Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 134/ШШ2021/00085

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Наранчимэг даргалж, шүүгч Ц.Наранчимэг, П.Цогзолмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Зангиатын гудамжинд байрлах Д............................

1991 онд төрсөн, 30 настай, эрэгтэй, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, .............. тоотод оршин суух,  Ц овогт Б-ийн М /РД:.............1, утас .................-д холбогдох байгаль орчинд учруулсан хохирол болох 46 303 240 төгрөгийг гаргуулж, улсын төсөвт оруулах т 2021 02 дугаар сарын 15-ны

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Алтай, хариуцагч *******, иргэдийн төлөөлөгч П.Ганбаяр, Г.Энхжаргал нь:

Дорнод аймгийн Прокурорын газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Дорнод аймгийн Гурванзагал сум 1 дүгээр багийн нутаг Өртөө-Уул гэх газарт 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хээрийн түймэр гарч байгаль орчин, экологид 46 303 240 төгрөгийн хохирол учирсан байна. Дээрх хээрийн түймэр нь *******ын буруутай үйлдлийн улмаас буюу гагнуурын оч үсэрсний улмаас хээрийн түймэр гарсан ба Дорнод аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Байгаль орчин, аялал жуулчлалын газраас Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д зааснаар нэхэмжлэл гаргуулахаар хүсэлт ирүүлжээ. Иргэн *******ын буруутай үйлдлийн улмаас хээрийн түймэр гарч 46 303 240 төгрөгийн хохирол учирсан нь хэрэг бүртгэлтийн 192100271 дугаартай хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх ба дээрх нөхцөл байдлын улмаас төрийн ашиг сонирхол зөрчигдөж байх тул тус аймгийн Прокурорын газраас хүсэлтийг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно, Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурорын нэхэмжлэл гаргах хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд *******оос байгаль орчинд учруулсан хохирол болох 46 303 240 төгрөгийг гаргуулж, улсын төсөвт оруулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нямдэлэг нэхэмжлэлийн шаардлагыг багасгасан тайлбартаа:*******аас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасны дагуу *******оос байгаль орчинд учруулсан хохирол болох 46 303 240 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Дорнод аймгийн Гурванзагал сум 1 дүгээр багийн нутаг Өртөө-Уул гэх газарт 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хээрийн түймэр гарч байгаль орчин, экологид 46 303 240 төгрөгийн хохирол учирсан бөгөөд дээрх хээрийн түймэр нь *******ын буруутай үйлдлийн улмаас буюу гагнуурын оч үсэрсний улмаас хээрийн түймэр гарсан болох нь нэхэмжлэлд хавсаргасан хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хуулбар, ой хээрийн түймрийн улмаас учирсан хохирлын акт, гал түймрийн улсын хяналтын байцаагчийн гал түймэр гарсан тухай акт, иргэний нэхэмжлэгч, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтийн хуулбар, илтгэх хуудас, хохирогч Д.Энхтайваны өгсөн мэдүүлэг, прокурорын тогтоолын хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна. Тухайн гал түймэр гарсан Дорнод аймгийн Гурванзагал сумын Рашаант багийн Өртөө-Уул, Чойбалсан сумын Хөх нуур багийн Чингис балл гэх газар 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр гарсан гал түймрийн хиймэл дагуулын мэдээний зурагт газрын байршил тодорхой харагдана. Энэ нь Дорнод аймгийн газрын үнэлгээний тойрогт заасны дагуу Хэрлэн голын хойд Хөх нуур орчмын тойрогт хамаарч байх ба гал түймрийн улмаас байгаль орчинд учирсан хохирлын үнэлгээг тогтоохдоо Монгол Улсын Засгийн газрын Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл, /бүс/ суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай 2018 оны тогтоолын 2 дугаар хавсралтад заасны дагуу нэг га газрын суурь үнэлгээ 6142 төгрөг байх ба Монгол Улсын Засгийн газрын Журам, жагсаалт шинэчлэн болон шинээр батлах тухай 2013 оны 106 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 4.7 дугаар зүйл Түймэрт нэрвэгдсэн бэлчээрийн хохирлыг намрын улиралд хөдөө аж ахуйн газрын үнэлгээний тойрог бүрийн гектарын суурь үнэлгээ 0,03, хаврын улиралд 0,01 итгэлцүүрээр үржүүлж тооцно гэж заасны дагуу тооцож хохирлын хэмжээг тогтоосон байх ба дээрх хохирлын акт нь хууль тогтоомж, журамд нийцсэн хууль зүйн үндэслэлтэй байна. Тус хээрийн түймрийн улмаас Дорнод аймгийн Гурванзагал сумын Рашаант багийн Өртөө-Уул гэх газарт 4211 га газар, Дорнод аймгийн Чойбалсан сумын Хөх нуур багийн Чингис балл гэх газар 2009 га газар шатсан бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 182, 106 дугаартай тогтоолуудаар хохирлын хэмжээг тооцож үзэхэд 4211 га газрын хохирлын үнэлгээ 25 863 962 төгрөг, 2009 га газрын үнэлгээ 12 339 278 төгрөгний шууд хохирол буюу байгаль орчин, экологид хохирол учруулсан байна. ...Иймд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 38 203 240 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгч*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Алтай шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* нь 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Дорнод аймгийн Баянтүмэн сумын Чингисийн далан өртөөнд цахилгаан шугам татах зорилгоор гагнуурын ажил хийж байгаад оч үсэрч гал алдсан. Галын улмаас Дорнод аймгийн Гурванзагал сумын Рашаант багийн нутаг Өртөө-Уул гэх газар 4211 га газар, Дорнод аймгийн Чойбалсан сумын Хөх нуур багийн Чингисийн балл өртөө гэх газар 2009 га газар шатсан. Үүнтэй холбоотой*******аас нэхэмжлэл гаргаж дараа нь нэхэмжлэлийн шаардлага багасгах тухай тайлбар гаргасан. Тиймээс сүүлд явуулсан тайлбарын тоо хэмжээгээр хохирол нэхэмжилж оролцоно. Нийт байгаль экологид учирсан шууд хохирлын хэмжээ 38 203 240 төгрөг. Байгууллагыг яагаад хариуцагчаар татаагүй вэ гэхээр тухайн үед галын аюулгүй ажиллагааг хэрхэн хангасан гэдгийг мөрдөн шалгах ажиллагаагаар тодруулсан. Тэгэхэд ******* нь гагнуурын ажлыг гардан хийж байсан ба гагнуур хийхдээ байгууллагатай хийсэн хөдөлмөрийн гэрээ байдаг. Уг гэрээнд гагнуурчин өөрөө хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангаж ажиллах талаар тусгагдсан байсан. Тиймээс *******ыг хариуцагчаар татах нь хууль зүйн үндэслэлтэй. Түймэр гарахад нөлөөлсөн шууд шалтгаант холбоо нь тухайн этгээдийн гэм буруутай үйлдэлтэй холбоотой, Галын аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн үйлдэл байсан. Хэрэв энэ хохирол нь 50 сая төгрөгөөс дээш болсон бол *******д холбогдох хэрэг нь эрүүгийн гэмт хэрэг болох байсан. Эрүүгийн хэрэгт Монгол Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар Төмөр Зам нийгэмлэгийг төлөөлж Эрчим хүч, ус хангамжийн 2 дугаар анги, нөгөө талаас ******* нар гэсэн хөдөлмөрийн гэрээ байдаг. Эрчим хүчний шугам татахтай холбоотой байгууллагын ажил хийж байсан боловч гагнуур хийж байгаа хувь хүний хувьд галын аюулгүй байдлаа хангах ёстой байсан гэж үзэж байна. Тухайлбал ******* гэдэг хүн энэ компанид ажилладаг ч бай, ажилладаггүй ч бай, гагнуур хийх эрхтэй, эрхгүйгээс үл хамаараад түүний гагнуур хийсэн ажилтай шууд шалтгаант холбоотойгоор гал гарсан гэж үзсэн учраас нэхэмжлэл гаргасан. Үүнээс цаашаа ******* нь өөрөө байгууллага төлнө гэвэл компанитай холбоотой баримтуудаа бүрдүүлээд дахин нэхэмжлэл гаргах боломж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс УБТЗ-ын ЭХУХ-ийн 2 дугаар ангийн даргын тушаалтай Чойр дэд станцын ашиглалтын инженерийн удирдлага дор Дорнод аймгийн Баянтүмэн тасгийн харъяа Чингисийн далан өртөөний 22 км-т 225 ширхэг шон босгож, 10 киловольтын цахилгаан дамжуулах агаарын шугамыг угсрах ажлыг гүйцэтгэх бригадын бүрэлдэхүүнд орж ажилласан. Томилогдсон ажлын бэлтгэл бүрэн хангагдсан байсан тул хийцүүдийг угсарч шон босгож байтал бидний авч ирсэн зөөврийн цахилгаан үүсгүүр эвдэрч ажил зогссон. Цахилгаан гагнуур ажиллуулах өөр цахилгаан үүсгүүр хайсан боловч олдохгүй байснаас ажил зогссон. Мөн цагаан сар болох гэж байсан тул гагнуурын ажлыг орхин угсралтын ажлыг хийж дуусган бригад бүрэн бүрэлдэхүүнээрээ буусан. 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Чойр дэд станцын ашиглалтын инженер ярьж Дорнодын ажлыг хийж дуусгах шаардлагатай байна, техникийн комисс ажилласан шон газардуулга байхгүй байна, ажлыг дуусга гэсэн. Цахилгаан үүсгүүр бэлэн болсон, маргааш өглөө Сайншандаас машин ирнэ, шон дээр ажиллах гагнуурчин хэрэгтэй, чамайг авч явна гэсэн тул жолооч Н.Насантогтох, Чойр дэд станцын ашиглалтын инженер С.Алтансүх, монтёр Т.Зоригтбаатар, слесарь, гагнуурчин Ё.Эрдэнэбаатар, Б.Эрдэнэсүрэн, миний бие гээд 6 хүний бүрэлдэхүүнтэй УАЗ фирмер автомашинтай явсан. Түймэр гардаг өдөр инженер С.Алтансүх Өнөөдөр хийж дуусгана, цаг агаар маргаашнаас шуурна гэж байна гэсэн тул бид өглөө эрт ажилд гарахад цаг агаар сайхан тогтуун, цэлмэг нартай байсан. Би №127 шон дээр гагнуур хийж бусад нь цахилгаан молодокоор шон тус бүрт 1,8 метр урт 4 ширхэг газардуулгын гадас зоох, газар шон хооронд цацраг хэлбэрийн 4х4 метр 16 метр шуудуу ухах, катанга тэгшилж дараагийн шонгийн бэлтгэл хангах зэрэг өөр өөрийн хуваарьт ажлуудаа хийж байсан. Шонд машин тулгаж тавьсан байсан бөгөөд гэнэт машины цаана гал гарахад би гал гарлаа гэж тэдэнд хэлэхэд бүгд цуглан бидэнд 3, 4 гөвүүр байсан ба галыг унтраах гэсэн боловч тэрхэн хугацаанд хуй салхи гарч ойр хавь бүрэн шатаж эхэлсэн говийн хүмүүс хээрийн түймэрт хэрхэн ажиллах талаар ямарч ойлголт байгаагүйгээс галыг унтрааж дийлэхгүй болсон. Дулаахан өдөр байсан тул гадуур хувцсаа тайлж газар тавьсан, хувцас бүрэн шатсан бөгөөд ажлын багажаа машинд хийж галаас холдож хамгийн ойр овооны оройд гарч утсаар Чингис өртөөний жижүүр, Баянтүмэн тасгийн орлогч дарга УБТЗ-ын Эв төвийн даргад утсаар гал алдсан тухай мэдэгдэж яаралтай тусламж хүссэн. Ойр байсан хадлангийн бригадад очиж гал алдсан тухайгаа хэлж өвсөө хамгаалаарай гээд яаж ажиллах талаар тусламж хүссэн. Тэд том дизель машинд хүнд зүйл чирээд зогоон татдаг гэхэд нь тракторт нь түлш хийж өгнө гээд ажилд гаргасан. Гал унтарсны дараа түлш хийж өгсөн. Бензин машин галд ойр байж болохгүй осолтой шүү гэж хэлсэн. Дорнодын Онцгой байдлын машин ирэх замдаа дугуй нь хагараад гээд гал цурманд оруулсан хойно ирсэн. Бидэнд үлээгч байгаагүй тул өөрт байсан 200 л бензинийг тэнд ажиллаж байсан орон нутгийн хүмүүст 3-5 литрээр тарааж өгсөн. Би байгууллагын удирдлагаас өгсөн үүрэгт ажил 12 метрийн өндөрт төмөр бетон шон дээр гагнуур гүйцэтгэж байсан. Галын аюулгүй байдал хангаж ажиллаагүй нь бидний буруу. Төлбөр барагдуулах талаар, миний бие энэ нэхэмжилж байгаа мөнгийг төлөх боломжгүй. Би эхнэр, 1-6 насны 3 хүүхдийн хамт амьдардаг. Банкинд цалингийн зээлтэй, ганцаараа ажил хийдэг. Манай хариуцсан инженер Дорнод ОБ, Гурванзагал сум, Чойбалсан сумуудын гарсан шууд зардлуудыг төлж барагдуулсан. Байгууллагаас Гурванзагал сум, Чойбалсан сумын ЗДТГ-ын холбогдох ажилтнуудтай УБТЗ-ын удирдлагууд уулзалт хийж хохирлын нөхөн төлбөрт ажил хийж өгөхөөр гэрээ байгуулахаар харилцан тохирсон талаар хэлсэн. Ковид өвчлөлтэй холбоотой Дорнодоос ажил гүйцэтгэх гэрээ ирээгүй байна. Ирсэн даруй хүргэж ирнэ. Байгууллагын энэ санаанд тулгуурлан ажилд нь идэвхитэй оролцож чанартай хийх саналтай байна. Энэ цар тахлын өвчлөлтэй холбоотой ажил зогссон байх, 2020 онд мөн энэ нутагт 2 зөрлөг цахилгаанжуулах ажил хийгдэхээр байна. Нэхэмжилж байгаа мөнгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би гагнуурын ажил хийж байгаад оч алдсан. Тэр өглөө би зааварчилгаа авсан. Тэнд хамт байсан хүмүүс гал алдвал унтраах ёстой байсан. Сүүлд 127 дугаар тулгуур дээр гагнуур хийж байгаад тэндээс оч үсрээд доор гал гарсан. Тэгээд намайг шонгоос буух хооронд гал газар авсан байсан. Энэ тухай хариу тайлбартаа тодорхой бичсэн. Надаас нэхэмжилсэн 38 сая төгрөгийг би төлж барагдуулж чадахгүй. Авдаг цалин амьдралд хаа ч хүрдэггүй, эхнэр ажил хийдэггүй. Би одоо 3 хүүхэдтэй. Мөн би байгууллагын ажил хийж байгаад гал алдсан, байгууллагаас яагаад нэхэмжилж болдоггүй юм бэ гэж гайхаж байна. Тухайн үед гагнуурыг би хийсэн байж болох ч доор галыг унтраах үүрэгтэй хүмүүс байсан. Би ганцаараа энэ төлбөрийг төлнө гэдэг хэцүү. Би тухайн үед Улаанбаатар төмөр замын Эрчим хүч, ус хангамжийн 2 дугаар ангийн Чойрын хэсэгт монтёр, слесариар ажиллаж байсан. Гагнуур хийх хүн байхгүй гээд ажиллах болсон. Би өөрөө цахилгаан сантехникч, гагнуурчин мэргэжилтэй. Тэгээд гагнуур хийж чадах уу? гэхээр нь надаас өөр хүн байхгүй, шаардлагатай болохоор нь л явсан. Тэр үед яг доор нь байсан өвснүүдийг цэвэрлээд гагнуур хийж байсан. Тухайн үед Гурванзагал сумын шатсан талбай нь хадлангийн газар буюу өвсгүй газар байсан. Тэгээд хаврын шинэ ногоо гарах үед биш хаврын хуурай үеийн өвс шатсаны төлөө ийм их хэмжээний төлбөр над дээр гаргасан нь хэцүү байна. Би буруутай гэдгээ хүлээхгүй биш байгууллагын ажил хийж байгаад ийм их хэмжээний төлбөр төлнө гэдэг харамсалтай байна гэв.

Иргэдийн төлөөлөгч П.Ганбаяр шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Хэргийн материалыг уншиж танилцсан. Хэргийн талаар бодит байдал дээр юу болсон юм, байгууллага давхар хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байна. 10 метр өндөрт гагнуур хийх шаардлага байсан юм уу? Аюулгүй ажиллагааны дүрмийг аль аль нь зөрчсөн юм биш үү? Нэхэмжлэгч тал төлөх ёстой гэсэн хуулийн заалт л уншаад байна. Иймд хэргийн материал хангалтгүй, хариуцагч нь өмгөөлөгч авах шаардлагатай, хамтран хариуцах үүрэгтэй буюу байгууллага хариуцлага хүлээх үүрэгтэй гэсэн хуулийн заалтыг биелүүлэх ёстой гэж үзэж байна гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Дорнод аймгийн Прокурорын газар нь хариуцагч *******оос байгаль орчинд учруулсан хохирол болох 46 303 240 төгрөгийг гаргуулж, улсын төсөвт оруулах т нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 38 203 240 төгрөг болгон багасгажээ.

Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг ...Авдаг цалин амьдралд хаа ч хүрдэггүй учраас би төлөх боломжгүй. Мөн би байгууллагын ажил хийж байгаад гал алдсан, тухайн үед гагнуурыг би хийсэн байж болох ч шонгийн доор галыг унтраах үүрэгтэй хүмүүс байсан гэсэн үндэслэлээр хүлээн зөвшөөрөөгүй.

Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д зааснаар Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачлагаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно., 20.3-д зааснаар Прокурор иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо 25, 26 дугаар зүйлд заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэснээр прокурор төрийн ашиг сонирхол буюу төрийн газар өмчлөх эрх зөрчигдсөн үндэслэлээр Дорнод аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын хүсэлтээр шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй гэж үзэж, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан болно.

Шүүх, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг талуудын тайлбарлаж буй үйл баримтуудтай тал бүрээс харьцуулан үзээд үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үндэслэл нь:

УБТЗамын Эрчим хүч, ус хангамжийн 2 дугаар ангийн Чойр хэсгийн ажилчид /монтёр слесарь *******, инженер С.Алтансүх нарын 6 хүн/ 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Дорнод аймгийн Гурванзагал сумын Өртөө-Уул гэх газарт цахилгааны агаарын шугам татах албан үүргээ гүйцэтгэж байхдаа буюу цахилгааны 127 дугаар тулгуур баганад газардуулгын төмөр гагнах үед гагнуурын оч үсэрсний улмаас Дорнод аймгийн Гурванзагал сумын Рашаант багийн нутаг Өртөө-Уул гэх газрын 4211 га, Дорнод аймгийн Чойбалсан сумын Хөхнуур багийн нутаг Чингис балл өртөө гэх газрын 2009 га тус тус бэлчээрийн газар шатсан хээрийн түймэр гарсан үйл баримт хэрэгт авагдсан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд цугларсан Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Ой, хээрийн түймрээс учирсан хохирлын актууд, Түймрийн зураглал, жижүүр Ц.Түмэнжаргалын тэмдэглэл, Дорнод аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 046/06 дугаартай Гал түймэр гарсан тухай акт, гэрч Н.Наран-Эрдэнэ, Д.Энхтайван, Т.Зоригтбаатар, *******, С.Алтансүх нарын мэдүүлэг, Гал түймрийн улсын хяналтын байцаагч, хошууч Х.Амарсайханы 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 046/16 дугаартай шинжээчийн дүгнэлт, Дорнод аймгийн Гурванзагал сумын Рашаант багийн нутаг дэвсгэрт гарсан тал хээрийн түймэрт ажилласан ажлын илтгэх хуудас,*******ын 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 4/324 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоол, Дорнод аймгийн Чойбалсан, Гурванзагал сумдын Засаг даргын тамгын газар болон Онцгой байдлын газраас *******, С.Алтансүх нараас түймрийн хохирол, шатахуун нэхэмжилсэн нэхэмжлэхүүд, *******оос түймрийн хохирол, түймрийн шатахууны үнэ, шилжүүлэгч С.Алтансүх гэсэн ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримтууд, зохигч талуудын маргаангүй тайлбар зэргээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Алтай шүүх хуралдаанд, *******ыг хариуцагчаар татсан үндэслэлээ ...******* нь гагнуурын ажлыг гардан хийж байсан, байгууллагатай хийсэн хөдөлмөрийн гэрээ нь эрүүгийн хэрэгт байна. Энэ гэрээнд аюулгүй ажиллагаагаа ******* өөрөө хариуцна гэснээр нэхэмжилсэн гэж тайлбарласан.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ., 498.5-д Энэ хуулийн 498.1 ...-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй гэж заасан.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь, ямар хуулийн зохицуулалтыг үндэслэн Байгаль орчинд учирсан гэм хорын хохирлыг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байгаа тухайгаа тайлбарлаж чадаагүй.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн зохицуулалт нь гэм хорын хариуцлага хүлээлгэх үндсэн хэм хэмжээ бөгөөд ямар тохиолдолд, хэн хариуцлага хүлээх вэ гэдгийг Иргэний хуулийн 498-513 дугаар зүйлд нарийвчлан зохицуулсан.

Учир нь гэм хорын хариуцлага хүлээлгэх үндэслэлд гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, хохирол, үйлдэл ба хохирлын хоорондын шалтгаант холбоо, гэм хор учруулагчийн гэм буруу зэрэг хамаарна.

Иймээс, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх заалт нь ажил олгогчийн гэм бурууг шууд тогтоож байгаагаараа онцлог зохицуулалт.

Ажиллагсад гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т заасан ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа иргэнийг, Ажил олгогч гэж мөн зүйлийн 3.1.1-т заасан хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилтан авч ажиллуулж байгаа этгээдийг хэлэх бөгөөд Хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явц гэдэг нь ажил олгогчийн заавар, журмын дагуу ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэж байгаа үйл ажиллагааг ойлгодог.

Ажилтны учруулсан гэм хорыг арилгах үүргийг ажил олгогчид хуулиар тусгайлан ногдуулсан нь ажил олгогч ажилтныхаа хөдөлмөрлөх явцыг холбогдох хууль тогтоомж, заавар журмын үндсэн дээр хянах үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэм буруутай гэж үзэж байгаатай холбоотой юм.

Улмаар гэм буруутай этгээдийн өмнөөс аж ахуйн нэгж байгууллага гэм хорын хохирлыг хариуцан арилгасан бол өөрт учирсан хохирлыг шаардан гаргуулах эрхтэй гэж хууль тогтоосон.

Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр сонгогдон оролцсон иргэн П.Ганбаяр нь ...хэргийн материал хангалтгүй, хариуцагч нь өмгөөлөгч авах шаардлагатай, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрмийг аль аль нь зөрчсөн учраас байгууллага хамтран хариуцлага хүлээх үүрэгтэй гэсэн агуулгаар дүгнэлтээ гаргасан.

Хэргийн материал хангалтгүй буюу хариуцагч ******* нь хөдөлмөрийн гэрээний дагуу ажил үүргээ гүйцэтгэх явцад гэм хор учирсан талууд аль аль нь тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч талаас, эрүүгийн хэрэгт хөдөлмөрийн гэрээ байгаа гэж тайлбарлаж байгаа боловч иргэний хэрэгт нотлох баримтаар гаргаж өгөөгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар талууд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

Энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хариуцагч *******ын хөдөлмөрийн харилцаатай холбоотой гэрээ зайлшгүй шаардлагатай боловч хариуцагч ******* нь, тухайн үед УБТЗамын Эрчим хүч, ус хангамжийн 2 дугаар ангийн Чойр хэсэгт монтёр, слесарийн албан тушаалд хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж байсан, улмаар Дорнод аймгийн Гурванзагал сумын нутагт томилолтоор үүрэг гүйцэтгэж байсан, одоог хүртэл ажиллаж байгаа болох нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд энэ талаар хэн аль нь нотлох баримтуудыг гаргуулахаар шүүхэд хүсэлт гаргаагүй, талууд маргаангүй тул хэрэгт авагдсан баримтуудыг зохигчийн тайлбартай харьцуулан дүгнээд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

Мөн шүүхээс, хариуцагч *******д хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч оролцуулах эрхтэй талаар иргэний хэрэг үүсгэсэн үеэс эхлэн удаа дараа тайлбарлаж, сануулсан боловч өмгөөлөгч аваагүй. Өмгөөлөгч авах нь хэргийн оролцогчийн Үндсэн хуулиар олгогдсон эрх бөгөөд эрхээ эдлэх эсэх нь тухайн оролцогчийн эрхийн асуудал байдаг.

Түүнчлэн, байгууллага хамтран үүрэг хүлээхийн хувьд гэм хорын хариуцлагыг хэн, хэрхэн хариуцах талаар шүүх хуулийн хүрээнд дээрх байдлаар дүгнэлт хийсэн.

Иймд дээрх үндэслэлүүдээр*******ын, хариуцагч *******оос байгаль орчинд учруулсан хохирол болох 38 203 240 төгрөгийг гаргуулж, улсын төсөвт оруулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас хуульд заасан прокурор төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн иргэний болон бусад хэрэг маргааныг хянан шийдвэрлүүлэхээр гаргасан нэхэмжлэл гэсэн үндэслэлээр чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д зааснаар хариуцагч *******оос байгаль орчинд учруулсан хохирол болох 38 203 240 төгрөгийг гаргуулж, улсын төсөвт оруулах тухай*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-т заасан үндэслэлээр энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.

  4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НАРАНЧИМЭГ

ШҮҮГЧИД П.ЦОГЗОЛМАА

Ц.НАРАНЧИМЭГ