| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2021/00578/И |
| Дугаар | 155/ШШ2021/00671 |
| Огноо | 2021-06-17 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 155/ШШ2021/00671
| 2021 оны 06 сарын 17 өдөр | Дугаар 155/ШШ2021/00671 | Хөвсгөл аймаг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанд
Нэхэмжлэгч: Х аймгийн А сумын Х тосгоны ... дугаар багт оршин суух, П овогт Г-ын Ш (Р....)-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х аймгийн М сумын ... дугаар багийн .... дугаар гудамжны .... тоотод оршин суух, Ж овогт Д-ын А (Р...)-д холбогдох,
Хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Цэрэнпагма, нэхэмжлэгч Г.Ш нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Ш шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Г.Ш нь Д.А-тай 2015 онд танилцан 2016-2021 оны 01 сар хүртэл хамтран амьдарсан. Бидний охин Ш.Ү нь .... оны ... дүгээр сарын ...-ны өдөр Х аймгийн нэгдсэн эмнэлэгт төрсөн. Бид гэрлэлтээ бүртгүүлээгүй мөн тухайн үед охины эцэг Д.А нь охиноо өөрийн нэрээр овоглохоос татгалзсан тул охиноо би өөрөөрөө овоглож төрсний гэрчилгээ авсан. Бид гэр бүлээс гадуурх харилцаанаас болж ... оны ... дүгээр сарын ...-ны өдрөөс хойш тусдаа амьдарч байгаа бөгөөд цаашид хамтран амьдрах боломжгүй болсон. Д.А болон тэдний ар гэрийнхэн Ш.Ү-г тэдний удмын хүүхэд биш хэмээн үзэж хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Д.А-г миний охин Ш.Ү-ын төрсөн эцгээр тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Би Д.А-тай 2015 онд Х аймгийн М суманд танилцаж байсан. Тэгээд 2016 оны намраас ... оны ... дүгээр сарын ..-ны өдөр хүртэл хадмындаа амьдарсан. Д.А-ыг хүүхэд төрөх өдөр гэр бүлээс гадуур харилцаатай байсныг нь мэдсэн. Ингээд үүнээс хойш огт надтай болон хүүхэдтэйгээ уулзаагүй. Хүүхдээ төрүүлээд хадмынд 10 хоносон. Тэр үед огт ирээгүй. Утас нь ч холбогдохгүй байсан. Ээж маань хотод багшаар ажилладаг учраас ирэх боломжгүй байсан тул хөдөөгөөс эгчийгээ дуудуулж ирж авахуулсан. Тэтгэлэг гаргуулъя гэж бодоогүй байтал хадам ээж маань өөр хүний хүүхэд төрүүлчихээд явсан юм биш үү гэж хэлэхээр нь эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулъя гэж шийдсэн. Амартүвшин одоохондоо ажилгүй байгаа. Удахгүй том машин барьж эхэлнэ гэсэн. Завтай байгаа дээр нь асуудлаа шийдвэрлэе гэж хэлсэн. Охинтойгоо огт уулзахгүй болохоор нь эцэг тогтоолгох шинжилгээ хийлгүүлье гэтэл Д.А охиноо өөрийн хүүхэд гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа. Мөн тэтгэлэг төлнө гэдгээ хэлсэн гэв.
Хариуцагч Д.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Х аймгийн М сумын ... дугаар багийн ... дугаар гудамжны ... тоотод оршин суух Ж овогт Д-ын А (РД:Р...) би Г-ын Ш-ээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагад дараах тайлбарыг гаргаж байна.
Г.Ш бид хоёр гэрлэлтээ батлуулаагүй боловч 2019 оноос 2020 онд түр хугацаагаар хамтран амьдарсан. Бидний дундаас охин Ш-ийн Ү .... оны ... дүгээр сарын ...-ны өдөр төрсөн.
Г.Ш нь шүүхэд намайг өөрийн охин Ш.Ү-ийн төрсөн эцэг болохыг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох талаар нэхэмжлэл гаргасан байна.
Ш.Ү нь Г.Ш бид хоёрын дундаас төрсөн миний охин мөн тул Г.Ш-ийн тавьсан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тул Д.Ү-ийн төрсөн эцгээр тогтоогдож, хүүхдийн тэтгэлгийг хуульд заасан хувь хэмжээгээр төлөх болно гэжээ.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Ш нь хариуцагч Д.А-д холбогдуулан хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
Нэхэмжлэгч Г.Шд хариуцагч Д.Ад нар нь гэрлэлтээ батлуулаагүй хэдий ч тэд эр эмийн харьцаатай байсан, тэдний дундаас охин Ш.Үд төрсөн болох нь нэхэмжлэгчийн ...Миний бие Г.Шд нь Д.А-тай 2015 онд танилцан 2016-... оны ... сар хүртэл хамтран амьдарсан. Бидний охин Ш.Ү нь ... оны ... дүгээр сарын ...-ны өдөр Х аймгийн нэгдсэн эмнэлэгт төрсөн. Бид гэрлэлтээ бүртгүүлээгүй мөн тухайн үед охины эцэг Д.А нь охиноо өөрийн нэрээр овоглохоос татгалзсан тул охиноо би өөрөөрөө овоглож төрсний гэрчилгээ авсан... гэх нэхэмжлэл,
Хариуцагчийн ... Г.Ш бид хоёр гэрлэлтээ батлуулаагүй боловч 2019 оноос 2020 онд түр хугацаагаар хамтран амьдарсан. Бидний дундаас охин Ш-ийн Ү ... оны ... дүгээр сарын ...-ны өдөр төрсөн... ... Ш.Ү нь Г.Ш бид хоёрын дундаас төрсөн миний охин мөн тул Г.Ш-ийн тавьсан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тул Д.Ү-ийн төрсөн эцгээр тогтоогдож, хүүхдийн тэтгэлгийг хуульд заасан хувь хэмжээгээр төлөх болно... гэх хариу тайлбар,
П овогт Ш-ийн Ү э..., .... оны ... дүгээр сарын ...-нд Х М-д төрснийг Х М төрсний бүртгэлд .... оны ... дүгээр сарын ...-ний өдөр бүртгэж гэрчилгээ олгов. Р... регистрийн дугаар бүхий төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 1 хуудас зэрэг баримтаар нотлогдож байна.
Ш.Ү нь эрүүл өсөж бойжиж байгаа талаар Х аймгийн Ц сумын Эрүүл мэндийн төвийн дарга Т.А-ын 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 29 дугаартай: Х аймгийн М сумын иргэн Ш овогтой Ү нь .... оны ... дүгээр сарын ...-нд НЭ-ийн төрөх тасагт төрсөн. Одоо Ц сумын ... дүгээр багт амьдарч байгаа болохыг тодорхойлов гэх бичилт бүхий албан бичиг зэрэг хэрэгт авагджээ.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх үүрэг үүснэ. гэж,
Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т Энэ хуулийн 22-т зааснаас бусад тохиолдолд хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, төрөл, садангийн хүн, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага буюу 14 нас хүрсэн хүүхдийн хэн нэгний өргөдлийг үндэслэн эцэг, эхийг шүүх тогтооно гэж,
Мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг эхээс төрсөн болон ... хүүхдийг ялгаварлан гадуурхаж, эрх, ашиг сонирхлыг нь хохироохыг хориглоно. гэж,
Мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй. гэж тус тус заажээ.
Иймд ... оны ... дүгээр сарын ...-ны өдөр төрсөн П овогт Ш-ийн Ү (Р...)-гийн төрсөн эцэг Ж овогт Д-ийн А (Р...) мөн болохыг тогтоож, түүнд эцэг Д.А-аас хуульд заасан хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж шийдвэрлэв.
Өөрөөр хэлбэл шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Учир нь Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т Хүүхдэд олгох тэтгэлгийг түүний насны байдлыг харгалзан сард нэг хүүхдэд дараах хэмжээгээр тогтооно:
40.1.1. 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний 50 хувиар;
40.1.2. 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшний хэмжээгээр гэж заасан болно.
Мөн хариуцагч Д.А шүүх хуралдааны товыг утсаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул хариуцагч Д.А-ийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-т тус тус зааснаар тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлд нэхэмжлэгч Г.Ш-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 105,537 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.А-аас 105,537 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар .... оны ... дүгээр сарын ...-ны өдөр төрсөн П овогт Ш-ийн Ү (Р....)-гийн төрсөн эцэг Ж овогт Д-ийн А (Р...) мөн болохыг тогтоосугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар .... оны ... дүгээр сарын ...-ны өдөр төрсөн охин П овогт Ш-ийн Ү (Р...)-д эцэг Ж овогт Д-ийн А (Р....)-гээс 11-н настай болтол тухайн хүүхдийн амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн тал хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн хүүхдийн амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, зааснаар нэхэмжлэгч Г.Ш-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 105,537 (нэг зуун таван мянга таван зуун гучин долоо) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.А-аас 105,537 (нэг зуун таван мянга гурван зуун гучин долоо) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Ш-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шүүх шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээр дамжуулан Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА