Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 155/ШШ2021/00599

 

 

 

 

 

2021 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 155/ШШ2021/00599

Хөвсгөл аймаг

                       

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүгч Б.Мөнхтуяа, шүүгч С.Оюунжаргал нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, .......дугаар хороо, сурагчийн .............. дугаар гудамж.......... тоотод оршин суух, УУ........дугаар регистртэй, Бо...... овогт Ш.Б..... итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д...........,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Т.......суманд 1994 онд төрсөн, 27 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1.....дугаар багийн ......тоотод оршин суух, РМ.........дугаар регистртэй, Хул ......... овогт Л. Ч. холбогдох,

Эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол бүгд 8.702.000 /найман сая долоон зуун хоёр мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, 155/2021/00421/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга, иргэдийн төлөөлөгч Ч.Чимэднамжил, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д. итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Д., хариуцагч Л.Ч., түүний өмгөөлөгч В.Э.нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш.Б. итгэмжлэгдсэн төлөөлөгч Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ..... дугаар багийн ..... тоотод оршин суух, РЭ........ дугаар регистртэй, эрэгтэй, О...... овогт Д.Д. ..шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2020 оны 8 дугаар сарын 25-ны өглөө 10 цаг өнгөрч байхад Тоёото аука маркийн автомашинаар 1 дүгээр хорооны засмалаар уруудаж явахад Приус-88.. гэх авто засварын урд талын 4 замын уулзварт намайг төв замаар уруудах хөдөлгөөн хийж байхад миний зүүн гар талаас буюу ертөнцийн зүгээр зүүн талаас Приус-20 маркийн 0755 ХӨВ гэсэн улсын дугаартай машин ирж мөргөсөн. Ингээд тэр дор нь цагдаа дуудахад цагдаагийн ахмад Мягмарсүрэн ирж үзлэг хийсэн. Уг машиныг Ш.Б.. 13.000.000 төгрөгөөр худалдаж аваад өөр дээрээ шилжүүлж амжаагүй байсан бөгөөд би өөрөө нэхэмжлэл гарган, шүүхэд хандсан боловч давж заалдах шатны шүүхээс намайг нэхэмжлэх эрхтэй этгээд мөн эсэх нь тодорхойгүй гэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон.

Энэхүү осол дээр Цагдаагийн газраас зөрчлийн хэрэг нээж, миний машинд сууж явсан манай эхнэр Дала... биед хөнгөн гэмтэл учирч, миний барьж явсан Тоёото аука машины урд бупер болон тогтоогч хагарсан, урд 2 гэрэл хагарсан, буферийн дотор төмөр нугарсан, зүүн урд болон хойд хаалга хонхойж цөмөрсөн, урд 2 крыло хонхойж, капут нугарсан, буферийн хөөсөнцөр хагарсан улсын дугаарын хэв алдагдсан, ослын дэрнүүд задарсан, агаар шүүгч хагарсан, радиатор гулзайж, дугаарын хүрээ хагарсан, гал хамгаалагчийн үүр хагарсан, хаалганы хавтас хагарсан, крылоны хар таг хагарсан, шилний доод хаалт хагарсан, нүүр сетка хагарсан, буфер тогтоогч хагарсан, а/с труп хугарсан, хурдны хайрцаг блок хагарсан, цахилгаан мотор тахийсан, урд 2 арамжин, босоо тэнцүүлэгч, гар цап гулзайсан, дээд хөндөл урд карказ гажсан, урд 2 лонжром гулзайсан, урд 2 шанаа гэрлийн ар суурь гулзайсан, зүүн хормой зурагдсан, урд хэсэг гажсан гэх зэргээр маш их хэмжээний буюу 8.310.000 төгрөгийн гэмтэл учирсан. Энэхүү машинд учирсан эвдрэл хохирлыг үнэлгээний комиссоор үнэлүүлж, үнэлгээний хөлсөнд 392.000 төгрөг гарсан боловч Ч... төлөхгүй байсан тул Цагдаагийн газраас уг мөнгийг төлж үнэлгээгээ авчир гэсэн тул би төлсөн болно. Машины өмчлөгч Ш.Б..нь машиныг өөрийн нэр дээр шилжүүлж амжаагүй, чи өөрөө барьж явахдаа осолд орсон тул чи өөрөө мөнгөө буруутай хүнээсээ олж ав гэсэн болно. Уг ослоос болж манай эхнэрийн биед гэмтэл учирч нүдний цамархай яс цөмөрсөн тул Улаанбаатар хот явж үзүүлэх шаардлагатай гэсэн тул Улаанбаатар хот явж үзүүлж эмчилгээ хийлгэсэн, одоо ч гэсэн эмчилгээ үргэлжилж байгаа. Уг хэргийг Цагдаагийн байгууллага шалгаад уг Приус-20 маркийн машины жолоочийн буруу гэж үзэж приусын жолооч Л.Ч... Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51-д зааснаар 100.000 төгрөгөөр торгож, зөрчлийн 5 оноог хассан шийтгэл ногдуулж, намайг хохирол төлбөрөө шүүхэд хандан шийдвэрлүүл гэсэн хариу өгсөн.

Иймд Л.Ч... машины эвдрэл хохирол 8.310.000 төгрөг, үнэлгээ хийлгэсний хохирол 392.000 төгрөг, нийт 8.702.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Л.Ч... шүүхэд гаргасан тайлбартаа: Би тус шүүхэд 2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр гаргасан гэм хорын хохирол болох 8.702.000 /найман сая долоон зуун хоёр мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч танилцаад дараахь тайлбарыг гаргаж байна. Үүнд:

1. Би энэ нэхэмжлэлийн шаардлагыг дараахь үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Учир нь Д.Д... нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүн үндэслэлтэй бус юм. 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Хөвсгөл аймгийн 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт гарсан зам тээврийн ослыг тухайн үед зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж байсан Хөвсгөл аймгийн Замын Цагдаагийн албаны байцаагч ахмад Г.М... шийдвэрээр осолд өртсөн тээврийн хэрэгслүүдийн эвдрэлийн байдлын үнэлгээг хийлгэх болсон. Миний хувьд санхүүгийн боломжгүй байсан тул өөрийн тээврийн хэрэгсэлд үнэлгээ хийлгээгүй, харин Д.Д...нь дүгнэлт гаргуулсан. Шинжилгээ хийж дүгнэлт гаргасан "Ашид билгүүн" үнэлгээний компанийн шинжээч Бямбацогт гэдэг хүн Д.Д... бид хоёрыг "Шинжилгээний дүгнэлт гарсан тул та хоёр ирж танилц" гэсэн учир 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр түүний ажил дээр нь очиж танилцахад Д.Д... машины эвдрэлийн үнэ 6.780.000 /зургаан сая долоон зуун наян мянга/ төгрөг гэж гарсан байсан атал хэргийг шийдвэрлэх үед 8.310.000 /найман сая гурван зуун арван мянга/ төгрөг болчихсон байсан. Би энэ асуудлыг Д.Д...нь шинжээчид хууль бусаар нөлөөлснөөр ийм дүгнэлт гарах болсон гэж үзэж байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг үнийн дүнгийн энэ хэмжээгээр нь зөвшөөрөхгүй.

2. Осол болсон газарт хэргийн газрын үзлэг хийгээгүй, хэмжилт хийгээгүй, харин ЗЦА-ны ажилтан Э... гэгч гэрэл зураг авч байсан. Ослын талаархи магадлагаанд тухайн замын осолд тээврийн хэрэгслүүдийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байсан намайг болон эсрэг тал болох Д.Д... хоёулаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн тодорхой заалтуудыг зөрчсөний улмаас осол гарсан болохыг тогтоосон болон уг ослын улмаас надад мөн адил материаллаг хохирол учирсан учир би дээрх шаардлагыг дангаар хариуцахгүй гэж үзэж байгаа.

3. Д.Д....учирсан хохирлыг тухайн үед учирсан бодит хохирлынх нь хэмжээгээр буюу машинд эвдрэл гэмтэл учрахаас өмнөх байдалд нь сэргээн оруулах хэлбэрээр төлөхийг санал болгож байсан. Ийм байдлаар төлөх боломжийг хуулиар зохицуулсан байдаг юм байна. Иймд нэхэмжлэлийг хуулийн дагуу шүүхээр хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д... итгэмжлэгдсэн төлөөлөгч Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... дугаар багийн ... дугаар байрны .... тоотод оршин суух, РЭ... дугаар регистртэй, эмэгтэй, Бо...овогт Т.Д. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д..шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Ш.Б...гэх хүнээс Д.Д..нь Монгол улсад орж ирээд 2-3 сар болж байгаа Тоёото аука маркийн автомашиныг 2020 оны 8 дугаар сард 11.500.000 /арван нэгэн сая таван зуун мянга/ төгрөгөөр худалдаж аваад, саяхан өөрийн нэр дээр шилжүүлсэн. Баримтыг хэрэгт гаргаж өгөөгүй. Өмнө нь шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч үнэлгээний тайлан, тээврийн хэрэгслийн гэрчилгээнд эзэмшигч нь өөр нэрээр бүртгэсэн гэх шалтгаанаар шүүхийн шийдвэр хүчингүй болсон. Д.Д... өөрийн 85.. УНЭ улсын дугаартай Тоёота аука маркийн автомашин жолоодож явахад хариуцагч Л.Ч... замын хөдөлгөөний дүрэм зөрчснөөс болж, зам тээврийн осол гарч, Цагдаагийн байгууллагаар шалгагдсан. Л.Ч.. буруутай болох нь тогтоогдож, түүнийг 100.000 төгрөгөөр торгон, жолоодох эрхийн онооноос хассан шийтгэвэр гарсан тул хохирлыг төлүүлнэ. Д.Д... уг машиныг өөрийн нэр дээр шилжүүлж амжаагүй байхад осол гарч, их хэмжээний хохирол учирсан, засвар хийлгэхээр Улаанбаатар хот руу ачих хөлс 500.000 төгрөг, лонжромыг нь тэгшлэх боломжгүй бөгөөд тайрч дахиж хадахад 2.500.000 төгрөг болж байгаа учраас засуулж чадахгүй байна гэсэн. Тус тээврийн хэрэгсэлд учирсан гэмтэл, үнэлгээг шинжээчээр тогтоолгосон. Шинжээчийн дүгнэлтэд Л.Ч... гомдол гаргаагүй тул зөвшөөрсөн гэж үзнэ. Машинд нийт 43 төрлийн гэмтэл их, дунд хэмжээгээр учирч, шууд зардлын дүн 7.850.000 төгрөг, шууд бус зардал 460.000 төгрөг, нийт дүн 8.310.000 төгрөг болсон. Машинд засвар хийгээгүй байгаа тул шууд зардлын дүнгээс ажлын хөлс 480.000 төгрөг, шууд бус зардал 460.000 төгрөг, бүгд 940.000 төгрөгийг дараа нэхэмжлэхээр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна. Нийт гарсан зардал 8.310.000 төгрөгөөс 940.000 төгрөгийг хасахад 7.370.000 төгрөг болж байна. Тус 7.370.000 төгрөг дээр шинжээчийн үнэлгээний хөлс 392.000 төгрөгийг нэмээд бүгд 7.762.000 төгрөг нэхэмжилнэ.

Иймд хариуцагч Л.Ч... гэм хорын хохирол бүгд 7.762.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ш.Б... олгож өгнө үү гэв.

Хариуцагч Л.Ч...шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би өмнө гаргасан хариу тайлбараа дэмжиж байна. Д.Д... хадам аавтай уулзахад тухайн машиныг 10.000.000 төгрөгөөр охиндоо авч өгсөн гэж ярьж байсан. Машинд учирсан эвдрэл, гэмтлийг харахад 8.000.000 төгрөгийн засвар хийнэ гэсэн үнэлгээг зөвшөөрөхгүй байна. Миний машин ч гэсэн эвдэрсэн. Цагдаагийн албан тушаалтан та хоёр хоорондоо тохирч чадахгүй бол Л.Ч... зөрчлийн хэрэг үүсгэнэ. Д.Д...гуайг эд хөрөнгөөрөө хохирсон учир торгохгүй гээд явуулсан. Би ганцхан буруутай этгээд нь биш. Тухайн үед Д.Д... гуайтай тохиролцъё, машинаа өгье гэхэд үгүй гэсэн. Нэхэмжилж байгаа мөнгөн дүнг хүлээн зөвшөөрөхгүй. Туслах замаар явж байхдаа түрүүлж орсон нь миний буруу. Хариуцлагаа хүлээгээд 4.500.000 төгрөг өгөх боломжтой байна гэв.

Иргэдийн төлөөлөгч Ч.Ч... шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Уг хэргийн хариуцагч, итгэмжлэгдсэн төлөөлөгчид харилцан тохирох боломжгүй, хэргийг дахин нягтлах шаардлагатай гэж үзэж байна. Иргэдийн төлөөлөгч миний хувьд уг хэргийг дахин шалгах нь зүйтэй гэж үзэж байна гэв.

Шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар болон бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ш.Б...итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д... нь хариуцагч Л.Ч... холбогдуулан эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол бүгд 8.702.000 /найман сая долоон зуун хоёр мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Иргэн болон хуулийн этгээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийн биеэр болон төлөөлөгчөөр дамжуулан оролцох эрхтэй. Нэхэмжлэгч Ш.Б... нь өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Д.Д...томилж, шүүхэд нэхэмжлэл гаргах, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх, үүрэг хүлээж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, төлөөлөх эрхийг бусдад шилжүүлэх эрхтэйгээр 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 0273 дугаар итгэмжлэл олгожээ. Мөн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д...нь Ш.Б...төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Т.Д... томилон, итгэмжлэл олгосон байна. Тус итгэмжлэлүүд Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т заасан шаардлагыг хангасан тул хүчин төгөлдөр гэж үзнэ. /хавтаст хэргийн 3, 44, 45 дугаар хуудас/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д... итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Д... шүүх хуралдаанд ...Машинд засвар хийгээгүй тул шууд зардлын дүнгээс ажлын хөлс 480.000 төгрөг, шууд бус зардал 460.000 төгрөг, бүгд 940.000 төгрөгийг дараа нэхэмжлэхээр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна. Нийт гарсан зардал 8.310.000 төгрөгөөс 940.000 төгрөгийг хасахад 7.370.000 төгрөг болж байна. Тус 7.370.000 төгрөг дээр шинжээчийн үнэлгээний хөлс 392.000 төгрөг нэмээд бүгд 7.762.000 төгрөг нэхэмжилнэ... гэх тайлбар гарган нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж байна. 

Хэргийн зохигч зам тээврийн осол гарсан талаар маргаагүй бөгөөд хариуцагч нь шинжээчийн үнэлгээний тайланд заасан үнэлгээг зөвшөөрөхгүй, гэм хорын хохиролд 4.500.000 /дөрвөн сая таван зуун мянга/ төгрөг төлнө, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шинжээчийн үнэлгээний тайланд заасан үнэлгээгээр хохирол учирсан эд зүйлээ үнэлж, 7.370.000 төгрөг, шинжээчийн үнэлгээний хөлс 392.000 төгрөг, бүгд 7.762.000 /долоон сая долоон зуун жаран хоёр мянга/ төгрөг гаргуулна гэж маргаж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хариуцагч Л.Ч... Приус-20 маркийн 07... ХӨВ улсын дугаартай автомашинаар замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15 дугаар зүйлийн 15.9-д Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчснөөс Д.Д... унаж явсан Тоёота аука маркийн 85..УНЭ улсын дугаартай автомашиныг мөргөж, зам тээврийн осол гаргасан болох нь зохигчийн тайлбар, Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагчийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн №39 дугаар Эрх бүхий албан тушаалтны магадлагаа, зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол, №0063016 дугаар шийтгэлийн хуудас, холбогдогч, хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэлүүд, хариу мэдэгдэх хуудас, хэргийн газрын үзлэгт хийсэн гэрэл зургийн үзүүлэлтийн архивын хуулбарууд зэрэг баримтаар нотлогдлоо. /хавтаст хэргийн 4, 5, 6-7, 16-18, 28, 46-47 дугаар хуудас/

Д.Д...жолоодож яваад зам тээврийн осолд орж, эвдрэл гэмтэл учруулсан Тоёота аука маркийн 8535 УНЭ улсын дугаартай автомашины эзэмшигчийн талаар зохигчид маргаагүй болно.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-гээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заажээ. Гэм хор учруулсан болохыг нэхэмжлэгч буюу хохирогч өөрөө нотолно.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д... шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэн машинд учирсан эвдрэл хохирлыг үнэлгээний комиссоор үнэлүүлэхэд 8.310.000 төгрөгийн гэмтэл учирсан, үнэлгээний хөлс 392.000 төгрөг өгсөн гэж тайлбарлан түүний нотлох баримтаар ирүүлсэн 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 1796 дугаартай автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайланд даатгалын хохирол үнэлэгч М.Д... зурсан гарын үсгийг хуулбарласан, Ашид билгүүн ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн №0002212 дугаартай 392.000 төгрөг төлсөн тухай бэлэн мөнгөний орлогын баримт хуулбар байх тул хуулинд заасан бичгийн нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Өөрөөр хэлбэл тус үнэлгээний тайланд даатгалын хохирол үнэлэгч М.Д... гарын үсэг зурсан нь эргэлзээтэй, бэлэн мөнгөний орлогын баримтын хуулбар нотариатаар гэрчлэгдээгүй байх тул нотлох баримтад үнэлэхгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх үүрэгтэй байдаг тул дээр дурдсан эргэлзээтэй, бичгийн нотлох баримтын шаардлага хангахгүй баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д... болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь автомашины эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангаар тогтоогдсон хохирол 7.370.000 төгрөг, шинжээчийн үнэлгээний хөлс 392.000 төгрөг, бүгд 7.762.000 /долоон сая долоон зуун жаран хоёр мянга/ төгрөг гаргуулж авна гэж мэтгэлзэж байгаа ч үүнийг давхар нотлох болон хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй болно.

Гэвч хариуцагч Л.Ч... нь нэхэмжлэлийн шаардлагаас 4.500.000 /дөрвөн сая таван зуун мянга/ төгрөг төлөх тухай тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.3-д зохигчнөгөө талын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн буюу түүний зарим хэсгийг хүлээн зөвшөөрч болно гэж зааснаар хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагын зөвшөөрсөн хэмжээнд хангаж шийдвэрлэлээ.

Иймд хариуцагч Л.Ч... гэм хорын хохирол 4.500.000 /дөрвөн сая таван зуун мянга/ төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Ш.Б...олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3.262.000 /гурван сая хоёр зуун жаран хоёр мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгов.

Иргэдийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан уг хэргийн хариуцагч, итгэмжлэгдсэн төлөөлөгчид харилцан тохирох боломжгүй, хэргийг дахин нягтлах шаардлагатай гэж байна. Миний хувьд уг хэргийг дахин шалгах нь зүйтэй гэж үзэж байна гэх дүгнэлт үндэслэл муутай болжээ. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.1-д зааснаар иргэдийн төлөөлөгч маргааны үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар дүгнэлт гаргадаг. Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдийг шалгаж, гэм буруутай болохыг тогтоох боломжгүй бөгөөд тухайн хэрэгт юу шалгах талаар дүгнэлт гаргаж байгаа нь ойлгомжгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 154.182 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Ч... 4.500.000 /дөрвөн сая таван зуун мянга/ төгрөгийн үнийн дүнд төлөх улсын тэмдэгтийн хураамж 86.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд ирүүлсэн дараах нотлох баримтуудыг үнэлээгүй болно. Үүнд: Хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл, гэрчээс авсан мэдүүлэг, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоол зэрэг баримтын архивын хуулбарууд, нотлох баримтын шаардлага хангахгүй, давхардсан, хэрэгт ач холбогдолгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Л.Ч.... гэм хорын хохирол 4.500.000 /дөрвөн сая таван зуун мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.Б.... олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3.262.000 /гурван сая хоёр зуун жаран хоёр мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 154.182 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Ч.... улсын тэмдэгтийн хураамж 86.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА

 

 

ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

 

 

ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ