Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 1301

 

МАГАДЛАЛ

 

2018.06.04                                                     Дугаар 1301                                Улаанбаатар хот

 

 

 

 

А.Э-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Д.Байгалмаа, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2018/00543 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч А.Э-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч ХХААХҮЯ-ны ТЭДС-нд холбогдох,

ХХААХҮЯ-ны ТЭДС-ийн захирлын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/54 тоот тушаалыг хүчингүйд тооцож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтрүүдэд бичилт хийлгэх шаардлага бүхий иргэний хэргийг,

Хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Э нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: ХХААХҮЯ-ны ТЭДС-ийн гүйцэтгэх захирлын 2005 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 04 тоот тушаалаар Улиастай салбарын нярав, тооцооны нягтлан бодогчийн ажилд томилогдон ажиллаж байгаад 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/54 тоот тушаалаар ажлаасаа үндэслэлгүй халагдсан. Дээрхи 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/54 тоот    тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 дахь хэсгийг тус тус үндэслэсэн ба миний хувьд ажиллаж байх хугацаандаа сахилгын зөрчил болон хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчлийг гаргаж байгаагүй, ажил олгогчийн итгэлийг алдахуйц буруутай үйл ажиллагаа хийгээгүй. Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн, дээрх зохицуулалтад дурдсан үйл явдал болоогүй. Гэтэл хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлд заасан ноцтой зөрчил гэх үйлдлийг гаргасан гэж үзэж дээрх заалтыг баримталж байгаа нь ойлгомжгүй байна. Учир нь сахилгын зөрчил тус тусдаа тогтоогдсон байх, ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн нэр хүндийг гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нөлөөлхүйц сөрөг үр дагаврыг гаргасан байх зэрэг дээрх хэм хэмжээг хэрэглэх урьдчилсан нөхцлүүдээс нэгийг ч гаргаагүй. Иймд ХХААХҮЯ-ны ТЭДС-ийн захирлын 2016 оны Б/54 тоот тушаалыг хүчингүйд тооцож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл хугацаагаар гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтрүүдэд бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: А.Э нь 2016 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр тус сангийн гүйцэтгэх захирлын А/01 тоот тушаалаар эд хөрөнгийн тооллогын комиссын гишүүнээр ажилласан ба трактор 1116 ширхэг байх ёстойгоос комиссын тайланд 1100 ширхэг гэж тоолон 16 ширхэг трактор дутсан зөрчил гарсан. Сангийн гүйцэтгэх захирлын 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн А/17 тоот тушаалаар тооллогын комисс байгуулагдан ажиллаж, 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/27 дугаар тушаалаар ажлын хэсэг байгуулагдан 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Дотоод хяналт шалгалтын комисс-ын дүгнэлт гарсан. Тус дүгнэлтэнд 2016 оны 10 дугаар сарын үлдэгдэл нийт 73 ширхэг бага оврын трактор үлдсэн байхаас 61 ширхэг тоологдож, 12 ширхэг дутсан, мөн барааны борлуулалт хариуцсан нягтлан бодогч А.Э нь хариуцсан үүрэгт ажилдаа хайхрамжгүй хандаж, урьдчилгаа төлбөр хийлгэлгүй, гэрээ байгуулалгүй олгосон байж болзошгүй, эсвэл улсын хөрөнгийг санаатайгаар шамшигдуулсан дутаасан зэрэг зөрчлийг дахин давтан үйлдэж байгууллагад ихээхэн хэмжээний хохирол учруулсан тул хариуцлага тооцож, тухайн үйлдлийг нь хуулийн байгууллагаар шалгуулах нь зүйтэй гэж үзсэн байна. Дутагдсан трактор нь ХХААС-ын 2012 оны А/08 тоот Техник, тоног төхөөрөмжийн үнэ, худалдах нөхцлийг батлах тухай тушаалаар 1 ширхэг нь 5 000 000 төгрөгөөр тогтоож, борлуулалт хийх байсан ба дутагдсан 12 ширхэг трактор нь улсад нийт 60 000 000 төгрөгийн хохирол учруулж байгаа болно. Мөн сангийн үйлдвэрлэлийн баазын хашаанд байгаа үлдэгдэл 61 трактор нь тоногдсон бөгөөд ажиллах нөхцөл алдагдсан, хэвийн ажиллагааг хангаж угсрахад шаардагдах сэлбэг, тоног төхөөрөмжүүдийг Шинэ ундрах булаг трейдинг ХХК-тай АҮ/2016/80 тоот гэрээ байгуулан 2016 оны 10 дугаар сарын       14-ний өдрийн тус гэрээг дүгнэсэн актын дагуу сангийн зардлаар 7 000 000 төгрөгөөр худалдан авсан ба цаашид дахин нэмэгдэж сэлбэг хэрэгсэл дутагдсаар байна. Мөн иргэн аж ахуйн нэгжүүдэд олгосон трактор, бараа материалын зээлийн эргэн төлөлт хангалтгүй, улсын сангийн хугацаа хэтэрсэн өр төлбөрийн хэмжээ өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа нь хариуцан ажиллаж байгаа нягтлан бодогчийн ажлын хариуцлагагүй байдал бөгөөд ноцтой зөрчил болно. Дутагдсан трактор, тоногдсон сэлбэг хэрэгслийг хариуцан ажиллаж байсан А.Э-ын ноцтой зөрчлийн тухай 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцэн ажлаас халж хууль хяналтын байгууллагад шилжүүлэх тухай байгууллагын хамтын шийдвэр гарсан. Мөн тус дутагдсан трактор, сэлбэг хэрэгсэлтэй холбогдох үйл баримтыг эрүүгийн цагдаагийн газар өгч шалгуулсан ба харъяаллын дагуу Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн 1 дүгээр хэлтэст шилжүүлсэн, тус хэлтэс нь гомдол мэдээллийг шалгаж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар ХХААХҮЯ-ны ТЭДС-ийн захирлын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/54 тоот тушаалыг хүчингүйд тооцож, нэхэмжлэгч А.Э-ыг ХХААХҮЯ-ны ТЭДС-ийн тооцооны нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар А.Э-ын ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 15 759 088 төгрөгийг хариуцагч ХХААХҮЯ-ны ТЭДС-аас гаргуулан нэхэмжлэгч А.Э-д  олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.Э-ын болон хариуцагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ХХААХҮЯ-ны ТЭДС-нд үүрэг болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлйин 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар дээрхи нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч ХХААХҮЯ-ны ТЭДС-аас 236 745 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ХХААХҮЯ болон БНХАУ-ын “ШФЛХИИ” компанитай 2012 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн "Зээлээр худалдах, худалдан авах гэрээ"-ний дагуу 8 400 ширхэг бага оврын тракторыг ХХААХҮЯ авч санд шилжүүлэн өгснөөр бид газар тариалан эрхлэгчидтэй гэрээ байгуулан олгох үйл ажиллагааг зохион байгуулж гүйцэтгэж ирсэн. Дээрхи хугацаанд ихэнх тракторуудыг гэрээгээр борлуулсан бөгөөд Сангийн 2016 оны балансад 73 ширхэг бага оврын трактор бүртгэлтэй үлдсэн байдаг. Гэтэл гүйцэтгэх захирлын тушаалаар томилогдсон тооллогын комиссын тайлан, дотоод хяналт шалгалтын комиссын дүгнэлт, хүнс, хөдөө аж ахуйн яамны улсын ахлах байцаагчийн актаар 11 ширхэг трактор, 9 ширхэг хадуур нийт 56 838 602 төгрөгийн хохирол учруулсан, 61 ширхэг трактор тоногдож, сэлбэг хэрэгсэл эд анги нь дутаж эвдэрсэн, хэвийн ажиллах боломжгүй болсон байдалтай байгааг засварлахад өнөөдрийн байдлаар 7 000 000 төгрөгний сэлбэгийг худалдан авч хийгээд байна.

А.Э нь 2005 оноос 2016 оны хүртэл тус санд нярав, нягтлан бодогчийн үүрэгт ажлыг хийж гүйцэтгэж байсан бөгөөд ажиллаж байх хугацаанд нь ажлын хариуцлага алдаж, үүрэгт ажилдаа хайнга хандсаны улмаас трактор, тармуур дутагдаж байгууллагад хохирол учруулсан болохыг Сангийн гүйцэтгэх захирлын 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн дугаар А/17 тушаалаар байгуулагдсан тооллогын комиссын тайлангаас ойлгогдож байна. Мөн 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн "Дотоод хяналт шалгалтын комисс"-ын дүгнэлт гарсан. Тус дүгнэлтээр, "Байгууллагад ноцтой хохирол учруулсан дээрх үйл ажиллагаанд дүгнэлт хийж үзвэл эд хөрөнгийг хариуцаж ажиллаж байсан Борлуулалт хариуцсан тооцооны нягтлан бодогч А.Э , ...нар нь хариуцсан үүрэгтээ хайхрамжгүй хандаж зарим тракторуудыг урьдчилгаа төлбөр хийлгэлгүй, гэрээ байгуулахгүйгээр олгосон байж болзошгүй, эсхүл санаатайгаар хөрөнгийг шамшигдуулсан, дутаасан зэрэг ноцтой зөрчлүүдийг дахин давтан үйлдэж, байгууллагад ихээхэн хэмжээний санхүүгийн хохиролыг учруулсан болох нь баримтаар тогтоогдож байна" гэсэн ноцтой хохирол учруулсан үйлдэл тогтоогдсон.

Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заалтаар А.Э 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр ажил олгогчтой байгуулсан "Хөдөлмөрийн гэрээ"-ний 7 дугаар зүйлийн 7.2.3-т ноцтой зөрчил гэж дараах зөрчлийг ойлгоно. Үүнд, "шунахайн сэдлээр сангийн болон бусдын эд зүйлс, өмч хөрөнгийг үрэгдүүлсэн, ашигласан, хулгайлсны улмаас хохирол учруулсан, энэ үйлдэл нь баримтаар нотлогдсон" гэсэн дутагдуулсан баримтыг үнэлсэнгүй. Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д зааснаар 2006 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн дугаар УДШ-ийн тогтоолд /мөнгө болон эд хөрөнгө хөрөнгө хариуцсан ажилтан гэдэг нь ...эд хөрөнгийн хадгалалт хамгаалалтанд бүртгэлээр хяналт тавих эрх бүхий санхүүгийн албан тушаалтан зэргийг хамруулна/ гэсэн бөгөөд А.Э нь сангийн трактор, хадуур хариуцсан нягтлан бодогчийн үүрэгт ажлыг хийж гүйцэтгэж байсан гэдэг нь хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, тооллогын тайлан, дотоод хяналтын акт, яамны улсын ахлах байцаагчийн акт зэргээр тогтоогдож байх бөгөөд байгууллагын эд хөрөнгө дутагдуулсан үйлдэл, эс үйлдэхүй нь тогтоогдсон байна. Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн дүрмийн 22 дугаар зүйлд /сангийн гүйцэтгэх захирал нь эрх хэмжээнийхээ хүрээн тушаал гаргана/ заасныг үндэслэсэн. Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн "Хөдөлмөрийн дотоод журам"-ын 10 дугаар зүйлийн 10.1.8-т /Хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гэдэг нь ...эд материалын болон бусад хохирол учруулсан.../ заалтын үндэслэл нь 2016 оны 11-р сарын 15-ны өдрийн Захирлын зөвлөлийн хурлаар /А.Э-ын учруулсан хохирлыг нөхөн төлүүлж, хууль хяналтын байгууллагад шилжүүлэх/ тухай шийдвэр гарсан байдаг. Тариалан эрхлэлтийг дэмжих санд ажиллаж байсан трактор хариуцсан тооцооны нягтлан бодогч хариуцах үүрэгт ажилдаа хайнга хандсан, зарим тракторуудыг урьдчилгаа төлбөр хийлгэлгүй, гэрээ, зөвшөөрөлгүй олгосон эсхүл санаатайгаар ганцаараа болон бусадтай нийлж ашиглан шамшигдуулсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргаж байгууллагд онц их хэмжээний учруулсан хохирол түүний үнэ тогтоогдсон ба учруулсан этгээд буюу нягтлангийн буруутай үйлдэл, эс үйлдэхүй байгаа нь тогтоогдсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Нэхэмжлэгч А.Э нь хариуцагч ХХААХҮЯ-ны ТЭДС-нд холбогдуулан тус сангийн захирлын 2016 оны Б/54 дүгээр тушаалыг хүчингүйд тооцож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхээр нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч дотоод хяналт шалгалтын комиссын дүгнэлт, тооллогын комиссын тайлан зэргээр А.Э нь ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ биелүүлээгүй, 12 ширхэг трактор дутаасан талаар маргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгч А.Э-ыг хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/54 тоот тушаалаар, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5-т тус тус заасныг “...үндэслэн мөн өдрөөс эхлэн ажлаас чөлөөлжээ.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ “...дутагдсан гэх хөрөнгө нь А.Э-ын гэм буруутай үйл ажиллагаанаас болсон гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй...” гэж дүгнэсэн нь зөв байна.

Учир нь нэхэмжлэгч А.Э-д  тухайн эд хөрөнгийг тоолсон 12 ширхэг тракторыг хүлээлгэн өгсөн болон, түүнийг ажил хүлээн авах үед 12 ширхэг трактор байсныг нотолсон баримт хэрэгт авагдаагүй, энэ асуудлаар цагдаагийн байгууллага шалгаж байгаа гэх боловч нэхэмжлэгчийг буруутайд тооцсон хөдлөшгүй үйл баримтгүй, 12 ширхэг трактор хэзээ, ямар байдлаар үгүй болсон нь эргэлзээгүй баримтаар тогтоогдохгүй байх тул хариуцагч нь тайлбар, татгалзлаа нотлох баримтаар нотолж чадаагүй гэж үзнэ.

Хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг  цуцалсан нь хууль зүйн үндэслэлгүй байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг тооцооны нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах үндэслэлтэй байна.

Иймд хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2018/00543 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    А.ОТГОНЦЭЦЭГ

 

  ШҮҮГЧИД                                    Д.БАЙГАЛМАА

 

                                                                       М.НАРАНЦЭЦЭГ