Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 2024/ШЦТ/20

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Өлзийхишиг даргалж,

Улсын яллагч Б.Чулуунхүү,

Шүүгдэгч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Золбоо нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******эд холбогдох эрүүгийн  дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, өдөр  төрсөн,  настай, эрэгтэй, боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл, хамт оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаартай, Х овогт Ч.Г,

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч ******* нь 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Завхан аймгийн Тэс сумын Нисэг багийн нутаг дэвсгэрт Улсын хилийн 245/3 дугаар тэмдгийн баруун талаар 900 метр газраар газрын бартаа саадыг ашиглан Оросын холбооны улсын нутагт дэвсгэрт бог малаа бэлчээрлүүлж, түүнийгээ авах зорилгоор явганаар зохих зөвшөөрөлгүйгээр Монгол улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн, мөн 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Завхан аймгийн Тэс сумын Нисэг багийн нутаг дэвсгэрт Улсын хилийн 245/3 дугаар тэмдгийн баруун талаар 900 метр газраар газрын бартаа саадыг ашиглан Оросын холбооны улсын нутагт дэвсгэрт бог малаа бэлчээрлүүлж, түүнийгээ авах зорилгоор явганаар зохих зөвшөөрөлгүйгээр Монгол улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч ******* нь 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Завхан аймгийн Тэс сумын Нисэг багийн нутаг дэвсгэрт Улсын хилийн 245/3 дугаар тэмдгийн баруун талаар 900 метр газраар газрын бартаа саадыг ашиглан Оросын холбооны улсын /Цаашид ОХУ гэх/ нутагт дэвсгэрт бог малаа бэлчээрлүүлж, түүнийгээ авах зорилгоор явганаар зохих зөвшөөрөлгүйгээр Монгол улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн, мөн 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Завхан аймгийн Тэс сумын Нисэг багийн нутаг дэвсгэрт Улсын хилийн 245/3 дугаар тэмдгийн баруун талаар 900 метр газраар газрын бартаа саадыг ашиглан ОХУ нутагт дэвсгэрт бог малаа бэлчээрлүүлж, түүнийгээ авах зорилгоор явганаар зохих зөвшөөрөлгүйгээр Монгол улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэх хэргийн үйл баримт нь:

            Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр албаны өрөөндөө бичиг баримт боловсруулан ажлаа хийж байх явцад ангийн шуурхай жижүүрээс хариуцсан хэсгийн хилийн 245/3 дугаар тэмдгийн баруун гар талаар 900 м зайд улсын хил зөрчсөн иргэнийг саатуулсан талаар ОХУ талаас мэдэгдсэн гэж холбоогоор хэлсэн. Үүний дагуу хилийн зөрчил гарсан чиглэл рүү ахлах дэслэгч А.Дашдэлэг миний бие, харуулын дарга ахлах ахлагч А******* нарын хамтаар хөдөлгөөн үйлдэж очиход Улсын хилийн 245/3 дугаар тэмдгийн баруун гар талд 800-900 метр орчим зайд иргэн *******ийг ОХУ-ын хилчид саатуулан нутгийн гүн рүү авч явж байсан. Тухайн үед иргэн *******ийнх 245/3 тэмдгээс 2 км зайд нутаглаж байсан. Өвөлжөө нь тэнд байдаг юм. Тэгээд бид нар улсын хил зөрчсөн ул мөрөнд үзлэг шалгалт хийж мөрийг хадгалалтад авч баримтжуулсан. Тэгээд байж байтал ангийн төвөөс бүлэг ирсэн. Тус бүлэгт ахмад ******* ирж газар орны нөхцөл байдлыг шалгахад *******ийн 200 орчим бог улсын хил давж ОХУ-ын нутаг дэвсгэрт 20 метр цөмөрч бэлчээрлэсэн ул мөр байсан. Мөн өмнөх өдрүүдэд нь хэд хэдэн удаа ОХУ-ын нутаг дэвсгэрт цөмөрч орсон бэлчээрлэсэн ул мөр тодоос тод байсан. Тэгээд тухайн өдөр ОХУ-ын талаас хилийн холбогдох албаны хүмүүс ирээд ул мөрөнд үзлэг хийгээд хүлээлцэх гэсэн боловч хил зөрчигч ******* өөрийн биеэр байгаагүй учир шийдвэрлэгдээгүй тул хилийн бүрэн эрхт төлөөлөгчийн орлогчийн уулзалтаар шийдвэрлэх саналыг ОХУ-ын талаас тавьсан. Уг хүсэлтийн дагуу 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр зөрчил гарсан газар орон дээр хилийн бүрэн эрхт төлөөлөгчийн орлогчийн уулзалт зохион байгуулж улсын хил зөрчсөн хил зөрчигчийн ул мөрийг хүлээлцэж хил зөрчигч *******ийг ОХУ-ын талаас хүлээлгэн өгсөн. Тус хэргийн газарт үзлэг хийхэд хил зөрчигчийн гутлын мөр ОХУ-ын талд гарсан байсан үүнийг гэрэл зургаар бэхжүүлсэн. ОХУ-ын хилийн албаны хүмүүс бидэнд ярихдаа хилийн 245/3 дугаар тэмдгээс 3 км нутагладаг ОХУ-ын малчин нь Монгол малчны мал байнга манай улсын хил давж бэлчээрлэж байна. Манай мал яагаад Монгол Улсын тал руу гарч бэлчээрлэж болдоггүй юм бэ гэж гомдоллосон Ж.Цэрэндорж,учраас тэр мэдээллийн дагуу хилийн шугамд шалгалт хийх явцад танай малчинтай тааралдсан. Энэ хүн бог малаа байнга манай улсын хил рүү давуулсан ул мөр байна, мөн монгол гутлын ул мөр манай улсын талд байгаа нь тодорхой харагдаж байгаа биз дээ гэж хэлсэн. Хил зөрчигч *******ийн мал ихэвчлэн улсын хилд тулж бэлчээрлэдэг. Хэрэг гарахын өмнөх өдөр тэдний мал хилд 100-200 метр тулж бэлчээрлэж байхад нь утсан холбоогоор анхааруулсан. Мөн хилийн зөрчил гардаг өдөр буюу 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хилийн манааны үүрэг гүйцэтгэж явсан ахлах байлдагч байлдагч Г******* нарын бүрэлдэхүүнтэй сэргийлэх манаа үүрэг гүйцэтгэх хугацаандаа малаа хариулгатай байлгаарай хэмээн сануулж байсан ч яг тухайн өдөр хилийн зөрчил гарсан. Энэ жил цас зудтай байгаа болохоор Хилийн цэргийн 0277 дугаар ангийн захирагч, аймгийн засаг дарга, салбарын захирагч миний бие, малчин ******* нар нь торны цаана бог малаа эзэн хариулгатай бэлчээрлүүлэх талаар гуравласан гэрээ байгуулж, Монгол Улсын хилийн тухай хуулийн холбогдох заалтыг баримтлах талаар баталгаа өгсөн. Уг иргэд малаа эзэн хариулгатай байлгах үүрэгтэй. Гэтэл ******* малаа эзэн хариулгагүй орхисон. Үүнээс болж мал нь Улсын хил давж ОХУ-ын нутаг дэвсгэрт бэлчээрлэсэн ба түүнийгээ авах зорилгоор явганаар үе үе хил гарч байсан байна. Энэ ОХУ-ын нутаг дэвсгэрт бог малын мөр гарсан, мөн монгол гуталтай хүний мөр байсан зэрэг нөхцөл байдлаар тогтоогдсон...” гэсэн мэдүүлэг /хх 41-43/

Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр байлдагч Бат-Оргилын хамтаар улсын хилийн 244-246 дугаар тэмдгийн хооронд өглөөний 10 цагаас 14 цагийн хооронд манааны үүрэг гүйцэтгэсэн. Үүргээ гүйцэтгэхдээ өглөөний 10 цагт заставын байрлалаас хөдөлгөөн үйлдэж 245/5 дугаар тэмдэгт дээр ирэхэд миний баримжаагаар /цаггүй байсан/ 12 цаг болж байсан байх. Тэгээд буцах замдаа торон саадаа дагаад явж байтал хилийн 245/3 *******ийн мал торон саадаа даваад бэлчээрлэж байсан. Тэгээд байлдагч Бат-Оргилын хамтаар *******ийн гэрт ороход эхнэр хүүхэд хоёр нь байсан. Гансүх ахыг хаашаа явсныг асуухад бог малаа хариулаад гарсан гэж хэлсэн. Тэгэхээр нь малаа хариулгатай бэлчээрлүүлээд орой буцааж аваарай гэж хэлээд явсан. Тэгээд буцаад застав дээрээ ирсэн /цагаа сайн санахгүй байна/ 14 цаг өнгөрч байсан болов уу? гэж бодож байна. Ирээд нээх удаагүй байхад хилийн 245/3 дугаар тэмдэгтээр хилийн зөрчил гарсан гэсэн мэдээ ангийн төвөөс ирсэн. Тэгээд заставын дарга шалгахаар явсан. Цаашаа мэдэхгүй. ...Бид нар тухайн үед буюу 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл хилийн шугамын дагуу манааны үүрэг гүйцэтгэдэггүй байсан. Хилийн шугамын наана байгаа торон саадын дэргэдүүр хилийн манааны үүрэг гүйцэтгэдэг байсан. Ямар учраас тэгдэг талаар нь мэдэхгүй байна. Цас зудтай байгаа болохоор малчид хилийн ангийн дарга, аймгийн засаг даргатай хамтарсан гэрээ байгуулан хилийн торон саад, хилийн шугам хоёрын дунд малаа хариулгатай бэлчээрлүүлж байсан. Харин хилийн манаа түүний наад талаар үүргээ гүйцэтгэж байсан. 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн зөрчил гарсны дараа хилийн шугамын дагуу үүрэг гүйцэтгэдэг болсон. Дөнгөж хотноосоо гараад торон сааданд хүрээгүй байсан. Эргээд ирэхэд тор руугаа орчихсон бэлчээрлэж байсан. Хүн байгаа үгүй нь сайн харагдаагүй. Нэлээд бартаа саад ихтэй газар л даа. Тэгээд хариулгатай байгаа байх гэж бодоод шууд заставын байрлал дээрээ ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх 46-47/,

            Гэрч Г*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр ахлах байлдагч Цэрэндоржийн хамтаар улсын хилийн 244-245/5 дугаар тэмдгийн хооронд өглөөний 10 цагаас 14 цагийн хооронд хилийн манааны үүрэг гүйцэтгэсэн. Үүргээ гүйцэтгэхдээ өглөөний 10 цагт заставын байрлалаас хөдөлгөөн үйлдэж 245/5 дугаар тэмдэгт дээр ирэхэд 12 цаг болж байсан. Тэгээд 245/5 дээр хяналт зохиогоод буцаад наашаа явсан. Тэгээд буцах замдаа торон саадаа дагаад явж байтал хийлийн 245/3 *******ийн бог мал тор даваад бэлчээрлэж байсан. Тэгээд *******ийн гэрт очиход эхнэр нь хүүхэдтэйгээ байсан. Гансүх ахыг хаашаа явсныг асуухад бог малаа хариулаад гарсан гэж хэлсэн. Тэгээд малаа хариулгатай байлгаарай гээд застав дээрээ ирсэн 14 цаг өнгөрч байсан...” гэсэн мэдүүлэг /хх 50-51/

Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр ОХУ-ын талаас ангийн шуурхай жижүүрт танай улсын иргэн хууль бусаар хил нэвтэрч саатуулагдсан гэж утсаар мэдэгдсэн. Тодруулбал Завхан аймгийн Тэс сумын Нисэг багийн иргэн ******* болох нь тогтоогдсон. Тухайн өдөр буюу 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хилийн застав, ангийн төвөөс томилогдсон бүлгүүд зөрчлийн газарт очиж ажиллахад цаг орой болсон учир маргааш өглөө нь 11 цагт ОХУ-ын талтай хилийн уулзалт хийхээр тохиролцсон. Ингээд маргааш өглөө нь буюу 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр зөрчил гарсан газарт хилийн бүрэн эрхт төлөөлөгчийн орлогчийн хэмжээний уулзалт зохион байгуулж ул мөрийг хүлээлцэж *******ийг ОХУ-ын талаас хүлээж авсан. Уг уулзалтаар хил зөрчигч иргэний хил зөрчсөн газар оронд үзлэг шалгалт хийж ажиллахад манай улсын иргэн хилийн шугам дээр байхдаа ОХУ-ын хилчидтэй таарч, тэдний дуудсанаар очиж саатуулагдсан байсан. ОХУ-ын хилийн албаны хүмүүс ярихдаа тухайн иргэнийг удаа дараа малаа хил давуулан бэлчээрлүүлж, хариулж байсан талаар тус улсын иргэдээс мэдээлэл ирүүлсний дагуу шалгалтын ажиллагаа явуулж хилийн шугамд үзлэг шалгалт хийх явцад *******тэй халз таарч саатуулсан гэж байсан. Тэгээд бид нар ОХУ-ын талд хамтарсан үзлэг шалгалт хийхэд *******ийн бог малын мөр хил даван ОХУ-ын тал руу удаа дараа хил даван бэлчээрлэж байсан дүр зураг харагдсан, мөн шалгалтын явцад *******ийн гутлын мөр илэрч олдсон. Энэ талаар *******ээс өөрөөс нь тодруулж асуухад "манай мал хил даваад бэлчээрлэсэн тул малаа авах зорилгоор хил давж орж авдаг байсан талаараа хэлсэн" учир удаа дараа малаа хил давуулсан, өөрөө хил хууль бусаар нэвтэрсэн, мөн хилчидтэй таарахдаа хилийн шугам дээр зогсож байгаад оросын хилчид рүү очсон зэрэг нь тогтоогдсон тул хоёр улсын тал ул мөрөө хүлээлцсэн....Дараа нь *******ээс мэдүүлэг авахад малаа авах зорилгоор удаа дараа хил давж орж байснаа хүлээн зөвшөөрсөн. Энэ жил орон нутагт өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрсэн учир хилийн инженерийн торон саадын ард малаа эзэн хариулгатай бэлчээрлүүлэх гуравласан гэрээ байгуулсан. Энэ гэрээ нь хилийн шугам давуулж малаа бэлчээрлүүл гэсэн үг биш шүү дээ, энэ гэрээ нь хилийн шугамаас торон саад хүртэлх бэлчээрийг эзэн хариулгатайгаар ашиглах тухай гэрээ юм. Ер нь хилийн тухай хуульд зааснаар иргэд хилийн шугам дээр очих нь хориотой байдаг. ******* нь өөрөө тухайн газар нутагт байнга өвөлждөг хилийн талаарх нөхцөл байдлыг сайн мэддэг хүн. Баригдсаныхаа дараа 20 жил болохдоо энэ хэсгээр орос хилчид явж байсныг би хараагүй юм байна гэж хэлсэн. ******* нь газрын бартаа саадыг ашиглаад малаа ОХУ-ын тал руу сэм сэм оруулж бэлчээрлүүлдэг, орой болохоор өөрөө ороод авчихдаг нь ОХУ-ын тэр хэсгийн малчдын дуранд өртөж энэ талаар хилийн байгууллагадаа хэлсэн. Зөрчлийн газар оронд үзлэг хийхэд нэлээд олон тооны бог мал хил давж бэлчээрлэсэн гэдэг нь тодорхой харагдаж байсан. Тэгээд ч тэр орчимд ямар нэгэн мал хар байдаггүй болохоор манай талаас орсон гэдэг бүр ч тодорхой харагддаг. ОХУ-ын талаасаа нэлээд өндөрлөг газар учир тэр болгон хүн яваад байдаггүй газар байна лээ...” гэсэн мэдүүлэг /хх 58-59/,

Гэрч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 14 цагийн үед ОХУ-ын талаас утсан холбоогоор хилийн 245/3 дугаар тэмдгийн чиглэлээр танай улсын 1 иргэн саатуулагдлаа гэсэн мэдээлэл өгсөн. Өгсөн мэдээллийн дагуу ОХУ-ын тал руу албан захидлаар хилийн бүрэн эрхт төлөөлөгчийн туслагчийн уулзалт зохион байгуулах санал явуулсан. Энэ саналыг ОХУ-ын талаас зөвшөөрсөн учир миний бие ангийн байрлалаас 16 цагийн үед хөдлөөд хэргийн газарт 19 цагийн үед очиход "хил зөрчигч иргэн *******ийг ОХУ-ын тал застав руугаа аваад явчихсан байсан. Тэгээд бид нарт хил зөрчигчийн ул мөрийг үзүүлсэн боловч хил зөрчигч иргэн байхгүй учраас ул мөрийг манай тал хүлээн аваагүй. Тэгээд ОХУ-ын талын саналаар маргааш нь 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Хилийн бүрэн эрхт төлөөлөгчийн орлогчийн хэмжээний уулзалт зохион байгуулахаар болоод тухайн өдөр өнгөрсөн. Маргааш нь 10 цагаас хилийн 245/3 дугаар тэмдгийн чиглэлээр хилийн бүрэн эрхт төлөөлөгчийн орлогчийн уулзалтаар хил зөрчигч иргэнийг авч ирэн нарийвчилсан үзлэг шалгалт хийхэд ОХУ-ын талдаа 20 метр газарт улсын хил зөрчсөн 1 явган хүний монгол гутлын мөр илэрсэн өөрөөс нь асуухад би малаа авах зорилгоор үе үе гараад орсон талаараа хэлсэн. Тиймээс ОХУ-ын талтай хил зөрчигчийн ул мөр, малын ул мөрийг хүлээлцсэн. ОХУ-ын талын хилийн албаны хүмүүс бидэнд ярихдаа "Манай талд 245/3 дугаар тэмдгийн ойролцоо байгаа малчин өрхөөс мэдээлэл өгсөн. Монгол Улсын талаас нэг иргэн байнгын малаа хариулан хил зөрчин орж ирж байгаа талаар мэдээлэл өгсөн. Үүнийг шалгахаар явж байтал танай улсын иргэн хил давсан малаа буцааж оруулан явж байгааг хараад манай хилчид саатуулсан гэж хэлсэн. 245/3 дугаар тэмдгийн чиглэлд ОХУ-ын талдаа хил давсан нэг хүний мөр ул, бас бог малын зурайж байсан. ******* 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр өөрөө бид нарт хэлэхдээ би тухайн өдөр ОХУ-ын хилчдийг хараагүй, бэлчээрээр хил давсан малаа эргүүлэх зорилгоор хилийн шугам давсан талаараа хэлсэн. Мөн ОХУ-ын хилчдийг анзаараагүй. Өөрөө хэлэхдээ би энэ нутагт 20-30 жил мал маллаж байна энэ хугацаанд энэ хэсгээр ОХУ-ын хилчид явж байсныг санахгүй байна гэж байсан. Тэгэхээр ******* нь хилчид ирдэггүйг нь далимдуулан үе үе малаа хил давуулж бэлчээрлүүлээд өөрөө ороод авчихдаг нөхцөл байдал тогтоогдож байгаа юм. Энэ талаараа ч мэдүүлсэн. Хил зөрчигч *******ийн мал ихэвчлэн улсын хилд тулж бэлчээрлэдэг. Хэрэг гарахын өмнөх өдөр тэдний мал хилд 100-200 метр тулж бэлчээрлэж байхад нь утсан холбоогоор анхааруулсан. Мөн хилийн зөрчил гардаг өдөр буюу 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хилийн манааны үүрэг гүйцэтгэж явсан ахлах байлдагч Ж.Цэрэндорж, байлдагч Г******* нарын бүрэлдэхүүнтэй сэргийлэх манаа үүрэг гүйцэтгэх хугацаандаа малаа хариулгатай байлгаарай хэмээн сануулж байсан ч яг тухайн өдөр хилийн зөрчил гарсан. ******* нь хилийн гуравласан гэрээтэй энэ ямар учиртай гэхээр, энэ жил цас зудтай байгаа болохоор сумын засаг дарга, ангийн захирагч, тухай иргэн 3 гэрээ байгуулан торон саад, хилийн шугам хоёрын дунд малаа биечлэн хариулах үүрэг хүлээж торны цаана гарах эрхтэй болж байна гэсэн үг. Тэгээд эдгээр иргэд торны цаана гармагцаа хилийн явсны дараа сэм сэмхэн хил давуулж малаа манаа явах цагийг тааруулах, бэлчээрлүүлж хариулж байгаад ийм асуудалд орсон байна. Хил давж бэлчээрлүүлж байгаа малаа авах зорилгоор өөрсдөө хил хууль бусаар нэвтэрч ул мөрөө үлдээсэн нь ОХУ-ын малчин иргэдэд нэлээд олон удаа харагдсан байсан. Энэ асуудал үргэлжилж даамжрах юм бол хилийн малын хулгай гарах өндөр эрсдэлтэй байна. Хариуцсан хэсгийн газар орны онцлог болон цаг агаарын хүндэрсэн нөхцөлтэй холбогдуулан хилийн манааг тогтмол хилийн шугамын дагуу явуулахгүйгээр зарим тохиолдолд айл өрхүүдтэй уулзаж, малаа байнгын хариулгатай байлгах талаар яриа таниулга хийх, баталгаа авах, анхааруулах журмаар үүрэг гүйцэтгэдэг. Хилийн торон саадын ард нутаглаж буй айл өрх бидэнд цагийн байдлын талаар мэдэгдэх, хилийн зөрчил гаргахгүй байх, малаа байнгын хариулгатай байлгах үндсэн үүрэгтэй байдаг. ******* энэ үүргээ биелүүлээгүй мөн удаа дараа тодорхой давтамжтайгаар малаа байнга хил давуулж бэлчээрлүүлж өөрөө орж авдаг байсан нь зөрчлийн явцад тогтоогдож байна. ******* нь морио доор модноос уячхаад өөрөө малаа хил давуулаад бэлчээрлүүлчхээд өөрөө хилийн шугам дээр зогсож байтал орос цэргүүд халз таараад дуудахад өөрөө хил зөрчөөд яваад оччихсон байсан. Тэгээд орос цэргүүд саатуулаад аваад явсан байсан. Түүнээс ОХУ-ын хилчид Монгол Улсын хилийг нэвтэрч *******ийг саатуулан гэж байхгүй. Тухайн хилчдийн ул мөрийг харахад яг хилийнхээ шугамын дагуу үүргээ гүйцэтгээд явж байсан. *******ийн хувьд хилийн шугам дээр очих ёсгүй хүн шүү дээ. Энэ тухай хуульд заагаад өгчихсөн байдаг. Хилийн тухай хуулийн 26 “Улсын хил хамгаалах байгууллагын дүгээр дугаар зүйлийн 26.3.4 зөвшөөрөлгүйгээр хил хамгаалалтын зориулалтай инженер техникийн байгууламжийн цаана гарах, улсын хилийн шугам, хилийн тэмдэг дээр очихыг хориглон” гэж заасан байдаг. Энэхүү хил хамгаалалтын зориулалтай инженер техникийн байгууламжийн цаана гарах, улсын хилийн шугам, хилийн тэмдэг дээр очих зөвшөөрлийг Хил хамгаалах ерөнхий газраас олгодог. Хууль зөрчсөн үйлдэл мөн. Яагаад гэхээр тухайн малчныг хилийн шугам, торон саадын дунд байгаа үржил шим сайтай бэлчээрт малаа биечилж хариул гээд гэрээ байгуулж байгаа болохоос хилийн шугам давуулж малаа хариулах, хилийн шугам дээр очиж хонь хариулах зөвшөөрөл биш шүү дээ. Хилийн шугамаас аль болох хол байлгах хэрэгтэй...” гэсэн мэдүүлэг /хх 58-59/ хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх 22-24/, хил зөрчигч, хил давсан бог малын ул мөрөнд хэмжилт хийсэн байдлын гэрэл зургийн үзүүлэлт /хх 26-27/, улсын хилийн дэглэм зөрчсөн амьтдын ул мөр илрүүлсэн баримтжуулсан акт /хх 28/, улсын хилийн дэглэм зөрчигчийг шилжүүлсэн актаар /хх 29/ тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Мөн шүүгдэгч *******ийн: “...Би энэ нутагт төрсөн хүн. Энэ өвөлжөө миний аавын өвөлжөө юм. Би энэ өвөлжөөнд төрж өсөн аав ээжийн хамтаар мал маллаж амьдарч байсан. Аав маань 2022 онд өөд болж тус өвөлжөөндөө би малаа маллаж амьдарч байгаа. Энэ жилийн тухайд цас их орж мал бэлчээрлэх бэлчээр хомсдож малын хорогдол ихээр гарч байна. Үүнийг төр засгаас харж хил орчмын бүсэд байгаа малчин өрх айлуудыг инженерийн торон саадын цаана буюу хилийн зурваст мал бэлчээрлүүлэх талаар сумын засаг дарга, хилийн 0277 дугаар ангийн удирдлагад хүсэлт гаргасны үндсэн дээр малчидтай гэрээ хийж хилийн зурваст мал бэлчээрлүүлэх гуравласан гэрээ байгуулсан. Энэ гэрээгээр 2024 оны 01 дүгээр сараас 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл мал хилийн зурваст мал бэлчээрлүүлэх хугацаатай гэрээ байгуулсан. Манайх бол жил бүр л гэрээ хийдэг л дээ. Би өөрөө хилийн цэргийн 0277 дугаар ангийн хил хамгаалалтад туслах хүчний гишүүн хүн. Туслах хүчний гишүүн гэдэг нь хил хамгаалж байгаа хилийн цэргийн алба хаагчдад туслах, хилийн торон саадад тулж бэлчээрлэж байгаа малыг хил давахаас сэргийлэх, хилийн зурваст танихгүй хүн зорчвол бичиг баримтыг шалгах, сэжигтэй адуу малыг хилийн заставд мэдэгдэх үүрэгтэй хүн. Ерөнхийдөө хил хамгаалалтад тусалдаг гэж хэлж болно. Би өөрөө өдөрт малаа харж бэлчээрлүүлдэг учраас бог малаасаа ерөөсөө нүд салгалгүй хариулдаг. Тэгээд хэрэг гарахаас үндсэндээ 6 хоногийн өмнө гэхээр 2024 оны 01 дүгээр сарын 26-ний өдөр хонио хариулж яваад даараад байхаар нь гэртээ ирж үдийн цай уучхаад буцаад хонин дээрээ очиход манай хонь хил даваад бэлчээрлэж байсан тэгэхээр Монгол Улсын талд байх хэсэгт морио уячхаад дээшээ явганаар гараад хилийн давчихсан байсан хэсэг бог малаа авах зорилгоор ОХУ-ын тал руу 20 метр орчим л орсон байх тэгээд хонио тууж гаргасан. Миний хил даваад гарсан хэсгийн цаад талд ОХУ-ын малчин айл байсан. Тэр нэлээд их харагдаж байсан. Тэр айл дандаа үхэртэй айл байдаг. Би тэр айлыг үхрийн фермтэй айл байна уу даа гэж харсан. Тэгж хонио гаргаж ирчхээд туугаад гэр лүүгээ харьсан. Тэр үед намайг хүн амьтан хараагүй. Хилийн цэрэгтэй таараагүй. Түүнээс хойш цасан шуурга болоод мал бэлчээрлүүлэх талбай хомсдож зөвхөн улсын хилийн шугам явж байгаа уулын хяраар жоохон өвстэй газар үлдсэн. Тэгэхээр мал тэр жоохон өвстэй газар луу явж бэлчээрлэдэг заримдаа хил даваад бэлчээрлэчихээр малаа хаялтай нь биш гээд хилийн шугам давж байсан тохиолдол байгаа байгаа. Түүнийг би үгүйсгэхгүй. Надад хил давж бэлчээрлэсэн бог малаа авахаас өөр санаа зорилго байхгүй. ОХУ-ын талд 30 орчим метр гарч бэлчээрлэсэн бог малын мөр бүгд манай малын мөр байгаа юм. Манай хавиар өөр айл байгаа ч тэдний мал гэрийнхээ араар явна. Манай малын бэлчээр лүү ирэхгүй. Тэгээд 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр өглөө 11 цагийн үед бог малаа хашаанаас гаргаад хилийн бүс, зурвас руу бэлчээрлүүлэхээр туугаад өөрөө хамт яваад хилийн шугам явж байгаа хэр дээр гараад ирэхэд 30 орчим тооны хонь ямаа хил давчихсан 20-30 метр орчим байсан. Тэгэхээр нь нөгөө их малаа туугаад хилийн шугамын дагуу туугаад явахад хил давж бэлчээрлэж байсан хэсэг бог хониныхоо араас гараад ирсэн. Тэгээд арынх нь шовгор уулын орой дээр явган гараад ирэхэд 2 орос цэрэг чулууны хажууд зогсож байсан. Би түүнийг нь анзаараагүй яваад байж орой дээр гарахад халз тааралдсан. Тэгээд намайг Монголоор “сайн байна уу” гэж хэлээд энэ танай мал мөн үү гэж асуусан Тиймээ энэ манай мал би хариулж явна гэж хэлсэн. Тэгээд намайг “та хил давсан, бас танай мал хил давсан” гэж хэлээд уулын хяраар хил байдаг чи мэддэг үү гэж асуусан. Би мэдэхгүй ээ, би уулын арын мод руу ороогүй тэгэхээр би хил даваагүй гэж хэлсэн. Тэгсэн нөгөө хоёр цэрэг хяраар явсан бол чи хил давсан гэсэн үг гээд аваад застав руу явна гэж хэлсэн. Тэгээд би явахгүй гэсэн чинь станцаар юм яриад байсан тэгж байгаад намайг аваад явсан. Тэгээд застав дээрээ аваачаад уул зурж үзүүлээд та хил давсан гэж хэлээд маргааш өглөө нь Монгол Улсын хил рүү авч явж хүлээлгэж өгөх гэж байхдаа баримт бичиг дээр гарын үсэг зуруулаад байсан ямар учиртайг би ойлгоогүй. Таныг хүлээлгэж өгөх гэж байна гэж л хэлсэн. Би гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Дахин ийм асуудал гаргахгүй. Энэ бол 100 хувь миний буруу. Гэхдээ надад хил давсан малаа авах гэж л хууль бусаар хил нэвтэрсэн болохоос өөр ямар нэгэн санаа зорилго байхгүй. Би Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрснээ хүлээн зөвшөөрч байна...” гэсэн агуулга бүхий мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримттай тохирч байх тул түүний мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлээд Монгол улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэх хэргийн үйл баримтыг давхар нотолж байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч *******эд холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Монгол Улсын хилийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрийн зах хязгаарыг газрын гадаргуу, усны мандал дээр хил залгаа улсын нутаг дэвсгэрийн хязгаараас зааглаж, Монгол Улсын олон улсын гэрээгээр тодорхойлж, тогтоосон шугамыг Монгол Улсын хил гэнэ. Уг шугамаас эгц дээш агаарын, мөн шугамаас эгц доош газрын хэвлийн хил байна.” мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-д “хилийн боомт бус газраар улсын хилийг газар, ус, агаараар нэвтэрсэн этгээдийг хил зөрчигч гэнэ” гэж тус тус заажээ.

Монгол Улсын хилээр орох, гарах журмыг зөрчих, боомтгүй газраар сэм /нууцаар/ орох, гарах үйлдлийг Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэж үзэх бөгөөд шүүгдэгч ******* нь 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр, 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр тус тус Монгол Улсын хилийн 245/3 дугаар тэмдгийн баруун талаар 900 метр газраар Оросын холбооны улсын нутагт дэвсгэрт бог малаа бэлчээрлүүлж, түүнийгээ авах зорилгоор явганаар зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар нэвтэрсэн үйлдэл нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Иймд шүүгдэгч *******ийн үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “...урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар цагдаагийн газрын мэдээллийн санд бүртгэгдээгүй...” гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан байх тул прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х.овогт Ч.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Монгол улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Г 2000 /хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Г нь оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 /зургаа/ сарын дотор төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч Ч.Г нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Г авсан хувийн баталгаа гарах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Б.ӨЛЗИЙХИШИГ