Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 2024/ШЦТ/29

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Өлзийхишиг даргалж,

Улсын яллагч Ц.Мөнх-Эрдэнэ,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энхболд

Шүүгдэгч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Золбоо нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн  дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,  өдөр төрсөн,  настай, боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл, багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаартай, З овогт Ш.Б.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2024 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн нутаг дэвсгэрт байрлах өөрийн гэртээ үл ялих шалтгааны улмаас ******* нүүрэн тус газарт өшиглөж улмаар ******* доод уруулд шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч *******т холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт хамаарч байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Хэргийн үйл баримтын тухайд

 

1.1. Шүүгдэгч ******* нь 2024 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн нутаг дэвсгэрт байрлах өөрийн гэртээ хохирогч ******* нүүрэн тус газарт өшиглөж доод уруулд шарх гэмтэл учруулсан үйл баримт нь:

Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хэдэн цагт уг асуудал болсныг санахгүй байна. Болдбаатарын гэр нь Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багт байрлах хуучин баарны зориулалт бүхий байшингийн хашаанд байдаг гэрт болсон асуудал юм. Тухайн газарт би, Болдбаатар, *******, ******* нарын хамт нэг шил архи задлаж уусан юм. Тэгээд байж байтал Болдбаатар нь гэрийнхээ баруун талын орны урд тал суугаад хөрөө янзалж байгаад намайг бариад өгөөч гэхээр би за гэж хэлээд хөрөөг нь барьж өгтөл намайг барьж чадахгүй юм байна цаашаагаа бай гэж хэлээд баруун хөлөөрөө миний уруул хэсэг рүү нэг удаа өшиглөсөн. Тэгтэл миний амнаас бага зэрэг цус гарсан. Тэгээд би яаж байгаа юм гэж Болдбаатараас асуухад хөрөө барьж чадахгүй юм байж янзалж чадна гэж хэлж болохгүй гэж хэлнээс болоод намайг өшиглөсөн. Тэгэхлээр би өөрийн утсаар найз ******* руу залгаад найз нь хүнд зодуулчихлаа ирээд аваач гэж хэлсэн. Тэгээд би Болдбаатарынхаас гараад хашааны гадаа зогсож байхад ******* такситай ирээд эмнэлэгт хүргэж ирсэн. Би тэгээд эмнэлэгт үзүүлээд гэр рүүгээ явсан юм. Болдбаатарын гэрийн зүүн талын орон дээр *******, *******ын нөхөр ******* нар сууж байсан. Харин баруун талын орны урд хэсэгт Болдбаатар сууж байсан, түүний доод талд би сууж байсан. Архи ууж байх үед *******ын нөхөр ******* орон дээр унтаад өгсөн. Уг асуудал болох үед би, *******, Болдбаатар нь юм яриад сууж байсан юм. Болдбаатарын гэрийн зүүн талын орны урд хэсэгт Болдбаатар нь хөрөөгөө янзалж байх үедээ намайг хөрөө бариад өгөөч гэхээр би хөрөөг нь барьж өгтөл гэнэт л Болдбаатар нь гуталтай баруун хөлөөрөө ам хэсэг рүү нэг удаа өшиглөсөн юм. Түүнээс болоод би биедээ гэмтэл авсан. Намайг биедээ гэмтэл авахыг *******, Болдбаатар нар харсан. ******* тухайн архинаас уугаагүй учир эрүүл байсан. Харин би, ******* нар нилээн халамцуу болсон байсан. Мөн Болдбаатар нь тухайн архинаас 2-3 удаа татсан учир согтуу биш байсан гэж бодож байна. Тухайн үед миний өмсөж явсан гэх хувцаст урагдсан зүйл байхгүй. Намайг Болдбаатар нь өшиглөх үед гэрийн ямар нэгэн зүйл эвдэрсэн, хагарсан зүйл байхгүй. Миний доод уруул хэсэгт бага зэрэг чинэрч өвдөөд байгаа. Мөн би халуун хоол унд идэж чадахгүй байгаа, би бүлээн хоол унд идэж байгаа. Үүнээс гадна Болдбаатарт ам руугаа өшиглүүлснээс хойш толгой бага зэрэг хатгаж өвддөг болсон. Би өөрийн биед учирсан гэмтэлд сэтгэл санааны хохирлоо нэхэмжилнэ. Би уг хэрэгтэй холбоотой эмнэлгийн баримт бичгийг бүрдүүлж байгаа тэрнээс гарсан мөнгө дүнг нэхэмжилнэ гэж бодож байна. Зүгээр байж байхад намайг өшиглөсөнд гомдолтой байна. Би эмчилгээний зардалд 4,400 төгрөгийн баримттай эм авсан. Мөн би эмнэлэгт үзүүлэх үедээ такси барихад 10,000 төгрөг болсон. Ингээд надад 14,400 төгрөгийн хохирол учирсан. Сэтгэл санаанд учирсан хохирлоо нэхэмжилнэ гэж бодож байна. Өөр надад нэмж нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх 37-39, 42/

Гэрч Б.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 03 дугаар сарын 16-ны өглөө 10 цагийн үед Д.Ганбаатар манай гэрт эрүүл орж ирсэн. Тухайн үед би нөхөр 3 хүүхэдтэйгээ хамт гэртээ байсан. Манай нөхөр *******, Д.Ганбаатар хоёр гэрээс түрүүлээд гараад явахаар нь араас нь цайгаа чаначхаад утсаар хаана байна гэж асуухад Гоо марлын хажууд байна гэхээр нь очсон. Тэгтэл ******* над руу залгаад би өнгөрсөн шөнө модноос ирлээ гээд ярьсан. Тухайн үед *******, Д.Ганбаатар юм уучихсан байхаар нь нөхрийгөө чи согтуу гэр рүү ороод яахын бэ? Хүүхэд уурлана *******ын гэрт ороод унтчих гээд Болдбаатарын гэр рүү бид гурав явж байхдаа Алтай нэг залуутай явж байсан. Тэгээд бид нар Болдбаатарын гэрт орсон. Тэр хүмүүс 1 шил архи уусан. Би архи уугаагүй эрүүл байсан. Алтай хамт явсан залуугаа дагуулаад гараад явсан. Гэрт Болдбаатар, Ганбаатар, манай нөхөр ******* бид 4-л үлдсэн. Тэгтэл ******* модны хөрөөгөө янзалж байгаад Д.Ганбаатар хөрөөг нь бариад өгөх гэтэл ингэж барьдаггүй юм. Хөрөө барьж чадахгүй байна, цаашаа бай пизда минь хол суу гэсэн. Тэгтэл Д.Ганбаатар гэрийн баруун талын орны урд ор түшээд сууж байхдаа би наад хөрөөг чинь би янзалж чадна, алив гээд хөрөөг нь татаад авахад хөрөө нь газарт унасан. ******* гэнэтхэн уурлаад босож ирээд ******* нүүрэн тус газар руу нь нэг удаа баруун хөлөөрөө өшиглөсөн. Тэгтэл Д.Ганбаатар амаа дараад доошоо болсон тэгтэл цус гараад эхэлсэн. Тэгээд даавуу авч өгөөд Ганбаатарыг өшиглүүлсэн газрыг нь харахад доод уруулын арьс нь урагдаад хэл нь харагдаж байсан. Тэгээд *******ын гэрт цусыг нь арай гэж тогтоотол Д.Ганбаатар  нэг хүн дуудаад эмнэлэг рүү явсан. Ийм л зүйл болсон. Тухайн үед Болдбаатар эрүүл байсан харин Д.Ганбаатар нь согтуу байсан. Би *******ыг чи эрүүл байж яагаад өшиглөж байгаа юм бэ? Гэхэд уурандаа өшиглөсөн гэж хэлж байсан. Д.Ганбаатар нь зөрүүлээд Болдбаатарыг цохиж зодоогүй гар хүрээгүй...” гэсэн мэдүүлэг /хх 49-50/,

Гэрч О.*******ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би архи ууж байгаад хэсэг унтсан. Унтаад сэрэх үед Ганбаатарын уруулын доод хэсэг язраад цаанаас нь хэл нь гарч байсан. Би түүнээс яасан юу болсон бэ? гэхэд ******* өшиглөөд ийм болгосон гэж хэлж байсан. *******аас чи яагаад хүнийг ийм аймар болгож байгаа юм бэ? гэхэд наадах чинь хөрөө янзалж байхад хөрөө янзлуулахгүй байхаар нь уур хүрээд нүүр рүү нь нэг удаа өшиглөсөн чинь ийм юм болчихлоо гэж байсан...” гэсэн мэдүүлэг/хх 52-53/,

 Гэрч Л.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Намайг гадуур явж байхад буюу 2024 оны 03 дугаар сарын 16-ны 17-18 цагийн үед Ганбаатар над руу залгаад намайг арслан Болдбаатар зодчихлоо хүрч ирээд намайг аваадахаач гэсэн тэгэхлээр би хаана байгаа юм гэж асуухад Болдбаатарын гэрийн гадаа уулзая гэхээр нь би за гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд би таксины зогсоолоос такси бариад Болдбаатарын гэрийн хашааны үүдэнд ирэх үед хашааны гадна Ганбаатар ганцаараа зогсож байсан. Тэгээд би таксинд Ганбаатарыг суулгаад сумын нэгдсэн эмнэлэгт хүргэж ирсэн. Түүний дараа нь би Ганбаатарын хамт эмнэлэг рүү орсон. Эмнэлэг рүү ороод Ганбаатарыг үзүүлээд гэр рүүгээ явсан. Ийм зүйл болсон. Намайг таксигаар очиж авах үед Ганбаатар нь намайг арслан Болдбаатар хөлөөрөө ам руу өшиглөх үед амнаас цус гараад тогтохгүй байна гэж надад хэлсэн. Тэгээд би Ганбаатарын нүүрэн хэсэг рүү харахад доод уруул хэсгээс бага зэрэг цус гарсан, хавдсан байдалтай зогсож байсан. Ганбаатарын амны хэсэгт үүссэн гэмтэл нь шинэ гэмтэл байсан. Түүнийг Ганбаатар нь Болдбаатар намайг өшиглөөд ийм болгочихлоо гэж надад хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх 55-56/,

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Намайг 2024 оны 03 дугаар сарын 16-наас 17-ны өдрийн хооронд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын сум дундын нэгдсэн эмнэлэгт яаралтай тусламжийн сувилагчаар гарч байсан. Тэгтэл 2024 оны 03 дугаар сарын 16-ны 19 цагийн үед манай эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт иргэн Д.Г гэх хүн нэг эрэгтэй хүний хамт ирээд намайг Болдбаатар гэх хүн хөлөөрөө ам руу өшиглөсний улмаас цус гараад тогтохгүй байна гэж надад хэлсэн. Тэгэхлээр би зодоон цохионы асуудлаар манай эмнэлэгт тухайн хүн хандсан учир цагдаагийн байгууллагад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүн бусдад зодуулсан байдалтай ирсэн байна гэж дуудлага мэдээлэл өгсөн. Тэгээд би тухайн хүнийг үзэж эрэмбэлэн ангилал хийхэд Ганбаатар нь архи уусан байдалтай, уруулын доод хэсгээс цус гарч хатсан, хавдсан, зовиуртай байсан. Тэгэхлээр би ахлаж байгаа Бумандулам эмчид мэдэгдээд дараагийн шатны үйлчилгээг авахуулахаар болсон. Их эмч үзээд тухайн хүний доод уруул хэсэгт шархыг цэвэрлээд оёдол тавьсан. Хэдэн оёдол тавьсан талаар надад мэдэх зүйл байхгүй. Нэг эрэгтэй хүний хамт ирсэн. Ирэх үед нь би эрэмбэлэлт хийж байхад үзүүлэгч Д.Ганбаатар нь намайг Болдбаатар гэх хүн хөлөөрөө ам руу өшиглөсний улмаас цус гараад тогтохгүй байна, шархаа оёулмаар байна гэж хэлсэн. Өөр надад хэлсэн зүйл байхгүй. Үзүүлэгчийн хамт ирсэн нэг эрэгтэй хүнийг би танихгүй. Би цагдаагийн байгууллагад 2024 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 20 цаг 24 минутад мэдээлэл өгсөн...” гэсэн  мэдүүлэг /хх 58/,

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2024 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 09 цагаас 17-ны 09 цагийн хооронд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын сум дундын нэгдсэн эмнэлэгт яаралтай тусламжийн их эмчээр гарч байсан. 2024 оны 03 дугаар сарын 16-ны 19 цагийн өнгөрөхөөс өмнө манай эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт иргэн Даваасамбуугийн Ганбаатар гэх хүн ирлээ гэж надад сувилагч Ганчимэг хэлсэн. Тэр үед эмчлүүлэгчид оёдол тавиулах хэрэгтэй байна гэхээр би тухайн хүнээс хэнтэй хамт ирсэн талаар, биед ямар зовиур байна гэж асуухад эмчлүүлэгч найз *******ын хамт ирсэн гэж тухайн хүн надад хэлсэн. Тэгээд би тухайн хүнийг үзэхэд доод уруул нь хавдсан, оочны хэсэгт цоорсон шархтай, өөр биед ил харагдах шарх сорвигүй байсан. Тэгээд би шархыг цэвэрлээд оочны хэсэгт буюу дотор болон гадна хэсэгт 3 см зайд шулуун косметик оёдол тавьсан. Тухайн хүн ирэх үедээ даралт ихтэй байсан болохоор эмэн эмчилгээ буюу даралт бууруулах эм, өвчин намдаах, хэсгийн мэдээгүйжүүлэг хийсэн. Тэгсний дараагаар эмэн эмчилгээ бичиж өгсөн юм. Мөн эмийн жорын хуудас хэсэгт амбулаториор 7 хоног боолт хийлгүүлэхээр мөн адил бичиж өгсөн. Гэрт байхад цус их алдсан. Намайг хүн өшиглөөд уг гэмтлийг авсан гэж үзүүлэгч Ганбаатар надад хэлсэн. Тухайн гэмтлийг хэн үүсгэсэн талаар үзүүлэгчээс би асууж лавлаагүй. Өөр надад хэлсэн зүйл байхгүй. Цагдаагийн байгууллагад манай эмнэлгийн ажилтан Ганчимэг нь 2024 оны 03 дугаар сарын 16-ны 20 цаг 24 минутад дуудлага мэдээлэл өгсөн. Оочны хэсэгт цооролт, амны дотор, гадна хэсэгт байх язралтууд нь шинэ гэмтэл байсан. Үзүүлэгч Ганбаатар нь тухайн гэмтлийн өшиглүүлсний улмаас үүссэн гэж надад хэлсэн. Дээрх гэмтэл нь өшиглөснөөс үүссэн шинэ гэмтэл байсан юм...” гэсэн мэдүүлэг /хх 60-61/,

Иргэний нэхэмжлэгч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Д.Г нь 2024 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн хугацаанд Эрүүл мэндийн даатгалын цахим системд бүртгэгдсэнээр нийт 212,750 төгрөгийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг авсан байна. Гэмт хэргийн улмаас хохирогч Даваасамбуугийн Ганбаатар нь Эрүүл мэндийн даатгалын сангаас 212,750 төгрөгийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн бөгөөд уг төлбөрийг эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэх хүсэлтэй байна...” гэсэн мэдүүлэг /хх 46-47/, гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 1/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 2-7/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 8-10/, яаралтай тусламжийн хуудас, осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудсаар тогтоогдож байна гэж үзлээ.

1.2. Шүүгдэгч *******ын: “...2024 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багт байрлах гэртээ ******* түүний нөхөр *******, Ганбаатар нарын хамт нэг шил архи уусан. Тухайн нэг шил архи ууж байхдаа би өөрийн мод хөрөөддөг хөрөөгөө янзалж байх үедээ Ганбаатарыг хөрөө бариад өгчих гэж дуудсан. Тэгээд хөрөөг олигтойхон барьж чадахгүй байсан учраас би гэнэт уурлаад Ганбаатарыг нүүрэн тус газар луу гуталтай хөлөөрөө нэг удаа өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримт болох хохирогч ******* мэдүүлэгтэй тохирч байх тул шүүх хохирогчийн нүүрэн тус газарт өшиглөж доод уруулд шарх гэмтэл учруулсан үйл баримтыг давхар нотолж байна гэж дүгнэлээ.

 

 

1.3. Шүүгдэгч ******* дээрх үйлдлийн улмаас хохирогч ******* эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Шүүх шинжилгээний хэсгийн шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 120 дугаартай “...******* биед гэмтэл учирсан байна. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл байна. Олон тооны гэмтэл тогтоогдсонгүй. ******* биед учирсан гэмтэл нь цаг хугацааны хувьд тухайн хэрэг болох цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. Учирсан гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. Д.Ганбаатарт учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх 64/ гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна.  

2. Шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

Мөн шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

3. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван хоёрдугаар зүйлийн 13-д ”Иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулжээ.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь бусдын эрүүл мэндийг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоотой байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.

Шүүгдэгч *******ын хохирогч ******* нүүрэн тус газарт өшиглөсөн үйлдэл нь хохирогчийн доод уруулд учирсан шарх гэмтэл хооронд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдэж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна

Иймд шүүгдэгч *******ын хохирогчийн нүүрэн тус газарт өшиглөж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүний гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргаагүй болно.

4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж хуульчилжээ.

 

Шүүгдэгч *******ын үйлдлийн улмаас хохирогч ******* эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Мөн шүүгдэгч *******ын хохирогч Д.Ганболдод хөнгөн хохирол учруулсны улмаас тэрээр эмнэлэгт хандаж эмчилгээ хийлгэсний улмаас Эрүүл мэндийн даатгалд 212,750 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан болох нь иргэний нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн баримтууд болон түүний мэдүүлгээр нотлогдож байна.

 

Шүүгдэгч ******* нь иргэний нэхэмжлэгчид 212,750 төгрөгийн хохирол төлбөрийг төлсөн болох нь төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар, хохирогч Д.Ганбаатарт төлөх хохирол төлбөргүй болох нь хохирогчийн шүүхэд ирүүлсэн “...Би дотны найз Болдбаатартайгаа архи ууж хоорондоо муудалцсан нь үнэн. Иймд би найздаа гомдол санал байхгүй, сэтгэцийн гэм хор нэхэмжлэхгүй...” гэсэн хүсэлтээр тус тус тогтоогдож байх тул хохирогч, иргэний нэхэмжлэгчид төлөх хохирол төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

5. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “...эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар цагдаагийн газрын мэдээллийн санд бүртгэгдээгүй...” гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх 98/

Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан  гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай.

Иймд шүүгдэгч ******* нь үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа нөхцөл байдал, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүйг тус тус харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэмцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын дотор төлөхөөр тогтоож, мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдав.

 

6. Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгчид төлөх хохирол төлбөргүй, хохирогч гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч З овогт Ш.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын дотор төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч Ш.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгчид төлөх хохирол төлбөргүй, хохирогч гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Б авсан хувийн баталгаа гарах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2023 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 14 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгосугай.

8. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.ӨЛЗИЙХИШИГ