| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Өлзийхишиг |
| Хэргийн индекс | 141/2024/0029/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/30 |
| Огноо | 2024-04-30 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., |
| Улсын яллагч | Ц.Мөнх-Эрдэнэ |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 2024/ШЦТ/30
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Өлзийхишиг даргалж,
Улсын яллагч Ц.Мөнх-Эрдэнэ,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Гүнчинсүрэн
Шүүгдэгч Б.Пүрэвбямба
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Золбоо нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Пүрэвбямбад холбогдох эрүүгийн дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, өдөр төрсөн, настай, боловсролгүй, малчин, ам бүл хамт багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаартай, Т овогт Б.П
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Пүрэвбямба нь 2024 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Завхан аймгийн Тэлмэн сумын Нуур багийн нутаг “Гуугийн бууц” гэх газарт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн эхнэр Ц.Буянжаргалыг хонины толгой хуйхалж дуусгаагүй байна гэх үл ялих шалтгааны улмаас баруун хавирган тус газарт хуйхалсан хонины толгойг шидэх, хөл рүү өшиглөх, баруун талын хавирган тус газарт шилбүүрээр хатгах зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодож, баруун 7-р хавирганы хугарал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хэргийн үйл баримтын тухайд:
1.1. Шүүгдэгч Б.Пүрэвбямба нь 2024 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Завхан аймгийн Тэлмэн сумын Нуур багийн нутаг “Гуугийн бууц” гэх газарт эхнэр Ц.Буянжаргалыг хонины толгой хуйхалж дуусгаагүй байна гэх зүйлээр шалтаглан хонины толгойг шидэж, хөл рүү өшиглөх, баруун талын хавирган тус газарт шилбүүрээр хатгах зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодож, баруун 7-р хавирганы хугарал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх хэргийн үйл баримт нь:
Хохирогч Ц.Буянжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би нөхөр Б.Пүрэвбямбын хамт Завхан аймгийн Тэлмэн сумын Нуур багийн нутаг дэвсгэр “Гуугийн Бууц” гэх нэртэй газарт амьдардаг юм. Тухайн газарт 2024 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 16 цаг өнгөрч байхад би 10 ширхэг хонины толгой хуйхалж эхэлж байхад манай нөхөр орон дээр унтаж байсан. Тэгээд манай нөхөр босч ирээд мал руугаа явах үедээ намайг хониныхоо толгойг хуйхалж дуусаад хониныхоо толгойг чанаж байгаарай гэсэн. Би нөхрийгөө малдаа яваад ирэх үед би хониныхоо толгойг хуйхалж дуусаагүй байна гээд манай нөхрийн уур нь хүрээд гэрийн зүүн талд байрлах гал тогооны урд хэсэгт намайг хуйхалж байсан хонины толгойны дэргэд ирээд сууж байснаа нэг хонины толгой авч шидээд миний баруун далны доод хэсэгт оносон, тухайн үед их өвдсөн. Түүнээс болоод би тухайн үед их айж сандарсан. Тэгээд манай нөхөр тухайн газраас босч ирээд миний зүүн хөлний гуя хэсэг рүү нэг удаа өшиглөсөн. Түүний дараагаар манай нөхөр мал харах гээд гэрээс гарсан. Тэгээд намайг гэрийн гаднаас дуран аваад ир гэж хэлсэн. Тэгэхлээр би нөхрийнхөө дуранг аваад гэрийн гадаа гарах үед манай нөхөр намайг шилбүүрээр нуруу хэсэгт нэг удаа хатгасан. Тэр үед манай нөхөр их ууртай байсан болохоор би хажуу талынхаа айлын хүн болох Дамдин ахын гэрийн дугаар руу залгаад манай нөхөр Пүрэв надад гар хүрлээ, манай ах Баянмөнх рүү залгаад энэ тухай хэлээд өгөөч гэж хэлсэн. Тэгээд би утсаа тасалсан. Би тухайн үед их айсан, нөхөр маань намайг алчихвий дээ гэж бодоод их сандарсан. Тэр үед би яах ч учраа олохгүй их сандарсан байдалтай гэртээ байсан. Манай нөхөр Пүрэвбямба нь 2022 онд галын хайчаар хоёр хөлийн гуяны хэсэг рүү ээлжлэн цохиж байсан. Тэр үед миний хөл хөхөрч хавдаж байсан. Тухайн үед би цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй. Эмнэлэгт үзүүлээгүй. Мөн 2023 оны хавар манай эмээгийн төрсөн дүүгийнх нь хүүхэд нь нас барах үед намайг манай нөхөр энэ гутлаа өмсөж явсангүй гээд тэр зузаан ултай гутлаа шидээд хөл рүү оноход хөл маань хөхөрч хавдаж байсан. Тэр үед буяны ажилтай байсан учраас цагдаагийн байгууллагад хандаж дуудлага мэдээлэл өгөөгүй. Түүнээс гадна 2024 оны 03 дугаар сарын 27-ны орчимд Их-Уул сумаас мах ирэх үед ийм мах авчирлаа гэж хэлээд гаргаж шидээд байсан. Тэгээд мараконы сав авч шидэх үед миний баруун талын хавирга хэсэгт онох үед жоохон өвдсөн. 2024 оны 03 дугаар сарын 30-наас 31-ний шилжих шөнийн 00 цаг өнгөрч байхад буюу уг асуудал болоход манай хадам ээж Бадамсүрэн байсан. Манай нөхөр уурлахдаа зан авир их догшин болчихдог юм. Дараа нь юу болсон талаар лавлаж асуухад өөрөө юу гэж хэлж ярьснаа мэддэггүй юм. Миний бид учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байгаа юм. Би өөрийн биед учирсан гэмтлийн улмаас сэтгэл санаанд учирсан хохирлоо уг хэрэгт нэхэмжлэхгүй. Шинжээчийн дүгнэлттэй санал нийлж байгаа. ...2024 оны 01 сард Тосонцэнгэл суманд айлын хашаанд намайг манай нөхөр нүүр, хацар хэсэгт гараараа хүчтэй цохиж байсан. Тухайн үед нөхөр бид хоёр л байсан өөр хүн байгаагүй юм. Тухайн үед намайг цохисон байхыг манай ах Баянмөнх харж байсан. Тэгээд манай нөхөртэй ах ярилцсан гэж надад хэлсэн. ...Манай нөхөр намайг хүн байхгүй үед ямар нэгэн шалтаг шалтгаан хэлээд намайг байнга зоддог юм. Би нөхрөөсөө юунаас болоод намайг зодоод байдаг юм бэ? гэж хэлэхэд өмнөөс юм хэлдэггүй юм. Манай нөхөр намайг байнга зодоод байсан учир тэсэж чадаагүйн улмаас би цагдаад дуудлага мэдээлэл өгсөн. Би өөрийн нөхөр болох Пүрэвбямбад зодуулсны маргааш нь яагаад намайг зодож байгаа юм бэ гэж асуух болгонд миний буруу, дахиж ингэж зодохгүй гэж уучлалт гуйдаг байсан. Тэрнээс нь болоод би цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгдөггүй байсан юм. ...Би ах эгчээсээ гуйж байгаад 2024.03.31-ний өдрийн13 цаг 02 минутад эмийн сангаас 136,150 төгрөгийн эм авсан. Өөр эм тариа авч хэрэглээгүй. Би энэ мөнгийг нөхөр Пүрэвбямбаас нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /хх 32-33, 37-38/,
Гэрч Х.Бадамсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Уг асуудал нь хэдэн сарын хэдний өдөр, хэдэн цагт болсон талаар мэдэхгүй байна. Гэхдээ би өөрийн бэр Буянжаргалын хамт толгой шийрийг нь хуйхалж байсан. Тэгэхэд миний хүү Пүрэвбямба нь мал руугаа явсан. Тэгээд малнаас ирэх үед би бэрийнхээ хамт гэрт нь сууж байсан. Тухайн үед би гэрийн баруун талд сууж байсан. Харин бэр маань зүүн талд галынхаа хажууд сууж байсан. Тэгтэл манай хүү Пүрэвээ гэрт орж ирсэн. Тэгээд хүү маань эхнэрээсээ юм асуух шиг л болсон. Тэгтэл хэн ч юм мэдэхгүй нэг нь хүүр минь гэж хэлсэн. Тэрнээс болсон уу мэдэхгүй хүү, бэр хоёр хоорондоо маргалдаад, хэрэлдээд байсан. Би юунаас болоод хэрэлдэж муудалцсаныг нь мэдэхгүй байна. Тэгтэл хүү маань хуйхалсан хонины толгойг уурандаа өөрийнхөө хөлөөр өшиглөж бусниулж байгаа харагдсан. Тэгээд л хүү гэрээс гарсан...” гэх мэдүүлэг /хх 66/,
Гэрч Ц.Баянмөнхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Завхан аймгийн Их-Уул сумын Баян-Ухаа баг Ирээдүй хорооллын 26-01 тоотод эхнэр, хүүхдүүдийнхээ хамт амьдардаг. Тухайн өдөр буюу 2024 оны 03 дугаар сарын 30-ны 17 цаг өнгөрч байх үед Завхан аймгийн Тэлмэн сумын Нуур багийн нутаг Гуугийн бууц гэх газарт манай дүү Буянжаргалын хөдөө гэртээ ойрхон амьдардаг Дамдин ах өөрийн дугаараас миний дугаар руу залгаад таны дүү Буянжаргалыг нөхөр Пүрэвбямба нь зодож нүдээд байна гэнэ ах нь маргааш нөгөөдрөөс нүүнэ гэж хэлсэн. Тэгээд би түүнээс юу болсон талаар лавлаж асуух үед таны дүү болон дүүгийн чинь нөхөр хоёр байнга хэрэлдэж муудалцаад нөхөр нь дүүг чинь зодож нүдээд байна. Мөн гар утсыг аваад өөрт нь өгөхгүй, малдаа явах үедээ авч яваад, заримдаа үлдээгээд явдаг юм. Тэгээд сая над руу залгаад манай нөхөр малдаа явчихсан хойгуур нь ярьж байна. Манай нөхөр Пүрэвбямба нь намайг сая зодсон энэ талаар ах руу хэлээд өгөөч гэж надад утсаар дамжууллаа гэж хэлсэн. Тэгэхлээр би Дамдинтай ярьж дуустал миний дугаар руу дүү Буянжаргал нь залгаад намайг нөхөр болох Пүрэвбямба нь баруун талын хавирга хонины толгой шидэж хавирга хугарчих шиг боллоо өвдөөд байна. Та ирэх юм уу гэхээр би цагдаад мэдээлэл өгчхөөд эмнэлгээс шууд Завхан аймгийн Тэлмэн сум руу гарсан. Тэгээд би дүү Буянжаргалын хөдөө гэр буюу Тэлмэн сумын Нуур багийн нутаг “Гуугийн бууц” гэх газарт очих үед хүргэн Пүрэвбямба, дүү Буянжаргал нар байхгүй байсан. Тэгтэл хажуу талын айлын хүн болох Дамдин ирээд сая тэр хоёрыг цагдаа ирээд аваад явсан гэж надад хэлэхээр би Тэлмэн сумын төв рүү явсан. Сумын төв ороод цагдаагийн хэсэг дээр очиж хэсгийн байцаагчтай уулзах үед өрөөнд нь багийн засаг Доной, хүргэн Пүрэвбямба, дүү Буянжаргал нар сууж байсан. Тэгээд би цагдаагаас юу болсон талаар асуухад таны хүргэн Пүрэвбямба нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх зөрчлийн дуудлага мэдээллийн дагуу таны дүү Буянжаргал, Пүрэвбямба нарыг цагдаагийн хэсэг дээр авчирсан байна гэсэн. Тэндээсээ гараад сумын эмнэлэг рүү орж дүү Буянжаргалыг үзүүлэх гэтэл эмч нь дуудлагад явсан байсан. Тэгээд би дүүг машиндаа суулгаад Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлэг дээр авчирч эмч Сольхүүд үзүүлээд тухайн эмчийн тодорхойлолтыг Тэлмэн сумын хэсгийн цагдаа дээр аваачиж өгсөн. Хүргэн Пүрэвбямба нь миний дүү Буянжаргалын биеийн баруун талын хавирганы хэсэг рүү хонины хуйхалсан толгойг авч шидээд цохисон гэж над руу утсаар хэлсэн. Мөн миний дүү ерөнхийдөө бага зүйлээр шалтаглан намайг байнга цохиж нүдээд байна. Тиймээс та намайг ирээд аваач гэж уйлаад утсаар ярьсан. Миний дүү Ц.Буянжаргал нь машинтай Тосон руу ирэх замд намайг нөхөр Пүрэвбямба нь өмнө нь мараконы хайрцаг /жимсний хуванцар сав/ авч баруун талын хавирга хэсэг рүү хэд хоногийн өмнө шидсэн. Мөн 2024 оны 03 дугаар сарын 30-наас 31-ний шилжих шөнө хонины хуйхалсан толгой авч шидээд баруун талын хавирга хэсгийг оносны дараа хавирга их өвдсөн учир хавирга хугарсан байж магадгүй гэж хэлсэн. 2024 оны 01 дүгээр сард Завхан аймгийн Тосонцэнгэл суманд ирээд 1 сар гаран болж байх үед би тэднийд очих үед миний дүүгийн чих, шаана хэсгийн орчим хэсэгт хавдаж хөхөрсөн байхаар нь би дүүгээс асуухад ялихгүй зүйлээс болоод надад манай нөхөр гар хүрсэн гэж хэлсэн. Тэгэхлээр би хүргэн Пүрэвбямбад чи яахаараа дүүгийн биед гар хүрч байгаа юм. Юунаас болоод дүүд гар хүрээд байгаа юм асуухад уучлаарай ах дахин ийм зүйл гаргахгүй гэж надад ам өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх 74-76/
Гэрч Ө.Дамдингийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 17 цаг өнгөрч байх үед над руу Пүрэвбямбын эхнэр нь залгаад намайг манай нөхөр Пүрэвбямба нь зодож нүдээд байна гэнэ гэж ах Баянмөнх рүү залгаад хэлээд өгөөч гэхээр дугаарыг нь аваад за гэж хэлсэн. Тэрийг нь би дамжуулж хэлсэн. Тэгээд орой болж байхад Буянжаргалын ах нь хөдөө гэрт машинтайгаа ирээд дүү болон хүргэнээ сурахаар нь би сумын төв рүү цагдаад аваад явсан гэж түүнд хэлсэн. Тэгтэл надаас сумын төв рүү яаж явах талаар асуухаар би замыг зааж өгсөн. Тэрнээс өөр зүйл мэдэхгүй байна. Эхнэр Буянжаргал, ээж Бадамсүрэн нар өөр хүн тэднийд байгаагүй. Тухайн өдөр би гэртээ ганцаараа байсан. Манайд надаас өөр хүн байгаагүй. Би Пүрэвбямба Буянжаргал нар нь хэрэлдэж муудалцаж байсан удаа байхгүй. Харин над руу 3 сарын 30-ны өдөр намайг манай нөхөр зодлоо ахад утсаар дамжуулаад өгөөч гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх 79-81/
Гэрч Л.Ичинноровын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Буяны ажлын үеэр Ц.Буянжаргал нь манай нөхөр гутлаар хөл рүү цохичихоод явж чадахгүй байна гэж надад хэлсэн. Тэрнээс өөр зүйл надад хэлээгүй. Тэр үед би хөлийг доголсон гэдгийг ажиглаж хараагүй. Манайхаар тэр болгон ирдэггүй. Утсаар хааяа мэнд мэдэх гэж залгах үедээ цохиж зодсон талаар хэлээгүй...” гэсэн мэдүүлэг /хх 83-84/
Гэрч Д.Донойчамбын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 03 дугаар сарын 31-нээс 04 дүгээр сарын 01-ний шилжих шөнийн 00-01 цагийн үед хэсгийн төлөөлөгч миний өөрийн 98987008 дугаар руу залгаад танай багийн 2 иргэн гэр бүлийн маргаан үүсгээд дуудлагаар авчирч ирлээ гэж надад утсаар хэлсэн. Тэгэхлээр би цагдаагийн хэсгийн кабон руу машинтайгаа ганцаараа очих үед кабон дотор хэсгийн төлөөлөгч Мягмарсүрэн, манай багийн иргэн Ц.Буянжаргал, Б.Пүрэвбямба нь нар сууж байсан. Тэгээд би хэсгийн төлөөлөгчөөс юу болсон талаар лавлаж асуух үед Завхан аймгийн Тэлмэн сумын Нуур багийн нутаг “Гуугийн бууц” гэх газарт Пүрэвбямба нь хуйхалсан хонины толгой авч эхнэрийнхээ хавирга хэсэг шидсэн. Тухайн хэсгээр их өвдөөд байна гэж эхнэр Буянжаргал хэлж байсан. Тэрнээс биш гэрт нь юу болсон талаар мэдээгүй. Тэгж байтал Буянжаргалын ах Баянмөнх нь цагдаагийн хэсгийн байранд орж ирсэн. Тэгээд Буянжаргалыг авч яваад эмнэлэгт үзүүлнэ гээд хамт гараад явсан. Түүний дараагаар би гэр рүүгээ явлаа гэж хэлээд кабоноос гарсан. Түүний нөхөр болох Пүрэвбямба миний бодлоор ялихгүй зүйлээс болоод эхнэр Буянжаргалын хавирга хэсэг рүү хуйхалсан хонины толгой авч шидээд тухайн газарт гэмтэл үүсгэсэн байсан. Мөн энэ хоёр нь 2021 оны 09 сараас 2022 оны 06 дугаар сар хүртэл, 2023 оны 05 дугаар сараас 2023 оны 11 сар хүртэлх хугацаанд Завхан аймгийн Тэлмэн сумын Баянтэгш баг Жаргалант гэх газарт манай малыг харж байсан. Тэрнээс биш бие биенийхээ биед халдсан зүйл гаргаж байгаагүй юм. Мөн бие биенийгээ хардах асуудал гаргаж байгаа юм. Тухайн үед манай малыг харж байсан учир Пүрэвбямбатай уулзах гээд тэдний гэрт очих үед түүний эхнэр Буянжаргалын хөл нь доголж яваа харагдсан. Тэгэхлээр би юу болсон талаар асуухад манай нөхөр Пүрэвбямба нь гутал хөл рүү нь шидсэн гэж надад хэлж байсан. 2023 оны хэдэн сарын хэдний өдөр гэдгийг нь би сайн санахгүй байна. Ер нь бол би энэ 2-т байнга хэлдэг байсан. Хоорондоо өчүүхэн зүйлээс болоод маргах нь буруу гэж олон удаа хэлсэн. Буянжаргал нь гутлаар хөл рүү манай нөхөр цохисон гэж хэлснээс биш надад өмнө нь Буянжаргал нь манай нөхөр Пүрэвбямба нь биед халдаж цохисон талаар утсаар болон биеэр ирж хэлж байгаагүй юм...” гэсэн мэдүүлэг /хх 92-94/
Гэрч Г.Бумандуламын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 03 дугаар сарын 31-ний 09 цагаас 2024 оны 04 дүгээр сарын 01-ний 09 цагийн хооронд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын сум дундын нэгдсэн эмнэлэгт яаралтай тусламжийн их эмчээр гарч байсан. Тэгээд 2024 оны 03 дугаар сарын 31-ний 10 цаг 29 минутад манай эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт иргэн Цэрэндуламын Буянжаргал нь нөхөртөө зодуулсан байдалтай ирлээ гэж надад сувилагч Ганчимэг хэлсэн. Тэр үед үзүүлэгчээс юу болсон талаар асуухад иргэн Ц.Буянжаргал нь цээжний баруун талаар өвдөнө, гүнзгий амьсгал авахад өвдөлт ихсэнэ. 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр нөхөр нь цээжний хуван саваар цохисон, 2024 оны 03 дугаар сарын 30-ны өдөр дахин хонины толгойгоор цээжний баруун тал руу цохисон. Тэгээд 2024 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хоёр хөлний гуя, зүүн шилбэ яс руу өшиглөсөн гэж надад хэлсэн. Тухайн үед би үзүүлэгчээс хэд хэдэн удаа өшиглөсөн талаар нь лавлаж асуугаагүй. Үзүүлэгч Ц.Буянжаргалд онош тодруулахаар цээжний эгц болон хажуу байрлалаар рентген зураг авсан. Рентген зургаар баруун суганы арын шугамаар 7-р хавирга зөрүүгүй хөндлөн хугаралтай гэсэн онош гарсан. Тэгээд онош тодруулаад эм нь эмчилгээ бичиж буцаасан юм. Тухайн хүний эм нь эмчилгээнд өвчин намдаах эм, ясны бороололтыг дэмжих эм, хөдөлгөөн хязгаарлах, хүнд юм өргөхгүй байхыг зөвлөсөн. Эгч Бүжинлхам, нөхөр нь өөрөө ирсэн. Тухайн үед Бүжинлхам гэх хүн манай малчин байгаа юм гэж хэлж байсан. Биеийн ил харагдах хэсэгт шарх сорви байхгүй байсан. Харин рентген зургаар баруун суганы арын шугамаар 7-р хавирга зөрүүгүй хөндлөн хугарал гэмтэл нь шинэ гэмтэл байсан. Юмаар цохих үед үүсэх боломжтой гэмтэл юм. Үзүүлэгч Ц.Буянжаргал нь манай нөхөр намайг эхлээд жимсний хуванцар саваар цохисон, дараа нь хонины толгойгоор цээжний баруун хэсэгт цохисон гэж надад хэлж байсан. Тухайн зүйлээр цохих үед гэмтэл авсан байх боломжтой. Завхан аймгийн Тэлмэн сум Нуур багийн нутаг Гуугийн бууц гэх газарт байрлах монгол гэрт болсон асуудал гэж надад үзүүлэгч Ц.Буянжаргал хэлсэн. Би түүнээс хэн хэн хамт байхад уг асуудал болсон талаар тодруулж асуугаагүй...” гэсэн мэдүүлэг /хх 51-53/,
Гэрч Т.Ганчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 03 дугаар сарын 31-ний 09 цагаас 2024 оны 04 дүгээр сарын 01-ний 09 цагийн хооронд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын сум дундын нэгдсэн эмнэлэгт яаралтай тусламжийн сувилагчаар гарч байсан. Тэгээд 2024 оны 03 дугаар сарын 31-ний 10 цаг 29 минутад манай эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт иргэн Цэрэндуламын Буянжаргал нь нөхөртөө зодуулсан, баруун талын хавирга өвдөнө гэсэн зовиуртай ирсэн. Тэгээд би уг хүнээс биеийн аль хэсгээр өвдөж байгаа талаар асуухад цээжний баруун талаар өвдөнө, гүнзгий амьсгал авах найтаахаар өвдөлт ихсэнэ гэж надад хэлсэн. Мөн асуумж авах үед манай нөхөр намайг 2024.02.27-нд цээжний баруун тал руу жимсний хуван саваар цохисон, 2024.03.30-нд дахин хонины толгойгоор цээжний баруун тал руу цохисон, 2 хөлийн гуя, зүүн шилбэ яс руу 2024.03.30-ны өдөр өшиглөсөн гэж надад хэлсэн. Тэгэхлээр би яаралтай тусламжийн эмч Бумандуламд тухайн хүнийг үзүүлсэн. Нөхөр болон нэг эмэгтэй цуг 3-лаа манай эмнэлэгт ирсэн. Надад хэлэхдээ иргэн Цэрэндуламын Буянжаргал нь нөхөртөө зодуулсан, баруун талдаа хавирга өвдөнө гэсэн зовиуртай ирлээ гэж тухайн хүн надад хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх 69-71/
Иргэний нэхэмжлэгч Д.Цэндсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хохирогч Цэрэндуламын Буянжаргал нь 2024 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн хугацаанд Эрүүл мэндийн даатгалын цахим системд бүртгэгдсэнээр нийт 34.500 төгрөгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авсан байна. Гэмт хэргийн улмаас хохирогч Цэрэндуламын Буянжаргал нь Эрүүл мэндийн даатгалын сангаас 34.500 төгрөгийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн бөгөөд уг төлбөрийг Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэх хүсэлтэй байна...” гэсэн мэдүүлэг /хх 47-48/,
Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Шүүх шинжилгээний хэсгийн шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 000000129 дугаартай”...Ц.Буянжаргалын биед гэмтэл учирсан байна. Хатуу мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой баруун 7-р хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь тухайн хэрэг болох цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Учирсан гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонги нөлөөлөхгүй. Ц.Буянжаргалын биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх 100/, гомдол хүлээн авсан тэмдэглэл /хх 03/, аюулгүй зэргийн үнэлгээний тэмдэглэлээр /хх 6-7/ тус тус тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
1.2. Шүүгдэгч Б.Пүрэвбямбын “...Манайх Завхан аймгийн Тэлмэн сумын Нуур багийн нутаг “Гуугийн бууц” гэх нэртэй газарт айлын мал малладаг юм. 2024 оны 03 дугаар сарын хэдний өдөр гэдгийг нь мартчихсан байна. Тухайн өдрийн 12 цагийн орчимд манай эхнэр Буянжаргал нь хөдөө гэртээ хонины толгой хуйхалж байсан. Тэгэхлээр би хониндоо явлаа гэж хэлээд мал руугаа явсан. Тухайн үед цаг 15 цаг өнгөрч байсан. Мал руугаа явчхаад ирэхэд манай эхнэр хониныхоо толгойг хуйхалж дуусаагүй байсан. Дутуу хуйхалсан байсан. Хонь руугаа явахаасаа өмнө би хониныхоо толгой хуйхалж дуусгаад чанаж байгаа гэж хэлсэн. Тэгсэн чинь харин эхнэр маань дуусгаагүй байсан. Тэгэхлээр би гэнэт уур хүрээд, санаандгүй эхнэрийн хуйхалж дуусаагүй байсан нэг хонины толгойг авч шидэхэд эхнэрийн баруун талын дал, мөрний хэсэгт хонины толгой онож цохисон. Мөн би босож ирээд баруун хөлөөрөө эхнэрийнхээ зүүн хөлийн гуя хэсэг рүү нэг удаа өшиглөсөн. Тэгээд би гэрээсээ гараад малаа дурандах гэтэл дурангаа мартсан байсан. Тэгэхлээр би эхнэрийгээ дуран аваад гараад ир гэхэд эхнэр маань дуран аваад гараад ирэхээр шилбүүрээр нуруу хэсэг рүү нэг удаа хатгасан. Тухайн үйл явдал болох үед гэрт манай эхнэр Буянжаргал, ээж Бадамсүрэн, би байсан. Өөр хүн гэрт байгаагүй...” гэсэн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэгтэй тохирч байх тул түүний мэдүүлгийг үнэн зөв гээд нотлох баримтаар үнэлэв.
2. Прокуророос шүүгдэгч Б.Пүрэвбямбад холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байх бөгөөд түүнд холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
3. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээдүүдийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээдүүд гэж тодорхойлж хуульчилжээ.
Шүүгдэгч Б.Пүрэвбямба, хохирогч Ц.Буянжаргал нар нь эхнэр нөхөр болох нь гэрлэсний бүртгэлийн лавлагаа, шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул тэдгээрийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах хамаарал бүхий этгээдүүд гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн объектив тал буюу гадаад илрэх шинж нь хохирогчийг байнга бие махбод, сэтгэл санаа, эдийн засаг, бэлгийн хүчирхийлэлд оруулж, зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдах үйлдлээр тодорхойлогдох бөгөөд гэр бүлийн хамаарал бүхий хүнийг зодсон гэх үйлдэл нь байнга давтамжтай үйлдэгдсэн байхыг шаардана.
Шүүгдэгч Б.Пүрэвбямба нь эхнэр Ц.Буянжаргалд бие махбод, сэтгэл санааны дарамтад суурилсан харилцааг байнга үзүүлж зоддог байсан болох нь: хохирогчийн “...2024 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хонины толгой авч шидээд миний баруун далны доод хэсэгт оносон, миний зүүн хөлний гуя хэсэг рүү нэг удаа өшиглөсөн. Намайг шилбүүрээр нуруу хэсэг нэг удаа хатгасан. 2022 онд галын хайчаар хоёр хөлийн гуяны хэсэг рүү ээлжлэн цохиж байсан. Мөн 2023 оны хавар гутлаа өмсөж явсангүй гээд зузаан ултай гутлаа шидээд хөл рүү оноход хөл маань хөхөрч хавдаж байсан. 2024 оны 03 дугаар сарын 27-ны орчимд мараконы сав шидэж миний баруун талын хавирга хэсэгт онох үед жоохон өвдсөн. 2024 оны 01 сард Тосонцэнгэл суманд айлын хашаанд намайг манай нөхөр нүүр, хацар хэсэг гараа хүчтэй цохиж байсан. Манай нөхөр намайг хүн байхгүй үед ямар нэгэн шалтаг шалтгаан хэлээд байнга зоддог юм...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Ц.Баянмөнхийн “...Хүргэн Пүрэвбямба нь миний дүү Буянжаргалын биеийн баруун талын хавирганы хэсэг рүү хонины хуйхалсан толгойг авч шидээд цохисон гэж над руу утсаар хэлсэн. Мөн миний дүү ерөнхийдөө бага зүйлээр шалтаглан намайг байнга цохиж нүдээд байна. Тиймээс та намайг ирээд аваач гэж уйлаад утсаар ярьсан. Миний дүү Ц.Буянжаргал нь машинтай Тосон руу ирэх замд намайг нөхөр Пүрэвбямба хэд хоногийн өмнө мараконы хайрцаг шидэж баруун талын хавирга хэсэг рүү оносон. 2024 оны 01 дүгээр сард Завхан аймгийн Тосонцэнгэл суманд ирээд 1 сар гаран болж байх үед би тэднийд очих үед миний дүүгийн чих, шаана хэсгийн орчимд хавдаж хөхөрсөн байхаар нь би дүүгээс асуухад ялихгүй зүйлээс болоод надад манай нөхөр гар хүрсэн гэж хэлсэн...” гэсэн,
Гэрч Л.Ичинноровын “...Буяны ажлын үеэр Ц.Буянжаргал нь манай нөхөр гутлаар хөл рүү цохичихоод явж чадахгүй байна гэж надад хэлсэн...” гэсэн,
Гэрч Д.Донойчамбын “...Пүрэвбямбатай уулзах гээд тэдний гэрт очих үед түүний эхнэр Буянжаргалын хөл нь доголж яваа харагдсан. Тэгэхлээр би юу болсон талаар асуухад манай нөхөр Пүрэвбямба нь гутал хөл рүү нь шидсэн гэж надад хэлж байсан. 2023 оны хэдэн сарын хэдний өдөр гэдгийг нь би сайн санахгүй байна....” гэсэн мэдүүлгүүдээр тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан ба шүүгдэгч нь өөрийн хууль бус, хүч хэрэглэн бусдыг цохиж, зодож байгаа үйлдлийн улмаас хүний эрүүл мэнд, амь нас хохирох боломжтой, хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж байсан ч энэ гэмт хэргийг хүсэж, санаатай үйлдсэн гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Пүрэвбямбын хохирогч руу хонины толгойг шидэх, хөл рүү өшиглөх, баруун талын хавирган тус газарт шилбүүрээр хатгасан үйлдэл нь хохирогч Ц.Буянжаргалын биед учирсан баруун 7-р хавирганы хугарал гэмтэлтэй шууд шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Б.Пүрэвбямбын нь эхнэр Ц.Буянжаргалыг байнга зоддог байсан, мөн 2024 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хонины толгойг шидэж, баруун талын хавирган тус газарт шилбүүрээр хатгаж зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь нотлогдон тогтоогдсон үйлдэл нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх ба прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэж зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухайд:
Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг юм. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцдог.
Шүүгдэгч Б.Пүрэвбямбын үйлдлийн улмаас хохирогч Ц.Буянжаргалын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.
Мөн шүүгдэгч Б.Пүрэвбямбын үйлдлийн улмаас хохирогч Ц.Буянжаргалд хүндэвтэр хохирол учруулсны улмаас тэрээр эмнэлэгт хандаж эмчилгээ хийлгэсний улмаас Эрүүл мэндийн даатгалаас 34,500 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан болох нь иргэний нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримтууд болон түүний мэдүүлгээр нотлогдож байна.
Шүүгдэгч Б.Пүрэвбямба нь хохирогчид 136,150 төгрөг, иргэний нэхэмжлэгчид 34,500 төгрөгийн хохирол төлбөрийг төлсөн болох нь төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар, мөн хохирогч Ц.Буянжаргалын “...Миний бие энэхүү эрүүгийн хэрэгт хохирол, төлбөр нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй тул холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн хүсэлтээр тус тус тогтоогдож байх тул хохирогч, иргэний нэхэмжлэгчид төлөх хохирол төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.
4. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “...эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар цагдаагийн газрын мэдээллийн санд бүртгэгдээгүй...” гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан байна.
Шүүхээс шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримталж, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирол төлбөр төлсөн, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “Энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх; тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж заасан байх тул шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулах ялыг хөнгөрүүлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Б.Пүрэвбямбад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгчид тэнссэн хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах, өөрийн оршин суугаа газраа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
5. Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Пүрэвбямбад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт Б.П Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б.П хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-т зааснаар шүүгдэгч Б.П тэнссэн хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах, өөрийн оршин суугаа газраа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх тэнссэн хугацаанд шүүгдэгч Б.П нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8,9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдсугай.
6. Шүүгдэгч Б.П нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгчид төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.П авсан хувийн баталгаа гарах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай,
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ӨЛЗИЙХИШИГ