| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2024/0153/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/185 |
| Огноо | 2024-05-07 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Э.Уламбаяр |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 2024/ШЦТ/185
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
2 15 2019/
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн,
Улсын яллагч Э.Уламбаяр,
Шүүгдэгч М.Г- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Г-т холбогдох эрүүгийн 2438000000074 дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, М.Г-,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.Г- нь 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багт байрлах М.Г-ийн гэрт нь түүнийг гадуур худлаа хэлж явлаа гэх шалтгаанаар галын хайчаар зодож, М.Г-ийн биед хоёр гарын бугалга, шуу, сарвуу, хоёр гуя, шилбэнд цус хуралт, зүүн бугуйд цус хуралт бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2438000000074 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч М.Г- нь 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Хөвсгөл
аймгийн Мөрөн сумын 6 дугаар багт байрлах М.Г-ийн гэрт нь түүнийг гадуур худлаа хэлж явлаа гэх шалтгаанаар галын хайчаар зодож, М.Г-ийн биед хоёр гарын бугалга, шуу, сарвуу, хоёр гуя, шилбэнд цус хуралт, зүүн бугуйд цус хуралт бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Г-ийн өгсөн: “...Би байж байсан чинь М.Г- Бүрэнтогтох сум руу хүнтэй сууна гээд хүүхдээ сургуулиас гаргаад шилжүүлсэн байсан. Гэрт нь очсон чинь олдоогүй. Хүүхэд нь сургууль дээр очсон байсан. Тэгээд хүн амьтан юу гэж бодох юм гэж бодсон. Галын хайчаар М.Г-ийг цохиж байгаад түлээ хагалаад ирсэн чинь хүүхэд хамгааллын төв дээр байна гэсэн. Хүүхдийг аваад өөрийг нь эмнэлэгт хэвтүүлсэн…” гэх мэдүүлэг,
Хохирогч М.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 14 цаг өнгөрч байхад Мөрөн сумын 6 дугаар баг ... тоот гэртээ байж байхад гаднаас манай ах М.Г- орж ирээд чи муу миний зөвшөөрөлгүй хаагуур тэнээд яваад байгаа юм бэ, миний нэр хүндийг харлуулсан тэнэг хүүхэн гээд галын хайчаар зодоод эхэлсэн. Тэгээд би аргаа бараад “та чинь миний ах биз дээ, намайг битгий зодооч гэж гуйсан боловч чамайг би алаад хаяна гээд зодоод байсан. Түлээ мод бэлд, галаа түл гээд түлээ хагалдаг сүх чинь хаана байна гээд сүх хайгаад гарахаар нь би гараад зугтсан. Тэгээд тэндээсээ гүйсээр байгаад Хүүхэд гэр бүл хамгааллын газар очоод болсон явдлын талаар ярьсан. ... Тухайн үед миний буруугаас болсон. Би ар гэртээ хэлэлгүй хөдөө яваад айлын хүн дагаад хүнтэй сууна гээд явсан байсан юм. Тэрнээс болоод манай төрсөн ах М.Г- уурлаж намайг зодсон. Хэрэв би тэгж яваагүй бол энэ асуудал үүсэхгүй, мөн өдөр зодуулаад хүүхэд хамгаалах төвд очиж хүнтэй утсаар ярих гэсэн чинь тэр төвийн ажилтан цагдаа дуудсан юм. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Миний буруугаас болсон юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13, 86 тал/,
Гэрч Ж.Н-гийн өгсөн: “...2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр М.Г- нь зах дээр хөдөө явна гэж явж байна гэж хүн хэлэхээр нь би хайж эхэлсэн. Манай энэ дүү сэтгэцийн өвчтэй юм. Тэгээд хоёр хоногийн дараа цагдаагийн газрын нэг цэгийн үйлчилгээний хамгаалах байранд байгаа талаар мэдээд ирсэн. М.Г- нь ноднингоос сэтгэцийн өвчтэй болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 тал/
Гэрч Б.Ц-ын өгсөн: “...2024 оны 01 дүгээр сарын 29-ний орой гэртээ харьж байхад Ж.Н- эгч над руу утсаар залгаж хэлэхдээ М.Г- хүүхэд сургуулиас гаргана энэ тэр гэж явна гэхээр нь би шууд төрсөн ах М.Г-тай утсаар холбогдоод М.Г- хүүхдээ сургуулиас гаргана гээд явж байна гэж хэлтэл заа эгчээ наана байж бай би яваад очъё гэсэн. Тэгээд удаа ч үгүй М.Г- машинтайгаа ирээд бид хоёр 6 дугаар хорооны гэрээр нь орж хайгаад олоогүй. Дараа нь гудамжаар хайгаад, мөн тээврийн товчоон дээрээс хайгаад олоогүй. Тэгээд 22 цагийн үед гэртээ харьсан. Тэгээд маргааш өглөө нь бас гэрээр нь М.Г- бид хоёр очоод цоожтой байсан. Хүүхэд нь сургууль дээр очсон болов уу гээд багшаас нь асуутал ирээгүй байна гэсэн. Тэгээд 15 цагийн үед ангийн багш нь над руу залгаад хүүхдийн сураг гарлаа та хүрээд ир гэсэн. Тэгэхээр нь би Ж.Н- эгчийг дагуулаад сургууль дээр нь ирээд цагдаагийн хамгаалах байранд байгаа талаар мэдсэн. М.Г- нь ноднин хавраас сэтгэцийн өвчтэй болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 тал/,
Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 99 дугаартай: “...М.Г-ийн биед хоёр гарын бугалга, шуу, сарвуу, хоёр гуя, шилбэнд цус хуралт, зүүн бугуйнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. М.Г-ийн биед үүссэн шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 27 тал/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 16 дугаартай: “...1. М.Г- нь сэтгэцийн эмгэгтэй. 2. Уг өвчин нь 2023 оны 08 сард Улаанбаатар хотод дэмийрэл болон солиорлын хам шинжтэй Сэтгэцийн эрүүл мэндийн ундэсний төвд хэвтэж эмчлэгдэж байсан. 2023 оны 11 сард Эрдэнэт хотын Сэтгэц наркологийн тасагт нэг сар хэвтэж байсан. 3. М.Г- нь гэмт хэрэг үйлдэхээс өмнө 2023 онд сэтгэцийн эмгэгээр өвчилж байсан. Энэ нь дэмийрэл зонхилсон бусад цочмог солиорох эмгэг 4. М.Г- нь нь үнэн зөв мэдүүлэг өгөх бусдад ойлгуулах чадамж муу. 5. М.Г- нь хэрэг хариуцах чадваргүй. 6. М.Г- нь тус аймгийн хил хамгаалах байрнаас үг яриа ихтэй зэргийн дэмийрэл байдалтай ирж хэвтсэн Хөвсгөл аймгийн Сэтгэц наркологийн тасагт нийт 51 хоног хэвтэж эмчлэгдэж байгаад гарсан. Одоо үргэлжлэх шатны эмчилгээг сэтгэц нөлөөт сэтгэц тайвшруулах эмийг 1 жилийн турш сэтгэцийн эмчийн болон ар гэрийн хяналтад ууна. Эмчлэгч эмчээс тухай эмчлүүлэгчийн талаар дэлгэрэнгүй асууж болно. 7. М.Г-т орон нутгийн энгийн албадлагын хэмжээ авч болно...” гэх дүгнэлт /хх-ийн 81-82 тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7 тал/,
Шүүгдэгч М.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр гэртээ байж байхад манай нагац эгч утсаар залгаад ...М.Г- Бүрэнтогтох сумаас ирсэн хүүхдээ тэр сум руу шилжүүлнэ гэсэн явж байна чи наадах дүүгээ олж уулзаач гэхээр нь би 12 цаг өнгөрч байхад гэрээсээ гараад 6 дугаар 22-05 тоотод гэрт нь очиход М.Г- гэртэй байхгүй байхаар нь зах дээгүүр хайгаад Бүрэнтогтох сумын машин явдаг газраас хайгаад олоогүй. ...15 цаг өнгөрөөгөөд 6 дугаар хороонд дахиж очтол манай дүү М.Г- гэрээ цоожлоод гарах гэж байхаар нь барьж аваад гэрт нь оруулаад чи яах гэж хүүхдээ шилжүүлээд байгаа юм юун хүнтэй суух энэ тэр талаар хэлээд загнаад ойлгоогүй юм. Тэгтэл манай дүү М.Г- миний урдаас хэрүүл хийж тогоо аваад шидэхээр нь би галын хайч барьж аваад нэлээд хэдэн удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-35 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч М.Г-, гэрч Ж.Н-, Б.Ц- нарын мэдүүлэг, Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 99 дугаартай дүгнэлт, Шүүх сэтгэц эмгэг судлалын 16 дугаартай дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч М.Г- нь 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багт байрлах М.Г-ийн гэрт нь түүнийг гадуур худлаа хэлж явлаа гэх шалтгаанаар галын хайчаар зодож, М.Г-ийн биед хоёр гарын бугалга, шуу, сарвуу, хоёр гуя, шилбэнд цус хуралт, зүүн бугуйд цус хуралт бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутай нь нотлогдож байна.
Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч М.Г-ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч М.Г-ийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч М.Г-ийн үйлдэл идэвхтэй, хохирогч М.Г-ийн бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэж, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.
Шүүгдэгч М.Г-ийн хохирогч М.Г-ийн эрүүл мэндэд нь халдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулсан гэм буруугийн санаатай, нийгэмд аюултай, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл мөн тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч М.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д заасан “...хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:
Шүүгдэгч М.Г-ийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохиролд хохирогч М.Г- нь төлбөр нэхэмжлээгүй, гомдол саналгүй гэсэн байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч М.Г-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч М.Г-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Хавтаст хэргийн 38-61 талд авагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, ЦЕГ-ын хайлтын системийн захиргааны зөрчил шийдвэрлэлтийн лавлагаа зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч М.Г- нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн ... тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага зэргийг харгалзан үзсэн болно.
Шүүгдэгч М.Г- нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.
Шүүгдэгчийн хувьд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүх шүүгдэгч М.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулахдаа шүүх хуралдаанд улсын яллагчаас: “...500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах” саналыг харгалзан шүүгдэгч М.Г-ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г-т оногдуулсан торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаагаар төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж байна.
Эрүүгийн 2438000000074 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г-ийг 500 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г-т оногдуулсан торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч М.Г-т оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Энэ хэрэгт шүүгдэгч М.Г- нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч М.Г-т төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР