| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхбаатарын Сэржмядаг |
| Хэргийн индекс | 188/2024/0300/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/315 |
| Огноо | 2024-03-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Батгэрэл |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 2024/ШЦТ/315
2024 03 12 2024/ШЦТ/315
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
нарийн бичгийн дарга:Б.Энхжаргал
улсын яллагч:С.Батгэрэл
шүүгдэгч: О.М нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн О.М холбогдох эрүүгийн 2408000000209 тоот хэргийг 2024.02.23-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***** өдөр **** аймгийн ***суманд төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Акума” төвд хүргэлтийн жолооч ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн *** хороо, ***** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:*******/ Ш овогт О.М нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч О.М нь 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 19 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ***** хороо **** тоотод өөрийн хамтран амьдрагч Б.Ц тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас баруун нүд рүү нь цохисны улмаас зүүж байсан нүдний шил нь хагарч баруун хөмсөг, баруун дээд зовхи, баруун нүдний гадна буланд шарх, баруун дээд доод зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, баруун хацарт зулгаралт бүхий гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.Үүнд:
- Гэмт хэрэг, зөрчлийн талаарх дуудлага, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-1/,
- Хохирогч Б.Ц “Би Сонгинохайрхан дүүргийн **** хороо *** тоотод 2024 оны 01 дүгээр сарын 15-ны оройн 19 цагийн үед гэртээ ирэхэд манай нөхөр М унтаж байсан. 2024 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр оройн 22 цагийн үед найз З шагнал авсан гээд бид хоёр хамт гэрт нь очсон. Тэгээд гэрт ороод сууж байгаад буцаад явах гэтэл манай нөхөр архи уучихаад гэр рүүгээ явах уу гэж хэд хэдэн удаа асуусан боловч үгүй гэсэн. Тэгэхээр нь би үлдээгээд гэртээ ирсэн тэгээд тэр шөнөө манай нөхөр гэртээ ирж хоноогүй, би тэрнээс болоод уурлаад би нөхрөөс хэрүүл өдөөд гомдоод, “чамайг найзындаа очоод сайхан амарч чадаагүй юм уу” гээд бас хажуугаар ТҮЦ-ний түлхүүр олдохгүй байсан болохоор “хаана тавьсан юм, найз руугаа явж байгаад хамаг юм аа барьсан тавьснаа санахгүй байгаа юм уу, босож хүүхдүүдээ ав” гэсэн чинь манай нөхөр босож ирээд миний баруун нүд рүү 1 удаа баруун гараараа цохих үед миний нүдний шил хагарч, хагарсан шилэнд миний зовхи, хөмсөг зүсэгдсэн тэр үед дээрх шархыг авсан. Манай нөхөр надад эм болон нүүрэнд сорви арилгах тос зэргийг авч өгсөн. Би О.М тай хамт амьдраад 7 жил болж байгаа бөгөөд бид 2 гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй, дундаасаа 3 хүүхэдтэй. Манай нөхөр урьд өмнө намайг зодож цохиж байгаагүй. Мөн цагдаагийн байгууллагаар шалгагдаж байгаагүй. Хааяа нэг гэр бүлийн дотор бол хэрүүл маргаан хийдэг. Манай нөхөр элдэв муухай ааш зан байхгүй, миний үгнээс бараг гардаггүй, жоохон түргэн ууртай тэрнээс биш өөр муухай ааш зан байхгүй. Мөн тамхи татаж архи уудаггүй, хааяа нэг найзуудтайгаа архи уудаг. Миний сэтгэл санаанд ямар нэгэн гэм хор учраагүй. Би сэтгэцэд учирсан гэм хорын хохирлын шинжилгээ хийлгэх шаардлагагүй. Надад одоо ямар нэгэн гомдол санал санал байхгүй" гэх мэдүүлэг /хх-07-09/,
- Гэрч Т.О "... 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр гэртээ байж байхад манай хүү М айсан байдалтай манайд орж ирээд Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо Толгойт 64а тоотод байхдаа хоорондоо маргалдаж манай хүү О.Мэхнэрийн нүд рүү цохих үед манай бэрийн нүдний шил хагарч баруун талын нүдний зовхи зүссэн, цус гарсан байсан. Тэгээд хүүхдийг нь харж үлдээд манай хүү бэр хоёр эмнэлэг явж үзүүлсэн. Манай хүү М өмнө нь гэр бүлийн хүчирхийллээр цагдаагийн байгууллагаар шалгуулж байгаагүй. Манай хүү бэр 2 хоорондоо маш эвтэй байдаг, би хамт амьдрах хугацаандаа хоорондоо маргалдаж хэрүүл хийж байхыг хараагүй. 2024 оны 01 сарын 15-ны өдөр юунаас болж эхнэрээ цохисныг мэдэхгүй байна” гэх мэдүүлэг/хх-ийн 12/,
- Гэрч Т.С"...Би 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Замын- Үүд рүү явж байсан юм, тэгээд замдаа явж байхад манай худ Батбүргэд залгаад М нь манай охин Ц зодсон байна. Тэгээд гэмтлийн эмнэлэг явсан гэж хэлсэн. Би охин руу залгасан чинь нүд юм харахгүй байна гээд уйлаад байсан, тэгээд би цагдаад дуудлага өг гэж хэлсэн. Манай охин цагдаад дуудпага өгсөн байх. 2024 оны 01 сарын 15-ны өдөр юунаас болж эхнэрээ цохьсоныг мэдэхгүй байна, анх удаа гэртээ нөхөртөө зодуулж байна. Манай 2 хүүхэд хамт амьдраад 6 жил болж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 15/,
- Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 1664 дугаартай шинжээчийн “Б.Ц биед баруун хөмсөг, баруун дээд зовхи, баруун нүдний гадна буланд шарх, баруун дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр 1-2 хоногийн өмнө үүссэн байх боломжтой байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тоггоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй." гэх дүгнэлт /хх-ийн 22-23/,
- Яллагдагч О.М: ”Прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-52-53/ зэрэг баримтууд хамаарч байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд, шүүгдэгч О.Мгийн хувийн байдалтай холбоотой болон бусад баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил болон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч О.М нь 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 19 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо Толгойтын 64/а тоотод өөрийн хамтран амьдрагч Б.Ц тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож, түүний бие махбодод хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь дуудлагын хуудас, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн 1664 дугаартай дүгнэлт, мөн шүүгдэгч О.Мгийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг зэрэг баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч О.М нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах , хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд О.М нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хамтран амьдрагч Б.Ц нүүрэн тус газарт нь цохисны улмаас баримтаар нотлогдсон тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч О.Мгийн хууль бус санаатай үйлдлийн улмаас хохирогч Б.Ц эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон ба хохирогч Б.Ц “Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Сэтгэл санааны хохирол тогтоолгохгүй. надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн /хх-7/, мөн хохирогч прокурорт хандаж гаргасан хүсэлтдээ “2024.02.14-ны өдөр Мтай маргалдсаны улмаас миний биед хөнгөн гэмтэл учруулсан. Нөхөр бид хоёр эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан замаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт гаргаж, иргэний нэхэмжлэл гаргаагүй байна.
Иймд шүүх иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудал шийдвэрлэсэнгүй, хэлэлцэхгүй орхилоо. Хохирогч Б.Ц нь шаардлагатай гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлж, О.Мгаас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болно.
Шүүгдэгч О.М нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар /хх-56/ тогтоогдож байна.
О.М үйлдэлд нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болно. хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Дээрх нөхцөл байдал болон хохирогч, яллагдагч нарын хэн аль нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлт гаргасан, прокурортой тохиролцсон ялыг биелүүлээгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг ойлгосноо шүүхэд илэрхийлсэн зэргийг харгалзан прокурортой “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөг торгох ял оногдуулж, торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” тохиролцоог хангаж, тухайн байдлаар ял оногдуулж шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д зааснаар ялтан нь торгох ял оногдуулсан шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэй тул талуудын тохиролцсон 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх шийдвэр гаргах шаардлагагүй гэж дүгнэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овогт О.Мг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Ш овогт О.Мд 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч О.М нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж битүүмжлүүлээгүй, хохирогч “гомдолгүй” гэсэн, иргэний нэхэмжлэл гаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
4. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
5. Дээрх дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.М урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шүүхээс оногдуулсан торгох ялыг холбогдох хуульд заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн торгох ялыг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн тооцож хорих ялаар солино гэдгийг О.М мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ С.СЭРЖМЯДАГ