Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 155/ШШ2021/00664

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Отгонбямба даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багт байрлах, 414......дугаар регистртэй, Ш........-ийн,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ......... дүгээр багийн 1.......... тоотод оршин суух, эрэгтэй, РВ....... дугаар регистртэй, Хар ......овогт П.Г... холбогдох,

Түрээсийн төлбөр 604.800 төгрөг, алданги 299.376 төгрөг, бүгд 904.179 /есөн зуун дөрвөн мянга нэг зуун далан ес/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 155/2021/00558/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга, нэхэмжлэгч байгуулагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г.....а нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Шинэ М.....ОНӨХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Н....шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Шинэ .......ОНӨХК нь П..Г.... нь 2019 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр хүнсний зориулалттайгаар 2 дугаар давхрын 1-1 павильоныг 1м2-ийг өвөл 13.000 /арван гурван мянга/, зун 10.000 /арван мянга/ төгрөгөөр тооцон 6.3м талбайд түрээсийн гэрээ байгуулан 2019 оны 1-12 дугаар сар хүртэлх, 2020 оны 2 дугаар сар, 3 дугаар сар, 4 дүгээр сарын түрээсийн төлбөр, нийт 1.757.700 /нэг сая долоон зуун тавин долоон мянга долоон зуу/ төгрөг төлсөн. Түрээсийн төлбөрөөс 2020 оны 1 дүгээр сар, 5 дугаар сар, 6 дугаар сар, 7 дугаар сар, 8 дугаар сар, 9 дүгээр сар, 10 дугаар сар, 11 дүгээр сар, 12 дугаар сарын түрээсийн төлбөр 604.800 /зургаан зуун дөрвөн мянга найман зуу/ төгрөг төлөгдөөгүй байна. Түрээсийн гэрээний алданги 299.376 /хоёр зуун ерөн есөн мянга гурван зуун далан зургаа/ төгрөг байна. Иймд П.Г.... нийт түрээсийн төлбөр 604.800 /зургаан зуун дөрвөн мянга найман зуу/ төгрөг, түрээсийн гэрээний 4.5-д заасны дагуу алданги 299.376 /хоёр зуун ерэн есөн мянга гурван зуун далан зургаа/ төгрөг, нийт 904.179 /есөн зуун дөрвөн мянга нэг зуун далан ес/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч П.Г.......шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нь Шинэ М...х....-ийн 1 давхрын 1-1 тоот павилон лангууг ахуйн бараа зарах зориулалтаар 2018 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр 1 жилийн хугацаатай гэрээ байгуулж орсон. Үүнээс хойш 2018-2020 оны 4 дүгээр сар хүртэлх түрээсийг гүйцэд төлсөн. Энэ хугацаанд огт үйл ажиллагаа явуулаагүй ч тогтмол түрээсийг төлж байсан. 2020 онд covid-19 цар тахлын үед Шинэ ......... төв-ийн бүх түрээслэгчдээс 2 сарын түрээсийг авахгүй байх шийдвэр гаргасан ч надад үйлчлээгүй нэхэмжлэлдээ тусгасан байна. Гэрээний хугацаа 2019 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр дуусгавар болсон. Гэрээг жил бүр шинэчлэн хийх байтал хийгээгүй хэд хэдэн удаа очсон ч тоогоогүй. Иймд миний бие Шинэ .......төв-ийн нэхэмжилж буй мөнгийг төлөхөөс татгалзаж байна. Тус лангуун дээр байсан эд материалыг надад мэдэгдэлгүй хурааж, цоожийг эвдэж орсон явдалд гомдолтой байна. Түрээсийн гэрээний 4.5-д заасны дагуу алданги буюу халуун, хүйтэн ус тогийг огт хэрэглээгүй учраас төлөх шаардлагагүй гэж үзэж байна. Иймээс 2 жил 3 сарын хугацаанд үйл ажиллагаа явуулаагүй ч түрээсээ бүрэн төлж явсныг минь харгалзан үзэж, гомдлыг минь хууль, дүрэм журмын дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Хөвсгөл аймгийн Мөрөн сумын .......дүгээр багийн .... тоотод оршин суух, Шинэ .......төв ОНӨХК-д хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан, эрх зүйч ажилтай, эмэгтэй, Р........... дугаар регистртэй, Хөх ......... овогт Ж.Г.....шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. П.Ганболд нь 2018 оны 1 дүгээр сараас эхлэн манай худалдааны төвд 1-1 павилоныг түрээслэн үйл ажиллагаа явуулах түрээсийн гэрээ байгуулсан боловч энэ хугацаанд огт үйл ажиллагаа явуулаагүй. Гэхдээ 2018 оноос 2019 онд түрээсийн төлбөрөө тогтмол төлдөг байсан. 2020 оны 5 дугаар сараас хойш түрээсийн төлбөрөө төлөөгүй, шаардлага тавихад удахгүй төлнө гэж хэлээд найдвар төрүүлдэг байсан. Түрээсийн гэрээг цуцална гэхээр зөвшөөрдөггүй. Манай байгууллага түрээсийн төлбөрийг тогтмол төлдөг хүмүүст цар тахлын улмаас 2020 оны 3 дугаар сарын төлбөрийн 50 хувийг хөнгөлсөн. Үүнд П.Г....... авлагатай байсан тул хамрагдаагүй. Жил болгон гэрээгээ шинэчилдэг, гэрээний 3.3-т зааснаар талууд ямар нэгэн санал гаргаагүй тохиолдолд 1 жилийн хугацаагаар гэрээг сунгадаг. П.Г..........2020 онд авлага үүсгээд төлбөрөө өгөхгүй, үйл ажиллагаагаа явуулахгүй байгаа тул түрээсийн гэрээний 5.1.1-д заасныг үндэслээд 2021 оны 1 дүгээр сард түрээсийн гэрээг цуцалж, доторх байсан эд зүйлийг нь няравт хүлээлгэж өгсөн. Манай байгууллага үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн нэг гэрчилгээтэй, талбай түрээслэдэг тул түрээсийн гэрээг Улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагагүй. Түрээсийн төлбөр төлсөн тухай баримт шүүхэд гаргаж өгөөгүй. Түрээсийн төлбөрийг 1м2 нь өвлийн цагт 13.000 төгрөг, зуны цагт 10.000 төгрөгөөр тооцдог. П.Г... нь 6.3м талбай түрээслэдэг байсан. Түүнээс түрээсийн төлбөр 604.800 төгрөг нэхэмжилж байгаа шаардлагаа тодруулж байна. Үүнд: 2020 оны 1, 5, 10, 12 дугаар сарын түрээсийн төлбөр 81.900 төгрөг, 2020 оны 6, 7, 8, 9 дүгээр сарын түрээсийн төлбөр 63.000 төгрөг, 2020 оны 11 дүгээр сард цөөхөн хоног ажилласан тул түрээсийн төлбөр 25.200 төгрөгөөр тооцож, нийт 604.800 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн. Манай нягтлан бодогч алдангийг буруу тооцож, 299.376 төгрөг гаргасан байна. Түрээсийн гэрээнд алданги 0.5 хувь гэж заасан учир 2020 оны 1, 5, 10, 12 дугаар сарын түрээсийн төлбөр 81.900 төгрөгийн алданги тус бүр 400 төгрөгөөр тооцож, нийт 1.600 төгрөг, 2020 оны 6, 7, 8, 9 дүгээр сарын түрээсийн төлбөр 63.000 төгрөгийн алданги тус бүр 300 төгрөгөөр тооцож, нийт 1.200 төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын түрээсийн төлбөр 25.200 төгрөгийн алданги 100 төгрөгөөр тооцон, бүгд 2.900 төгрөг болж байна.

Иймд П.Г...... түрээсийн төлбөр, алдангийг гаргуулж, Шинэ Мөрөн худалдааны төв ОНӨХК-д олгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанд зохигчийн тайлбар болон бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Шинэ ................ы төв ОНӨХК нь хариуцагч П.Г... холбогдуулан түрээсийн төлбөр 604.800 төгрөг, алданги 299.376 төгрөг, бүгд 904.179 /есөн зуун дөрвөн мянга нэг зуун далан ес/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Иргэн болон хуулийн этгээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийн биеэр болон төлөөлөгчөөр дамжуулан оролцох эрхтэй. Нэхэмжлэгч байгууллага нь өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Ж.Г...томилсон байна.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч байгуулагын итгэмжлэгдсэн төлөөлөгч ...Манай нягтлан бодогч алдангийг буруу тооцож, 299.376 төгрөг гаргасан байна. Түрээсийн гэрээнд алданги 0.5 хувь гэж заасан учир...алданги бүгд 2.900 төгрөг болж байна... гэх тайлбар гарган нэхэмжлэлийн шаардлагаа тодруулжээ.

Хэргийн зохигч Шинэ ..........ОНӨХК, П.Г... нарын хооронд 2018 оны 1 дүгээр сараас эхлэн түрээсийн гэрээ байгуулсан тухай үйл баримт болсон талаар маргадаггүй.

Хариуцагч П.Г...ь гэрээг жил бүр шинэчлэн хийх байтал хийгээгүй, нэхэмжилж байгаа мөнгийг төлөхгүй, нэхэмжлэгч нь түрээсийн гэрээнд зааснаар сунгагдсан, түрээсийн төлбөр болон алдангийг гаргуулж авна гэж маргаж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас түрээсийн төлбөр гаргуулахаар Иргэний хуулийн 318 дугаар зүйлд зааснаар шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч Шинэ .......ОНӨХК, хариуцагч П.Г...нар түрээсийн гэрээний гол нөхцөл болох түрээслүүлэх эд хөрөнгө, үнэ, төлөх хугацааны талаар тохиролцон, эд хөрөнгийг П.Г... эзэмшилдээ шилжүүлэн авч, ашиглан төлбөрийг шилжүүлж байсан тул тэдний хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу түрээсийн гэрээ бичгээр байгуулагджээ.

Зохигчийн хооронд байгуулсан 2019 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн №100034 дугаар түрээсийн гэрээнд Хөвсгөл аймгийн Шинэ Мөрөн худалдааны төв ОНӨХК-ийн 1 дүгээр давхрын 1-1 тоот 6.3м2 талбайтай павилон, 1м2 үнэлгээ нь өвөл 13.000 төгрөг, зун 10.000 төгрөг, сард өвөл 81.900 төгрөг, зун 63.000 төгрөгийн төлбөр төлөх, үйлчилгээний зориулалтаар, 1 /нэг/ жилийн хугацаатай, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд төлөгдөөгүй төлбөрийн үлдэгдэлд хоног тутамд 0.5 хувийн алданги тооцох, талууд гэрээний талаар ямар нэгэн тусгайлсан санал гаргаагүй, гэрээг цуцлаагүй тохиолдолд гэрээ анх байгуулагдсан хугацаагаар сунгах гэсэн гол болон бусад нөхцлийг харилцан тохирсон талаар тусгасан байна. /хавтаст хэргийн 4-11 дүгээр хуудас/

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-д Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ гэж заасан боловч үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн 6.3м2 талбайг түрээслүүлэхдээ үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй байна. Шинэ Мөрөн худалдааны төв ОНӨХК, П.Г... нарын хооронд байгуулсан түрээсийн гэрээний зүйл нь тусдаа улсын эрхийн бүртгэлд бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгө биш бөгөөд үл хөдлөх хөрөнгийн зарим хэсгийг түрээслэхэд гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагагүй тул хэлцэл хүчин төгөлдөр гэж үзнэ.

Хариуцагч П.Г...түрээсийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд тогтмол төлөх үүргээ биелүүлээгүй, үлдэгдэл төлбөрийг одоо болтол төлөөгүй тул зохигчийн хооронд маргаан гарсан байна.

Шүүхэд хариуцагч П.Г.....Гэрээний хугацаа 2019 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр дуусгавар болсон. Гэрээг жил бүр шинэчлэн хийх байтал хийгээгүй хэд хэдэн удаа очсон ч тоогоогүй. Иймд миний бие Шинэ Мөрөн худалдааны төв-ийн нэхэмжилж буй мөнгийг төлөхөөс татгалзаж байна... гэх тайлбар гаргажээ. Гэвч түүний 2020 оны 1 дүгээр сараас 4 дүгээр сарын түрээсийн төлбөр төлсөн гэх, нэхэмжлэгчийн хариуцагч П.Г...2020 оны 2 дугаар сараас 4 дүгээр сарын түрээсийн төлбөр төлсөн гэх тайлбараас дүгнэхэд түрээсийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-д Талууд гэрээний талаар ямар нэгэн тусгайлсан санал гаргаагүй, гэрээг цуцлаагүй тохиолдолд гэрээ анх байгуулагдсан хугацаагаар сунгагдана гэж зааснаар талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээ 2020 оны 1 дүгээр сараас 2021 оны 1 дүгээр сар хүртэл хугацаагаар сунгагдсан гэж үзнэ. Хариуцагч П.Г... 2020 оны 4 дүгээр сар хүртэл хугацааны түрээсийн төлбөр төлсөн байх тул түүнийг түрээсийн гэрээг сунгахыг зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй.

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь П.Г...2020 оны 1, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12 дугаар сарын түрээсийн төлбөр 604.800 /зургаан зуун дөрвөн мянга найман зуу/ төгрөг төлөөгүй гэж тайлбарлаж байгаа ч 2020 оны 1 дүгээр сарын түрээсийн төлбөр 81.900 төгрөг төлөөгүй болох талаар нотолж чадахгүй байна.

Талуудын хооронд байгуулсан 2019 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн түрээсийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.5-д Түрээсийн төлбөрийг хугацаа хожимдуулсан тохиолдолд төлөгдөөгүй төлбөрийн үлдэгдэлд хоног тутам 0.5 хувийн алданги тооцно гэсний дагуу нэхэмжлэгч түрээсийн төлбөр 604.800 төгрөгийн алданги тооцохдоо 299.376 төгрөг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн нь тус гэрээний дээрх заалттай нийцээгүй байна. Өөрөөр хэлбэл хугацаа хожимдуулсан төлөөгүй түрээсийн төлбөрийн 50 хувиар алданги тооцож, илүү нэхэмжилжээ.

Зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримт зэргээс дүгнэхэд тэдний хооронд түрээсийн гэрээ бичгээр байгуулагдаж, 2021 оны 1 дүгээр сар хүртэл хугацаагаар сунгагдсан байна. Нэхэмжлэгч 2020 оны 1 дүгээр сарын түрээсийн төлбөр 81.900 төгрөгийг П.Г... төлөөгүй болохыг нотолж чадахгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч алданги 2.900 төгрөг болгон өөрчилсөн тайлбар гаргаж байна.

Иймд хариуцагч П.Г....түрээсийн төлбөр 522.900 төгрөг, алданги 2.900 төгрөг, бүгд 525.800 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 378.379 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Г....2020 оны 1 дүгээр сарын түрээсийн төлбөр 81.900 төгрөг төлөөгүй гэх тайлбар, хариуцагч П.Г... ...2020 онд covid-19 цар тахлын үед Шинэ Мөрөн худалдааны төв-ийн бүх түрээслэгчдээс 2 сарын түрээсийг авахгүй байх шийдвэр гаргасан ч надад үйлчлээгүй нэхэмжлэлдээ тусгасан байна. Гэрээний хугацаа 2019 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр дуусгавар болсон...Түрээсийн гэрээний 4.5-д заасны дагуу алданги буюу халуун, хүйтэн ус тогийг огт хэрэглээгүй учраас төлөх шаардлагагүй гэж үзэж байна... гэх тайлбар тус тус гаргасан боловч тэдгээр нь энэ талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй болно. Өөрөөр хэлбэл хэргийн зохигч нэхэмжлэлийн шаардлагыг нотлох, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг няцааж, хариу тайлбараа нотлох баримтаа өөрөө шүүхэд бүрдүүлж, цуглуулж гаргаж өгөх үүрэгтэй байдаг.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26.250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Г... 525.800 төгрөгийн үнийн дүнд төлөх улсын тэмдэгтийн хураамж 16.424 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Нэхэмжлэгчээс ирүүлсэн түрээслэгч П.Г... түрээсийн төлбөрийн тооцоо, тооцооны үлдэгдлийн баталгааны хуулбарууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй, нотариатчаар гэрчлэгдээгүй тул бичгийн нотлох баримтын шаардлага хангахгүй байна.

Хариуцагч П.Г..шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар хариуцагч П.Г... түрээсийн төлбөр 522.900 төгрөг, алданги 2.900 төгрөг, бүгд 525.800 /таван зуун хорин таван мянга найман зуу/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Шинэ .... төв ОНӨХК-д олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 378.379 /гурван зуун далан найман мянга гурван зуун далан ес/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26.250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Г... улсын тэмдэгтийн хураамж 16.424 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Шинэ .....ОНӨХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА