Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 2024/ШЦТ/400

 

 

 

 

 

 

 

 

     2024         04          01                                    2024/ШЦТ/400

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

нарийн бичгийн дарга:Б.Сарантуяа

улсын яллагч:Ж.Сувданчимэг  

хохирогч:З.И

хохирогчийн өмгөөлөгч:Ж:Батмөнх

шүүгдэгчийн өмгөөлөгч:Б.Мөнхтүвшин

шүүгдэгч:Г.Б нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Бд холбогдох эрүүгийн 2308015302159 тоот хэргийг 2023.12.13-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

           Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод *****-нд төрсөн, **** настай, эрэгтэй, суурь боловсролтой, мэргэжилгүй, Оргил худалдааны төвд барааны туслах ажилтай, ам бүл 5, эгч, дүү нарын хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн ***** хороо, ***** тоотод оршин суух бүртгэлтэй,  одоо тус дүүргийн **** хороо **** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:*******/ Т овогт Г.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

        1/ Хэргийн талаар:

 Шүүгдэгч Г.Б нь 2023 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо Содон хорооллын 106 дугаар байрны 1 дүгээр орцны гадна урьд үл таних З.И нүүрэн тус газарт нь толгойгоороо мөргөх, эрүүний хэсэг рүү нь гараараа цохих, цээж хэсэг рүү нь гараараа түлхэж унагах зэрэг байдлаар зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

  • Гэмт хэргийн талаар дуудлага мэдээлэл өгсөн тэмдэглэл /хх-01/,

  -  Хохирогч З.И “...2023 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 13 цагийн үед Содон хорооллын айлуудад бүтээгдэхүүн танилцуулж явж байгаад тухайн өдрийн 20 цагийн үед Содон хорооллын 106 дугаар байрны 1 дүгээр орцноос гараад ирсэн чинь тухайн байрны орцны гадаа 5-6 залуучууд байж байсан ба би тухайн байрны орцноос гарахдаа найз охин Сарнайгаас түрүүлээд гарсан ба би тухайн байрны гадаа найз охин Сарнайг араас гарч ирэхийг нь хүлээгээд тухайн байрны гадаа зогсож байтал тухайн 5-6 орчим үл таних залуучуудын нэг нь намайг юугаа хараад байгаа юм бэ гэхээр нь би харсан юм байхгүй, та нарт хамаагүй гэсэн чинь 5-6 орчим залуучуудын нэг нь над дээр хүрч ирээд миний нүүр рүү толгойгоороо 1 удаа мөргөсөн ба миний зүүн шанаа, эрүү хэсэг рүү 1 удаа мөргөсөн. Тэгээд би тэр залуучуудаас зайгаа бариад та нар согтуу байна, би явлаа гэсэн чинь цаанаас  дахин Б гэж дуудаж байсан залуу над дээр ганцаараа ирээд Б миний эрүү хэсэг рүү гарынхаа алгаар 1 удаа цохиод миний цээж хэсэг рүү гараараа 1 удаа намайг хойш нь түлхэхэд нь би хойшоо унахдаа хашлаганд тээглээд зүүн ард хэсгээрээ газар унаад босож ирсэн. Тэгээд би босож ирээд Б гэдэг залуу яагаад байгаа юм бэ гэсэн чинь Б намайг зуураад миний хоолойг боогоод байсан. Тэгээд цаанаас нэг залуу нь ирээд салгасан ба тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан. Тэр үед миний эрүү хэсгийн доод үүдэн 2 шүд бутарч  унасан, зүүн талын доод 1 шүд хөдөлгөөн орсон, хоолой боогдоод амьсгал давчдаад байсан. Өөр гэмтэл шарх байгаагүй. Миний биед учирсан гэмтлийг Б гэдэг залуу учруулсан. Тухайн үед би 5-6 орчим тооны залуучуудтай маргалдахаас өмнө миний биед гэмтэл шарх огт байгаагүй” гэх мэдүүлэг /хх-14-15, 17, 19/,

     - Гэрч Т.Д “Содон хороололд яваад очиход А болон түүний найзууд болох Б, Ш, Д, Т нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан. Би тэд нартай 106 сугаар байрны гадна талд байрлах орцны гадаа сууж байтал Т нэг үл таних залуутай маргалдаад байсан ба Ш, Б, А нар очоод тухайн гомдол гаргасан залуу дээр тулж очоод найз яагаад байгаа юм бэ гээд байсан ба тухайн үед ямар нэгэн зодоон цохион болсон зүйл байхгүй ба би очоод тэд нарыг салгаад байж байтал гомдол гаргасан залуу цаашаа яваад өгөхөөр нь би тэр дүү нартаа “та нар хүн зүгээр байлгаач” гэсэн чинь Б тэр гомдол гаргасан залуу дээр оччихсон... түлхээд унагаж байхаар нь би явж очоод Бийг татаж аваад Бд хандаж чи зүгээр байгаа хүн яагаад байгаа юм бэ гээд би Бий нүүр рүү нь гараараа 1 удаа алгадсан. Тэгээд бид -ар салцгаасан... тэр гомдол гаргасан залуугийн шүд нь эмтэрсэн байсан...Тэр .үед би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Амаржаргал, Т, Б, Д, Ш нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан” гэх мэдүүлэг /хх-25/,

        - Гэрч Б.Т “.Содон хорооллын дундын замаар явж байгаад тоглоомын талбай дээр очоод бид нар тоглоод байж байтал Б нэг үл таних хүүхдийг ямар ч шалтгаангүйгээр нүүр рүү нь гараараа 1 удаа цохисон... тухайн Содон хорооллын 106 дугаар байрны орцны гадаа бид нар сууцгааж байтал нэг үл таних залуу буюу гомдол гаргадаг залуу над руу муухай хараад байхаар нь би “чи яагаад хараад байгаа юм б”э гэсэн чинь тэр үл таних залуу надад хандаж “би чамайг хараагүй” гэхээр нь би тэр үл таних залууг “зайл” гэж хэлээд тэр үл таних залуу дээр очсон чинь Д ах намайг “боль” гэж хэлэхээр нь би яваад өгсөн ба цаана очоод зогсож байтал Б тухайн үл таних залуу дээр очсон, зодолдоод байгаа юм шиг бужигнаад явчихсан ба би тухайн үед юу болсон талаар мэдэхгүй байна, цаана зогсож байсан. Тэгээд удалгүй салцгаагаад би тэд нар дээр яваад очиход тэр үл таних залуу бид нарт шүдээ харуулаад “би цагдаа дуудсан, би тэр Б гэдэг залууг чинь жинхэнэ харна аа” гэж хэлээд байсан... тэр гомдол гаргадаг залуу Билгүун рүү гараараа заагаад “энэ залууг чинь хэн гэдэг юм” гэхээр нь би тухайн гомдол гаргадаг залууд Б гэдэг юм гэсэн. Тэр үед гомдол гаргасан залуугаас өөр хүний биед гэмтэл шарх учраагүй. Тэр үед бүгд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тэр гомдол гаргадаг залуу эрүүл байсан байх” гэх мэдүүлэг /хх-27-28/,

        - Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 5466 дугаартай: “Хэсэг газрын үзлэгт: Доод баруун 1-р шүд дээд хэсгээр хөндлөн хугарсан шүдний цөгц улаан ягаан өнгөтэй, 2-р шүдний паалан гадна хэсгээр эмтэрч унасан, зүүн доод 1-р шүд бага зэрэг хөдөлгөөнтэй. Харалдаа буйлны доод хэсгээр бүдэг хөх өнгийн цус хуралттай.  Дүгнэлт: З.И биед 1 шүдний хугарал, 1 шүдний паалангийн гэмтэл, 1 шүдний сулрал, буйланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх-34-35/,

          - Хэргийн материалаар нэмэлт шинжилгээ хийсэн шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 614 дугаартай: “З.И биед доод баруун 1-р шүдний хугарал, доод зүүн 1-р шүдний паалангийн гэмтэл, доод баруун 1, 2, зүүн 1, 2 шүдний сулрал, буйланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-48-49/,

           - Таньж олуулах ажиллагаа явуулахад хохирогч З.И нь шүүгдэгч Г.Бийг таньж олсон талаарх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-65-68/,

          - Яллагдагч Г.Бий насыг тоолсон: 2005 оны 05 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 2023 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар 17 нас 11 сар 07 хоногтой гэх тэмдэглэл /хх-61, 63-64/,

   -Яллагдагч Г.Б “Прокурорын тогтоол болон зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. 2023 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 18 цагийн үед найзууд болох Төгөлдөр, Амаржаргал нартай Содон хороололд уулзсан ба тухайн үед Төгөлдөрийн таньдаг 2-3 хүүхэд байсан. Тэгээд бид нар Содон хорооллын байрны орцонд пиво ууж байгаад байрнаас гарч ирээд байж байтал нэг үл таних залуутай Төгөлдөр маргалдаад байхаар нь би тэр Төгөлдөртэй маргалдаж байсан үл таних залуу дээр очоод “яагаад байгаа юм бэ” гээд тэр үл таних залуугийн цээж рүү нь гараараа 1 удаа түлхээд, тухайн үл таних залуугийн нүүр рүү нь гараараа 1 удаа цохисон чинь тэр үл таних залуугийн амнаас нь цус гараад байсан. Тэр үед миний биед гэмтэл шарх учраагүй... үл таних залуу нь шүд уначихлаа гээд амнаас нь цус гараад байсан. Тэр үед тухайн үл таних залуугийн биед учирсан гэмтлийг би учруулсан. Надаас өөр хүн цохиж зодоогүй” гэх мэдүүлэг /хх-83-84/ зэрэг баримтууд хамаарч байна.

           Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд, шүүгдэгч Г.Б хувийн байдалтай холбоотой болон бусад баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил болон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Г.Б нь 2023 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо Содон хорооллын 106 дугаар байрны 1 дүгээр орцны гадна урьд үл таних З.И “найзтай нь маргалдлаа” гэх үл ялиг зүйлээр шалтаглан нүүрэн тус газарт нь толгойгоороо мөргөх, эрүүний хэсэг рүү нь гараараа цохих, цээж хэсэг рүү нь гараараа түлхэж унагах зэрэг байдлаар зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь  хохирогч, гэрчүүдийн  мэдүүлэг,  шинжээчийн 5466, 614 дугаартай дүгнэлтүүд, мөн шүүгдэгч Г.Бий гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг зэрэг баримтаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.Бнь үл ялиг зүйлээр шалтаглан танхайрч урьд үл таних З.Ингүүний халдашгүй эрх, эрх чөлөөнд нь хүч хэрэглэн халдаж, нүүрэн тус газарт нь толгойгоороо мөргөх, эрүүний хэсэг рүү нь гараараа цохих, цээж хэсэг рүү нь гараараа түлхэж унагах зэрэг байдлаар түүний бие махбодод нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Иймд шүүгдэгч Г.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

 

2/ Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заажээ.

            Шүүгдэгч Г.Бий хууль бус санаатай үйлдлийн улмаас З.Ингүүнийн  бие махбодид “доод баруун 1-р шүдний хугарал, доод зүүн 1-р шүдний паалангийн гэмтэл, доод баруун 1, 2, зүүн 1, 2 шүдний сулрал, буйланд цус хуралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдож байна.

            Хохирогч З.Ингүүн нь шүүгдэгч Г.Бээс эмчилгээний зардалд нийт 15200000 төгрөг нэхэмжилж баримт гарган өгчээ.

            Нью имплант ХХК-ийн Нью имплант эмнэлгийн 2024 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 24/05 тоот албан бичигт “Онош: эрүүний үүдэн бүлгийн 3 шүд /№31, 32, 41, 42/ 3-р зэргийн хөдөлгөөнтэй. Цөгцний 2/3 хэсэг хугаралтай. № 31, 32, 41, 42 дүгээр шүдний ёзоорыг авч имплант суулгаж эмэн эмчилгээ хийлгэх шаардлагатай. Гоо зүйн бүрэн бүтэн байдал болон хазалтыг бүрэн сэргээнэ. Циркон бүрээс 1 шүд-1 сая төгрөг, нийт 4  шүд-4 сая төгрөг, имплант 1 шүд-2800000 төгрөг, нийт 4 шүд- 11200000 төгрөг. Хийгдсэн эмчилгээ: № 31, 32, 41, 42 дугаартай шүдэнд голонцор суулган циркон бүрээс хийж, эмэн эмчилгээ бичиж өгсөн. Цаашид дээрх шүднүүдийн ёзоорыг авч имплант суулгац суулган бүрэн шүдэлбэр хийх шаардлагатай. Өвдөж зовуурилсан үед болон 3 сарын дараа ирж үзүүлэх шаардлагатай” гэжээ. Дээрх албан бичгээр болон эмнэлгийн төлбөрийн мэдээллээр хохирогч З.Ингүүн нь 2023 оны 4 дүгээр сарын 30-нд нийт 4 сая төгрөгийн эмчилгээ хийлгэсэн бөгөөд цаашид тухайн шүднүүдийн ёзоорыг авч, имдлэнт шүд хийлгэх зайлшгүй шаардлагатай болох нь тогтоогдож байна.

            Иймд дээр дурьдсан Иргэний хуулийн заалтууд болон Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4-т “Хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй” гэж заасны дагуу шүүгдэгч Г.Бээс нийт 15.200.000 төгрөгийг гаргуулж, хохирогч З.И олгох үндэслэлтэй байна.

           

            3/ Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Г.Бнь анх удаа гэмт хэрэг үйлдсэн ба гэмт хэрэг үйлдэх үедээ 17 нас 11 сар 07 хоногтой болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, нас тоолсон тэмдэглэл, иргэний үнэмлэхийн лавлагаа баримтаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.Бий үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

            Шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчаас: шүүгдэгч Г.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс 3 сарын хугацаагаар гарч явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.2 дугаар зүйлийн 1.2, 8.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар дээрх 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг 2 дахин багасгаж биечлэн эдлэх нийт ялыг 1 сар 15 хоногийн хугацаагаар тогтоож эдлүүлэх саналтай байна. Хохирогчийн баримтаар нэхэмжилсэн 15,200,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгуулах” дүгнэлт,  хохирогчийн өмгөөлөгчөөс: Хохирол төлбөрт нийт 15,200,000 төгрөг нэхэмжилсэн. Уг хохирол төлбөрөө гаргуулах саналаа дэмжиж байна. Эрүүгийн хариуцлагын тухайд гэвэл түүнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаас гадна үүрэг хүлээлгэх албадлын арга хэмжээ авхуулах саналтай байна. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тодорхой хэмжээний сургалтад суулгах” тайлбар, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: Гэм буруу дээрээ маргахгүй байгаа. Анхнаасаа мэдүүлгээ үнэн зөвөөр өгсөн. Хохирогчийн зүгээс хохирол төлбөртэй холбоотой тодорхой баримтуудыг гаргаж өгсөн. Шүүгдэгч шүүхээс тогтоосон хохирлыг хувааж төлнө гэдгээ илэрхийлсэн. 18 нас хүрээд удаагүй. Ар гэрийн хувьд ах, эгч, дүү нартайгаа хамт амьдардаг. Одоо авто угаалгын газар ажилладаг. Өдөртөө цалингаа авдаг. Ажлаа хийгээд цаашид хохирол төлбөр нөхөн төлнө гэдгээ илэрхийлсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдож байна. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Гэмт хэрэг үйлдэх үедээ 18 насанд хүрээгүй байсан. Мөн насны байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар зүйлийг журамлан 2 дахин багасгаж 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгөөч” гэх саналыг тус тус гаргаж мэтгэлцлээ.

            Шүүх дээрх нөхцөл байдал,  шүүгдэгч Г.Бнь гэмт хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь гэрч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдож байгаа болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилго зэргийг харгалзан улсын яллагчийн санал болгосончлон Эрүүгийн хуулийнтусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ялаас зорих эрхийг сонгон хэрэглэж, ялын хугацааг 3 сараар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялын хугацааг 2 дахин багасгаж 1 сар 15 хоногийн хугацаагаар ял эдлүүлэхээр тогтоож, тухайн ялыг эдэлж байх хугацаанд зан үйлээ засах сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх байдлаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т овогт Г.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 2  дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т овогт Г.Бийг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын зөвшөөрөлтэйгөөр  оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг 3 /гурван/ сарын хугацаагаар хүлээлгэх зорчих эрх хязгаарлах ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар Г.Бд оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг хоёр дахин багасгаж, 1/нэг/ сар 15 /арван тав/ хоногийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар Г.Бд оногдуулсан зорчих эрх хязгаарлах ял дээр нэмж 1 сар 15 хоногийн хугацаагаар зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй. 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 228 дугаар зүйлийн 228.4 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар Т овогт Г.Бээс 15.200.000 /арван сая хоёр зуун мянган/ төгрөгийг гаргуулж хохирогч Г овогт З.И олгосугай.

6. Шүүгдэгч Г.Бнь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт  хувийн эд зүйл, бичиг баримт хурааж, битүүмжилж ирүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Г.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх хэмжээ болон Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

          9. Шүүхээс оногдуулсан зорчих эрх хязгаарлах ял болон үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг биелүүлээгүй тохиолдолд зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногийг ялыг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн тооцож хорих ялаар солино гэдгийг Г.Бд мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                               С.СЭРЖМЯДАГ