Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 2024/ШЦТ/346

 

 

 

 

 

 

  2024           03           19                                    2024/ШЦТ/346

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

нарийн бичгийн дарга: Б.Сарантуяа,

улсын яллагч:Р.Очирсүрэн 

шүүгдэгчийн өмгөөлөгч:Х.Гантулга

шүүгдэгч: Т.А нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Т.А холбогдох эрүүгийн 2308000000072 тоот хэргийг 2024.03.12-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

           Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ****** өдөр **** аймгийн **** суманд төрсөн, *** настай,бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа ачааны машин барьдаг гэх, ам бүл -1, Баянзүрх дүүргийн **** хороо **** тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, /РД:*****/ Ж овогт Т.А  нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэгт холбогджээ                                    

ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүгдэгч Т.А нь 2023 оны 12 дугаар сарын 19-ний орой 22 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн дүүргийн 33 дугаар хороо Тахилт 34-366 тоотод байхдаа М.Э зүүн хацар руу гараараа хоёр удаа алгадаж, хүзүү орчим хоёр удаа цохиж, баруун гуя руу нь хөлөөр 2 удаа өшиглөн, гуяны дотор талаас нь базах зэргээр зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна.Үүнд:

        - Шуурхай дуудлагын хуудас, гомдол хүлээн авсан тэмдэглэл /хх-1, 2/,

        - Хохирогч М.Э “Би нөхөр хүүхдийн хамтаар Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны нутаг дэвсгэр Тахилт 34-366 тоотод оршин суудаг. 2023 оны 12 дугаар сарын 19-ний орой 22 цагийн орчим манай нөхөр А нь надтай хэрүүл өдөж намайг урд нь гэр бүлийн хүчирхийллээр баривчилгаанд явуулсан. Чи болохоороо цагдаа нартай унтаж хэвтэж янз бүр болоод үлдчихдэг гэх зэргээр доромжлоод байсан. Мөн Баянзүрх дүүрэгт байх байрыг маань заруулсан гэж хэлсэн. Тэгж хэлэхээр нь чи өөрөө зарсан биз дээ гэх зэргээр хэрүүл болж эхэлсэн. Тэгээд миний зүүн хацар руу баруун гараараа хоёр удаа алгадсан. Мөн баруун гараа атгаж байгаад хүзүү орчим хоёр удаа цохисон Тэгэхээр нь би айгаад цагдаагийн байгууллагад хандсан. Тэгээд би ах руугаа залгаж болсон асуудлын талаар хэлсэн бөгөөд манай ах гар утсаа салгаад эргүүлээд фейсбүүк хаягаасаа залгах хооронд миний баруун хацар руу, баруун гараа атгаж байгаад гурван удаа цохисон. Бас баруун гуя руу баруун хөлөөрөө хоёр удаа удаа өшиглөсөн, Баруун шилбэ рүү зүүн хөлөөрөө хоёр удаа өшиглөж баруун гараараа баруун гуяны дотор хэсгээс хүчтэй базаж хөхрүүлсэн. Зүүн хөлийн маань булчин хэсэгт баруун хөлөөрөө гурван удаа өшиглөсөн. Баруун гар орчим гараа атгаж байгаад гурван удаа цохиж зодсон. Тэр хугацаанд манай ах над руу залгаж ярьсан бөгөөд А тамхи татчихаад ирье гэж хэлээд гараад алга болчихсон. Удалгүй цагдаа нар ирж би цагдаагийн байгууллага дээр ирсэн юм гэх мэдүүлэг/хх- 06-07/,

        - Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 618 дугаартай “М.Э биед 2 хацрын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн сарвуу, зүүн чихний хөхлөг сэртэнгийн цус хуралт, зүүн шилбэний зөөлөн эдийн няцрал, баруун гуяны зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Учирсан гэмтэл нь тухайн үед үүссэн шинэ гэмтэл байна“ гэх дүгнэлт /хх-14-15/,

            - Яллагдагч Т.Аийн 2024.01.16-ны өдөр өгсөн: “Би уг тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би Э гэдэг эмэгтэйтэй 2022 оноос хойш хамтран амьдарч байгаа бөгөөд голоосоо 1 хүүхэдтэй, Сонгинохайрхан дүүргийн **** хороо ***** тоотод 2023 лны 12 дугаар сарын 19-ний өдөр 22 цагийн үед хамтран амьдрагч Этэй хардалтын улмаас маргасан ба маргалдах явцдаа Э “Чамаас салвал сайхан амьдарна” гэх зэргээр хэрүүл өдөөд байсан. Хэдэн минут маргалдаж байгаад Э “Явлаа, хүүхдийг чинь хаялаа” гэхээр нь миний уур хүрээд Эийн 2 хацар луу нь 3 удаа алгадсан. Алгадсаны дараа над руу уурлаад гэрээс гарах гээд хаалган дээр ирэхээр нь би баруун гуя хэсгээс нь базаж хаалганаас холдуулаад “цагдаагаа дууд, би гарч тамхи татлаа” гэж хэлээд гараад явсан юм” гэх мэдүүлэг /хх-44/

-  Яллагдагч Т.Аийн 2024.02.23-ны өдөр өгсөн:Би прокурорын тогтоолтой уншиж танилцлаа, тогтоолтой холбоотой ямар нэг санал хүсэлт байхгүй. Болсон явдлын талаар өмнө нь мэдүүлэг өгөхдөө дэлгэрэнгүй ярьсан байгаа. Тиймээс дахин мэдүүлэг өгөх шаардлага байхгүй. Би хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна” гэх мэдүүлэг /хх-86/ зэрэг баримтууд хамаарч байна.

          Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд, шүүгдэгч Т.Аийн хувийн байдалтай холбоотой болон бусад баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил болон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Т.Ань иргэн М.Этэй 2022 оноос хойш хамтран амьдарч, дундаасаа 1 хүүхэд төрүүлж өсгөн бойжуулж байгаа бөгөөд ам бүл дөрвүүлээ Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны тахилтын 34 дүгээр гудамжны 58б тоотод амьдардаг болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул  Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар  тэднийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээд гэж үзнэ.

Шүүгдэгч Т.А нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээд болох М.Эийг 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 14 цагийн орчим гэмтэл учруулахгүйгээр халдаж зодсон үйлдэлдээ торгох шийтгэл авагдсан, 2023 оны 08 дугаар сарын 07-ны орой 23 цагийн орчимд М.Э, Т.А нар нь харилцан зодолдож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх зөрчил гаргасан үйлдэлдээ хэн нь нь 40 цагийн хугацаагаар албадан сургалдат хамрагдах, 10 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэлээр шийтгүүлж эдэлж байсан, мөн  2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 11 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн **** хороо **** давхарт М.Э нүүрэн тус газар нь цохисон үйлдэлдээ дуудлага мэдээлэлд шалгах ажиллагаа явагдаж байсан ба эдгээр үйлдлээс гадна 5 гэр бүлийн хүчирхийлэллийн шинжтэй дуудлага М.Эээс өгч байсан болох нь Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023/ЭШ/1756 дугаар шийтгэвэр, Зөрчилд шийтгэл оногдуулах тухай 00114666 дугаар шийтгэлийн хуудас /хх-55-63/, цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 88183236 дугаарын утаснаас ирүүлсэн дуудлага мэдээллийн жагсаалт , Асап сангийн мэдээлэл /хх-64-69, 26/, аюулгүй зэргийн үнэлгээ, хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-46-47, 71-80/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Т.Ань өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах , хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Т.Ань зуршмал шинжтэйгээр, үл ялиг зүйлээр шалтаглан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч М.Эхуулиар хамгаалагдсан халдашгүй эрх, эрх чөлөөнд нь хүч хэрэглэн халдаж зоддог болох нь дээрх баримтуудаар нотлогдож байх тул Т.Аийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

Хохирогч М.Э нь нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлэн иргэний нэхэмжлэл гаргаагүй бөгөөд сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгох шинжээч томилуулахаас /хх-9/ тул шүүх иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, шаардлагатай гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Т.А нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар /хх-36/ тогтоогдож байна.

Түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Т.А нь хяналтын прокурортой “8 сарын хугацаагаар өөрийн оршин суух Баянзүрх дүүргээс явахыг хориглож зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах” тохиролцоо хийсэн байна. /хх-100/

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Т.Аээс тодруулан мэдүүлэг авахад “Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 16 хороолол Даа хүрээ гудамж 11б  байрны 09 тоотод оршин суух бүртгэлтэй, өөрийн байр биш, одоо тэнд байнга оршин сууна” гэх зэргээр мэдүүлсэн бөгөөд тухайн мэдүүлэг нь баримтаар хангалттай нотлогдохгүй байгаагийн улмаас зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлэх нутаг дэвсгэрийн хязгаарыг тодорхой тогтоох боломжгүй нөхцөл байдал үүслээ. Иймд  улсын яллагчийн санал болгосон ялыг хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Т.А ял оногдуулахгүйгээр тэнсэж, тэнссэн хугацаанд  оршин суугаа газараа өөрчлөх, зорчин явахдаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ж овогт Т.Аийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйл, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Ж овогт Т.Ад  ял оногдуулахгүйгээр 8 /найман/ сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суугаа газараа өөрчлөх,  зорчин явахдаа Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй

3. Шүүгдэгч Т.А нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, түүнээс хувийн эд зүйл, бичиг баримт хурааж битүүмжилж ирүүлээгүй, хохирогч М.Э иргэний нэхэмжлэл гаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          4. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           5. Дээрх дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шүүхээс тэнсэн хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдсэн, эсхүл албадлагын арга хэмжээг зөрчсөн тохиолдолд тэнсэн шийдвэрийг хүчингүй болгож хорих ялаар солино гэдгийг Т.Ад мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ                              С.СЭРЖМЯДАГ