| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2024/0152/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/184 |
| Огноо | 2024-05-07 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Э.Уламбаяр |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 2024/ШЦТ/184
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
2 15 2019/
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн,
Улсын яллагч Э.Уламбаяр,
Шүүгдэгч А.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Б-д холбогдох эрүүгийн 2338003900128 дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, А.Б-,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.Б- нь 2023 оны 09 дүгээр сарын 16-ны орой Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Тоом 3 дугаар багт А.П-гийн гэрт М.П-ыг унтаж байх хооронд түүний эзэмшлийн Samsung Galaxy-A51 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 350,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2338003900128 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж, шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч А.Б- нь 2023 оны 09 дүгээр сарын 16-ны орой Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Тоом 3 дугаар багт А.П-гийн гэрт М.П-ыг унтаж байх хооронд түүний эзэмшлийн Samsung Galaxy-A51 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 350,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Б-ын өгсөн: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,
Гэрч А.П-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2023 оны 09 дүгээр сарын 16-ны орой над руу яриад чи гэртээ ганцаараа байгаа юм уу хөгшин нь яваад очих уу гэж ярьсан. Тэгэхээр нь би тэг тэг гэж хэлэхэд манайд М.П- ирэхдээ жаахан халамцуу ирсэн шиг санаж байна. ...М.П- ирээд бид хоёр цуг 2.5 литртэй пиво хувааж уугаад дууссаны дараа намайг ганц юм аваад ир гэсэн байх ер нь тэгдэг хүн. Тэгээд би дэлгүүр явж байгаад Б-тай таараад Б- М.П- танайд байгаа юу гэсэн байх тэгээд бид хоёр манай гэрт очоод Б- М.П-ыг сэрээгээд бид гурав нэг пиво хуваагаад ууж байтал М.П- нойрмоглоод байсан. Би тэр үед унтаад өгсөн. Тэгээд Б-, М.П- хоёр үлдсэн пиво уусан байх. М.П- нойрмоглоод байсан хүн аягүй бол унтаад өгсөн ч байж мэднэ. М.П-ыг унтчихаар нь Б- явсан байх. Шөнө М.П- намайг сэрээгээд утас алга болчихсон байна гээд байх шиг байсан. Тэгэхээр нь би наад ширээн дээгүүр чинь байсан чиний утас чинь дугараад байсан шүү дээ гэж хэлсэн. Тэгээд миний утсаар М.П-ын дугаар руу залгаж үзэхэд утас нь холбогдохгүй байсан. Тэр үед Б- явчихсан байсан. М.П- бид хоёр буцаад унтсан. Өглөө М.П- босоод утас олдохгүй байна гэж гэр орон ухаж төнхөж үзээд М.П- намайг шөнө муужраад миний утсыг ийш тийш нь хийчихсэн байж магадгүй гэж авдрыг маань хүртэл ухаж үзээд олоогүй. М.П- гараад явсан ажил руугаа явсан юм уу хаачсан юм мэдэхгүй байна. М.П- намайг утас авсан гээд байхаар нь би цагдаа шүүхэд нь хандаад шалгуул гэж хэлсэн. Тэгэхэд М.П- би өөрөө олно гээд явсан. М.П- бид хоёр цуг байж байгаад намайг дэлгүүр ороод ирэхэд Б- дэлгүүр дээр таараад бид гурав гэрт байсан. Өөр хүн манайд тухайн өдөр ирээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 тал/,
Үүрэн холбооны Юнител ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 05-01/9426 дугаартай 354485114244069 имей кодтой утсанд дугаар хийж ашигласан талаарх албан бичиг, хавсралт /хх-ийн 57-69 тал/,
“Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 923/8266 дугаартай Samsung Galaxy-A51 гар утас 350,000 төгрөг” гэх үнэлгээний тайлан /хх-ийн 31-33 тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 11 тал/,
Шүүгдэгч А.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын төвд найз А.П-гийн хамт түүний гэрт пиво уусан юм. Тэгэхэд тэднийд М.П- архи уугаад тасраад унасан унтаж байсан. А.П- бид хоёр нэг том пиво хувааж уучихаад би хадмынд хүн цайлахаар тэднийд очиж тэнд байсан хүмүүстэй нийт 3 ширхэг том пиво 2 шил архийг дөрвүүлээ хувааж ууж байгаад би харина гээд тэднийхээс гарч яваад шөнө нь гэртээ ирж хоносон. Тэгсэн өглөө манай гэрт М.П- намайг унтаж байхад миний гар утас байхгүй болсон байна харсан уу гэж орж ирсэн. Тэгээд миний утсыг гуйж аваад өөрийнхөө дугаар луу залгасан. Тэгэхэд би шартаад хэсэг унтах гэж байхад М.П- дахин манайд ирсэн. Дахиад утсаараа яриулаач андаа чи миний утсыг авчихсан юм биш үү андынхаа утсыг өгчихөөч гэхээр нь би санаа зовоод би А.П-гийнд хамт очиж утсыг хайлцсан. Тэгэхдээ А.П-, М.П- бид гурав шараа тайлах гэж нэг шил архи авчирч хувааж уусан. За тэгээд араас нь дахин архи нэмж уусан. Тэгээд өдөр дахин тасарч салганаж яваад гэртээ харьж унтсан байсан. Тэгээд 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр би өдөржингөө унтаж байгаад орой нь босч ирээд куртикний халаасыг үзэхэд М.П-ын гар утас гарч ирсэн. Тэгээд би тухайн үед эрүүл мэндийн шалтгааны улмаас эмнэлгийн байгууллагад очсон. Тэгээд мөнгөний хэрэгцээнээс болоод тэр утсыг 100,000 мянган төгрөгөөр хадам дүүдээ зарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч М.П-, гэрч А.П- нарын өгсөн мэдүүлэг, үүрэн холбооны Юнител ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 05-01/9426 дугаартай 354485114244069 имей кодтой утсанд дугаар хийж ашигласан талаарх албан бичиг, хавсралт, “Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 923/8266 дугаартай Samsung Galaxy-A51 гар утас 350,000 төгрөг” гэх үнэлгээний тайлан, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч А.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нь тухайн үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг гэрчилсэн шууд нотлох баримтууд бөгөөд энэ нотлох баримтуудаар шүүгдэгч А.Б- нь 2023 оны 09 дүгээр сарын 16-ны орой Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Тоом 3 дугаар багт А.П-гийн гэрт М.П-ыг унтаж байх хооронд түүний эзэмшлийн Samsung Galaxy-A51 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 350,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь нотлогдож байна.
Дээрх нотлох баримтууд нь шүүгдэгч А.Б-ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг нотолсон, хэрэг үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн нөхцөл байдлыг шууд гэрчилсэн, түүний гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзэв.
“Хулгайлах” гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн шууд санаатай үйлдлээр өмчлөгч, эзэмшигч нь тодорхой байгаа эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч өөрийн өмчийн адил захиран зарцуулсан үйлдлийг ойлгох бөгөөд энэ шинжээрээ өмчлөх эрхийн бусад гэмт хэргээс ялгагдана.
Шүүгдэгч А.Б-ын үйлдэл идэвхтэй, хохирогчийн эд зүйлийг бусдын өмчлөл эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж нууцаар, хууль бусаар өөрийн эзэмшилд авч байгаа үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруутай байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгчийн гэмт үйлдэл нь хууль бус шинжтэй, гэм буруугийн санаатай хэлбэртэй, идэвхтэй, ухамсартай, уг мотоциклийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж өөрийн өмчийн адил захиран зарцуулж, дээрх хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, өмчлөх эрхийн эсрэг хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч А.Б-ын 2023 оны 09 дүгээр сарын 16-ны орой Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Тоом 3 дугаар багт А.П-гийн гэрт М.П-ыг унтаж байх хооронд түүний эзэмшлийн Samsung Galaxy-A51 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 350,000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:
Шүүгдэгч А.Б-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч М.П-ын эд хөрөнгөнд 350,000 төгрөгийн хохирол учирсан нь хохирлын үнэлгээ тогтоосон Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 923/8266 дугаартай Samsung Galaxy-A51 гар утас 350,000 төгрөг” гэх үнэлгээний тайлангаар тогтоогдсон байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж зааснаар шүүгдэгч А.Б-аас 350,000 төгрөгийг гаргуулж хохирогч М.А.П-д олгох нь зүйтэй байна.
Хохирогч М.П- нь замын зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч А.Б-аас нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэв.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч А.Б-ын бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэх, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч А.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч А.Б-ын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч А.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч А.Б-ын хувийн байдлын талаарх хавтаст хэргийн 43-45, 50-54 дүгээр талд авагдсан иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн 2023 оны тооллогын баримтын хуулбар, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Тоом багийн Засаг даргын тодорхойлолт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч А.Б- нь ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 3 дугаар багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч А.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, хохирол төлбөр төлөөгүй байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.
Шүүгдэгч А.Б-ын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хүлээн зөвшөөрч байх тул шүүхээс шүүгдэгч А.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүх хуралдаанд улсын яллагчаас: “...350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах...” саналыг харгалзан шүүгдэгч А.Б-ыг 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.
Шүүгдэгч А.Б-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8-аас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялаас зайлсхийсэн тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэнд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлйн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-ыг 300 (гурван зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 (найм)-аас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялаас зайлсхийсэн тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч А.Б-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэнд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-аас гар утасны үнэ болох 350,000 (гурван зуун тавин мянга) төгрөгийг гаргуулж хохирогч М.П-т олгож, хохирогч М.П- нь замын зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч А.Б-аас нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР