Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 2024/ШЦТ/333

 

 

 

 

 

 

 

   2024          03          15                                    2024/ШЦТ/333

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

нарийн бичгийн дарга:Б.Сарантуяа

улсын яллагч:Н.Ундрах  

шүүгдэгч: Т.Г нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Г холбогдох эрүүгийн 2308035530068 тоот хэргийг 2024.02.15-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

           Шүүгдэгч: Монгол Улсын иргэн **** аймгийн **** хотод ****-нд төрсөн, *** настай, эрэгтэй, дээд боловсролтой, аялал жуулчлалын хөтөч мэргэжилтэй, Кэй эй рентал сервис ХХК-д оператор ажилтай, ам бүл6, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ***** хороо, ***** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:****/ Б овогт Т.Г нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүгдэгч Т.Г нь 2023 оны 11 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнийн 02 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ***** хороо ***** тоотод байрлах гэртээ иргэн Н.О “Архи уугаад олон юм ярьсан, толгой руу цохисон” гэх шалтгаанаар өргөн авч газар шидэж унагасны улмаас түүний бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан болох нь нотлох баримтуудаар тогтоогдож байна.Үүнд:

- Гэмт хэрэг, зөрчлийн талаарх дуудлага, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-1/,

          -  Хохирогч Н.О"... 02 цагийн үед манай нөхөр унтаад өгсөн ба гэрийн эзэн гэх эмэгтэйгийн нөхөр нь гэх караоэкэд танилцсан үл таних залуу гэнэт намайг "Чи муу одоо юу чадах юм уу чи? Хоёулаа үзэх үү" гэх зэргээр надад агсам тавиад байсан ба гэнэт тэр залуу босож ирээд "Би чамайг дийлнэ чи муу одоо юу вэ" гээд миний урд талаас тэвэрч аваад өргөөд газар луу шидсэн. Шидэхэд миний баруун хөл эвгүй дуугараад миний хөл эвгүй болсон" гэх мэдүүлэг /хх-12-15/,

        - Гэрч Б.А: “..бид нар 0,75 ли хараа нэртэй архинаас 1 шилийг хувааж уугаад амарч байсан. Гэрт ирсэн үл таних эмэгтэй нь агсам согтуу авиад орилоод унтуулаагүй.Өглөө хөл нь гэмтсэн байсан, яагаад гэмтсэнийг мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-8/,

        - Гэрч А.М: “...унтаж байгаад нэг сэртэл манай эхнэр О газар хэвтэж байсан ба “Ёоё өвдөөд шүү дээ, хөл хугалчихлаа шүү дээ” гээд орилоод байсан ба Гансүх согтуу “”хөл дээр нь дэвсчихье, муу г....й яагаад баашлаад байгаа юм” гээд байсан ба манай эхнэрийн хөл рүү дэвсэх гээд дайраад байсан. Би эхнэрийн хөлийг гэмтээж байхыг хараагүй” гэх мэдүүлэг /хх-25/

         - Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 14563 дугаартай “Н.О биед баруун шаант, тахилзуур ясны зөрүүтэй далд хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Учирсан гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна" гэх дүгнэлт /хх- 26-27/ ,    

        - Яллагдагч Т.Г: ”Прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...бид нар дахин 1 шил 0,75 литрийн архийг хувааж уусан ба О цуг явж байсан залуу нь тасраад унтаад өгсөн. О манай найз Б “хоёлуу машин руу гарья” гээд байсан манай найз Б юм хэлэхгүй байхаар нь би О хандаж “Нөхөр чинь хажууд чинь унтаж байхад яах гээд байгаа юм бэ тавьтиргүй эмэгтэй вэ” гээд уурлаталОбид хоёр маргалдсан,О миний дагз руу 1 удаа алгадсан. Тэгээд дуу нь чангараад хүүхэд сэрээх гээд байхаар нь би “Мнайхаас гарцгаа” гэж хөөсөн. ...Б,О бид гурав архи хувааж уусан баОсогтсон байсан бөгөөд дуу нь чангараад хүүхэд сэрээх гээд байхаар нь би Одгэрэлд хандаж “унт” гээд газар зассан байсан орон дээр өргөж тави гэж байгаад хоёр гараараа бэлхүүснээс нь өргөтөл дээрээс нь дураад унасан ба би яг яаж дарж унаснаа санахгүй, хөл нь гэмтсэн байсан” гэх мэдүүлэг /хх-102/  зэрэг баримтууд хамаарч байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд, шүүгдэгч Т.Г хувийн байдалтай холбоотой болон бусад баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил болон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Т.Г нь 2023 оны 11 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнийн 02 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ***** хороо ***** тоотод байрлах гэртээ бусадтай архидан согтуурч улмаар  иргэн Н.О “Архи уугаад олон юм ярьсан, толгой руу цохисон” гэх шалтгаанаар маргалдан өргөн авч газар шидэж унагасны улмаас түүний бие махбодод хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан болох нь дуудлагын хуудас, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн 14563 дугаартай дүгнэлт мэдүүлэг зэрэг баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Т.Г нь хохирогч Н.О бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч мэдүүлж байх боловч “Н.О оронд нь хэвтүүлэх зорилгоор өргөн авч дээрээс нь дарж унагасны улмаас хөл нь гэмтсэн” гэх “болгоомжгүйгээр гэмтэл учруулсан” гэх агуулгатай мэдүүлэг нь хохирогч Н.О “гэнэт тэр залуу босож ирээд "Би чамайг дийлнэ чи муу одоо юу вэ" гээд миний урд талаас тэвэрч аваад өргөөд газар луу шидсэн. Шидэхэд миний баруун хөл эвгүй дуугараад миний хөл эвгүй болсон” гэх мэдүүлэг, гэрч А.М мэдүүлэг зэрэг баримтаар үгүйсгэгдэн няцаагдаж байх тул шүүх Т.Г яллагдагчаар өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар тооцсонгүй.

Шүүгдэгч Т.Г нь тухайн үед үүссэн хувийн тааржмгүй харилцааны улмаас Н.О бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан нь баримтаар нотлогдсон тул Т.Г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

Хохирогч Н.О нь баримтаар /хх-49-61/ нийт 925857 төгрөг нэхэмжилсэн ба шүүгдэгч Т.Г зүгээс 2 сая төгрөг хохирогч Н.О шилжүүлсэн, хохирогч Н.О “гомдол саналгүй” гэж шүүхэд мэдэгдсэн тул Н.О иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхилоо. Хохирогч шаардлагатай гэж үзвэл иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй байна.

Харин хохирогч Н.О эмчилгээний зардалд Эрүүл мэндийн даатгалын сангаас 1568000 төгрөг зарцуулсанн ь баримтаар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1-д “бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн халамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй” гэж, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1 Дараахь зардлыг дор дурдсан этгээдээр нөхөн төлүүлнэ: 12.1.1 гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад” гэж  тус тус заасны дагуу тухайн төлбөрийг Т.Гансүхээс гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын сангийн төрийн санд шилжүүлэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Т.Г нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар /хх-39/ тогтоогдож байна.

Шүүгдэгч Т.Г үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1 сая төгрөгөөр торгох ял оногдуулах, уг торгуулийн ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал, шүүгдэгчээс “хүлээн зөвшөөрч байна” гэх тайлбарыг гарган оролцлоо.

Дээрх нөхцөл байдал болон шүүгдэгч Т.Г хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн санал болгосончлон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгон хэрэглэж, торгох ялын хэмжээг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээгээр тогтоож, ял оногдуулж шийтгэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

           1. Шүүгдэгч Б овогт Т.Г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овогт Т.Г 1000 /нэг мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.Г оногдуулсан торгох ялыг энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсоноос хойш  4 /дөрвөн/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Н.О цаашид эмчилгээ хийлгэсэн тохиолдолд нотлох баримтаа бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэйг заасугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт тус тус зааснаар Т.Г 1.568.000  /нэг сая таван зуун жаран найман мянган/ төгрөгийг гаргуулж эрүүд мэндийн даатгалын  төрийн санд шилжүүлсүгэй.

 6. Шүүгдэгч Т.Г нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хувийн эд зүйл, бичиг баримт хурааж, битүүмжилж ирүүлээгүй, хохирогч “гомдол саналгүй” гэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, Т.Г нь хохирогчид 2 сая төгрөг шилжүүлсэн болохыг тус тус дурдсугай.

7. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

         8. Дээрх дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Г урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн торгох ялыг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн тооцож хорих ялаар солино гэдгийг Т.Г мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                              С.СЭРЖМЯДАГ