| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Өлзийхишиг |
| Хэргийн индекс | 141/2024/0016/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/19 |
| Огноо | 2024-03-26 |
| Зүйл хэсэг | 24.6.2.3., |
| Улсын яллагч | Б.Чулуунхүү |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 2024/ШЦТ/19
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Өлзийхишиг даргалж,
Улсын яллагч Б.Чулуунхүү,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Гүнчинсүрэн,
Шүүгдэгч *******, *******, *******
Нарийн бичгийн дарга Л.Золбоо нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******, *******, ******* нарт холбогдох эрүүгийн дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт 1: Монгол Улсын иргэн, боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл, хамт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаартай, Товогт Б.О,
Шүүгдэгчийн биеийн байцаалт 2: Монгол Улсын иргэн, настай, эрэгтэй, боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл-, хамт багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаартай, Б овогт З.С.
Шүүгдэгчийн биеийн байцаалт 3: Монгол Улсын иргэн, өдөр төрсөн, настай, эрэгтэй, боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-, хамт багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаартай, Д овогт Ж.О.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч *******, 3.Сүхболд, ******* нар нь бүлэглэн Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн нутаг “Булагт” гэх улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос 2024 оны 01 дүгээр сарын 23, 24-ний өдрүүдэд зохих зөвшөөрөлгүйгээр шинэс төрлийн хэрэглээний, хуурай 10,8457 метр куб модыг 2 тооны морь ашиглаж бэлтгэн, 08-81 ЗАН улсын дугаартай Зил-131 маркийн, 26-65 ЗАА улсын дугаартай Зил-130 маркийн тээврийн хэрэгслүүдийг ашиглаж Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн “Салхит модны дээд тал” гэх газар руу тээвэрлэн сумын ойн санд 3,292,526.76 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч *******, 3.Сүхболд, ******* нар нь бүлэглэн Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн нутаг “Булагт” гэх Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос 2024 оны 01 дүгээр сарын 23, 24-ний өдрүүдэд зохих зөвшөөрөлгүйгээр шинэс төрлийн хэрэглээний, хуурай 10,8457 метр куб модыг 2 тооны морь ашиглаж бэлтгэн, 08-81 ЗАН улсын дугаартай Зил-131 маркийн, 26-65 ЗАА улсын дугаартай Зил-130 маркийн тээврийн хэрэгслүүдийг ашиглаж Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн нутаг “Салхит модны дээд тал” гэх газар руу тээвэрлэн сумын ойн санд 3,292,526.76 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт нь:
Иргэний нэхэмжлэгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн иргэдийн ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэх асуудлыг хуулийн дагуу шалгах хэрэгтэй байх. Сумын ойн санд учруулсан хохирол болох Тосонцэнгэл сум дахь сум дундын Ойн ангийн шинжээчийн гаргасан экологи эдийн засгийн үнэлгээг, нөхөн төлбөрийн хамт нэхэмжилнэ. Харин өөр нэхэмжлэх зүйл байхгүй…” гэсэн мэдүүлэг, /хх 43/
Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…Манай сумын иргэн 3.Сүхболд, ******* нартай 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Тэлмэн сумын төвд таарсан чинь тухайн 2 иргэн надад Тосонцэнгэл сумын Рашаант багийн нутаг Булагт гэх газарт отрын гэр дээр очиж тэндээ хэдэн мод бэлтгэж ирнэ чи авах уу гэж надаас асуухаар нь та хоёр тэгээд хэнтэй явах гэж байгаа юм гээд асуутал *******тэй түүний Зил-131 маркийн автомашинтай явна гэж хэлсэн. ******* бид хоёрын хооронд өр авлагын асуудал байдаг болохоор би тэр үед 3.Сүхболд, ******* нарт хэрэглээний мод та нар өгье гэж байгаа бол би тэр үед нь шийдье гэж хэлээд өнгөрсөн. Тэгсэн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны орой 19 цагийн үед 3.Сүхболд хөдөөнөөс Цэндээ гэдэг айлаас над руу утсаар ярьсан. Утсаар ярихдаа “бид нар 100 орчим ширхэг хэрэглээний 4 метрийн модыг Булагтаас бэлтгээд автомашины толгойгоороо чиргүүл дээрээ аччихаад айлд ирлээ замдаа цасанд суугаад нэлээн юм болж ирлээ. Тэгшийн эхээр Тосонгоос шалгалт явж байгаа юм уу хөдөөгүүр тийм сураг байна” гэж надаас асуухаар нь би сайн мэдэхгүй байна гэж хэлсэн. Түүнээс миний хувьд тэр хүмүүсийг модонд явуулсан ямар нэгэн асуудал байхгүй. Тухайн иргэд надад эрхийн бичиг авсан эсэх талаар ямар нэгэн зүйл яриагүй Булагт гэх газраас хэрэглээний мод бэлтгэж ирнэ гээд явсан. *******эд Зил-131 маркийн 08-81 ЗАН улсын дугаартай чиргүүлтэй автомашин байдаг. Тухайн автомашиныг ******* 2021 онд надаас худалдан авч байсан. Одоо бид хоёрын хооронд өр авлагын ямар нэгэн асуудал байхгүй. Тухайн автомашин одоо албан ёсоор *******ийн нэр дээр шилжсэн байгаа...” гэсэн мэдүүлэг /хх 45/,
Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай Тэлмэн сумын Баянтэгш багийн иргэн ******* 2024 оны 01 сарын 26, 27-ны үед над руу утсаар залгаад хөдөө мод хийж байна машин асдаггүй, бензин тос дөхүүлж өгөөч гэж гуйхаар нь би 2024 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр сумын төвөөс шатахуун аваад *******эд хүргэж өгөхөөр өөрийн эзэмшлийн Зил-131 маркийн 26-65 ЗАА улсын дугаартай автомашинаар явсан. Намайг хөдөө явах үед надтай хамт ******* отрын адууны гэр дээрээ очих гэж хамт явсан. Би 2024 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Тэлмэн сумаас гарч яваад Тосонцэнгэл сумын Рашаант багийн нутаг Булагтын хаяа гэх газарт отрын адууны гэр дээр очсон. Бид хоёрыг гэр дээр очиход тэнд *******, 3.Сүхболд, ******* нар байсан. Тэгээд 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өглөө Булагт гэх газарт ойгоос бэлтгэсэн байсан шинэс төрлийн 4 метрийн урттай 100 орчим ширхэг хэрэглээний модыг ******* бид хоёрын Зил-131 маркийн автомашины толгойн тэвшин дээр бид нар хамт ачилцаад Салхит модны дээд талд байсан 2 чиргүүл дээр хүргэхээр яваад замдаа цасанд суугаад хээр машинаа орхиод бид нар буцаад гэртээ ирж хоночхоод 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өглөө эрт чиргүүл дээр моднуудаа хүргэж ачсан. Дээрх 100 орчим ширхэг моднуудыг *******, *******, Б. Отгонсүх нар тэр Булагт гэх газраас 2024 оны 01 дүгээр сарын 23, 24-ний өдрүүдэд бэлтгэсэн гэж өөрсдөө хэлсэн. Тухайн үед хөдөө *******ын эзэмшлийн хүрэн өнгийн хужаагийн моторт хөрөө байсан учир түүнийг ашиглаж дээрх моднуудыг бэлтгэсэн байх гэж бодож байна. Харин тухайн моднуудыг ******* өөрийнхөө бор зүсмийн мориор, ******* өөрийнхөө алаг зүсмийн мориор чирч цагаалсан гэж ярьсан. ******* бид хоёрын хувьд дээрх 100 орчим ширхэг модыг ойгоос бэлтгэх ажиллагаанд оролцоогүй. Харин чиргүүл дээр сэлгэж ачихад хамт ачилцсан. Миний хувьд дээрх иргэдийг зөвшөөрөлгүй мод бэлтгэснийг анх мэдээгүй. Намайг 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хөдөөнөөс сумын төв орж ирэх үед миний хажууд *******, *******, ******* нар хоорондоо бид нар он гараад 01 сард мод бэлтгэсэн нь буруу боллоо эрхийн бичиг авалгүй мод бэлтгэсэн нь хаашдаа өнгөрлөө гээд хоорондоо ярих үед би зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн юм байна гэдгийг мэдсэн. Миний хувьд анх тэр гурав дээр бензин хүргэж тус болох санаатай очсон...” гэсэн мэдүүлэг /хх 47-48/
Гэрч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Тосонцэнгэл сумын Рашаант багийн нутаг Тэгшийн эхэнд 2023 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс хойш хөлсний адуу авч адууны отор хийж байгаа юм. Би отрын гэрээсээ 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Тэлмэн сумын төвд ирээд гэртээ байж байгаад буцаад сумын төвөөс 2024 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Гүржавын хамт Зил-131 маркийн автомашинд дайгдаж яваад Рашаант багийн нутаг “Булагтын хаяа” гэх газар очсон. Бид хоёрыг Булагтын хаяа гэх газарт 01 сарын 28-ны шөнө очиход гэрт 3.Сүхболд, *******, ******* нар байсан. Бид нар тэр шөнө нэг гэрт хамт хоносон. Тэгээд би 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өглөө отрын адуугаа эргэж бөөгнүүлж унаагаа сольсон. Намайг унаагаа сольчхоод ирэхэд Н.Гүржав, ******* нар өөрсдийнхөө Зил-131 маркийн автомашины толгойн тэвшин дээр тус бүр 50 орчим ширхэг хэрэглээний 4 метрийн модыг ачсан. Бэлчир мод толгойн ар талд цасанд суусан байсан. Тэгээд бид нар цас ухаж байгаад нэг модтой Зил-131 автомашинаа гаргаад нөгөө нэг автомашинаа гаргаж чадалгүй тэнд орхиод гэртээ ирж хоноод маргааш өглөө нь буюу 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өглөө эрт очиж цаснаас машинаа гаргаад Салхит модны дээд талд байсан Н.Гүржав, Отгонсүх нарын Зил-131 маркийн автомашины чиргүүл дээр моднуудаа аччихаад буцаад гэртээ ирсэн юм. Тэгсэн сумын төвөөс хяналт шалгалтаар байгаль орчин, цагдаагийн хүмүүс ирж байгаа талаар бид нар сонссон. Бид нарыг гэртээ байж байхад Цэндээ гэдэг нутгийн настай ах хүрч ирээд тэжээлийн үхэр өвсгүй болоод өвс, түлээ ачмаар байдаг аль нэг нь машинаараа яваад өгөөч гэж гуйхаар нь бид нар тус больё гээд 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр бөөнөөрөө Цэндээ гуайн өвөлжөө буюу “Тарвагат-Ухаа” гэх газарт очоод 3 хонож байхад нөгөө сумын төвөөс ирсэн хяналт шалгалтын хүмүүс ирээд бид нартай уулзаад сумын төв орж уулзаарай гэж хэлчхээд явсан юм. Н.Гүржав, ******* нарын чиргүүл дээр ачсан дээрх 100 орчим ширхэг 4 метрийн моднуудыг 2024 оны 01 дүгээр сарын 23, 24- ний үед Рашаант багийн нутаг Булагт гэх газраас бэлтгэсэн гэж *******, *******, ******* нар өөрсдөө ярьж байсан юм. Тухайн үед хөдөө *******ын эзэмшлийн хүрэн өнгийн хужаагийн моторт хөрөө байсан учир түүнийг ашиглаж дээрх моднуудыг бэлтгэсэн байх гэж бодож байна. Тухайн моднуудыг ******* өөрийн бор зүсмийн мориор, ******* өөрийнхөөрөө алаг зүсмийн мориор чирч цагаалсан гэж ярьсан. Н.Гүржав бид хоёрын хувьд дээрх 100 орчим ширхэг модыг ойгоос бэлтгэх ажиллагаанд оролцоогүй. Харин чиргүүл дээр сэлгэж ачихад хамт ачилцсан. Би эрхийн бичиг авсан эсэхийг мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг /хх 54/,
Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тосонцэнгэл сумын хэмжээнд 2024 он гарсаар цөөн тооны иргэдэд хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичиг олгосон байгаа. Надаас 2024 он гарсаар Тэлмэн сумаас ямар нэгэн хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Миний зүгээс 2024 онд Тосонцэнгэл сумын Рашаант багийг хариуцан ажиллаж байгаа байгаль хамгаалагч байгаа юм. Сумын байгаль хамгаалагчийн зүгээс зөвхөн сумын ойн сан бүхий газар нутгаас иргэдэд хэрэглээ, түлээний мод бэлтгэх эрхийн бичиг олгож байгаа. Улсын тусгай хамгаалалттай газар нутагт иргэдэд хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичиг олгохгүй. Иргэн хүний зүгээс улсын тусгай хамгаалалттай газар нутгаас хэрэглээний мод бэлтгэж болохгүй…” гэсэн мэдүүлэг /хх 56/,
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын ойн ангийн шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 05 дугаартай: “...Ойгоос бэлтгэсэн моднууд нь шинэс хуурай хар мод байна. Ойгоос бэлтгэсэн гэх моднууд ангиллын хувьд хэрэглээний мод байна. 2,20 дээш урттай бөөрөнхий мод хэрэглээний модонд хамаарна. Ойгоос бэлтгэсэн моднууд цаг хугацааны хувьд нэг цаг хугацаанд бэлтгэсэн модны тайралт бүгд жигд байна. Ойгоос бэлтгэсэн гэх моднууд 2024 оны 12 дугаар сараас 01 дүгээр сард ойгоос бэлтгэсэн байх магадлалтай, модны тайралтыг харахад шинэвтэр жигд байна. Хэргийн газрын үзлэгээр GP 3 төхөөрөмжөөр тогтоосон /N48o 15/29.9, Е 980 07/ 39.3, 480 15/28.5, Е 98o 07/39 5, N48o 15/31.0, Е 98°07/37.3, N48o 15/31.8, Е 98007/ 37.6, 48o 15/32.3, Е 98o 07/ 15.5, / N48o 15/ 31.1, Е 98o 07/ 49.0, цэгүүдээр мод бэлтгэсэн гэх газар Тосонцэнгэл сумын Рашаант багийн нутаг Тэгшийн эхний “Булагт” гэх газар мөн байна. Мод бэлтгэсэн газар ойн нэгдүгээр мужлал, Улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарна. Тухайн мод бэлтгэсэн мужид 1 куб метр модны экологи эдийн засгийн үнэлгээ 168,655 төгрөг байна. Тосонцэнгэл сумын Рашаан багийн Тэгшийн эхний “Булагт” гэдэг газраас бэлтгэсэн гэх мод нийт 10,8457 метр куб байна. БОАЖ-ын сайдын 2020 оны 176-р тушаалыг үндэслэн экологи эдийн үнэлгээг тогтооход бүх төрлийн хуурай модны 1-р мужийн 1 метр, куб шинэс модны экологи үнэлгээ нь хэрэглээний модонд 168,655 төгрөг итгэлцүүр болох 1,8-аар үржин бодож 1 метр куб модны экологи эдийн засгийн үнэлгээ 303,579 төгрөг болж, бэлтгэсэн мод 10,8457 метр кубээр үржин экологи эдийн засгийн үнэлгээ 3,292,526.76 төгрөг болж байна. Иргэн хүн ойгоос мод бэлтгэхдээ сумын байгаль хамгаалагчаас ойгоос мод бэлтгэх эрхийн бичиг авч бэлтгэх ёстой. Босоо модыг огтлох замаар бэлтгэж болохгүй. Завхан аймгийн Тэлмэн сумын иргэд Тосонцэнгэл сумын нутаг дэвсгэрээс мод бэлтгэж болно. Ойгоос мод бэлтгэх эрхийн бичиг авсан байх ёстой. Завхан аймгийн Тосонцэнгэл суманд 2024 оны 01, 02 дугаар сард иргэдэд мод бэлтгэх эрхийн бичиг олгосон. Харин Тэлмэн сумын иргэдэд Тосонцэнгэл сумын нутаг дэвсгэрээс мод бэлтгэх эрхийн бичиг олгогдоогүй байна. Ойгоос мод бэлтгэсэн иргэд нь Ойн тухай хууль 35.4.2-р заалт зөрчсөн байна...” гэсэн шинжээчийн дүгнэлт, тоолуурын хүснэгт /хх 68-70/
Улсын байцаагчийн 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 03 дугаартай: “...Иргэн *******, *******, ******* нарын хууль бусаар бэлтгэсэн 10,8457 м3 шинэс модыг захиргааны журмаар хураан авах. Ойн нөөцөд учруулсан хохирлыг шинэс модны Экологи эдийн засгийн үнэлгээ болох 10,8457 м3 3,292,526.76 төгрөг боловч Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1-т зааснаар нөхөн төлбөрийн хэмжээг гурав дахин өсгөж тооцож 3,292,526.76х3= 9,877,580.28 төгрөгийг нөхөн төлүүлэх. Актаар тогтоосон төлбөр 9,877,580.01 төгрөгийг 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дотор бүрэн барагдуулахыг иргэн *******, *******, ******* нарт сануулав...” гэсэн нөхөн төлбөр ноогдуулах тухай акт /хх 76/,
Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ний үнэлгээчний 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 17 дугаартай: “...Зил-131 маркийн тээврийн хэрэгсэл 1 ширхэг 5,800,000 төгрөг, соёолон насны морь 1 ширхэг 800,000 төгрөг, их насны морь 1 ширхэг 800,000 төгрөг, шинэс төрлийн мод 100 ширхэг 700,000 төгрөг, эмээл /модон бүүрэгтэй хуучин/ 1 ширхэг 27,000 төгрөг, хазаар 12,000 төгрөг, гинж 240 см 10,800 төгрөг, уяа 80 см 2,000 төгрөг, Зил-130 маркийн автомашин 1 ширхэг 3,600,000 төгрөг, хятад үйлдвэрлэсэн модны хөрөө 1 ширхэг 80,000 төгрөг нийт 1,183,800 төгрөг гэж тогтоолоо...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх 82-84/,
Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ний үнэлгээчний 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 18 дугаартай: “...2006 онд үйлдвэрлэгдсэн приус 20 маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээ 10,000,000 төгрөг гэж тогтоогдлоо...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх 91-92/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 3-9/ зэргээр тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
Мөн шүүгдэгч *******, *******, ******* нарын “... 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Завхан аймгийн Тэлмэн сумаас мод хийх зорилгоор бид нар Отгонсүхийн эзэмшлийн Зил-131 маркийн тээврийн хэрэгслээр явсан. Бид нар Тосонцэнгэл сумын Рашаант багийн нутаг дэвсгэр “Булагт” гэдэг газар 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өглөө очоод нэг өдөр амарч өнжөөд маргааш буюу 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлээд модоо бэлдэж эхэлсэн. Тэгээд нийт 4 метрийн урттай 100 ширхэг мод бэлдээд ачих гэтэл Отгонсүхийн эзэмшлийн Зил-131 маркийн тээврийн хэрэгсэл бензин, тосолгүй болоод Тэлмэн сумаас Гүржав гэх хүн рүү ярьж бензин болон тосол захисан. Тэгээд Отгонсүх, Гүржав нарын машинаар модоо цагаалаад байж байтал Рашаант багийн иргэн Цэндээ гэдэг хүн ирээд галын мод дөхүүлээд өгөөч гэхээр Гүржавын машинаар Отгонсүх, Сүхболд, Гүржав бид 4 яваад модыг нь ачиж өгч чадаагүй машин эвдэрсэн. Тэгэхээр бид нар машинаа орхиод цааш алхаад Цэндээ гэдэг айлд очиж хоносон. Маргааш нь тэр айлд цагдаа болон ойн ангийн мэргэжилтэн, байцаа нар ирээд бид нарыг шалгаад эрхийн бичиггүй мод бэлтгэсэн байна гээд модоо ачаад сумын төв орж ирээрэй гэж хэлээд явсан. Бид нар тэр өдрөөс хойш 2 хоногийн дараа машинаа засаад 2 машинтай чиргүүл дээр ачсан модоо ачиж аваад сумын төв орж ирсэн. Тэгээд нөгөө ачиж ирсэн 100 ширхэг модоо Тэлмэн сумын цагдаагийн хэсгийн хашаанд буулгасан. Дээрх модыг бид гурав гурвуулаа ээлжилж хөрөөдөж бэлтгэсэн. Очирын эзэмшлийн хүрэн алаг хөрөөгөөр хөрөөдөж, хөрөөдсөн модоо зүүн гуяны дээрээ ОТ тамгатай, соёолон насны бор зүсмийн морь болон Сүхболдын эзэмшлийн хээр алаг зүсмийн мориор чирсэн. Очир мод чирэхдээ гинж ашигласан, Сүхболд цагаан уяа ашигласан. Цагаан сарын баяраар хэрэглэх мөнгө олох зорилгоор модонд явсан. Мод бэлтгэсэн газрыг Улсын тусгай хамгаалалтай газар гэдгийг сайн мэдэхгүй...” гэсэн мэдүүлгүүд нь зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэж, тээвэрлэсэн үйл баримтыг давхар нотолж байна.
Шүүгдэгч *******, *******, ******* нарт холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, мөн шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрч, байгаль экологид учруулсан хохиролд 9,877,580.01 төгрөгийг төлж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Ойн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д “Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтын бүсийн ойгоос мод, ойн дагалт баялгийг зохих төлбөр, хураамжийг төлсний үндсэн дээр ашиглах эрхтэй”, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 34.3 дахь хэсгүүдэд “Тухайн сум, дүүргийн ойн анги, эрх бүхий албан тушаалтан нь иргэн, аж ахуйн нэгжид мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно, уг эрхийн бичигт мод бэлтгэх иргэн, аж ахуйн нэгжийн нэр, хаяг, бэлтгэх модны төрөл, хэмжээ, бэлтгэх газрын нэр, бэлтгэх, тээвэрлэж дуусгах хугацаа зэргийг тодорхой заана, эрхийн бичгийг бусдад шилжүүлэхийг хориглоно” гэж тус тус зааснаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь мод бэлтгэхдээ зохих төлбөр, хураамжийг төлж, тусгай зөвшөөрөл буюу мод бэлтгэх эрхийн бичиг авсан байхыг үүрэг болгосон байна.
Шүүгдэгч *******, *******, ******* нар нь дээрх хуулийн шаардлагуудыг зөрчиж 2024 оны 01 дүгээр сарын 23-24-ны өдрүүдэд Улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн нутаг “Булагт” гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 10,8457 метр куб модыг бэлтгэж 08-81 ЗАН улсын дугаартай Зил-131 маркийн, 26-65 ЗАА улсын дугаартай Зил-130 маркийн тээврийн хэрэгслүүдийг ашиглаж Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн Салхит модны дээд тал гэх газар руу тээвэрлэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-д заасан бүлэглэж улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд мод бэлтгэж тээвэрлэсэн гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ” гэж заажээ.
Шүүгдэгч *******, *******, ******* нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “...урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар цагдаагийн газрын мэдээллийн санд бүртгэгдээгүй...” гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх хэсэгт “...ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэж заасны дагуу шүүгдэгч *******, *******, ******* нарын 10,8457 м3 хэрэглээний мод бэлтгэсний улмаас байгаль экологид 3,292,526.76 төгрөгийн хохирол учирсныг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 9,877,580.01 төгрөгийн хохирол учирсан хохирлыг төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна.
Шүүгдэгч нарт ял оногдуулахдаа шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрийн бүрэн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан байх тул прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2, 2.3-т зааснаар шүүгдэгч *******, *******, ******* нарт хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч нарт гэмт хэргийн хор уршиг арилгах 300 ширхэг мод тарих, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тус тус дурдсан болно.
Шүүгдэгч *******, *******, ******* нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 26-65 ЗАА улсын дугаартай Зил-130 маркийн тээврийн хэрэгсэл бусдын өмчлөлийнх болох нь: шүүгдэгч нарын “*******ийн эзэмшлийн 08-81 ЗАН улсын дугаартай Зил-131 маркийн машинаар болон Гүржавын эзэмшлийн 26-65 ЗАА улсын дугаартай Зил-130 машинаар модоо ачиж сумын төв орж ирсэн....” гэсэн мэдүүлэг, гэрч *******: “...Над руу залгаад хөдөө мод хийж байна машин асдаггүй, бензин тос дөхүүлээд өгөөч гэж гуйхаар нь шатахуун хүргэж өгөхөөр өөрийн эзэмшлийн Зил-131 маркийн 26-65 дугаартай автомашинаар явсан. Тэд нарын бэлтгэсэн 4 метрийн урттай 100 ширхэг хэрэглээний модыг ******* бид хоёрын Зил-131 маркийн автомашины толгой тэвшин дээр бид нар хамт ачилцсан Би тухайн автомашиныг 2021 онд Тэлмэн сумын Шургах багийн иргэн Батхүрэл гэх хүнээс худалдан авч байсан...” гэсэн мэдүүлэг, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.
Харин шүүгдэгч *******, *******, ******* нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 08-81 ЗАН улсын дугаартай Зил-131 маркийн тээврийн хэрэгсэл шүүгдэгч *******ийн өмчлөлийнх болох нь “шүүгдэгч *******ийн бэлтгэсэн модоо өөрийн эзэмшлийн 08-81 ЗАН улсын дугаартай Зил-131 дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн. Би уг автомашиныг 2021 онд Сайхнаа гэх хүнээс 5,000,000 төгрөгөөр худалдаж авсан, чиргүүлийг Говь-Алтай аймгийн нэг хүнээс 1,000,000 төгрөгөөр худалдаж авсан...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авах албадлагын арга хэмжээ авахаар заасан байх тул шүүгдэгч *******, *******, ******* нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 10,800 төгрөгийн үнэлгээ бүхий 240 см урттай гинж, 2,000 төгрөгийн үнэлгээ бүхий 80 см урттай хар өнгийн уяа, 27,000 төгрөгийн үнэлгээ бүхий бор моринд тохиж хэрэглэсэн модон бүрэгтэй хуучин эмээл, 12,000 төгрөгийн үнэлгээ бүхий суран хазаар зэргийг тус тус устгаж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 80,000 төгрөгийн үнэлгээ бүхий Хятад үйлдвэрлэсэн хөрөө, 700,000 төгрөг үнэлгээ бүхий 4 метрийн урттай 100 ширхэг мод, 800,000 төгрөгийн үнэлгээ бүхий шүүгдэгч *******ын эзэмшлийн зүүн гуяны дээрээ ОТ тамгатай соёолон насны бор зүсмийн морь 1 ширхэг, 800,000 төгрөгийн үнэлгээ бүхий *******ын хээр алаг зүсмийн их насны морь 1 ширхэг, 5,800,000 төгрөгийн үнэлгээ бүхий шүүгдэгч *******ийн эзэмшлийн 08-81 ЗАН улсын дугаартай Зил-131 маркийн тээврийн хэрэгсэл 1 ширхэг, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 26-65 ЗАА улсын дугаартай Зил-130 маркийн тээврийн хэрэгслийн үнэ 3,600,000 төгрөгийг шүүгдэгч нараас тус тус гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэв.
Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, прокурорын 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 07, 08, 09, 2024 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 10 дугаартай эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт Б.О Б овогт З.С, Д овогт Ж.О нарыг зөвшөөрөлгүйгээр бүлэглэн улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар шүүгдэгч *******, *******, ******* нарт хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч *******, *******, ******* нарт гэмт хэргийн хор уршиг арилгах 300 ширхэг мод тарих үүрэг хүлээлгэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д зааснаар согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, *******, ******* нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.
5 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, *******, ******* нар нь тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, *******, ******* нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 240 см урттай гинж, 80 см урттай хар өнгийн уяа, модон бүрэгтэй хуучин эмээл, суран хазаар зэргийг тус тус устгаж,
Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хөрөө, гэмт хэрэг үйлдэж олж авсан 4 метрийн урттай 100 ширхэг мод, шүүгдэгч *******ын эзэмшлийн зүүн гуяны дээрээ ОТ тамгатай соёолон насны бор зүсмийн морь 1 ширхэг, шүүгдэгч *******ын хээр алаг зүсмийн их насны морь 1 ширхэг, шүүгдэгч *******ийн эзэмшлийн 08-81 ЗАН улсын дугаартай Зил 131 маркийн тээврийн хэрэгсэл 1 ширхэг, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 26-65 ЗАА улсын дугаартай Зил-131 маркийн тээврийн хэрэгслийн үнэ 3,600,000 төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулж тус тус улсын орлого болгосугай.
7. Шүүгдэгч *******, *******, ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирол төлбөрт 9,877,580.01 төгрөг төлсөн, иргэний нэхэмжлэгч гомдол саналгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. .
10. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 07, 08, 09 дугаартай, 2024 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 10 дугаартай эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.
11. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
12. Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, прокурор өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ӨЛЗИЙХИШИГ