Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 2024/ШЦТ/08

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Б.Өлзийхишиг даргалж,

Улсын яллагч Б.Чулуунхүү,

Шүүгдэгч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Золбоо нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******од холбогдох эрүүгийн  дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, өдөр  төрсөн,  настай, эрэгтэй, боловсролтой, буудагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4 эхнэр хүүхдүүдийн хамт Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо Хайрханы 1 дүгээр гудамж 13 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, сүүлийн 3 жил эцэг, эхийн хамт оршин суух.  регистрийн дугаартай, Ч овогт Г.Б.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 21 цагийн орчим архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Завхан аймгийн Их-Уул сумын Баян-Ухаа багийн нутаг дэвсгэр “Наадмын талбай” гэх газарт хохирогч ******* “чи хамт архи ууж байгаа хүнээ ингэлээ” гэж хэлснээр шалтаглан маргалдаж хохирогч Д.Дэлгэрбатын эрүүл мэндэд баруун дээд 1-р шүдний сулрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч *******ын холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт хамаарч байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох тухайд:

 

1.1. Шүүгдэгч ******* нь 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 21 цагийн орчим архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Завхан аймгийн Их-Уул сумын Баян-Ухаа багийн нутаг дэвсгэр “Наадмын талбай” гэх газарт хохирогч Д.Дэлгэрбаттай маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт цохиж баруун дээд 1-р шүдэнд гэмтэл учруулсан гэмт хэргийн үйл баримт нь:

Хохирогч Д.Дэлгэрбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр буюу сумын 100 жилийн сүүлийн ойн баярын өдөр цэргийн алба хамт хаасан Батболд, ******* гэгчтэй таараад уулзалдаагүй олон жил болсных гээд Идэр голын зах орж Батболдын хамт Хараа нэртэй 0.75 литрийн 2 шил архи уусан тэгээд голын захаас наадмын талбай руу очоод талбайн урд талын 00 хажууд онжав болох Батболдтой зодоон цохион хийгээд байж байтал цагдаа ирсэн. Цагдаа ирэх үед Батболд гэгч зугтаад яваад өгсөн байсан. Тэгээд тухайн газраас манай ах Энхболд гэгчид намайг хүлээлгэж өгөөд би ахаар гэртээ хүргүүлж харьсан өөр зүйл болоогүй...Би Батболд гэх хүнтэй 2003-2004 онд хүндэт харуулын 032 дугаар ангид хамт цэргийн алба хаасан онжавууд мөн энэ хүн манай сумын Зарт багийн уугуул иргэн. ******* бол манай үеийн нэг оны цэрэг, одоогоор хаана байгааг нь мэдэхгүй бүтэн нэрийг нь ч сайн мэдэхгүй...Батболд миний нүүрэн хэсэг рүү л цохисон яг юугаар хэдэн удаа яаж цохисон эсэхийг би санахгүй байна. Тухайн үед архи уугаад муудсан байсан...Тухайн үедээ нүүрний дээд уруул дотор талдаа язарсан мөн дээд үүдэн шүд хөдөлсөн байсан. Одоогоор уруул дээр сорви үлдсэн байна. ...Манай найз бид хоёр ойр зуурын маргаанаас болж л эхэлсэн ******* гэх залууг Батболд дээрэлхээд байхаар нь чи хамт ууж байгаа хүнээ ингэлээ гэснээс л болж зодоон цохион болсон. Уг нь энэ хүмүүстэй ямар нэгэн таарамжгүй харьцаа, өр авлага, өс хонзон байхгүй. ...Бид нар бүгдээрээ л архи ууцгаасан өөрсдийн үйлдлийг удирдах чадваргүй болтлоо тасарсан хүн байгаагүй байх...” гэсэн мэдүүлэг /хх 41-47/

Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр сумын 100 жилийн ойн баяр наадмын үдшийн цэнгүүн болоод баяр наадмын талбайн гадна талын хамгаалалт зохицуулалтад үүрэг гүйцэтгэж байх хугацаанд 21 цагийн үед нэг жаахан хүүхэд ирээд 00-н тэнд хоёр эрэгтэй хүн зодолдоод байна гэж хэлээд яваад очтол нэг эрэгтэй хүн зодуулчихсан хамраас нь цус гарсан байдалтай байсан. Би тухайн үед чамайг хэн зодов юу болов гэтэл тухайн иргэн согтолт ихтэй намайг манай цэргийн онжав Болдоо гэгч зодчихоод зугтчихлаа гэсэн өгүүлэмжтэй байсан. Би тухайн иргэнээс гэрийн хаягийг нь асуутал манай ахын дугаар гээд  гэсэн дугаар хэлсэн би тус дугаар руу өөрийн  дугаарын утсаар залгаж дуудаад дүүг нь хүлээлгэн өгсөн. Өөр зүйл болоогүй...Намайг баяр наадмын талбайн нийтийн бие засах газрын био 00-н хажуу талд очих үед Дэлгэрбат гэх иргэний нүүр ам, өмсөж явсан дээл зэрэг нь цус болсон байсан...Дэлгэрбат гэгч манай цэргийн онжав Болдоо намайг зодсон гэхээс өөр зүйл хэлэхгүй байсан. Өмсөж явсан хувцас болон гадаад дүр төрхийг нь сайн дүрслэн хэлж чадахгүй байсан...Архи уусан согтолт ихтэй байсан тул би ар гэрт нь хүлээлгэн өгсөн...Би баяр наадмын талбайгаас зүүн урд талд 200 орчим метрт байх нийтийн бие засах газрын баруун талын био 00-н дэргэд очих үед Дэлгэрбат согтуу зодуулчихсан байдалтай ганцаараа байсан өөр хэн нэгэн хүн байгаагүй...Зодуулсан гэх Болдоогийн хамт голын зах дээр архи уусан гэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх 52-53 /

Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай нөхөр 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр баяр наадмын сүүлийн өдөр надтай хамт баярын талбайд тоглолт үзэж байгаад би гэр рүүгээ яваад өгсөн гэтэл шөнө 23 цаг өнгөрч байхад манай хадам ах Энхболд манай нөхрийг хүнд зодуулсан байна эмнэлгээс авчирлаа гээд гэрт оруулж ирсэн. Тухайн үед хэнд зодуулсан талаар нь би сайн мэдээгүй маргааш өглөө нь цэргийн найз болох Гантулгын Батболд гэгч хүнд зодуулсан гэсэн яриа болсон. Манай хүргэн ах цагдаад өг гээд байсан манай нөхөр ч яахав ээ найз нөхөд хүмүүс би зүгээр гэтэл ах нь чи өг гэсээр байгаад өргөдөл өгүүлсэн. Тэгээд манай нөхөр баяр наадам дуусаад ахынхаа хамт Улаанбаатар хот руу ажил хийх мөн өнгөрсөн жилийн зүрхний хагалгаанд орсон биеэ үзүүлэх гэж явсан. Тэгээд одоо болтол ирээгүй байна. Би чамайг цагдаа ир гэж дуудуулсан тухай нөхөртөө болон ахад нь маш олон удаа хэлсэн...Шөнө гэрт орж ирэхдээ нүүр ам, өмсөж явсан дээл зэрэг нь цус болсон гэрт ирсэн. Өөр хаанаа ямар байсныг би сайн анзаараагүй...” гэсэн мэдүүлэг /хх 57-58/

Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр сумын 100 жилийн ойн баяр наадмын үдшийн цэнгүүн болоод баяр наадмын талбайд үдшийн цэнгүүн үзээд байж байхад 21 цагийн үед миний  гэсэн руу гэсэн дугаарын утсаар залгаж дүү чинь архи уусан байна та ирээд дүүгээ хүлээж авах хэрэгтэй байна гэж дуудаад дүүг маань хүлээлгэн өгсөн. Дүү маань тухайн үед найз Болдоо гэгчид зодуулсан гэж байсан. Тэгээд би дүүгээ аваад гэрт нь хүргэж өгчхөөд, маргааш нь бие нь өвдөөд байна гэхээр нь сумын эрүүл мэндийн төвийн эмчид үзүүлж, цагдаад өргөдөл бичиж өгсөн өөр зүйл болоогүй. ...Намайг цагдаа дуудаад баяр наадмын талбайн био 00-н хажуу талд очих үед Дэлгэрбатын нүүр ам, өмсөж явсан дээл зэрэг нь цус болсон байсан. Хэрхэн яаж зодуулсныг би сайн мэдэхгүй. ...Манай дүү өглөө гэрээс гарахдаа зүгээр гарсан. Зодуулснаас болж толгой нь өвдсөн байдалтай, дээд буйл нь хавдсан, бас шүд нь хөдөлсөн байсан...Архи уусан согтолт ихтэй байсан тул би гэрт хүргэж өгсөн. ...Би баяр наадмын талбайгаас зүүн урд талд байх нийтийн бие засах газрын баруун талын био 00-н дэргэд очих үед Дэлгэрбат согтуу зодуулчихсан байдалтай ганцаараа, хажууд нь нэг цагдаа байсан өөр хэн нэгэн хүн байгаагүй. ...Маргааш нь надад ярихдаа зодуулсан гэх Болдоогийн хамт голын зах дээр архи уусан гэж байсан...” гэх мэдүүлэг /хх 60-61/

Хүний их эмч ******* 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн “... Д.Дэлгэрбат 39 настай, эрэгтэй, 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүнд зодуулсан гэв, зовиур ам ангайж болохгүй, эрүүний үеэр өвдөнө, дээд уруул хавдсан шүд юм хазаж болохгүй өвдөөд байна гэв. Үзлэгээр нүүрний тэгш хэм хэвийн ам ангайхад хязгаарлагдмал 2-2,5 см орчим эрүүний үеэр тэмтрэхэд эмзэглэлтэй, баруун доод эрүү, хавдсан, дээд уруул хавдсан, тэмтрэхэд эмзэглэлтэй, хэгзлэгдсэн шархтай, уруулын дотор бага зэрэг цус хуралттай 2,1 шүд буюу үүдэн,  төвийн үүдэн шүд хөдөлсөн, 2-р зэргийн хөдөлгөөнтэй тогшиход өвдөлттэй, цаашид рентгений зураг авахуулах, шүдний зөөлөн бэхэлгээ хийлгэх...” гэсэн тодорхойлолт /хх 66/,

Хүний их эмч *******“...Д.Д нь зовиур: Толгой өвдөнө, цээжээр өвдөнө, бүх бие хөндүүр оргино, баруун эрүү орчим хөндүүр оргино, дүрх дэлсэнэ. Онош: дээд уруул бага зэрэг сэтэрсэн, баруун эрүү тэмтрэхэд өвдөлттэй, юм ярихад баруун эрүүгээр өвдөнө, толгой тойрч бага зэрэг хуйханд уйланхайтай, зүүн хөлийн гуяны гадна хэсэгт арьс шалбарч, улайсан бага зэрэг хөхөрсөн, зүүн нүд тойрч бага зэрэг хөхрөлттэй, тархины доргилт, зүрхний хагалгаад орсны дараах байдал, баруун эрүүний хэсэг газрын өвдөлттэй, цаашид зүүн эрүүний рентген зураг авхуулах, зүрх судасны эмчийн зөвлөгөө авах...” гэсэн тодорхойлолтоор /хх 67/ тогтоогдож байна гэж үзлээ.

1.2. Шүүгдэгч *******ын: “...2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 19-20 цагийн үед Завхан аймгийн Их-Уул сумын 100 жилийн ойд очсон байсан. Цэргийн онжав Дэлгэрбаттай таараад архи уусан. Дэлгэрбаттай багахан зүйлээс болоод бид хоёр хоорондоо маргалдаад Дэлгэрбатын нүүр хэсэгт нэг удаа баруун гараараа цохисон...” гэсэн мэдүүлэг нь хохирогч Д.Дэлгэрбатын нүүрэн тус газарт цохиж баруун дээд 1-р шүдэнд гэмтэл учруулсан гэмт хэргийн үйл баримтыг давхар нотолж байна гэж дүгнэлээ.

1.3. Шүүгдэгч *******ын дээрх үйлдлийн улмаас хохирогч Д.Дэлгэрбатын эрүүл мэндэд баруун дээд 1-р шүдний сулрал бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Завхан аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 000000263 дугаартай “...Д.Дэлгэрбатын биед гэмтэл учирсан байна. Хатуу мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой баруун дээд 1-р шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. Учирсан гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. Д.Дэлгэрбатын биед учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх 65/ гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна.  

2. Шүүгдэгч *******од холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

Мөн шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван хоёрдугаар зүйлийн 13-д ”Иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулжээ.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь бусдын эрүүл мэндийг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоотой байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.

Шүүгдэгч ******* нь хохирогч Д.Дэлгэрбатын нүүрэн тус газарт цохисон үйлдэл, хохирогч Д.Дэлгэрбатын биед учирсан баруун дээд 1-р шүдний сулрал гэмтлийн хооронд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсч үйлдэж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна

Иймд шүүгдэгч *******ын хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүний гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

4.1 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар тус тус хуульчилжээ.

 

Шүүгдэгч *******ын үйлдлийн улмаас хохирогч Д.Дэлгэрбатын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогч Д.Дэлгэрбат нь мөрдөн шалгах ажиллагаанд “...Их-Уул сумын эрүүл мэндийн эмчийн зааврын дагуу эм тариа эхлээд 80,000 төгрөг, дараагаар 50,000 төгрөгийн эм авсан. Ингээд 130,000 төгрөгийн эм тариа авсан. Би Замын-Үүдээс Их-Уул сум руу ирж мэдүүлэг өгөхдөө 460,000 төгрөгийг зарцуулсан. Сая Тосонцэнгэл сумын цагдаа руу ирэхдээ бензиний мөнгө болох 40,000 төгрөг өнөөдөр зарцуулсан. Ингээд надад нийт 1,130,000 төгрөгийг өнөөдрийн байдлаар зарцуулсан байна. Одоо Тосонцэнгэл сумаас Их-уул сум руу явах бензиний мөнгө болох 40,000 төгрөг мөн цагдаагийн байгууллага дээр ирэхдээ ажлаасаа чөлөө авдаг зарим үед чөлөө өгөхгүй байхаар би тасалдаг. Би 1 өдөр ажиллахдаа 100,000 төгрөг авдаг ингээд бодож үзвэл 10 хоногийн цалингаа энэ хэргээс болоод алдсан. Ажиллаж байсан бол уг мөнгийг би өөрөө олох боломжтой байсан. Надад нийт 2,170,000 төгрөгийн хохирол учирсан. Энэ мөнгийг би нэхэмжилж байна...” гэж хохирол төлбөрийг нэхэмжилсэн байх боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй буюу баримтаа ирүүлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хэрэг хэлэлцэх ажиллагааг хойшлуулахгүйгээр иргэний нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах бололцоогүй тохиолдолд шүүх иргэний нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж, түүний хэмжээний тухай асуудлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлж болно” гэж зааснаар хохирогч Д.Дэлгэрбатын хохирол, хор уршигт 2,170,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн тооцоог гаргах боломжгүй байх тул хэлэлцэхгүйгээр орхиж шүүгдэгч *******од холбогдуулан иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

4.2. Иргэний нэхэмжлэгч Завхан аймгийн эрүүл мэндийн даатгалын хэлтсийн төлөөлөгч нь мөрдөн шалгах ажиллагаанд “...Дарьсүрэнгийн Дэлгэрбат нь 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн хугацаанд Эрүүл мэндийн даатгалын цахим системд бүртгэгдсэнээр нийт 3.685.640 төгрөгийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг авсан байна...” гэж хохирол төлбөр нэхэмжилжээ.

Шүүгдэгч *******од холбогдох хэрэгт хохирогч Д.Дэлгэрбатын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсны улмаас хохирогч Д.Дэлгэрбат нь 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, эрүүл мэндийн даатгалын санд нийт 3,685,640 төгрөгийн хохирол учирсан гэж үзэж шүүгдэгч *******оос гаргуулахаар Завхан аймгийн эрүүл мэндийн даатгалын хэлтэс нэхэмжлэл гаргажээ.

Шүүх иргэний нэхэмжлэгч Завхан аймгийн эрүүл мэндийн даатгалын хэлтсийн эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 3,685,640 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь иргэний нэхэмжлэгч нь хохирогч Д.Дэлгэрбатын 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан талаарх баримтын жагсаалт 3,685,640 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн байх бөгөөд уг жагсаалтад дурдсан үйлчилгээний аль нь шүүгдэгч *******ын үйлдлийн улмаас эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан болох нь тодорхойгүй, энэ талаархи баримтыг ирүүлээгүй байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хэрэг хэлэлцэх ажиллагааг хойшлуулахгүйгээр иргэний нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах бололцоогүй тохиолдолд шүүх иргэний нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж, түүний хэмжээний тухай асуудлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлж болно” гэж зааснаар иргэний нэхэмжлэгч Завхан аймгийн эрүүл мэндийн даатгалын хэлтсийн эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 3,685,640 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн тооцоог гаргах боломжгүй байх тул хэлэлцэхгүйгээр орхиж шүүгдэгч *******од холбогдуулан иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Иймд шүүгдэгч *******ыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

 

5. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан  гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч *******од оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах...” гэсэн, шүүгдэгч “...Ажилд орох гэж байгаа тул зорчих эрхийг хязгаарлах ялаас өөр ял оногдуулах...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болно.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай.

Шүүгдэгч ******* урьд нь 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1,200,000 төгрөгөөр торгох ялаар, 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан болох нь Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 436 дугаартай, 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 120 дугаартай шийтгэх тогтоолоор тус тус тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэж ял шийтгүүлж байсан, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа нөхцөл байдал, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй нөхцөл байдлыг тус тус харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч ******* нь Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан багт оршин суудаг болох нь Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан багийн засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2/121 дугаартай “...******* нь ИЦ86051315 регистрийн дугаартай, ганц бие Баян-Улаан хорооны 6-р гудамжны 600-н тоот хаягт оршин суудаг...” гэсэн тодорхойлолтоор нотлогдож байх тул түүнд оногдуулсан 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар тогтоож, биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг дурдаж, хяналт тавихыг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгаж шийдвэрлэв.

6. Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах  эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ч.овогт Г.Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг  2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар  шийтгэсүгэй,

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******од оногдуулсан 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурдсугай,

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогч Д.Дэлгэрбатын хохирол, хор уршигт 2,170,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг, иргэний нэхэмжлэгч Завхан аймгийн эрүүл мэндийн даатгалын хэлтсийн эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 3,685,640 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг тус тус хэлэлцэхгүйгээр орхиж шүүгдэгч *******од холбогдуулан иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.ӨЛЗИЙХИШИГ