| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2021/00338/И |
| Дугаар | 155/ШШ2021/00687 |
| Огноо | 2021-06-22 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 155/ШШ2021/00687
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: ........ аймгийн ........ сумын .... дугаар баг, ....., .... гудамж ... тоотод оршин суух, .... овогт Оюун-Э.Б /М................3/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ........ аймгийн .......... сумын ..... дүгээр багт оршин суух, ..... овогт Т.Ц /Р...................7/-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгон тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 155/2021/00338/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Сувд, нэхэмжлэгч О.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.М нар онлайнаар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Т овогтой Ц бид хоёр 2010-2012 оны хооронд Дархан-Уул аймгийн Анагаах ухааны дунд сургуульд сурч байхдаа үерхэж нөхөрлөөд 2012 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр гэр бүлийн байдлаа гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлсэн. Ингээд охин Ц.Н-ийг 2012 оны 5 дугаар сарын 25-нд төрүүлсэн. Бид амьдрах хугацаандаа өөрсдийн гэр орон байхгүйн улмаас хоёр талынхаа ээжийнд ирэн очин амьдардаг байсан. Амьдрах явцын сүүлийн хугацаанд ..... аймгийн .......... суманд манай ээжийнд байсан. Гэр бүл болон амьдрах хугацаанд бидний дунд үл ойлголцол, хэрүүл маргаан их үүсч, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэхэд асуудал тулгарч амьдрахад бэрхшээлтэй болсон. Ингээд Т.Ц нь 2015 онд ............ аймаг руугаа явсан. Тэр цагаас хойш бид тусдаа амьдарч хэн хэн нь одоогоор бусадтай хамтран амьдарч байна. Би тус шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид өргөдлөө өгсөн ба 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон бидний хувьд цаашид гэрлэлтийг үргэлжлүүлэх боломжгүй. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, охин Ц.Н-ийг төрсөн эх О.Б миний асрамжинд үлдээж, тэтгэлгийг хуулийн дагуу эцэг Т.Ц-с гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Т.Ц шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Т овогтой Ц нь О.Б-ийн гаргасан нэхэмжлэлийг гардан авч танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.
Би О.Б-тэй 2010 онд танилцаж үерхэж байгаад 2012 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Түүнээс хойш хамтран амьдарч эхэлсэн. Бидний дундаас 2012 оны 5 дугаар сарын 25-ны өдөр охин Ц.Н төрсөн. Бид 2015 оныг хүртэл ......... аймгийн ...... суманд хамт амьдарч байсан. Бидний хооронд үл ойлголцол үүсэж 2015 онд би .... аймаг руу ирж Б охинтойгоо ........ аймагтаа үлдсэн. Түүнээс хойш өдийг хүртэл бид тус тусдаа амьдарч хоёулаа өөр гэр бүлтэй болсон. 2019 он хүртэл охинтойгоо хааяа нэг утсаар ярьдаг, баяр ёслолын үеэр хааяа нэг мөнгө төгрөг өгч байсан. 2020 оноос хойш охинтойгоо ганц ч яриагүй. Залгахаар байхгүй байна гээд яриулдаггүй юм. Одоо нэгэнт хамт амьдрах боломжгүй болсон учир гэрлэлтээ цуцлуулах болон хүүхдээ ээжийнх нь асрамжинд үлдээх нэхэмлжэлийг хүлээн зөвшөөрч байна. Харин би охинтойгоо байнга уулзаад байж чаддаггүй учраас ядаж жилд нэг удаа зуны амралтаар нь өөр дээрээ авч баймаар байна. Би охиндоо сар болгон хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлгийг төлнө гэжээ.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.Б нь хариуцагч Т.Ц-д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгон тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Зохигч нь 2011 оны 05 дугаар сарын 10-ны өдөр гэр бүл болсноо 2012 оны 04 дүгээр сарын 11-ний бүртгүүлсэн болох нь гэрлэлтийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, гэрлэгчдийн дундаас 2012 оны 5 дугаар сарын 25-ны өдөр охин Ц.Н төрснийг 2012 оны 7 дугаар сарын 25-ны өдөр бүртгэсэн ......... дугаартай төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тус тус нотлогдож байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас эрүүл мэнд, болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх энэ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална гэж заасан ба гэрлэгчдийн хувьд гэрлэлтийг цуцлах дээрхи ноцтой шалтгаан байхгүй боловч нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2015 оноос хойш тус тусдаа амьдарч байгаа ба хэн аль нь тусдаа гэр бүл зохиосон гэх тайлбар гаргаж байгаа, зохигч нь Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон зэрэг нөхцлийг харгалзан гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжинд үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй ...харилцан тохиролцож болно,
Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д Гэрлэгчид энэ хуулийн 14.5-д заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжинд үлдээх, тэтгэлгийн хэмжээ, хамтран өмчлөх дундын хөрөнгийг хуваах, асуудлыг шүүх шийдвэрлэнэ гэж тус тус заажээ.
Зохигч нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаагүй, 2012 оны 5 дугаар сарын 25-ны өдөр төрсөн охин Ц.Н-г өөрийн асрамжинд авах талаархи шаардлагыг нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа гаргадаг ба хариуцагч нь охин Ц.Н-ийг эхийнх нь асрамжинд үлдээхийг шүүхэд ирүүлсэн тайлбартаа гаргадаг.
Шүүх хүүхдэд тавих эхийн хайр, халамж, хүүхдийн насны байдал, түүний өсөж дассан орчинг өөрчлөх шаардлагагүй зэрэг нөхцлийг харгалзан 2012 оны 5 дугаар сарын 25-ны өдөр төрсөн охин Ц.Н-г эх О.Б-ийн асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзсэн болно.
Түүнчлэн Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т заасан Эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно гэснийг үндэслэн мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан хэмжээгээр 2012 оны 05 дугаар сарын 25-ны өдөр төрсөн охин Ц.Н-д хариуцагч Т.Ц-с тэтгэлэг гаргуулж, зохигч нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг мөн дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба охин Ц.Номин-Эрдэнийг эх О.Бямбасүрэнгийн асрамжид үлдээсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ эцэг Т.Ц-д хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглодог болохыг дурдлаа.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 105.537 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Ц-с гэрлэлт цуцлуулах тухай шаардлагад тохирох улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай шаардлага буюу Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2012 оны 05 дугаар сарын 25-ны өдөр төрсөн охин Ц.Н 9 настай байх ба тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутаг буюу ....... аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшин 207.400 төгрөгийн тал хувь 103.700 төгрөгийг охин Ц.Н-д эцэг Т.Ц-ын зүгээс сар бүр төлөх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар охин Ц.Н-д сар бүр төлөх 103.700 төгрөгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцож, 103.700х12=1.244.400 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 34.416 төгрөг, нийт 70.200+34.416=104.616 төгрөгийг хариуцагчаас, улсын орлогоос нэхэмжлэгчийн илүү төлсөн 921 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч О.Б-д олгохоор шийдвэрлэв.
Хариуцагч Т.Ц-д шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч тэрээр өөрийн оролцоогүйгээр хэргийг шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг бичгээр ирүүлсэн, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нь хариуцагчийн оролцоогүйгээр шүүх хуралдааныг явуулж өгнө үү гэх хүсэлт гаргасныг тус тус хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар ........ овогт Т.Ц /Р.........7/, У..... овогт О. /М...........3/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2012 оны 5 дугаар сарын 25-ны өдөр төрсөн охин Ц.Н-ийг эх О.Б-ийн асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2012 оны 05 дугаар сарын 25-ны өдөр төрсөн охин Ц.Н-ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцвал 18 настай/ болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Т.Ц-аас тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
4. Зохигч нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргах маргаангүй гэсэн болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 105.537 /нэг зуун таван мянга таван зуун гучин долоо/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Ц-аас 104.616 /нэг зуун дөрвөн мянга зургаан зуун арван зургаа/ төгрөгийг, улсын орлогоос 921 /есөн зуун хорин нэг/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч О.Б-д олгосугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг Т.Ц-д, энэ үүргээ биелүүлэхэд саад учруулахгүй байхыг эх О.Б нарт тус тус даалгасугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Х.Заяад даалгасугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН