| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамбалын Отгонхишиг |
| Хэргийн индекс | 141/2024/0002/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/04 |
| Огноо | 2024-01-10 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.ЧУЛУУНХҮҮ |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн
2024 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 2024/ШЦТ/04
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг даргалж,
Улсын яллагч Б.Чулуунхүү,
Хохирогч Д.Н,
Шүүгдэгч Б.Г,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овгийн Б-ийн Г-д холбогдох эрүүгийн .............. дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, .. оны ......... дүгээр сарын ....-нд ::::::: аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, ...... настай, .........,........... боловсролтой,........... багш мэргэжилтэй, .....................ХХК-нд ................ажилтай, ам бүл 1, ............хотын .............дүүргийн ..............., .................. 49-1145б тоотод оршин суух ............... регистрийн дугаартай ....... овогт Б-гийн Г.
Холбогдсон хэргийн талаар:
/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Б.Г нь 2023 оны 05 дугаар сарын 13-ны өдөр ................сумын нутаг дэвсгэрээс Д.Н-тын эзэмшлийн S9 plus маркийн гар утсыг олж аван түүний Хаан банкны :...........дугаартай дансаар хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч, өөрийн Худалдаа хөгжлийн банкны .................. дугаартай данс руу 1,200,000 төгрөгийг шилжүүлж хулгайлан, хохирогч Д.Н-д 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэг холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг мэтгэлцэгч талуудаас шинжлэн судлав.
Мөрдөн байцаалтын шатанд гэрч, хохирогч нарын өгсөн мэдүүлгүүд:
Хохирогч Д.Н-тын мөрдөн байцаалтын ажиллагаанд өгсөн: “...2023 оны 05 дугаар сарын 13-ны өдөр нөхөр болох П.Н-той Тэлмэн сумаас Тосонцэнгэл сум руу хувийн ажлаар орж ирээд 17 цаг өнгөрч байх үед сумын соёлын төвийн хойно хар замаар явж байгаад такси зогсоосон. Машины урд нэг охин сууж байсан нөгөө охиныг Өвөгдий дэлгүүрийн үүдэнд буулгасан тэгээд хөдлөх гэж байхад нэг эмэгтэй такси юу? би сайрын цаана буучихъя гэсэн чинь таксины жолооч урдаа суулгаад явсан. Улмаар сайрын гүүр даваад явсан чинь замд цагдаа хар замаар явуулахгүй шороон замаар зам руу буулгаад буцаж зам руу орох боломжгүй учир бид хоёрыг буулгасан. Тэгээд бид хоёр шууд Г гэх айл руу машины сэлбэг үзүүлэх санаатай очоод байхгүй болохоор шууд алхаад машины сэлбэг зардаг дэлгүүр ороод байж байсан чинь манай нөхрийн утас руу манай охин залгаад та яагаад утсаа авахгүй байгаа юм, зөндөө залгасан гэхээр нь сандраад цүнхээ үзтэл утас байхгүй байсан. Миний гар утас тухайн машинд суух үед байсан би таксины жолоочид гар утсаараа та дугаараа өгчих ахиад такси авбал хэлнэ гээд дугаарын тэмдэглээд авсан. Ѕ9 маркийн гар утас 2021 оны 10 сард 200.000 төгрөгөөр хотоос авч байсан. Гадна тал нь хар өнгөтэй цагаан кейстэй байсан кейс нь дотор малчин компаний нэрийн хуудас байсныг санаж байна, тухайн тээврийн хэрэгсэл нь дээрээ такси гэсэн бичигтэй приус маркийн машин байсан. Миний гар утас нууц үггүй шууд нээгддэг, хүн ашиглах боломжтой, 2021 онд 200,000 төгрөгөөр авч байсан хуучны утас байсан хайрцаг сав болон сери дугаар надад байхгүй. Миний эзэмшлийн данснаас гарсан 1,200,000 төгрөг, гар утасны үнэ 198,000 төгрөг, хөдөө гэрээсээ Тосонцэнгэл сум руу ирэхэд зарцуулсан бензиний мөнгө болох 203,500 төгрөг нийт 1,601,500 төгрөгийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 60-р хуудас/,
Гэрч А.М-вын хэрэг бүртгэлтийн ажиллагаанд өгсөн "...Би 2023 оны 05 дугаар сарын 13-ны өдөр өөрийн тээврийн хэрэгсэл болох Приус-11 маркийн 28-69 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслээр үдээс хойш 13 цаг өнгөрч байхад сумын төвд таксигаар үйлчилж байсан. 16 цагийн үед Хаан банк тооцооны төвийн урд талын таксины зогсоол дээр хоёр хүн ирээд Хосын гол гэх газар очмоор байна гээд тийшээ явсан. Замдаа нэг эмэгтэй гараа өргөөд зогсож байхаар нь нэмээд аваад явсан. Тэгээд Сайрын гүүр өнгөрөөд явж байсан чинь замд цагдаа зогсож гүйлтийн тэмцээн явагдаж байна та замаас гараад яв гэхээр нь би замаас бууж хажуугаар явах гэтэл ард талд байсан хоёр хүн бид хоёр энд бууя гэж хэлээд зам дагуу буусан тэгээд буцаад замд суусан эмэгтэйг Хосын голын баруун талд байдаг далангийн хажууд буулгасан. Тэгээд би буцаад такси зогсдог газар луу явсан. Миний машинд Д.Н болон П.Н нар суух үед утсаар яриад байсан ямар утсаар ярьж байсан талаар анзаараагүй. Тэр хүмүүсийг буусны дараа нь ямар хүн суусан талаар сайн санахгүй байна. Янз бүрийн утасны чимээ гараагүй миний чихний сонсох чадвар муудаж байгаа зарим хүний хэлсэн үгийг чанга хэлэхгүй бол сонсохгүй болсон...” гэсэн мэдүүлэг,
Худалдаа хөгжлийн банкны ........... тоот дансанд үзлэг хийсэн 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн: “... Хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх ул мөр илрүүлэх зорилгоор иргэн Б.Г-гийн эзэмшлийн Худалдаа, хөгжлийн банкны 413047587 дугаарын дансанд үзлэгийг явуулахад “Тухайн дансанд 2023 оны 05 дугаар сарын 13-ны шөнө теллер 59, харьцсан данс 5508099609 хуулгын агуулга П-ын Н орлого 1,200,000 гүйлгээ хийгдэж дансны үлдэгдэл 1,205,402.06 төгрөг байна.”, “2023 оны 05 дугаар сарын 13-ны теллер 50, харьцсан данс 811017722, хуулгын агуулга Ж А зарлага 1,200,000 төгрөг гүйлгээ хийгдэж дансны үлдэгдэл 5,352.06 төгрөг байна. Тухайн дансанд хэрэгт ач холбогдол бүхий ул мөр илрүүлэх зорилгоор үзлэгийг нарийвчлан хийхэд хэрэгт ач холбогдол бүхий Худалдаа хөгжлийн банкны 413047587 тоот данс руу 2023 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Хаан банкны П-ын Н-ын 5508099609 тоот данснаас 1,200,000 төгрөгийн орлого хийгдэж тус өдөр харьцсан данс 811017722 тоот данс руу 1,200,000 төгрөгийн орлого, зарлагын гүйлгээ хийгдсэн байна...” гэсэн тэмдэглэл /хх-ийн 14-15-р хуудас/,
Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ний 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 42 дугаартай: “...Samsung s9 plus маркийн гар утасны үнэлгээг 198,000 төгрөг гэж тогтоолоо...” гэсэн шинжээчийн дүгнэлт, Хаан банк, Худалдаа хөгжлийн банк, Хас банк, Төрийн банкны тодорхойлолтууд, дансны дэлгэрэнгүй хуулгууд, хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудас, торгууль төлсөн баримт, зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, шүүгдэгч Б.Гомбосүрэнгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Түүнчлэн шүүгдэгчийн хувийн байдлын талаарх болон бусад нотлох баримтууд болох гэрч Б.Д-ийн мэдүүлэг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын иргэний үнэмлэхийн лавлагаа, авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, дээд боловсролын сургалтын байгууллагын дипломын тодорхойлолт, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, регистрийн дугаарын лавлагаа, ......... аймгийн . .........сумын ................ багийн засаг даргын тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэргийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон нотлох баримтууд гэж үзэж үнэлж шийдвэрлэсэн болно
Дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт улсын яллагч Б.Ч нь “...шүүгдэгч Б.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг,
Шүүгдэгч Б.Г нь “Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна хөнгөн ял оногдуулж өгнө үү...” гэсэн тайлбарыг,
Хохирогч Д.Н нь “... Миний эзэмшлийн данснаас гарсан 1,200,000 төгрөг, гар утасны үнэ 198,000 төгрөг, бензиний мөнгө болох 203.500 төгрөг нийт 1.601.500 төгрөгийн хохирол учирсан 1,198,700 төгрөгийн хохирол төлөгдсөн, одоо үлдэгдэл 403,000 төгрөг төлөгдөөгүй байгаа боловч шүүгдэгч 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс өмнө төлж барагдуулах санал тавьж би зөвшөөрсөн байгаа. Надад татгалзах зүйл байхгүй, мөн өөр нэхэмжлэх зүйл санал гомдол хүсэлт байхгүй...” гэсэн мэдүүлгүүд /хх-ийн 60-р хуудас/ болно.
Монгол улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 3-д “Монгол улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно...” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус хуульчилсан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-д” Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд “Хулгайлах” гэмт хэргийг хуульчлан тодорхойлж эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заажээ.
Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл юм. Уг гэмт хэргийг нийгмийн аюулын шинж, түүний хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжид ангилах ба гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, уг хөрөнгийг захиран зарцуулснаар буюу захиран зарцуулах боломж бүрдүүлснээр хангагддаг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.
Шүүгдэгч Б.Г 2023 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нутаг дэвсгэрээс Д.Н-ын эзэмшлийн S9 plus маркийн гар утсыг олж авч, уг утсанд татаж суулгасан Хаан банкны апплейкшнд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч, түүний Хаан банкны 5498228115 дугаартай данснаас 1,200,000 төгрөгийг өөрийн Худалдаа хөгжлийн банкны 413047587 дугаартай данс руу шилжүүлэн авч хулгайлж, хохирогч Д.Н-д 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь хэрэгт авагдсан хохирогч, гэрчийн мэдүүлэг, дансны хуулга, шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг” үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Г нь өөрийн үйлдлийн хууль бус болохыг ухамсарлаж байсан боловч түүнийг хүсэж үйлдсэн хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч, хохирогчоос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авч бэхжүүлсэн, тэдний эх сурвалжаа заан мэдүүлсэн мэдүүлгийн агуулга зөрүүгүй, гэрч хохирогчийн мэдүүлгүүд хэрэгт хамааралтай, харилцан бие биеэ баталсан хэргийн үйл баримтыг нотолсон байна.
Түүнчлэн шүүгдэгч Б.Г нь шүүх хуралдаанд хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгчийн ухамсар, ёс зүйн төлөвшил дутмаг, амар хялбар аргаар орлого олох гэсэн шунахай санаа зорилго нөлөөлсөн байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч нь хохирогчид төлөх хохирлын талаар:
Шүүгдэгч нь хохирогчид хохирол төлсөн болох нь хохирогч Д.Н-ын: “...Миний бие Д.Н нь Г-гээс 1,000,000 төгрөг хүлээн авсан, мөн манай нөхөр П-ын Н-ын ............... тоот дансанд утасны үнэ 198,700 төгрөг шилжүүлсэн, одоо үлдэгдэл 403,000 төгрөгийг шүүгдэгч 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс өмнө төлж барагдуулах санал тавьж би зөвшөөрсөн байгаа...” гэсэн тайлбар,
Хаан банкны 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр П-ын Н-ын 5498228115 тоот дансанд Б.Г-гээс 198,700 төгрөг шилжүүлсэн орлогын баримт,
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г нь: “...Өөрийгөө өмгөөлөх үг байхгүй байна. Би том машинаар ачаа тээвэрт явж ирээд үлдэгдэл хохирол болох 403,000 төгрөгийг 2024 оны 1 дүгээр сарын 30-ны өдрөөс өмнө төлөхөөр хохирогчтой тохирсон. Иймээс надад оногдуулах ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн тайлбар зэргээр нотлогдож байна.
Иймд шүүдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 1 сая төгрөгийг төлсөн, үлдэгдэл ........ төгрөгийн хохирлыг 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор хохирогчид нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж дүгнэх үндэслэлтэй бөгөөд мөн гээгдэл эд хөрөнгө завших буюу хохирогчийн гар утсыг олж авч өөртөө завшсан зөрчлийн хэргийн хохирол болох 198,000 төгрөгийг мөн төлсөн байна.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэл оногдуулахдаа эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримталж, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа эсэх, гэмт хэрэг үйлдсэн байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Г-гийн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан заалтад хамаарч “...240-720 цаг нийтэд тустай ажил хийлгэх эсхүл 3 сараас 5 жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах эсхүл 6 сараас 5 жил хүртэл хугацаагаар хорих ялаар...” шийтгэхээр хуульчилсан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлд заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарна.
Сум дундын прокурорын газраас шүүгдэгч Б.Г-д холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “... эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар цагдаагийн газрын мэдээллийн санд бүртгэгдээгүй...” гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх…” -ээр хуульчилсан байх тул шүүгдэгч нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын зарим хэсгийг төлж зарим хэсгийг нь нөхөн төлөхөө илэрхийлсэн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулах ялыг хөнгөрүүлэн ял шийтгэл оногдуулах боломжтой гэж дүгнэлээ.
Мөн Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно…” гэж, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т “ Зан үйлээ засах, хөдөлмөрлөх, дадал олгох сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэнэ гэж тус тус заасан байх тул шүүгдэгч Б.Г-д хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх, дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.
Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, гэмт хэргийн улмаас учруулсан, нөхөн төлөхөө илэрхийлсэн 403,500 төгрөгийн хохирлыг гаргуулж хохирогч Д.Н-д олгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ..... овгийн Б-ийн Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан шүүгдэгч Б.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
4. Шүүгдэгч Б.Г нь гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирол 1,000,000 /нэг сая/ төгрөгийг төлсөн болохыг дурдаж, нөхөн төлөхөө илэрхийлсэн хохирол болох 403,500 /дөрвөн зуун гурван я төгрөгийг 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор гаргуулж хохирогч Д.Н*-д олгосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Г нь тэнссэн хугацаанд үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, шүүхээс тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг шүүгдэгчийн оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдсугай.
9. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид өмнө нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай
13. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ