Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Базаррагчаагийн Наранчимэг |
Хэргийн индекс | 134/2021/00044/И |
Дугаар | 134/ШШ2021/00095 |
Огноо | 2021-06-15 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 134/ШШ2021/00095
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Наранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: 1975 онд төрсөн, 46 настай, эмэгтэй, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 5 дугаар цэцэрлэгт багш ажилтай, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, М овогт А-гийн С /РД:.............., утас:.............../-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: 1968 онд төрсөн, 53 настай, эрэгтэй, Багахангай дүүргийн техник үйлчилгээний газарт сахиул ажилтай, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг Эко сүмбэр 6 дугаар байрны 05 тоотод оршин суух, С овогт Д-н З /РД................, утас:............../-д холбогдох
гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагч*******, нарийн бичгийн дарга Б.Хантөгс нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч*******д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ******* нь*******тай 1999 оны 05 дугаар сарын 03-нд гэр бүл болж, 22 жил амьдарч байна. Охин З.Уянга 1999-04-09-нд, хүү З.Бат-Эрдэнэ 2003-05-16, хүү З.Эрдэнэбат 2009-12-28-нд төрсөн. Одоогийн байдлаар ам бүл 7, охин З.Уянгаагийн хоёр охины хамт амьдарч байна. Нөхөр******* нь 2006 оноос хойш Баганхангай дүүргийн Техник үйлчилгээний газарт сахиулаар ажиллаж байгаа. Хааяа нэг амралтын өдрүүдээр ирж, очин байдаг. Сүүлийн үед гэр орон, үр хүүхдээ тоохгүй, санаа зовдоггүй, өөрөө өөрийгөө, амиа боддог болсон. Цалингаасаа мөнгөн тусламж үзүүлдэггүй, олсон мөнгөөрөө архи уудаг, нөхөр нэртэй л болохоос би өрх толгойлсон эмэгтэй шиг байдаг болсон. Эцэг хүний үүрэг хариуцлагыг мэддэггүй, оюутны сургалтын төлбөр, хоол унд гээд ер нь би бүхий л зүйлийг өөрөө хийдэг. Энэ хүн бол намайг л хийх ёстой гэсэн юм шиг байдаг. Мөнгө төгрөгөндөө гол нь биш, хамгийн чухал нь үр хүүхдээ гэсэн сэтгэлтэй байх хэрэгтэй. Өөрчлөгдөх болов уу гэж зөндөө харсан, өөрчлөгдөөгүй. Иймд би эвлэрэх хүсэлгүй тул бидний гэрлэлтийг цуцлаж, хүү З.Эрдэнэбатад тэтгэлэг тогтоож өгнө үү. ...Түрүүчийн шүүх хуралдаанаас хойш 2 сарын хугацаанд энэ хүн ямар ч холбоогүй байсан. Тиймээс би гэрлэлтээ цуцлуулмаар байна. Эд хөрөнгийн маргаан байхгүй. Хүү З.Эрдэнэбатыг би өөр дээрээ байлгана гэв.
Хариуцагч******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Багахангайд ажилладаг. Надад агсам согтуу тавьдаг асуудал байхгүй. Би мөнгө төгрөг өгдөггүй биш өгдөг. Миний цалин, хэрэглээ ямар билээ бас бодох хэрэгтэй. Би өөрөө бас тэндээ өмсөж зүүнэ, иднэ ууна. Энэ хүн болохоор хүүхдийн тэтгэлэг л тогтоолгох бодолтой байх шиг байна. Тэнд ажиллаад 15 жил болж байна. Энд ажил олддоггүй. Хааяа Говьсүмбэр аймагт гэртээ хагас, бүтэн сайнаар ирдэг. Энэ хүнээс салъя гэсэн бодол надад байхгүй. ...Надад одоо хэлэх зүйл байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Намайг утсаар ярихад ярьдаггүй. Би архи уудаг яахаа алдсан хүн биш, надад бол үнэхээр салъя гэсэн бодол байдаггүй. Энэ хүн л байнга салъя гээд байдаг, тийм болохоор энэ хүний шийдвэрээр болъё гэж бодож байна. Хоёр том хүүхэд маань хааяа над дээр ирж очин явдаг. Бага хүү бол анхнаасаа ээжтэйгээ хамт байгаад сурсан, ээжээсээ салдаггүй. Тийм болохоор хүүхдийн асрамжийн маргаан байхгүй. Хүүхдийн тэтгэлэг төлнө. Эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч*******д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь талуудын тайлбартай харьцуулан үнэлээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв. Үндэслэл нь:
Нэхэмжлэгч *******, хариуцагч******* нар нь 1999 оны 05 дугаар сарын 03-ны гэр бүл болж, тэдний дундаас 1999 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр охин З.Уянга, 2003 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүү З.Бат-Эрдэнэ, 2009 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүү З.Эрдэнэбат нар төрсөн болох нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 130 дугаартай оршин суудаг тухай албан бичиг, хүү З.Эрдэнэбат эрүүл бойжиж байгаа тухай Энхтусдэм Өрхийн эрүүл мэндийн төвийн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн тодорхойлолт, Гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээ, хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхийн хуулбар, зохигчдын шүүхэд гаргасан тайлбар зэргээр тус тус тогтоогдож байна.
Талуудын хооронд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдсан хэдий ч ...******* нь дахин эвлэрэх боломжгүй,******* нь гэрлэлтээ цуцлуулах хүсэлгүй гэсэн боловч талууд эвлэрэх талаар идэвхи санаачилга гаргахгүй байсаар хуулийн хугацаа дууссан гэсэн үндэслэлээр 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 20 дугаар Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болгосон тэмдэглэл үйлдэгджээ.
Шүүхээс Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасан гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд, хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсвэл учирсан зэрэг нөхцөл байдал тэдний гэр бүлийн харилцаанд үүссэн болох нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна гэж үзэж, 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанаас Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээг хоёр сарын хугацаагаар авахаар эвлэрүүлэн зуучлагчид даалгасан.
Гэвч ...хорио цээртэй холбоотойгоор талууд эвлэрүүлэн зуучлах уулзалтанд хүрэлцэн ирэхгүй байсаар хуулийн хугацаа дууссан гэсэн үндэслэлээр эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон тэмдэглэлийг эвлэрүүлэн зуучлагч ирүүлсэн байна.
Иймд, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасан гэрлэгчид эвлэрэх боломжгүй бол шүүхийн шийдвэрт заасан хугацаа дуусмагц шүүх гэрлэлтийг цуцална гэсэн үндэслэлээр тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна.
Өөрөөр хэлбэл Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т зааснаар гэрлэлт гэдэг нь хуулиар тогтоосон насанд хүрсэн, эрэгтэй, эмэгтэй хоёр, сайн дурын, чөлөөтэй, тэгш эрхийн үндсэн дээр гэр бүл болох зорилгоор хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэхийг хэлдэг.
Үүнээс үзэхэд гэрлэлт бол хоёр талын хүсэл сонирхол бөгөөд хэргийн оролцогч талуудын хувьд шүүхээс гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээг хуульд заасан журмын дагуу авсан боловч талууд эвлэрч хамт амьдрах талаар хэн аль нь идэвхи санаачлага гаргаагүй шүүгчийн захирамжид заасан хугацаа дууссан учраас шүүх хэн нэг нь хүсээгүй байхад хүчээр хамтад нь амьдруулах боломжгүй юм.
Охин З.Уянга, хүү З.Бат-Эрдэнэ нарын хувьд 18 насанд хүрсэн учир асрамжийн талаар шүүх шийдвэрлэхгүй, харин хүү З.Эрдэнэбат нь насанд хүрээгүй учир асрамжийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай бөгөөд талууд энэ талаар маргаагүй, эх *******ийн асрамжинд үлдээхээр харилцан тохиролцсон тул эхийнх нь асрамжид үлдээж шийдвэрлэлээ.
Хэдийгээр шүүхээс насанд хүрээгүй хүүхдийг эхийн асрамжинд үлдээж шийдвэрлэсэн боловч Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.6-д зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах болон эцэг, эхийн бусад эрх, үүрэг нь гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд хэвээр үлдэх тул эрхээ эдэлж, үүргээ биелүүлэхэд хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эх хэн хэндээ саад учруулахгүй байх үүрэгтэй.
Мөн Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т зааснаар зохигчид харилцан тохиролцож гэрээ байгуулахгүйгээр шүүхээр хүүхдийн тэтгэлэг тогтоолгоно гэж тайлбарласныг үндэслэн мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар хүүхдийн насны байдлыг харгалзан, амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр /2021 онд тухайн бүс нутагт тогтоогдсон хэмжээ 207 400 төгрөг/ эцэг*******гаар хүү З.Эрдэнэбатыг сар бүр тэжээн тэтгүүлэх нь хуульд нийцнэ.
Тодруулбал Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т зааснаар хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ. Улмаар мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар ...эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ хуульд заасны дагуу тэжээн тэтгэх үүрэгтэй.
Зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэснийг шүүхийн шийдвэрт дурдлаа.
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 124 971 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч*******гаас гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлага болон нэг жилд төлөх хүүхдийн тэтгэлгээс улсын тэмдэгтийн хураамжийг тооцон 124 971 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.5, 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т зааснаар Мөнхтойн овогт Адъяагийн Сарангэрэл, Сартуул овогт Далантайн Зүүнбаян нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар хүү З.Эрдэнэбатыг эх *******ийн асрамжид үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1,38.3, 40 дүгээр зүйлийн, 40.1.2-т зааснаар 2009 оны 12 дугаар сарын 28-ны өдөр төрсөн хүү З.Эрдэнэбатыг 16 нас хүртэл, суралцаж байгаа бол 18 нас хүртэл, түүнчлэн насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг*******гаар сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
4.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээг түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтрүүлж болохгүйг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд мэдэгдсүгэй.
5.Зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурьдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 124 971 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч*******гаас улсын тэмдэгтийн хураамжид 124 971 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
7.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг мэдэгдэж, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх *******д даалгасугай.
8.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шүүхийн шийдвэрийн хувийг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах П.Рэнцэндоржид даалгасугай.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.
10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НАРАНЧИМЭГ