| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2021/00568/И |
| Дугаар | 155/ШШ2021/00697 |
| Огноо | 2021-06-23 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 155/ШШ2021/00697
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч:Хөвсгөл аймгийн М сумын .. дугаар багийн ... тоотод оршин суух, .... овогт Г.М /ШВ........../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах Хөвсгөл аймгийн Ахмад настны асрамж үйлчилгээний төвд холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Сувд, нэхэмжлэгч Г.М, хариуцагч Хөвсгөл аймгийн Ахмад настны асрамж үйлчилгээний төвийн даргын ажлыг түр орлон гүйцэтгэгч М.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Э нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
...Миний бие Г.М нь Ахмад настны асрамж үйлчилгээний төвийн дарга Ц.Б-ны 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Б/21 дугаар тушаалаар тус байгуулагын хоолны газрын ээлжийн тогоочоор томилогдож ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж эхлэсэн.Гэтэл Ц.Б дарга нь Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Б/14 дугаар захирамжаар үүршэгт ажлаасаа чөлөөлөгдсөн ба мөн дээр захирамжаар томилогдсон ажил хүлээлцэх комисст 2021 оны 05 дугаар 03-ны өдөр ажлаас хүлээлгэн өгсөн. Ц.Б-ны оронд дээрх ажилд томилогдсон М.С гэгч нь 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Б/25 дугаартай тушаалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн намайг ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцаллаа.Намайг ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болгосон хууль зүйн энэхүү заалт нь Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхолын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд эсхүл хэрэгжүүлэхийн тулд шууд эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол...ял шийтгэнэ гэсэн зохицуулалт бүхий хэм хэмжээ байх ба харин ажлаас чөлөөлөх, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай ямар нэг зохицуулсан зүйл байхгүй байна.Миний гүйцэтгэж байсан
Хоолны газрын ээлжийн тогоочийн ажил үүрэг нь үйлчилгээний ажилтны ангилалд хамаардаг ба Хөдөлмөрийн тухай хуулийн зохих зүйл хэсэгт заасан зохицуулалтаар шийдвэрлэгдэх ёстой гэж үзэж байна. Иймд Хөвсгөл аймгийн Ахмад настны асрамж үйлчилгээний төвийн ээлжийн тогоочийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү...гэжээ.
Нэхэмжлэгч Г.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Ахмад настны асрамж үйлчилгээний төвийн даргын 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Б/21 дугаар тушаалаар тус байгуулагын хоолны газрын ээлжийн тогоочоор томилогдож, ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласэн.Гэтэл тус төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч М.С нь намайг 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Б/25 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлсөн. Уг тушаал нь хуулийн шаардлага хангахгүй тушаал гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Учир нь тушаалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэл болгосон байгаа.Уг зүйл нь эрүүгийн хэрэгтэй холбоотой заалт ба би эрүүгийн ямар нэгэн хэрэгт огт холбогдож байгаагүй болно.Би шүүхэд тус төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Б/25 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэл гаргасан.Тушаалыг хүчингүй болгуулах шаардлагагүй юм байна.Иймд урд эрхлэж байсан ажилд маань эгүүлэн тогтоож өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна гэв.
Хариуцагч байгууллагын даргын ажлыг түр орлон гүйцэтгэгч М.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна.Учир нь уг байгууллага нь бүтэц орон тооны хувьд хэтэрсэн орон тоогоор ажиллаж байгаа. Өмнөх дарга болох Баярсайхан нь ажлаасаа чөлөөлөгдөх болсноо мэдсээр байж чөлөөлөгдөхөөсөө өмнө 5 хүнийг ажилд авсан байсан.Ингэхдээ хурлаар оруулаагүй, сонгон шалгаруулалт явуулаагүй, туршилтын хугацаа өгөлгүй өөрөө дур мэдэн шууд томилсон байдаг. Г.М-ийг ажлаас чөлөөлсөн тушаалд барьсан Эрүүгийн хуулийн заалт буруу гэдгээ зөвшөөрч байна. Ажилдаа томилогдоод удаагүй байсан тул ийм алдаа гаргасан байна.Бүрэц орон тоог шинэчлэн батлуулах гээд бичиг баримт бэлэн болсон. Одоо Г.М-ийг ажилд нь эгүүлэн авах ямар ч боломж байхгүй.Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.
Шүүх хуралдаанд зохигчийн тайлбар болон бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.М нь хариуцагч Хөвсгөл аймгийн Ахмад настны асрамж үйлчилгээний төвд холбогдуулан Хөвсгөл аймгийн Ахмад настны асрамж үйлчилгээний төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Б/25 дугаар тушаалыг хүчингүй болгож, ээлжийн тогоочийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан ба шүүх хуралдаанд Хөвсгөл аймгийн Ахмад настны асрамж үйлчилгээний төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Б/25 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай шаардлагаасаа татгалзаж, Хөвсгөл аймгийн Ахмад настны асрамж үйлчилгээний төвийн ээлжийн тогоочийн ажилд эгүүлэн тогтоолгоно хэмээн нэхэмжлэлийнхээ шаардлыг тодруулсан.
Нэхэмжлэгч Н.М нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэлээ гарган, хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна.
Хариуцагч тал нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн маргасан.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.Учир нь:
Зохигчийн тайлбар мэдүүлэг болон хэрэгт авагдсан баримтуудаар Г.М-г Хөвсгөл аймгийн Ахмад настны асрамж үйлчилгээний төвийн ээлжийн тогоочоор томилон ажиллуулж байгаад тус төвийн даргын ажлыг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Б/25 дугаартай тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн болох нь тогтоогдлоо.
Хэргийн зохигч дээрх үйл баримтанд хэн аль нь маргаагүй.
Үүнээс үзвэл ажилтан, ажил олгогч хоёрын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй.
Хөвсгөл аймгийн Ахмад настны асрамж үйлчилгээний төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Б/25 дугаартай Г.М-г ээлжийн тогоочийн үүрэгт ажлаас чөлөөлөх тухай тушаалдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь заалтыг үндэслэл болгон ажил олгогчийн санаачлагаар чөлөөлж, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгожээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2-д Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхолын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд эсхүл хэрэгжүүлэхийн тулд шууд эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол...ял шийтгэнэ гэж заажээ.
Ажил олгогчийн дээрх тушаал нь эрх зүйн акт болохын хувьд ажлаас халах үндэслэл нь тухайн тушаалд баримталсан хуулийн зохицуулалттай тохирч байх ёстой боловч уг тушаал хуулийн шаардлага хангаагүй, холбогдох заалтыг баримтлаагүй, хуулийн ямар үндэслэлээр ажилтанг ажлаас чөлөөлсөн тодорхойгүй байна.
Өөрөөр хэлбэл ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах санаачилгыг бие даан гаргах эрхтэй боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-40.1.7-д заасан үндэслэлүүдийн алт нэг нь бий болсон тохиолдолд энэ эрхээ эдлэх бөгөөд хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүдийн аль нэгийг баримтласан шийдвэр гаргаагүй нь буруу.
Мөн ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлаж байгаа тохиолдолд энэ тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэнэ гэх Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасан журмыг зөрчсөн байна.
Хариуцагч талаас...гал тогооны тогооч нар нь илүү орон тоотойгоор ажиллаж байсан тул Г.М-ийг ажлаас чөлөөлсөн...гэх тайлбарыг өгч байх боловч энэ талаарх холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй, хэргийн баримтаар дээрх байдал тогтоогдоогүй болно.
Иймд дээрх үндэслэлээр шүүх нэхэмжлэгч Г.М-ийг Хөвсгөл аймгийн Ахмад настны асрамж үйлчилгээний төвийн ээлжийн тогоочийн үүрэгт ажлаас үндэслэлгүй халагдсан гэж дүгнэн, ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан тухай ажилтны гомдол нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл болон гомдлоор авч хэлэлцэх хэрэгт хамаарах бөгөөд зөвхөн нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг ба хариуцагчаас тус гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Г.М-ийг Хөвсгөл аймгийн Ахмад настны асрамж үйлчилгээний төвийн ээлжийн тогоочийн ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагч Хөвсгөл аймгийн Ахмад настны асрамж үйлчилгээний төвөөс 70.200/ далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс хойш 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ