| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2021/00219/И |
| Дугаар | 152/ШШ2021/00249 |
| Огноо | 2021-06-21 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 152/ШШ2021/00249
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ш овогт О-ын Н-ийн,
Хариуцагч: Увс аймгийн ОХЖТ-тхолбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2021 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Лхагважав, хариуцагч Б.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 2021 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр театрын хувцасны эрхлэгчийн туслахын ажилд томилогдон ажиллаж байсан. Намайг энэхүү орон тоон дээр шүүхийн шийдвэрийн дагуу авч ажиллуулсан юм. Би одоо 6 сартай жирэмсэн. Манай байгууллагын дарга Б.Л надад байнга ажлын байрны дарамт үүсгэж, үйлчлэгчээр ажиллах ажлын гэрээ хий гэж дуудаж дарамталдаг, үйлчлэгчийн ажил хийх боломжгүй жирэмсэн, бас хөлний судасны хагалгаанд орсон гэж учир байдлаа хэлж тайлбарлахад ажил хийлгэхгүй хүнд байдалд оруулдаг. Байгууллага дээр аймгийн аудитын газраас шалгалт ирэхэд 1 дэх өдөр бүрийн байгууллагын цуглаан дээр О.Н-ээс болж шалгалт ирсэн гэж намайг гүтгэж доромжилсон. Ямар нэгэн асуудал гарахад тэр бүрийг надтай холбож хэлж, ярьдаг юм. Намайг ажлын байрны дарамт шахалтанд оруулж, ажил хийхийг минь хясан хавчиж, сэтгэл зүйн хувьд хүнд байдалд оруулж байгаад ажлыг минь өөрчилсөн. Б.Л дарга 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдөр шуурхайтай гээд 5 хүнийг ажлаас халах тушаал гаргасан. Тэр хүмүүсийн дотор намайг бас оруулсан. Тэрээр биднийг ажлаас халсан тушаал уншаад буцаад ажилчдын нүдэн дээр энэ бол хуурамч тушаал гэж хэлээд тушаалаа урсан. Тэгээд одоо жинхэнэ тушаалаа уншъя гэж хэлээд ганцхан миний ажлыг өөрчилсөн тушаал гаргасан. Манай байгууллага дээр бүтцийн өөрчлөлт хийгдээгүй байхад дарга үзэмжээрээ өөрчлөлт хийж миний хөдөлмөрлөх эрхэд халдаж, миний эрх зүйн байдлыг дордуулсан хууль бус бүтцийн өөрчлөлт хийж, миний ажлыг өөрчилж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Миний биеийг ОХЖТ-ын даргын 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн Б\14 тушаалаар хувцасны эрхлэгчийн туслах ажилтны үүрэгт ажлаас чөлөөлж, мөн өдрөөс эхлэн билет шалгагч, үйлчлэгчийн үүрэгт ажилд томилсон юм. Увс аймгийн ОХЖТ-ын 2021 оны бүтэц орон тоог шинэчлэн баталсан захирамж гаргаагүй байхад манай байгууллагын дарга Б.Л өөрийн санаачилгаар бүтцийн өөрчлөлт хийж, миний хөдөлмөрлөх эрхэд халдсан хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд намайг Увс аймгийн ОХЖТ-ын хувцасны эрхлэгчийн туслах ажилтны ажилд буцаан эгүүлэн томилж өгнө үү” гэжээ.
Хариуцагч О.Т шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Увс аймгийн ОХЖТ нь дотоод бүтэц зохион байгуулалтыг Монгол Улсын Төсвийн тухай хууль, Хөдөлмөрийн хууль болон Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 472-р тогтоол, БСШУ-ны сайдын 2015 оны А/495-р тушаал, Увс аймгийн Засаг даргын 2017 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн А/01 тоот захирамжид нийцүүлэн ажиллаж байгаа бөгөөд О.Н-ийг 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Б/37 тоот тушаалаар хувцасны эрхлэгчийн туслахын орон тоон дээр томилон ажилуулсан боловч Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын дотоод аудитын төлөвлөгөөт хяналт шалгалтын тогтоолоор дээрх шийдвэрийг буруу гэж үзэж тухайн үед ажиллаж байсан ОХЖ-ын дарга Б.Л-д 827.947 төгрөгийн акт тавьсан. Иймд О.Н-ийг билет шалгагч, үйлчлэгчийн ажилд томилсон. О.Н-ийг жирэмсэн учир ямар нэгэн байдлаар дарамт шахалт үзүүлсэн зүйл байхгүй. О.Н-ийг бүтэц орон тоонд дурдагдаагүй албан тушаалд томилох боломжгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.Н нь хариуцагч Увс аймгийн ОХЖТ-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэж заасан хугацааны дотор ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан нь хуульд нийцсэн байна.
Хариуцагч “О.Н-ийн ажиллаж байсан хувцасны эрхлэгчийн туслахын орон тоо нь Увс аймгийн ОХЖТ-ын бүтэц орон тоонд батлагдаагүй тул нэхэмжлэгчийг энэ ажилд томилох боломжгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж маргажээ.
Увс аймгийн ОХЖТ-ын даргын 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн Б/14 дүгээр “Ажлаас чөлөөлж, ажилд шилжүүлэн томилох тухай” тушаалаар Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3, Хөдөлмөрийн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 40 дүгээр зүйлийн 40.1.5, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 472 дугаар тогтоолын 8 дугаар хавсралт, Увс аймгийн Засаг даргын 2017 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн А/01 дүгээр захирамж, Хөдөлмөрийн гэрээний 9.10 дахь заалт, ОХЖТ-ын тооллогын комиссын 2021 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 01 тоот дүгнэлтийг тус тус баримтлан О.Н-ийг 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрөөс хувцасны эрхлэгчийн туслахын ажлаас чөлөөлж, мөн өдрөөс эхлэн билет шалгагч, үйлчлэгчийн ажилд томилсон байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон” бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болохоор хуульчилсан байх ба ажил олгогч Увс аймгийн ОХЖТ-ын дарга, ажилтан О.Н нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 9.10 дахь заалтад “Ажилтан 9.1-9.10 дугаар зүйлд заасан зөрчил гаргасан тохиолдолд доорх арга хэмжээ авна” гэж заажээ.
Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан “ажил олгогчийн итгэлийг алдсан ажилтны гаргасан буруутай үйлдэл, эс үйлдэхүй” нь хууль, санхүүгийн болон хяналтын зэрэг эрх бүхий байгууллагын шалгалт, мөн ажил олгогчийн дотоодын хяналт шалгалтаар тогтоогдсон байхыг шаарддаг бөгөөд мөн хэсгийн “мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан“ гэдэгт ажил олгогчийн мэдлийн өмч хөрөнгийг бүртгэн авч, бүрэн бүтэн байдлыг хангах, хадгалах, хамгаалах, эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр бусдад шилжүүлэх үүрэг хүлээсэн эд хариуцагч байхаас гадна тодорхой зориулалт, чиглэлээр эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх мэдлийг өмчлөгчөөс шилжүүлэн авсан удирдах албан тушаалтан, мөн удирдах албан тушаалтантай зохих хэмжээгээр эд хөрөнгийг хамтран захиран зарцуулах эрхийг хэрэгжүүлж, эд хөрөнгийн хадгалалт хамгаалалтанд бүртгэлээр хяналт тавих эрх бүхий санхүүгийн албан тушаалтан зэргийг хамруулан ойлгоно.
Нэхэмжлэгч О.Н нь ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байгаагаас гадна хувцасны эрхлэгчийн туслахын ажил нь “мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан“ гэдэгт хамаарахгүй байна.
Ажилтныг ажлаас халсан тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, улмаар ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтны гаргасан зөрчил буюу ажлаас халагдсан үндэслэлтэй тохирч байх ёстой.
Хариуцагч О.Н-ийн ажиллаж байсан хувцасны эрхлэгчийн туслахын орон тоо нь Увс аймгийн ОХЖТ-ын бүтэц орон тоонд батлагдаагүй гэж тайлбарласан атлаа ажилтанг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан зөрчил гаргасан гэж үзэн ажлаас чөлөөлсөн нь тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажлаас чөлөөлсөн үндэслэлтэй тохирохгүй байна.
Мөн хариуцагч ажлаас чөлөөлөх тухай тушаал гаргахдаа ОХЖТ-ын тооллогын комиссын 2021 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 01 тоот дүгнэлтийг баримталсан атлаа шүүхэд 2020 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 01 тоот О.Н-ийг хувцасны эрхлэгчийн туслахын ажилд 2020 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр томилогдсоноос өмнөх хугацааны тоологын комиссын дүгнэлтийг ирүүлсэн байх тул тухайн дүгнэлтийг шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй юм.
Түүнчлэн ажил олгогч ажилтанг ажлаас чөлөөлөх тухай тушаал гаргахдаа хөдөлмөрийн гэрээг баримталж байгаа тохиолдолд хөдөлмөрийн гэрээний холбогдох заалтыг баримталбал зохино.
Хариуцагч тушаалдаа хөдөлмөрийн гэрээний 9.1-9.10-д заасан ямар зөрчил гаргасан, мөн 9.10-ын /а-в/-д заасан ямар сахилгын шийтгэл оногдуулж байгаа талаараа тодорхой заагаагүй атлаа зөвхөн хөдөлмөрийн гэрээний 9.10-д “Ажилтан 9.1-9.10 дугаар зүйлд заасан зөрчил гаргасан тохиолдолд доорх арга хэмжээ авна” гэж заасныг баримталсан нь ойлгомжгүй байна.
Иймд ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтны ажлаас халагдсан үндэслэлтэй тохирохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ш овогт О-ын Н-ийг Увс аймгийн ОХЖТ-ын хувцасны эрхлэгчийн туслахын ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч О.Н-ийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцдэг нэхэмжлэл тул улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдснийг дурдаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагч Увс аймгийн ОХЖТ-аас уг шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ш овогт О-ын Н-ийг Увс аймгийн ОХЖТын хувцасны эрхлэгчийн туслахын ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч О.Н улсын тэмдэгтийн хураамж 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөг төлөхөөс чөлөөлөгдснийг дурдаж, хариуцагч Увс аймгийн ОХЖТ-аас улсын тэмдэгтийн хураамж 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот дансанд оруулсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ