| Шүүх | Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүнжидмаагийн Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 135/2018/00289/и |
| Дугаар | 95 |
| Огноо | 2018-09-10 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 95
Т.Д- нарын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Хэргийн индекс: 135/2018/00289/и
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж , шүүгч Л.Амарсанаа, С.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 470 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч Т.Д-
Ч.А-
Ю.З-
Л.Э-
Л.С- нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч “Ш Г” ХК-д холбогдох
“Нэг удаагийн тэтгэмжийн мөнгө гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгч Л.С-гийн давж заалдсан гомдлыг үндэслэн
2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баттунсаг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.
Нэхэмжлэгч нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Нэхэмжлэгч бид залуу наснаасаа эхлэн уурхайн үндсэн ажилчнаар томилогдон ажиллаж байгаад мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалт тогтоолгож группт орцгоосон. Дараа нь өөрсдийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон. Бид уурхайд доод тал нь 20 гаруй дээд тал нь 30 гаруй жил ажилцгаасан байна. Ажлын хүнд нөхцөлөөс болж бүгд л өвчтэй болцгоосон. Эмнэлгээр ч чамгүй явцгаасан. Бид геологи уул уурхайн салбарт ажиллаж байгаад үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас группт байгаа иргэдээс өөрсдийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг салбарт ажилласан жилээр үржүүлж нэг удаа тэтгэмж олгоно гэж заасны дагуу “Ш Г” ХК-ийн захиргаанд хандахад өгөх боломжгүй гэсэн хариу өгсөн. Ингээд бид Шарын гол сумын ахмадын хороонд хандахад 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдөр дэмжсэн хариу өгсөн. Бас “Ш Г” сумын Үйлдвэрчний эвлэлийн холбоо, “Ш Г” ХК-ийн үйлдвэрчний эвлэлийн хороонд хандахад “Ш Г” ХК-ийн захиргаанд бидний хүсэлтийг дэмжсэн албан бичиг тус тус хүргүүлсэн. Мөн “Ш Г” сумын Засаг даргад хандахад ахмадуудын хүсэлтийг нааштайгаар шийдвэрлэж өгөхийг уламжилсан албан тоот “Ш Г” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлд, Эрчим хүч геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга С.Ганболдод тус тус явуулсан. Монголын эрчим хүч геологи уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн хорооноос “Ш Г” ХК-ийн захирал, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүдэд хэлэлцээрийг хэрэгжүүлэх тухай албан тоот ирүүлсэн. Монгол улсын Уул уурхай эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн даргыг орлон гүйцэтгэгч Д.Дэлгэрцогтоос уурхайн гүйцэтгэх захирал Б.Батбаатарын нэр дээр ахмадуудын асуудлыг хууль дүрмийн дагуу яаралтай шийдвэрлэж өгөхийг хүссэн албан тоот ирүүлсэн. Гэсэн ч дээрх “Ш Г” ХК үүргээ биелүүлэхгүй байсан тул шүүхэд хандахад өмнө сумын Засаг даргад хандаж Хөдөлмөрийн хуулийн дагуу арбитр байгуулж өгөөч гэж хүссэний дагуу Засаг дарга 3 арбитрч томилсон. Уурхайн зүгээс арбитрын үйл ажиллагаанд оролцохгүй гэдгээ хэлсэн учир арбитрын хурал хийж дуусгасан. Сумын Засаг даргын зүгээс Арбитрын зөвлөмжийг хэрхэн шийдвэрлэх талаар хариу өгнө үү гэж уурхайн захиргаанд 2 удаа албан тоот хүргүүлсэн боловч хариу өгөөгүй тул дараагийн шатанд ханд гэж бидэнд хариу өгсөн тул шүүхэд хандаж байна. Уурхайд Т.Д- 29 жил, Ю.З- 25 жил, Ч.А- 30 жил, Л.Э- 25 жил, Л.С- 31 жил тус тус ажилласан. Салбарын тарифын хэлэлцээрийн 5.5-д заасны дагуу тус бүрийн ажилласан жилийг салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр үржүүлсэн дүнгээр Т.Д- 11.136.000 төгрөг, Ю.З- 9.600.000 төгрөг, Ч.А- 11.520.000 төгрөг, Л.Э- 9.600.000 төгрөг, Л.С-д 11.904.000 төгрөгийг тус тус нийт 53.760.000 төргөгийг “Ш Г” ХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Энхтайван шүүхэд гаргасан хүсэлтдээ:
...тус шүүхэд 2018 оны 04 дүгээр сарын 23-ны 16 цагт товлогдсон Т.Д- нарын нэхэмжлэлтэй “Ш Г” ХК-д холбогдох иргэний хэргийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Энхтайван миний бие оролцохгүй тул байхгүйд явуулж өгнө үү гэжээ.
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 470 дугаар шийдвэрээр:
Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-т зааснаар Т.Д-т 4.071.600 төгрөг, Ч.А-д 4.212.000 төгрөг, Ю.З-д 2.948.400 төгрөг, Л.Э-д 3.510.000 төгрөг, Л.С-д 2.948.400 төгрөгийг тус тус “Ш Г” ХК-аас гаргуулан олгож,
Нэхэмжлэгч нар нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, “Ш Г” ХК-иас нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан нийт дүн болох 17.690.400 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж болох 246.402 төгрөгийг гаргуулан төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Л.С- давж заалдсан гомдолдоо:
Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргаж байна. Л.С- би Ш Гын уурхайд 1982 оны 09 дүгээр сараас 2012 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл тасралтгүй 31 жил ажилласан. 2012 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр үйлдвэрлэлийн ослоор гэмтэл авч өвчтэй байж байгаад 2013 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр ЭМХМ комиссын хуралдаанаар хөдөлмөрийн чадвар алдалт тогтоолгож группт орсон. 2014 оны 3 дугаар сард группээ цуцлуулж, өндөр насны тэтгэвэр тогтоолгосон. Анхан шатны шүүхийн 21 жил ажилласан гэдгийг 31 жил болгож залруулж тооцож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч Т.Д-, Ю.З-, Ч.А-, Л.Э-, Л.С- нар “Ш Г” ХК-д холбогдуулан тэтгэмж нийт 53.760.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.
Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлага гаргаж буй үндэслэлээ тус уурхайд ажиллаж байгаад мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалт тогтоолгон нийгмийн даатгалын сангаас тэтгэмж авч байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан ба Геологи уул уурхайн салбарын 2013-2014 оны хамтын хэлэлцээрийн 5.5-д зааснаар салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг салбарт ажилласан жилээр үржүүлж олгох тэтгэмжийг хамтын гэрээнд тусгаж олгоогүйгээс бидний эрх зөрчигдсөн гэж Т.Д- 11.136.000 төгрөг, Ю.З- 9.600.000 төгрөг, Ч.А- 11.520.000 төгрөг, Л.Э- 9.600.000 төгрөг, Л.С- 11.904.000 төгрөг тус тус хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан байна.
Нэхэмжлэгч Л.С- миний бие “Ш Г” ХК-д нийт 31 жил ажилласан ба анхан шатны шүүх 21 жил ажилласан гэж дутуу тооцсоныг залруулж 31 жилээр тооцож өгнө үү гэж гомдол гаргажээ.
Т.Д- Ш Гын уурхайд 1971 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 2000 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүртэл нийт 29 жил ажилласан бөгөөд мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас 2000 оны 10 дугаар сарын 12-ны өдөр, Ю.З- тус уурхайд 1981 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 2002 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүртэл нийт 21 жил ажилласан бөгөөд мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас 2002 оны 07 дугаар сарын 18-ны өдөр, Ч.А- тус уурхайд 1975 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 2005 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүртэл нийт 30 жил ажилласан бөгөөд мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас 2005 оны 06 дугаар сарын 18-ны өдөр, Л.Э- тус уурхайд 1978 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2003 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хүртэл нийт 25 жил ажилласан бөгөөд мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас 2003 оны 07 дугаар сарын 20-ны өдөр, Л.С- тус уурхайд 1982 оны 09 дугаар сарын 06-ны өдрөөс 2012 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл нийт 30 жил ажилласан бөгөөд мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас 2013 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр тус тус Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хуралдаанаар хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгон нийгмийн даатгалын сангаас тэтгэмж авч байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгон хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацаа цуцлагдсан болох нь тэдгээрийн хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацаа тогтоосон акт, Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг цуцалсан тухай акт зэрэг нотлох баримтуудаар тогтоогджээ.
Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн тухайн маргаанд хамааралтай зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Нэхэмжлэгч нарт Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т зааснаар ажил олгогч нь ажилтныг ажлаар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад тохирсон нөхцөлөөр хангах, хөдөлмөрийн үр дүнд нь тохирсон цалин хөлс олгох, энэ хууль болон хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хэлэлцээр, хөдөлмөрийн дотоод журамд заасан үүргээ биелүүлэх үүрэгтэй.
Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т “Ажилтан нь аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн хөдөлмөрийн нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, өөрөө болон төлөөллийн байгууллагаараа дамжуулан эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах зорилгоор эвлэлдэн нэгдэх, хууль тогтоомжид заасны дагуу тэтгэвэр, тэтгэмж авах, хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хэлэлцээрт заасан бусад эрх, хөнгөлөлт эдлэх эрхтэй”, Геологи, Уул уурхайн салбарын 2013-2014 оны хамт /тариф/-ын хэлэлцээрийн 5.5-т “Геологи, уул уурхайн салбарт ажиллаж байгаад үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас группт байгаа иргэдээс өөрсдийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэрт тогтоолгосон тохиолдолд салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг салбарт ажилласан жилээр үржүүлж нэг удаа тэтгэмж олгоно” гэж заасны дагуу нэг удаагийн тэтгэмжийг шаардах эрх үүссэн байна.
Мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д зааснаар улсын хэмжээнд болон тодорхой бүс нутаг, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, салбар, мэргэжлийн түвшинд, түүнчлэн аж ахуйн нэгж, байгууллагад хэд хэдэн үйлдвэрчний эвлэл байвал тэдгээр нь гишүүдийнхээ тооны харьцааг үндэслэн нэгдсэн төлөөлөгчид томилж хэлэлцээ хийх болон хамтын гэрээ, хэлэлцээр байгуулахад оролцдог байна.
Энэ журмаар Геологи уул уурхайн салбарын 2013-2014 оны хамтын /тариф/ хэлэлцээрийг Төрийн захиргааны төв байгууллагын төлөөлөл, уул уурхайн салбарын ажил олгогч, эздийн төлөөлөгчид, эрх олгогдсон салбарын ажилчдын төлөөлөгчид баталгаажуулсан бөгөөд мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т зааснаар салбар /салбар дунд/-ын мэргэжлийн тарифын хэлэлцээрийг түүнд гарын үсэг зурсан өдрөөс хойш 10 хоногийн дотор хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад бүртгүүлнэ гэснээр 2013 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр бүртгэсэн байна.
Бүргүүлээгүй буюу хууль тогтоомжид нийцээгүй, эсхүл ажилтны эрхийн байдлыг хууль тогтоомжид зааснаас дордуулсан хамтын гэрээ, хэлэлцээрийн заалтыг хүчин төгөлдөр бус гэж үзэх өгөөд түүнийг биелүүлэхгүй байхаар мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.5-д заажээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх зохицуулалтыг үндэслэл болгон Геологи уул уурхайн салбарын 2013-2014 оны хамтын /тариф/ хэлэлцээрийг Төрийн захиргааны төв байгууллагын төлөөлөл, уул уурхайн салбарын ажил олгогч, эздийн төлөөлөгчид, эрх олгогдсон салбарын ажилчдын төлөөлөгчид баталгаажуулсан тул энэ баримтад тусгагдсан нөхцөл хариуцагч “Ш Г” ХК-д хамааралтай гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх агуулгаар нь хангасныг буруутгах боломжгүй.
“Ш Г” ХК-ийн 2013 оны 03 дугаар сарын 01-нээс 2014 оны 03 дугаар сарын 01-ныг хүртэл хүчинтэй мөрдөгдөж байсан Хамтын гэрээний нэгдүгээр бүлэг, ерөнхий зүйл хэсэгт ГУУСалбарын 2013-2014 оны хамт /тариф/-ын хэлэлцээр бусад хууль тогтоомжийг үндэслэн энэхүү хамтын гэрээг байгуулав гэж тодотгосон байна.
Анхан шатны шүүх Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-д заасан төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө гэснийг төсөөтэй хэрэглэн нэхэмжлэгч Т.Д-, Ч.А-, Ю.З-, Л.Э-, Л.С- нарт олгох тэтгэмжийн хэмжээг 140.400 төгрөгөөр тооцсныг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.
Харин анхан шатны шүүх Л.С- тус үйлдвэрт 30 жил ажилласныг 21 жил ажилласан гэж нөхөн олговрыг тооцож гаргасан ба түүний ажил жилийг дутуу тооцоолсон алдаа гаргасныг залруулж, нэхэмжлэгч Л.С- тус үйлдвэрт 30 жил ажилласан байх тул түүнд 4.212.000 төгрөгний нөхөн олговор олгох нь зүйтэй гэж үзэв.
Мөн нэхэмжлэгч нар 53.760.000 төгрөг шаардсан нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэгч нарын нэхэмжлэлээс хангасан 18.954.000 төгрөгний дүнгээс үлдэх 34.806.000 төгрөг нэхэмжилсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлээгүй орхигдуулсан байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт дээрх үндэслэлээр өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 470 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг,
“Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-т зааснаар Т.Д-т 4.071.600 төгрөг, Ч.А-д 4.212.000 төгрөг, Ю.З-д 2.948.400 төгрөг, Л.Э-д 3.510.000 төгрөг, Л.С-д 4.212.000 төгрөгийг тус тус “Ш Г” ХК-аас гаргуулан олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 34.806.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,
2 дахь заалтыг,
“Нэхэмжлэгч нар нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, “Ш Г” ХК-аас нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан нийт дүн болох 18.954.000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж болох 252.720 төгрөгийг гаргуулан төрийн сангийн орлогод оруулж” тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Нэхэмжлэгч Л.С- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар давж заалдах гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ О.НАРАНГЭРЭЛ
ШҮҮГЧИД Л.АМАРСАНАА
С.ОЮУНЦЭЦЭГ