| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Өлзийхишиг |
| Хэргийн индекс | 141/2024/0028/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/31 |
| Огноо | 2024-04-30 |
| Зүйл хэсэг | 27.10.4., |
| Улсын яллагч | Ц.Мөнх-Эрдэнэ |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 2024/ШЦТ/31
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Өлзийхишиг даргалж,
Улсын яллагч Ц.Мөнх-Эрдэнэ,
Шүүгдэгч *******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Золбоо нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, өдөр төрсөн, настай, эрэгтэй, боловсролтой, мэргэжилтэй, ажилтай, ам бүл хамт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаартай, З овогт Д.Л
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч ******* нь 2024 оны 04 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө Завхан аймгийн Их-Уул сумын “Баян-Ухаа” багийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэж “IST” загварын 02-65 ЗАВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хэргийн үйл баримтын тухайд:
1.1. Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 04-нд шилжих шөнө Завхан аймгийн Их-Уул сумын “Баян-Ухаа” багийн нутаг дэвсгэрт “IST” загварын 02-65 ЗАВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодсон гэх хэргийн үйл баримт нь
Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн өдөр буюу 2024 оны 04 дүгээр сарын 03-ны 21 цагийн үед манай гэрт аав ******* нь өөрийн эзэмшлийн 02-65 ЗАВ улсын дугаартай цагаан өнгийн IST маркийн тээврийн хэрэгслээр манайд ирсэн. Тухайн үед манай гэрт отроос ирсэн хүмүүсийг цай уулгаж байсан. Тэгтэл тухайн хүмүүс даалуу тоглохоор болсон. Би “Соёрхол” гэх нэртэй 0.5 литрийн хэмжээ архи задалж 2 удаа тойруулах үед аав ******* нь 2 удаа татсан. Тэгээд манайхаас 2024 оны 04 дүгээр сарын 03-ноос 04-ний шилжих шөнийн 01 цагийн үед гэр рүүгээ явлаа гэж хэлээд машинаа унаад хашааны гаднаас хөдөлсөн. Тухайн үед аав машиндаа ганцаараа явсан. Бусад хүмүүс нь манай гэрт хоносон...” гэсэн мэдүүлэг /хх 33-36/,
Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Завхан аймгийн их-Уул сум Баян-Ухаа багийн нутаг дэвсгэр Өгөөмөр дэлгүүрийн уулзвар дээр эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх үед 02-65 ЗАВ улсын дугаартай цагаан өнгийн Ист маркийн тээврийн хэрэгслийг 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 04-ний шилжих шөнийн 01 цагийн орчимд шалгахад иргэн ******* ******* нь жолоодож явсан. Тухайн жолоочийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгах зорилгоор албаны хэрэгцээнд ашигладаг согтуурал шалгах багаж буюу драгер /alcotest 7510/ -аар шалгахад 2.51% согтолтын зэрэгтэй байхаар би тээврийн хэрэгслийг нь журмын хашаанд байрлуулан тухайн зөрчлийг илрүүлж зөрчлийг таслан зогсоосон юм...” гэсэн мэдүүлэг /хх 37-40/,
Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Завхан аймгийн Их-Уул сумын Баян-Ухаа багийн нутаг дэвсгэр Өгөөмөр дэлгүүрийн уулзвар дээр Даваадалайгийн хамт эрүүлийн үүрэг гүйцэтгэж байх үед 02-65 ЗАВ улсын дугаартай цагаан өнгийн Ист маркийн тээврийн хэрэгслийг 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 04-ний шилжих шөнө 01 цагийн орчимд цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлагч М.Даваадалай зогсоон шалгахад иргэн ******* ******* нь жолоодож явсан. Тухайн жолоочийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгах зорилгоор Даваадалай албаны хэрэгцээнд ашигладаг согтуурал шалгах багаж буюу драгер /alcotest 7510/ -аар шалгахад 2.51% согтолтын зэрэгтэй байсан. Түүний тээврийн хэрэгслийг Даваадалай Завхан аймгийн Их-Уул сумын замын хяналтын постын тээврийн хэрэгсэл түр саатуулах байр руу хийсэн. Тухайн зөрчлийг Даваадалай илрүүлж зөрчлийг таслан зогсоосон юм...” гэсэн мэдүүлэг /хх 41-44/
2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл /хх 5/
“...*******ын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг Alcotest AL7510 гэх багажаар үлээлгэж шалгахад 2.51 хувийн согтолттой байсан...” гэсэн жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 7-8/,
“...2023 оны 10 дугар сарын 30-ны өдөр Завхан аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Д.Тогоохүүгийн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, зөрчилд холбогдогч *******т Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан зөрчил үйлдсэнд тооцож, 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400.000 төгрөгөөр торгож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах шийтгэл оногдуулсугай...” гэсэн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэх оногдуулах тухай 0282959 дугаартай шийтгэлийн хуудас /хх 23/, Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэлээр /хх 63/ тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
1.2. Шүүгдэгч *******ын “...2024 оны 04 дүгээр сарын 03-ны 21 цагийн тус багийн Тэх хорооллын 16-04 тоотод оршин суудаг охин Цэвэлсүрэнгийн гэрийн хашааны үүдэнд өөрийн эзэмшлийн 02-65 ЗАВ улсын дугаартай Сагаан өнгийн IST маркийн тээврийн хэрэгслээр очсон. Машинаа хашааны үүдэнд тавьсан. Тэгээд охины гэрт ороход отроос ирсэн хүмүүсийг охин цай уулгаж байсан. Тэгтэл тухайн хүмүүс даалуу тоглохоор болсон. Цай хураагаад сууж байхад Соёрхол гэх нэртэй 0.5 литрийн хэмжээтэй архийг охин маань задалсан. Тухайн архийг охины маань 2 удаа тойруулах үед би тухайн архинаас 2 удаа татсан. Охиныхоос 2024 оны 04 дүгээр сарын 02-ноос 03-ны шилжих шөнийн 00 цаг 30 минут болж байхад гэр рүүгээ явлаа гэж хэлээд машинаа унаад хашааны гаднаас жолоодон хөдөлсөн. Тухайн үед би машин дотроо ганцаараа явсан. Тэгтэл Өгөөмөр дэлгүүрийн уулзвар хэсэгт замын цагдаа нар зогсож машин шалгаж байсан. Тэгээд миний машиныг нэг замын цагдаа зогсоогоод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгах төхөөрөмжөөр шалгахад миний согтолтын зэрэг 2.51%-тай байсан. Тэгээд тухайн цагдаа миний машиныг жолоодон Завхан аймгийн Их-Уул сумын замын хяналтын постын тээврийн хэрэгсэл түр саатуулах байр руу хийсэн....” гэсэн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсантай тохирч байх тул түүний мэдүүлгийг үнэн зөв гээд нотлох баримтаар үнэлэв.
2. Прокуророос шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байх бөгөөд түүнд холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
3. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:
Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг гэдэг нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн холимог хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй юм.
Шүүгдэгч *******ын 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан атлаа согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухайд:
Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг юм. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцдог.
Шүүгдэгч П.*******ын үйлдлийн улмаас бусдад хохирол төлбөр учраагүй болохыг дурдах нь зүйтэй байна.
5. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “...эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар цагдаагийн газрын мэдээллийн санд бүртгэгдээгүй...” гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан байна.
Шүүхээс шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримталж, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирол төлбөр төлсөн, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч *******т гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж шийдвэрлэв.
Шүүгдэгч ******* нь Завхан аймгийн Их-Уул суманд байнга оршин суудаг тул түүнд оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Завхан аймгийн Их-Уул сумын төвийн нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар тогтоож, биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг дурдаж, хяналт тавихыг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгах нь зүйтэй байна.
6. Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч З овогт Д.Л Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Л тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Л оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Завхан аймгийн Их-Уул сумын төвийн нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Л нь 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрх хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч Д.Л оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг шийтгэх тогтоол нь хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс тоолж, хяналтдаа байлгахыг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай.
6. Шүүгдэгч Д.Л нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Л авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ӨЛЗИЙХИШИГ