Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 138/ШШ2021/00468

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа даргалж, ерөнхий шүүгч С.Ганчимэг, шүүгч Г.Уртнасан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* сумын 4 дүгээр баг өөрийн байранд байрлах, ******* регистрийн дугаартай, Дорнод аймгийн *******ын газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Дорнод аймгийн ******* сумын 4 дүгээр баг, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* *******д холбогдох,

Төрд учруулсан хохирол 110 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Б.Мөнгөнбулга, иргэдийн төлөөлөгч /онлайнаар/, нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч С.Алтай /онлайнаар/, хариуцагч Д.******* /онлайнаар/, хариуцагчийн өмгөөлөгч М.Энхтуяа /ү-*******38, онлайнаар/ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Дорнод аймгийн *******ын газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Мал аж ахуй эрдэм шинжилгээний хүрээлэнгийн харъяа Дорнод аймаг дахь сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн хүрээлэнгээс ...Тухайн төвийн захирлаар ажиллаж байсан Д.******* нь ҮХААЯ-ны төрийн нарийн бичгийн даргын 2013 оны А/123 дугаар тушаалаар ҮХААЯ-ны харъяа Тариалан эрхлэлтийг дэмжих сан-аас Жимсний суулгац, үржүүлгийн плантаци байгуулах төсөл-ийн гэрээний санхүүжилтээр авсан 110 000 000 төгрөгийн талаарх мэдээллийг танилцуулаагүй, улмаар төслийн хэрэгжилтийн тайлан, төсвийн зарцуулалтыг гаргаж өгөөгүй тул хүрээлэнгийн нягтлан бодогч Т.Алтанчимэг нь 2015.05.16-ны өдрийн 21 албан тоотоор Дорнод аймгийн Цагдаагийн газарт шалгуулах хүсэлт хүргүүлсэн. Хүсэлтийг ...цагдаагийн дэслэгч Э.Цахиурчулуун хүлээн авч шалгаад, 2016.06.21-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах санал үйлдэж, прокурорт шилжүүлсэн байна. Дорнод аймгийн *******ын газраас ...3232 дугаартай гомдол мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсугай гэсэн тогтоол гаргасан. Тус хүрээлэнгээс аймгийн *******ын газарт хэргийг дахин шалгуулах хүсэлтийг 2020.03.12-ны өдрийн албан тоотоор хүргүүлсэн. ...Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн-ийг аймгийн Ерөнхий прокурор хянаад шийдвэрийг хүчингүй болгож, 2020.03.26-ны өдөр хэрэг бүртгэлтийн 202100176 дугаартай хэрэг нээсэн. Үүний дагуу Авилгатай тэмцэх газрын мөрдөгч, комиссар М.Батмөнх хэрэг бүртгэлт явуулж, 2020.06.03-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай санал гарган прокурорын хяналтад ирүүлснийг хянаад, ...гэмт хэргийн шинжгүй байх тул хэргийг хааж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэсэн прокурорын тогтоол гарсан байна. Иймд *******ын тухай хуулийн 20.1 дэх заалтыг үндэслэн Д.*******ын буруутай үйлдлийн улмаас байгууллагад учруулсан хохирлыг хуулийн дагуу нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх арга хэмжээг авч туслалцаа үзүүлнэ үү... гэсэн хүсэлтийг гаргажээ. ...ирүүлсэн хүсэлтийг хянахад Мишээл од аудит ХХК-ийн аудитын тайлан дүгнэлтээр ...61 067 775 төгрөгийн 10171 ширхэг суулгацыг худалдан авч суулгаагүй, ...бүгд 5 734 429 төгрөгийн суулгац дутсан, тус байгууллагын захирал асан Д.******* нь 24 512 725 төгрөгөөр худалдан авсан суулгацыг 2014 оны санхүүгийн тайланд нэг бүрийн үнийг 4-7 дахин нэмэгдүүлэн 100 000 000 төгрөгөөр тусгасан, мөн 2013, 2014 оны санхүүгийн тайлан буруу илэрхийлэгдсэн, хөрөнгө, өр төлбөрийг тусгаагүй байсан зэрэг зөрчлүүд байгаа нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасныг зөрчиж байгаагаас гадна уг хуулийн 18.1 ...заалтыг ноцтойгоор зөрчсөн байна гэж үзлээ... гэсэн дүгнэлт гарсан байх ба дээрх дүгнэлтээр Д.******* нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн, түүний үйлдлийн улмаас төрийн ашиг сонирхол зөрчигдөж байх тул ...нэхэмжлэл гаргах хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд Д.*******аас 110 000 000 төгрөгийг гаргуулж, улсын төсөвт оруулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Алтай шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Д.******* нь 2013 оны 7 сард Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас жимс жимсгэний плантаци байгуулах төсөл бичиж шалгараад 110 000 000 төгрөгийн зээлийн гэрээг 2013 оны 5 сарын 31-ний өдөр байгуулсан байдаг. Уг төслийн дагуу Д.******* нь ОХУ-ын Чита хотоос алим, үхрийн нүд, чавга, тошлой зэрэг жимсний суулгац авч ирж суулгасан. Холбогдох ажиллагааг хэрэгжүүлж байсан боловч уг 110 000 000 төгрөгийг зарцуулсан талаарх санхүүгийн баримт өнөөдрийг хүртэл хаана байгаа нь тодорхойгүй, өөрөө өгсөн гэдэг боловч тухайн байгууллагад энэ талаарх ямар ч санхүүгийн баримт байдаггүй. Мөн 2014 онд 14 767 000 төгрөгийн суулгац худалдан авсан гэдгээ 110 000 000 төгрөгийн суулгац авснаар тайланд тусгаж, 85 487 235 төгрөгийн суулгацыг худалдан аваагүй байж худалдан авснаар тооцож, тайландаа худлаа тусгасан байдаг. Д.******* нь ажил хүлээлцэхдээ энэ үйл ажиллагаатай холбоотой 110 000 000 төгрөгийн ямар нэгэн санхүүгийн баримт үлдээгээгүй. Түүнээс гадна уг төсвийн хөрөнгийн 54 373 771 төгрөгийг аж ахуйн бусад зардал буюу хөрөнгө худалдан авах, зөгийн аж ахуй зэрэгт зарцуулчихсан байдаг. Иргэний хуулийн 494-р зүйлд бусдын хөрөнгийг хууль бусаар захиран зарцуулсан гэж үзэх үүргийн тухай заасан байдаг. Эд хөрөнгийн өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр өөр зүйлтэй хольж захиран зарцуулах зэргээс учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй байдаг. Тус төвд жимс жимсгэний плантаци байгуулах гэрээ байгуулчихаад үүнийхээ дагуу төсвийн хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулсан эсэх талаар ямар ч баримт байхгүй, өнөөдөр олигтой ургаж байгаа мод байхгүй. Түүнээс гадна тус байгууллагын өмчлөлийн 120 тонны багтаамж бүхий зоорийг 110 000 000 төгрөгийнхөө барьцаанд тавьчихсан. Төслийн хэрэгжилт нь туйлын хангалтгүй болсон. Ийм учраас Д.*******аас 110 000 000 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулах нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж оролцож байна гэв.

Хариуцагч Д.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Дорнод аймгийн эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн төвийн захирлаар ажиллаж байх үед ...эрдэм шинжилгээний ажилтнууд хамтарч 2013 оны 02 сард Дорнод бүсэд жимс, жимсний суулгац үржүүлгийн плантаци байгуулах төсөл бичиж, ...уг төсөл нь тендерт шалгарч, ҮХААЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 2013.05.01-ний өдрийн А/625 дугаар тушаалын дагуу гэрээ байгуулах эрх олгосноор Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн гүйцэтгэх захирал Д.Одтой 2013.05.31-ний өдөр Жимс, жимсгэний суулгац үржүүлгийн плантаци байгуулахаар, эргэн төлөх нөхцөлтэйгээр 110 сая төгрөгийн зээл авах гэрээг байгуулсан. Төслийг 2013-2019 онд хэрэгжүүлэхээр тооцсон бөгөөд миний хувьд төсөлд дурдсан ажлын эхний 1 жил гаруйн хугацаанд хийж хэрэгжүүлсэн. ...Нэхэмжлэлдээ ...Мишээл од аудит ХХК-ийн дүгнэлтээр 61 067 775 төгрөгийн 10171 ширхэг суулгацыг худалдан авч суулгаагүй... гэж дурджээ. Төсөлд МУ-д нутагшсан жимсний сортыг тариалах, олдохгүй тохиолдолд ...ижил төстэй сортуудыг судлан үржүүлж, зах зээлд борлуулахаар тусгаж, нийт 3,5 га-д плантаци байгуулах зорилтыг тавьсан. Уг төслийн зээлийн 110 000 000 төгрөг нь ...2014 оны ******* сард орсон учир энэ төсөл 1 жилээр хойшлох болсон. 2013 оны хавар дотоодын зах зээлээс олдсон үхрийн нүд, гүзээлзгэнэ, ойн зурвасанд тариалах суулгацыг зээлээр авч тариалаад, мөнгө дансанд орж ирэхээр нь төлсөн. 2012 оноос чацарганы плантаци байгуулах ажлыг эхэлж, зээлээр авсан суулгацын үнийг төслийн зардлын тооцоонд оруулсан. Манай оронд ургах боломжтой алим, жимсгэний суулгац олдохгүй байсан тул ...ОХУ-ын Чита мужаас 2014 онд суулгац авах болсон. ...Нийт дүнгээрээ 13917 суулгацнаас эхний ээлжинд зайлшгүй шаардлагатай 5195 ширхэг суулгацыг худалдан авч тариалалт хийсэн бөгөөд бусад суулгацыг өөрсдөө үржүүлэх, заримыг нь дараа онуудад худалдан авахаар төсөлд тусгасан тул 61 сая төгрөгийн суулгацыг худалдан аваагүй.

Худалдан авсан суулгацаас 5 734 429 төгрөгийн суулгац дутсан... гэжээ. Суулгацын амьдрах чадварыг тооцоолсон дүнгээр нийт тарьсан суулгацын амьдралт 2013 онд алимны суулгац 70,9 хувь, үхрийн нүд 97,4 хувь, чацаргана 94,1 хувь байсан. 2014 онд алимных 93,6 хувь, жимсгэнийх 44,2 хувь байсан. Эрдэм шинжилгээний ахлах ажилтан Ц.Аюушийн судалгаагаар алимны төрлийн модны амьдралт 60-97 хувь, жимсгэнийх 85 хувь, улиасных 98 хувь, чимэглэлийн модных 95 хувь байсныг тогтоож технологийн зөвлөмжид тусгасан байна. ...Бид төслөөр авах ёстой суулгацыг бүрэн аваагүй нь эрсдлийг багасгаж, байгууллагад учрах хохирлыг урьдчилан сэргийлж чадсан. ...2015.04.20-оос модны хучлагыг авч, усалгаа арчилгаа хийж, 05 сард өвлийн хугацаанд үхсэн суулгацын тоог жимсний төрөл бүрээр гаргаж, тооцоо хийх ёстой. Гэтэл Мал аж ахуй, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирлын тушаалаар намайг болон энэ ажлыг гүйцэтгэхэд оролцдог эрдэм шинжилгээний 3 ажилтанг 2015.03.06-ны өдрөөс ажлаас халсан. 2015.04.05-ны өдөр Н.Цэрэн, Т.Батмөнх, П.Батсүрэн, М.Мягмарбат нарын ажлын хэсэг суулгац тоолсон материалыг хэрэгт хавсаргасан бөгөөд ...2014 оны намар ямар төрлийн жимсний суулгац хэдэн ширхэг ургаж байснаас ямар төрлийн жимсний суулгацууд амьдарч байгааг 2015 оны 05 сард жимсний төрөл бүрээр гаргах ёстой байхад 04-р сарын 05-нд амьдралтыг тоолсон нь үнэмшил муутай. ...Бид төсөл хэрэгжүүлэх 7 жилийн ажлаас 1 жил гаруйн хугацаанд эхний үе шатны ажлыг хэрэгжүүлсэн бол үлдэх 5-6 жилд юу хийснийг төрийн байгууллагууд тогтоох ёстой байсан. Намайг шалгахаас гадна надаас хойш хийгдэх ёстой байсан ажлыг хэн хийгээгүй, хэрэгжүүлээгүйг шалгаж тогтоох ёстой.

...Д.******* нь 24 512 725 төгрөгөөр худалдан авсан суулгацыг 2014 оны санхүүгийн тайланд нэг бүрийг 4-7 дахин нэмэгдүүлсэн үнээр тусгасан... гэжээ. 2014-2015 оны үед жимсний модыг ямар хөрөнгөд бүртгэх нь маргаантай байсан тул нягтлан бодогч Ж.Бадам аймгийн Аудитын газар, Орон нутгийн өмчийн газар, ХААИС зэрэг байгууллагаас асууж байгаад үндсэн хөрөнгөд бүртгэх нь зүйтэй гэж үзсэн. Нягтлан бодох бүртгэлийн ОУ-ын стандартад ...үндсэн хөрөнгийг анх бүртгэлд бүртгэхдээ анхны өртгөөр, эсхүл бодит үнэ цэнээр бүртгэнэ гэж заасны дагуу жимсний суулгацыг 1-2 жил ургуулахад зарцуулсан зардлыг тусгаж, өөрийн өртгөөр нь бүртгэсэн гэсэн. Эдгээр суулгацыг тариалах явцад ...2 жилийн нийт зардлыг оролцуулахад нэг модны өөрийн өртөг суулгацын анхны үнээс 4-7 дахин нэмэгдэж байгаа бөгөөд үндсэн хөрөнгөд тусгасан болохоос биш 4-7 дахин их үнээр худалдан аваагүй гэдгийг баримт харуулж байна.

2013, 2014 оны санхүүгийн тайлан буруу илэрхийлэгдсэн, хөрөнгө өр төлбөрийг тусгаагүй зөрчил гаргасан гэжээ. Бүтэц зохион байгуулалт, удирдлагын нөхцөл байдлаас шалтгаалан санхүүгийн тайланг буруу илэрхийлэгдсэн гэж үздэг. Мөн дээрх бүртгэлийн стандартыг хэрэгжүүлэх явцад алдаа гаргасан байж болно. ...2012-2013 онуудад нягтлан бодогч Ж.Бадам нь санхүүгийн анхан шатны материалаа аваад МААЭШХ-ийн санхүүгийн программд хийж, тус хүрээлэнгийн нягтлан бодогч Ж.Мөнхтуяад хүлээлгэн өгөөд ирдэг байсан. Түүнчлэн жил бүр санхүүгийн тайландаа хуваарийн дагуу аудит хийлгэдэг байсан. Аудитын дүгнэлтүүдээр ямар нэгэн зөрчил гараагүй. Мөн нягтлан бодогч Ж.Бадам нь 2014 оны санхүүгийн тайлан гаргах үед буюу 2015 оны 1 сард зуурдаар нас барсан. Иймээс аймгийн Аудитын газраас зөвлөгөө авч, 1-р сургуулийн нягтлан бодогч Чимэд тусалж, Хөлөнбуйр сумын төрийн сангийн нягтлан бодогч байсан Өлзийтуяагаар тайлангаа гаргуулсан. Тэд ч салбарын онцлогийг сайн мэдэхгүй, буруу дутуу гаргасан байж болно.

...Төслийн хөрөнгийг зориулалтын бусаар зөгийн аж ахуйд зарцуулсан... гэж намайг буруутгажээ. Уг төслөөр 4-5 жилийн дараа эргэн төлөх зээлийн дэмжлэг авсан тул үр ашгаа хурдан өгөх зөгийн аж ахуйн салбараа зэрэгцүүлэн сайжруулах бодлогын хүрээнд 40 эх зөгийг авч, зөгийн бүлүүдэд тавьж чанарыг сайжруулсан. Манай байгууллагын үйлдвэрлэлийн салбар нь аж ахуйн дотоод тооцоон дээр ажилладаг учир зөгийн аж ахуйгаас дараа жил олох орлогоосоо жимсний плантацид зарцуулахаар тооцсон нь ямар нэгэн хууль зөрчөөгүй гэж үздэг.

Хөндлөнгийн аудитын тооцоо дүгнэлтээр ...зарим хөрөнгө, өр авлагыг тусгаагүй... гэж дүгнэсэн боловч ямар хөрөнгө мөнгийг хувьдаа ашигласан тухай дүгнэлт гаргаагүй, мөн аймгийн хууль хяналтын газар шалгаж, намайг албан тушаал ашиглан ямар нэгэн хөрөнгө мөнгө хувьдаа ашиглаагүй болохыг тогтоосон. Хэрэв ямар нэгэн эд хөрөнгө ашигласан, идсэн бол би хариуцахад бэлэн байна. ...Аймгийн *******ын газраас гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч Д.******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ...Миний бие нь 2002 оноос 2015 оны 3 сар хүртэл Хөдөө аж ахуй их сургуулийн харьяа Дорнод аймгийн эрдэм шинжилгээ үйлдвэрлэлийн төвийн удирдах ажилтнаар ажиллаж байсан. Энэ төсөл хэрэгжээд 1 жил болж байгаа хугацаанд би ажлаасаа халагдсан. Энэ мөчөөс эхэлж би энэ байгууллагын үйл ажиллагаанд оролцох эрхгүй болохоор өөрийн эрхгүй ажлаасаа гараад явсан юм. Би хамт олонтойгоо энэ хүрээлэнг 10 жилд босгож чадаж байсан. Үүнээс хойш энэ байгууллагад 3 дахь захирал томилогдсон. Тэр хүмүүс нь юу хийсэн юм, миний бүтээж байгуулсан зүйлийг яагаад устгаад алга болгосон. Аудит баримтуудад үндэслээд дүгнэлт гарчихсан байхад бичиг баримтаа өгөөгүй явсан гээд байх юм. Бүхэл бүтэн 3,5 га газарт цэцэрлэг байгуулчихсан, намайг ажлаас минь гаргачихаад яагаад дараа дараагийн захирлууд нь ажлаа хийдэггүй юм бэ. Тэр 3,5 га цэцэрлэгт нь манаач ч алга. Дараа дараагийн томилогдсон захирлууд энэ төслийг үргэлжлүүлэн хийх ёстой. Намайг ажиллаж байхад 400 гаруй тоо толгой малтай байсан, 2 жилийн дотор л тэр мал дууссан, одоо энэ байгууллагад өнчин ишиг ч байхгүй. Иймэрхүү байдалтай байхад яагаад дараа дараагийн удирдлагууддаа хариуцлага тооцохгүйгээр ажлаас халагдсан намайг хэдэн жил хуулийн байгууллагаар шалгуулж, намайг сэтгэл санаагаар дарамтлаад байж байдаг юм бэ. Би үнэхээр гомдолтой, бас харамсалтай байна. Ийм учраас би энэ нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй... гэв.

Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: ******* нь ажлаа хийж байгаад ажлаасаа гарсан хүн байна. Төслийг компани үргэлжлүүлэн хийх ёстой байсан. Тийм учраас компани өөрөө тухайн 110 сая төгрөгийг хариуцаж төлөх нь зөв гэж үзэж байна гэв.

Шүүх хуралдаанаар талуудын тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Дорнод аймгийн *******ын газар нь Мал аж ахуй эрдэм шинжилгээний хүрээлэнгийн харъяа Дорнод аймаг дахь сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн хүрээлэнгийн хүсэлтээр хариуцагч Д.*******д холбогдуулан Төрд учруулсан хохиролд 110 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргаж, шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж оролцсон болно. (хх 1-3, 6-7 тал)

Мал аж ахуй эрдэм шинжилгээний хүрээлэнгийн харъяа Дорнод аймаг дахь сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн хүрээлэн нь төрийн байгууллага байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, *******ын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу Дорнод аймгийн *******ын газар нь тус хүрээлэнгийн хүсэлтээр нэхэмжлэл гаргах эрхтэй гэж үзнэ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Мишээл од аудит ХХК-ийн аудитын тайлан дүгнэлтээр Д.******* нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн нь тогтоогддог. Д.******* нь удирдах албан тушаалтны хувьд уг төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулчихсан, мөн зориулалтын бусаар зарцуулсан. 110 сая төгрөгийн барьцаанд төрийн байгууллагын өмч болох 120 тонны багтаамж бүхий зоорийг тавьсан байдаг. Өнөөдрийн байдлаар энэ төслийн зээл 110 сая төгрөгийг хэн төлөх нь, мөн барьцаанд тавьсан зоорийг хэрхэн шийдвэрлэх нь тодорхойгүй, төрийн байгууллагад бодитой хохирол учирч байна... гэж тайлбарлаж байна.

Харин хариуцагч Д.*******, түүний өмгөөлөгч М.Энхтуяа нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч татгалзаж буй үндэслэлээ ...Зээлийн мөнгө болох 110 төгрөгийн хөрөнгө оруулалт тус хүрээлэндээ үлдсэн. 110 сая төгрөгийг Д.******* хувьдаа авч ашиглаагүй, аудитын дүгнэлтээр тус мөнгийг хэрхэн зарцуулсан нь тодорхой харагдаж байна. Байгууллагад хохирол учруулаагүй. Дараа дараагийн томилогдсон захирлууд төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, зээлийг төлөх ёстой. Нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй... гэж маргаж байна. (хх 81-92 тал)

Шүүх талуудын гаргаж өгсөн нотлох баримт, тайлбарын хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагын талаар дүгнэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч Д.******* нь Монгол Улсын Хөдөө аж ахуйн их сургуулийн ректорын 2002 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 39 дугаартай тушаалаар тус сургуулийн харъяа Дорнод бүсийн салбарын захирлаар 2002 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс томилогдон ажиллаж эхэлжээ. (хх 34 тал)

Хөдөө аж ахуйн их сургуулийн харъяа Дорнод бүсийн салбарыг тус сургуулийн ректорын 2008 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 58 дугаар Эрдэм шинжилгээний салбарын нэр өөрчлөх тухай тушаалаар Хөдөө аж ахуйн их сургуулийн харъяа Дорнод бүсийн эрдэм шинжилгээ үйлдвэрлэлийн төв болгон нэрийг өөрчилсөн, мөн МУ-ын Засгийн газрын 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 78 дугаар тогтоолоор Хөдөө аж ахуйн их сургуулийн харъяа Дорнод бүсийн эрдэм шинжилгээ үйлдвэрлэлийн төвийг Мал аж ахуй эрдэм шинжилгээний хүрээлэнгийн харъяа Дорнод аймаг дахь сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн хүрээлэн болгон өөрчлөн ажиллуулахаар болсон байна. (хх 6, 108 тал)

Хариуцагч Д.******* нь дээрх албан байгууллагад ажиллаж байх хугацаандаа буюу 2013 оны 02 дугаар сард тус хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтнуудын хамтаар Дорнод бүсэд жимсний суулгац үржүүлгийн плантаци байгуулах төсөл-ийг бичиж /уг төслийг талуудын хэн аль нь нотлох баримтаар ирүүлээгүй ч энэ үйл баримтын талаар талууд маргаагүй/ Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас зарласан төсөл сонгон шалгаруулалтад оролцож, уг төсөл нь хамгийн сайн үнэлэгдэн 110 000 000 төгрөгийн эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлийн дэмжлэг авахаар болсон нь Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2013 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/123 дугаар тушаалын хуулбар болон хэрэгт цугларсан бичгийн бусад баримтууд, зохигчдын тайлбар зэргээр тус тус тогтоогдож байна. (хх 15-27, 64, 81-92 тал)

Улмаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны харъяа Тариалан эрхлэлтийг дэмжих сан /зээлдүүлэгч/ Хөдөө аж ахуйн их сургуулийн харъяа Дорнод бүсийн эрдэм шинжилгээ үйлдвэрлэлийн төв /зээлдэгч/-ийн захирал Д.*******тай 2013 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Зээл/2013-03 дугаартай Жимсний суулгац үржүүлгийн плантаци байгуулах зээлийн гэрээ болон 2013 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн БЗ-2013/-03 дугаартай Барьцааны гэрээ зэргийг тус тус бичгээр байгуулж, талууд гэрээнд гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулжээ. (хх 65-69 тал)

Дээрх гэрээнүүдийн дагуу зээлдүүлэгч нь 110 000 000 төгрөгийг 2013 оны ******* дугаар сарын 08-ны өдөр зээлдэгч Дорнод бүсийн эрдэм шинжилгээ үйлдвэрлэлийн төвийн Худалдаа хөгжлийн банк дахь 4010*******863 тоот дансанд шилжүүлсэн байх ба зээлдэгч нь 110 000 000 төгрөгийн зээлийн эргэн төлөлтийг 4 хувааж буюу 2016-2019 оны хооронд он тус бүрийн 05 дугаар сарын 28-ны өдөр 27 500 000 /27,5 сая х 4=110,0 сая/ төгрөгөөр төлж дуусгахаар талууд харилцан тохиролцож гэрээг байгуулсан байна.

Энэхүү Дорнод бүсэд жимсний суулгац үржүүлгийн плантаци байгуулах төсөл нь 2013 оноос 2019 оны хооронд хэрэгжиж дуусахаар төсөл байсан нь хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

Хариуцагч Д.*******ыг Мал аж ахуй эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирлын 2014 оны ******* дугаар сарын 03-ны өдрийн 56 дугаар Ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай тушаалаар Дорнод бүсийн эрдэм шинжилгээ үйлдвэрлэлийн төвийн захирлын албан тушаалаас 2014 оны ******* дугаар сарын *******-ны өдрөөс чөлөөлж, мөн өдрөөс эрдэм шинжилгээний ажилтнаар, М.Мягмарбатыг тус төвийн захирлын албан тушаалд томилон ажиллуулахаар тус тус шийдвэрлэсэн байна.

Уг тушаалыг Д.******* эс зөвшөөрч Мал аж ахуй эрдэм шинжилгээний хүрээлэнд холбогдуулан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, тус шүүх хэргийг хянаад, 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 5792 дугаар шийдвэрээр Мал аж ахуй эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирлын 2014 оны ******* дугаар сарын 03-ны өдрийн 56 дугаар тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. (хх 32, 105-1******* тал)

Шүүх ийнхүү шийдвэрлэсэн байх хэдий ч Д.******* нь Дорнод бүсийн эрдэм шинжилгээ үйлдвэрлэлийн төвийн захирлаар бус эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байсан байна. Гэвч түүнийг Мал аж ахуй эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирлын 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 12 дугаар Орон тоо цомхотгох тухай тушаал /Дорнод бүсийн эрдэм шинжилгээ үйлдвэрлэлийн төвийн нийт 11 ажилтныг чөлөөлсөн/-аар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. (хх 109-110 тал)

Үүнээс үзэхэд хариуцагч Д.******* нь 2013 оноос 2019 оны хооронд хэрэгжиж дуусах байсан Дорнод бүсэд жимсний суулгац үржүүлгийн плантаци байгуулах төсөл-ийг зээлдүүлэгчээс 110 сая төгрөгийн зээл шилжиж ирсэн өдөр буюу 2013 оны ******* дугаар сарын 08-ны өдрөөс ажлаас халагдах хүртэл буюу 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хэрэгжүүлэн ажилласан гэж үзэхээр байна.

Тодруулж хэлбэл, хариуцагч Д.******* нь 2013-2014 оны хооронд Дорнод бүсийн эрдэм шинжилгээ үйлдвэрлэлийн төвийн захирлаар ажиллаж байх хугацаандаа төслийн дагуу олгосон зээл 110 000 000 төгрөгөөс 88 474 554 төгрөгийг зарцуулсан байх бөгөөд үүнээс 34 100 783 төгрөгийг төслийн үйл ажиллагаанд, харин 54 373 771 төгрөгийг зориулалтын бусаар буюу тус төвийн аж ахуйн зардал, хөрөнгө худалдан авах, зөгийн аж ахуйн үйл ажиллагаанд тус тус зарцуулж, 21 525 446 төгрөгийг зарцуулаагүй үлдсэн, энэ үлдэгдэл мөнгө нь тус төвийн Төрийн сан дахь дансанд үлдэгдэлтэй байсан болох нь Мишээл-Од аудит ХХК-ийн гаргасан Дорнод бүсэд жимс, жимсгэний суулгац, үржүүлгийн плантаци байгуулах төслийн 2013, 2014 оны гүйцэтгэлд хийсэн Аудитын тайлан, дүгнэлт болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна. (хх 36-63 тал)

Мал аж ахуй эрдэм шинжилгээний хүрээлэнгийн харъяа Дорнод аймаг дахь сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн хүрээлэн аймгийн *******ын газарт гаргасан хүсэлтдээ ...Д.*******ын буруутай үйлдлийн улмаас байгууллагад учруулсан хохирлыг хуулийн дагуу нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх арга хэмжээг авч туслалцаа үзүүлнэ үү... гэж ирүүлсэн байх ба нэхэмжлэгч аймгийн *******ын газар нь аудитын тайлан дүгнэлтээр Д.******* нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн, түүний үйлдлийн улмаас төрийн ашиг сонирхол зөрчигдөж байх тул хариуцагчаас 110 000 000 төгрөгийг гаргуулж, улсын төсөвт оруулах үндэслэлтэй гэж тайлбарладаг.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

Өөрөөр хэлбэл, гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, учирсан хохирол, үйлдэл ба учирсан хохирлын хоорондын шалтгаант холбоо, гэм хор учруулагчийн гэм буруу тогтоогдсон бол гэм хорын хариуцлага хүлээлгэх үндэслэл болдог.

Гэвч хэрэгт цугларсан бичгийн баримтууд болон талуудын тайлбараас үзэхэд хариуцагч Д.*******ын буруутай үйлдлийн улмаас Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн харъяа Дорнод аймаг дахь сургалт, эрдэм шинжилгээний хүрээлэнд гэм хор учирсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Мишээл од аудит ХХК-ийн гаргасан Аудитын тайлан, дүгнэлт-д 2013-2019 оны хооронд хэрэгжиж буй Дорнод бүсэд жимсний суулгац үржүүлгийн плантаци байгуулах төсөл-ийн хэрэгжилт хангалтгүй байна гэж дүгнэсэн байх боловч 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс тус хүрээлэнд албан үүрэг гүйцэтгээгүй, ажлаас чөлөөлөгдсөн этгээд болох Д.*******ыг энэ төслийг хангалтгүй хэрэгжүүлсэн гэж үзэх, мөн буруутгах боломжгүй юм.

Түүнчлэн төслийн дагуу олгосон зээл 110 000 000 төгрөгийг дээрх байдлаар зарцуулсан үйлдлийн улмаас эрдэм шинжилгээний хүрээлэнд хохирол учирсан гэх, төрийн ашиг сонирхол хэрхэн яаж зөрчигдсөн, хохирол ба хариуцагч Д.*******ын үйлдлийн хооронд шалтгаант холбоотой гэж үзэх үндэслэл тус тус тогтоогдохгүй байна.

Иймд хариуцагч Д.*******д Иргэний хуулийн 497 дугаар зүйлд зааснаар гэм хорын хохирол төлөх үүрэг үүсэх үндэслэлгүй байх тул түүнээс Төрд учруулсан хохиролд 110 000 000 төгрөг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэгч Дорнод аймгийн *******ын газрын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байх ба энэ талаарх иргэдийн төлөөлөгч гийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлт үндэслэлтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.     Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Д.*******д холбогдох Төрд учруулсан хохиролд 110 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Дорнод аймгийн *******ын газрын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч нар нь мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт заасан 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нар нь мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЖАРГАЛТУЯА

ШҮҮГЧИД С.ГАНЧИМЭГ

Г.УРТНАСАН