| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 128/2022/0048/З |
| Дугаар | 459 |
| Огноо | 2022-06-15 |
| Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 459
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Эрдэнэчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “**********”ХХК;
Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэс,
“**********”ХХК-ийн ашигт малтмалын XV-********** дугаартай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байдлыг дуусгавар болгож, хайгуулын тусгай зөвшөөрлөө сунгуулахыг хүссэн өргөдлийг хүлээн авахаас татгалзсан захиргааны байгууллагын үйлдэлд холбогдох” маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д**********, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.М**********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э**********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Цэ********** нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1.Нэхэмжлэгч “**********”ХХК нь “... Д********** аймгийн С********** д сумын нутагт байрлах “Х********** д” нэртэй ХV-********** тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг дуусгавар болгосон бүртгэлийн хүчингүй болгуулж, эрхийг сэргээж, хугацааг сунгуулах өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч зохих журмын дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст даалгуулах” нэхэмжлэлийн шаардлага гарган маргаж байна.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1.Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ дараахь үйл баримтыг дурдсан байна.Үүнд:
2.2. Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 901 дугаар шийдвэрээр Д********** аймгийн С********** д сумын нутагт байрлах “**********” нэртэй ХV-********** тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмших эрхийг 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл 5 жилийн хугацаагаар олгосон тухай;
2.3.”**********”ХХК нь 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр “тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах өргөдлийг Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст гаргасан талаар;
2.4. Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 651 дүгээр шийдвэрээр “**********”ХХК-ийн Д********** аймгийн С********** д сумын нутагт байрлах “**********” нэртэй ХV-********** тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар сунгасан талаар;
2.5.Нэхэмжлэгч “**********”ХХК нь ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахад хавсаргах шаардлагатай 2021 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар Д********** аймгийн С********** д Засаг даргад 2021 оны 09 дүгээр сарын 24, 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүргүүлсэн талаар;
2.6. Д********** аймгийн С********** д сумын Засаг дарга уг төлөвлөгөөг 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр баталж, хүлээлгэн өгсөн талаар.
3.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн үндэслэлийг дараахь хэд хэдэн үндэслэлээр тайлбарлаж байна. Нэхэмжлэгч нь Д********** аймгийн С********** д сумын нутагт тусгай зөвшөөрлийг 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс эзэмших эрхтэй болсон байдаг. Энэ тусгай зөвшөөрлийн хугацааг нэг удаа сунгуулаад 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл сүүлийн хугацаа дуусахаар байсан. Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-т хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах эрхтэй гэдгийг хуульчилсан. Мөн хуулийн 22 дугаар зүйлд хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө нэг сарын өмнө сунгуулах өргөдлөө гаргана гэдэг агуулгаар хуульд зохицуулсан. Гэхдээ өргөдөлдөө дараахь хэд хэдэн баримтуудыг хавсаргах ёстой гэж дурдсан. Үүний нэг нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримтаа тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг зайлшгүй хавсаргасан байх ёстой гэдгийг хуулийн дагуу шаардсан байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс хуульд заасан энэ шаардлагыг хангах үүднээс 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т /хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө сум, дүүргийн Засаг даргад батлуулахаар хүргүүлнэ/ заасны дагуу 9 дүгээр сарын 24-ний өдөр шинэчлэн боловсруулсан менежментийн төлөвлөгөөгөө Д********** аймгийн С********** д сумын Засаг дарга болон Байгаль орчны хяналтын улсын байцаагч нарт холбогдох бичиг баримтаа хүргүүлсэн. Тэгэхэд хуульд заасан хугацаанд сумын Засаг даргын зүгээс батлах ажиллагааг хийж өгөөгүй. Энэ нь ямар шалтгаантай байсан бэ гэдгийг бид нар 10 дугаар сард албан бичиг явуулсан. Мөн биеэр очиж уулзахад албан ёсоор хариу өгөөгүй байж байгаад 10 дугаар сарын 27-ны өдөр бидний тайланг батлаад өгсөн. 9 дүгээр сарын 24-ний өдөр өргөдлөө өгсөн. Түүний дагуу үйл ажиллагаагаа хурдан хийж өгнө үү гэдэг агуулгаар удаа дараа хандсан боловч сумын Засаг даргын зүгээс энэ батлах ажиллагааг хугацаанд нь хийж өгөөгүй асуудал үүссэн. Энэ асуудалд нэхэмжлэгчийн зүгээс тушаах гэдэг ч юм уу, захирах агуулгаар нөлөөлөх боломжгүй, хүлээхээс өөр аргагүй нөхцөл байдал үүсч байсан. Хэрэв тухайн үед энэ тайлан зохих хугацаандаа батлагдаад хурдан батлагдаад гараад ирсэн бол нэхэмжлэгч компанийн хувьд ийм нөхцөл байдал үүсээд өргөдөлдөө хавсаргах баримтаа дутуу хавсаргах нөхцөл байдал үүсэхгүй, дуусгавар болгох асуудал ч гэсэн бий болохгүй нөхцөл байдал байсан. Энэ нь нэхэмжлэгчийн үйл ажиллагаанаас шууд хамааралтай нөхцөл байдал биш, хөндлөнгийн төрийн захиргааны байгууллага буюу гуравдагч этгээдийн үйл ажиллагаанаас хамаараад эдгээр нөхцөл байдлууд үүсч байгааг нэг талаас нотолж байгаа юм. Нэхэмжлэгч компанийн захирал Б.Ч********** хувьд дэлхий даяар мэдэж байгаа ковид-19 цар тахал халдварт өвчнөөр өвдөж байсан нөхцөл байдал байгаа. Гэхдээ компанийн үйл ажиллагаагаа тасалдуулаад өвчтэй гээд хэвтээд хэдэн сараар явсан асуудал байхгүй. Өвчтэй байх хугацаандаа өвдөхөөс өмнө ч гэсэн холбоотой бүх бичиг баримтууд, юмнуудаа бүрдүүлээд өгчихсөн нөхцөл байдлууд хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдох байх гэж үзэж байна. Орон нутгийн байгууллага ямар шалтгааны улмаас тухайн үед хугацаандаа энэ асуудлыг баталж өгөөгүй вэ гэдэг зүйлсийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс тодруулсан. Байцаагч нь сургалттай, ковид-19 цар тахлын улмаас өвдөж байсан гэдэг бичиг баримтуудыг өгсөн. Мөн Засаг дарга нь эдгээр зүйлүүдийг нотолсон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, даалгавар гүйцэтгүүлэх ажиллагаагаар гэрчийн мэдүүлэг авсан нөхцөл байдлууд байгаа. Эндээс нэхэмжлэгчийн яриад байгаа энэ бүх нөхцөл байдал сум, дүүргийн Засаг даргын үйл ажиллагаанаас бүх зүйл болсон гэдгийг давхар нотолж байгаа учраас эдгээр хүндэтгэн үзэх шалтгааныг харгалзаад хариуцагч байгууллагаас тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээж аваад шийдвэрлэх бүрэн боломжтой байхад хүлээж авахгүй байгаад байгаа энэ үйлдэл нь нэхэмжлэгчийн хугацаагаа сунгуулах гэсэн эрхийг нэг талаасаа зөрчиж байна. Мөн хайгуулын тусгай зөвшөөрөл гэдэг нь жил бүр хайгуулын ажлын тайлан байгаль орчны менежментийн зардал гээд хөрөнгө гаргаад яваад байгаа энэ бүх ажлууд ямар нэгэн үр дүнгүйгээр өнгөрөх нөхцөл байдал үүсээд байгаа учраас энэ бүх зүйлийг харгалзаж үзээд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэж хүсч байна. Нэхэмжлэл нь хугацааг сунгасан шийдвэрийг шууд гаргахыг шүүхээс хүсээгүй. Зөвхөн тэр хүндэтгэх шалтгаантай нөхцөл байдлыг харгалзаж үзээд өргөдлийг хүлээж аваад зохих журмын дагуу шийдвэрлэхийг даалгаж өгнө үү гэсэн агуулга байгаа гэдгийг тодруулж хэлэхийг хүсч байна. ... Ашигт малтмалын тухай хуулийн 22.1.3-т байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт тусгай зөвшөөрлийн сунгуулах өргөдөлд хавсаргагдана гэдгийг хуульчилсан. Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлийг үзэхэд хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө сум, дүүргийн Засаг даргад батлуулахаар хүргүүлнэ гэж заасан. Энэ хугацааг аваад үзэхээр нэхэмжлэгчийн зүгээс 11 дүгээр сарын 02-ны өдрөөс өмнө 11 дүгээр 01-ний өдөр батлуулахаар өргөдлөө өгөхөд байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулах боломжтой юм байна гэсэн агуулга харагдаж болно. Нөгөө талаараа 22 дугаар зүйлд зааснаар нэг сарын өмнө гээд байгаа, энэ хоёр хугацаа өөр хоорондоо зөрөлдөөд байгаа. Түүнийг харж үзэхээр нэхэмжлэгч өөрт ашигтай байдлаар Ашигт малтмалын тухай хуулийн 40.1-т зааснаар бид нар 9 дүгээр сарын 24, хариуцагчийн зүгээс нэг сарын өмнө өргөдлөө өгсөн байх ёстой гэж байна. Гэтэл бид нар нөгөө хуулийн шаардлагаар нөгөө заалтын дагуу менежментийн төлөвлөгөөг 9 дүгээр сарын 24-ний өдөр батлуулахаар хандаад байгаа. Хоёр төрийн захиргааны байгууллага хоёр өөр шаардлага тавиад байна. Нэг нь тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө та нар менежментийн төлөвлөгөөгөө өгчих юм бол бид нар батлаад өгнө гэсэн агуулгаар 40.1-д зааснаар зохицуулаад байна. Гэтэл үүнтэй эсрэг та нар заавал хугацаа дуусахаас нэг сарын өмнө өргөдлөө өгнө шүү гэхээр яг алийг нь баримтлах вэ гэдэг агуулга эндээс зөрчилтэй харагдаад байна гэж үзэж байна. Гэхдээ бодит байдал дээр нэхэмжлэгч компанийн зүгээс эдгээр хуулийн заалтын зөрчлийг харж үзээгүй, 9 дүгээр сарын 24-ний өдөр өргөдлөө өгсөн. Тэр нь сум, дүүргийн Засаг даргад хуулийн 40.1-т заасны дагуу өргөдлөө батлуулахаар өгсөн боловч сумын Засаг дарга, байгаль орчны байцаагч нар хүндэтгэх шалтгаантай гэдэг агуулгаар 10 дугаар сарын 27-ны өдөр баталж өгсөн асуудлууд байгаа. Би Б.Чингүүнээс тодруулсан, чи яагаад ингээгүй вэ гэхэд би К-11 маягтаа бөглөсөн, одоо дутуу байгаа юмнуудаа ийм юм дутуу байгаа гэдэг агуулга, бүрдсэн юмнуудаа чеклээд доор нь бүртгэлийн нэг ажилтан суудаг, тэр хүнтэй очоод уулзахаар танай өргөдөлд чинь хавсаргах баримт дутуу байна, тийм учраас хүлээж авч бүртгэх ямар ч боломжгүй байна, менежментийн төлөвлөгөөгөө яаралтай батлуулж ирээд та нар өргөдлөө гаргах нь зүйтэй гэдэг хариуг амаар өгсөн. Үүн дээр ямар нэгэн бичгийн баримт байхгүй. Харин хариуцагч талаас хуралдаанд орж ирээд бид нар ковидын нөхцөл байдлаас ийм юм авч байсан гээд байгаа, тийм тушаал, шийдвэр албан ёсоор энэ хэрэгт өгөөгүй. Тийм учраас нэхэмжлэгч талын ярьж байгаа зүйлийг үгүйсгэх гэж байгаа оролдлого байна гэж үзэж байна. Түүнээс биш доор процесс яг тийм агуулгаар К-11 маягтыг нь шалгаж үзээд хавсаргах бичиг баримт дутуу байвал өргөдлийг хүлээж авдаггүй тэр уламжлал, тогтсон тэр зүйл яг хэвээрээ үргэлжилж байгаа гэсэн тайлбарыг надад өгсөн” гэв.
4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүхэд хуралдаанд гаргасан тайлбартаа: “**********" ХХК-ийн эзэмшиж байсан Д********** аймгийн С********** д нутагт байрлах “Х********** д” нэртэй ашигт малтмалын хайгуулын XV-********** дугаартай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөр дуусгавар болгосон бүртгэлийг хүчингүй болгуулж, эрхийг сэргээж, хугацааг сунгуулах өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч зохих журмын дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараахь тайлбарыг хүргүүлж байна. Д********** аймгийн С********** д нутагт байрлах “**********” нэртэй газарт орших 2554.17 гектар талбайд анх Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 901 дугаар шийдвэрээр "**********" ХХК-д олгож, уг тусгай зөвшөөрлийг 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл 3 жилийн хугацаагаар сунгасныг Кадастрын бүртгэлийн УУККС-д бүртгэсэн байна. Улмаар “**********" ХХК нь ашигт малтмалын хайгуулын XV-********** дугаартай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг сунгуулах тухай өргөдөл гаргасныг EX-********** дугаарт бүртгэн хянан үзэж Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 651 дүгээр шийдвэрээр 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл 3 жилийн хугацаагаар сунгаж, тусгай зөвшөөрлийн бүртгэл болон хавсралтад тэмдэглэгээ хийснийг 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн "Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх" 7/6495 тоот албан бичгээр аж ахуйн нэгжид мэдэгдсэн байна. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд "Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргана" гэж заасны дагуу тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хуулийн шаардлага тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө ирүүлэхээр хуульчилсан бөгөөд сунгуулах өргөдлийг ирүүлэхдээ мөн хуулийн 22.1.1-т хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар, 22.1.2-т үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт, 22.1.3-т байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, 22.1.4-т хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт зэргийг тус тус ирүүлсэн байхыг шаарддаг. Хуулийн дээрх шаардлагын дагуу "**********" ХХК нь өөрийн эзэмшиж буй ашигт малтмалын хайгуулын XV-********** дугаартай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг сунгуулах тухай өргөдлийг 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс нэг сарын өмнө буюу 2021 оны 10 дугаар сарын 02- ны өдрөөс өмнө хуулийн 22.1 дугаар зүйлийн 22.1.1-22.1.4-т заасан баримтыг хавсарган ирүүлэх үүрэгтэй байсан байна. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж нь Ашигт малтмалын тухай хуульд заасан нөхцөл шаардлагыг бүрэн хангаж ажиллах үндсэн үүрэгтэй бөгөөд хуулийн шаардлагыг бүрэн биелүүлж, тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг хангаж ажиллахаа мэдэгдэж "**********" ХХК нь 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр гарын үсэг зурж баталгаажуулсан байна. Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй" гэж заасан. Гэтэл "**********" ХХК нь өөрийн эзэмшиж буй ашигт малтмалын хайгуулын XV-********** дугаартай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг сунгуулах тухай өргөдлийг Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан хугацаанд буюу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болох / 2021 оны 11 дүгээр сарын 02/ өдрөөс нэг сарын өмнө буюу 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс өмнө, хуулийн шаардлага хангуулж ирүүлээгүй байх тул мөн хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасныг дагуу тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг дуусгавар болсныг бүртгэсэн байна. "**********" ХХК нь анх 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн "Хүсэлт гаргах тухай" 03 тоот албан бичгээр сунгуулах өргөдлөө хуулийн хугацаанд гаргаж чадаагүй тул сунгаж өгөхийг хүссэн 1 хуудас албан бичиг ирүүлсэн байх бөгөөд АМГТГ-ын ГУУКХ-ийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 09-ний 8/4967 тоот албан бичгээр АМТХ-ийн 22 дугаар зүйлийн 22.1- д заасны дагуу төрийн захиргааны байгууллагад ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хавсралтын хамтаар гаргаагүй байгааг мэдэгдсэн байна. Уг хариуг эс зөвшөөрч 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 06 тоот албан хүсэлтийг АМГТГ-т ирүүлсэн байх бөгөөд хариуг 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2/5529 тоот албан бичгээр хүргүүлсэн байна. Энэ бүхнээс харахад тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болох /2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр/ өдрөөс өмнө ямар нэгэн хүсэлт, хуульд заасан өргөдөл материал ирүүлж байгаагүй нь баримтаар тогтоогдож байхад төрийн захиргааны байгууллагыг буруутгах хууль зүйн үндэслэл болохгүй. Дээрх хууль зүйн үндэслэлүүдээс дүгнэж үзэхэд ашигт малтмалын хайгуулын XV-********** дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болгосон бүртгэлийг хүчингүй болгуулж, эрхийг сэргээж, хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч зохих журмын дагуу шийдвэрлэх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэг.Маргаж буй үйл баримтын талаар:
1.1.Энэхүү захиргааны хэрэгт нэхэмжлэгч өөрийн эзэмших XV-********** дугаартай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөр дуусгавар болгосон Кадастрын хэлтсийн бүртгэлийг хууль бус гэж;
1.2.Кадастрын хэлтэс тус компанийн XV-********** дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөр дуусгавар болгосноос хойш тус компанийн хайгуулын тусгай зөвшөөрлийн өргөдлийг хүлээн авахгүй байгаа үйлдлийг хууль бус гэж үзэн өргөдлийг хүлээн авч шийдвэрлэх ёстой гэсэн үйл баримтаар маргаж байна.
1.3.Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөр дуусгавар болгосон бүртгэлийг хүчингүй болгосон гэх үндэслэлээр тус компанийн хайгуулын тусгай зөвшөөрөл сунгуулахыг хүссэн өргөдлийг хүлээн авахгүй байгаа үйлдэлд маргаж байна.
1.4.Анхан шатны шүүх нь шүүх хуралдааны явцын турш нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулан хэлэлцүүлсэн бөгөөд нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлага гэж бичсэн “хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоох” гэснийг “XV-********** тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг дуусгавар болгосон бүртгэлийг хүчингүй болгуулах” шаардлагынхаа үндэслэл учраас шаардлага биш, нэхэмжлэлийн шаардлагаа өөр байдлаар тодруулахгүй гэсэн тул шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг санаачлан өөрчлүүлэх эрх хэмжээгүй байсан, мөн хариуцагч энэ тодруулсан шаардлагад бичгээр тайлбар гаргахгүй гэсэн болно.
1.5.Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасныг баримтлан дээрх үйл баримт нь нотлох баримтаар нотлогдсон байдал, хуульд нийцсэн байдалд дүгнэлт өгч шийдвэрлэлээ.
Хоёр.Шүүхэд тогтоогдсон үйл баримтын талаар:
2.1.Нэхэмжлэгч “**********”ХХК-ийн эзэмших Д********** аймгийн С********** д сумын нутагт байрлах “**********” нэртэй газарт ашигт малтмал хайх ХV-019085 дугаартай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа нь 2021 оны 11 дүгээр сарын 02-ний өдөр дуусгавар болох ёстой байсан нь тус компанийн тусгай зөвшөөрөлд дээр хийсэн тэмдэглэл /Хавтаст хэргийн 13, 15 дахь тал/-ээр тогтоогдож, талууд энэ талаар маргаагүй болно.
2.2.Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар нэхэмжлэгч компани нь тусгай зөвшөөрлийн сунгалтыг хийлгэхдээ 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс өмнө хүсэлтээ бичгээр гаргаж, уг хуульд заасан холбогдох баримтуудыг хавсаргах ёстой байна.
2.3.Нэхэмжлэгч “**********”ХХК нь ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдөлд хавсаргах шаардлагатай 2021 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар Д********** аймгийн С********** д Засаг даргад 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүргүүлсэн, сумын Засаг дарга уг төлөвлөгөөг 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр баталж, хүлээлгэн өгсөн гэдэг нь сумын Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 01/67 дугаар албан бичиг /Хавтаст хэргийн 197 дахь тал/, энэ албан бичигтээ хавсарган ирүүлсэн “**********”ХХК-иас Засаг даргад хүргүүлсэн 2021 оны 09 дүгээр сарын 24, 10 дугаар сарын 26-ны өдрийн албан бичиг /Хавтаст хэргийн 198-199 дэх тал/, мөн сумын Засаг даргын Тамгын газрын “Ирсэн бичгийн бүртгэлийн дэвтэр” дээрх бүртгэл /Хавтаст хэргийн 200 дахь хуудас/ зэргээр тогтоогдсон болно.
2.4.Нэхэмжлэгч “**********” ХХК нь 2021 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авсан гэдэгтэй маргаагүй.
2.5.Нэхэмжлэгч нь 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст хандан гаргасан өргөдөлдөө “ ... Гүйцэтгэх захирал Б.Ч********** миний бие 9 сарын сүүлчээр Корона вирусын халдвар авч хүндээр өвдөн 1 сар орчим хугацаанд тусгаарлалтад орж, ... хууль тогтоомжид заасан хугацаанд хайгуулын тусгай зөвшөөрөл сунгах хүсэлтээ өгч чадаагүй”, “... хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгаж өгөхийг хүсэж байна. Хавсралтаар өөрийн шинжилгээний хариуг хавсаргасан болно” /Хавтаст хэргийн 44 дэх тал/ гэжээ.
2.6.Энэ бичиг нь тус компанийн Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрлөө сунгуулах шаардлага хангасан өргөдөл, түүнд хавсаргавал зохих баримт биш байна.
Өөрөөр хэлбэл, “**********” ХХК нь 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Ашигт малтмалын тухай хуульд заасан шаардлагад нийцсэн хайгуулын тусгай зөвшөөрлөө сунгуулах хүсэлт, хавсаргах баримтыг гаргаж өгөөгүй болох нь дээрх бичгээр тогтоогдохын хамт, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаан дээр “Хүсэлт гэж 1 хуудас баримт өгсөн, тусгай зөвшөөрлөө сунгуулах өргөдлөө, хавсаргасан баримтын хамт өгч болох байсан” гэх агуулгатай тайлбар гаргаж, энэ тайлбарыг нэхэмжлэгч тал няцаагаагүй, мөн уг албан бичгийг “тусгай зөвшөөрлөө сунгуулах хүсэлт мөн” гэж маргаагүй зэргээр тогтоогдсон гэж үзлээ.
2.7.Тодруулбал, нэхэмжлэгч нь Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан шаардлага хангасан буюу “К-11 маягт” нэртэй өргөдөл бөглөж болон хавсаргах баримтыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст гаргаагүй, харин 1 хуудас өргөдөл, корона вирусын халдвар авсан баримтыг гаргасан өгсөн нь “хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасан” гэж үзэхгүй болно.
2.8.Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс нь нэхэмжлэгч “**********” ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хандан гаргасан өргөдлийг хянаад, тус хэлтсийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 8/4967 дугаар албан бичгээр “... Танай компани ... хайгуулын XV-********** дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д ... гэж заасны дагуу төрийн захиргааны байгууллагад гаргаагүй байна” гэж хариу өгчээ.
2.9.Иймд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга нь нэхэмжлэгчийн гаргасан 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Хүсэлтийг шийдвэрлэж хариу өгсөн байна гэж шүүх үзсэн болно.
2.10.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаан дээр гаргасан “... 11 дүгээр сарын 02-ны өдрийн үдээс өмнө Чингүүн захирал бид 2 хамт Кадастрын хэлтэс дээр очиж өргөдөл, хавсаргах баримтыг бүрдүүлэн өгөх гэсэн боловч хариуцсан мэргэжилтэн нь өргөдөл гаргах хугацаа дууссан, даргад хандан өргөдөл гарга, дарга өргөдлийг хүлээн ав гэвэл авч болно гэсэн тул бид өргөдлийг хүлээн авна уу гэх энэ хүсэлт өгсөн” гэсэн агуулгатай тайлбар гаргасан.
Гэвч нэхэмжлэгч энэ үйлдлийнхээ нотлох баримтын эх сурвалжаа нэрлэж чадахгүй, “хариуцсан мэргэжилтэн” гээд байгаа этгээдийг хэн байсныг “хэлж мэдэхгүй” гэж байгаа тул эх сурвалжгүй нотлох баримтыг анхан шатны шүүх цуглуулах боломжгүй ба нэхэмжлэгч ийм нотлох баримт байхгүй гэсэн тул түүний энэ тайлбар нь нотлох баримтаар нотлогдоогүй гэж үзэв.
Учир нь хэргийн оролцогчийн тайлбар нь нотолгооны хэрэгсэл учраас дангаараа нотлох баримт болохгүй болно.
2.11.Нэхэмжлэгч “**********” ХХК нь түүний Кадастрын хэлтсийн даргад хандан гаргасан 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн хүсэлтийг захиргааны албан тушаалтан хүлээн авч шийдвэрлэснээс хойш 11 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл /энэ нь тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосныг бүртгэсэн өдөр/ , түүгээр үл барам одоог хүртэл Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан өргөдлийг гаргаагүй болох нь шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбар болон нотлох баримтаар няцааж чадахгүй байгаагаар тогтоогдсон гэж үзлээ.
2.12.Улмаар хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс нь “**********” ХХК-ийн эзэмшиж байсан ХV-********** дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгуулах хүсэлтээ хуульд заасан хугацаанд зохих журмаар гаргаагүй гэж үзэн дуусгавар болгож, 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр мэдээллийн сандаа бүртгэсэн байна.
2.13.Ийнхүү шүүх хуралдааны хэлэлцүүлэг, хэрэгт авагдсан нотлох баримтаар дээрх байдал тогтоогдсон тул эдгээр үйл баримтад шүүх хууль зүйн дүгнэлт өгч, доорхи үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Гурав.Анхан шатны шүүхэд нотлох баримт цуглуулсан, үнэлсэн талаар:
3.1.Шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлд заасан дагуу нотлох баримт цуглуулсан, нэхэмжлэгч болон хариуцагч нараас шүүхийн хэлэлцүүлгийн явцад маргасан асуудлаар нэмж гаргаж өгөх нотлох баримт байхгүй гэж тайлбарласан, энэ талаар ямар нэг хүсэлт гаргаагүй тул шүүхэд дахин цуглуулах нотлох баримт байхгүй, талууд зарим тайлбар татгалзлаа нотлох баримтаар нотолж чадаагүй гэж үзэн, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн ба нотлох баримтыг үнэлэх нь хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн дотоод итгэл, эрх хэмжээнд хамаарна гэж үзсэн болно.
3.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаан дээр гаргасан “Ч********** захирал бид 2 хамт 11 дүгээр сарын 02-ны өдөр Кадастрын хэлтэст өргөдөл, хавсаргах баримтыг бүрдүүлэн өгсөн” гэх тайлбараа нотлох баримт байхгүй, эх сурвалжаа зааж чадахгүй гэсэн тул уг үйл баримтыг нотлох, нотлох баримт байхгүй гэж шүүх дүгнэсэн болно.
Мөн нэхэмжлэгч талаас “даргад хандан өргөдөл гарга, дарга өргөдлийг хүлээн ав гэвэл авч болно” гэсэн гэх мэргэжилтэнг “гэрчээр асуулгах шаардлагагүй хэн гэдгийг нь мэдэхгүй” гэсэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “уг мэргэжилтнээ хэн гэдгийг нь мэдэхгүй байгаа тул гэрч асуулгах шаардлагагүй “ гэсэн тул анхан шатны шүүх хэн гэдэг нь тодорхойгүй гэрчийг асуух ажиллагаа хийх боломжгүй бөгөөд шаардлагагүй гэж үзлээ.
3.3.Хэрэгт авагдсан буюу нэхэмжлэгч компанийн захирал Б.Ч********** нь ковидын халдвар авсан гэж 2 өөр огноотой[1], бар код бүхий Интермед эмнэлгийн хариуг ирүүлсэн байна.
Эдгээр баримтын хавтаст хэргийн 35 дахь талд байгаа “Ковид 19 шинжилгээний хариу” гэх баримтыг нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь “алдаатай” гэж, мөн энэ хугацаанд буюу 2021 оны 09 сарын 09-ний үед захирал Б.Чингүүнийг ковидын халдвар аваагүй гэж тайлбарласан тул нотлох баримтаар үнэлээгүй, 45 дугаар хуудсанд авагдсан шинжилгээний хариуг Эрүүл мэндийн яамны 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 2/1716 дугаар албан бичгээр баталгаажуулсан тул нотлох баримтаар үнэлж байна.
3.4.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын шаардлага хангасан, маргааны үйл баримтад хамааралтай гэсэн нотлох баримтуудыг үнэлэв.
Дөрөв.Маргаан бүхий актыг хянасан, шүүхээс хууль хэрэглэсэн үндэслэлийн тухайд:
4.1.Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх заалтууд хоорондоо зөрчилдөөнтэй, 22.1 дэх заалтаар “тусгай зөвшөөрлийн өргөдлийг хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө гаргана” гэсэн байхад 40.1 дэх заалт нь “хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө сум, дүүргийн Засаг даргад батлуулахаар хүргүүлнэ” гэсэн байна.
Энэ хугацааг аваад үзэхээр нэхэмжлэгчийн зүгээс 11 дүгээр сарын 02-ны өдрөөс өмнө 11 дүгээр 01-ний өдөр батлуулахаар өргөдлөө өгөхөд байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулах боломжтой юм байна гэсэн агуулга харагдаж болно. Нөгөө талаараа 22 дугаар зүйлд зааснаар нэг сарын өмнө гээд байгаа, энэ хоёр хугацаа өөр хоорондоо зөрөлдөөд байгаа. Түүнийг харж үзэхээр нэхэмжлэгч өөрт ашигтай байдлаар Ашигт малтмалын тухай хуулийн 40.1-т зааснаар бид нар 9 дүгээр сарын 24-нд хариуцагчийн зүгээс нэг сарын өмнө өргөдлөө өгсөн байх ёстой гэж байна. Гэтэл бид нар нөгөө хуулийн шаардлагаар нөгөө заалтын дагуу менежментийн төлөвлөгөөг 9 дүгээр сарын 24-ний өдөр батлуулахаар хандаад байгаа. Хоёр төрийн захиргааны байгууллага хоёр өөр шаардлага тавиад байна. Нэг нь тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө та нар менежментийн төлөвлөгөөгөө өгчих юм бол бид нар батлаад өгнө гэсэн агуулгаар 40.1-д зааснаар зохицуулаад байна. Гэтэл үүнтэй эсрэг та нар заавал хугацаа дуусахаас нэг сарын өмнө өргөдлөө өгнө шүү гэхээр яг алийг нь баримтлах вэ гэдэг агуулга эндээс зөрчилтэй харагдаад байна гэж маргаж байна.
4.2.Энэ хуулийн зохицуулалтуудыг хоорондоо сөргөлдөөнтэй буюу зөрчилдөөнтэй заалт гэж үзэхгүй юм.
4.3.Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх заалтын “тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө менежментийн төлөвлөгөөг батлуулах” гэдэг нь мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх заалтын “өргөдлийг хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө гаргана” гэснийг үгүйсгэсэн заалт биш.
Өөрөөр хэлбэл, хоорондоо зөрчилдөөнтэй заалт биш, тухайлбал, “тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө менежментийн төлөвлөгөөг батлуулсан бол сунгуулах хүсэлтээ хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан байсан ч гаргаж болно” гэсэн агуулгагүй тул 22 дугаар зүйлийн 22.1 дэх заалт нь 40 дүгээр зүйлийн 40.1 дэх заалттайгаа зөрчилдөхгүй юм.
Хуулийн эдгээр зохицуулалтыг нэхэмжлэгч нь “хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө өргөдөл гаргасан байх ёстой бөгөөд ингэхдээ өргөдөлдөө шинэчлэн батлуулсан менежментийн төлөвлөгөөг хавсаргасан байх” гэсэн байдлаар хооронд нь уялдуулж, дээрх төлөвлөгөө батлуулах, өргөдөл гаргах үйлдлийг дараалан зохицуулсан зохицуулалт гэж нэгдмэл байдлаар ойлгож, хэрэглэх ёстой болно.
4.4.Дээр дурдсанаар нэхэмжлэгч “**********”ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр гаргасан хүсэлтийг, хариуцагч Кадастрын хэлтсийн дарга 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 8/4967 дугаар албан бичгээр хариу өгснийг анхан шатны шүүхээс “тус компанийн гаргасан хүсэлтийн хүрээнд шийдвэрлэсэн шийдвэр мөн” гэж үзсэн бөгөөд нэхэмжлэгч өөрөө Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан шаардлагад нийцсэн өргөдөл ирүүлээгүй учир хариуцагчийн хүсэлт шийдвэрлэсэн шийдвэр нь уг хуулийн заалтад нийцсэн гэж үзлээ.
4.5.Түүнчлэн нэхэмжлэгч “**********”ХХК нь Кадастрын хэлтсийн даргад хандан гаргасан 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн хүсэлтийг захиргааны байгууллага шийдвэрлэснээс хойш буюу 11 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлөө сунгуулах өргөдлөө Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан шаардлагад нийцүүлэн ирүүлэхгүй байснаар тусгай зөвшөөрлийн хугацаа нь 2021 оны 11 дүгээр сарын 02-ний өдрөөр дуусгавар болсон байх бөгөөд тус компанийн эзэмших тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөр дуусгавар болсныг бүртгэсэн хариуцагчийн үйлдэл нь Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д “тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан бол хайгуулын тусгай зөвшөөрөл дуусгавар болно” гэж заасанд нийцсэн байна.
4.6.Нэхэмжлэгч “**********” ХХК-ийн гүйцэтгэх удирдлага Б.Чингүүн нь 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 20-ны өдрийг хүртэлх 10 хоног эмнэлгийн хяналтад хянагдаж /Хавтаст хэргийн 221 дэх талд/, 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл өвчний акттай байсан нь Эрүүл мэндийн яамны тодорхойлолт, Эмнэлгийн магадлагаа /Хавтаст хэргийн 29 дэх талд/ зэрэг баримтаар тогтоогдож байгаа тул нэхэмжлэгч компанийн гүйцэтгэх удирдлага энэ хугацаанд гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн /форс мажор/ нөхцөлд байсан гэж үзнэ.
4.7.Гэвч “**********” ХХК-ийн гүйцэтгэх удирдлага Б.Ч********** 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 11 дүгээр сарын 02-ны өдрүүдэд гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн нөхцөлд байсан гэх “гэрчилгээтэй байсан” боловч 11 дүгээр сарын 02-ний өдөр өөрийн биеэр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст очсон болохыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж байгаа тул тус компанийг 2021 оны 11 дүгээр сарын 02-ний өдрөөс 09-ний өдрийн хооронд тус байгууллагад хандах, өргөдлөө гаргах боломжгүй “форс мажор” нөхцөлд байсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.
4.8.Нэхэмжлэгч “**********” ХХК нь ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлөө хуульд заасан хугацаанд гаргаж чадаагүй шалтгаанаа Д********** аймгийн С********** д Засаг дарга 2021 оны Байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлгөөг 2 сар гаруйн хугацаанд баталж өгөөгүй гэж буруутгаж байгаа боловч уг төлөвлөгөөг 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр баталж, хүргүүлсэн нь тус компанийг 11 дүгээр сарын 02-ний өдрөөс хойш одоог хүртэл Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст хандан “зохих ёсоор” хүсэлтээ гаргах боломжгүй байсан гэж үзэх үндэслэл болохгүй юм.
4.9. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс нь “**********”ХХК-ийг хуульд заасан өргөдөл хүсэлтийг ирүүлээгүй нөхцөл хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгах хууль зүйн боломжгүй байсан тогтоогдсон бөгөөд нэхэмжлэгчийн гүйцэтгэх удирдлагын гаргасан 2021 оны 11 дүгэр сарын 02-ны өдрийн хүсэлтийг хүлээн аваагүй, улмаар тусгай зөвшөөрлийг дуусгавар болгож бүртгэснийг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл байхгүй байна.
4.10.Нөгөө талаас нэхэмжлэгч “**********”ХХК нь өөрийн эзэмших ХV-********** тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр байсан сүүлийн өдөр болох 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст хандсан байгаа боловч энэ өдөр Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан хүсэлт, өргөдлөө гаргаагүй, гаргасан гэдгээ нотолж чадаагүй тул анхан шатны шүүх нэхэмжлэгчийг тусгай зөвшөөрөл сунгуулах хүсэлтээ гаргасан гэж үзээгүй болно.
4.11.Дээрх хууль зүйн үндэслэлүүдээр маргаан бүхий захиргааны акт нь Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйл, 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасныг зөрчөөгүй байна.
4.12.Тодруулбал, нэхэмжлэгч нь 2021 оны 11 дүгээр сарын 02-ний өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст хандан хүсэлт гаргасныг хариуцагч шийдвэрлэчихсэн, үүнээс хойш одоог хүртэл ашигт малтмалын хайгуулын XV-********** дугаар тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлөө Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан журмаар гаргаагүй байгаа тул тус компанийн өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй, үйлдэл гэж тогтоогоогүй тул “**********”ХХК-ийн XV-********** дугаар тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгосон бүртгэлийг хүчингүй болгох үндэслэл нотлогдоогүй гэж үзэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Тав.Бусад дүгнэлтийн тухайд:
5.1.Нэхэмжлэгч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ний өдөр хүсэлтээ гаргаж хандсан, 09-ний өдөр тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр байдлыг дуусгавар болгож бүртгэсэн гэх үйл баримтуудад маргасан учраас Анхан шатны шүүх нь зөвхөн маргаан бүхий актын хүрээнд буюу 2021 оны 11 дүгээр сарын 02, 09-ний өдрүүдийн үйл баримтад л дүгнэлт хийсэн гэдгийг тэмдэглэж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 106.4 дэх заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “**********”ХХК-ийн “Д********** аймгийн С********** д сумын нутаг, “**********” нэртэй газарт ашигт малтмалын хайгуул хийх ХV-********** дугаар тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, эрхийг сэргээж, хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч зохих журмын дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст даалгуулах, тусгай зөшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг дуусгавар болгосон бүртгэлийн хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан, нэхэмжлэгч “**********” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЭРДЭНЭЧИМЭГ
[1] Хавтаст хэргийн 30, 45 дахь талууд