Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 20

 

А-д холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 

226/2020/0020/Э

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сүхгомбо даргалж, шүүгч Я.Алтаннавч, Б.Дэнсмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд нээлттэйгээр,

Нарийн бичгийн дарга Г.Отгонзаяа,

Прокурор Б.Бямбасүрэн,

Шүүгдэгч А-, түүний өмгөөлөгч Г.Бадамгэрэл нарыг оролцуулан,

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүүгийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 85 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А-ийн давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 1939004570270 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Дэнсмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд 1997 онд төрсөн, эрэгтэй, 23 настай, бүрэн бус дунд боловсролтой, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр баг “Заан ширээ” гэх газар оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх О овогт Ч-н А нь

2019 оны 6 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр болох “Бор хоолой” гэх газраас Т-ын 5 тооны адууг, 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр болох “Ширээгийн булаг” гэх газраас Т-ын 14 тооны адууг хулгайлж, нийт 16050000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч О овгийн Ч-н А-ийг бусдын олон тооны малыг хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А-ийг хоёр жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А-д оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт, 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А-д гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан улсын дугааргүй цэнхэр өнгөтэй Даюун маркийн мотоциклыг хурааж улсын төсөвт шилжүүлэх, хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ хэрэглэж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц А-ийн эзэмшлийн улсын дугааргүй цэнхэр өнгөтэй мотоциклыг битүүмжилсэн прокурорын 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 38 дугаартай тогтоолыг хүчингүй болгохоор тус тус заан шийдвэрлэжээ.

Шүүгдэгч А- давж заалдах гомдолдоо: Би өөрийн үйлдлийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, чин сэтгэлээсээ гэмшиж байна. Миний бие өмнө нь гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй бөгөөд хохирогчид хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс надад оногдуулсан 2 жилийн хорих ялыг багасгаж өгнө үү гэжээ.

Хохирогч Т- давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: А- хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул гомдол санал байхгүй. Анхан шатны шүүхээс А-д оногдуулсан 2 жилийн хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Бямбасүрэн давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч А- нь хоёр удаагийн үйлдлээр бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын цуглуулж бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн бодит байдлыг тогтоосон, хэрэгт хийгдвэл зохих ажиллагаанууд бүрэн хийгдсэн. Бусдын олон тооны малыг хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 2-8 жилийн хорих ял шийтгэхээр хуульчилсан. Прокуророос А-д тухайн зүйл ангид заасан хорих ялын хамгийн бага хэмжээ буюу 2 жилийн хорих ял оногдуулах саналыг гаргасан. Анхан шатны шүүхээс А-д 2 жилийн хорих ял оногдуулсан. Давж заалдах шатны шүүхээс А-д оногдуулсан 2 жилийн хорих ялыг хуульд заасан хэмжээнд хөнгөрүүлэхэд прокурорын зүгээс татгалзах зүйлгүй. А- нь залуу хүн, алдаагаа ухамсарлаж цаашид гэмт хэрэг, зөрчилд холбогдохгүй байх гэж итгэж байна гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Бадамгэрэл давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: А- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчид хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулсан. Мөн гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй. А- нь одоо 22 настай, шинээр гэр бүл болсон залуу хүн. Анхан шатны шүүхээс “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг баримтлах үндэслэлгүй, гэмт хэргээс учирсан хор уршгийг арилгаагүй” гэж дүгнэсэн боловч одоо хор уршиг бүрэн арилсан, хохирогч гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг хэрэглэх бүрэн боломжтой гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж 2-оос доош жилийн хорих ял оногдуулж өгнө үү гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар шүүгдэгч А-ийн давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

А- нь 2019 оны 6 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр болох “Бор хоолой” гэх газраас Т-ын 5 тооны адууг,  2019 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр болох “Ширээгийн булаг” гэх газраас Т-ын 14 тооны адууг мотоцикл ашиглан хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авч Т-ад нийт 16050000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... А- миний төрсөн дүү Чинбатын хүүхэд байгаа юм. ...А- надад танаас би авах ёстой юмаа авсан гэж хэлсэн. ...над дээр өссөн миний төрсөн дүүгийн хүүхэд надаас хулгай хийсэнд нь гомдолтой байна. ...А- над дээр өссөн хэдий ч миний малыг захиран зарцуулах эрхгүй. ...2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Хэнтий аймгийн мал нядалгааны газарт шар хээр морь-1, бор хээр морь-1, улаан хээр морь-1, хонгор халзан морь-1, цагаан бор морь-2, шарга морь-1,  хонгор морь-1, хув хар азарган үрээ-1, хонгор халзан үрээ-1, хонгор халзан байдас-1, цагаан хонгор байдас-2, хонгор байдас-1 зэрэг нийт 14 тооны адууг нядлуулсан байсан. ...Би алдсан 29 тооны адуунаасаа Хонгор азаргатай 15 тооны адууг Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр баг Хэрлэн голын салаанаас 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр олсон. Одоо 14 тооны адуу байхгүй.

...Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр багийн нутаг болох “Бор хоолой” гэх газраас 2019 оны 6 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө ...хонгор морь-3, хонгор халзан соёолон морь-1, зээрд халзан хязаалан үрээ-1, нийт 5 тооны адуу алдсан. ...хохирлыг А-ийн эцэг эх нь төлж барагдуулсан учир надад ямар нэгэн гомдол, санал байхгүй. А-д хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг /1хх-ийн  38-39, 41, 43, 47-48 хуудас/,    

Гэрч Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Хэнтий аймгийн Хэрлэн суманд үйл ажиллагаа явуулдаг “Таван-Эрдэнэ” мал нядалгааны газарт мал мах авдаг. ...2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 14 тооны адууны мах худалдан бөгөөд адууны зүс, им, тамгыг би мэдэхгүй байна. Уг 14 адуу бойнд орж нядлагдаж өлгүүрт байхад нь 1 килограмм махыг нь 6500 төгрөгөд бодож нийт 14008000 төгрөгөөр худалдаж авсан. ...мал эмнэлгийн бичиг, цагдаагаар шалгуулсан тэмдэгтэй байсан. ...Надад өндөр, махлаг бордуу царайтай эмэгтэй хүн зарсан...” гэх  мэдүүлэг /1хх-ийн 62 хуудас/,

 Гэрч Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 6 дугаар сар шиг санагдаж байна, А- над руу залгаад “8, 9 тооны адуу бойнд  оруулах гэсэн  юм, та надад бичиг авч өгөөч” гэхээр нь зөвшөөрсөн. ...2 хоногийн дараа намайг малд явсан хойно А- ...манай эхнэр рүү яриад манай эхнэр О ганцаараа аймаг руу явчихсан байсан. ...эхнэр над руу утастаад “малын тамгаа мартчихжээ, аваад ир” гэхээр нь би тамгаа аваад аймаг орж Нараагийн бойн дээр очиж эхнэртээ өгсөн. ...А- 14 тооны  адуу  адуу  авчирсан  байсан. ...Бид хоёрт мөнгө өгье гэхээр нь би эхнэрийгээ “100 төгрөг ч битгий аваарай” гээд авахуулаагүй...” гэх мэдүүлэг /1хх-ийн 63 хуудас/,

Гэрч О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 7 дугаар сарын эхээр шиг санаж байна, нөхөр бид хоёрыг хөдөө гэртээ байж байхад  А- “малын бичиг аваад өгөөч, “А” данс байхгүй болохоор болохгүй байна, өөрийн хэдэн адууг зарж борлуулах гэсэн юм” гэж манай нөхөр Б-тэй утсаар ярьсан. ...маргааш нь “аймаг дээр ирчихсэн байна, та хүрээд ирээч” гэхээр нь би ганцаараа аймагт очсон, тамгаа мартсанаа санаад нөхрөөрөө тамгаа Н-н бойн дээр авчруулсан. ...малын бичгийг нь авч өгөөд адууг нь бойнд оруулж борлуулж өгсөн. ...14 тооны адуу авчирсан байсан. ...Эрдэнэдаваа гэдэг ченжид адууны махаа 14 сая төгрөгөөр өгсөн. ...10 саяыг нь бэлнээр авсан, үлдсэн 3600000 төгрөгийг нь маргааш нь манай нөхөр Б-н дансанд хийсэн. ...би нөхрийн дансанд хийсэн 3600000 төгрөгийг А-д бэлнээр өгсөн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 66 хуудас/,

Гэрч М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 6 дугаар сарын сүүлээр хугацааг нь сайн санахгүй байна, А- өглөө 08 цагийн орчимд над руу утсаар залгаад “Эхнэр хүүхдийг маань хөдөө гэрээс аваад аймаг хүргээд өгөөч, ...хэдэн адуу аймаг руу оруулж зарах гэсэн юм, мөнгийг нь өгөөд хамт туулцах хүн олоод өгөөч” гэхээр нь өөрийн хамаатны ах Батболорт “хүнд адуу туулцаад өгчих, мөнгийг нь өгнө гэж байна” гэж хэлтэл Б зөвшөөрсөн. Тэгээд би Б-г гэрээс нь аваад Баянхутаг сумын 1 дүгээр багийн нутагт байрлах А-гийн гэрт нь буулгаад, А-гийн эхнэр хүүхдийг нь аваад аймаг хүргэж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 70 хуудас/,

Гэрч Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 6 дугаар сарын сүүлээр өглөө 11 цагийн орчимд М манайд ирээд “хэдэн адуу туулцаад өгөөч, хөлсийг нь өгнө гэж байна” гэж хэлэхээр нь зөвшөөрч Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр багийн нутаг руу явсан. ...намайг очиход А- эхнэр, хүүхдийн хамт гэртээ байсан. А-гийн эхнэр хүүхдийг М Хэнтий аймаг руу аваад буцсан. ...М-г хөдөлснөөс хойш удалгүй “Даюун” маркийн мотоциклтой А-гийн хамтаар гэрээс нь баруун урагшаа 30 орчим километр яваад засмал замын хойд талаас ...хонгор азаргатай 20 орчим тооны зөв талын ташаан толгой, гуян дээрээ нүдтэй саран тамгатай адууг баруун хойд зүгт хөөж, ...шөнийн 23 цагийн орчимд голын урд талд нэг айлын хаваржаанд хашсан. ...маргааш өглөө нь 07 цагийн орчим А-гийн хамт бүдүүн болон сувай адууг нь ялгахад 14 тооны адуу болсон. Тэр дундаас хоёр номхон морийг А- бариад хазаарласан. ...бид хоёр зайдан унаад үлдсэн адуугаа туугаад голын салаа гараад Батаа гэх айлынд очиж 2 эмээл авсан. А- голын урд үлдээсэн мотоциклоо авна гээд Б-н гэрт үлдсэн. ...Б бид хоёр 14 тооны адууг хөөгөөд Хэнтий аймгийн төвийн хамгийн зүүн талд байрлах бойнд өдөр 12-13 цагийн орчимд ирсэн...” гэх  мэдүүлэг /1хх-ийн 75-76 хуудас/,  

Гэрч Ш-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Таван-Эрдэнэ” мал нядалгааны газарт мал мах авдаг. ...Би А-ээс 2019 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 5 тооны адууг худалдан авсан.  Дээрх 5 тооны адуу голдуу хонгор зүсмийн адуу байсан. Би нэг бүрчлэн зүсэлж мэдэхгүй байна, бүгд ижилхэн дан цэгтэй саран тамгатай байсан. ...А- уг 5 тооны адууг надад зарахдаа “би саяхан айл болоод малын “А” дансаа нээлгэж амжаагүй, та малын бичиг аргалаад өгөөч” гэхэд нь би “дараа нь ам хэл болбол яах юм бэ” гэсэн чинь А- “Би өөрийнхөө адууг зарж байгаа юм, та санаа зоволтгүй, бүгд ижил тамгатай, хулгайн адуу биш” гэж хэлээд гуйгаад байхаар нь нөхөр А-н нэр дээр мал эмнэлгийн бичиг авч, адууных нь зургийг нэг нэгээр нь авч А-ийг ирсэн машинтай нь хамт зургийг нь авч угаалган цагдаагаар бичгээ баталгаажуулсан. ...5 тооны адуу нийт 538 кг болж 1 кг нь 6500 төгрөгөөр бодож нийт 3600000 төгрөгөөр худалдан авсан. ... 2000000 төгрөгийг нь эхнэрийнх нь данс руу хийж, үлдэгдэл 1600000 төгрөгийг нь өөрт нь өгсөн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 82-83 хуудас/,

 Гэрч А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 6 дугаар сарын 16-ны өдөр намайг гэртээ байж байхад манай эхнэр Шн А- гэдэг хүнээс 5 адууны махыг нийт 3600000 төгрөгөөр авсан байсан. 2000000 төгрөгийг нь би “Эвт” худалдааны төвийн “ХААН” банкны АТМ-аас эхнэрийн 5638022195 дугаарын данснаас А-ийн эхнэрийн данс руу хийсэн. Одоо тухайн дансыг санахгүй байна. Үлдсэн 1600000 төгрөгийг нь бэлнээр А-д өгсөн...” гэх  мэдүүлэг /1хх-ийн 84-85 хуудас/,

  Гэрч Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 1300 ХЭА улсын дугаартай автомашинаар ачаа ачиж мөнгө олдог. ...Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр багийн нутаг “Баагийн хоолой” гэх газраас газарт оршин суух О хочит Гр над руу утсаар залгаад “ачаа ачих уу” гэхээр нь би “ачъя” гээд Г-ын гэрийн гадаа очсон. Г-д очиход гэрт нь Г, эхнэр, хүүхдүүдийн хамт, мөн А- хочит А- байсан. Г-н гэрийн гадаа 5 тооны адууг хонины хашаан дотор нь уясан байсан. ...5 тооны адууг Г, А- бид гурав ачих гээд чадахгүй байж байхад нэг танихгүй залуу малд явж байгаа гээд ирэхээр нь А- гуйгаад бид 4 адуугаа ачсан. ...А-гаас замдаа гарал үүслийн бичгийг талаар асуухад “Ямар ч асуудал байхгүй, бичгийг нь хүн авчихсан” гэж хэлж байсан. ...Хэрлэнгийн гүүрний урд 1 км орчим зайд “Приус-10” маркийн саарал өнгийн автомашинтай махны ченж гэх 1 хүүхэн тосоод “араас дагаад яв” гээд гүүрээр оруулсан. Тэр үед цагдаа байгаагүй. Тэгээд Нараагийн бойн дээр адууг буулгасан...” гэх  мэдүүлэг /1хх-ийн 87-88 хуудас/,

 Гэрч Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 6 дугаар сарын 16-ны өглөө эрт А- 5 тооны адууг манай хонины хашаанд хашсан байсан. Намайг “ачуулах машин олоод өгөөч, мөнгөний хэрэг гарчхаад өөрийн хэдэн адуугаа зарах гэсэн юм” гэхээр нь би танил Б руу ярьж зуучилж өгсөн...” гэх  мэдүүлэг /1хх-ийн 90-91 хуудас/,

Гэрч Ц.Мичидмаагийн мөрдөн шалгах өгсөн: “...Би А-тэй 2012 онд танилцаж, 2018 онд охинтой болсон. 2019 оны 6 дугаар сарын эхээр гэр бүл болсон. ...2019 оны 6 дугаар сарын дундуур хурдан удмын азаргаа 5 тооны адуугаар сольж зарсан гээд 3000000 төгрөг дансаар шилжүүлсэн. Би тэр үед хотод биеэ үзүүлж байсан...” гэх  мэдүүлэг /1хх-ийн 96 хуудас/,

Гэрч Ч.Чинбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...А- манай 2 дахь хүү байгаа юм, ...4 настайдаа Т- ахынд очиж тэндээ өсөж хүмүүжсэн. ...Т- ахын хувьд өөрийн төрсөн хүүхэдгүй. ...А- маань архи, тамхи хэрэглээд байдаггүй, уур уцааргүй хүүхэд, 2016-2017 онд Дорнод аймгийн Халх гол суманд цэргийн алба хаасан. ...Болсон хэрэг явдлын талаар мэдэх зүйл байхгүй ...миний хүүгийн буруу гэдгийг ухамсарлаад эхнэр бид хоёр Т- ахын хохирлыг бүрэн төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг  /1хх-ийн 101 хуудас/,

А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би 2018 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Баянхутаг сумын 1 дүгээр багийн нутаг Заанширээ уулын Булаг гэх газарт байдаг аавын төрсөн дүү Т-ын адуунаас 14 тооны адуу хулгайлан аймагт аваачиж 14000000 төгрөгөөр зарж борлуулсан. ...2019 оны 6 дугаар сарын 16-ны өдөр ...Т- ахын адуунаас хонгор халзан зүсмийн соёолон, зээрд халзан зүсмийн хязаалан үрээ, хонгор халзан зүсмийн соёолон морь, сартай хонгор зүсмийн соёолон морь, зэгэл хонгор халзан  зүсмийн бүдүүн морь зэрэг 5 тооны адууг Т- ахад хэлэлгүйгээр Баянхутаг сумын “Бор хоолой” гэх газарт тууж ирээд эзэнгүй чулуун хороонд хашиж хонуулаад маргааш нь Б, Г нарыг дуудан машинд ачаад аймаг оруулан Н-н бойнд оруулсан. ...Эхний 5 адууг эхнэрийн зээлийг төлөх зорилгоор хулгайлсан, дараагийн 14 тооны адууг Ц гэдэг хүнээс авсан 2500000 төгрөгийн зээлээ төлөх зорилгоор хулгайлсан. ...Би Т- ахынд өссөн. ...учруулсан хохирлоо төлж барагдуулсан, хийсэн хэрэгтэй маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг  /1хх-ийн 129-135 хуудас/

Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн ЦХ19-33 дугаартай “...14 тооны адууг нийт 11650000 төгрөгөөр үнэлэв...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 108-111 хуудас/,

Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн ЦХ19-25 дугаартай “...5 тооны адууг нийт 4400000 төгрөгөөр үнэлэв...” гэсэн шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 113-114 хуудас/,

Хөрөнгийн үнэлгээний  “ФЭЙР ВАЛУЭШН” ХХК-ийн 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 247 дугаартай “...”Даюун” маркийн улсын дугааргүй мотоцикл 1 ширхэг 300000 төгрөг” гэсэн шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 35 хуудас/,  

Гэрч Ш нь мэдүүлэг өгөхдөө “А-ээс 2019 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 5 тооны адуу худалдаж авахдаа адуу ачиж ирсэн автомашин болон 5 тооны адуу, А- нарын гэрэл зургийг авсан” гэж мэдүүлсэн тул уг гэрэл зургийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургууд /1хх-ийн 19-20 хуудас/,

Хохирогч Т-ын “А-д гомдол санал байхгүй, хохирлоо бүрэн хүлээж авсан” гэсэн нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт /1хх-ийн 49 хуудас/  зэрэг хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтад хийсэн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн байна.  

Анхан шатны шүүхээс шүүгдэгч А-г бусдын олон тооны малыг хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хууль зүйн үндэслэл бүхий болжээ.

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотлогдвол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад болон эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн болон нөлөөлж болохуйц нөхцөл байдал, зөрчил тогтоогдоогүй болно.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэж буй эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцэж Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангаж байх учиртай.

Анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан ял нь үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байх байх тул шүүгдэгч А-ийн ял хөнгөрүүлэх тухай давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 85 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А-ийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А-ийн цагдан хоригдсон 62 /жаран хоёр/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулж тооцсугай.

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.СҮХГОМБО

                                ШҮҮГЧИД                                           Я.АЛТАННАВЧ

                                                                                                Б.ДЭНСМАА