| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Өлзийхишиг |
| Хэргийн индекс | 141/2024/0024/Э |
| Дугаар | 2024ШЦТ/26 |
| Огноо | 2024-04-22 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Ц.Мөнх-Эрдэнэ |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 2024ШЦТ/26
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Өлзийхишиг даргалж,
Улсын яллагч Ц.Мөнх-Эрдэнэ,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Гүнчинсүрэн
Шүүгдэгч Т.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Золбоо нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Т.Б холбогдох эрүүгийн дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, өдөр суманд төрсөн, настай, эрэгтэй, боловсролтой, мэргэжилтэй, ажилтай, ам бүл хамт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаартай, Мовогт Т.Б,
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Т.Б нь Нийслэлийн Баянгол дүүргийн ХХ хороо, үйлдвэрийн баруун бүс, Москвагийн гудамж 40/2 үйл ажиллагаа явуулдаг “Д” ХХК-ийн Завхан аймгийн Тосонцэнгэл суманд үйл ажиллагаа явуулдаг автомашин хийгээр цэнэглэх станцын 36 салбарын даргаар ажиллаж байх хугацаандаа буюу 2022 оны 7 дугаар сар, 11 дүгээр сар, 12 дугаар саруудад нийт 129,159,577 төгрөгийн борлуулалт хийснээс байгууллагад 107,693,020 төгрөгийг буцааж тушаасан зөрүү болох 21,466,577 төгрөг завшсан үйлдлийн улмаас “Д” ХХК-д 21,466,557 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Т.Б нь “Д” ХХК-ийн Завхан аймгийн Тосонцэнгэл суманд үйл ажиллагаа явуулдаг автомашин хийгээр цэнэглэх станцын 36 салбарын даргаар ажиллаж байх хугацаандаа буюу 2022 оны 7 дугаар сар, 11 дүгээр сар, 12 дугаар саруудад нийт 129,159,577 төгрөгийн борлуулалт хийснээс байгууллагад 107,693,020 төгрөгийг буцааж тушаасан зөрүү болох 21,466,577 төгрөг завшсан үйлдлийн улмаас “Д” ХХК-д 21,466,557 төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийн үйл баримт нь:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Т.Б нь манай байгууллагад салбарын эрхлэгчээр ажиллаж байх хугацаандаа 21,466,557 төгрөгийн хохирол санаатай учруулсан. Хэрэгт авагдсан шинжээчийн тайлангаас үзэхэд 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн шинжээчийн тайлангаар батлагдаж байна. Хэрэгт холбогдогч Т.Б нь манай компанид учруулсан хохирлоо бүрэн барагдуулж дууссан тул цаашид нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй болно. Мөн манай байгууллагаас томилолтын зардал болох 961,742 төгрөгийн нэхэмжилснийг бүрэн барагдуулсан. Уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхэд Д ХХК-ийн зүгээс татгалзах зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх 90-91/,
гэрч С.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би уг салбарын түгээгчээр ажиллаж байсан. Харин Т.Бнь дарга байсан. Төвөөс гэнэтийн тооллого ирсэн тухайн тооллогоор АХЦС-36 дугаар салбарын тоног төхөөрөмжийн орлогоос 11,933,200 төгрөг, хийн орлогоос 2,533,792 төгрөг нийт 14,466,992 төгрөгийн орлого дутсан байсан. Тухайн үед АХЦС-36 дугаар салбарын дарга Т.Б өдөрт олсон орлогыг бэлэн мөнгө болон картаар үйлчлүүлсэн мөнгийг ээлж хүлээлцсэн дэвтэрт бичиж бэлнээр орсон мөнгийг Т.Б өгдөг байсан. Т.Б нь төв байгууллагын данс руу хийдэг...” гэсэн мэдүүлэг /хх 93-94/,
гэрч Э.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үед АХЦС-36 дугаар салбарын дарга Т.Б өдөрт нь бэлнээр орсон орлогыг өгч төв байгууллагын данс руу хийлгэдэг байсан. Ямар дансаар орлого хийдэг байсныг мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг /хх 96-97/,
гэрч Б.Ж мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Намайг АХЦС-36 дугаар салбарт 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр түгээгчээр ажилд ороход Т.Б нь уг байгууллагын эрхлэгч байсан. Тэгээд 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр төвөөс гэнэтийн шалгалт ирсний дараагаар Т.Б ажлыг хүлээж авсан. Тухайн үед би түгээгчээр гарч байсан. Тэр өдрөөс хойш байгууллагын эрхлэгчийн ажлыг давхар хийж байгаад энэ оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн эрхлэгчийн ажлыг хүлээн авсан. Тухайн үед салбарын дарга Т.Б өдөрт бэлнээр орсон орлогыг өгч, төв байгууллагын данс руу хийлгэдэг байсан. Т.Б ямар дугаарын дансаар орлого хийдэг байсан талаар надад мэдэх зүйл байхгүй. Манай байгууллагын бүртгэл дээр ээлж хүлээлцсэн дэвтэрт орлогын бүртгэл давхар бичигддэг. Тухайн дэвтрийг гэнэтийн шалгалт хийсэн Б, М нар аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хх 99-100/,
Гэрч Б.М мөрдөн шалгах ажиллагаанд: “...2021 оны 9 сард Завхан аймаг АХЦС-36 дугаар салбар дээр дадлага 14 хоног орчим хийгээд 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс албан ёсоор салбарын даргаар томилогдсон байсан. Ингээд 2022 оны 10 сард санхүүгээс Завхан аймаг АХЦС-36 дугаар салбар дээр тооцооны дутагдал гарлаа гэж хэлсэн. Үүний дагуу 2022 оны 12 сарын 20-ны өдөр томилолт гаргаад Завхан аймгийн Тосонцэнгэл сум руу хотын хяналтын албаны дарга Бямбацогт бид 2 шалгалтаар очиход тоног төхөөрөмж, бараа материал, авто ахуйн хийний үлдэгдлийг тоолсон. Авто ахуйн бэлэн мөнгө 2,533,792 төгрөг дутаж, тоног төхөөрөмж бараа материалаас 11,933,200 төгрөг дутсан. Нийт 14,466,992 төгрөг байгууллагын мөнгө дутахаар нь Б уг мөнгийг юунд зарцуулсан талаар асуухад эхнэр нь осол гаргаад тэрэнд мөнгө төгрөг өгөөд хувьдаа зохицоод асуудлаа шийдчихсэн. Өр төлбөрөө барагдуулна гэж хэлсэн. Өөр зүйл мэдэхгүй. Бараа материал гэвэл газаар ажилладаг плетка, халаагуур, боллан орно. Манай байгууллага тооллогын хуудас, бараа материалын жагсаалт дээрээ гаргаж өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх 102/,
Гэрч Ч.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Одоо борлуулалтын ахлах нягтлан бодогчоор ажиллаж байна. 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс Т.Бнь албан ёсоор Завхан аймаг Тосонцэнгэл сумын АХЦС-36 салбарын даргаар томилогдсон. Ингээд би авто хийний тооцоог хариуцаж борлуулалтын орлого дээр өдөр болгон хяналт тавьж, сар бүр тооцоогоо тулгадаг байсан. 2022 оны 04 сараас Завхан аймаг Тосонцэнгэл сумын АХЦС-36 салбарын тооцоо бага хэмжээгээр борлуулалтын орлогоос дутаж эхэлсэн. Т.Б 2022 оны 10, 11 сараас эхлээд борлуулалтын орлого нь их хэмжээгээр дутахаар нь миний зүгээс 2 удаа зөрчлөөс акт бичиж өгсөн. Уг зөрчлийг үндэслээд Дотоод хяналтын албанд мэдэгдсэн. Дотоод хяналт Завхан аймагт очиж гэнэтийн тооллого хийгээд надад 14,466,992 төгрөгийн бараа материалын дутагдал гарлаа гэж хэлэхээр нь тооцоог нь бодоход нийт дутагдал нь 21,466,557 төгрөг болсон. Уг баримтуудыг дотоод хяналтын албанд шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хх 104/,
Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2015 онд хөдөлмөр хамгаалал, дотоод хяналтын албаны даргаар ажиллаж эхэлсэн. 2022 оны 12 дугаар сарын 19-ний хяналтын ажилтан Мягмаржавын хамт Завхан аймаг Тосонцэнгэл сумын АХЦС-36 салбар дээр очиж гэнэтийн хяналтын тооллого хийсэн. Тооллогоор Т.Б байгууллагын орлогоос 14,466,992 төгрөгийн дутагдал илэрсэн. Ажилтнуудыг байлцуулан Т.Б ажлыг хүлээн авч түгээгч Жавзандолгорт ажлыг хүлээлгэж өгсөн. Т.Б зөрчлийн акт болон төлбөрийн баримтуудыг танилцуулахад өөрөө дутагдлаа хүлээн зөвшөөрч оны өмнө төлж барагдуулна гэж хэлсэн. Дутагдлын хэлбэр нь сар болгон тооллогын тоогоо нэмж хэлж явуулдаг байсан. Т.Б хувьд 2022 оны 11, 12 саруудад борлуулалтын орлогыг тушаадаггүй үүнээс болж 3 удаа зөрчлийн арга хэмжээ авхуулж байсан. Компанийн зүгээс шат дараалалтай арга хэмжээнүүдийг авч гэнэтийн тооллого явуулж ажлаас чөлөөлсөн байгаа. Б 14,466,992 төгрөг дээр М бид 2-ын томилолтын мөнгө болох 961,742 төгрөгийг оруулж өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх 106/,
“Д” ХХК-ийн Ерөнхий захирал Н.Б 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 23/985 дугаартай “...Т.Б тооцог эцэслэн хийхэд 21,466,557 төгрөгийн өр төлбөрийг компанид учруулсан. Мөн зөрчил гаргаж байснаас шалтгаалан гэнэтийн хяналт шалгалт хийхээр манай компаниас ажилласан ажилтнуудын томилолтын зардалд 961,742 төгрөгийн зардал гарсан. Компанийг хохиролгүй болгож өгнө үү...” гэсэн өргөдөл, хавсралт материалууд /хх 7-8/,
“Д” ХХК-ийн Ерөнхий захирал Н.Б 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 21-819/01-187 дугаартай тушаалаар Т.Б 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс Завхан аймгийн Тосонцэнгэл суманд байрлах АХЦС-36 салбарын даргаар томилсон тушаал /хх 11/, Хөдөлмөрийн гэрээ /хх 12-15/, Зөрчлийн 22-130/12-08 дугаартай “... 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 22/518 дугаартай тооллогын удирдамжийн дагуу тооллого хийхэд тоног төхөөрөмжийн орлогоос 11,933,200 төгрөг, хийн орлогоос 2,533,792 төгрөг нийт 14,466,992 төгрөгийн дутагдал учруулсан...” гэсэн акт /хх 22/,
“Д” ХХК-ийн Ерөнхий захирал Н.Б 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 22/1014/07-76 дугаартай Завхан аймгийн Тосонцэнгэл суманд байрлах АХЦС-036 салбарын дарга Т.Б хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан тушаалын хуулбар /хх 23/, баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэлүүдээр /хх 48-60, 70-73/ нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
Мөн шүүгдэгч Т.Б: “...Би Да ХХК-ны салбар болох Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Улаантолгой багт байрлах АХЦС-36 дугаар салбарын эрхлэгч буюу даргаар 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлж ажилд орсон. Тэгээд би 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр төвөөс дотоод хяналтын ажилтан болох Б, М нар ажил шалгах гэж ирсэн. Тухайн хяналтын ажилтнууд ирээд тооллого тулгахад 14.466.992 төгрөгийн дутагдал гарсан. Тухайн дутагдлыг би өөрийн хувьдаа зарцуулж мөнгийг үрсэн асуудал гарсан. Тухайн үед би Б эх хүнд манай эхнэр зам тээврийн осол гаргаад түүний төлбөрт өгсөн гэж худлаа элсэн. Тэгээд төвөөс эцэслэн тооллого хийхэд нийт 21.466.557 төгрөг болсон Байсан. Мөн түүн дээр томилолтын зардал болох 961.742 төгрөгийн мөн адил -адаас нэхэмжлэн гэж хэлж байсан. Ингээд би нийт 22.428.299 төгрөгийг компанид өгөхөөр болсон. Уг асуудал нь миний буруу үйлдэл байсан. Би уг компани учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан байгаа. Би энэ хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа учир хэргийг маань хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтэй байна...” гэсэн агуулга бүхий мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримттай тохирч байх тул түүний мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлээд түүнийг Нийслэлийн Баянгол дүүргийн ХХ хороо, үйлдвэрийн баруун бүс, Москвагийн гудамж 40/2 үйл ажиллагаа явуулдаг “Д ХХК-ийн Завхан аймгийн Тосонцэнгэл суманд үйл ажиллагаа явуулдаг АХЦС-36 (Автомашин хийгээр цэнэглэх станц)-ын салбарын даргаар ажиллаж байх хугацаандаа буюу 2022 оны 7 дугаар сар, 11 дүгээр сар, 12 дугаар саруудад нийт 129,159,577 төгрөгийн борлуулалт хийснээс байгууллагад 107,693,020 төгрөгийг буцааж тушаасан зөрүү болох 21,466,577 төгрөг завшсан үйлдлийн улмаас “Д” ХХК-д 21,466,557 төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийн үйл баримтыг давхар нотолж байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Т.Б холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Хөрөнгө завших гэж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг итгэмжлэлийн үндсэн дээр эзэмшиж буй байдлаа урвуулан ашиглаж, бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн өмчлөлд хариу төлбөргүйгээр хууль бусаар авах, захиран зарцуулах үйлдлийг ойлгоно.
Хөрөнгө завших гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй юм.
Шүүгдэгч Т.Б “Д” ХХК-ийн Завхан аймгийн Тосонцэнгэл суманд үйл ажиллагаа явуулдаг автомашин хийгээр цэнэглэх станцын 36 салбарын даргаар ажиллаж байх хугацаандаа 21,466,577 төгрөг завшсан санаатай үйлдэл нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө завшиж гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулж байна гэж шүүх үзлээ.
Иймд шүүгдэгч Т.Б үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Прокуророос хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлэхдээ шүүгдэгч Т.Б Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б хорих ял оногдуулахгүйгээр 1 жил, 6 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэхээр тохиролцсон байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “Энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх; тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Т.Б эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасныг харгалзан үзэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Т.Б нь хохирогчид 21,466,557 төгрөгийн хохирлыг төлсөн болох нь хохирогчийн ХААН банкны “...Хаан банкны 5030208837 дугаарын дансанд 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 3,000,000 төгрөг, 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 7,000,000 төгрөг, 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 3,500,000 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 4,000,000 төгрөг, 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 4,189,260 төгрөг...” гэсэн шилжүүлсэн баримтуудаар тогтоогдож байна /хх 65-69/.
Шүүгдэгч Т.Б хувийн байдлын хувьд тэрээр 2014 оноос 2023 оны 02 дугаар сар хүртэл нийт 48 удаа согтууруулах ундаа хэрэглэж танхайрах, замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм зөрчих, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж шийтгэл хүлээж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан цагдаагийн нэгдсэн бүртгэлийн системд авагдсан мэдээллээр /хх 33-39/, анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “...урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар цагдаагийн газрын мэдээллийн санд бүртгэгдээгүй...” гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тус тус нотлогдож байна.
Иймд шүүгдэгч Т.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид хохирол төлбөрийг төлсөн байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтооно” гэж зааснаар тэнссэн 1 жил 6 сарын хугацаанд мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх нь хууль болон шударга ёсны зарчим, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, түүнийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилгод нийцнэ гэж шүүх үзлээ.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Т.Б тэнссэн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх үзсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Т.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хохирогч гомдол, саналгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овогт Т.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т тус тус зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б нь тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдсугай.
6. Шүүгдэгч Т.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт прокурор оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах журмаар гомдол гаргаж, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ӨЛЗИЙХИШИГ