Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 155/ШШ2021/00589

 

 

 

 

 

2021 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 155/ШШ2021/00589

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 1985 онд төрсөн, 36 настай, эмэгтэй, боловсролгүй, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ..... дүгээр багийн ....... тоотод оршин суух, РЮ85...... дугаар регистртэй, Хөх....овогт Э. Н.,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Төмөрбулаг суманд 1970 онд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1... дугаар багийн ....... тоотод оршин суух, РЛ...... дугаар регистртэй, Т....овогт Д.М.. холбогдох,

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, 155/2021/00392 дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга, нэхэмжлэгч Э.Н., хариуцагч Д.М.нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.Н. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.М. бид хоёр 2000 оны 5 дугаар сард гэр бүл болоход би 17 настай байсан. 20 жил хамт амьдарсан. Гэрлэлтээ албан ёсоор 2018 онд батлуулсан. Бид хамт амьдарч байхдаа 2009 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр том хүү М.М., 2012 оны 8 дугаар сарын 07-ны өдөр дунд хүү М.Т. , 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр бага хүү М.М. нар тус тус төрсөн. Нөхөр Д.М. байнга ууж, архины хамааралтай болсон, миний үгэнд ордоггүй. Эмчилгээ хийлгэе гэхээр би архичин биш гэж намайг хэл амаар доромжилж, зоддог болсон. Хүүхдүүдээ миний хүүхэд биш гэдэг. Манай нөхөр осолд орж хөл нь доголон болсон тул өрөвдөөд Цагдаагийн байгууллагад нэг ч удаа зодуулж байсан тухайгаа мэдэгдэж байгаагүй. Хамгийн анх гэр бүл болсны дараа 2000 онд намайг жирэмсэн байхад бусадтай хардаж, нуруу руу өшиглөснөөс болж тээж явсан 2 ихэр хүүхдээ зулбаж байсан. Мөн согтуу үедээ гэрийнхээ хадаастай униагаар миний доод эрүү рүү цохиж, хадаас нь миний доод уруулыг нэвт сүлбэж байсан. Одоо болтол сорви нь байгаа. Д.М. намайг зодох үедээ Нэг бол чамайг ална, нэг бол өөрийгөө ална гэж сүрдүүлдэг. Би аргагүйн эрхэнд 2020 оны 10 дугаар сард гэрээсээ явсан. Дэлхийн зөн байгууллагаас манай том хүү М.М. өгсөн гэрт Д.М. амьдарч байгаа. Том хүү маань одоо аавтайгаа хамт амьдарч байгаа, түүний асрамжид байна гэсэн болохоор зөвшөөрч байна. Одоо сар бүр авдаг 56.000 төгрөгийн хүнсний талонаар энэ хоёр маань хүнсний зүйлээ авдаг, мөн хүүхдийн мөнгийг нь өгдөг. Би Д.М. цаашид хамт амьдрах ямар ч боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулна. Том хүү М.Мөнхбаатарыг аавынх нь асрамжид үлдээнэ. Дунд хүү М.Т.., бага хүү М.М...өөрийн асрамжид авна, хүүхдийн тэтгэлэг эцгээс нь авахгүй. Би өөрөө ажил хийгээд хүүхдүүдээ тэжээгээд явж чадна, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс нэхэмжлэх зүйлгүй гэв.

Хариуцагч Д.М.. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Н..., бид хоёр 2000 онд гэр бүл болж, гурван хүүхэд төрүүлж өсгөсөн. Би архи уухаараа зоддог юм шиг байна. Одоо том хүү М.М... хамт өөрийн гэр, хашаанд амьдарч байна. Би хүүгээ харж, хандаад явж чадна. Архи уухгүй байгаа. Гэрлэлтээ цуцлуулна. Хүү М.Т... , М.М...нарыг эхийнх нь асрамжид үлдээнэ. Хүүхдийн тэтгэлэг авахгүй гэсэн. Би том хүүдээ хүүхдийн тэтгэлэг ээжээс нь авахгүй. Эд хөрөнгийн маргаангүй гэв.

Зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.Н....нь хариуцагч Д.М...холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.5-д зааснаар шаардах эрхтэй.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Гэрлэгчид болох Э.Н..., Д.М....р нар 2020 оны 10 дугаар сараас хойш одоог хүртэл тусдаа амьдарч байгаа, гэрлэлт цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэхь эвлэрүүлэн зуучлах ажиллагаанаас татгалзсан зэрэг бодит шалтгаан нь гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэл болж байна.

Э.Н..., Д.М... нар 2006 оны 6 дугаар сарын 10-ны өдөр гэр бүл болж, 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь Монгол улсын иргэн, РД: РЛ...., нөхрийн овог: Т.... эцэг /эх/-ийн нэр: Д.., нэр: М..., анхны, Монгол улсын иргэн, РД: РЮ85072402, РД: РЮ...., эхнэрийн овог: Хө..., эцэг /эх/-ийн нэр: Э..., нэр: Н..., анхны, нарын 2006 оны 6 дугаар сарын 10-ны өдөр гэр бүл болсныг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 670......... дугаарт 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр бүртгүүлсэн гэрлэлтийн бүртгэл байгаа гэх бичилттэй гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа,

тэдний дундаас хүү М.М.... 2009 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр, хүү М.Т..... 2012 оны 7 дугаар сарын 08-ны өдөр, хүү М.М... 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр тус тус төрсөн нь Улсын бүртгэлийн ерөнхий газар, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 115/001240 дугаар, 115/001242 дугаар, 115/001241 дугаар төрсний бүртгэлийн лавлагаанууд, хүүхэд эрүүл бойжиж буй тухай Далайн элбэрэлт өрхийн эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолт, Ерөнхий боловсролын Нутгийн-Аваргууд сургуулийн нийгмийн ажилтаны 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн ............ангийн сурагч М.М.. тодорхойлолт зэрэг баримтуудаар тогтоогдлоо.

Хүүхдийн асрамжийн талаар гэрлэгчид харилцан тохиролцсон, хүүхдийн санал, тэдний нас, амьдарч дассан орчин нөхцөл, эхийн хайр халамж зайлшгүй шаардлагатай байдал зэргийг харгалзан 2009 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн хүү М.М... эцэг Д.М.. асрамжид, 2012 оны 7 дугаар сарын 08-ны өдөр төрсөн хүү М.Т...., 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр төрсөн хүү М.М... нарыг эх Э.Н.... асрамжид тус тус үлдээх нь зүйтэй байна.

Гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд зааснаар эцэг, эхийн эрх, үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарлах нь зүйтэй.

Хүү М.М... эцэг Д.М...асрамжид, хүү М.Т...., хүү М.М....нар эх Э.Н... асрамжид тус тус үлдэж байгаа нь эцэг Д.М..., эх Э.Н... хувьд тэдний эцэг, эх байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ гүйцэтгэхэд саад учруулахыг хориглодог болохыг дурьдаж байна. Өөрөөр хэлбэл хүү М.М.. эх Э.Н..., хүү М.Т..., М.Мөнгөншагай нартай эцэг Д.М... нар хэдийд ч уулзаж дээрх хуулинд заасан үүргээ саадгүй биелүүлэх эрхтэй.

Гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй, гэрлэгчид хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болно.

Иймд Э.Н..., Д.М.... нарын гэрлэлтийг цуцалж, хүү М.М.... эцэг Д.М..., хүү М.Т...., М.М.... нарыг эх Э.Н.... асрамжид тус тус үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6-д зааснаар гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагын дүнд төлөх улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг нэхэмжлэгч Э.Н....хуульд заасан үндэслэлээр шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн байна. Хариуцагч Д.М....нь хүнсний талонд хамрагддаг, нийгмийн халамж, дэмжлэг туслалцаа зайлшгүй үзүүлэх өрх тул улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлөхөөс чөлөөлөх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Хө... овогт Э.Н., Т. овогт Д.М. нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2009 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн хүү М.М...эцэг Д.М.. асрамжид, 2012 оны 7 дугаар сарын 08-ны өдөр төрсөн хүү М.Т.., 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр төрсөн хүү М.М... нарыг эх Э.Н... асрамжид тус тус үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг Д.М..., энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Э.Н... нарт тус тус даалгасугай.

4. Гэрлэгчид нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй, зохигч хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6зааснаар нэхэмжлэлийн шаардлагад төлөх улсын тэмдэгтийн хураамж 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөг төлөхөөс нэхэмжлэгч Э.Н..., хариуцагч Д.М... нарыг чөлөөлсүгэй.

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Х.Золжаргалд даалгасугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА