| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Өлзийхишиг |
| Хэргийн индекс | 141/2024/0025/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/28 |
| Огноо | 2024-04-30 |
| Зүйл хэсэг | 24.6.2.3., |
| Улсын яллагч | Ц.Мөнх-Эрдэнэ |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 2024/ШЦТ/28
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Өлзийхишиг даргалж,
Улсын яллагч Ц.Мөнх-Эрдэнэ,
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энхболд
Шүүгдэгч С.Төмөрдорж,
Нарийн бичгийн дарга Л.Золбоо нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* холбогдох эрүүгийн дугаартай хэргийг ердийн журамаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, өдөр суманд төрсөн, настай, , боловсролтой, мэргэжилтэй, эрхэлдэг, ам бүл хамт оршин суух хаягтай, урьд регистрийн дугаартай Өовогт С.Т,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.Төмөрдорж нь 2023 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн нутаг “Баруун эхний Хөх эрэг” гэх улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр шинэс төрлийн 3.412 метр куб хэрэглээний модыг бэлтгэж, сумын ойн санд 1,135,811 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч ******* холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24 дүгээр бүлэгт заасан хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэгт хамаарч байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хэргийн үйл баримтын тухайд.
1.1. Шүүгдэгч С.Төмөрдорж нь 2023 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн нутаг “Баруун эхний Хөх эрэг” гэх улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр шинэс төрлийн 3.412 метр куб хэрэглээний модыг бэлтгэж, сумын ойн санд 1,135,811 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт нь:
Иргэний нэхэмжлэгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…Иргэн ******* ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэх асуудлыг хуулийн дагуу шалгах хэрэгтэй байх. Сумын ойн санд учруулсан хохирол болох Тосонцэнгэл сум дахь сум дундын Ойн ангийн шинжээчийн гаргасан экологи эдийн засгийн үнэлгээг, нөхөн төлбөрийн хамт нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг /хх 66/,
Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн нутаг болох “Баруун эхийн Хөх эрэг” гэх газарт Мөнх Зандан ХХК-д 10 га газарт хэрэглээний мод бэлтгэх Засаг даргын захирамж гараад тусгаарлалт хийлгэсэн. Манай “Хосын гол өлзийт” ХХК-д мөн газарт 10 га газарт хэрэглээний мод бэлтгэх тухай Засаг даргын захирамж 2023 оны 08 дугаар сарын 04 билүү 05-ны үед гарсан. Захирамж гарсны дараагаар 7 хоногийн дараа очиж үзэх гэсэн боловч тухайн үед харанхуй болсон тул Мөнх зандан ХХК-ны тусгаарлалт хийлгэсэн шонг олоогүй. Би 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Мөнх зандан ХХК-ны тусгаарлалт хийлгэсэн газарт очиход талбайгаасаа урагшаагаа хэтрүүлээд 20 гаран тооны босоо модыг унагаж мод бэлтгэсэн байсан тухайн газарт 4 метрийн хэрэглээний 16, 17 ширхэг мод хураалгаатай байсан. Тухайн газарт манай компанийг тусгаарлалт хийлгэх гэхээр Мөнхзандан ХХК-ны ******* эгч хийлгэхгүй гээд бид нар жаахан маргасан юм. Мөнхзандан ХХК-ны тусгаарлалтын талбай дээр буюу Төгсөө эхнэр *******ийн хамт мөн Төмөрдорж нар мод бэлтгэсэн гэсэн. Тэр хүмүүс нь хэлэх байх гэж бодож байна...Мод хийсэн гэх хүмүүс нь өөрсдөө хэлэх байх, тэгээд би Мөнхзандан ХХК-нийг тусгаарлалтын талбайгаас хэтрүүлж мод бэлтгэсэн асуудлыг шалгуулах гэж цагдаагийн байгууллагад хандсан юм...” гэсэн мэдүүлэг /хх 69/,
Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би нөхөр С.Төмөрдоржтой 2016 онд гэр бүл болсон. Бид хоёр 4 хүүхэдтэй. Бид хоёр эрхэлсэн тодорхой ажилгүй болохоороо олдсон хар бор ажил хийдэг хүмүүсийн гуйлтаар ихэвчлэн модны ажил хийдэг. 2023 оны 07 дугаар сарын эхээр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд мод бэлтгэх үйл ажиллагаа явуулдаг Мөнх-Зандан ХХК-ний захирал нь манай нөхөртэй холбогдож Тосонцэнгэл сумын Рашаант багийн нутаг дэвсгэрт Ойн бүсэд тусгаарлалт хийлгээд мод хийлгэх хэрэгтэй байна гэж холбогдоод манай нөхрийг ажиллуулсан. Би нөхрийгөө дагаад мод хийх газарт нь очиж 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хамт мод хийсэн. Би нөхөртэйгөө нэг бригад болоод мод хийсэн. Уг тусгаарлалт хийлгэж байгаа газар нь босоо болон унанги хуурай мод ихтэй газар бөгөөд бид хоёр нэг 4 метрийн урттай хэрэглээний мод бэлтгээд 1 ширхэг 4 метрийн урттай модыг Мөнх- Зандан ХХК-д 10.000 төгрөгөөр худалддаг. Нөхөр бид хоёрын мод бэлтгэсэн талбай нь зөвшөөрөлтэй тусгаарлалт хийлгэсэн газар байсан. Манай нөхөр анх тусгаарлалт хийлгэхэд нь холбогдох хүнтэй нь хамт явж ямар талбайд мод хийхээ заалгасан гэсэн.Өнөөдөр манай нөхөр надад 07 дугаар сарын 10-ны өдөр бороо орж байхад урд талд 20 орчим мод унагасан тэр мод хийсэн газар нь тусгаарлалтаас гараад хийсэн гэдгээ хэлсэн. Би тухайн үед тусгаарлалтаас гараад мод хийж байна гэдгийг нь мэдээгүй байсан. Хэрэв мэдэж байсан бол хийлгэхгүй байсан. Тусгаарлалтаас хэтэрсэн гэх газарт 27 ширхэг мод бэлтгэсэн байсан. Тэр модноос 10 ширхэг модыг ачуулсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх 70-71, 73-74/,
Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай ээж ******* нь компани менежерээр ажилдаг бөгөөд ерөнхийдөө компани бүх үйл ажиллагааг хариуцаж ажилладаг. Ээж ******* 2023 оны 06 дугаар сарын үед Тосонцэнгэл сумын Рашаант багийн нутаг дэвсгэрт тусгаарлалт хийлгэж хэрэглээний мод бэлтгэх зөвшөөрөл аваад хэрэглээний мод бэлтгэнэ гэж ярьж байсан. Би тухайн үед нь Улаанбаатар хотод байж байгаад саяхан 8 сарын сүүлээр Тосонцэнгэл суманд ирсэн, гэхдээ дунд нь хэд хэдэн удаа ирж байсан. Би ээжийг Рашаант багийн Баруун эхний Хөх эргийн яг хаанаас мод бэлтгэж байгааг мэдээгүй. , түүний эхнэр *******, Төмөрдорж, түүний эхнэр Үржинханд нар л байсан юм шиг байна лээ энэ хэдээс өөр хүн байсан үгүйг нь бол мэдэхгүй. нь модны бэлтгэх бригадаа ахалж явсан гэсэн...” гэсэн мэдүүлэг /хх 76-77/,
Гэрч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Тосонцэнгэл сумын Засаг даргын А/136 дугаартай захирамж гарахаар нь тэр өдрөө Тосонцэнгэл сумын ойн ангийн мэргэжилтэн , тусгай хамгаалалттай газрын байцаагч Нямдорж, байгаль орчны байцаагч Галаа, манай байгууллагын ажилтан ачигч С.Төмөрдорж гэсэн хүмүүсийн бүрэлдэхүүнтэйгээр Рашаант багийн Баруун эхний Хөх эрэг гэх газарт тэр өдрөө 11 цагийн үед очоод ойн ангийн мэргэжилтэн захирамжид дурдсан 10 га газрыг заалгаж тусгаарлалт хийлгэсэн. Тусгаарлалт хийлгэсэн газар С.Төмөрдорж, түүний эхнэр Үржинханд нар нэг бригад болоод мод хийж байгаа бригадыг ахалж, өөрийн эхнэр ******* болон *******ийн төрсөн дүү нь нөхөр гэх залуугийнхаа хамт нэг бригад болоод ажилцацгаасан. Төмөрдоржийн бригад 2023 оны 07 дугаар сарын 04-ны өдрөөс 08 дугаар сарын эхэн хүртэл 1 сарын хугацаатай, С.ын 4 хүний бүрэлдэхүүнтэй бригад нь 2023 оны 08 дугаар сарын 17-ны үеэр гараад 5 хоног ажиллаад буусан. С.ын бригад гарч ажиллах үеэр Төмөрдорж эхнэртэйгээ хамт зөрөөд буусан. Өөр хүмүүс бол ажиллаагүй...С.,түүний эхнэр О.******* нар нь манай ажилтан гэж явдаг. С. нь хөрөөчин албан тушаалтай, ******* хөрөө рамчин албан тушаалтай. С.Төмөрдорж нь гэх хувиараа хөрөө рам ажиллуулдаг хүний компанид ажилладаг. Манайд хааяа ачигчийн ажил гарахаар ирж ажиллаад хөлсөө аваад л явдаг. Манай компани нь тусгаарлалт хийлгэсэн талбайгаасаа мод бэлтгэлийн бригад гаргаж мод хийлгэдэг. Жишээлбэл 4 метрийн урттай хэрэглээний мод 1 ширхгийг хийлгэхэд мод хийж байгаа хүмүүс 10.000 төгрөгөөр бодож манай компанид худалддаг. Түүнээс уг хүмүүс тогтсон хөлс байхгүй манай тусгаарлалт хийлгэсэн талбайгаас 4 метрийн урттай 1 модыг 10,000 төгрөгөөр манайд худалддаг... болон Төмөрдорж мод хийж байгаа хүмүүст тусгаарлалт хийлгэсэн газраасаа хэтрүүлж хийж болохгүй талбай дотроо хийгээрэй хүмүүс хэл ам гаргана шүү гэж байнга захиж хэлдэг байсан. Тэгтэл саяхан цагдаагийн байгууллагаас шалгаад эхлэхээр нь тусгаарлалт хэтрүүлсэн талаар нь мэдсэн. Тэгтэл С.Төмөрдорж эхнэртэйгээ хамт ажиллаж байхдаа надад болон бригадын ахлагч С.ад хэлэлгүйгээр тусгаарлалт хийлгэсэн газраас зүүн урд талд уулын хонхор газраас мод хийж ачуулсан байсан. С.Төмөрдорж тухайн үед надад хэлээгүй байж байгаад саяхан цагдаад шалгагдаад эхлэхээрээ би 2023 оны 07 дугаар сарын 10-ны үед бороо их ороод дээшээ машин гарахгүй байхаар нь өөр газраас буюу тусгаарлалт хийлгэсэн газраас мод хийсэн гэдгээ хэлсэн С.Төмөрдорж нь манай байгууллагын үндсэн ажилтан бол биш манайд ажил гарсан үед завтай бол манайд ирж ажил хийгээд хөлсөө аваад л явдаг. Гэхдээ С.Төмөрдорж нь тусгаарлалт хийлгэсэн газраа сайн мэдэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх 80-82/,
Гэрч С.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би “Мөнхзандан” ХХК-д 10 гаруй жил хөрөөчин, модны бригадын ахлагчаар ажиллаж байна. Манай хөрөө рам энэ жил Тосонцэнгэл сумын Баруун эхийн хөх эрэг гэх газарт 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр байхаа 10 га газарт тусгаарлалт хийлгэсэн. Би тэр үед нь өөр ажилтай байсан болохоор тусгаарлалт хийх үед нь явж чадаагүй. Би тусгаарлалт хийлгэсэн талбайд хэрэглээний мод бэлтгэх бригадын ахлагчаар томилогдсон. Мод бэлтгэх бригадад би ахлагчаар нь бүрэлдэхүүнд эхнэр *******, Түмэн-Өлзий нар байсан. Бид нараас гадна ачигч С.Төмөрдорж нь эхнэр Үржинхандтай хамт бас мод бэлтгэж ачсан. Бид нар зөвхөн 4 метрийн урттай хэрэглээний мод бэлтгээд ачихад бэлэн болгоод 1 модыг нь Мөнх Зандан ХХК-д 10,000 төгрөгөөр бодож өгдөг байсан. Бид нарыг очихоос өмнө ачигч С.Төмөрдорж нь эхнэртэйгээ хэд хоногийн өмнө гараад мод бэлтгэж байсан. Би 2023 оны 07 дугаар сарын сүүлээр очсон. Тэгэхэд С.Төмөрдорж нь бид нараас зөрөөд буусан байсан. Бид нарыг очих үед С.Төмөрдорж нь тусгаарлалт хийсэн талбайгаар 300 орчим метрийн зайд хонхор хэсэгт хэсэг хуурай мод бэлтгэсэн байсан. Би түүнээс чи яагаад тусгаарлалтаас гараад мод бэлтгэсэн бэ? гэхэд тухайн үед бороо их орж байсан болохоор тусгаарлалт хийсэн талбай руу машин очих боломжгүй байхаар нь тэр газраас мод хийгээд ачуулсан гэж өөрөө хэлж байсан. Чи яаж байгаа юм бэ? гэхэд хэдэн төгрөг хэрэгтэй шүү дээ гэж хэлсэн. Бид нар тусгаарлалт хийлгэсэн газарт бид нараас өөр хүмүүс болж ирж хийхгүй...” гэсэн мэдүүлэг /хх 85-86/,
Гэрч П.Цэрэнбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Надтай 2023 оны 07 дугаар сард улсын баяр наадмын үеэр 10,11-ний үед Мөнхзандан ХХК-ны Дуламдорж гэдэг эгч уулзаад ажлын хөлсийг чинь өгье рамны Зил-131 маркийн автомашиныг бариад тусгаарлалтын талбайгаас мод татаад өгөөч гэж гуйсан. Тэгээд би зөвшөөрөөд тухайн хөрөө рамны Зил-131 маркийн 83- 65 УВА улсын дугаартай автомашиныг жолоодож Рашаант багийн нутаг Хөх эрэг гэх газраас тусгаарлалтын талбайгаас 1 удаа 4 метрийн 100 орчим модыг сумын төв рүү тээвэрлэж байсан. Намайг мод татахаар хөдөө очих үед тэнд Мөнхзандан ХХК-д мод бэлтгэж байсан гэх С.Төмөрдорж гэдэг залуу би энэ доор хэдэн 4 метрийн мод бэлтгэсэн юм сумын төв рүү чиний ачаан дээр нэмээд ачуулмаар байна гээд надаас гуйсан тэгээд би зөвшөөрөөд тэр модыг нь ачихаар очиход 20 гаран тооны 4 метрийн модыг бэлтгэсэн байсан тэр моднуудаас 10 ширхэг модыг ачаад үлдсэн мод нь ачаан дээр багтаагүй тэр газартаа үлдсэн юм. Харин би тэр 10 ширхэг модыг Мөнхзаяа ХХК-ны хөрөө рамны хашаанд буулгасан. Би дахиж тэр хөрөө рамны модонд яваагүй...” гэсэн мэдүүлэг /хх 88/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 07 дугаар сарын эхээр өөрийн нөхөр Баяржавхлан, Бат-Эрдэнэ нарын хамт нэг бригад болоод Мөнхзандан ХХК-ны тусгаарлалтын талбай болох Рашаант багийн нутаг Баруун эхний Хөх эрэг гэх газраас хэрэглээний 4 метрийн моднууд бэлтгэж байсан юм. Мөн манай бригадын хамт С.Төмөрдорж эхнэр Үржинхандын хамт Мөнхзандан ХХК-ны тусгаарлалтын талбай дээрээс нэг бригад болоод мод бэлтгэж байгаад бид нар хамт буусан юм. Сүүлд нь 2023 оны 08 дугаар сарын сүүлчээр Мөнхзандан ХХК-ны менежер Дуламдорж эгч надад нөгөө С.Төмөрдорж 07 сард та нартай хамт модонд явахдаа тусгаарлалтын талбайн гадна талаас дур мэдээд 20 гаран тооны хэрэглээний мод бэлтгэсэн юм шиг байна гэж надад хэлж байсан. Тэгэхээр С.Төмөрдорж тусгаарлалтын талбайн гадна талаас өөрөө дур мэдэн мод бэлтгэсэн юмуу гэж би бодсон. Бид нарыг 07 сард модонд явахад Мөнхзандан ХХК-ны менежер Дуламдорж гуай та нар тусгаарлалтын талбай дотроос модоо бэлтгэнэ шүү гээд хэлж захиж байсан…” гэх мэдүүлэг /хх 90/
Гэрч Ц.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Нөхөр бид хоёрыг дээрх компани тусгаарлалтын талбай дээр очихоос өмнө тухайн газарт Төмөрдорж эхнэртэйгээ, Сосоо нөхрийнхөө хамт мод бэлтгээд буусан байсан. Би нөхөр ын хамт 2023 оны 09 сарын 11, 12-ны үед Мөнхзандан ХХК-ны тусгаарлалтын талбай дээрээс өмнө нь 08 сард бэлтгэсэн модоо цагаалж татах гээд очиход тусгаарлалтын талбай дээр Төмөрдорж мөн адил оччихсон өмнө нь Мөнхзандан ХХК-ны тусгаарлалтын талбай дээр хийсэн байсан модоо цагаалж байхад нь таарсан. Тэр үед С.Төмөрдорж надад хэлэхдээ би 07 сард Мөнхзандан ХХК-ны тусгаарлалтын талбайгаас гаргаад хэдэн мод хийчхэж гэж ярьсан...” гэсэн мэдүүлэг /хх 92/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн Ойн мэргэжлийн байгууллага 2023 оны 07 дугаар сарын 05-10-ны хооронд 70 метр куб түлээний мод бэлтгэх № 23-021844, 23-021840 дугаартай эрхийн бичгийг, 2023 оны 07 дугаар сарын 05-08-ны хооронд 14 метр куб хэрэглээний мод бэлтгэх №23-021842 дугаартай эрхийн бичгийг, 2023 оны 07 дугаар сарын 15-20-ны өдрийн хооронд 50 метр куб түлээний мод бэлтгэх 23-021854, 23-021855 дугаартай эрхийн бичгийг, 2023 оны 07 дугаар сарын 27-30-ны өдрийн хооронд 14 метр куб хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичгийг, 2023 оны 08 дугаар сарын 16-23-ны өдрийн хооронд 30 метр куб хэрэглээний мод бэлтгэх № 23-021884 дугаартай эрхийн бичгийг, 2023 оны 08 дугаар сарын 25-30-ны өдрийн хооронд 35 метр куб түлээний мод бэлтгэх №23-055510 дугаартай эрхийн бичгийг, 2023 оны 09 дүгээр сарын 08-12-ны өдрийн хооронд хэрэглээний 14 метр куб модыг бэлтгэх №23-055511 дугаартай эрхийн бичгийг тус тус авсан. ...Бригадын ахлагч өөрөө талбайгаа мэддэг хүн байх ёстой учир талбай дотроосоо модоо бэлтгэх ёстой. Бригадын ахлагч өөрөө дур мэдэж өөр газарт мод бэлтгэсэн бол өөрөө л хариуцлагаа хүлээх байх...” гэсэн мэдүүлэг /хх 95-96/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн иргэний надаас ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй...Иргэн хүн ойгоос мод бэлтгэхээс өмнө байгаль хамгаалагчаас мод бэлтгэх эрхийн бичгийг авах ёстой. Тэгээд эрхийн бичигт заасан газраас заагдсан хугацаанд тухайн бэлтгэх ёстой модныхоо төрөл, хэмжээг зөрчихгүйгээр модоо бэлтгэж, эрхийн бичигт заасан хугацаанд тээвэрлэн оруулж ирэх ёстой. Ойгоос эрхийн бичиг авахгүйгээр мод бэлтгэж болохгүй, хэрэв эрхийн бичиг авахгүйгээр мод бэлтгэсэн тохиолдолд зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн гэж үзнэ...” гэсэн мэдүүлэг /хх 97/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн иргэний зүгээс 07 дугаар сард надаас ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй...” гэсэн мэдүүлэг /хх 99/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Төмөрдорж нь 07, 08 дугаар сард надаас ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй...” гэсэн мэдүүлэг /хх 101/,
Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн сумын Засаг даргын А/136 дугаар захирамжийн дагуу Рашаант багийн нутаг Баруун эхний Хөх эрэг гэх газарт Мөнхзандан ХХК-нд 10 га талбайд мод бэлтгэх талбай тусгаарлалтыг хийсэн. Талбай тусгаарлалт хийхдээ би тухайн газарт кординат 5 цэгийг GPS төхөөрөмжөөр тогтооход Нэгдүгээр цэг N48,13,10,47-Е 98,18,55,57 хоёрдугаар цэг N48,13,04,38-Е98.18,54,32, гуравдугаар цэг N48,13,06,08-Е98,18,44,76, дөрөвдүгээр цэг N48,13,20,55-Е98,18,47,01, тавдугаар цэг N48,13,15,94-Е98,19,00,42 байсан. Талбай тусгаарлалт хийхдээ тэмдэгжүүлэх 4 ширхэг шонг зоосон. Би 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Баруун эхний Хөх эрэг гэх газарт Мөнхзандан ХХК-ны тусгаарлалтын талбайд мөрдөгчийг хэргийн газрын үзлэг хийх үед хамт байлцсан. Хэргийн газрын үзлэгээр миний өмнө нь авсан дээрх кординат цэгүүдээр Мөнхзандан ХХК-нийг тусгаарлалтын талбайгаас гаргаж өөр газарт мод бэлтгэсэн эсэхийг шалгахад хоёрдугаар цэгээс /N48,13,04,38-Е98.18,54,32/ ертөнцийн зүгээр урд зүгт 70 метр зайд тусгаарлалтын талбайгаас гаргаж 22 ширхэг босоо модыг огтолж бэлтгэсэн хожуулууд байсан. Харин баруун, хойд, зүүн талын хэсгүүдээр тусгаарлалтын талбайгаас гаргаж мод бэлтгэсэн зүйл байгаагүй. Яг миний тусгаарлалт хийж координат цэг тогтоосон талбай дотроос бэлтгэсэн байсан. Хэргийн газрын үзлэгийн үед С.Төмөрдорж өөрөө бороо ороод машин гарахгүй болохоор нь би талбайгаас гаргаад мод бэлтгэсэн гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх 103-104/,
Шинжээч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/176 дугаар тушаалыг үндэслэн ойгоос бэлтгэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээг тогтоосон. Ойгоос бэлтгэсэн шинэс төрлийн 4 метрийн урттай хэрэглээний 17 ширхэг бөөрөнхий модонд хэмжилт хийхэд 2,766, харин хэргийн газрын үзлэгээр баримтжуулан авсан 5 ширхэг хожуулын тууш модны эзлэхүүн 0,646 болсон. Ойгоос бэлтгэсэн нийт мод 3,412 метр куб болсон. Мод бэлтгэсэн газар болох Рашаант багийн нутаг Баруун эхний Хөх эрэг гэх газар Тарвагатай нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарна. Тухайн мод бэлтгэсэн мужлалд 1 метр куб хэрэглээний хуурай модонд 168,655 төгрөг байдаг үүнийг итгэлцүүр болох 1,8-аар үржин бодож 1 метр куб модны экологи эдийн засгийн үнэлгээг тогтоодог. Ойгоос бэлтгэсэн модны хожуулаас метр кубийг тогтоох боломжтой. Хангайн тайга жуу шинэсэн ойн моддын хожуулын диаметрээр таксацын үзүүлэлтүүдийг тодорхойлох аргачлалын дагуу куб метр экологи эдийн засгийн үнэлгээг гаргах боломжтой учир таблицын дагуу 5 ширхэг хожуулын диаметрээс куб метр экологи эдийн засгийн үнэлгээг гаргасан...” гэсэн мэдүүлэг /хх 118-119/
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын ойн ангийн шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 13 дугаартай “...Ойгоос бэлтгэсэн мод шинэс мод хэрэглээний хуурай мод байна. Хэргийн газрын үзлэгээр мод бэлтгэсэн газарт ойгоос бэлтгэсэн 17 ширхэг мод нь ангиллын хувьд хэрэглээний модны ангилалд хамаарна. Ойгоос бэлтгэсэн байсан 17 ширхэг бөөрөнхий мод болон тухайн газарт байсан модны хожуулын тайралтууд цаг хугацааны хувьд нэг цаг хугацаанд бэлтгэсэн байх боломжтой байна. Модны тайралт жигд байна. Дээрх моднуудыг 2023 оны 07 дугаар сард ойгоос бэлтгэсэн байх боломжтой байна. Модны тайралт шинэвтэр жигд байна. Мод бэлтгэсэн газар болох Тосонцэнгэл сумын Рашаант багийн нутаг “Баруун эхний “Хөх эрэг” гэх газар нь ойн 1-р мужлалд хамаарна, Улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарна. Тухайн мод бэлтгэсэн мужид 1-метр куб модны экологи эдийн засгийн үнэлгээ 168,655 төгрөг байна. Ойгоос бэлтгэсэн модны хожуулаас метр куб экологи эдийн засгийн үнэлгээ тогтоох боломжтой. 20, 22, 24, 22, 16 см-ийн диаметртэй хэргийн газрын үзлэгээр №1, 2, 3, 4, 5 дугаарласан 5 ширхэг босоо мод 0,646 метр куб байна. Тосонцэнгэл сумын Рашаант багийн нутаг “Баруун эхний хөх эрэг” гэх газраас бэлтгэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээ БОАЖ-ын сайдын 2020 оны А/176-р тушаалыг үндэслэн экологи эдийн засгийн үнэлгээг тогтооход бүх төрлийн хуурай шинэс модны 1-р мужийн 1 метр, куб шинэс одны экологи эдийн засгийн үнэлгээ хэрэглээний хуурай модонд 168,655 төгрөг, итгэлцүүр болох 1,8-аар үржин бодож 1 метр куб модны экологи эдийн засгийн үнэлгээ 303,579 төгрөг болж. Бэлтгэсэн мод 2,766 метр куб-ээр үржин экологи эдийн засгийн үнэлгээ нь 839,699 төгрөг. 1 метр куб модны экологи эдийн засгийн үнэлгээ 303,579 төгрөг болж. Бэлтгэсэн модны хожуулын тууш модны эзлэхүүн 0,646 метр кубээр үржин экологи эдийн засгийн үнэлгээ нь 196,112 төгрөг, нийт 1,135,811 төгрөг болж байна. Ойн мэргэжлийн байгууллага, иргэн хүн ойгоос модыг бэлтгэхдээ байгууллага, баг хариуцсан байгаль хамгаалагчаас мод бэлтгэх эрхийн бичиг авч мод бэлтгэх ёстой. Тусгаарлалтын талбайгаас хэтрүүлэн өөр газарт мод бэлтгэж болохгүй. Ойн мэргэжлийн байгууллагын тусгаарлалтын талбайгаас хэтрүүлж мод бэлтгэсэн тохиолдолд зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн гэж үзнэ. Мод бэлтгэх явцад Ойн мэргэжлийн байгууллагын бригадын ахлагчаар ажиллаж байсан хүн тусгаарлалтын талбайгаас гарч өөр газарт мод бэлтгэсэн тохиолдолд ойн мэргэжлийн байгууллагыг зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн гэж үзэхгүй. Мод бэлтгэлийн бригадын дарга технологийн картын дагуу тусгаарлалт хийсэн талбайд мод бэлтгэх ёстой. Тусгаарлалт хийсэн талбайгаас гадна мод бэлтгэсэн тохиолдолд мод бэлтгэсэн иргэнийг зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн гэж үзнэ. “Мөнхзандан” ХХК-ны ойгоос мод бэлтгэлтийн үйл ажиллагаа явуулахдаа Ойн тухай хууль тогтоомж зөрчсөн байдлыг манай байгууллага тогтоох боломжгүй. Иргэн хүн босоо модыг огтлох замаар мод бэлтгэж болохгүй. Иргэн хүн мод бэлтгэх эрхийн бичиг авахгүйгээр мод бэлтгэж болохгүй. Мөнхзандан ХХК-ний тусгаарлалтын талбайгаас мод бэлтгэх үед талбай хэтрүүлж мод бэлтгэсэн байдал тогтоогдсон бол С.Төмөрдорж нь Ойн тухай хуулийн 35.4.2-р заалт зөрчсөн гэж үзнэ...” гэсэн дүгнэлт, тоолуурын хүснэгтүүд /хх 109-113/, хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 3/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 5-9/,
Тарвагатайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн “...Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн нутаг Баруун эхний Хөх эрэг гэх газар нь улсын тусгай хамгаалалтай газар нутагт харьяалагддаг нь үнэн болохыг тодорхойлов...” гэсэн тодорхойлолтоор тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
1.2. Шүүгдэгч ******* “...2023 оны 03 дугаар сарын үед Мөнх-Зандан ХХК-ны захирал Дуламдорж эгчтэй холбогдож тэдний хөрөө рам дээр модны ажил гарахаар нь хөлсөөр ажилладаг байсан. 2023 оны 07 дугаар сарын эхээр Дуламдорж эгч над руу яриад Тосонцэнгэл сумын Рашаант багийн нутаг Баруун эхний Хөх эрэг гэх газарт тусгаарлалт хийлгэж хэрэглээний мод бэлтгэх хэрэгтэй байна чи ажиллах юм уу гэхээр нь би зөвшөөрөөд эхнэртэйгээ хамт ажиллах болсон. Би тусгаарлалт хийлгэх үед нь хамт явж тусгаарлалт хийлгэх үед нь хамт явж тусгаарлалт хийлгэх талбайг нь заалгаж авсан. Ингээд эхнэрийнхээ хамт дараа нь очиж 4 метрийн урттай модыг 1 ширхийг нь 10,000 төгрөгөөр тооцож бэлддэг байсан. Тэгтэл 2023 оны 07 дугаар сарын 10-ны өдөр бороо их ороод мод хийж байгаа талбай руу Зил 131 машин өгсөхгүй байхаар нь тусгаарлалт хийсэн талбайгаас 100 орчим метрийн зайд уулын хонхор газарт босоо хуурай мод байхаар нь 22 ширхэг босоо хуурай мод хөрөөдөж 4 метрийн урттай болгож бэлтгэж машинд ачиж өгөөд явуулсан. Би тухай үед энэ талаар Дуламдорж захиралд хэлээгүй. Тэр модыг эхнэр Үржинхандтай хамт бэлтгэсэн бөгөөд би тусгаарлалтгүй талбайгаас гараад мод бэлтгэж байгаагаа эхнэртээ хэлээгүй. Эхнэр бид хоёроос өөр хүн байгаагүй. Би босоо хуурай мод 22-ыг тайрч хөрөөдсөн бөгөөд 4 метрийн урттай 10-11 ширхэг модыг ЗИЛ-131 маркийн авто машинд мод дутахаар нь дүүргэх зорилгоор ачсан. 17 ширхэг мод тэр газарт үлдсэн бөгөөд түүнийг нь цагдаагийн хэлтсийн журмын хашаанд буулгасан байгаа. Миний ачиж явуулсан мод хөрөө рамд ороод худалдагдсан байх. Би Дуламдорж эгчээс мод хийхээс өмнө 3,000,000 төгрөгийн мод хийж өгнө гэж хэлээд бэлэн мөнгө авсан байсан. Би 4 метрийн урттай модыг 1 ширхгийг нь 10,000 төгрөгөөр тооцож өгсөн...” гэсэн мэдүүлэг нь зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн үйл баримтыг давхар нотолж байна гэж нотлох баримтаар үнэлэв.
2. Шүүгдэгч ******* холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.
Мөн шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
3. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:
Ойн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д “Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтын бүсийн ойгоос мод, ойн дагалт баялгийг зохих төлбөр, хураамжийг төлсний үндсэн дээр ашиглах эрхтэй”, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 34.3 дахь хэсгүүдэд “Тухайн сум, дүүргийн ойн анги, эрх бүхий албан тушаалтан нь иргэн, аж ахуйн нэгжид мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно, уг эрхийн бичигт мод бэлтгэх иргэн, аж ахуйн нэгжийн нэр, хаяг, бэлтгэх модны төрөл, хэмжээ, бэлтгэх газрын нэр, бэлтгэх, тээвэрлэж дуусгах хугацаа зэргийг тодорхой заана, эрхийн бичгийг бусдад шилжүүлэхийг хориглоно” гэж тус тус зааснаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь мод бэлтгэхдээ зохих төлбөр, хураамжийг төлж, тусгай зөвшөөрөл буюу мод бэлтгэх эрхийн бичиг авсан байхыг үүрэг болгосон байна.
Шүүгдэгч ******* дээрх хуулийн шаардлагуудыг зөрчиж 2023 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн нутаг “Баруун эхний Хөх эрэг” гэх улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр шинэс төрлийн 3.412 метр куб хэрэглээний модыг бэлтгэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргаагүй болно.
4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж хуульчилжээ.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх хэсэгт “...ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэж заасны дагуу шүүгдэгч ******* 3.412 м3 хэрэглээний мод бэлтгэсний улмаас байгаль экологид 1,135,811 төгрөгийн хохирол учирсныг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 3,407,433 төгрөгийн хохирол учирсан байна.
Шүүгдэгч С.Төмөрдорж нь хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй байх бөгөөд тэрээр шүүх хуралдаанд ажил хийж хохирол төлбөрийг барагдуулахаар мэдүүлжээ.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна...” гэж заажээ.
Иймд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1-т зааснаар ойн санд учирсан ойн экологи-эдийн засгийн үнэлгээ 3,407,433 төгрөгийг шүүгдэгч С.Төмөрдоржоос гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн 100900013040 тоот дансанд төлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй байна.
5. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч нь 2003 онд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 8 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан болох нь Чингэлтэй дүүргийн шүүхийн 2003 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 85 дугаартай шийтгэх тогтоол, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тус тус тогтоогдож байна.
Шүүхээс шүүгдэгч ******* ял шийтгэл оногдуулахдаа эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримталж, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэмт хэрэг үйлдсэн байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзээд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч С.Төмөрдорж нь Завхан аймгийн Тосонцэнгэл суманд байнга оршин суудаг тул түүнд оногдуулсан 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар тогтоож, биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг дурдаж, хяналт тавихыг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгав.
Шүүгдэгч ******* гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан цахилгаан хөрөө нь түүний өмчлөлийнх болох нь түүний “...Модыг бэлтгэхдээ ашигласан хөрөө нь миний өмчлөлийн. Би уг хөрөөг 2022 онд 280,000 төгрөгөөр худалдаж авсан...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авах албадлагын арга хэмжээ авахаар заасан байх тул шүүгдэгч ******* гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан цагаан өнгөтэй цахилгаан хөрөө, гэмт хэрэг үйлдэж олсон 4 метрийн урттай 17 ширхэг модыг тус тус улсын орлого болгож шийдвэрлэв.
6. Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:
Шүүгдэгч С.Төмөрдорж нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн хувьд ногдох хөрөнгөөс битүүмжилсэн зүйлгүй, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Өөлд овогт Сэрээтэрбатын Төмөрдоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч С.Т 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Т оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Завхан аймгийн Тосонцэнгэл сумын төвийн нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Т нь 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрх хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч С.Т оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг шийтгэх тогтоол нь хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс тоолж, хяналтдаа байлгахыг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Т гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан цагаан өнгөтэй цахилгаан хөрөө, гэмт хэрэг үйлдэж олсон 4 метрийн урттай 17 ширхэг модыг тус тус улсын орлого болгосугай.
7. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1-т зааснаар ойн санд учирсан хохирол ойн экологи-эдийн засгийн үнэлгээ 3,407,433 төгрөгийг шүүгдэгч С.Т гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн 100900013040 тоот дансанд төлүүлсүгэй.
8. Шүүгдэгч С.Т нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт шүүгдэгчийн хувьд ногдох хөрөнгөөс битүүмжилсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
11. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ӨЛЗИЙХИШИГ