Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 2024/ШЦТ/313

 

 

 

 

 

 

 

     2024           03            12                                       2024/ШЦТ/313

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

нарийн бичгийн дарга: Б.Сарантуяа,

улсын яллагч: Г.Янжиндулам,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: А.Ганзориг Н.Намжилцогт,

шүүгдэгч: С.П, Б.Б нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос С.П, Б.Б нарт тус бүр  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  эрүүгийн 2308024292204 тоот хэргийг 2024.01.25-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.                                

  1.  Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, **** аймагийн ***** суманд ****-нд төрсөн, 58 настай, эрэгтэй, боловсролгүй бичиг үсэг мэдэхгүй гэх, мэргэжилгүй, хөдөлмөрийн чадвар алдалт 60 хувиар тогтоогдсон, ам бүл-4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ***** хороо, ****** тоотод оршин суух, урьд 5 удаагийн ял шийтгэлтэй, /РД:*****/ И овогт С.П нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,   
  2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод ******-нд төрсөн, **** настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, сүлжигч мэргэжилтэй гэх, алт мөнгөний дархан хийдэг гэх, ам бүл-2, нөхрийн хамт Чингэлтэй дүүргийн ***** хороо, ***** тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Сонгинохайрхан дүүргийн ***** хороо, ***** тоотод оршин суудаг гэх, урьд ял шийтгэлгүй, /РД:*****/ Б овогт Б.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

         Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бүрд авто угаалгын баруун хойд талд 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 13 цагийн орчимд шүүгдэгч Б.Б нь С.Пийн толгой болон бие хэсэг рүү нь ташуур модоор цохиж, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан, шүүгдэгч С.П нь архины шилээр Б.Б нуруун тус газарт цохиж, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

            - шуурхай дуудлагын хуудас /хх-9/,

            - хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-10-12/,

    - Хохирогч С.Пийн “...2023 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах эмээлтэд байдаг Бүрд авто угаалгын гадна хот руу явах гээд автобус хүлээгээд зогсож байхад Б нөхрийн хамт ирсэн. Б нөхрийн нэрийг сайн санахгүй байна. Би өөрөө жаахан халамцуу байсан ба Б нөхрийн хамт бас архи уусан халамцуу байсан...Тэгээд би зогсож байхад Б яваач гэхээр нь би одоо явах гэж байна гэхэд Б миний толгой руу буюу дух хавьцаа ташуур модоор цохиж цус гарсан.” гэх мэдүүлэг /хх-15/,

       - Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2023.08.02-ны өдрийн 9596 дугаартай “С.Пийн биед духанд шарх, баруун тохой, шуу, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдпоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт  /хх-23-24/,

      - Хохирогч Б.Б “...Сонгинохайрхан дүүргийн **** хорооны нутаг дэвсгэрт байрлах Бүрд авто угаалгын хажууд П гэдэг хүн хадам ээжтэй маргалдаад зогсож байхаар нь би очоод П түлхээд “яагаад хүнтэй маргалдаад байгаа юм бэ” гэхэд намайг заамдаад авахад би гарыг нь тавиулах гээд гартаа барьсан ташуур модоор П толгой хэсэгт нэг удаа цохисон. Тэгтэл П цаашаагаа яваад жалганаас хараа архины шилний хагархай аваад миний нуруу хэсэгт 3-4 удаа цохисон цус гарсан. Тэгээд манай нөхөр Б салгаад цагдаад дуудпага өгсөн юм” гэх мэдүүлэг/хх-18/,

         - Шүүх эмнэлгийн шинжээчийн 2023.11.20-ны өдрийн 14393 дугаартай “Хэсэгт газрын үзлэгт: Зүүн даланд 3 х 0.5 см, 2.5 х 0.5см, 2 далны хооронд 9.5 х 1см, 3 х 0.6см, 3.5 х 0.6см улаан хүрэн өнгийн оёдлын ором бүхий, арьсны түвшнээс бага зэрэг дээш овойсон сорвитой. Дүгнэлт: Б.Б биед нуруунд сорви гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь хурц ир ирмэгтэй зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлүүд нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Өөрөө өөртөө учруулах боломжгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-30-32/,

      - Гэрч Ш.Б: “...2023 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бурд авто угаалын хажууд эхнэр Б болон ээж Ч хамт байж байхад П гэдэг хүнтэй ээжтэй маргалдаад чанга чанга ярьж байхад нь манай эхнэр Б очоод “чи яагаад байгаа юм бэ” гээд түлхэхэд П заамдаад авсан. Би жаахан зайтай зогсож байгаад хараад очсон ба миний хөл муу өвчтэй байсан тул хурдан очиж чадаагүй. Бг заамдаж байсан. Тэгээд би очих хооронд П газраас архины шил аваад Б нурууны хэсэгт хэдэн хэдэн удаа архины шилээр цохиод нуруунаас нь цус гарсан. Би очоод салгаад цагдаад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /хх-22/,

        - Яллагдагч С.Пийн: Тэгээд би уурлаад газар байсан архины шилийг аваад Б нуруу луу нь цохиход шил хагарсан. Тэгээд би уг хагархай шилээрээ 2 удаа нуруу хэсэгт нь цохисон. Тэгээд цаашаа яваад толгойгоо угаагаад буцаад яваад очиход цагдаа нар ирчихсэн байсан. Цагдаа намайг аваад явсан ба би маргааш нь шүүх эмнэлэгт үзүүлсэн. Яллагдагчаар татсан тогтоолг хүлээн зөвшөөрч, гэмшиж байна гэх мэдүүлэг /хх-15, 41/,

               - Яллагдагч Б.Б: “Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна, гэмшиж байна. Өмнө нь өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй. С.П манай хадам ээжтэй хэрэлдээд байхаар нь болиулах гэж очсон” гэх мэдүүлэг /хх-41, 51/ зэрэг баримтууд хамаарч байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд болон шүүгдэгч С.П, Б.Бнарын хувийн байдалтай холбоотой бусад баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил болон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

Дээр дурьдсан баримтуудаар Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бүрд авто угаалгын баруун хойд талд 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 13 цагийн орчимд шүүгдэгч Б.Бнь С.Пийг хадам ээжтэй маргалдлаа” гэх шалтгаанаар толгой болон бие хэсэг рүү нь ташуур модоор цохиж, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан, шүүгдэгч С.П нь  Б.Б цохиулсандаа уурлан архины шилээр Б.Б нуруун тус газарт цохиж, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь тэдний хохирогчоор өгсөн мэдүүлэг, гэрч Ш.Б мэдүүлэг, шүүх эмнэлгийн шинжээчийн 14393, 9596 дугаартай дүгнэлтүүд, тэдний гэм буруугаа хүлээн зөвшөөрч яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд С.П, Б.Б нарыг тус бүр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж, мөн хуулийн 513 дугаар зүйлийн 513.1-д “бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн халамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй” гэж, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1 Дараахь зардлыг дор дурдсан этгээдээр нөхөн төлүүлнэ: 12.1.1 гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад” гэж  тус тус заасан тул хохирогч С.П, Б.Б, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон этгээд болох шүүгдэгч С.П, Б.Б нараас эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорыг хуульд заасан арга, журмаар арилгахыг шаардах эрхтэй байна.

Хохирогч С.П, Б.Б нарын хэн аль  нь “хохиролд нэхэмжлэх зүйл байхгүй. Сэтгэцийн дүгнэлт гаргуулахгүй, сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй” гэж иргэний нэхэмжлэл гаргаагүй тул өнөөдрийн шүүх хуралдаанаар иргэний нэхэмжлэл хэлэлцэхгүй орхив.

Хохирогч Б.Байгальмаагийн яаралтай түргэн тусламж болон ГССТҮТөвд очиж оёдол тавиулсан үйлчилгээний зардалд нийт 209000 төгрөг эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулагдсан болох нь баримтаар /хх-83/ тогтоогдож байх тул тухайн зардлыг С.Поор төлүүлж Эрүүл мэндийн даатгалын сангийн төрийн санд шилжүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч С.П нь урьд 4 удаа ял шийтгүүлж байсан гэж яллах дүгнэлтэд тусгасан байх боловч 5 удаа ял шийтгүүлж байсан болох нь дараахь баримтуудаар тогтоогдож байна. үүнд:

  1. Улаанбаатар хотын шүүхийн 1991.02.05-ны өдрийн 19 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 90 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 153 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдэлж байгаад 1993.09.29-нд хугацааны өмнө тэнсэн суллагдсан,
  2. Баянгол дүүргийн шүүхийн 1995 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 466 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсний дагуу хорих ялыг биечлэн эдэлж 1996.09.16нд ялын хугацаа дуусч суллагдсан,
  3.  Сүхбаатар дүүргийн шүүхийн 2001 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 146 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2-т зааснаар 50000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,
  4.  Сүхбаатар дүүргийн шүүхийн 2004 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 297 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т зааснаар 200 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн,
  5. Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2010 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 171 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т зааснаар 3 жил 5 сарын хорих ял оногдуулж, хорих ялыг биечлэн эдэлж, 2012.09.25-нд хугацааны өмнө тэнсэн суллагдсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, таслан шийдвэрлэх тогтоол, магадлал, шийтгэх тогтоолын хуулбар, суллагдсан тухай справка зэрэг баримтаар /хх-52, 90-101/ тогтоогдож байна.

           Шүүгдэгч С.П нь хугацааны өмнө тэнсэн суллагдсан хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдээгүй байх тул ялгүй болсон байх тул түүний урьд 5 удаа ял шийтгүүлсэн байдлыг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсонгүй.

           Шүүгдэгч С.П, Б.Бнарын үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

            Шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчаас “шүүгдэгч С.П, Б.Бнарт тус бүр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна” гэх дүгнэлтийг, шүүгдэгч Б.Б өмгөөлөгч: “Миний үйлчлүүлэгч Б.Бнь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа,  хохирол төлбөр төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Шүүгдэгч С.П миний үйлчлүүлэгчээс баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй зэргийг харгалзан үзэж  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 төгрөгөөр торгож өгөөч” гэх  саналыг, шүүгдэгч С.Пийн өмгөөлөгч: “Миний үйлчлүүлэгч болон Б  нар гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа. Эрүүгийн хариуцлагын хувьд улсын яллагч гаргасан саналаас багасгаж өгөөч. Миний үйлчлүүлэгч  хөгжлийн бэрхшээлтэй эхнэр нь ажил хийдэг гэж байгаа боловч яг эрхэлсэн тодорхой ажилгүй. Миний үйлчлүүлэгч архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын биед гэмтэл учруулсан. Амьдралын боломжийг нь харгалзан үзэж  500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгөөч” гэх дүгнэлтийг тус тус гаргаж оролцлоо.

            Шүүх дээрх нөхцөл байдал болон шүүгдэгч нарын хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хэн алиндаа “гомдолгүй” гэж мэдүүлсэн, иргэний нэхэмжлэл гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгон хэрэглэж, торгох ялыг хэмжээг 540 нэгжтэй тэнцэх хэмжээгээр тогтоож, торгох ялыг тус бүр 6 сарын дотор хэсэгчлэн төлүүлэх байдлаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

  1. Шүүгдэгч И овогт С.П, Б овогт Б.Б нарыг тус бүр  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

        2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар И овогт С.Пид, Б овогт Б.Бд нарт тус тус 540 /таван зуун дөчин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 540.000 /таван зуун дөчин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

        3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.П, Б.Б нарт оногдуулсан торгох ялыг энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсоноос хойш  6 /зургаан/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай

       4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт зааснаар С.Поос  209000 мянган төгрөгийг гаргуулж эрүүл мэндийн датгалын сангийн төрийн санд шилжүүлсүгэй.

        5. Шүүгдэгч С.П, Б.Бнар нь хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт тэднээс хувийн эд зүйл, бичиг баримт хурааж, битүүмжилж ирүүлээгүй,  Б.Бнь Эрүүл мэндийн даатгалын төрийн санд 48000 мянган төгрөг шилжүүлсэн, бусдад төлбөргүй болсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны  зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай

        6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол С.П, Б.Бнарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

        7. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

       8. Шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн торгох ялыг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн тооцож хорих ялаар солино  гэдгийг С.П, Б.Б нарт мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                               С.СЭРЖМЯДАГ