Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 428

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Эрдэнэчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Дүгнэлт гаргагч: Нийслэлийн Прокурорын газрын Хяналтын прокурор М.Э**********,

Хариуцагч: Гаалийн Ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн дараахь шалгалтын газрын Гаалийн улсын байцаагч С.Б********** нарын хооронд үүссэн Зөрчлийн тухай хууль болон Гаалийн тухай хуулийн дагуу зөрчил гэж үзэх эсэхтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.У**********, дүгнэлт бичсэн Нийслэлийн Прокурорын газрын Хяналтын прокурор М.Э**********, хариуцагч Гаалийн улсын байцаагч С.Б********** нар оролцов.

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Прокурорын дүгнэлт:

1.1. Нийслэлийн прокурорын газрын Хяналтын прокурор М.Э********** Гаалийн Ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч С.Б********** 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн ********** дугаартай “Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох тухай” дүгнэлт гаргасан.

Хоёр. Хэргийн оролцогчийн тайлбар, түүний үндэслэл:

2.1. Дүгнэлт гаргасан прокурор шүүхэд ирүүлсэн дүгнэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрх бүхий албан тушаалтны шийтгэл ногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар дүгнэлт бичсэн. Дүгнэлт бичсэн гол үндэслэл нь Зөрчлийн тухай хуулийн 11.21 зүйлийн 1.1-т заасан гаалийн мэдүүлэгт барааг бичихгүй орхисон, эсхүл худал бичсэн бараа бичихгүй татвараас зайлсхийсэн гэсэн зөрчлөөр иргэн Л.Д********** шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй байна гэж үзсэн.

 Өөрөөр хэлбэл, зөрчлийн холбогдогчийг буруу тогтоож шийтгэл ногдуулсан байна. Зөрчлийн тухай хуулийн 11.21 зүйлийн 1.1 нь гаалийн мэдүүлэгт бараа бичихгүй орхисон тухай ойлголт юм. Гаалийн тухай хуульд мэдүүлэг гэдэг нь мэдүүлэгчийн сонгосон гаалийн бүрдүүлэлтийн горимын дагуу шаардагдах мэдээлэл агуулсан бичиг баримтыг, мэдүүлэгч гэдэг нь гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгслийг гаалийн байгууллагад мэдүүлж байгаа аливаа этгээдийг хэлнэ гэж заасан байна.

 Зөрчлийн тухай хуулийн 11.21 зүйлийн 1.1-т заасан зөрчил нь гаалийн харилцаанд оролцогч буюу мэдүүлэгч тухайн мэдүүлэгтээ барааг бичихгүй орхисон буюу 10 бараа бүтээгдэхүүн орж ирлээ гэхэд түүний 8-г бичээд 2-г бичээгүй орхисонд ногдуулах зөрчил болохоор байна.

Гэтэл гаалийн харилцаанд огт оролцоогүй, мэдүүлэгч биш иргэн Л.Д********** энэ хуулийн заалтаар шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй байна. Иймд шийтгэл ногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар дүгнэлт бичсэн.

Холбогдох хуулийн заалтыг дүгнэлтдээ дурдсан байгаа.

... Иргэн Л.Д********** тухайн барааг гаалийн хилээр мэдүүлэх үүрэгтэй гэдэг дээр маргаагүй. Монгол Улсын хилээр бараа нэвтрүүлж байгаа аливаа хүн, хуулийн этгээд горимоо сонгоод мэдүүлэг гаргаж мэдүүлэх үүрэгтэй. Энэ үүрэг байгаа. Өнөөдөр эрх бүхий албан тушаалтны шийтгэл ногдуулсан зүйл заалт өөрөө үйлдэлд тохирохгүй байна. Өмнө нь хэлсэн шиг Зөрчлийн тухай хуулийн 11.21 зүйлийн 1.1-т мэдүүлэг гаргасан байхыг шаардана, гарсан мэдүүлэгтээ барааг бичихгүй орхисон байхыг шаардана. Мөн татвараас зайлс хийх зорилготой байхыг шаардана. Ингэж байж зөрчлийг шинжийг агуулна. Огт мэдүүлээгүй гаалийн хилээр оруулаад ирсэн гэсэн зүйлд заалт байх юм бол холбогдогч болох нь ойлгомжтой. Гэтэл өнөөдөр шийтгэл ногдуулсан зүйл заалтынхаа шинжид тохирохгүй байна. Зөрчил нь Зөрчлийн тухай хуульд заасан шинжээр, бусад хуульд заасан шинжээр, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлогдоно гэж байдаг.

 Гаалийн тухай хууль нь Зөрчлийн тухай хуулийн 11.21 зүйлд заасан 11 төрлийн зөрчлийг зөрчил гэж тооцно гээд заагаад өгсөн байна. Энэ тохиолдолд дээрх хуулийн 11.21 зүйлийн 1.1-т ямар үйлдэл байх вэ гэдгийг үгчлээд оруулаад ирсэн учраас зөрчлийн шинж үүгээрээ тодорхойлогдоно. Тэрнээс биш Зөрчлийн тухай хуулийн 5.9 гэхэд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль гэж байна. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хуулийг зөрчих нь бүхэлдээ хуульд заасан, хориглосон зүйлд заалтыг зөрчсөн байх юм бол шууд шийтгэл оногдуулж болдог. Үүнтэй Гаалийн тухай хууль адилхан биш.

Үүнээс зөвхөн 11 төрлийн үйлдлийг зөрчил гэж үзэх тухай Зөрчлийн тухай хуулийн 11.21 зүйлд оруулж ирсэн байна. Мөн Гаалийн тухай хуулийн 2931-т гаалийн үнэ, барааны тоо хэмжээ, гаалийн бүрдүүлэлтийн горим, барааны нэр төрөл, марк, зориулалт, ангилал, гарал үүслийг худал мэдүүлэх, гаалийн бичиг баримтыг солих, засварлах зэрэг аргаар гаалийн болон бусад татвар төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн, зугтсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол буруутай этгээдэд Татварын ерөнхий хууль, Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ гэж заасан байна.

 Зөрчлийн тухай хуулийн 11.21 зүйлийн 1-т эдгээрийг хуульчилсан байна. Мөн бүрдүүлэлтийн дараахь шалгалт хийх журмыг оруулж өгсөн байна. Гаалийн тухай хуулийн 293.1-т тухайн үйлдэлд хариуцлага хүлээлгэж, холбогдогчид Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгэл ногдуулдаг гэдгийг заасан байна.

 Гэтэл бүрдүүлэлтийн дараахь шалгалт хийх журам нь Гаалийн тухай хуулийн 249 зүйлийн 249.3-т тусад нь заасан байна. Үүн дээр дээрх хуулийн 2931-т заасан шиг Зөрчлийн тухай хуульд хариуцлага хүлээлгэнэ гэж заагаагүй. Мөн энэ үйлдэл нь хуульчлагдаагүй байна. Тийм учраас дүгнэлт бичсэн.

... Зөрчлийн тухай хуулийн 1.3-т зааснаар зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна гэсэн шударга ёсны зарчим байна. Мөн хуулийн 1.2 зүйлийн 4-т энэ хуулийг төсөөтэй хэрэглэхгүй гэсэн байна.  Тийм учраас эрх бүхий албан тушаалтны шийдвэр барааг гаалийн мэдүүлэгт бичихгүй орхисон гэсэн заалтаар шийтгэл оногдуулсан нь хууль төсөөтэй хэрэглэж байгаа ойлголт байна. Огт мэдээгүй гэдэг үг Зөрчлийн тухай хуульд байхгүй. Иймд ийшээ оруулж хэрэглэдэг гэж байна. Зөрчлийн тухай хуульд хуулийг төсөөтэй хэрэглэхгүй гэж заасан байхад төсөөтэй хэрэглэж байгаа нь буруу байна гэж үзэж байна.

Нөгөө талаас шийтгэл оногдуулахгүй орхихоор гарцаагүй байх зарчим алдагдана гэсэн зүйл яригдаж байна. Зөрчлийн тухай хуулийн 11.21 зүйлийн 2-т заасан шийтгэл байгаа. Гаалийн хяналт шалгалтаас гадна хилээр нэвтрүүлж байгаа учраас энэ бараа бүтээгдэхүүн бүрдүүлэлт хийгдээгүй яваад байна. Гаалийн тухай хууль өөрөө Зөрчлийн тухай хуульд ямар ямар зүйл заалтууд нь зөрчил болох талаар зааж өгсөн байна.  Хэрвээ Зөрчлийн тухай хуульд нөхөн бүрдүүлэлт хийхээр хүсэлт гаргасан тохиолдолд ингэнэ тэгнэ гээд зохицуулалт хийж болно. Гэхдээ хүчин төгөлдөр хуулинд байхгүй учраас хуулиа дагаж мөрдөнө. Хуулийг төсөөтэй хэрэглэхгүй гэж үзэж байна” гэжээ.

2.2. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Иргэн Л.Д********** Хятад улсаас бусдаас худалдаж авсан мотоциклоо Замын-Үүдийн гаалийн байгууллагад мэдүүлж, улсын хилээр оруулж ирэх байсан боловч тухайн ковидын цаг үед тээвэрлэгч тодорхойгүй иргэн учраас Хятадаас оруулж ирсэн тээврийн хэрэгсэл нь түүвэр ачаа дунд орж ирсэн.

Замын-Үүдийн гаалийн байгууллагад мэдүүлбэл зохих ачаа Улаанбаатар хотод ирсэн хойно тодорхой хугацааны дараа тээврийн хэрэгслийн улсын дугаар авах шаардлага гарсан тул өөрөө мэдүүлэг гарахаар хүсэлт гаргаж ирсэн. Манай хуулиар өөрөө явсан ч, яваагүй байсан ч зорчигч заавал бараагаа гаалиар мэдүүлэх үүрэгтэй. Тэр утгаараа зөрчил гаргагч гэж үзсэн. Мэдүүлэгч гэж хэн болохыг прокурор хэллээ.

Улсын дээд шүүхийн 2001 оны 12 сарын 25-ны өдрийн 439 дугаартай тогтоол байна. Уг тогтоолд гаалийн байгууллагад мэдүүлсэн, эсхүл мэдүүлж байгаа аливаа хүнийг хэлнэ гэдэгт гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгслийг гаалийн байгууллагад мэдүүлж байгаа зорчигч, бараа, тээврийн хэрэгслийг хүлээн авагч, илгээгч аж ахуйн нэгж байгууллагын итгэмжлэгдсэн этгээд, гаалийн зуучлагч байгууллагын бүртгэгдсэн мэргэжилтэн зэргийг ойлгоно гэж заасан байна.

Иргэн Л.Д********** улсын хилээр гарч яваагүй, зорчигч биш мэт боловч нөгөө талаараа барааг худалдан авагч хүлээн авагч юм. Тэгэхээр гаальд мэдүүлэгч гэж үзнэ. Тэгэхээр худалдан авч байгаа бараагаа гаальд мэдүүлэх үүрэгтэй.

Тухайн Замын-Үүдийн гаалийн байгууллагад мэдүүлбэл зохих барааг сайн дураараа Улаанбаатар хотод ирсний дараа би бараагаа Улаанбаатар хотод хүлээн авсан учраас энд мэдүүлмээр байна гээд мэдүүлсэн.

Гаалийн тухай хуулиар худалдан авагч буюу иргэн нь бараагаа Замын-Үүдийн гаальд мэдүүлэх үүрэгтэй байсан. Тийм учраас зөрчил гаргагч гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн 11.21 зүйлийн 1.1-т заасан зөрчилд арга хэмжээ авсан. ... Гаалийн мэдүүлэг бичихгүй орхих гэдгийг манайд огт мэдүүлээгүй гэж ярьдаг юм. Огт мэдүүлээгүй гэдэг үг хуулийн заалтад байхгүй. Бичихгүй орхих гэдэг заалтыг бид ойлгож, хэрэглэж явдаг. Огт мэдүүлээгүй л гэсэн үг. Үгийн утгын хувьд л яригдаад байна. ... Миний хувьд яг энэ тохиолдол байдаг учраас гаалийн хяналт шалгалтыг хилийн талбайд хийдэг байх ёстой гэж үзэж байна. Сайн дураараа мэдүүлнэ гэдэг үгийг ашиглаад байгаа юм.

Сайн дураараа гэдэг нь нөхөх бүрдүүлэлт хийнэ гэсэн юм. Хуучин торгуульгүй байсан. Одоо торгуульгүй байна гэхээр улам өөгшинө гэж бодож байна. Зөрчлийн тухай хуулийн 11.21 зүйлийн 2-т заасныг бид тогтоох хэцүү. Яг тухайн мөчид баримтжуулж тогтоох боломжгүй гэж үзэж байна” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

            Гурав.Шүүхэд тогтоогдсон үйл баримтын талаар:

3.1.Энэхүү захиргааны хэргийн  маргааны зүйл нь Прокурор болон Гаалийн улсын байцаагч нар иргэн Л.Д********** үйлдлийг Зөрчлийн тухай хууль болон Гаалийн тухай хуулийн дагуу зөрчил гаргасан гэж үзэх эсэх талаарх үйл баримт байна.

3.2.Иргэн Л.Д********** нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Kawasaki 650 маркийн мотоцикл /цаашид “мотоцикл эсхүл бараа” гэх/-ыг бусдаар дамжуулан  худалдан авч, чингэлэг тээвэр /карго/-ээр тээвэрлүүлж, уг барааг Улаанбаатар хотод тээвэрлэж авчирсан этгээдээс хүлээн авсан бөгөөд барааг авчирсан этгээд нь гаальд мэдүүлж, татвар төлөөгүй болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээ авахаар эрх бүхий этгээдэд хандах үедээ мэдэж,  гаалийн байгууллагад хандан нөхөн бүрдүүлэлт хийсэн болох нь Зөрчлийн  хэргийн материалд түүний мэдүүлснээр[1] тогтоогдсон гэж үзлээ.

3.3.Гаалийн нөхөн бүрдүүлэлт хийхээр мэдүүлэг гаргасан үед нь Гаалийн улсын байцаагч нь Л.Д********** “Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1-ийн 1.1-д заасныг зөрчин гаалийн мэдүүлэгт барааг бичихгүй орхисон, ... татвараас зайлсхийсэн, зайлсхийхийг завдсан” гэх үндэслэлээр торгох шийтгэл оногдуулсныг хянасан Нийслэлийн прокурорын газрын Хяналтын прокурор /цаашид “Прокурор” гэх/-оос “зөрчлийн хэргийн бүрэлдэхүүнгүй” гэж үзэж, Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараахь шалгалтын газрын Гаалийн улсын байцаагчийн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн ********** дугаартай Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 11 дугаартай  дүгнэлт гаргаж шүүхэд ирүүлсэн байна.

3.4.Анхан шатны шүүх нь Прокурорын 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 11 дугаартай “Эрх бүхий албан тушаалтны шийтгэл ногдуулсан шийдвэрийг хүчингүй  болгуулах тухай” дүгнэлтийг хуралдаанаар хэлэлцээд, талуудын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг үндэслэн, Прокурор  Зөрчлийн тухай хуулийн болон Гаалийн тухай хуулийг зөв хэрэглэсэн байх тул түүний “зөрчлийн хэргийн бүрэлдэхүүнгүй” гэсэн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй байна.

3.5.Тодруулбал, анхан шатны шүүх дараахь үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлтийг хийж, Прокурорын дүгнэлтийг үндэслэн Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараахь шалгалтын газрын Гаалийн улсын байцаагч /цаашид “Гаалийн улсын байцаагч” гэх/-ийн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 0089011 дугаартай Шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэв.

Дөрөв.Анхан шатны шүүхэд нотлох баримт цуглуулсан, үнэлсэн талаар:

4.1.Шүүх нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1-т заасны дагуу зөрчлийг шалгаж шийдвэрлэсэн Гаалийн улсын байцаагчийн цуглуулж, бэхжүүлсэн байгаа, мөн хуулийн 4.15 дугаар зүйлийн 1-т “Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ” гэж заасныг үндэслэн  прокурорын хяналтад ирүүлсэн, Гаалийн улсын байцаагчийн нотлох үүргийн нь дагуу Зөрчлийн хэргийн материалын хүрээнд цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн ба нотлох баримтыг үнэлэх нь хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн дотоод  итгэл, эрх хэмжээнд хамаарах болно.

Өөрөөр хэлбэл, Гаалийн улсын байцаагч нь хяналт шалгалтаар цуглуулсан материал дээрээ үндэслэн шийдвэрээ гаргасан, өөрөө түүнийгээ нотлох үүрэгтэй тул уг материалын хүрээнд зөрчил гэж үзсэн эсэхийг шүүх шалган шийдвэрлэх нь “шүүх хөндлөнгийн байх” зарчимд нийцнэ гэж үзлээ.

4.2.Гаалийн улсын байцаагчийн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн ***********дугаартай шийтгэлийн хуудсаар ногдуулсан  ********** төгрөгийн торгууль, ********** төгрөгийн нөхөн төлбөрийг иргэн Л.Д********** зөвшөөрч бүрэн төлж барагдуулсан талаар талуудын тайлбараар тодорхой болсон тул энэ үйл баримтыг анхан шатны шүүх нотлох шаардлагагүй байна.

4.3.Хэрэгт авагдсан, Зөрчлийн хэргийн материалд байгаа хятад хэл дээрх баримтуудыг хариуцагчаас “эдгээр баримт нь Л.Д********** мотоциклыг дагалдсан техникийн баримт бичиг, гаалийн байгууллага монгол хэл рүү орчуулахгүйгээр шууд уг баримтын тоон үзүүлэлтийг тулгаж бүртгэл хийдэг” гэж  тайлбарласан, Прокурор энэ талаар маргаагүй, мөн анхан шатны шүүх уг баримтуудыг маргааны үйл баримтад хамааралтай гэж үзээгүй, нотлох баримтаар үнэлээгүй тул  уг баримтыг монгол хэлнээ орчуулж хэрэгт хавсаргах шаардлагагүй гэж үзлээ.

Тав.Зөрчлийн хэргийн холбогдогчийн эрх зүйн байдлын талаар:

5.1.Маргаан бүхий Шийтгэврийн хуудсаар торгуулийн шийтгэл хүлээсэн гэх Л.Д********** нь уг маргаан бүхий актыг зөвшөөрч, торгууль нөхөн төлбөрийг төлсөн байгаа, нөгөө талаас Гаалийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д зааснаар “гомдол гаргах эрхээ” хэрэгжүүлээгүй байгаа учраас энэхүү маргаан бүхий актын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөнө гэж үзэх үндэслэлгүй, хэрэв уг этгээдийн эрх нь шүүхийн шийдвэрээр сэргээгдсэн гэж үзвэл прокурор, эсхүл гаалийн байгууллага түүний зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх боломжтой тул энэ хэрэгт гуравдагч этгээдээр Л.Д********** татан оролцуулах шаардлагагүй гэж шүүх үзэв.

Зургаа.Маргаан бүхий актыг хянасан, шүүхээс хууль хэрэглэсэн үндэслэлийн тухайд:

6.1.Дүгнэлт ирүүлсэн Прокурор нь 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 11 дугаартай Шийтгэлийн хуудсыг Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1-ийн 1.1-д заасан үндэслэл байхгүй байхад Л.Д********** зөрчил гаргасан гэж үзсэн нь уг хуулийн заалтад нийцээгүй иргэнд үндэслэлгүйгээр торгууль оногдуулсан нь хүний эрхийн зөрчил” гэж маргасныг шүүх хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй байна.

6.2.Тодруулбал, “хариуцлага гарцаагүй байх” эрх зүйн зарчим нь зөрчлийг үйлдсэн /гаргасан/ этгээдэд хамаарах бөгөөд уг этгээдэд л шийтгэл оногдуулах ёстой.

Харин Л.Д********** нь өөрийн биеэр гаалийн хилээр нэвтрээгүй, барааг хилээр тээвэрлэж оруулаагүй гэдгийг талууд зөвшөөрч байгаа бөгөөд тэрээр захиалсан бараагаа гаалийн хилээр гарсан хойно, Улаанбаатар хотод хүлээн авсан этгээд тул Гаалийн тухай хуульд заасан зөрчил гаргагч биш, Л.Д********** нь хүлээн авсан мотоциклоо гаалийн нөхөн мэдүүлэг гаргасан нь Зөрчлийн тухай хуулийн  11.21-ийн 1-ийн 1.1-д заасан үйлдэлд хамаарахгүй, нэгэнт уг заалтаар “нөхөн мэдүүлж байгаа”-г зөрчил гэж хуульчлаагүй тул зөрчил биш, Зөрчлийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй тул Прокурорын дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй болно.

6.3.Өөрөөр хэлбэл, хариуцагчийн хуульд тодорхой заалт байхгүй тул “Л.Д********** Замын-Үүдийн гаалийн хил дээр мэдүүлээгүй” нь “гаалийн мэдүүлэгт бичихгүй орхисон” гэдэг үйлдэлд хамаарна гэсэн тайлбар нь Зөрчлийн тухай хуулийг төсөөтэй хэрэглэхгүй, хуулийн энэ заалтыг өргөн утгаар ойлгож хэрэглэхгүй тул үндэслэлгүй гэж дүгнэв.

6.4.Мөн Прокурор нь Л.Д********** нь уг барааг хилээр өөрөө биечлэн оруулж ирсэн эсэх, тэрбээр зориуд, санаатай сэдэлтээр, гаалийн хяналт шалгалтаас гадуур улсын хилээр барааг оруулсан эсэхийг гаалийн байцаагч шалгаж   тогтоогоогүй, ийм байдал тогтоогдсон бол Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 2-т зааснаар шийтгэл оногдуулж болох байсан гэх үндэслэлийг гаргасан.

Харин прокурор Монгол Улсын гаалийн хилээр мэдүүлээгүй мотоцикл орж ирсэн үйлдэл бол зөрчил мөн гэдэгтэй маргахгүй гэв.

Прокурорын тайлбар нь маргаан бүхий актын шийдэл биш тул шүүх дүгнэлт өгөх шаардлагагүй байна.

6.5.Харин хариуцагч гаалийн Улсын байцаагч нь Гаалийн тухай хуулийн дагуу Л.Д********** нь гаалийн  харилцааны оролцогч, мэдүүлэг гаргах үүрэг бүхий этгээд гэсэн үндэслэлийг гаргасан учраас Зөрчлийн тухай хуулийн заалт, Гаалийн тухай хуулийн заалтын алийг хэрэглэж зөрчил гэж үзэх талаар талууд маргасан гэж үзэж, анхан шатны шүүх эдгээр хуулийн заалт хоорондоо зөрчилдөөнтэй эсэх, аль хуулийг хэрэглэж Л.Д********** шийтгэл оногдуулах эсэхийг шийдвэрлэх ёстой байсан  гэдэг талуудын үндэслэлд дараахь  дүгнэлт өгч байна.

            6.6.Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1, мөн зүйлийн 1.1-1.5-д зааснаар гаалийн мэдүүлэгт барааг бичихгүй орхисон, эсхүл худал бичсэн, гаалийн үнэ, барааны тоо хэмжээ, гаалийн бүрдүүлэлтийн горим, барааны нэр төрөл, марк, зориулалт, ангилал, гарал үүслийг худал мэдүүлсэн, барааны хэлбэр дүрс, баглаа боодлыг өөрчилсөн, эсхүл гаалийн шалгалтаас нуун далдалсан, гаалийн бичиг баримтыг сольсон, эсхүл засварласан, гаалийн тэмдэглэгээг өөрчилсөн, эсхүл сольсон, эсхүл гэмтээж татвараас зайлсхийсэн болон зайлсхийхийг завдсан”  зэрэг үйлдлүүдийг Гаалийн тухай хууль зөрчсөн  зөрчил  гэж үзэхээр[2] хуульчлан тогтоосон байна.

            6.7.Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8-д "мэдүүлэгч" гэж гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгслийг гаалийн байгууллагад мэдүүлж байгаа аливаа этгээдийг гэж тодорхойлсон тул Зам-Үүд дэх гаалийн хилээр нэвтэрсэн мотоциклыг Л.Д********** тээвэрлэх, зөөвөрлөх зэргээр гаалийн нутаг дэвсгэрээр оруулаагүй байх тул гаалийн мэдүүлэг гаргагч нь биш байна.

            6.8.Мөн Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-т "гаалийн хилээр нэвтрүүлэх" гэж бараа, тээврийн хэрэгслийг гаалийн нутаг дэвсгэрт оруулах, дамжуулан өнгөрүүлэх, гаргахыг ойлгоно гэж тодорхойлсон бөгөөд Л.Д********** гаалийн нутаг дэвсгэр мотоциклыг оруулсан этгээд гэдгийг Гаалийн улсын байцагч нь прокурорын хяналтын шатанд нотлоогүй байх тул түүнийг гаалийн хилээр бараа оруулсан гэж үзэхгүй гэх Прокурорын тайлбарыг үндэслэлтэй бөгөөд шүүхэд нотлох баримтаар нотлогдоогүй гэж үзэв.

            6.9.Гаалийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т “Бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хил дээр ирсэн даруйд нь тээвэрлэгч энэ тухай гаалийн байгууллагад мэдэгдэнэ” гэж, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-т “Бараа, тээврийн хэрэгсэл гаалийн хил дээр ирмэгц тээвэрлэгч нь тээврийн хэрэгслийн төрлөөр, энэ хуулийн 35 дугаар зүйлд заасан мэдээлэл, бичиг баримтыг гаалийн байгууллагад гаргаж өгнө” гэж заасан.

            Мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-т “Мэдүүлэгч гаалийн хилээр нэвтрүүлэх барааг энэ хуульд заасны дагуу гаалийн байгууллагад мэдүүлнэ” гэж, 66 дугаар зүйлийн 66.1-т “Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгслийн гаалийн бүрдүүлэлтийг гэрээний үндсэн дээр гаалийн зуучлагчаар гүйцэтгүүлж болно” гэж заасан  байх тул Замын-Үүд дэх  гаалийн хил дээр мотоциклыг тээвэрлэгч мэдэгдэх, мэдүүлэгч, эсхүл зуучлагч гаалийн мэдүүлэг гаргах, бүрдүүлэлт хийх үүргийг хуулиар хүлээсэн гэж үзнэ.

            6.10.Хариуцагч Гаалийн улсын байцаагч нь шүүх хуралдаанд “... Гаалийн ерөнхий газар нь Зам-Үүд дэх гаалийн хилээр нэвтэрсэн мотоциклыг хэн тээвэрлэсэн, хэн хилээр нэвтрүүлснийг нь Л.Д********** гаалийн мэдүүлгийг нөхөн мэдүүлэх үед нь тогтоох боломжгүй” гэж тайлбарлаж байна.

            6.11.Иймд гаалийн мэдүүлгийг зохих этгээд нь хуульд заасан журмаар мэдүүлээгүй, хэн мэдүүлэх ёстой гаалийн байгууллага илрүүлж, тогтоож чадахгүй, ийм боломжгүй нөхцөл байдал нь Зөрчлийн тухаы хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1-ийн 1.1-т заасан үйлдлийг биечлэн гаргаагүй Л.Д********** хариуцлага тооцох хууль зүйн үндэслэл болохгүй.

Тодруулбал, “зөрчил гаргасан этгээд л гаргасан үйлдэлдээ хариуцлага хүлээх” эрх зүйн зарчим энд үйлчилнэ.

            6.12.Харин хариуцагчийн шүүх хуралдаан дээр гаргасан “...  чингэлэг тээврээр орж ирсэн бараа нь гаалийн хил дээр мэдүүлэхгүй орж ирэх явдал ихсэж магадгүй, хүмүүс хотод ирээд мэдүүлж болдог гэх ойлголтод  хүрнэ, гаалийн татвараас зайлсхийх боломжтой болно” гэх агуулга бүхий үндэслэлүүдийг шүүх хүлээн аваагүй болно.

6.13.Учир нь Л.Д********** энэхүү үйлдлийн нэгэн адил, аливаа этгээд нь бусад  этгээдээр дамжуулан барааг  цахим болон бусад арга хэрэгслээр захиалж, хилээр тодорхойгүй этгээдээр дамжин орж ирсэн барааны хувьд хэн гаалийн мэдүүлэг хэрхэн гаргах, бараа тээвэрлэгч мэдүүлэг гаргаагүй, энэ талаараа бараа хүлээн авагчид мэдэгдээгүй тохиолдолд бараа захиалагч ямар үүрэг гүйцэтгэх, хүлээх, энэ тохиолдлын хариуцлагыг хэнд хэрхэн  хүлээлгэх хуулийн зохицуулалт тодорхой биш байгаа нь энэхүү маргааны үндэслэл болсон байх тул,  маргалдагч талуудын эрх бүхий этгээдүүд хуульд энэ талаар нарийвчлан тусгуулах арга хэмжээ авах нь энэ төрлийн маргаан үүсэхээс сэргийлэх, иргэний эрх зөрчигдөхөөс хамгаалах эрх зүйн зохицуулалт болно гэдгийг анхаарвал зохино.

6.14.Эдгээр хуулийн зохицуулалт байхгүй нь барааг “гаалийн хилээс гадуур” хүлээн авсан этгээдийг буруутгах хууль зүйн үндэслэл болохгүй боловч хэн ч хариуцлага хүлээх ёсгүй гэсэн дүгнэлт биш юм.

Харин “хариуцлага гарцаагүй байх зарчим”-ын дагуу хариуцлага хүлээвэл зохих буруутай этгээдийг олж тогтоох нь гаалийн байгууллагын эрх, үүрэг байна.

6.15.Түүнчлэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-т “Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараахь нөхцөл байдлыг тогтоосон байна “ гээд мөн зүйлийн 1.3-т “тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэх” гэжээ.

Хуулийн энэ заалтаас үзвэл хариуцагч Гаалийн улсын байцаагч нь Л.Д********** үйлдлийг Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтад яг нийцсэн эсэхэд үндэслэл бүхий дүгнэлт өгөх ёстой.

Шийтгэлийн хуудсанд баримталсан хуулийн заалт болон хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбараар Л.Д********** үйлдлийг Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1-ийн 1.1-д заасан үйлдэл гэж үзсэн нь холбогдогчийн үйлдэлд хуулийн уг заалтад заасантай тохирохгүй байх тул хариуцагчийн шийдвэр хуульд нийцэхгүй гэж үзсэн болно.

6.16.Иймд Гаалийн тухай хуулийн дээрх заалтууд, Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтууд нь аливаа байдлаар сөргөлдөөнтэй биш,  зөрчлийн хэрэгт холбогдогчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн, эсхүл дордуулсан   зохицуулалттай хуулиуд биш байна.

6.17.Дээр тогтоогдсон үйл баримтуудыг нэгтгэн дүгнэвэл, Л.Д********** гаалийн мэдүүлгийг нөхөн гаргасан үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1-ийн 1.1-д заасан зөрчил гэж тооцох үйлдэлд хамаарахгүй буюу Л.Д********** нь гаалийн мэдүүлэгт барааг бичихгүй орхисон, эсхүл худал бичсэн, гаалийн үнэ, барааны тоо хэмжээ, гаалийн бүрдүүлэлтийн горим, барааны нэр төрөл, марк, зориулалт, ангилал, гарал үүслийг худал мэдүүлсэн, барааны хэлбэр дүрс, баглаа боодлыг өөрчилсөн, эсхүл гаалийн шалгалтаас нуун далдалсан, гаалийн бичиг баримтыг сольсон, эсхүл засварласан, гаалийн тэмдэглэгээг өөрчилсөн, эсхүл сольсон, эсхүл гэмтээж татвараас зайлсхийсэн болон зайлсхийхийг завдсан зэрэг үйлдэлд хамаарахгүй болох нь тогтоогдсон тул Прокурорын гомдол /дүгнэлт/ үндэслэлтэй гэж дүгнэв. 

            6.18.Зөрчлийн тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 1-т “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах шийдвэр нь шийтгэлийн хуудас хэлбэртэй байна” гэж заасан байна.

Хуулийн энэ заалтаас үзвэл зөрчлийн холбогдогч нь зөрчил гаргасан нь тогтоогдвол, шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулах ба харин зөрчил биш байгаад зөвхөн нөхөн торгууль төлөхөд уг шийтгэлийн хуудсыг бичих эрх зүйн үндэслэл байхгүй байна.

Иймд шүүх Л.Д********** үйлдэл нь зөрчлийн хэргийн бүрэлдэхүүнгүй тул шийтгэл оногдуулах үндэслэлгүй, шийтгэл оногдуулахгүй тул Шийтгэлийн хуудас бичигдэх хууль зүйн үндэслэлгүй учраас нөхөн төлүүлэх төлбөрийг шийтгэлийн хуудсаар оногдуулахгүй гэж үзэж уг эрх зүйн баримт бичгийг бүхэлд нь хүчингүй болгож байна.,

Шүүхээс шийтгэлийн хуудсаар оногдуулсан нөхөн татвар, торгуулийг хүчингүй болгосон тохиолдолд гаалийн байгууллага нь Л.Д********** нөхөн төлүүлсэн төлбөрт холбогдох актыг  шинэчлэн гаргах эрх хэмжээтэй болохыг тэмдэглэсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.12, 112 дугаар зүйлийн 112.4.3 дахь заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1-ийн 1.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг баримтлан Нийслэлийн прокурорын газрын Хяналтын прокурорын гомдлыг /дүгнэлтийг/ хангаж, Гаалийн улсын байцаагчийн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн ********** дугаартай Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг баримтлан, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д  заасны дагуу дүгнэлт бичсэн Нийслэлийн прокурорын газрын Хяналтын прокурор тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг тэмдэглэсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.1, 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.ЭРДЭНЭЧИМЭГ

 

 

 

[1] Хавтаст хэргийн 11-12 дахь тал

[2] Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн бусад заалтуудад талуудын маргаагүй тул энд дурьдаагүй болно.