Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 21

 

Э-ад холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 

226/2020/0021/Э

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сүхгомбо даргалж, шүүгч Я.Алтаннавч, Б.Дэнсмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд нээлттэйгээр,

Нарийн бичгийн дарга М.Долгоржав,

Прокурор Ц.Бямбадорж,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Мянган,

Шүүгдэгч Э-, түүний өмгөөлөгч Б.Очбадар нарыг оролцуулан

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Э.Одхүү, Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 82 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Болортунгалаг, Б.Очбадар, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О-, түүний өмгөөлөгч Б.Мянган нарын давж заалдах гомдлоор Э-ад холбогдох эрүүгийн 203900002007 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Дэнсмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Улаанбаатар хотод 1973 онд төрсөн, 47 настай, эрэгтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хотын Багануур дүүргийн 1 дүгээр хороо Сургалтын задгайгийн 2-16 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх М овогт Ш-н Э нь

2019 оны 12 дугаар сарын 26-ны орой Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын “Согоот” багийн нутаг болох “Ногоон мод” гэх газар өөрийн гэртээ архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ М-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний нуруун тус газарт хутгалж алсан, А-ы толгойн тус газарт нь цохиж биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч М овогт Ш-н Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э-ыг 11 жилийн хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э-ад оногдуулсан 11 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240  цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож 30 хоногийн хорих ялыг нэмж, түүний биечлэн эдлэх ялын хэмжээг 11 жил 30 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э-ад оногдуулсан 11 жил 30 хоногийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан монгол дээл 1 ширхэг, юүдэнтэй ногоон өнгийн цахилгаантай цамц 1 ширхэг, хөх өнгийн ханцуйтай цамц 1 ширхэг, хар өнгийн дугуй захтай цамц 1 ширхэг, шаргал өнгийн бэлхэнцэг 1 ширхэг, цагаан өнгийн хөндлөн судалтай улаан өнгийн цамц 1 ширхэг, саарал өнгийн даавуун өмд 1 ширхэг, ерөөл нэртэй архины шил 1 ширхэг, ARKHI нэртэй архины шил 1 ширхэг, тамхины иш 3 ширхэг, хар өнгийн үйлийн хайч 1 ширхэг, эрээн өнгийн бариултай хутга 1 ширхэг, хар өнгийн бариултай хутга 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, 1 ширхэг бичлэг бүхий  DVD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, Энэ хэрэгт “HYUNDAI PORTER” маркийн автомашин, “Жалам хар” маркийн мотоциклыг битүүмжилсэн Хэнтий аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Ц.Бямбадоржийн эд хөрөнгө битүүмжлэх тухай 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 02 дугаартай тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О-ийн сэтгэл санааны хохиролд 10000000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, гэм хор учруулсны төлбөр буюу 2 хүүхдийн тэтгэмжийн зөрүүтэй холбоотой нэхэмжлэлээ нотлох баримтуудаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, шүүгдэгчийн биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй ба шүүгдэгч нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О-т оршуулгын зардлыг бүрэн төлсөн, хохирогч А-д төлбөргүй болохыг дурдахаар тус тус заан шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Болортунгалаг, Б.Очбадар нар давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж аваагүй нотлох баримтад үндэслэн Э-ыг гэм буруутайд тооцсон шийдвэр гаргасан. Анхан шатны шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний бие махбодод хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг шалгахдаа гэм буруугийн сэдэл, санаа, зорилгыг тодорхой болгож чадаагүй, өөрөөр хэлбэл санаатайгаар хүний бие махбодод гэмтэл учруулсан гэдгийг нотолж чадаагүй байна. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт А-аас “Э- таныг санаатай цохисон уу” гэж асуухад хохирогч А- “санамсаргүй цохисон” гэж мэдүүлсэн. Уг мэдүүлгээс харахад Э- тухайн үед А-ыг болгоомжгүй, санамсаргүй, биеэ хамгаалахаар ноцолдож байхдаа цохисон харагддаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 2-т “Болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдоно” гэж заасан. Иймд Э-ын А-ыг болгоомжгүйгээр цохисон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн зүйлчлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэж байна.

Мөн шүүх дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн сэдэл, санаа, зорилгыг бүрэн тогтоогоогүй хэргийг шийдвэрлэсэн. Э-ыг талийгаачийг ар талаас нь хутгалсан мэтээр ярьдаг. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад хэрэг явдал болсон гэх газрын нөхцөл байдал нь өөр хоорондоо ноцолдсон, тэмцэлдсэн, гэрийн эд зүйл эвдэрсэн, нурсан зэрэг нөхцөл байдал харагддаг. Э- талийгаачийн зүй бус үйлдлийн улмаас уг гэмт хэргийг үйлдсэн гэдэг нь “Э- талийгаачийн доор орсон байдалтай талийгаач М- Э-ыг цохиод, зодоод байсан” гэх гэрчийн мэдүүлэг, “Э-ын биед гэмтлийн зэрэг тогтоогдоогүй ч гэсэн хүзүү, хоолой хэсэгт нь боомилсон, биеийн тодорхой хэсгүүдэд хөхрөлт, шалбаралт, урагдалт үүссэн” гэх шинжээчийн дүгнэлт зэргээс харагддаг. Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэсэн. Гэтэл уг гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл Э- нь санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсаны улмаас талийгаачийг хутгалж амь насыг нь хохироосон нөхцөл байдал харагдаж байна. Иймд Э-ын хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн зүйлчлэлийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4-т заасныг хэрэглэж Э-ад хууль зааснаас хөнгөн ял оногдуулж өгнө үү гэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О, түүний өмгөөлөгч Б.Мянган нар давж заалдах гомдолдоо: Шүүгдэгчийн өмгөөлөгчийн “шүүгдэгч нь санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсаны улмаас уг гэмт хэргийг үйлдсэн” гэх тайлбарыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүх Э-ын үйлдлийг зөв зүйлчилж ял шийтгэл оногдуулсан гэж үзэж байна.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8-д “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О-ийн сэтгэл санааны хохиролд 10000000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож...” шийдвэрлэжээ. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 230 дугаар зүйлийн 230.1-д “Эдийн бус гэм хорыг арилгуулахаар хохирогч шаардах эрхтэй”  гэж тус тус зааснаас үзэхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О- нь өөрт учирсан эдийн бус хохирол буюу сэтгэл санааны хохирол 10 сая төгрөгийг нэхэмжлэх эрхтэй бөгөөд шүүх нэхэмжлэлийг хуулийн дагуу шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзэж байна. Мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид учирсан талийгаачийн оршуулгын зардлыг шүүгдэгч төлж барагдуулсан. Талийгаач бага насны хоёр хүүхэдтэй байсан бөгөөд талийгаачийг нас барсны дараа хүүхдүүд нь аавыгаа байнга санаж, өвдөх зэргээр сэтгэл санааны хувьд их өөрчлөлт орсон. Энэ нөхцөл байдлуудыг нь харгалзан үзэж сэтгэл санааны хохирлыг гаргаж өгөх нь зүйтэй гэж үзэж байна.

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8-д  “...гэм хор учруулсны төлбөр буюу 2 хүүхдийн тэтгэмжийн зөрүүтэй холбоотой нэхэмжлэлээ нотлох баримтуудаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай” гэжээ. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс хоёр хүүхдийн тэтгэмжтэй холбоотой нотлох баримтыг өөрийн боломжит байдлаар нотолж, талийгаачийн нас барсны гэрчилгээний хуулбар /1хх-ийн 218х/, 2009 оны 7 дугаар сарын 22-ны өдөр төрсөн хүү М-ын Б-н төрсний гэрчилгээний хуулбар /1хх-н 216х/, 2015 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн охин М-ын Л-н төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 217х/, Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн О-н 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн тодорхойлолт /1хх-ийн 248-249х/ зэрэг баримтуудыг бүрдүүлж хэрэгт хавсаргасан. Уг тодорхойлолтод “Цэнхэрмандал сумын “Согоот” багийн иргэн П овогтой О- нь өрх толгойлсон 3 хүүхэдтэй тул Нийгмийн халамжийн тухай хуулийн 12.1.4 дэх заалтын дагуу тэжээгч нь нас барсан 18 хүртэлх насны хүүхдэд олгох тэтгэврийг 3-4 хүүхдэд 261000 төгрөгөөр тогтоосон болно. Үүний нэг хүүхдэд ногдох зардал нь 87000 төгрөг болно” гэж тодорхойлсон байна. Энэхүү тодорхойлолтыг үндэслэн талийгаач М-ын хүүхдүүд болох Б, Л нарт Нийгмийн халамжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т заасны дагуу олгож буй нийгмийн халамжийн тэтгэврийг Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй дүйцүүлэн гарсан зөрүүг шүүгдэгч Э-аас гаргуулж олгох ёстой гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дугаар заалтад өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Хэнтий аймгийн Прокурорын газрын орлогч прокурор  Ц.Бямбадорж давж заалдах шатны шүүхэд гаргасан дүгнэлтдээ: Э- нь 2019 оны 12 дугаар сарын 26-ны орой Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын “Согоот” багийн нутаг болох “Ногоон мод” гэх газар өөрийн гэртээ архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ М-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний нуруун тус газарт хутгалж алсан, А-ы толгойн тус газарт нь цохиж биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон. Хэргийн зүйлчлэлийн хувьд Э-ын үйлдсэн гэмт хэрэгт тохирсон гэж үзэж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Э- нь санаатай үйлдээгүй, болгоомжгүйгээр үйлдсэн гэсэн байр суурийг илэрхийлж байна. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт А-аас “Э- таныг санаатай цохисон уу” гэж асуухад хохирогч А- “санамсаргүй цохисон” гэж мэдүүлсэн. Шүүгдэгчийн өмгөөлөгч уг мэдүүлэгт үндэслэн өмгөөллөө явуулж байна. Мөрдөн байцаалтын шатанд хохирогч А- “Э- намайг цохисон” гэж хоёр ч удаа мэдүүлсэн. Мөн Э- гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ “би согтуу байсан, А-г яаж, юугаар цохисноо мэдэхгүй байна” гэж мэдүүлдэг. Э- согтуу байсан, А-г санаатай цохисон үгүйгээ мэдэхгүй байхад А- Э- өөрийг нь санаатай цохисон эсэхийг нь тодорхойлох боломжгүй юм. Тухайн үед А- согтуу байсан гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Уг гэмт хэрэг 2019 оны 12 дугаар сард гарсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татахаар заасан. Үүний дагуу Э-ын үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт орсон хэдий ч Э-ын үйлдсэн гэмт хэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарахгүй гэж анхан шатны шүүх дүгнэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ял халдаасан нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс  нь Э- нь санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсаны улмаас хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэсэн байр суурьнаас өмгөөллөө явуулж байна. Гэм буруугийн талаар маргаан байсан учир анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглээгүй. Э- нь хүнийг хутгалсан үйлдлээ санадаг бөгөөд мөрдөн байцаалтын шатанд “би хутга аваад хатгасан үйлдлээ санаж байна” гэсэн мэдүүлэг өгдөг, мөн хэргийн газар байсан гэх Э-ын эхнэр С “Э- надад наад хүн чинь өнгөрсөн, би алчихсан гэж хэлсэн” гэсэн утгатай мэдүүлгийг өгдөг. Үүнээс харахад Э- нь тухайн цаг хугацаанд болсон үйл явдлыг мэдэж байсан, санаа сэтгэл нь цочрон давчидсан зүйл байхгүй байна. Мөн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд оролцсон хүн бүр хуудас тус бүр дээр гарын үсэг зурахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зохицуулагдсан байдаг хэдий ч мөрдөн шалгах ажиллагаанд цугларсан нотлох баримтуудыг бүрэлд нь үгүйсгэх үндэслэл байхгүй. Энэ нь шүүхийн шийдвэрт нөлөөлөхгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Болортунгалаг, Б.Очбадар, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О-, түүний өмгөөлөгч Б.Мянган нарын давж заалдах гомдлоор Э-ад холбогдох эрүүгийн хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

Э- нь 2019 оны 12 дугаар сарын 26-ны орой Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын “Согоот” багийн нутаг болох “Ногоон мод” гэх газар өөрийн гэртээ архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ М-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний нуруун тус газарт хутгалж алсан, А-ы толгойн тус газарт нь цохиж биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт үйлдсэн болох нь:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Нөхөр бид хоёр 2007 оноос хойш хамтран амьдарч 2009 оны 01 дүгээр сард албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Талийгаач бид хоёрын дундаас Б, Л нар төрсөн. ...Талийгаач маань бага байхдаа өвчний учир баруун нүдээ авахуулсан, группд байдаг, сардаа 174000 төгрөгийн тэтгэмж авдаг байсан. ...бага охиныхоо хагалгаанд зориулж 2019 оны намар 2.5 сая төгрөгийн малчны зээл “ХААН” банкнаас авсан байснаа талийгаачийн ажил явдалд зарцуулчихсан, одоо эмчилгээний зардалгүй болсон, ...мөн малчны зээлээ төлөх гээд олон хүнд асуудалтай үлдсэн...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 54-55 хуудас/,

...оршуулга, унааны зардал, өмгөөлөгчийн хөлс гээд нийт 5296718 төгрөгийн баримт бүрдүүлж өгч байна. Мөн хүүхдүүдийн сэтгэл санааны хохиролд 10000000 төгрөг нэхэмжилнэ. Цаашид гарах зардлуудын баримтыг бүрдүүлж гэм буруутай этгээдээс нэхэмжилнэ...“ гэсэн мэдүүлэг /хх-ийн 57-58 хуудас/,

...шөнө 22 цагийн үед Г-н эхнэр С гэрийн утас руу залгахад нь манай охин утсыг нь авсан. Би охиноосоо утсыг нь аваад С-тэй ярихад “Г танай хүнтэй зодолдоод цус нөжтэй нь холиод хаячихлаа, ирж хүнээ ав” гэж хэлэхээр нь би хажуу айлын Э-г охинтойгоо хамт Г руу явуулсан.

...намайг Г-нд ороход манай хүн гэрийнх нь хойд талд ам нь ангайчихсан дээш харсан байдалтай хэвтэж байхаар нь “та нар чинь биенийгээ алчхаа юу, эртхэн хэлж болохгүй байсан юм уу” гэхэд Г “зүйл дууссан, одоо цагдаа энэ тэр нь ирээд шалгадаг юм байгаа биз” гээд манай хүний хажууд завилаад сууж байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 104-105 хуудас/,

Хохирогч А-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Э- миний толгой руу цохисон, яг юугаар цохисон гэдгийг нь мэдэхгүй байна, гараараа бол цохиогүй, халуу оргиод цус гараад толгой манараад явчихаар нь гэрийн хойно очоод толгойгоо дараад хэвтсэн. ...би тэр хоёр руу ойртоогүй. ...гэрт түжигнэлдэж байгаад талийгаач миний хажууд ирээд ёолоод хэвтсэн, нэг хэсэг ёолж байгаад чимээгүй болчихсон, харин Э- миний нөгөө талд суучхаад шулганаад байсан, би яриаг нь ойлгоогүй. ...талийгаачийн охин нь ирээд аавыгаа өнгөрчихсөн байна гэхээр нь би айгаад гэр рүүгээ гараад алхчихсан... ” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 60-62, 79-82 хуудас/,

Гэрч С-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...нөхөр шалан дээр бөөлжчихөөр нь даавуугаар арчаад, арчсан даавуугаа хаячхаад гэртээ орж ирэхэд гэрийн урд хэсэгт талийгаач манай нөхрийн дээр нь гарчихсан цохиж байсан, салгах гээд талийгаачийн араас чангаасан боловч дийлээгүй. ...талийгаачийн гэрийн утас руу залгахад охин нь утсаа авахаар нь ....“аав чинь манай нөхөртэй зодолдоод байна” гэж хэлсэн чинь охин нь “наашаа явуулчих” гээд байсан. ...Гэрийнхээ гадаа очиход ...талийгаачийн охин морьтой ирсэн байсан. ...охиноос нь “юу болж байна” гэж асуухад охин нь “аав хөдлөхгүй байна” гэхээр нь сандраад гэртээ ч оролгүй түргэн дуудахаар доошоо гүйсэн. Тэгээд утсаар Багануур дүүрэгт байдаг дүү Х рүү залгаж “Э ах чинь хүн алчих шиг боллоо, хөдлөхгүй байна гэнэ, түргэн дуудаад өгөөч” гэж хэлчхээд гэртээ ирэхэд талийгаачийн эхнэр, хүүхдүүд ирчихсэн байсан. Гэр рүүгээ ороход манай нөхөр гэрийн зүүн талд орны наагуур сууж байсан, талийгаач гэрийн хойд талын авдрын наагуур дээшээ хараад хэвтэж байсан. Харин А- гэрт байхгүй байсан, нөхрөөсөө А-ыг хаашаа явсан талаар нь асуухад “явлаа гээд л гараад явсан” гэж хэлсэн. Би нөхөртөө “чи хүн алчихлаа ш дээ ” гэхэд манай нөхөр “би хүн алчих шиг боллоо” гэсэн, би айж сандраад “чи яаж байгаа юм бэ, хүү бид 2 яах юм бэ” гээд уйлсан, нөхөр “хүүг маань хүний царай битгий харуулаарай, малаа аятайхан зохицуулаарай” гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа эмч ирээд талийгаачийг үзээд нас барчихсан байна гэж хэлсэн...“ гэсэн мэдүүлэг /1хх-ийн 67-71 хуудас/,

Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...12 сарын 26-ны шөнө 22 цагийн үед намайг аавынд унтаж байхад хажуу айлын О- орж ирээд “манай нөхөр доод талын айлын залуутай зодолдоод байна гэнэ, чи манай охинтой хамт морьтой яваад ирэх үү” гэхээр нь би зөвшөөрч охиныг нь сундлаад нөгөө айлынх руу явсан. ...намайг ороход тэр айлын хэд хэдэн унь нь уначихсан, гэр орон нь хөглөрчихсөн, зодолдсон байдалтай, гэрийн хоймор хэсэгт 3 хүн тараад хэвтчихсэн байсан. ...охин “аав босохгүй, ухаангүй байна ш дээ” гэхээр нь аавынх нь хүзүүн дээр дарж үзэхэд нас барчихсан байсан. Тэгээд хажууд нь байсан хар куртекийг толгой доор нь ивж өгөөд тэр хоёрт нас барсан гэдгийг хэлэхгүйгээр “энэ хүн чинь ухаан алдчихсан байна ш дээ, би явж эмч дуудъя” гээд талийгаачийн охинтой нь хамт гэрээс нь гарсан. ...Г нь бид хэд хоорондоо зодолдсон гэж хэлж байсан. Харин А-н нь дух нь халцарчихсан байсан....” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 95-96 хуудас/,

Насанд хүрээгүй гэрч У-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Г-н эхнэр С 12 дугаар сарын 26-ны шөнө 22 цаг 04 минутад 86788278 гэсэн дугаараас манай гэрийн утас руу залгаад “Г, У хоёр зодолдоод байна, бие биенийгээ аллаа, хүрч ирж авахгүй юм уу” гэхээр нь “би ээжид хэлье” гээд утсаа тасалсан. ...аавыг Г-с морьтой авчирхаар болж би Э ахтай морьтой сундлаад Г-нх руу явсан. Намайг ороход аав гэрийн баруун хойд талд нь доошоо хараад хэвтэж байсан. Харин Г, А хоёр аавын зүүн талд буюу гэрийн хойд хэсэгт зэрэгцээд өөд өөдөөсөө хараад хэвтэж байсан. ...гэрийнх нь унь уначихсан, нилээн хөглөрсөн байдалтай, аавын хамраас цус гарчихсан, дээл нь энгэр хэсгээрээ задгай болчихсон, ам нь ангайлттай байсан. ...аавыг “явъя” гээд хөл рүү нь өшиглөсөн чинь сэрэхгүй байхаар нь дээш нь харуулсан. ...Г ах сэрснээ “гэр орон ийм болчихлоо, эхнэр байхгүй хаачсан юм” гэж байсан. А ах сэрснээ “чи намайг шаачихсан байна” гээд духаа бариад байсан, А ахын дух нь шалбараад цус гарчихсан байсан. ...Э ах аавыг харснаа “аав чинь нэг л биш ээ, утас олж түргэн дуудахгүй бол болохгүй нь ээ” гээд аавын толгой доор нь юм ивж хийчхээд, бид хоёр Г ахын гэрээс гарсан. ...аавыг хөдлөхгүй болохоор нь хажууд очоод судсан дээр нь гараа тавьж үзэхэд судас нь цохилохгүй, нүд нь гөлийчихсөн, бие нь хөшчихсөн байхаар нь аавыг өнгөрчихсөн байна гэдгийг мэдсэн. ...Г ах сэрснээ “тайвшир тайвшир, одоо юунд нь уйлах вэ” гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 97-98 хуудас/,

Шинжээч эмч Ө-н мөрдөн шалгах ажиллааганд өгсөн: “... Амь хохирогч М-ын нуруу, зүүн уушгины дэлбэнд үүссэн шарх гэмтэл нь хурц ир, ирмэгтэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүссэн. Мөн зүүн сарвууны 3-р шивнүүрт үүссэн шарх гэмтэл нь хурц, ир ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн. Өөрөөр хэлбэл хурц ир, ирмэгтэй зүйлийн 2 удаагийн үйлчлэлийн улмаас тус тусдаа үүссэн гэсэн үг юм... ” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 133 хуудас/,

Шүүгдэгч Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Б, талийгаач бид 3 манайд очиж нэг шил архи уусан. ...нэг л мэдэхэд талийгаач, А бид 3 хоорондоо муудалцаж зодолдоод дээр доороо ороод үүд хүртэл явчихсан тогоо шанаганы хажууд оччихсон байсан. ...гараараа тэмтэрч байгаад хутга авснаа санаж байна, хутга байна уу нэг юм аваад У /талийгаач/-г дүрчихсэн санагдаж байна. У нэг мэдэхэд ёолоод баруун талд хойшоо хараад хэвтэж байсан, 5-10 минут ёолсон шиг санагдаж байна. ...Яг тэнд хутгалсан гэж хэлж чадахгүй, харин хутгалсан гэдгээ санаад байна. ...Хүн амьтан байхгүй, холбоо барих утас ч байхгүй, тусламж үзүүлэх учраа мэдэхгүй байсан, боломж байсан бол талийгаачид тусламж үзүүлэх байсан. ...Гэмшиж байна. ...намайг дарамталсан, ятгасан зүйл байхгүй. ...Хутгалсан үйлдлээ санаж байгаа нь үнэн...“ гэсэн мэдүүлэг /1хх-ийн 185-190 хуудас/,

...Би өөрөө согтуу байсан учраас А-ы цохисон үгүйгээ сайн санахгүй байна...“ гэсэн мэдүүлэг /2хх-ийн 13 хуудас/,

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн №05 дугаартай: 

...Талийгаач М- нь цээжний хөндийд нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтлийн улмаас цээжний хөндийн дотуур цус алдалт /1900 мл/, цус алдалтын шокод орж нас баржээ... ” гэсэн дүгнэлт /1хх-ийн 125-128 хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн №349 дугаартай:

“...Хар өнгийн бариултай бариул хэсгийн  хар өнгийн лентээр ороосон хутган дээр илэрсэн цусны ДНХ-ийн тогтоц нь М-ын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна...” гэсэн дүгнэлт /1хх-ийн 150-151 хуудас/,

Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн №1 дугаартай:

“...Э- нь гэмт хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн согтолттой байсан байна. Хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байсан... ” гэсэн дүгнэлт /1хх-ийн 154-157 хуудас/,

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн №23 дугаартай:

“...А-ы биед духанд шарх гэмтэл тогтоогдлоо.  

...Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /1хх-ийн 161 хуудас/,

Цогцост гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд  /1хх-ийн 14-22 хуудас/,

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 23-33 хуудас/ зэрэг хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтад хийсэн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн байна. 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хууль зүйн үндэслэл бүхий болжээ.

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотлогдвол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад болон эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн болон нөлөөлж болохуйц нөхцөл байдал, зөрчил тогтоогдоогүй болно.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэж буй эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцэж Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангаж байх учиртай.

Анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан ял нь үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Болортунгалаг, Б.Очбадар нарын давж заалдах гомдлын тухайд: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3-т “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж заажээ.

Э-ын А-ы толгойн тус газарт нь цохиж биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул анхан шатны шүүх түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлтэй болжээ.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10.2 дугаар зүйлийн 1-т “Өөрт нь, ойр дотны хүнд нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, хүндээр доромжлогдсон, эрхшээл дарамтад оруулсан хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хүнийг алсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж хуульчилжээ.

  Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд Э-ын М-тай маргалдаж түүний нуруун тус газарт хутгалж алсан үйлдэлд өөрт нь, ойр дотны хүнд нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, хүндээр доромжлогдсон, эрхшээл дарамтад оруулсан хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн зүйл тогтоогдоогүй, Э-ын “...нэг л мэдэхэд талийгаач, А- бид 3 хоорондоо муудалцаж зодолдоод дээр доороо ороод үүд хүртэл явчихсан тогоо шанаганы хажууд оччихсон байсан. ...гараараа тэмтэрч байгаад хутга авснаа санаж байна, хутга байна уу нэг юм аваад Улаанааг дүрчихсэн санагдаж байна. ...хутгалсан үйлдлээ санаж байгаа нь үнэн...“ гэсэн мэдүүлгээс /1хх-ийн 185-190 хуудас/ харахад Э- нь хэрэг гарах үед тухайн цаг хугацаанд болсон үйл явдлыг мэдэж байсан, санаа сэтгэл нь цочрон давчидсан зүйл тогтоогдохгүй байна. Иймд Э-ын А-ы толгойн тус газарт нь цохиж биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн зүйлчилснийг хүчингүй болгуулах, мөн хуулийн 10.1 дугаар зүйлийн 1-т заасан зүйлчлэлийг хөнгөрүүлэх талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О-, түүний өмгөөлөгч Б.Мянган нарын давж заалдах гомдлын тухайд: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл/эс үйлдэл/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй байх ба ...үйлдлийн улмаас хохирогч ...амь насыг хохироосон гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон тул хохирогчид учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй байх боловч Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1, 230.2 дахь хэсэгт эдийн бус гэм хорыг арилгуулахаар хохирогч шаардах эрхтэй, гэхдээ гагцхүү хуульд заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлөхөөр заасан байна. Тухайлбал зөвхөн Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт зааснаар бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээхээр хуульд тусгайлан заажээ.

Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт эдийн бус гэм хорын хохирлыг нөхөн төлөхөөр заасан боловч хүний амь нас, сэтгэл санааны байдал зэрэг эдийн бус хохирлыг үнэлэх хуулийн зохицуулалт байхгүй, өөрөөр хэлбэл эдийн бус гэм хор буюу сэтгэл санааны хохирлыг арилгах журмыг хуульд тусгайлан заагаагүй тохиолдолд мөнгөөр тооцон гаргах зохицуулалт байхгүй тул сэтгэл санааны хохирлыг мөнгөөр тооцох боломжгүй юм.    

 Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэм хор учруулсны төлбөр буюу 2 хүүхдийн тэтгэмжийн зөрүүг буруутай этгээдээс нэхэмжилсэн боловч холбогдох нотлох баримтуудыг дутуу бүрдүүлж өгсөн, хэрэгт хавсаргагдсан баримтуудад үндэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь нотлох баримтуудаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Болортунгалаг, Б.Очбадар, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О-, түүний өмгөөлөгч Б.Мянган нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг сахин биелүүлээгүй тохиолдол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчилд тооцогдож, хэргийг хууль ёсны ба үндэслэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлөх боловч зөрчил бүр нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болдоггүй тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн дурдсан 1-р хавтаст хэргийн 4-6, 14-15, 63-64, 69, 145 хуудаснуудад авагдсан нотлох баримтууд нь шүүхийн шийдвэрт нөлөөлөхгүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 82 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Болортунгалаг, Б.Очбадар, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О-, түүний өмгөөлөгч Б.Мянган нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Э-ын цагдан хоригдсон 65 хоногийг ял эдлэх хугацаанд оруулж тооцсугай.

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.СҮХГОМБО

                                ШҮҮГЧИД                                           Я.АЛТАННАВЧ

                                                                                                Б.ДЭНСМАА