Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Д.Эрдэнэчимэг |
Хэргийн индекс | 128/2020/0593/З |
Дугаар | 485 |
Огноо | 2022-06-20 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 485
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Эрдэнэчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “К**********” ХХК;
Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргад,
“К**********” ХХК нь эзэмшиж буй ашигт малтмалын хайгуулын XV-********** дугаартай тусгай зөвшөөрлийг ашиглалтын тусгай зөвшөөрөл болгох талаар санал авахаас татгалзаж байгаа Ашигт малтмалын, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус, эсэхийг тогтоох” маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.А**********, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ж**********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А**********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.О********** нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1.Нэхэмжлэгч “...“К**********” ХХК-ийн цацраг идэвхит ашигт малтмалын хайгуулын XV-********** дугаар тусгай зөвшөөрөл олгох, эсэх талаарх санал авах ажиллагааг Цөмийн энергийн тухай хуулийн 18 дугаар зүылиын 18.8-д заасны дагуу явуулж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Цөмийн энергийн комиссоос санал авхуулах тухай хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн үйлдэл /эс үйлдэхүй/ хууль бус болохыг тогтоож, Цөмийн энергийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.8-д заасан журмын дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Цөмийн энергийн комиссын саналыг авахыг хариуцагчид даалгуулах” нэхэмжлэлийн шаардлага гарган маргаж байна.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар
2.1.Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ дараах үйл баримтыг дурдсан байна.Үүнд:
2.2. Нэхэмжлэгч нь Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт ашигт малтмалын хайгуулын ХV-********** тоот тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьд 2006 оноос хойш хайгуулын үйл ажиллагаа явуулж 2011 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 08/01, 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн СТР-09/15 тоот нөөцийн тооцоо бүхий тайлангуудыг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар хамгаалсан тухай;
2.3. Нэхэмжлэгч нь Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт ашигт малтмалын хайгуулын ХV-**********тоот тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьд 2006 оноос хойш хайгуулын үйл ажиллагаа явуулж 2011 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 08/01, 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн СТР-09/15 тоот нөөцийн тооцоо бүхий тайлангуудыг Эрдэс баялгийн улсын бүртгэлд бүртгүүлсэн талаар;
2.4. Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл авах /NM-**********/ тоот дугаар бүхий өргөдөл гаргасан талаар;
2.5. Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсээс /NM-**********/ дугаар өргөдлийг хянаж, 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн ********** дугаар албан бичгээр Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар хүргүүлсэн талаар;
2.6. Мэргэжлийн хяналтын Ерөнхий газраас 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн ********** дугаар албан бичгээр хариу өгсөн талаар;
2.7 . Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 540 дугаар шийдвэрийн талаар;
2.7 Нэхэмжлэгчийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 2020/12 дугаар албан бичгээр Мэргэжлийн хяналтын Ерөнхий газарт хандсан талаар;
2.8 Нэхэмжлэгчийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 2020/11 дугаар албан бичгээр Цөмийн энергийн комисст хандсан талаар;
2.9 Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын ********** дугаар албан бичгийн тухай;
2.10 Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн ********** дугаар албан бичгийн тухай;
3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч компани 2006 оноос хойш ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн XV-********** тоот тусгай зөвшөөрлийг эзэмшсэн. Хайгуулын тусгай зөвшөөрлийн үйл ажиллагаанд 30 гаруй сая долларын хөрөнгө оруулсан байдаг. Энэхүү үйл ажиллагаанд Ашигт малтмал газрын тосны газрын шат шатны байгууллага нь хяналт тавьж ажиллаж байсан. Холбогдох дүрэм журмын дагуу нөөцийн тоо бүхий тайлангуудыг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар хамгаалж, нөөц баялгийг эрдэс баялгийн улсын бүртгэлд бүртгүүлсэн тул шаардлагагүй болсон тул Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т зааснаар ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг, мөн хуульд зааснаар тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө өргөдөл гаргана гэж заасны дагуу Ашигт малтмал газрын тосны газарт хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдөл гаргасан байдаг. Цөмийн энергийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.9-д зааснаар Ашигт малтмал газрын тосны газарт 12 сарын дотор энэхүү хүсэлтийг шийдвэрлэх ёстой. Хүсэлт шийдвэрлэх ажиллагаа ямар шатанд явж байгаа талаар 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр тодруулахад 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр ямар нэгэн байдлаар Ашигт малтмал газрын тосны газраас хариу ирүүлээгүй. Гэтэл 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 540 дугаартай Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын шийдвэрээр тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгсөн. Энэ татгалзсан шийдвэртэй холбогдуулан манай компани захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гарган 2 шатны шүүхээр хянагдаад хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа. Энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхэлсэнтэй холбоотойгоор тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрт тухайн асуудлаар нэхэмжлэл гаргасантай холбоотойгоор холбогдох нотлох баримтууд хэрэгт хавсаргагдсан байдаг. Тухайн нотлох баримтууд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн ********** дугаартай албан бичигт “К**********” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр нь Цөмийн энергийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь заасныг зөрчиж байна өөрөөр хэлбэл 33 хувийн төлж шилжүүлэх үүргээ биелүүлээгүй гэдэг агуулгатай хариу өгсөн. Цөмийн энергийн комисс 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн ********** дугаартай албан бичгээр Цөмийн энергийн комиссийн хуралдсан хуралдааны тэмдэглэл хүргүүлдэг. Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт орших “**********” ХХК-тай 2016 онд байгуулсан “Орд ашиглах гэрээ”-ий биелэлтийг биелүүлнэ үү гэдэг хоёр албан бичиг ирсэн ч энэ албан бичгийг танилцуулаагүй учир 540 дугаартай шийдвэр гарсан юм байна гэдэг нөхцөл байдлыг ойлгосон. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон Цөмийн энергийн комисст 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 20/11 дугаартай албан бичгүүдээр Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Цөмийн энергийн комисст тус тус хүсэлт гаргасан. Цөмийн энергийн тухай хууль болон Ашигт малтмал газрын тосны газарт санал хүргүүлж өгнө үү гэдэг байдлаар хандсан. Хүсэлтийн дагуу ирсэн албан бичгүүдэд Ашигт малтмал, газрын тосны газраас дахин санал авах бол санал өгөхөд татгалзах зүйлгүй гэж хариу тайлбар өгсөн. Нэхэмжлэгч компанийн зүгээс 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 2020/18 дугаартай албан бичгээр Ашигт малтмал газрын тосны газарт хандан та бүхэн дахин санал авах ажиллагааг явуулаад өгөөч өмнө санал авах ажиллагааны дагуу хийгдсэн ажлуудыг танилцуулаагүй мэдээгүйн улмаас үл ойлголцон 540 дугаартай шийдвэр гарсан байна гэдэг агуулгаар хандсан. Гэтэл Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргаас Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон Цөмийн энергийн комиссоос ирсэн хариунуудыг тухай бүр компанийн өргөдөл хариуцсан геологич Б.Ц********** танилцуулж байсан мөн 540 дугаартай шийдвэртэй холбоотой асуудлаар шүүхэд маргаан явж байгаа тул дахин санал авах боломжгүй гэдэг хариу өсгөн. Захиргааны ерөнхий хуулийн дагуу урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар Ашигт малтмал газрын тосны газарт гомдол гаргасан. Ингээд 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн ********** дугаартай албан бичгүүдийг танилцуулсан. Цөмийн энергийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.8-д заасны дагуу Ашигт малтмал газрын тосны газар санал авах үүрэгтэй юм байна, мөн эдгээр байгууллагуудын ирүүлсэн санал нь өөрөө ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан утга агуулгатай биш энэхүү асуудлаар дахин санал авна гэдэг хариу өгч байгаа тул хариуцагчид эдгээр нөхцөл байдлыг тайлбарлаад холбогдох нотлох баримтыг гаргаж өгөөд санал авч өгөөч гэхэд санал авахгүй эс үйлдэхүй гаргаж байна. Энэ эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, санал авахыг холбогдох байгууллагад даалгаж өгнө үү гэдэг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байна. ... Өнөөдрийн байдлаар захиргааны хэрэгт 540 дугаартай шийдвэрээр маргаан гаргаагүй. 540 дугаартай шийдвэрээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан хэрэг эцэслэн шийдэгдсэн байгаа. Тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэр гарсан үндэслэл болоод байгаа Цөмийн энергийн комиссын орд ашиглах гэрээний биелэлтийг гаргаагүй гэдэг үндэслэл байгаа. Өмнө 540 дугаартай Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын шийдвэрээр хэрэг шийдвэрлэгдсэн шүүхийн шийдвэр хэрэгт нотлох баримтаар авагдсан байгаа. 540 дугаартай шийдвэрээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б хүнийг гэрчээр асуусан байдаг. Гэрчээр асуухад нотлогдсон үйл баримтын тухайд гэрч Б********** мэдүүлгээр Цөмийн энергийн комиссын 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 1/218 дугаартай албан бичгээр ирүүлсэн орд ашиглах гэрээний биелэлтийг хариуцагч байгууллага хүргүүлээгүй байдаг. Гэрч Б********** гэдэг хүн “өөр тусгай зөвшөөрлийн асуудал яригдаж байхад А********** лиценз авчихсан байхад өмнө нь авчихсан байгаа ашиглалтын тусгай зөвшөөрөл байхад өөр орд ашиглах гэрээний биелэлтийг шаардаж байгаа нь энэхүү асуудалд хамааралгүй тул бид нар хариу өгөөгүй” гэсэн мэдүүлгийг өгсөн. Өөрөөр хэлбэл Цөмийн энергийн комиссоос ирүүлсэн албан бичиг нь орд ашиглах гэрээний биелэлт, өмнө яаж ажиллаж байсан бэ мөн өмнө А лиценз байгуулсан юм байна, орд ашиглах гэрээ байгуулсан юм байна, гэрээний дагуу хэрхэн ажиллаж байгааг харгалзан үзсэний дараагаар бидний зүгээс хайгуулын тусгай зөвшөөрөл олгох эсэхээ шийдвэрлэх тул энэ гэрээний биелэлтийг түр түдгэлзүүл гэдэг үүрэг даалгавар өгсөн байхад гэрч Баатарбилэгийн мэдүүлэг болон хариуцагчийн гаргаж байгаа тайлбараар гэрээний биелэлтийг хүргүүлээгүй байтал тусгай зөвшөөрөл олгох боломжгүй гэж шийдсэн. Ийм байдлаар шийдвэрлэсэн гэдгийг нэхэмжлэгч, хариуцагч хожуу мэдсэн байдаг. Ийм асуудал гарсан тул үүнийг шийдвэрлэн санал өгөөч гэтэл Цөмийн энергийн комисс нь дахин санал асуух ажиллагаа явуулах бөгөөд цөмийн энергийн комиссын хурлаар хэлэлцүүлнэ гэдэг тайлбар өгсөн. Цөмийн энергийн комисс нь Цөмийн энергийн комиссоор санал авах байдлаар шийдвэрлэх боломжтой. Зөвхөн дахин санал асуулга явуулж, түүний дараагаар гарах шийдвэр нь хариуцагчийн эрхийн асуудал. 2006 оноос эхлэн 2018 оныг хүртэлх хугацаанд 30 гаруй сая долларын хөрөнгө зарцуулан нөхцөл журмын дагуу үйл ажиллагаа явуулж ирсэн. Хуульд заасны дагуу орд ашиглах гэрээний биелэлтийг түдгэлзүүлсэн байхад нэхэмжлэгч компанид хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан үйлдэл нь нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна. Хуульд зааснаар дахин санал асуулга явуулж болохгүй гэсэн хуулийн заалт байхгүй. Цөмийн энергийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т зааснаар цацраг идэвх хайгуулын тусгай зөвшөөрлөөр хайгуул хийн нөөцийг тогтоосон. “К**********” ХХК ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэхдээ компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр буюу 2018 оны 06 дугаар сарын 05 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийг “Б**********” ХХК-ны нэр дээр гаргаад өгчих, ямар нэгэн асуудал хүлээн зөвшөөрнө гэдэг үйл баримт байгаа. “Б э” ХХК нь ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг, төр 34 хувийг эзэмшдэг, “Мон ” ХХК 34 хувийг эзэмшдэг, 66,4 хувийг “**********” ХХК эзэмшдэг. Үүнийг Мэргэжлийн хяналтын байгууллага буруу ойлгосон гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байгаа. Буруу байна гэж ойлгож байгаа бол нэхэмжлэгчийн зүгээс дахин залруулан энэ нөхцөл байдлыг сүүлд мэдсэн тул компанийн хувьцаа эзэмшигчдийн 2019 оны 11 дугаар сарын 19-ний өдөр хүсэлт гарган “бид нар“К **********” ХХК-д тусгай зөвшөөрлийг өгөхөд татгалзах зүйлгүй” гэдэг агуулга бүхий албан бичгийг дахин Мэргэжлийн хяналтын газар, хариуцагч Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтэст гаргаж өгсөн. Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 540 дугаартай шийдвэрээс тустай асуудал тул өнөөдрийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамааралгүй зүйл. Санал өгөх ёстой Тагнуулын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын газар, Цөмийн энергийн комисс нь санал авах ажиллагааг хийснээр хууль тогтоомж зөрчсөн асуудал байхгүй. Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 540 дугаартай шийдвэрийг ярьж байгаа нь нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа үйлдэл болж байна гэсэн байр суурьтай байна.” гэв.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч компани нь Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т заасны дагуу 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авъя гэдэг хүсэлт өгсөн. Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн өргөдлийн бүртгэлийн ********** гэсэн дугаарт бүртгэгдсэн байгаа. Өргөдлийг хүлээж аваад Цөмийн энергийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.8-д заасан ажиллагааг хийх ёстой. Энэ хуульд заасан ашиглалтын тусгай зөвшөөрсөн өргөдөл гаргах журам гэж байгаа. Тус журмын дагуу Цөмийн энергийн комисс, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газраас тус тус албан бичгээр санал авах ёстой. Цөмийн энергийн комиссын 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 1/218 дугаартай албан бичгээр Мэргэжлийн хяналтын ерөнхий газар санал болгон Ашигт малтмал газрын тосны газраас “**********” ХХК-тай 2016 онд байгуулсан орд ашиглах гэрээний биелэлтийг гаргах шаардлагатай гэсэн үндэслэлээр санал өгөх боломжгүй гэж үзэн түдгэлзүүлэв гэсэн хариу ирсэн. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 01/718 дугаартай албан бичгээр Цөмийн энергийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх заалтыг зөрчиж байгаа тул санал өгөх боломжгүй гэсэн хариу өгсөн. Тэгэхээр манайх санал авах ажиллагаа хийгээд Цөмийн энергийн комисс, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хариунууд ирсэн байгаа. Нэхэмжлэгч компанид хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргаас 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 540 дугаартай маргаан бүхий актыг гаргасан. Холбогдох хууль тогтоомжид үндэслэн гаргасан шийдвэр тул маргаан бүхий 540 дугаартай шийдвэр үндэслэлтэй гэж үзэж байна” гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэг.Маргааны үйл баримтад:
1.1.Энэ хэргийн маргааны үйл баримтаар “нэхэмжлэгч “К**********” ХХК нь эзэмшиж буй ашигт малтмалын хайгуулын XV-********** дугаартай тусгай зөвөөрлийг ашиглалтын тусгай зөвшөөрөл болгох талаар санал авахаас татгалзаж байгаа Ашигт малтмалын, газрын тосны газрын Касдастрын хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус, эсэхийг хэлэлцсэн болно.
Хоёр.Шүүхэд тогтоогдсон үйл баримтын талаар:
2.1.Шүүх маргаан бүхий захиргааны актын үйл баримттай уялдуулах зорилгоор өмнө болсон үйл баримтын он дарааллаар гаргаж тогтоогдсон нөхцлийг доорх байдлаар жагсаасан болно.Үүнд:
- 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр К********** ХХК-иас тогтоосон маягтын дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс /цаашид “Кадастрын хэлтэс” гэх/-т хандан ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасан.
-2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Кадастрын хэлтсээс 7/7081, 7/7082 дугаар албан бичгээр Цөмийн энергийн комиссын ажлын алба болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хандан “К**********” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд санал авах хүсэлт хүргүүлсэн.
-2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Тагнуулын ерөнхий газрын 01/154 дүгээр албан бичгээр “тусгайлсан саналгүй” талаар хариу мэдэгдсэн.
-2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 01/718 дугаар албан бичгээр Кадастрын хэлтэст хандан “ ... ашиглалтын тусгай зөвшөөрлийг “**********” ХХК-д олгогдсон тохиолдолд Цөмийн энергийн тухай хуулийн 24 дүгээр үйлийн 24.1 дэх заалтыг зөрчиж байгаа тул санал өгөх боломжгүй” гэсэн.
-2019 оны 04 дүгээр сарын 09-ны өдөр Цөмийн энергийн комиссын Ажлын албаны 1/218 дугаар албан бичгээр Кадастрын хэлтэст хандан “... Цөмийн энергийн комисс хуралдаад “**********” ХХК-тай 2016 онд байгуулах орд ашиглах гэрээний биелэлтийг гаргах шаардлагатай тул санал өгөхөөс түдгэлзүүлэв ...” тухайгаа мэдэгдсэн бичгийг ирүүлсэн.
-Дээрх саналыг үндэслэн Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 540 дүгээр шийдвэрээр “К**********” ХХК-д цацраг идэвхит ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалсан /ХХ-1-ийн 86 дахь тал/ байна.
- Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 540 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч “К**********” ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд ********** индекстэй захиргааны хэрэг үүсгэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэснийг, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 502 дугаар магадлалаар “... анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн” бөгөөд энэ магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
- Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд Цөмийн энергийн комиссын Ажлын алба болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын саналыг “татгалзсан санал” гэж дүгнэсэн болно.
2.2.Хуулийн хүчин төгөлдөр болсон ********** индекстэй, “К**********” ХХК-ийн нэхэмжлэлтэй Ашигт матмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэрэгт Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 540 дүгээр шийдвэр, түүний гарах болсон үндэслэл зэрэг энэ шийдвэрийн 2.1-т заасан үйл баримтууд хэлэлцэгдсэн, давж заалдах шатны шүүх уг үйл баримтад дүгнэлт өгч уг хэргийг шийдвэрлэсэн байна.
2.3.Иймд анхан шатны шүүх “дээрх үйл баримтыг” Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т заасны дагуу хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу уг хэрэгт хэлэлцэгдсэн үйл баримт гэж үзэн энэхүү хэрэгт дүгнээгүй болно.
2.4.Харин энэхүү хэрэгт Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 540 дүгээр шийдвэр гарснаас хойш буюу “К**********” ХХК нь 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш тус байгууллагад хандсан үйл баримтууд хуульд нийцсэн эсэхийг хянаж, дараах байдал тогтоогдсон гэж үзэж дүгнэлт өгч байна.Үүнд:
2.6. Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 540 дүгээр шийдвэр гарснаас хойш:
-“К**********” ХХК-ийн XV-********** дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа нь 2018 оны 08 дугаар сарын 18-ны өдөр дуусгавар болсон гэдэг;
-2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 2020/11, 2020/12 дугаар албан бичгээр “К**********” ХХК-иас Цөмийн энергийн комиссын Ажлын албанд болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хандан “... компанийн эзэмшиж буй ашиг малтмалын хайгуулын XV-********** дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох эсэх талаар тодорхой санал хүргүүлэхийг хүссэн” агуулгатай бичиг хүргүүлсэн /ХХ-1-н 21, 23 дахь тал/;
-2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 11/435 дугаар албан бичгээр “К**********” ХХК-д хандан “... Ашигт малтмал, газрын тосны газраас 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 7/7082 дугаар албан бичгээр санал авахаар ирүүлсэн баримтыг судлан үзэхэд танай компанийн хувьцаа эзэмшигчдийн 2018 оны 03 дугаар шийдвэр нь Цөмийн энергийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т заасныг зөрчсөн байсан тул санал өгөх боломжгүй талаар мэдэгдсэн” гэх хариуг өгсөн /ХХ-1-н 22 дахь тал/;
-2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Цөмийн энергийн комиссын Ажлын албанаас “К**********” ХХК-д хандан 1/174 дугаартай бичгээр “... танай компанид цацраг идэвхит ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгоход санал авах тухай асуудлаар Ашигт малтмал, газрын тосны газраас хандсан тохиолдолд уг асуудлыг Цөмийн энергийн комиссын хуралдаанаар хэлэлцүүлэх боломжтой” гэсэн хариуг өгсөн /ХХ-1-н 25 дахь тал/;
-2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр “К**********” ХХК-иас 2020/017 дугаар албан бичгээр Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хандан “... Цөмийн энергийн тухай хуулийн 19.3.1-д заасны дагуу тус хуулийн 5.3-т заасан нөхцөлийг шууд хүлээн зөвшөөрснөө нотолсон шийдвэрийг 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр дахин гаргасан тул дахин саналаа өгөх”-ийг хүссэн хүсэлт гаргасан /ХХ-1-н 33 дахь тал/;
-Мөн өдөр “К**********” ХХК-иас 2020/018 дугаар албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газарт хандан Цөмийн энергийн комиссын Ажлын албанд болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын албан бичгийн хариуг бидэнд танилцуулаагүй талаар, тус газрын өгсөн хариуг өөрсдөө хүсэлт гарган мэдэж авсан талаар дурдаж, мөн татгалзах үндэслэл болсон асуудлыг арилгасан тул дахин Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас санал авч өгөхийг хүссэн хүсэлтийг гаргасан /ХХ-1-н 26 -27, 29 дэх тал/;
- 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газраас 8/1758 дугаар албан бичгээр “К**********” ХХК-д хандан “... холбогдох байгууллагуудаас ирүүлсэн санал бүхий албан тоотыг тухай бүр танай компанийн өргөдлийн асуудал хариуцаж байсан геологич Б.Ц**********д танилцуулж байсан. Үүний дагуу хуулийн шаардлага хангаагүй бичиг баримтуудыг танай компаниас шинэчлэн авч дээрх байгууллагуудад хүргүүлж байсан”, “... шүүхэд тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудлаар эрх зүйн маргаан үүсч, хэлэлцэх шатанд хянагдаж байгаа тул танай хүсэлтийг хүлээн авах боломжгүй” гэсэн хариуг өгсөн /ХХ-1-н 31 дэх тал/;
-2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр “К**********” ХХК-иас 2020/031 дүгээр албан бичгээр дахин Ашигт малтмал, газрын тосны газарт хандан Цөмийн энергийн комисс болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас санал авч өгөхийг хүссэн /ХХ-1-н 34-36 дахь тал/;
-2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газраас 1/2660 дугаар албан бичгээр “К**********” ХХК-д хандан “... хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа 2018 оны 08 дугаар сарын 18-ны өдөр дууссан тул дахин санал авах үндэслэлгүй” гэх агуулгатай бичгийг хүргүүлсэн /ХХ-1-н 40 дэх тал/ зэрэг үйл баримтууд тогтоогдлоо.
Гурав.Анхан шатны шүүхэд нотлох баримт цуглуулсан, үнэлсэн талаар:
3.1.Шүүх талуудын маргаж байгаа үйл баримтын хүрээнд нотлох баримтыг цуглуулж, үнэлж, захиргааны байгууллагын үйлдэл, үйл ажиллагаа нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол болон хууль зөрчсөн эсэхэд дүгнэлт маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн ба нотлох баримтыг үнэлэх нь хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн дотоод итгэл, эрх хэмжээнд хамаарах болно.
3.2.Анхан шатны шүүхэд нотлох баримтаар үнэлэгдсэн дээрх албан бичгүүдийг нэхэмжлэгч болон хариуцагчаас шүүхэд гаргаж өгсөн нь утга агуулгын зөрүүгүй байгаа тул анхан шатны шүүх эргэлзээгүй нотлох баримт гэж үзсэн болно.
3.3.Шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан “тус компанийн геологич Б.Ц********** мэдүүлгээр “Цөмийн энергийн комиссын Ажлын албанд болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын албан бичгийн хариуг тус танилцуулаагүй, албан бичгийн хариуг компанид албан бичгээр мэдэгдэж хариу өгөх ёстой” гэснийг нотлохоор маргасан бөгөөд энэ үйл баримт нь энэхүү маргаан бүхий актыг хянахад шууд хамааралгүй гэж үзэн нотлох баримтаар үнэлээгүй болно.
Дөрөв.Маргаан бүхий актыг хянасан, шүүхээс хууль хэрэглэсэн үндэслэлийн тухайд:
4.1.Цөмийн энергийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-т “Цөмийн энергийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Хөрөнгө оруулалтын тухай, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ” гэжээ.
Ашигт малтмалын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-т “Ашигт малтмалын тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, Газрын тухай, Газрын хэвлийн тухай, Байгаль орчныг хамгаалах тухай, Үндэсний аюулгүй байдлын тухай хууль, Хөрөнгө оруулалтын тухай хууль, энэ хууль, эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ” гэжээ.
Иймд хуулийн этгээдээс цацраг идэвхит бодис ашиглах тусгай зөвшөөрөл эзэмших хүсэлт гаргах, хүсэлтийг захиргааны байгууллага шийдвэрлэх, бусад ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохтой холбоотой захиргааны байгууллагатай харилцах харилцаанд Ашигт малтмалын тухай хуулийг хэрэглэхгүй, Цөмийн энергийн тухай хуулийг хэрэглэх ёстой байна.
4.2.Цөмийн энергийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т “Дараах үйл ажиллагааг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхэлнэ” гээд, мөн зүйлийн 15.2.2-т “цацраг идэвхт ашигт малтмал ашиглах” гэж заасан байна.
4.3.Мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-т “Энэ хуулийн 18.5-д зааснаас бусад тохиолдолд мөн хуулийн 15.2.2-т заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг энэ хуулийн 17.3-т заасан нөхцөлийг хамгийн сайн хангасан бөгөөд энэ хуулийн 5.2 буюу 5.3-т заасан нөхцөлийг зөвшөөрсөн тусгай зөвшөөрөл хүсэгчид олгоно” гэж, мөн зүйлийн 18.8-д “Энэ хуулийн 15.1.1-15.1.4-т заасан үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход тагнуулын төв байгууллага, мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас, энэ хуулийн 15.2-т заасан үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход Цөмийн энергийн комисс, тагнуулын төв байгууллага, мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас, энэ хуулийн 15.3-т заасан тусгай зөвшөөрөл олгоход Цөмийн энергийн комиссоос тус тус санал авсан байна” гэж тус тус заажээ.
4.4.Цөмийн энергийн тухай хуулийн 18 дугаар зүйлд тусгай зөвшөөрөл олгох журмыг, 19 дүгээр зүйлд тусгай зөвшөөрөл хүсэх өргөдөл гаргах журмыг тус тус тусгасан байгаа бөгөөд уг журамд хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн уг тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр нөхцөлд, ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгох шаардлага тогтоосон зохицуулалтыг тусгаагүй байна.
Иймд хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа дуусгавар болсон бол ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг хуулиар хориглоогүй, энэ харилцаанд Ашигт малтмалын хуулийг төсөөтэй хэрэглэхгүй тул ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлэхэд хайгуулын тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр байхыг захиргааны байгууллага, албан тушаалтнаас шаардах эрхгүй байна.
4.5.Мөн дээрх зохицуулалтуудаас харвал “К**********” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлэхдээ Цөмийн энергийн комисс болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас зөвхөн 1 удаа санал авах эрх олгосон, захиргааны байгууллагыг дахин энэ талаар санал авахаас татгалзах эрхийг хязгаарласан зохицуулалт байхгүй байна
4.6.Мөн Цөмийн энергийн комисс болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлэхэд дахин санал өгөх эрхийг хязгаарласан зохицуулалт ч хуульд тусгагдаагүй тул дээрх харилцаанд “хуулиар эрх олгоогүй бол байгууллага, албан тушаалтанд хориглоно, хуулиар хориглоогүй бол иргэн, хуулийн этгээдэд зөвшөөрнө” гэх зүйн суурь зарчим үйлчилнэ.
4.7.Дээр шүүхэд тогтоогдсон үйл баримтуудаас үзвэл нэхэмжлэгч “К**********” ХХК нь 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст хандан Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Дулаан нэртэй газарт ашигт малтмалын хайгуул хийх XV-********** дугаартай тусгай зөвшөөрлөө ашиглалтын тусгай зөвшөөрөл болгох хүсэлтээ гаргахдаа шаардлага хангаагүй баримт ирүүлсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон байгаа боловч уг хугацаанаас хойш ашиглалтын тусгай зөвшөөрөл авахад шаардагдах баримт материалаа зөвтгөж, дахин санал авхуулахаар хүсэлт гаргаж иржээ.
4.7.Гэтэл Ашигт малтмал газрын тосны газар болон Кадастрын хэлтсээс “К**********” ХХК-ийн хүсэлтэд “ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа дууссан, Цөмийн энергийн комисс болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас татгалзсан санал ирүүлсэн” гэсэн үндэслэлүүдээр удаа дараа татгалзсаар ирсэн нь Цөмийн энергийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3, 18.8, 19-д заасан холбогдох заалтуудад нийцээгүй хууль бус байна.
4.8.Нэгэнт хуулиар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч байсан этгээд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасан тохиолдолд захиргааны байгууллага уг өргөдлийг шийдвэрлэхдээ Цөмийн энергийн комисс болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас зөвхөн 1 удаа санал авах л эрх олгосон, дахин энэ талаар санал авахыг хязгаарласан хуулийн зохицуулалт байхгүй бол “санал дахин авахаас татгалзах” эрхгүй гэж үзлээ.
4.9.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 502 дугаар магадлалаар Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 540 дүгээр шийдвэрийг хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн байгаа ч энэ нь “К**********” ХХК-ийг ашиглалтын тусгай зөвшөөрөл дахин авах эрхгүй болохыг тогтоосон шийдвэр биш, магадлалд тийм агуулга бүхий дүгнэлт байхгүй болно.
4.10.Түүнчлэн хэрэгт нотлох баримтаар авагдсан Цөмийн энергийн комиссын Ажлын албаны 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 1/174 дугаар албан бичгээр “К**********” ХХК-д хандан бичгээр “... танай компанид цацраг идэвхит ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгоход санал авах тухай асуудлаар Ашигт малтмал, газрын тосны газраас хандсан тохиолдолд уг асуудлыг Цөмийн энергийн комиссын хуралдаанаар хэлэлцүүлэх боломжтой” гэснээс дүгнэвэл Цөмийн энергийн тухай хуулиар тус байгууллагыг ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд дахин санал өгөхийг хязгаарлаагүй гэдэг нь отлогдохын хамтаар ийнхүү санал өгөх эрхтэй этгээд нь “санал” өгөөх зөвшөөрч байхад хариуцагч Кадастрын хэлтсээс татгалзсан нь хуульд нийцээгүй болно.
4.11.Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас дахин санал өгөх талаар ямар нэг байдлаар хариу өгөөгүй байгаа боловч энэ нь хуулиар хориглосон зохицуулалт биш тул тус байгууллагаас дахин санал авахаар Кадастрын хэлтсээс хандах нь хууль зөрчихгүй болно.
4.12.Цөмийн энергийн тухай хуулиар “дахин санал авахаас татгалзах эрх олгоогүй тохиолдолд нэхэмжлэгч “К**********” ХХК нь хайгуулын ажил хийсэн, ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэх, түүнийгээ хуульд зааснаар журмаар шийдвэрлүүлэх эрх нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8.хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмаар хамгаалагдана.
4.13.Анхан шатны шүүхийн энэ шийдвэр нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн “К**********” ХХК-д цацраг идэвхит ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл олгох, эсэхтэй холбоотой дүгнэлт биш бөгөөд Цөмийн энергийн комисс болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг ямар санал өгөхийг чиглүүлж байгаа биш гэдгийг тэмдэглэж байна.
4.1.4Дээрх хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч “К**********” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “тус компанийн цацраг идэвхит ашигт малтмалын хайгуулын XV-********** дугаар тусгай зөвшөөрөл олгох, эсэх талаарх санал авах ажиллагааг Цөмийн энергийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.8-д заасны дагуу явуулж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Цөмийн энергийн комиссоос санал авхуулах тухай хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн үйлдэл /эс үйлдэхүй/ хууль бус болохыг тогтоож, санал авахыг тус байгууллагад даалгаж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12 дахь заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Цөмийн энергийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.8, 19 дүгээр зүйлд заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “К**********” ХХК-ийн цацраг идэвхит ашигт малтмалын хайгуулын XV-********** дугаар тусгай зөвшөөрөл олгох, эсэх талаарх санал авах ажиллагааг Цөмийн энергийн тухай хуулийн 18 дугаар зүылиын 18.8-д заасны дагуу явуулж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Цөмийн энергийн комиссоос санал авхуулах тухай хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн үйлдэл /эс үйлдэхүй/ хууль бус болохыг тогтоож, Цөмийн энергийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.8-д заасан журмын дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Цөмийн энергийн комиссын саналыг авахыг тус байгууллагад даалгасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан, нэхэмжлэгч “К**********” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тэмдэглэсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЭРДЭНЭЧИМЭГ