| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Өлзийхишиг |
| Хэргийн индекс | 141/2024/0008/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/11 |
| Огноо | 2024-01-29 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., |
| Улсын яллагч | Б.Чулуунхүү |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 2024/ШЦТ/11
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Б.Өлзийхишиг даргалж,
Улсын яллагч Б.Чулуунхүү
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энхболд
Шүүгдэгч *******,
Нарийн бичгийн дарга Л.Золбоо нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, төрсөн, настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-1, ршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, регистрийн дугаартай, О овогт М.Б
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч ******* нь 2022 оны 07 дугаар сард Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн нутаг “Тэгшийн эх онгорхой” гэх газраас хохирогч ******* эзэмшлийн 2 тооны адуу буюу олон тооны мал хулгайлж, 2,500,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч ******* холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэгт заасан “өмчлөх эрхийн эсрэг” гэмт хэрэгт хамаарч байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох:
1.1. Шүүгдэгч ******* нь 2022 оны 07 дугаар сард Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн нутаг “Тэгшийн эх онгорхой” гэх газраас хохирогч ******* эзэмшлийн 2 тооны адууг хулгайлж, түүнд 2,500,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт нь:
Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 7 дугаар сарын эхээр байх яг он сарыг нь мэдэхгүй байна. Хамгийн сүүлд 8 сарын эхээр адуугаа үзэхэд 2 тооны адуу Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн нутаг “Тэгшийн эх онгорхой” гэх газраас хулгайд алдсан юм. Хонгор зүсмийн нас гүйцсэн морь задгай буйлан тамгатай 12 настай, нас гүйцсэн хээр зүсмийн морь буйлан тамгатай 14 настай. 2022 оны 07 дугаар сард 2 тооны адуу хулгайд алдсан байсан чинь харин 2022 оны 10 дугаар сард Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд миний хээр морины сураг гараад очсон миний хулгайд алдсан морь мөн байхаар нь уг морио ******* гэх залуугаас аваад цагдаад нэхэмжлэл гаргаад тэр худалдаж авсан мөнгөө олж авна биз гэж хэлээд өөрийнхөө морийг аваад ирсэн. Нөгөө хамт хулгайд алддаг хонгор мориных нь сураг гараагүй одоо болтол олдоогүй байгаа. Миний 2 адууг Баатартулга гэдэг хүн аваачиж зарсан гэсэн...” гэсэн мэдүүлэг /хх 32-33/,
Иргэний нэхэмжлэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 7 дугаар сарын эхээр яг хэдэн гэдгийг мэдэхгүй байна. Цагаан-Уул сумын төв дээр танихгүй залуу шатахуун түгээх станц дээр таараад намайг 2 өдөр морь аргамжаад өгөөч гэхээр нь би морийг нь аргамжиж 2 хоноод дараа нь намайг морь аваач ээжийн бие муудаад мөнгө хэрэг болоод байна гэхээр нь би хээр зүсмийн морийг нь 1,000,000 төгрөгөөр бодоод та нэг эмээлийн мод, 300,000 төгрөг өгөөд хур дэлтэй улаан хээр морь авсан. Им тамгыг нь анзаараагүй уг нь нэг тамга байсан. Надад өгөхдөө морь Завхан аймгийн Нөмрөг сум руу гүйж магадгүй миний унаган морь байгаа юм, ээжийг эмчилгээнд явуулах гээд адуугаа зарж байгаа гэж ярьж байсан. Тухайн үед миний авсан хээр зүсмийн морьтой ижил тамгатай хүрэн морь унаад явсан...” гэсэн мэдүүлэг /хх 42-43/
Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 07 дугаар сарын дунд үеэр намайг ажлын байр буюу колонк дээр гарч байх үед цэнхэр дээлтэй, саравчтай малгайтай хээр морь унасан, хүрэн морь хөтөлсөн нэг зүс танихгүй залуу ирээд “тарвага авч байгаа хүн байна уу” гэж асуусан. Тэгээд надтай ярьж байгаад намайг “Тулгаа гэдэг Завхан аймгийн Нөмрөг сумаас явж байна. Ээж маань тархины хавдартай Цагааннуураас ургамал түүхээр явж байна” гэж ярьсан. Би тухайн залууг хол газраас яваа ядарч байгаа байх гээд чи манай гэрт очоод амарчих гээд 2 морийг нь Хишигмөнх гэх айлын адуунд нийлүүлж орхиод манай гэрт амарч 10 гаруй хоносон. Цагаан-Уул сумын төв дээр манай гэрт байх үедээ унаж явсан хээр морио Хишигмөнх гэх хүнд зарсан. Хүрэн морио мал махны ченж Эрдэнэдаваа гэх хүнд худалдан борлуулсан. Манайд байх хугацаандаа эмийн ургамал асууна гэж “Ар булаг” сум руу явсан мөн манай хөдөө гэрт сар гаран мал маллаад ээжийн бие муудаад байна гээд Мөрөн явсан дахиж ирээгүй. Хээр морио Хишигмөнх гэх хүнд 300,000 төгрөг, эмээлийн модоор зарсан. Хүрэн морио Эрдэнэдаваа гэх мал махны ченжид 650,000 төгрөгөөр зарсан гэж байсан. Мөнгөө бэлнээр авсан гэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх 45-46/,
Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 08 дугаар сарын сүүлээр Хишигмөнх ахаас хээр зүсмийн буруу талын гуяндаа Ү тамгатай морь 1,200,000 төгрөгөөр худалдан авахаар үнээ тохиролцоод тал үнэ болох 600,000 төгрөг өгсөн. Үлдэгдэл мөнгөө аваагүй байгаа. Намайг худалдаж авах үед нуруу нь цоорсон байсан тухайн морийг би огт унаж эдлээгүй. Хишигмөнх ах Завхан аймгаас явсан явуудын хүнээс авсан гэж ярьж байсан. Тухайн морь Хишигмөнх ахын унаган морь биш...” гэсэн мэдүүлэг /хх 48/,
Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 08 дугаар сарын 20-ны үед Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сум Агар багт мал малладаг Энхбат гэх айлаас хэдэн тооны хонио аваад тууж явах замдаа Тулгаа буюу Баатартулга гэх хүнтэй таарсан. Тухайн үед би явган хонь туухаасаа залхуураад Тулгаа гэх залуугаас хүрэн зүсмийн адуугаа зарах уу гэж асуухад “ээжийн бие муудаад байгаа. Улаанбаатар хот руу явах ажил гараад байна. 700,000 төгрөгөөр морио зарна” гэхээр би 650,000 төгрөг бэлэн өгье гэж хэлэхэд “за тэгье” гэхээр би үнэ хөлсөө тохирчихлоо гэж бодоод 650,000 төгрөгөөр тухайн хүрэн зүсмийн адууг худалдаж авсан. Тэгээд би сумын төв рүү хонио тууж оруулсны дараагаар дүү Түнтээ гэдэгт уг морийг зарах гэсэн юм авах хүн байна уу гэж асуугаад хэд хоног уг морийг харуулсан. Би дүү Түнтээгээс уг морийг худалдаж авах уу гэж асуухад гүйгээд салахгүй юм байна лээ гэж хэлэхээр би Улаанбаатар хотоос ирсэн агт авдаг хүмүүст 650,000 төгрөгөөр зарсан. Агт авдаг хүмүүсийг би танихгүй. Өмнө нь харж байгаагүй хүмүүс байсан. Би Тулгаа гэх залуугаас авсан гэх хүрэн зүсмийн нэг тооны адууны им тамгыг нь мэдэхгүй. Би тухайн үед хүрэн зүсмийн адууны тамга, им зэргийг нь анзаарч хараагүй юм байна. Уг хэрэгтэй холбоотой гаргах санал, хүсэлт нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх 54/
Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 31 дугаартай “...Нийт 2 тооны нас гүйцсэн адууны зах зээлийн үнийг 2023 оны 11 дүгээр сарын байдлаар 2,500,000 төгрөг гэж тогтоов...” гэсэн дүгнэлт /хх-61/,
Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 84 дугаартай “...Эмээлийн цулгүй мод 300,000 төгрөгөөр тогтоов...” гэсэн дүгнэлтээр /хх-67-69/ тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
1.2. Шүүгдэгч *******: “...Би одоогоос 1 жилийн өмнө буюу 2022 оны 07 дугаар сард Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн нутаг “Тэгшийн эх онгорхой” гэх газарт хонь хариулж явахдаа бэлчиж явсан адуунаас айлын малын хашаа руу хөөж оруулаад дотроос хээр болон хонгор зүсмийн 2 тооны им, тамга нь ижил адууг хашиж байгаа барьж аваад тухайн 2 адууг ээлжлэн унаж Хөвсгөл аймгийн Цагаан Уул сум руу явсан. ...Хишигмөнх гэж нэртэй хүнд хээр зүсмийн морио тухайн хүнд 600,000 төгрөгөөр бодоод нэг эмээлийн мод, 300,000 төгрөгийг бэлнээр нь авч зарсан. ...Эрдэнэдаваа гэх нэртэй мал худалдан авдаг ченж ирэхээр нь 650.000 төгрөгөөр хүрэн морио зарсан...” гэсэн мэдүүлэг нь хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэгтэй тохирч байх тул шүүх түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж, хохирогч ******* эзэмшлийн адуунаас 2022 оны 07 дугаар сард 2 тооны адууг авсан үйл баримт болохыг давхар нотолж байна.
2. Шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна.
Мөн шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
3. Мал хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эзэмшил, өмчлөлийн малыг эзэмшигч болон өмчлөгчид нь мэдэгдэлгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, үнэ төлбөргүйгээр, хууль бусаар, нууц аргаар, шунахай сэдэлт зорилгоор эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоо бүрдүүлснээр төгссөнд тооцогддог.
Шүүгдэгч ******* хохирогч ******* 2 тооны адууг 2022 оны 07 дугаар сард хохирогчид мэдэгдэлгүйгээр нууцаар, хууль бусаар авч байгаа үйлдэл нь мал хулгайлах гэмт хэргийн шинжийг хангаж байна.
“Олон тооны мал” гэж хоёр бод түүнээс дээш малыг ойлгох бөгөөд шүүгдэгч ******* хохирогч ******* 2 тооны адууг хулгайлсан үйлдэл нь бусдын олон тооны мал хулгайлах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж дүгнэв.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг юм. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцдог.
Шүүгдэгч ******* бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Баасандоржид 2,500,000 төгрөгийн хохирол учирсан болох нь Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 31 дугаартай “...Нийт 2 тооны нас гүйцсэн адууны зах зээлийн үнийг 2023 оны 11 дүгээр сарын байдлаар 2,500,000 төгрөг гэж тогтоов...” гэсэн,
Иргэний нэхэмжлэгч *******өд 600,000 төгрөгийн хохирол учирсан болох нь Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 84 дугаартай “...Эмээлийн цулгүй мод 300,000 төгрөгөөр тогтоов...” гэсэн дүгнэлтээр /хх-61/ тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч ******* нь хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан болох нь хохирогчийн шүүх хуралдаанд ирүүлсэн “...Миний 2 морийг ******* 2023 оны 06 дугаар сарын сүүлээр Хөвсгөл аймаг руу авч явж зарсан байсныг Цагаан-Уул сумаас хээр зүсмийн морио олж авсан. Хонгор морио олоогүй учир 1,250,000 төгрөгийн хохирол учруулсныг ******* өмнө ажиллаж байсан “Өвөр туужуу” ХХК-ний захирал МУ-ын барилгын зөвлөх инженер С.Түмэн-Өлзий 2024 оны 01 дүгээр сарын 22-ны бүрэн барагдуулсан учир миний зүгээс гомдол саналгүй...” гэсэн хүсэлт,
Иргэний нэхэмжлэгч *******ийн “...Хохирогч ******* би иргэн *******ас хохирлын мөнгө 300,000 төгрөг гаргуулан авсан тул өөр нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн хүсэлтээр тус тус тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч М.Баатартулгыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
5. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч М.Баатартулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагч шүүгдэгч *******д оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 3 жилийн хорих ял оногдуулах” гэсэн, шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлсөн, анх удаа гэмт хэрэгт холбогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жил 1 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болно.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “...эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар цагдаагийн газрын мэдээллийн санд бүртгэгдээгүй...” гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж заасан байх тул шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулах ялыг хөнгөрүүлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жил, 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь хохирогчид төлөх хохирол төлбөргүй, тэрээр үйлдсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээсэн зэргийг тус тус харгалзан түүнд оногдуулсан 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
6. Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч, иргэний төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, хорих ялын биелэлтийг 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О овогт М.Б бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч М.Б 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б оногдуулсан 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч М.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, хорих ялын биелэлтийг 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн тоолсугай.
6. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ӨЛЗИЙХИШИГ