бусдыг зодох санаа байгаагүй, харин ч зодолдож маргалдаж байгаа хүнийг салгах гэж дунд нь явж байсан. Ч-ий хувьд хохирогч Б-тай маргалдаж байсан хэдий ч Б-ын биед гэмтэл учруулаагүй. Миний бие хохирогч Б-ын эмчилгээний төлбөрийг төлж барагдуулсан, одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, учирсан хөнгөн гэмтэл нь цаашид эрүүл мэндэд нь нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт гарсан. Хавтаст хэргийн материалаар Б-ын биед учирсан хөнгөн зэргийн гэмтэл нь миний үйлдлийн улмаас учирсан болох нь нотлогдож тогтоогдсон байхад Н-, Ч- нарыг шалгуулахаар хэргийн мөрдөн байцаалтад буцааж миний болон Н-, Ч- нарын эрх зүйн байдлыг хүндрүүлж шийдвэрлэж байгаад гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Яллагдагчийн өмгөөлөгч С.Нарангэрэл давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Ө- нь “Б-ын биед учирсан хөнгөн зэргийн гэмтлийг би учруулсан, тухайн гэмт хэргийг бүлэглэн үйлдээгүй байхад анхан шатны шүүх бүлэглэн үйлдсэн гэж үзэн миний эрх зүйн байдлыг хүндрүүлж шийдвэрлэсэн” гэж үзэж давж заалдах гомдол гаргасан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж, обьектив үйлдлийг тогтоох шаардлагатай гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Н-, Ч-, Ө- нарын хэнийх нь үйлдлийн улмаас Б-ын биед хөнгөн гэмтэл учирсныг мөрдөн байцаалтын шатанд шалгаад Ө-ийг уг гэмт хэргийг үйлдсэн гэж үзэн прокурор яллах дүгнэлт үйлдэж яллагдагчаар татаж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүхээс энэ гэмт хэргийг 3 хүн үйлдсэн байж магадгүй гэж үзээд хэргийг мөрдөн байцаалтад буцаасан.
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 129 дугаартай “Б-ын биед доод уруул, уруулын дотор салстад язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт гарсан. Иймд хохирогчийн биеийн байдал сайжирч хэвийн байдалдаа орсон гэж ойлгож байна.
Анхан шатны шүүх “Н-, Ч- нарын үйлдэлд гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгах шаардлагатай” гэсэн дүгнэлтийг хийхдээ хохирогч Б-ын мэдүүлэг /хх-ийн 8-9х/, Ч-ий мэдүүлэг /хх-ийн 10, 23х/, Ц-ийн мэдүүлэг /хх-ийн 22х/, Ө-ийн мэдүүлэг /хх-ийн 11, 46х/ зэрэг нотлох баримтуудыг үндэслэсэн. Хохирогч Б-ын “...Ч- намайг заамдаад ...байж байтал Н- ирээд ...Ч-ий гарыг тавиулах гэж байгаад санамсаргүй миний зүүн шанаа орчим духаараа мөргөчихсөн, ...Н- Чингүүн хоёр холдоод явсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9х/, гэрч Б-ын “...Ч-, Б-ын энгэрээс нэг гараараа атгасан байсан. Н- Ч-ийг араас нь татаад тэр хоёрын дундуур орж салгахдаа Б-ын хацар орчим санамсаргүй мөргөсөн. Н- Ч-ийг дагуулаад машин руу явсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 25х/, гэрч Ц-ийн “...танихгүй залуу ирээд Ч-ийг араас татсан. Тэр залуу Н- байсан юм байна лээ. Н- эргэж хараад Б-ыг мөргөчих шиг болсон. ...Ө- ирээд Б-ын нүүрэн тус газарт нь гараараа цохиод, хөлөөрөө өшиглөсөн. Н- ирээд Ө-ийг дагуулаад цааш явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22х/ зэргээс харахад Н-д Б-ыг зодох санаа, зорилго байсан эсэх нь тогтоогдохгүй байна. Харин Н- нь Ч- Б- хоёрыг салгах гэж байгаад Б-ыг санамсаргүй мөргөсөн зүйл харагддаг. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид дурдсан бичгийн нотлох баримтуудаар Н- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамтран оролцсон эсэх нь тогтоогдохгүй байна.
Хохирогч Б-ын “...сүүлд манай найз Ц- хэлэхдээ “Ч-ийг чамтай маргаж байхад Н- очиж салгаад машин руугаа явж байхад Ө- чам дээр очоод чиний нүүр рүү цохиод, арагшаа болохоор чинь хөлөөрөө өшиглөж байсан” гэж хэлсэн. Тэгэхээр миний уруул руу цохиж гэмтэл учруулсан хүн бол Ө- юм байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-9х/, Ө-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн 3 удаагийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг зэргээр Ө-ийн үйлдлийн улмаас хохирогч Б-ын биед хөнгөн гэмтэл учирсан нь тогтоогдсон, Ө- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байх тул анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 208 дугаартай захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаах зүйтэй гэж үзэж байна гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Мөнхболдын эсэргүүцэл, яллагдагч Ө-ийн давж заалдах гомдлоор Ө-өд холбогдох эрүүгийн хэргийг бүхэлд нь хянаж үзэв.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлан үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн шалган тогтоосон байна.
Ө-өд холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаасан үндэслэл буюу хууль хэрэглээний талаар улсын яллагчаас тодруулж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох, үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийж шүүгдэгч гэм буруутай эсэхийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байх тул энэ талаар гаргасан прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.4, 39.9 дүгээр 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 208 дугаартай захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Хэргийн анхан шатны шүүхэд очтол яллагдагч Ө-өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ДЭНСМАА
ШҮҮГЧИД Я.АЛТАННАВЧ
Б.СҮХГОМБО