Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 2024/ШЦТ/07

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Б.Өлзийхишиг даргалж, шүүгч Ж.Отгонхишиг, Б.Уртнасан нарын бүрэлдэхүүнтэйгээр,

            улсын яллагч Б.Чулуунхүү,

иргэдийн төлөөлөгч *******,

шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энхболд,

шүүгдэгч *******,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Золбоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн  дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

                                            

Шүүгдэгч биеийн байцаалт: Монгол улсын иргэн,  төрсөн, настай, эрэгтэй, боловсролтой, мэргэжилгүй, , ам бүл, оршин суух хаягтай,  регистрийн дугаартай, С овогт П.Г.

                            

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч ******* нь 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнийн 02 цагийн үед Завхан аймгийн Түдэвтэй сумын Цорго багт байрлах “Шар нуруу” нэртэй хүнсний дэлгүүрийн 2 давхарт хутга барьсан байдалтай орж хохирогч ******* хувцас өг гэж хүч хэрэглэхээр заналхийлж, Самсунг А-23 маркийн гар утас, малгайтай даавуун цамц зэргийг хууль бусаар дээрэмдэн авч 400,000 төгрөгийн хохирол учруулсан, мөн уг дэлгүүрийн 1, 2 давхрын 3 ширхэг цонхыг хагалах, 2 давхрын модон хаалгыг эвдэх зэргээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээн 920,000 төгрөгийн хохирол учруулж, нийт хохирогч ******* 1,320,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгчийн холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэгт заасан  “өмчлөх эрхийн эсрэг” гэмт хэрэгт хамаарч байна. 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, дүгнэлт:

Улсын яллагч Б.Чулуунхүү нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч ******* нь 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнийн 02 цагийн үед Завхан аймгийн Түдэвтэй сумын Цорго багт байрлах “Шар нуруу” нэртэй хүнсний дэлгүүрийн 2 давхарт хутга барьсан байдалтай орж хохирогч ******* хувцас өг гэж хүч хэрэглэхээр заналхийлж, Самсунг А-23 маркийн гар утас, малгайтай даавуун цамц зэргийг хууль бусаар дээрэмдэн авч 400,000 төгрөгийн хохирол учруулсан, мөн уг дэлгүүрийн 1, 2 давхрын 3 ширхэг цонхыг хаглах, 2 давхрын модон хаалгыг эвдэх зэргээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээн хохирогч Ж.Цэрэндэжид 1,320,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг гэмтээх, мөн хуулийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-д заасан зэвсэг хэрэглэж бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна. Хохирол төлөгдсөн, хор уршиг байхгүй...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энхболд шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч гэм буруугийн тал дээр маргахгүй. Завхан аймгийн Түдэвтэй сумын Цорго багт байрлах Шар нуруу хүнсний дэлгүүрийн 2 давхарт хутга барьсан байдалтай орж хохирогч ******* “хувцас өг” гэж хүч хэрэглэхээр заналхийлж, “Самсунг А-23” маркийн гар утас, малгайтай даавуун цамц зэргийг хууль бусаар дээрэмдэн авч 400,000 төгрөгийн хохирол учруулсан, мөн уг дэлгүүрийн 1, 2 давхрын 3 ширхэг цонхыг хагалах, 2 давхрын модон хаалгыг эвдэх зэргээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээх гэмт хэрэг үйлдсэн болох хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байх тул 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө устгах, гэмтээх, 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид учирсан 1,320,000 төгрөгийг хохирол төлбөрийг төлж барагдуулсан...” гэв.

Шүүгдэгч ******* нь шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2022 оны 06 дугаар сард надаар худаг бариулчхаад мөнгөө дутуу өгсөн. Нэхэхээр өгөхгүй, зээл авъя гэхэд өгөхгүй байсан. Би дэлгүүр дээр нь очоод доод давхрын цонхыг хагалаад дотогш ороод шатаар нь өгсөж 2 давхарт гараад 2 давхрын хаалгыг хутгаар хөшиж онгойлгоод дотогшоо орсон. Намайг ортол Цэрэндэжид охиныхоо хамт босоод ирсэн. Тэгэхээр нь буцаж буугаад барааных нь дэлгүүр рүү ороод гар утас, даавуун цамцыг нь аваад гарах гэж байтал цагдаа хүрээд ирчихсэн...” гэв.

Иргэдийн төлөөлөгч ******* нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шар нуруу багийн хүнсний дэлгүүрт орж малгайтай цамц, гар утас, цонх хагалсан, бусдын юмыг дээрэмдэж хохирол учруулсан байна. Гэм буруугаа хүлээж байгаа юм байна. Хохирол барагдуулах нь зүйтэй гэж үзэж байна...” гэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр гомдол, саналгүй шүүх хуралдаанд оролцохгүй гэж мэдэгдсэн байна. Хохирогч шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргаагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

              Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 05 дугаар 19-ний шөнө өөрийн охин Ц.Номингийн хамт унтаж байхад 02 цагийн үед манай амьдардаг байшингийн 2 давхрын цонх руу чулуу шидэх чимээгээр сэрсэн тухайн үед охин бид хоёр цонхтой ойрхон унтаж байсан тул охиноо сэрээгээд цонх байхгүй талдаа гарч зогссон. Тэгээд 1 давхрын дэлгүүрийн цонхыг хагалах чимээ сонсогдож хүн орж ирж байгаа санагдаад хадам ах ******* руу утсаар ярьж дэлгүүрийн цонхыг хүн хагалаад ороод ирлээ цагдаа дуудаарай гэж хэлээд хаалгаа түгжсэн. Тэгээд 5 минутын дараа дээшээ 2 давхрын манай амьдардаг хэсэг рүү гарч ирээд хаалга хөшиж онгойлгож орж ирээд гэрэл асаахад манай нутгийн Гунгаа гэх залуу гартаа хутга барьсан байхаар нь би эгч нь хоёулхнаа байгаа чи яаж байгаа юм бэ гэж хэлэхэд миний урдаас онгойлгохгүй байхаар чинь ингэж орж ирлээ надад хувцас өг гэж хэлэхээр нь доод давхарт барааны дэлгүүрээс очоод өмс гэж хэлээд 1 давхар луу буугаад явахаар нь би хойноос нь бууж цагдаагийн алба хаагч нарт хаалга онгойлгож өгсөн. Манай дэлгүүр гадна талдаа 1 камертай, дотор талдаа 6 ширхэг камертай шүүж үзэхэд 2 давхрын манай амьдардаг гэрийн 2 цонх руу чулуу шидэж хагалсан мөн 1 давхрын дэлгүүрийн 1 цонх руу чулуу шидэж хагалаад орсон дүрснүүд нь тод бичигдсэн байсан. Манай 1 давхрын болон  2 давхрын 1,50 метр урттай 1,35 метр өргөнтэй 3 ширхэг цонхыг хагласан, 2 давхрын гэрийн модон хаалга эвдэж орж ирсэн. Мөн манай хүүхдийн Самсунг галакси А23 гэх утас болон манай дэлгүүрт зарагдаж байсан 1 ширхэг бэлтгэлийн цамцыг аваад явсан байсан. ...Нэг гартаа хутга, нөгөө гартаа хутганы хуйг барьчихсан байхлаар нь би айсан...” гэсэн мэдүүлэг /хх 28-32/,

              Гэрч Н.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс 20-ны шилжих шөнө унтаж байхад утас дугахаар авсан чинь манай бэр Цэрэндэжид залгаад цагдаагийн хэсгийн дугаарыг мэдэх үү та туслаач гэж сандарсан байдалтай ярьсан. Тэгээд би босоод машинтайгаа дүү гэрт очиход 1 давхарын дэлгүүрийн цонх хагалсан байдалтай хаалга нь түгжээтэй байхаар нь утсаар Цэрэндэжид рүү залгахад айсан байдалтай намуухан дуугаар манай байшин дотор хүн яваад байна гэж хэлэхээр нь сумын цагдаагийн хэсгийн үүдэнд ирээд цагдаагийн алба хаагчдад тухайн асуудлын талаар хэлээд хамт очоод дотор байсан Гунгааням гэх залууг цагдаагийн алба хаагчид аваад гарсан. Тэгээд би гэртээ очиж амарсан. ...1 давхарын 1 цонх хагарсан, 2 давхарын 2 цонх хагарсан, хаалга нь түгжээтэй байсан...” гэсэн мэдүүлэг /хх 35-36/,

              Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө унтаж байхад цагдаагийн хэсгийн гадаа машин ирэхээр нь гарахад Цорго багт байрлах Шар нуруу хүнсний дэлгүүрийн цонхоор хулгай орлоо гэх дуудлага өгсөн. Тэгээд би босоод хэсгийн төлөөлөгч, жолооч нарын хамт машинтайгаа тухайн дэлгүүрт очиход 2 давхарын 2 цонх хагарсан, 1 давхарын дэлгүүрийн 1 ширхэг цонх хагалсан байдалтай хаалга нь түгжээтэй байхаар нь утсаар Цэрэндэжид рүү залгуулаад цагдаа ирсэн хаалга онгойлгох боломж байна уу гэхэд удалгүй хаалга онгойлгосон. Тэгээд тухайн дэлгүүрт ороход нутгийн Гунгааням гэх залуу байхаар нь дагуулаад цагдаагийн хэсэг рүү авч ирсэн.Гунгааням нь шинэ хувцас авах гэж орсон гэж ярьж байсан. Тухайн үед дээлтэй байсан цагдаагийн хэсэг дээр ирээд тайлахад биеээс нь Самсунг А-23 маркийн гар утас болон дэлгүүрээс авч өмссөн гэх шинэ хар өнгийн малгайтай цамц гарч ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх 39-42/,

              Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө унтаж байхад 02 цаг өнгөрч байхад гадаа машин ирэхээр нь хэсгийн цагдаа д/а бид хоёр гэрээс гараад уулзахад нэг машинтай хүн ирчихсэн байсан, юу болсон талаар тодруулахад Шар нуруу дэлгүүрийн цонхыг хагалаад хүн орчихсон байна гээд Цэрэндэжид эгч над руу утсаар ярьлаа, хурдан очоодхооч гэсэн. Бид хоёр буцаж ороод энэ талаар хэсгийн төлөөлөгчид хэлээд хэсгийн төлөөлөгч, хэсгийн цагдаа нарын хамт Шар нуруу дэлгүүр дээр очсон. Хэсгийн төлөөлөгч , хэсгийн цагдаа нар дэлгүүрийн урд хаалгаар нь орох болоод би хойд хаалга руу нь тойроод очоод зогсож байтал нөгөө хүнийг бариад авлаа ороод ир гээд утсаар ярихаар нь би дэлгүүрийн урд хаалгаар гүйгээд ороход Гунгааням гэдэг хүнийг барьчихсан зогсож байсан. Тэгээд би Энхтөрийн хамт Гунгаанямыг аваад машинд суулгаад цагдаагийн хэсгийн байран дээр очсон. Шар нуруу дэлгүүрийн 2 давхарын 2 цонх, 1 давхарын 1 цонх давхараараа хагарсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх 48/,

           Завхан аймгийн Хөрөнгө үнэлгээний төв ХХК-ний 2023 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн: “...1 ширхэг самсунг А-23 маркийн гар утас-1 ширхэг  650,000 төгрөг,  хагалсан гэх 1 м 50 см урттай, 1 м 35 см өргөнтэй 3 ширхэг вакум цонх 1,518,000 төгрөг, тасалгааны модон хаалга 1 ширхэг 250,000 төгрөг, даавуун малгайтай цамц 55,000 төгрөг нийт 2,473,000 төгрөг...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх 63/,

              Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ний шинжээч 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 07 дугаартай: “...1 ширхэг Самсунг А-23 маркийн гар утас, 1 ширхэг даавуун малгайтай цамц, хагалсан гэх 1 м 50 см урттай, 1 м 35 см өргөнтэй 3 ширхэг вакум цонх, эвдсэн гэх 1 ширхэг тасалгааны модон хаалганы үнэлгээг үнэлгээ хийх аргуудын давуу болон дутагдалтай талуудыг харгалзан үзэж, зах зээлийн хандлагын харьцуулалтын аргыг сонгон авч, үнэлгээг хийв.  Хагарсан 3 вакум цонхыг шиллэхээр тооцлоо. 4 төрлийн эд зүйлийн нийт үнэлгээг 1,320,000 төгрөг гэж тогтоолоо...” гэсэн дүгнэлт /хх 66-68/,        

              Шүүхийн сэтгэц эмгэг судлалын 17 дугаартай: “...******* нь сэтгэл мэдрэлийн хувьд уналт, таталт өвчтэй болно. Болсон хэргийн талаар үнэн зөв тайлбарлах, мэдүүлэг өгөх, чадвартай болно. ******* нь гэмт хэрэг үйлдэх үедээ болон одоо сэтгэц мэдрэлийн хувьд уналт таталт өвчтэй байгаа болно. ******* нь хэрэг хариуцах чадвартай болно. *******д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй болно...” гэсэн  шинжээчийн дүгнэлт /хх 74-75/, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, хэргийн газрын гэрэл зургийн үзүүлэлт /хх 11-15/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 19-22/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас камерын бичлэг бүхий СD болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, иргэний нэхэмжлэгч, гэрч, шүүгдэгч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Түүнчлэн шүүгдэгчийн хувийн байдлын талаарх болон бусад нотлох баримтууд болох гэрч , П.Ганбаатар нарын мэдүүлэг, шүүгдэгч *******ын амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар, Завхан аймгийн Түдэвтэй сумын Шар нуруу багийн засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэргийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон нотлох баримтууд гэж үзэж үнэлж шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргаж, яллах байр суурьтай оролцож,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энхболд “...Гэм буруугийн тал дээр маргахгүй. Шүүгдэгч гэм буруугаа хүлээж байгаа болно...”  гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болно.

Монгол улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 3-д “Монгол улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно...” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус хуульчилсан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дүгээр зүйлд “дээрэмдэх”, 17.8 дугаар зүйлд “эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэргийг хуульчлан тодорхойлж эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заажээ.      

1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн тухайд:

 

Шүүгдэгч ******* нь 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнийн 02 цагийн үед Завхан аймгийн Түдэвтэй сумын Цорго багт байрлах “Шар нуруу” нэртэй хүнсний дэлгүүрийн 2 давхарт байрлах 2 цонх руу чулуу шидэж цонхны шилийг хагалж, хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хууль, бусад хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхийг зөрчиж, түүний эд хөрөнгийг хууль бусаар гэмтээж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдож байна гэж шүүх үзлээ.

Учир нь шүүгдэгч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн идэвхтэй үйлдлээр хохирогч “Шар нуруу” нэртэй хүнсний дэлгүүрийн 2 давхарт байрлах 2 цонх руу чулуу шидэж шилийг хагалсан нь тогтоогдож байх ба хохирогчид учирсан хохирол шүүгдэгч *******ын гэм буруутай үйлдэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

Энэ нь хэрэгт авагдсан хохирогч “...Манайх Шар нуруу нэртэй хүнсний дэлгүүрийнхээ 2 давхарт амьдардаг гэтэл 02 цагийн үед манай амьдардаг байшингийн 2 давхрын цонх руу чулуу шидэх чимээнээр сэрсэн. Гэтэл дэлгүүрийн цонхыг хүн хагалаад ороод ирэхээр нь цагдаа дуудаарай гэж хэлээд хаалгаа түгжсэн. Камерын бичлэгт 2 давхрын манай амьдардаг гэрийн 2 цонх руу чулуу шидэж хагалсан мөн 1 давхрын дэлгүүрийн 1 цонх руу чулуу шидэж хагалаад орсон дүрснүүд нь тод бичигдсэн байсан. Манай 1 давхрын болон  2 давхрын 1,50 метр урттай 1,35 метр өргөнтэй 3 ширхэг цонхыг хагласан, 2 давхрын гэрийн модон хаалга эвдэж орж ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх 32-38/,

гэрч Н.*******ийн “...2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө манай бэр Цэрэндэжид сандарсан байдалтай утсаар ярьсан. Гэрт нь очиход 1 давхарын дэлгүүрийн цонх хагарсан байдалтай хаалга нь түгжээтэй байхаар нь Цэрэндэжид рүү залгахад айсан байдалтай намуун дуугаар манай байшин дотор хүн яваад байна гэхээр нь цагдаагийн хэсэгт очоод цагдаа нарыг дагуулаад хамт очоод дотор нь байсан Гунгааням гэх залууг цагдаагийн алба хаагчид аваад гарсан. 1 давхарын 1 цонх хагарсан, 2 давхарын 2 цонх хагарсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх 41-42/,

гэрч “...2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө унтаж байхад цагдаагийн хэсгийн гадаа машин ирэхээр гарахад Шар нуруу хүнсний дэлгүүрт хулгай орлоо гэсэн дуудлага өгөхөөр нь очиход 2 давхарын 2 цонх хагарсан, 1 давхарын дэлгүүрийн 1 ширхэг цонх хагарсан байдалтай хаалга нь түгжээтэй байсан...” гэсэн мэдүүлэг /хх 45-48/,

гэрч “...2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө унтаж байхад цагдаагийн хэсгийн гадаа машин ирэхээр гарахад Шар нуруу хүнсний дэлгүүрт хулгай орлоо гэсэн дуудлага өгөхөөр нь очиход Шар нуруу дэлгүүрийн 2 давхарын 2 цонх, 1 давхарын 1 цонх давхараараа хагарсан байсан...” /хх 51-54/  гэсэн мэдүүлгүүд болон хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ний шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 07 дугаартай “...хагалсан гэх 1 м 50 см урттай, 1 м 35 см өргөнтэй 3 ширхэг вакум цонх 570,000 төгрөг, тээврийн зардал 100,000 төгрөг, нийт 700,000 төгрөгийн үнэтэй, хагарсан вакум цонхийг шиллэхээр тооцлоо...” гэсэн дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлт, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, камерын бичлэгээр тус тус нотлогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлд заасан бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд хөрөнгөд бага хэмжээнээс дээш хохирол учруулснаар төгсдөг, материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

Бусдын эд хөрөнгө гэмтээх гэдэг нь эд хөрөнгөд гэмтэл учруулсан бөгөөд тухай эд хөрөнгийг сэргээн засварласны дараагаар зориулалтын дагуу ашиглах, эзэмших боломжтой байхыг ойлгоно.

Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2-д “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж гэм буруугийн хэлбэрийг тодорхойлсон.

Улсын яллагч дүгнэлтдээ “...Шүүгдэгч *******ын бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээх гэмт хэргийн үйлдсэний улмаас дэлгүүрийн 3 ширхэг цонх хагарч 700,000 төгрөг, 2 давхрын модон хаалгыг эвдэрч 220,000 төгрөг нийт 920,000 төгрөгийн хохирол хохирогчид учруулсан...” гэжээ.

Шүүх шүүгдэгч *******ын “Шар нуруу” нэртэй хүнсний дэлгүүрийн 1 давхрын 1 цонхны шилийг хагалсан, 2 давхрын өрөөний модон хаалганы түгжээг хутгаар хөшиж эвдэлсэн үйлдлийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй харин дэлгүүр болон өрөө рүү хууль бусаар нэвтэрч орсон үйлдэл гэж үзсэн болно.  

Иймд шүүх шүүгдэгч *******ын “Шар нуруу” нэртэй хүнсний дэлгүүрийн 2 давхарт байрлах 2 цонх руу чулуу шидэж шилийг хагалсан үйлдлийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн байна гэж үзлээ.

Учир нь “Шар нуруу” нэртэй хүнсний дэлгүүрийн 2 давхарт байрлах 2 цонхны шилийг сольж завсарласны дараагаар зориулалтын дагуу ашиглах, эзэмших боломжтой гэж үзсэн болно.

Шүүгдэгч *******ын “Шар нуруу” нэртэй хүнсний дэлгүүрийн 2 давхарт байрлах 2 цонх руу чулуу шидэж шилийг хагалсан үйлдлийг улмаас 466,000 төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 07 дугаартай “...хагалсан гэх 1 м 50 см урттай, 1 м 35 см өргөнтэй 3 ширхэг вакум цонх 570,000 төгрөг, тээврийн зардал 100,000 төгрөг, нийт 700,000 төгрөгийн үнэтэй, хагарсан вакум цонхийг шиллэхээр тооцлоо...” гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-д “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгоно” гэж заажээ.

Шүүгдэгч *******ын “Шар нуруу” нэртэй хүнсний дэлгүүрийн 2 давхарт байрлах 2 цонх руу чулуу шидэж шилийг хагалсан үйлдлийг улмаас 466,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учирсан байна.

Иймд шүүгдэгч *******ын 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнийн 02 цагийн үед Завхан аймгийн Түдэвтэй сумын Цорго багт байрлах “Шар нуруу” нэртэй хүнсний дэлгүүрийн 2 давхарт байрлах 2 цонх руу чулуу шидэж шилийг хагалсан үйлдлийг улмаас 466,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж үзэж гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-д заасан гэмт хэргийн тухайд:

Шүүгдэгч ******* нь 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнийн 02 цагийн үед Завхан аймгийн Түдэвтэй сумын Цорго багт байрлах “Шар нуруу” нэртэй хүнсний дэлгүүрийн 1 давхрын цонхны шилийг хагалж орж, 2 давхарт гарч ил байсан хутгыг авч модон хаалгыг эвдэж ороод гартаа хутга барьж хохирогч ******* хувцас өг гэж заналхийлж, “Samsung А-23” маркийн гар утас, малгайтай даавуун цамцыг хууль бусаар авсан болох нь

Хохирогч “...2023 оны 05 дугаар сарын 19-ний шөнө 02 цагийн үед манай амьдардаг байшингийн 2 давхрын цонх руу чулуу шидэх чимээнээр сэрсэн. Тэгээд 1 давхрын дэлгүүрийн цонхыг хагалах чимээ сонсогдож хүн орж ирж байгаа санагдаад хадам ах ******* руу утсаар ярьж дэлгүүрийн цонхыг хүн хагалаад ороод ирлээ цагдаа дуудаарай гэж хэлээд хаалгаа түгжсэн. Тэгээд 5 минутын дараа дээшээ 2 давхрын манай амьдардаг хэсэг рүү гарч ирээд хаалга хөшиж онгойлгож орж ирээд гэрэл асаахад манай нутгийн Гунгаа гэх залуу гартаа хутга барьсан байхаар нь эгч нь хоёулхнаа байгаа чи яаж байгаа юм бэ гэхэд миний урдаас онгойлгохгүй байхаар чинь ингэж орж ирлээ надад хувцас өг гэж хэлэхээр нь доод давхарт барааны дэлгүүрээс очоод өмс гэж хэлээд 1 давхар луу буугаад явахаар нь би хойноос нь бууж цагдаагийн алба хаагч нарт хаалга онгойлгож өгсөн...” гэсэн мэдүүлэг,

гэрч Н.*******ийн “...Дүү гэрт очиход 1 давхарын дэлгүүрийн цонх хагалсан байдалтай хаалга нь түгжээтэй байхаар нь утсаар Цэрэндэжид рүү залгахад айсан байдалтай намуухан дуугаар манай байшин дотор хүн яваад байна гэж хэлэхээр нь сумын цагдаагийн хэсгийн үүдэнд ирээд цагдаагийн алба хаагчдад тухайн асуудлын талаар хэлээд хамт очсон. Дотор байсан Гунгааням гэх залууг цагдаагийн алба хаагчид аваад гарсан...” гэсэн мэдүүлэг ,

              Гэрч ё “...2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө “Шар нуруу” хүнсний дэлгүүрийн цонхоор хулгай орлоо гэх дуудлага өгсөн. Дэлгүүрт очиход 2 давхарын 2 цонх хагарсан, 1 давхарын дэлгүүрийн 1 ширхэг цонх хагалсан байдалтай хаалга нь түгжээтэй байхаар нь утсаар Цэрэндэжид рүү залгуулаад цагдаа ирсэн хаалга онгойлгох боломж байна уу гэхэд удалгүй хаалга онгойлгосон. Тэгээд тухайн дэлгүүрт ороход нутгийн Гунгааням гэх залуу байхаар нь дагуулаад цагдаагийн хэсэг рүү авч ирсэн. Гунгааням нь шинэ хувцас авах гэж орсон гэж ярьж байсан. Тухайн үед дээлтэй байсан цагдаагийн хэсэг дээр ирээд тайлахад биеээс нь Самсунг А-23 маркийн гар утас болон дэлгүүрээс авч өмссөн гэх шинэ хар өнгийн малгайтай цамц гарч ирсэн...” гэсэн мэдүүлэг,

              Гэрч   “...Дуудлагын дагуу “Шар нуруу” дэлгүүр дээр очиход хаалга түгжээтэй байсан. 5 минутын дараа эзэн нь хаалга онгойлгосон. Дэлгүүрт ороход Гунгааням гэх залуу байхаар нь дагуулаад цагдаагийн хэсэгт авч ирсэн. Тухайн үед дээлтэй байсан. Цагдаагийн хэсэг дээр ирээд тайлахад биеээс нь Самсунг А-23 маркийн гар утас болон дэлгүүрээс авч өмссөн гэх шинэ хар өнгийн малгайтай цамц гарч ирсэн...” гэсэн мэдүүлэг болон хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ний шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 07 дугаартай: “...1 ширхэг Самсунг А-23 маркийн гар утас, 1 ширхэг даавуун малгайтай цамц, хагалсан гэх 1 м 50 см урттай, 1 м 35 см өргөнтэй 3 ширхэг вакум цонх, эвдсэн гэх 1 ширхэг тасалгааны модон хаалганы үнэлгээг үнэлгээ хийх аргуудын давуу болон дутагдалтай талуудыг харгалзан үзэж зах зээлийн хандлагын харьцуулалтын аргыг сонгон авч үнэлгээг хийв.  Хагарсан 3 вакум цонхыг шиллэхээр тооцлоо. 4 төрлийн эд зүйлийн нийт үнэлгээг 1,320,000 төгрөг гэж тогтоолоо...” гэсэн дүгнэлт, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, хэргийн газрын үзлэгийн гэрэл зургийн үзүүлэлт, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, камерын бичлэгээр тус тус тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

              Мөн шүүгдэгч *******ын “...Цоогоо, Ж.Цэрэндэжид нар нь надаар худаг бариулчхаад мөнгөө дутуу өгсөн. Нэхэхээр мөнгө өгөхгүй, зээлээр бараа авъя гэхэд өгөхгүй байсан болохоор дэлгүүрийн доод давхрын цонхыг хагалж ороод шатаар өгсөж 2 давхарт гараад өрөөнд ил байсан хутгыг аваад 2 давхрын хаалгыг хутгаар хөшиж онгойлгоод Цэрэндэжидээс хувцас өг гэхэд доороос ав гэхээр нь буугаад утас цамц авсан...” гэсэн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч болон камерын бичлэгтэй тохирч байх тул түүний мэдүүлгийг шүүх нотлох баримтаар үнэлэв.

            Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2-д “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж гэм буруугийн хэлбэрийг тодорхойлсон.

Дээрэмдэх гэмт хэргийн хувьд бусдын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэсэн, эсвэл хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон үйлдэл хийгдсэнээр гэмт хэрэг төгс үйлдэгдсэнд тооцогдох ба тухайн гэмт хэргийн улмаас хохирогчид хохирол учирсан эсэхээс үл хамаардаг онцлогтой байдаг.

Өөрөөр хэлбэл халдагч этгээд бусдын эд хөрөнгийг авах зорилгоор халдлагад өртөгч рүү чиглэсэн айлган сүрдүүлэх, хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон үйлдэл хийгдсэнээр гэмт хэргийн шинжийг хангадаг.

“Зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэдгийг иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль ч байж болно.

Иймд шүүгдэгч *******ын 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнийн 02 цагийн үед Завхан аймгийн Түдэвтэй сумын Цорго багт байрлах “Шар нуруу” нэртэй хүнсний дэлгүүрийн 1 давхрын цонхны шилийг хагалж орж, 2 давхарт гараад ил байсан хутгыг авч, хохирогчийн байсан өрөөний модон хаалгыг эвдэж ороод гартаа хутга барьж хувцас өг гэж хохирогчоос эд зүйл шаардсан, хохирогчийг доод давхарт барааны дэлгүүрээс очоод ав гэхэд 1 давхар луу буугаад “Samsung А-23” маркийн гар утсыг авсан, малгайтай даавуун цамцыг авч өмссөн идэвхтэй үйлдэл нь зэвсэг хэрэглэж дээрэмдэх гэмт хэргийн шинжийг агуулж байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүгдэгчийн эд зүйл авах зорилгоор “Шар нуруу” нэртэй хүнсний дэлгүүрийн 1 давхрын цонхны шилийг хагалж орж, хохирогчийн байсан өрөөний модон хаалгыг хутгаар эвдэж ороод гартаа хутга барьж хувцас өг гэж хохирогчоос эд зүйл шаардахад хохирогч үүнээс нь айж эд хөрөнгөө хамгаалахад чиглэсэн эсэргүүцэл үзүүлэх чадваргүй болно гэсэн сэтгэхүйн харьцаа нь бодит байдалд шүүгдэгчийн хүсэл зоригийн дагуу хэрэгжиж, зэвсэг хэрэглэсэн дээрмийн гэмт хэрэг төгсөж байна.

Ийнхүү шүүгдэгчийн хувьд бусдын эд хөрөнгийг өөрийн өмчлөлд авах зорилгоор бусдад бие, сэтгэл санааны хүчирхийлэл, заналхийлэл үзүүлэн довтолж шунахай сэдэлтээр, илээр, үнэ төлбөргүйгээр хохирогчийн эд хөрөнгийг авсан болох нь тогтоогдож, түүний үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрийг агуулсан нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүх шүүгдэгч Д.Гунгаанямыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан зэвсэг хэрэглэн  бусдын эд зүйлийг дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Гунгааням болон түүний өмгөөлөгч гэм буруугийн талаар маргаагүй мөн Иргэдийн төлөөлөгч “...Шар нуруу багийн хүнсний дэлгүүрт орж малгайтай цамц, гар утас, цонх хагалсан, бусдын юмыг дээрэмдэж хохирол учруулсан байна. Гэм буруугаа хүлээж байгаа юм байна...” гэсэн дүгнэлт гаргасныг шүүх шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэхдээ харгалзан үзсэн болно.

3. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухайд:

Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг юм. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцдог.

Шүүгдэгч *******ын бусдын эд хөрөнгийг гэмтээх гэмт хэргийн улмаас 2 давхрын 2 цонхны шил хагарч хохирогчид 466,650 төгрөгийн хохирол, зэвсэг хэрэглэн  бусдын эд зүйлийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэний улмаас 1 давхрын 1 цонхны шил хагарч, 2 давхрын модон хаалга эвдэрч, гар утас болон даавуун цамцыг авсны улмаас 853,350 төгрөг нийт 1,320,000 төгрөгийн хохирол хохирогч ******* учирсан байна.

Шүүгдэгч ******* нь хохирогч ******* хохирол төлбөрийг төлсөн болох нь хохирогчийн “...цонхнуудыг шиллэж өгсөн, эд зүйлээ хүлээн авсан, надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байх тул хохирогч ******* төлөх хохирол төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.

4. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “...эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар цагдаагийн газрын мэдээллийн санд бүртгэгдээгүй...” гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

Шүүхээс шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримталж, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэмт хэрэг үйлдсэн байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т “....энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулж хорих ялыг хөнгөрүүлж болно” гэж заасан байх тул шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулах ялыг хөнгөрүүлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар 3 жил, 5 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл хэмжээг тогтооно” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж мөн хэсгийн 2.1-д “торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцно” гэж тус тус заасан байх тул шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногоор тооцож, хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 3 жил, 6 сарын хугацаагаар тогтоов.

Шүүгдэгч нь хохирогчид төлөх хохирол төлбөргүй, тэрээр үйлдсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээсэн, Шүүхийн сэтгэц эмгэг судлалын 17 дугаартай “...******* нь сэтгэл мэдрэлийн хувьд уналт, таталт өвчтэй болно. ******* нь гэмт хэрэг үйлдэх үедээ болон одоо сэтгэц мэдрэлийн хувьд уналт таталт өвчтэй байгаа болно...” гэсэн шинжээчийн дүгнэлт зэргийг тус тус харгалзан түүнд оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

5. Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:

Шүүгдэгч ******* нь 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хүртэл нийт 168 хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний эдлэх ялд оруулан тооцох, шүүхээс шүүгдэгчид хорих ял оногдуулахаар шийдвэрлэж буй учир урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, хорих ялын биелэлтийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй байна.

Шүүгдэгч *******аас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэг бүхий CD-ийг хэрэгт хавсарган үлдээж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хутгыг хохирогчид буцаан олгохоор шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С овогт П.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг гэмтээх гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-д заасан зэвсэг хэрэглэж бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч С овогт П. Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-д зааснаар 3 /гурав/ жил, 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 2.1-т заасныг тус тус журамлан шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногоор тооцож, хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 3 /гурав/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар *******д оногдуулсан 3 /гурав/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын цагдан хоригдсон 168 /нэг зуун жаран найм/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хорих ялын биелэлтийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн тоолсугай.

7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бор өнгийн арьсан хуйтай, хүрэн бор өнгийн иштэй хутга 1 ширхгийг хохирогч ******* буцаан олгож, камерын бичлэг бүхий СD-ийг хэрэгт хавсаргаж үлдээсүгэй.

8. Шүүгдэгч *******аас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

9. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.