Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 389

 

Б.Г-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр, нэхэмжлэгч Б.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2017/0367 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2017/0523 дугаар магадлалтай, Б.Г-ын нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2017/0367 дугаар шийдвэрээр Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4-т заасныг баримтлан Б.Г-ын гаргасан “...Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/249 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтын Б.Г-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, үлдэх нэхэмжлэлийн шаардлагыг ханган, Б.Г-ыг Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн сарын үндсэн цалинг 733.863 төгрөгөөр тооцож, ажилгүй байсан хугацааны 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх нийт 92 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговор 3.184.672 төгрөг, нэмэгдэл 636.934 төгрөг, нийт 3.821.606 төгрөг олгохоос бүтцийн өөрчлөлтөөр чөлөөлөгдсөний тэтгэмж 2.201.589 төгрөгийг хасч үлдэгдэл 1.620.017 төгрөгийг Б.Г-т олгож, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргад даалгажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2017/0523 дугаар магадлалаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 367 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “27.2.4” гэснийг хасч, 3 дахь заалтын “35100 /гучин тав нэг зуу/” гэснийг “70.200” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсэн байна.

Хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Н.Э хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

1. Хариуцагчийн давж заалдах гомдолд дурдагдсан нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/249 дүгээр тушаалыг хууль бус буюу хүчингүй болгуулах талаар маргасан бөгөөд тус шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэг “...нэхэмжлэгчийн томилоогүй эс үйлдэхүйг хууль бус гэж маргаж байх тул”-г гэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ гаргаагүй шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахгүйгээр өөрийн санаачилгаар эс үйлдэхүйг хууль бусад тооцсон нь шүүхээс хэргийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хянан шийдвэрлэх зарчим алдагдсан.

Мөн хариуцагчаас гаргасан “дүүргийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б.Г-ын ажлыг хүлээлцүүлж, нэг удаагийн тэтгэлэг олгох тухай Б/250 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг үүрэгт ажлаас чөлөөлсөн бөгөөд уг тушаал хүчин төгөлдөр үйлчилсээр байхад шүүхээс нэхэмжлэгчийг ажилд томилох шийдвэр гаргасан нь үндэслэлгүй шийдвэр болсон” давж заалдах шатны шүүхээс гомдлыг хангах боломжгүй шийдвэрийг гаргахдаа үндэслэл бүхий байх, хуульд нийцсэн байх шаардлагыг хангаагүй бөгөөд ойлгомжгүй байдлыг бий болгосон.

2. Давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн гаргасан “Анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралд хэргийн оролцогчийг шүүх хуралд оролцох эрхийг тэгш хангаагүй. Тус хурлын хэлэлцүүлгийн шатанд шүүхийн зүгээс нэхэмжлэгчийн хариуцагчаас асуух эрхийг хангасан атлаа хариуцагчийн нэхэмжлэгчээс асуух эрхийг хангаагүй буюу нэхэмжлэгч асуулт асуусны дараа шүүгчээс асуулт асууж шууд нэмэлт тайлбар байгаа эсэхийг талуудаас тодруулж хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд мэтгэлцэх зарчмыг ноцтой зөрчсөн үйлдэл болсон” гомдлыг давж заалдах шатны шүүх шийдвэрлэхдээ зөвхөн хурлын тэмдэглэлээр тогтоогдохгүй байна гэж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй.

Энэ нь давж заалдах шатны шүүхээс гомдолд дурдагдсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн асуудлыг тодруулахдаа тал бүрээс нь бодитой харж дүгнээгүй, хэргийн оролцогчдын тэгш эрхийг хангах зарчмын үүднээс гомдлыг шалгаж үзээгүй шийдвэр болсон.

Иймд хэргийн оролцогчдын тэгш эрхийг хангах, шүүхийн шийдвэр хуульд нийцсэн, үндэслэл бүхий байх зарчмыг хангуулахаар хэргийг анхан шатны шүүхэд буцааж, дахин шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийн шийдлийг хэвээр үлдээж, хууль хэрэглээний өөрчлөлт оруулан шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

Нэхэмжлэгч Б.Г нь “төрийн албанаас хууль бусаар чөлөөлөгдсөн” гэх үндэслэлээр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд томилуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаснаас үзвэл түүний нэхэмжлэлийн гол зорилго нь төрийн албанд ажиллах зөрчигдсөн эрхээ сэргээлгэхэд чиглэгдэж байна.

Энэхүү нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн маргааны үйл баримтыг дүгнэхдээ нэхэмжлэгчийн ажиллаж байсан албан тушаалын чиг үүрэг нь хэвээр хадгалагдан үлдсэн бөгөөд энэ тохиолдолд тэрээр Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т зааснаар тухайн албан тушаалд үргэлжлүүлэн ажиллах эрхтэй, гэтэл хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга нэхэмжлэгчийг албан тушаалд нь буцаан томилоогүй, энэхүү томилоогүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоосон нь зөв юм.

Учир нь, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсгийг үндэслэн шүүхээс хариуцагчид захиргааны акт гаргахыг даалгах тохиолдолд, тухайлбал нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоохын тулд хариуцагчийн хууль бус эс үйлдэхүйг зайлшгүй тогтоох учиртай.

Иймээс анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хангахдаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоосон нь үндэслэл бүхий тул “шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахгүйгээр өөрийн санаачилгаар эс үйлдэхүйг хууль бусад тооцсон нь хэргийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хянан шийдвэрлэх зарчим алдагдсан” гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй.

Мөн, хариуцагч хяналтын журмаар гаргасан гомдолдоо “дүүргийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б.Г-ын ажлыг хүлээлцүүлж, нэг удаагийн тэтгэлэг олгох тухай Б/250 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг үүрэгт ажлаас чөлөөлсөн бөгөөд уг тушаал хүчин төгөлдөр үйлчилсээр байхад шүүхээс нэхэмжлэгчийг ажилд томилох шийдвэр гаргасан нь үндэслэлгүй бөгөөд ойлгомжгүй байдлыг бий болгосон” гэх боловч Б/250 дугаар тушаал нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн эрх зүйн үр дагаваргүй, харин нэгэнт чөлөөлөгдсөн нэхэмжлэгчид нэг удаагийн тэтгэлэг олгох, улмаар ажил хүлээлцүүлэх талаар заасан, энэ нь шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангахад саад болохгүй бөгөөд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэхэмжлэгч албан тушаалдаа эгүүлэн томилогдсоноор уг актын эрх зүйн үр дагавар дуусгавар болох тул энэ талаарх гомдол үндэслэлгүй.

Түүнчлэн, “шүүхийн хэлэлцүүлгийн шатанд мэтгэлцэх зарчмыг ноцтой зөрчсөн” гэх хариуцагчийн гомдлын тухайд “мэтгэлцэх эрх”-ээ эдлэх эсэх нь хэргийн оролцогчдоос өөрсдөөс нь хамааралтай бөгөөд хэрэв уг эрх нь зөрчигдсөн гэж үзвэл шүүхээс шаардах боломжтой, гэтэл хариуцагч энэхүү эрхээ хэрэгжүүлээгүй /хэрэгжүүлсэн гэдэг нь шүүх хуралдааны тэмдэглэлээр нотлогдохгүй/, ийнхүү хэрэгжүүлээгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй. Хэрэв хариуцагч шүүх хуралдааны тэмдэглэл алдаатай, дутуу бичигдсэн, түүний улмаас эрх нь зөрчигдсөн гэж үзвэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.5 дахь хэсэгт заасны дагуу тэмдэглэлд засвар хийлгүүлэх эрхтэй, гэвч уг эрхээ мөн л хэрэгжүүлээгүй байна. Иймээс давж заалдах шатны шүүх зөвхөн хурлын тэмдэглэлийг үндэслэн мэтгэлцэх зарчим зөрчигдөөгүй гэж дүгнэсэн нь буруу гэх агуулгаар гаргасан хариуцагчийн гомдлыг хүлээн авах боломжгүй.

Дээр дурдсан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангалгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2017/0523 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                         Д.МӨНХТУЯА

ШҮҮГЧ                                                                                   Г.БАНЗРАГЧ