Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Базаррагчаагийн Наранчимэг |
Хэргийн индекс | 134/2021/00038/И |
Дугаар | 134/ШШ2021/00075 |
Огноо | 2021-05-04 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 05 сарын 04 өдөр
Дугаар 134/ШШ2021/00075
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Наранчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ................, ...................../Хуулийн этгээдийн РД:.............., утас:............../-ны гаргасан
Хариуцагч: ....................... /Хуулийн этгээдийн РД:..............., утас:............../-д холбогдох,
тусгай зөвшөөрлийн төлбөр нийт 4 232 903 төгрөг 22 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Намшир, хариуцагчийн төлөөлөгч Т.Эрдэнэбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Гэрэлтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч******* нь хариуцагч *******-д холбогдуулан тусгай зөвшөөрлийн нийт төлбөр 4 232 903 төгрөг 22 мөнгө гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч*******г төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Намшир шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:******* нь *******-ийн хүсэлтийн дагуу Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2, 25 дугаар зүйлийн 25.1.2 дахь хэсгийг тус тус үндэслэн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 3 жилийн хугацаатай харилцаа холбооны сүлжээ, дэд бүтцийн суурилуулалт, засвар үйлчилгээ /Гадна холбооны кабель шугамын угсралт, суурилуулалт, засвар, Цамхаг түүн дээрх холбооны тоног төхөөрөмж угсралт, суурилуулалт/ эрхлэх тусгай зөвшөөрөл олгож, тусгай зөвшөөрлийн гэрээг байгуулсан. 2021 оны 01 дүгээр сарын 11-ний байдлаар ******* нь 11800141 дугаартай гэрээнд зааснаар 2400000 төгрөг төлөх байснаас 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр ХХЗХ-ны 23 тоот шийдвэрээр гэрээг цуцалсны зөрүү 548,709.68 төгрөг хасагдаж, 1,881,290.32 төгрөг төлөөгүй байна. 12100287 дугаартай гэрээнд зааснаар нийт 3000000 төгрөг төлөх байснаас гэрээ цуцалсны зөрүү 348,387.10 төгрөг хасагдаж, 2,351,612.90 төгрөг, 2 гэрээний нийт төлбөр 4,232,903.22 төгрөгийг төлөөгүй байна. Төлбөр төлөх үүрэг үүссэнээс хойш жил бүр төлбөрийн нэхэмжлэхийг хаягаар нь хүргүүлж байсан. Гэрээг Харилцаа холбооны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д заасан харилцаа холбооны хууль тогтоомжийг зөрчсөн, гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-т заасан тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн гэснийг баримтлан гэрээнд заасан үүргээ удаа дараа биелүүлээгүй буюу жил бүрийн төлбөрийг төлөөгүй, хаяг байршлаа өөрчилсөн, үйл ажиллагаа явуулаагүй талаараа мэдээлэл, мэдээ тайлангаа ирүүлээгүй гэсэн үндэслэлээр 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр*******ны 23 дугаар тогтоолоор хугацаанаас нь өмнө цуцласан тул 2 гэрээний төлбөр буюу зохицуулалтын үйлчилгээний хөлс 4 232 903 төгрөг 22 мөнгийг *******-аас шаардаж байна. Тус компани тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа эсэхийг Зохицуулах хороо мэдэх боломжгүй гэв.
Хариуцагч *******-ийн төлөөлөгч Т.Эрдэнэбилэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1.Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журмын 5.7-д зааснаар өргөдөл гаргагч нь тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг, бүртгэлийн гэрчилгээ олгосон тухай шийдвэр гарснаас хойш 30 хоногийн дотор гэрээ байгуулж, эхний жилийн зохицуулалтын үйлчилгээний хөлс болон радио давтамж ашиглалтын төлбөрийг Зохицуулах хорооны дансанд шилжүүлнэ. 5.8-д энэ журмын 5.7-д заасан хугацаанд гэрээ байгуулаагүй, төлбөр төлөөгүй бол тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг, бүртгэлийн гэрчилгээг хүчингүйд тооцно. 5.9-д Зохицуулах хороо нь зохицуулалтын үйлчилгээний хөлс болон радио давтамж ашиглалтын төлбөр төлсөн баримтыг үндэслэн ажлын 5 хоногийн дотор тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг, бүртгэлийн гэрчилгээг баталгаажуулж олгоно гэжээ. Энэ заалтуудыг үндэслэн манай компани төлбөр төлөөгүй учраас тусгай зөвшөөрөл хүчингүйд тооцогдохоор байна. Учир нь манайх гэрчилгээгээ очиж аваагүй, төлбөрөө төлөөгүй учраас тусгай зөвшөөрөл журмын дагуу баталгаажаагүй. 2.Мөн журмын 11.1.1-д Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 13-д заасны дагуу дараах тохиолдолд харилцаа холбооны улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн Зохицуулах хороо тусгай зөвшөөрөл, эрхийн бичгийг 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж болно. 11.1.1-д Тусгай зөвшөөрөл, эрхийн бичгийн нөхцөл шаардлагыг удаа дараа эсвэл ноцтой зөрчсөн бол, 11.1.2-д Хагас жил тутамд ирүүлэх тайлан мэдээг удаа дараа ирүүлээгүй эсвэл үнэн зөв, бүрэн гүйцэд ирүүлээгүй нь тогтоогдсон бол, 11.1.3-д Заасан хугацаанд тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг, бүртгэлийн гэрчилгээний төлбөрөө төлөөгүй бол 11.4-т зааснаар ...тусгай зөвшөөрлийг сэргээх эсвэл хүчингүй болгох саналыг Зохицуулах хорооны хуралдаанаар, эрхийн бичиг бүртгэлийн гэрчилгээг Хорооны дарга шийдвэрлэнэ. Дээрх заалтыг үндэслэн зөвшөөрлийг түдгэлзүүлэх, цаашлаад хүчингүй болгох байсан. 3.Тусгай зөвшөөрөл олгогдсон, хүчинтэй гэж үзвэл журмын 12.1.4-д Тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг ноцтой зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй, 12.1.6-д Тусгай зөвшөөрөл авсан өдрөөс хойш нэг жилийн хугацаанд үйл ажиллагаа эхлээгүй гэсэн үндэслэлээр хүчингүй болгоогүй, журмын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллаагүй, олон жилийн төлбөр нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Тусгай зөвшөөрлийн шийдвэр гармагц би гэрээгээ хийсэн боловч гадаад руу явах болоод үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон тул төлбөрөө төлөөгүй. Тэгээд дээрх журмын дагуу зөвшөөрөл хүчингүй болчихсон гэж ойлгож байсан гэв.
Зохигчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч******* нь хариуцагч *******-д холбогдуулан тусгай зөвшөөрлийн нийт төлбөр 4 232 903 төгрөг 22 мөнгө гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч тал, гэрээ цуцлагдсан учраас төлбөр төлөх үндэслэлгүй хэмээн маргана.
Шүүх, талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан үнэлээд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч*******, хариуцагч ******* нарын хооронд 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 12100287, 11800141 дугаартай Харилцаа холбооны сүлжээ, дэд бүтцийн суурилуулалт, засвар үйлчилгээ эрхлэх Б ангиллын тусгай зөвшөөрлийн гэрээ байгуулагдсан болох нь хэрэгт авагдсан гэрээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, талуудын маргаангүй тайлбар зэргээр тогтоогдож байна.
Уг гэрээ нь Харилцаа холбооны тухай хуулийн
8.13.Зохицуулах хороо нь хуульд заасан зарим чиг үүргээ хэрэгжүүлэхдээ гэрээний үндсэн дээр бусдаар гүйцэтгүүлж болно.,
9.1.Зохицуулах хороо харилцаа холбооны талаар төрөөс баримтлах бодлогын хүрээнд дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 9.1.2-т заасан хуульд заасан тусгай зөвшөөрөл олгох, хугацааг сунгах, тусгай зөвшөөрөлд нэмэлт, өөрчлөлт оруулах, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага болон холбогдох журмыг батлах, гэрээ байгуулах, биелэлтэд хяналт тавих;,
12.1.Зохицуулах хороо Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.16.1-15.16.3-т заасан үйл ажиллагааг эрхлэх иргэн, хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгоно.
14.1.Тусгай зөвшөөрөл олгосон тохиолдолд Зохицуулах хороо тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй гэрээ байгуулна.,
Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн
7.1.Энэ хуулийн 15 дугаар зүйлд заасан тусгай зөвшөөрлийг хуульд өөрөөр заагаагүй бол төрийн захиргааны холбогдох төв байгууллага олгоно.
15.1.Энэ зүйлд заасан үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхэлнэ.
15.16.Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн чиглэлээр:
15.16.2.харилцаа холбооны үйлчилгээний сүлжээ байгуулах, түүний ашиглалт, үйлчилгээ эрхлэх гэсэн хуулийн шаардлага хангасан, хүчин төгөлдөр гэрээ байна.
Нэхэмжлэгч нь, Харилцаа холбооны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д заасан харилцаа холбооны хууль тогтоомжийг зөрчсөн, гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-т заасан тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн гэснийг баримтлан гэрээнд заасан үүргээ удаа дараа биелүүлээгүй буюу жил бүрийн төлбөрийг төлөөгүй, хаяг байршлаа өөрчилсөн, үйл ажиллагаа явуулаагүй талаараа мэдээлэл, мэдээ тайлангаа ирүүлээгүй гэсэн үндэслэлээр 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр*******ны 23 дугаар тогтоолоор гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан тул 2 гэрээний төлбөр буюу зохицуулалтын үйлчилгээний хөлсийг шаардсан гэж тайлбарласан.
Гэрээний 5.1-д зөвшөөрөл эзэмшигчийн хаяг, байршил, удирдлага, холбоо барих ажилтны мэдээлэл, хөрөнгө оруулагч, өөрчлөгдсөн бол тухайн өөрчлөлт орсноос хойш 30 хоногийн дотор Зохицуулах хороонд бичгээр мэдэгдэнэ., 5.4-т зөвшөөрөл эзэмшигч нь Зохицуулах хорооны даргын тушаалаар батлагдсан маягтын дагуу тухайн жилийн тайлангаа дараа оны 02 дугаар сарын 20-ны дотор, хагас жилийн тайлангаа тухайн оны 8 дугаар сарын 1-ний дотор тухайн хугацааны санхүүгийн тайлангийн хуулбарын хамт тус тус Зохицуулах хороонд ирүүлнэ., 6.1-д ...Зохицуулах хорооноос баталсан Тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд үзүүлэх зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээ-нд зааснаар тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг олгосон тухай шийдвэр гарсан өдрөөс хойш 30 хоногийн дотор тусгай зөвшөөрөл, эрхийн бичгийн гэрээ байгуулж, ...тоот дансанд нэхэмжлэхийн дагуу төлнө., гэж заасан.
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 40 тоот тогтоолын хавсралтаар батлагдсан Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам-ын 5.7-д өргөдөл гаргагч нь тусгай зөвшөөрөл эрхийн бичиг, бүртгэлийн гэрчилгээ олгосон тухай шийдвэр гарснаас хойш 30 хоногийн дотор гэрээ байгуулж, эхний жилийн зохицуулалтын үйлчилгээний хөлс болон радио ашиглалтын төлбөрийг Зохицуулах хорооны дансанд шилжүүлнэ.,
11.1.2-т Хагас жил тутамд ирүүлэх тайлан мэдээг удаа дараа ирүүлээгүй эсвэл үнэн зөв, бүрэн гүйцэд ирүүлээгүй нь тогтоогдсон бол, 11.1.3-т Заасан хугацаанд тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг, бүртгэлийн гэрчилгээний төлбөрөө төлөөгүй бол 11.1-д зааснаар Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 13-д заасны дагуу харилцаа холбооны улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн Зохицуулах хороо тусгай зөвшөөрөл, эрхийн бичгийг 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж болно гэж зохицуулсан.
Гэрээнд заасан тусгай зөвшөөрлөөр олгогдсон эрх хэмжээ, хамрах хүрээ, гэрээний зөвшөөрлийн нөхцөлүүдийг гэрээг цуцалсан гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын үндэслэлтэй харьцуулан дүгнэхэд хууль, журамд нийцэхгүй байна.
Учир нь, Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.3-т Хуульд заасан буюу гэрээнд зайлшгүй тусгавал зохих, түүнчлэн нэг талын хүссэний дагуу нөгөө тал нь зөвшөөрсөн нөхцөлийг гэрээний гол нөхцөл гэнэ. гэснээр талуудын хооронд байгуулагдсан тусгай зөвшөөрлийн гэрээний гол нөхцөл нь Гадна холбооны кабель шугамын угсралт, суурилуулалт, засвар, Цамхаг, түүн дээрх холбооны тоног төхөөрөмж угсралт, суурилуулалт завсар үйлчилгээ эрхлэх үйл ажиллагаа, улмаар уг үйл ажиллагааг явуулахдаа дагаж мөрдөх дүрэм журмуудын цогц гэж ойлгохоор байна.
Үүнээс үзэхэд нэг талын санаачилгаар гэрээг цуцлах үндэслэл болсон төлбөр төлөх, мэдээлэл, мэдээ тайлан ирүүлэх зэрэг зөрчлүүд нь Харилцаа холбооны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д заасан харилцаа холбооны хууль тогтоомжийг зөрчсөн, гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-т заасан тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн гэсэнд хамаарахгүй байна.
Нөгөө талаар гэрээнд заасан хугацаанд тайлан мэдээгээ ирүүлээгүй, төлбөрөө төлөөгүй тохиолдолд түдгэлзүүлэх, хүчингүй болгох үндэслэл байсаар байхад эрхээ хэрэгжүүлэлгүй хугацаа алдсанаас төлбөр нэмэгдсэн гэж үзэхээр байна.
Харин, хариуцагч талын тусгай зөвшөөрлийн гэрээ байгуулсан боловч гадагшаа сургуульд явах болоод гэрчилгээгээ очиж аваагүй, гэрээнд заасан үйл ажиллагаа явуулаагүй, нэхэмжлэгч талын гэрчилгээ нь гарсан боловч ирж аваагүй учраас хэрэгт эхээр нь хавсаргаж өгсөн гэсэн тайлбаруудаас үзэхэд Харилцаа холбооны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3-т заасан тусгай зөвшөөрөл авснаас хойш 1 жилийн хугацаанд тусгай зөвшөөрөлд заасан үйл ажиллагаа явуулж эхлээгүй гэсэн үндэслэлээр гэрээг хугацаанаас нь өмнө буюу гэрээ байгуулснаас хойш 1 жилийн дараа цуцлах үндэслэл үүсжээ.
Иймд гэрээний талуудын тэгш эрхийн үүднээс гэрээг хугацаанаас нь өмнө түдгэлзүүлэх, цуцлах үндэслэл бий болсон байхад нэхэмжлэгч******* нь зохих арга хэмжээ аваагүй явдалд хариуцагч ******* буруугүй гэж үзэж, 2 гэрээний 1 жилийн төлбөр буюу зохицуулалтын үйлчилгээний хөлс болох нийт 1 800 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгт авагдсан Харилцаа холбооны Зохицуулах хорооны 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 13 дугаар тогтоолын Гуравдугаар хавсралтаар батлагдсан Б ангилал: харилцаа холбооны үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчид үзүүлэх зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээ Хүснэгт №2, тус хорооны 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 02/1470 дугаартай Их зэст хөгжилд ХХК-д хүргүүлсэн албан бичиг, зөвшөөрлийн төлбөрийн нэхэмжлэл зэргийг үндэслэн хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Хариуцагч тал, Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам-ын 5.8-д зааснаар энэхүү журмын 5.7-д заасан хугацаанд гэрээ байгуулаагүй, төлбөр төлөөгүй бол тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг, бүртгэлийн гэрчилгээг хүчингүйд тооцно гэдгээр манайх гэрчилгээгээ очиж аваагүй, төлбөрөө төлөөгүй учраас гэрээ цуцлагдсан гэж ойлгож байна гээд нэхэмжлэлээс шаардлагаас татгалзаж байгаа нь үндэслэлгүй байна.
Учир нь, дээрх журмын 6.3-т тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг, түр эрхийн бичиг, бүртгэлийн гэрчилгээний төлбөр нь урьдчилсан төлбөрт байх ба төлбөрийг зөвшөөрлийн жилээр тооцож төлнө гэснээр нэгэнт хүчин төгөлдөр гэрээ байгуулагдаж, гэрээний үндсэн дээр төлбөр төлөх үүрэг үүссэн тул журмын 5.8-д зааснаар тусгай зөвшөөрөл 30 хоног өнгөрмөгц хүчингүй болсон гэж үзэх боломжгүй.
Өөрөөр хэлбэл, эрх бүхий байгууллагын шийдвэр гарсан боловч өргөдөл гаргагч тал гэрээгээ ч байгуулаагүй, төлбөрөө ч төлөөгүй тохиолдолд Харилцаа холбооны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-т заасан харилцаа холбооны хууль тогтоомж зөрчсөн үндэслэлээр тусгай зөвшөөрөл нь дээрх журмын дагуу хүчингүй болгох үндэслэл бүрдэх байсан.
Энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас хуульд заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг хангасан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжид 43 750 төгрөгийг гаргуулж орон нутгийн төсвийн орлогод оруулах нь зүйтэй байна.
Хавтаст хэргийн 43-48 дугаар хуудсанд авагдсан, нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн*******ны 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 23 дугаар тогтоол, түүний хавсралт, мөн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 06 тоот тогтоолын нэгдүгээр хавсралт зэрэг баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангаагүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй бөгөөд талууд уг баримтад дурдсан үйл баримтын агуулгын хүрээнд маргаангүй тул эхийг нь шаардаж аваагүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Харилцаа холбооны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3, 25 дугаар зүйлийн 25.2.10-т зааснаар хариуцагч *******-аас тусгай зөвшөөрлийн төлбөр буюу зохицуулалтын үйлчилгээний хөлс 1 800 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч*******нд олгож, нэхэмжлэлээс 2 432 903 төгрөг 22 мөнгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч *******-аас улсын тэмдэгтийн хураамжид 43 750 төгрөгийг гаргуулж орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НАРАНЧИМЭГ