Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 19

 

Б-д холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 

226/2020/0019/Э

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч Я.Алтаннавч, Б.Сүхгомбо нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд нээлттэйгээр,

Нарийн бичгийн дарга М.Долгоржав,

Прокурор Б.Бямбасүрэн, 

Шүүгдэгч Б-, түүний өмгөөлөгч Г.Баярсайхан нарыг оролцуулан,

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзоригийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 84 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Бямбасүрэнгийн эсэргүүцлээр Б-д холбогдох эрүүгийн 2039000490102 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Сүхгомбын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Хэнтий аймгийн Мөрөн суманд 1976 онд төрсөн, 44 настай, эрэгтэй, бага боловсролтой, ам бүл 1, Хэнтий аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багт оршин суух, урьд Хэнтий аймаг дахь Сум дундын 1-р шүүхийн 2006 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 178 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар, Хэнтий аймаг дахь Сум дундын 1-р шүүхийн 2011 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 91 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 05 хоногийн хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай гэх Ш овогт Л-н Б нь

Хэнтий аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн иргэн Т-ийн малыг хариуцан маллаж байхдаа буюу 2019 оны 12 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө бусдын итгэмжлэн хариуцуулсан адуунаас 1 тооны зээрд зүсмийн хязаалан гүүг завшиж 800000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ш овогт Л-н Б-ийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-ийг 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б-д оногдуулсан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Хэнтий аймгийн Мөрөн сумын Засаг даргын Тамгын газарт өдөрт 8 цагаас дээшгүй хугацаагаар нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэж эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б- нь оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан түүний эзэмшлийн “HYUNDAI PRONTER” маркийн тээврийн хэрэгслийг хурааж улсын төсөвт шилжүүлж, Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Бямбасүрэнгийн эд хөрөнгө битүүмжлэх тухай 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 16 дугаартай тогтоолыг шийтгэх тогтоол биелэгдэх хүртэл хэвээр үргэлжлүүлэхээр тус тус заан шийдвэрлэжээ.

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Бямбасүрэн давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл болон дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь “тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, ...6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж хуульчилсан.

Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан яллагдагч Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.2-д заасан “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах”, мөн зүйлийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх” зэрэг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Б-ийн эзэмшлийн “Hyundai Pronter” маркийн тээврийн хэрэгслийг улсын орлого болгох, хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээ авах саналыг гаргаж яллагдагч Б- нь зөвшөөрч хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцээд ял оногдуулахдаа 1 жилийн хугацаагаар тэнсэх саналын хүрээн бус нийтэд тустай ажил хийх ял оногдуулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан журмын дагуу гэм буруугаа хүлээн зөвшөөрч, өөрийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн шийдвэр гаргах зэрэг яллагдагчид хуулиар олгосон эрх ашгийг хязгаарласан үр дагавар бий болж байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. Мөн шүүх шүүгдэгчид прокурорын саналын хүрээнээс өөр ял оногдуулах болсон хэргийн нөхцөл байдал, үндэслэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагад нийцүүлж дүгнэж бичээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-д заасан шаардлагыг хангаагүй буюу мөн хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баярсайхан давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Прокурорын эсэргүүцлийг үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүх хэргийг тал бүрээс нь хянаж үзэх хэрэгтэй. Анхан шатны шүүх Б-ийн “Hyundai Pronter” маркийн автомашиныг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар хурааж улсын орлого болгож шийдвэрлэсэн. Гэтэл Б- Т-ийн хул азаргатай адууг мотоциклоор хөөж хашаанд авчирч хашаад зээрд зүсмийн 1 тооны гүүг барьж ажилласныхаа дараа “Hyundai Pronter” маркийн автомашинд ачиж аймагт авчирсан байдаг. Иймд гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл бол “Hyundai Pronter” маркийн автомашин бус мотоцикл тул уг мотоциклыг хураах нь зүйтэй гэж бодож байна гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Бямбасүрэнгийн эсэргүүцлээр Б-д холбогдох эрүүгийн хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

Яллагдагч Б-, түүний өмгөөлөгч Г.Баярсайхан нар нь хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар Хэнтий аймгийн Прокурорын газарт хүсэлт гаргасны дагуу хяналтын прокурор Б.Бямбасүрэн “хэргийг хялбаршуулан журмаар хянан шийдвэрлэх тухай” 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 16 дугаартай тогтоол гаргаж, яллагдагч Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, мөн зүйлийн 2.5-д заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх зэрэг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Б-ийн эзэмшлийн “Hyundai Pronter” маркийн тээврийн хэрэгслийг улсын орлого болгох, хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээг тус тус авах санал гаргасныг яллагдагч болон түүний өмгөөлөгч хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж, 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 86 дугаартай яллах дүгнэлт үйлдэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3-т заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэж Б-ийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-ийг 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б-ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан түүний эзэмшлийн “Hyundai Pronter”  маркийн тээврийн хэрэгслийг хурааж улсын төсөвт шилжүүлж шийдвэрлэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар шүүх “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх“ зэрэг нөхцөл байдлуудыг хянаж, хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана гэж хуульчилжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх прокурорын саналыг мөрдөн байцаалтын шатанд хүлээн зөвшөөрсөн атлаа шүүхийн хэлэлцүүлэгт “Б-ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх түүний “Hyundai Pronter” маркийн тээврийн хэрэгслийг улсын орлого болгох прокурорын саналыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж хүсэлтээсээ татгалзсан байхад шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн байх бөгөөд энэ талаарх үндэслэлээ тодорхой тайлбарлаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3, 3.1 дэх заалтуудын шаардлагыг хангаагүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6, 39.9 дүгээр 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 84 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

 

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй. 

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Б.ДЭНСМАА

                                ШҮҮГЧИД                                        Я.АЛТАННАВЧ

                                                                                         Б.СҮХГОМБО